Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 001/ХТ2017/00331

 

Х.Мөнхбаатар, Х.Чинбаатар нарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн  

         2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 183/ШШ2016/00945 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

         2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 77 дугаар магадлалтай,

         Х.Мөнхбаатар, Х.Чинбаатар нарын нэхэмжлэлтэй,

         Б.Санчир, Ж.Жаргалсайхан нарт холбогдох         

         Ажил гүйцэтгэх гэрээний доголдлыг арилгахад гарсан зардалд 73.006.945 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

         Нэхэмжлэгч Х.Мөнхбаатар, Х.Чинбаатар, хариуцагч Б.Санчир нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

         Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ууганбаяр, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Ж.Базарсад, хариуцагч Б.Санчир, түүний өмгөөлөгч Ц.Бат-Эрдэнэ, Г.Батбаяр, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

         Нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон тайлбарт: “Х.Мөнхбаатар, Х.Чинбаатар нар нь Х.Мөнхбаатарын өмчлөлийн Баянзүрх дүүрэг 27 дугаар хороо, Сэлбийн 2 дугаар гудамж, 39 тоотод байрлах газарт 2 давхар барилгын гадна доторх заслын ажил болон цахилгаан сангийн ажлыг нийт 108 000 000 төгрөгөөр бариулахаар хариуцагч Б.Санчир, Ж.Жаргалсайхан нартай 2014 оны 04 сарын 17-ны өдөр барилга угсралтын ажил гүйцэтгэх 01 тоот гэрээг байгуулсан. Үнийн саналыг 108 000 000 төгрөгөөр барилга барих бүрэн боломжтой, мөн хариуцагч нар өөрсдөө гэрээний саналыг боловсруулж ирсэн тул нэхэмжлэгч нар нь өөрийн газар дээрээ Иргэний хуулийн 40.1, 189.1, 343.1, 344.1-д зааснаар гэрээ байгуулсан байдаг. Мөн Иргэний хуулийн 348.1-д зааснаар ажил гүйцэтгэх гэрээний хугацааг талууд тохирч хийж болно гэж хугацаа заасан байдаг. Талуудын гэрээний хугацаанд 2014 оны 06 сарын 17-ны өдөр тухайн барилгыг барьж дуусгах үүрэг хүлээсэн. Учир нь нэхэмжлэгч нар нь Японы жайка төслөөр Капитал банкнаас хүүтэй зээл авсан. Хариуцагч тал нь гэрээнд заасан хугацаанд гэрээний үүргээ биелүүлээгүй, Иргэний хуулийн 350.1.1-д заасныг зөрчсөн бөгөөд хариуцагч талын хийсэн барилгын төслийн ажил нь барилгын норм дүрмийг баримтлаагүй, чанаргүй байсан тул Иргэний хуулийн 350.1.6, 350.1.8 болон гэрээний 3 дугаар зүйлийн 2.1-д заасан үүргээ ноцтой зөрчсөн бөгөөд барилгын ажлыг хаяж явсан. Нэхэмжлэгч нар эрх бүхий байгууллагад хандаж 2014 оны 8 сард Монгол улсын зөвлөх инженер н.Дагвадорж, Ц.Нарангэрэл, барилгын мэргэшсэн төсөвчин н.Шүхэртдулам нарын бүрэлдэхүүнтэйгээр дүгнэлт гаргуулсан байдаг. Энэ дүгнэлтээр чанарын шаардлага хангахгүй цаашлаад нураах асуудал гарч ирсэн. 2014 оны 11 сарын 13-ны өдрийн шинжээч томилуулах захирамжаар томилогдсон Барилгын хөгжлийн төвийн дүгнэлтээр хариуцагч нар нь барилгын чанарын шаардлага хангахгүй материал ашигласан, цаашид барилгыг үргэлжлүүлэн барих боломжгүй болохыг тогтоосон. Гэсэн хэдий ч нэхэмжлэгч тал хариуцагч нарыг удаан хугацаанд хүлээсэн, нэхэмжлэгч нар хариуцагчид нийт 90 000 000 төгрөгийг төлсөн боловч хариуцагч тухайн барилгын норм дүрмийг барьж гүйцэтгээгүй, барилгыг чанаргүй дутуу хийж хаяж явснаас болж 1 жил 4 сарын хугацаа өнгөрч байхад банкнаас яаралтай төсөлд оруулсан барилгыг ашиглалтад оруулахгүй, үйл ажиллагааг эхлэхгүй удааширч байгааг мэдэгдэж, гэрээнд заасан үүргээ удаа дараа шаардаж зээлийг цуцлах тухай мэдэгдлийг хүргүүлсэн байдаг. Мөн банкинд өнөөдрийг хүртэл их хэмжээний хүү төлж, хохирч байна. 2 шинжээчийн дүгнэлтээр хариуцагч нарын барьсан барилга нь норм дүрэм зөрчиж цаашид ашиглах боломжгүй гэсэн дүгнэлт гарсан тул арга буюу нэхэмжлэгч тал барилгыг нурааж өөрсдийн хөрөнгөөр дахин шинээр барьж ашиглалтанд оруулсан. Барилгыг нурааж дахин барихад бодитоор 75 501 750 төгрөгийн зардал гарсан. Хариуцагч талаас шинжээчийн дүгнэлтийг дутуу хийсэн гэж үл зөвшөөрч дахин шинжээч томилж, Хөрөнгийн үнэлгээний төв болон Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрыг шинжээчээр томилсон. Ингээд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас 2015 оны 12 сарын 30-ны өдрийн албан бичгээр хариуцагч талын барьсан барилга нь газар хөдлөлтийн бүс нутагт барьсан, холбогдох барилгын норм дүрмийг зөрчсөн, барилгын стандартыг зөрчиж чанаргүй барьсан, цаашид барилгын ажлыг явуулах боломжгүй, бүрэн зогсоох шаардлагатай гэсэн дүгнэлт гарсан. Эдгээр дүгнэлтийг үндэслэж барилгыг нурааж 2015 онд дахин барилга барьж ашиглалтад оруулж, үйчилгээ явуулж байгаа тул шинжээчээр ажиллах боломжгүй гэсэн дүгнэлт гаргасан. Мөн Хөрөнгийн үнэлгээний төвийн 2015 оны 11 сарын 05-ны өдрийн шинжээчийн дүгнэлтээр хариуцагч нарын хийсэн ажил нь 75.6 хувийн гүйцэтгэлтэй ажлыг хийсэн болохыг тогтоосон бөгөөд энэхүү хийсэн ажил нь барилгын норм дүрмийг баримтлаагүй зөрчсөн, стандартын шаардлага хангасан материал ашиглаагүй ажлыг буулгаж дахин хийхэд 48 091 591 төгрөг болохыг тогтоосон. Хариуцагч талын хийсэн ажлын 2 давхар бүхэлдээ нураагдсан, 1 давхар тал нь нураагдсан байгаа. Хариуцагч нар нь гэрээний 3.2.1-д заасан гэрээний үүргээ зөрчсөн, мөн 3.2.10-д зааснаар барилгын норм дүрмийн дагуу чанартай хийж, нэхэмжлэгч талд хүлээлгэж өгсөн бол нэхэмжлэгч талд 75 501 750 төгрөгийн хохирол учрахгүй байсан. Нэхэмжлэгчийн зүгээс гэрээг цуцлуулах, ирээдүйд гарах байсан 70 000 000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна. Мөн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг 73 000 000 төгрөгт тооцож төлсөн. Иргэний хуулийн 229.1-д зааснаар буруутай этгээдийн үйлдэл, эс үйлдэхүйгээс гарсан зардлыг нэхэмжилж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар өөрчилж байна. Үүнд: Иргэний хуулийн 227.3, 227.5, 350.1.5, 352.352.2.2-т заасан хуулийн заалтыг зөрчсөн гэж үзэж байна. Мөн 2 талын байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний 3.1.9, 3.1.10, 3.2.1, 3.2.6, 3.2.9, .3.2.10, 3.2.11, 3.2.12, 3.2.13, 3.2.13, 3.2.14-т заасныг тус тус зөрчсөн гэж үзэж байгаа учраас 4.4, 7.1, 7.4-т заасны дагуу хариуцагч талаас хохирлоо нэхэмжилж байна. Нэхэмжлэгч талаас барилгыг гүйцээн барьж ашиглалтад оруулахад гарсан зардал 75 701 550 төгрөг, ажил гүйцэтгэх гэрээний 3.2-т заасан үүргээ биелүүлээгүйгээс хог хаягдлыг тээвэрлэхэд гарсан зардал 2 000 000 төгрөг, мөн эрх бүхий хүмүүсээр дүгнэлт гаргуулахад гарсан зардал 1 000 000 төгрөг, нийт 78 501 000 төгрөг нэхэмжилж байгаагаас улсын тэмдэгтийн хураамжид төлөөгүй 5 494 800 төгрөгийг хасаад нийт 73 006 945 төгрөгийг нэхэмжилж байна.” гэжээ.

          Хариуцагч Б.Санчир, Ж.Жаргалсайхан нарын гаргасан хариу тайлбарт: “Ажил гүйцэтгэх гэрээний 5.1-д зааснаар гүйцэтгэгч тал барилга угсралтын ажлыг 2015 оны 6 сарын 17-ны өдөр бүрэн дуусгах үүрэг хүлээнэ гэсэн гэрээний дагуу маш богино хугацаанд хийж гүйцэтгэсэн. Уг барилга нь зураг төсөлгүй, хөрсний шинжилгээ авагдаагүй байсныг Б.Санчир өөрийн зардлаар бусад компаниар хийлгэсэн байдаг. Мөн “Монтрак констракшн” ХХК-иар Х.Мөнхбаатарын гараашийн бүтцийн зургийг 1 000 000 төгрөгөөр хийлгэсэн байдаг. 2014 оны 4 сарын 14-ний өдөр “Таван үндэс” ХХК-иар барилгын ул суурь болон барилгыг инженер геологийн зураг төслийн тооцооны үзүүлэлт гаргуулсан. Хуучин суурь цутгасан байсныг нурааж, цэвэрлэж, маш гүн ухаж суурийг зураг төслийн дагуу хийж гүйцэтгэсэн. Хэдийгээр захиалагч тал төлбөрөө төлсөн гэж байгаа боловч гэрээний 4.3-т зааснаар нийт үнийн дүн 108 000 000 төгрөгөөс 30, 30 хувиар бодож хугацаа алдалгүй төлнө гэсэн гэрээ хийсэн. Мөн гэрээний 4.3-т зааснаар сүүлийн мөнгө буюу 100 000 000 төгрөгийг 2014 оны 6 сарын 17-ны өдрийн дотор 3 хувааж төлнө гэсэн гэрээ хийсэн боловч захиалагч тал 2014 оны 4 сарын 18-ны өдөр 28 000 800 төгрөг, 2014 оны 5 сарын 17-ны өдөр 2 000 000 төгрөг, 2014 оны 5 сарын 20-ны өдөр 2 000 000 төгрөг, 5 сарын 22-ны өдөр 13 000 000 төгрөг, 5 сарын 22-ны өдөр 7 000 000 төгрөг, 6 сарын 11-ний өдөр 6 000 000 төгрөг, гэрээнд заасны дагуу 100 000 000 төгрөгийн 50 хувь болох 58 000 800 төгрөгийг шилжүүлсэн байдаг. Иймд захиалагч талаас гэрээнд заасан хугацаандаа төлбөрөө төлөөгүйгээс болж барилгын материал үнэд орж, барилгын ажил зогсох шалтгаан болсон. Энэ байдал үргэлжилсээр 6 сарын 19-ний өдөр 3 000 000 төгрөг, 6 сарын 24-ний өдөр 10 000 000 төгрөг, 6 сарын 21-ний өдөр 2 000 000 төгрөг, 6 сарын 30-ны өдөр 3 000 000 төгрөг, 7 сарын 03-ны өдөр 8 000 000 төгрөг, 7 сарын 08-ны өдөр 3 000 000 төгрөг, 7 сарын 16-ны өдөр 1 000 000 төгрөг, нийт 88 800 000 төгрөгийг шилжүүлсэн. Энэ 88 800 000 төгрөгөнд тохирсон ажлыг хийж гүйцэтгэсэн гэж хариуцагч тал үзэж байгаа. 2015 оны 11 сарын 19-ний өдөр хөрөнгийн үнэлгээний төвөөс шүүгчийн захирамжийн дагуу хөрөнгө үнэлгээ хийгдсэн. Энэ үнэлгээг хийхдээ асуултыг тодорхой асуусан, нийт хийсэн ажлыг тооцоог гаргахад гүйцэтгэгч тал газар шорооны ажлыг 100 хувь, суурийн ажлыг 100 хувь, төмөр бетон араг бүтцийн ажил 100 хувь, хана туурганы ажлыг 90 хувь, хучилтын ажил 100 хувь, дээврийн ажил 100 хувь, шалны ажил 40 хувь, засварын сувгийн ажил 40 хувь, шатны ажил 60 хувь, хаалга цонхны ажил 40 хувь, заслын ажил 60 хувь, цахилгааны ажил 60 хувь, агааржуулалтын ажил 60 хувь, нийт 75.6 хувийн гүйцэтгэлтэй байна гэсэн дүгнэлт гарсан. Гэвч захиалагч талаас ажлын үр дүнг чанаргүй байсан учраас нураасан гэсэн тайлбарыг өгч шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг. Нэхэмжлэгч талаас барилгыг буулгаж дахин хийхэд нийт талбай 280 м.кв талбайг үнэлдэг. 75 хувийн 49 хувь нь чанарын шаардлага хангахгүй гэж үзэж 44 668 000 төгрөгийн ажлыг буулгаж дахин хийсэн гэсэн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй. Шинжээч хэлэхдээ 2 давхрын төмөр бетон хучилтын ажлыг буулгаагүй гэсэн тайлбарыг өгдөг. Харин Б.Санчир нь нэхэмжлэгч талаас үнэлгээний тал дээр ямар нэгэн гомдол гаргаагүй учраас энэ үнэлгээг хүлээн зөвшөөрч байна гэж үзсэн. Иймээс хариуцагч талаас барилгын ажлыг нийт 75.6 хувийн гүйцэтгэлтэй гэж үзэж, нийт 168 000 000 төгрөгийн ажил хийгдсэн байна. Үүний 75 хувь гэж үзэж нийт 126 000 000 төгрөгийн ажил хийгдсэн гэж дүгнэсэн. Эндээс хуучин хундаам, суурийг буулгасан гэдэгт 4 030 000 төгрөгийн ажил хийж буулгасан байна гэж үзэж нийт 130 000 000 төгрөгийн хөрөнгө зарцуулсан гэж үзэх үндэслэлтэй. Үүнээс 49 хувийн ажил хийгдээгүй буюу 44 668 000 төгрөгийн ажил дахин хийгдсэн гэсэн дүгнэлт гарсан. Үүнээс харахад хариуцагч талын хийсэн ажил энэ төлбөртөө шингээд, ямар нэгэн өр авлагагүй гэж үзэж байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Мөн манай талаас нэхэмжлэгч нарын барилга дахин бариулахад гарсан зардлын баримтад аудитын дүгнэлт гаргуулмаар байна.” гэжээ.

          Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 183/ШШ2016/00945 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Н.Санчираас 28 364 026 төгрөгийг, хариуцагч Ж.Жаргалсайханаас 28 364 026 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Х.Мөнхбаатар, Х.Чинбаатар нарт олгож, илүү нэхэмжилсэн 16 278 892 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 523 000 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Н.Санчир, Ж.Жаргалсайхан нараас улсын тэмдэгтийн хураамжид 441 590 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч X.Мөнхбаатар, Х.Чинбаатар нарт олгож шийдвэрлэжээ.

        Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 77 дугаар магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 183/ШШ2016/00945 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Н.Санчираас 20 040 000 төгрөгийг, хариуцагч Ж.Жаргалсайханаас 20 040 000 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Х.Мөнхбаатар, Х.Чинбаатар нарт олгож, илүү нэхэмжилсэн 32 926 945 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 дахь заалтын “хариуцагч Н.Санчир, Ж.Жаргалсайхан нараас улсын тэмдэгтийн хураамжид 441 590 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч X.Мөнхбаатар, Х.Чинбаатар нарт олгосугай” гэснийг “хариуцагч Н.Санчираас улсын тэмдэгтийн хураамжид 179 175 төгрөг, хариуцагч Ж.Жаргалсайханаас улсын тэмдэгтийн хураамжид 179 175 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч X.Мөнхбаатар, Х.Чинбаатар нарт олгосугай” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

           Нэхэмжлэгч Х.Мөнхбаатар, Х.Чинбаатар нарын хяналтын журмаар гаргасан гомдолд: “Нэхэмжлэгч Х.Мөнхбаатар, Х.Чинбаатар нарын зүгээс Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 77 дугаар магадлалын зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул өөрчлөлт оруулж өгөхийг хүсэж хяналтын журмаар гомдол гаргаж байна. Давж заалдах шатны шүүх хянавал хэсэгтээ: "...Анхан шатны шүүх чанарын шаардлага хангаагүй ажлыг дахин гүйцэтгүүлэх ажлын хөлсөнд нэхэмжлэгчээс төлсөн 25 000 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь буруу байх тул давж заалдах шатны шүүх залруулах нь зүйтэй ...” гэжээ. Тайлбарлах нь: Нэхэмжлэгч Х.Мөнхбаатар, Х.Чинбаатар нар нь хариуцагч Б.Санчир, Ж.Жаргалсайхан нарт холбогдуулан Ажил гүйцэтгэх гэрээний доголдлыг арилгахад гарсан зардал 73 006 945 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад анхан шатны шүүхийн шүүгчийн 2014 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 18413 дугаар шинжээч томилсон захирамжаар томилогдсон Барилгын хөгжлийн төвийн 2015 оны 03 сарын 31-ний өдрийн 1/488 тоот дүгнэлтээр хариуцагч Б.Санчир, Ж.Жаргалсайхан нар нь барилгын норм дүрмийг баримтлаагүй, чанарын шаардлага хангаагүй, цаашид тухайн барилгыг үргэлжлүүлэн барьж гүйцэтгэх боломжгүй болохыг тогтоосон /1хх132х/ шинжээчийн дүгнэлтийг хариуцагч тал үл зөвшөөрөн дахин шинжээч томилуулах хүсэлт гаргасныг анхан шатны шүүх хүлээн авч 2015 оны 08 сарын 17-ны өдрийн 102/11132015/21317 дугаар захирамжийн дагуу Хөрөнгийн үнэлгээний төв болон Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрыг шинжээчээр томилсон байдаг. Шинжээчээр томилогдсон Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас 2015 оны 12 сарын 30-ны өдрийн 02-07/3935 тоот албан бичгээр хариуцагч талын барьсан барилга нь “Газар хөдлөлтийн бүс нутагт барилга төлөвлөх барилгын норм ба дүрэм болон холбогдох барилгын норм дүрмүүд, барилгын материалын стандартуудыг зөрчиж чанаргүй барилга барьсан, цаашид барилгын ажлыг бүрэн зогсоох шаардлагатай, барилгыг үргэлжлүүлэн барих боломжгүй гэж дүгнэсэн. Эдгээр дүгнэлтүүдийг үндэслэн тус барилгыг нурааж 2015 онд дахин барилга барьж ашиглалтанд оруулан үйлчилгээ явуулж байгаа тул шинжээчээр ажиллах боломжгүй гэсэн дүгнэлт гаргасан. Мөн Хөрөнгийн үнэлгээний төвийн 2015 оны 11 сарын 19-ний өдрийн 599 дүгээр шинжээчийн дүгнэлтээр хариуцагч Б.Санчир, Ж.Жаргалсайхан нарын хийж гүйцэтгэсэн ажил нь 75.6 хувийн гүйцэтгэлтэй ажлыг хийж гүйцэтгэсэн болохыг тогтоосон бөгөөд хийсэн 75.6 хувийн гүйцэтгэлтэй ажил нь барилгын норм, дүрмийг баримтлаагүй зөрчсөн, цонх, хаалганы нүхэн дээр ялуу тавиагүй, барилгын гадна хананд дүүргэгч стандартын шаардлага хангасан материал ашиглаагүй хөөсөнцөрийн үйрмэгийг бетон зуурмагт хольж цутгасан нь ашиглалтын шаардлага хангаагүй, барилгын дам нурууг цутгахдаа хэвэн доторх хогоо арилгаагүй, хэв хийхэд ашиглаж байсан материал бэхэлгээ, тулгуур нь бетоны жин технологийн ачааллыг бүрэн дааж чадаагүй нумарсан, бетоныг цутгахдаа нягтруулалт муу хийсэн бетон хагаралт үүссэн, зэвэрсэн муудсан арматур ашигласан гэсэн дүгнэлт гаргаж хариуцагч нарын хийсэн 75.6 хувийн гүйцэтгэлтэй ажлаас 26.6 хувийн ажлыг чанаргүй хийж гүйцэтгэснээс нэхэмжлэгч нар 26.6 хувийн чанаргүй хийсэн ажлыг буулган дахин хийсэн ажил нь нийт 48 091 591 төгрөг болохыг тогтоосон. Давж заалдах шатны шүүх ажлын хөлсөнд нэхэмжлэгч тал 90 000 000 төгрөг өгсөн энэ талаар талууд маргаагүй тул энэ дүнгээс чанарын шаардлага хангасан ажлын хөлс 52 920 000 төгрөгийг хасч, 37 080 000 төгрөгийг буцаан олгох нь зүйтэй бөгөөд үүн дээр гэрээ цуцалснаас учирсан хохиролд 3 000 000 төгрөгийг нэмж, нийт 40 080 000 төгрөгөөр тооцсон нь үндэслэлтэй хэдий ч хариуцагч нарын буруутай ажиллагаанаас болж нэхэмжлэгч нар 2015 оны 04 сарын 01-ний өдөр Ажил гүйцэтгэх гэрээг Э.Анхбаяртай дахин байгуулж, уг барилгыг нурааж дахин барих ажлын хөлсөнд 25 000 000 төгрөгийг төлөхөөр гэрээ байгуулж, гэрээний дагуу төлбөрийг төлсөн үйл баримт хэрэгт авагдсан баримтаар /х.х210-215х/ нотлогдож байхад давж заалдах шатны шүүх 25 000 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэсэн нь буруу гэж үээж хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл хариуцагч тал нь гэрээнд заасан хугацаанд гэрээний үүргээ биелүүлээгүй Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.1-д заасныг зөрчсөн бөгөөд хариуцагч талын хийсэн барилга угсралтын ажил нь барилгын норм, дүрмийг баримтлаагүй, чанаргүй материалаар чанарын шаардлага хангаагүй барилга угсралтын ажил хийсэн нь Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.6, 350.1.8, хоёр талын байгуулсан ажил гүйцэтгэх 01 тоот гэрээний 3.2.1 /гүйцэтгэгч тал нь гэрээт ажлыг төлөвлөгөөнд заасан хугацаанд нь чанарын өндөр төвшинд гүйцэтгэж захиалаач талд хүлээлгэж өгөх үүрэгтэй/-д заасан үүргээ ноцтой зөрчсөн. Тиймээс нэхэмжлэгч тал нь хариуцагч талын дутуу гүйцэтгэсэн, чанарын шаардлага хангаагүй барилгыг нурааж дахин гүйцэтгүүлэхэд бодитой гарсан зардал болох 25 000 000 төгрөгийг Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 /үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно/-д зааснаар хариуцагч талаас гаргуулах нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна Давж заалдах шатны шүүх ИХШХШТХуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасны дагуу нотлох баримтыг бодитойгоор тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлж, бодит байдалд нийцсэн дүгнэлт хийгээгүй, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзэж байна. Иймд Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 77 дугаар магадлалд ИХШХШТХуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т зааснаар өөрчлөлт оруулж дахин хийж гүйцэтгэсэн ажлын хөлс болох 25 000 000 төгрөгийг хангаж өгнө үү.” гэжээ.

         Хариуцагч Б.Санчирын хяналтын журмаар гаргасан гомдолд: “Шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2 дахь хэсэгт заасныг үндэслэн хяналтын журмаар гомдол гаргаж байна. ...Нэхэмжлэгч нар дээрх барилгад мэргэжлийн хүмүүсээр 2014 оны 8 дугаар сард барилгын ажлын чанарын дүгнэлт гаргуулж, дээрх дүгнэлтээр барилгын норм дүрмүүдийг болон барилгын стандартуудыг зөрчин чанаргүй барилга барьсан нь барилгын ажлыг бүрэн зогсоох шаардлагатай дүгнэлт гарсан тул барилгын ажлыг бүрэн зогсоож гэрээнээс татгалзах тухай мэдэгдлийг баталгаат шуудангаар хүргүүлснээр гэрээ цуцлагдсан байна гэж дүгнэсэн. Энэ мэргэжлийн хүмүүс гэх Монгол Улсын зөвлөх инженер Ц.Дагвадорж, Ц.Нарангэрэл гэх хүмүүс ийм дүгнэлт гаргах эрхтэй эсэх нь тодорхойгүй, ийм дүгнэлт гаргах эрх зүйн баримт бичиг /гэрчилгээ/ байхгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт заасан хуульд заасан арга хэрэгслээр олж авсан нотлох баримт биш гэж хариуцагчийн зүгээс үзэж байна. Мөн шинжээчийн үүргийг гүйцэтгэж буй мэргэжлийн хүмүүс гэх тодотголтой хүмүүстэй /Мэргэжлийн эрх бүхий байгууллага биш/ хөлс төлөх замаар ашиг сонирхлоороо нэхэмжлэгч талтай нэгдэн дүгнэлт гаргасан нь үнэн зөв дүгнэлт гаргаж дүгнэсэн эсэхэд хариуцагчийн зүгээс эргэлзэж байна. Мөн хавтаст хэрэгт иргэн Х.Мөнхбаатарын үйлдвэрийн зориулалттай барилгын нэмэлт төсөв ажлын төсвийг инженер Н.Шүхэрдулам гээд гаргасан дүгнэлт нь мөн дээрх дурдсан хуульд заасан арга хэрэгслээр олж авсан нотлох баримт биш бөгөөд эдгээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дэх хэсэгт зааснаар нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн ба тэдгээр нь нотлох чадвараа алдах бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй. Иймд Монгол Улсын зөвлөх инженер Ц.Дагвадорж, Ц.Нарангэрэл, н.Мөнхбаатарын үйлдвэрийн зориулалттай барилгын нэмэлт төсөв ажлын төсвийг гаргасан инженер Н.Шүхэрдулам нарын дүгнэлтүүд нь Монгол Улсын Дээд шүүхийн 2002 оны 7 сарын 24-ний өдрийн 263 дугаартай тогтоолын 11-д Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсгийг тайлбарласан дүгнэлт гаргах эрхгүй /шүүхээс томилогдоогүй/ этгээдээр дүгнэлт гаргуулсан зэргийг хамруулан ойлгоно гэсэнтэй зөрчилдөж шүүхээс томилогдоогүй, дүгнэлт гаргах эрх бүхий байгууллага биш хүмүүсээр дүгнэлт гаргуулсан нь нотлох баримт гаргах цуглуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн гэж үзэж байна. Гэтэл анхан шатны шүүх болон давж заалдах шатны шүүх уг шинжээчийн дүгнэлтийг үнэлж дүгнэн шийдвэрлэж байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасантай нийцэхгүй байна. Анхан шатны шүүх шийдвэртээ "Дээрхээс дүгнэхэд нэхэмжлэгчийн гэрээ цуцлах шалтгаан нь хариуцагч нарын гэрээний үүргээ ноцтой зөрчсөн буруутай үйлдэл байх тул Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1-д зааснаар учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй гэж дүгнэсэн. Х.Мөнхбаатар, X Чинбаатар нарын болон Б Санчир Ж.Жаргалсайхан нартай 2014 оны 04  сарын 17-ны өдрийн 01 тоот “Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ" байгуулсан. Уг гэрээний 2.1-д зааснаар 280 м.кв талбайтай барилгыг 108 000 000 төгрөгийн өртгөөр хийхээр гэрээгээр тохиролцсон ба гэрээний 3.1.5-д зааснаар ажлын төлбөрийг гүйцэтгэгч талд хугацаа алдалгүйгээр хүлээлгэж өгөх үүрэгтэйгээр, мөн гүйцэтгэгч тал нь 1 гэсэн хүснэгтийн дагуу төлбөрөө авах эрхтэйгээ тохиролцсон. Гэрээний хугацааг гэрээний 5.1-д зааснаар 2014 оны 04 сарын 17-ны өдрөөс 2014 оны 06 сарын 17-ны өдрийг хүртэл буюу 2 сарын хугацаагаар байгуулсан байна. Гэтэл анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хариуцагч нарыг гэрээний үүргээ ноцтой зөрсөн гэдэг нь учир дутагдалтай бөгөөд гэрээний талуудын итгэлцлийн үндсэн дээр 2 тал тодорхой эрх, үүргийг хэрэгжүүлэн ажиллах талаар тохиролцож ажилласныг дан ганц хариуцагч нарыг буруутгаад нэхэмжлэгчийн гэрээгээр хүлээсэн үүрэгт үнэлэлт дүгнэлт өгөөгүйг хариуцагч миний бие хүлээн зөвшөөрөхгүй байна. Анх барилгын ажлыг гэрээний 2.1-д зааснаар хугацаа алдалгүйгээр 4.3-т зааснаар 30, 30, 30, 10 мөн л гүйцэтгэгч талд хугацаа алдалгүйгээр хүлээлгэж өгөх ёстой байтал нэхэмжлэгч нь уг гэрээний үүргээ зөрчиж гэрээгээр тохиролцсон хугацаанд хүлээлгэж өгөөгүйгээс ажлын үүргийн гүйцэтгэл хожимдсон. Гэрээгээр бид 2014 оны 06 сарын 17-ны өдөр уг байрыг ашиглалтанд оруулах ёстой байтал гэрээний хугацаа дууссан өдрөөс хойш буюу 2014 оны 6 сарын 22-ны 2.000.000 төгрөгийг ...ажлын гүйцэтгэлийн хөлс төлөх журмаа зөрчиж гэрээний хугацаа дууссан байхад хөлс төлж байгаа нэхэмжлэгч өөрөө гэрээний 2.1, 4.3-т заасан үүргээ биелүүлээгүйгээс гэрээний хугацаа хожимдож, гэрээнд заасны дагуу үүргээ гүйцэтгэх боломжгүй болсон. Ийм байтал анхан шатны шүүх хариуцагч намайг гэрээний үүргээ ноцтой зөрчсөн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэж дүгнэсэнд гомдолтой байна. Мөн анхан шатны болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийг үүргээ хугацаанд нь чанартай хийхийг мэдэгдэж байсан нэмэлт хугацаа олгосон боловч үүргээ биелүүлээгүйгээс гэрээг цуцалсан нь үйл баримтаар тогтоогдож байна гэж дүгнэсэн. Хавтаст хэргийн 40 дүгээр талд захиалагч талаас 2014 оны 06 сарын 05-ны өдөр, 2014 оны 07 сарын 18-ны өдөр мэдэгдэл хүргүүлсэн гэж нотлох баримтаар гаргаж өгчээ. Би уг мэдэгдлийг хүлээн аваагүй. Мөн хавтаст хэргийн 42 дугаар талд авагдсан мэдэгдлийг ч би мөн аваагүй юм. Намайг энэ мэдэгдлийг аваагүйг хавтаст хэргийн 80 дугаар талд авагдсан “ярианы бичлэг’’-т “тэгээд чамд гурван хуудас юм өгчихлөө, үүнийг хүлээж авлаа гэдэг дээр гарын үсэг зур. Гүйцэтгэлийг ингэж хийсэн байна гэсэн тийм л мэдэгдэх хуудас өгч байгаа юм” гэхэд хариуцагч миний зүгээс гарын үсэг зурахгүй, өмгөөлөгчтэй хэрвээ уулзахаар болбол уулзана. Гэхдээ уулзаж амжаагүй байна гэснээс дүгнэвэл уг мэдэгдэх хуудсыг гэрээний хугацаанд гаргаагүй нь нотлогдож байна. Мөн 2014 оны 06 сарын 05-ны өдөр, 2014 оны 07 сарын 18-ны өдөр мэдэгдлийг гэрийн хаягаар 2014 оны 08 сарын 20-ны өдөр хүргүүлсэн нь гэрээний хугацаанд хүргүүлээгүй. Нөхөж хийсэн мэдэгдэл байх ба би үүнийг хүлээж аваагүй, мэдээгүй болно. Мөн хавтаст хэргийн 132 дугаар талд Барилга хөгжлийн төвийн шинжээчийн дүгнэлт авагдсан ба уг дүгнэлтийн А-д талуудын хооронд байгуулагдсан 2014 оны 04 сарын 17-ны өдрийн 01 тоот гэрээнд заагдсан ажлуудыг 100 хувь хийж гүйцэтгэхэд Барилгын тухай хууль, барилга норматив болон стандартын дагуу хэдий хугацаанд хийж гүйцэтгэх боломжит хугацааг тодорхойлох гэсэн асуултад боломжит хугацаа биш байна гэж дүгнэсэн. Мөн хавтаст хэргийн 181 дүгээр талд авагдсан “үл хөдлөх хөрөнгөнд хийгдсэн ажлын хэмжээг тодорхойлсон тухай тайлангийн 5 дахь хэсгийн А-д Барилга байгууламж барих хугацааны болон зэхэлтийн норм БНБД 1.04.03.88-тай уялдуулан үзэхэд боломжит хугацаа биш байна гэж дүгнэсэн. Мөн тайлангийн В-д барилгын ажлыг үргэлжлүүлэх боломжгүй гэдгийг ямар ч тооцоогүй, зураг төсөлгүй эхэлсэн тул цаашид ажлыг үргэлжлүүлэх боломжгүй гэж дүгнэснээс биш хариуцагч нарыг ажлыг чанарын доголдолтой үргэлжлүүлэх боломжгүй гэж дүгнээгүй. Мөн хавтаст хэргийн 182 дугаар талд авагдсан Мэргэжлийн хяналтын газрын 2015 оны 12 сарын 30-ны өдрийн 02-07/3935 дугаар “барилга ашиглалтын тухай” дүгнэлт авагдсан байдаг ба уг дүгнэлтээр газар хөдлөлтийн бүс нутагт барилга төлөвлөх барилгын норм ба дүрэм болон холбогдох барилгын норм дүрмүүдийг зөрчсөн гэж дүгнэсэн нь захиалагч буруутай юм. Учир нь Барилгын тухай хуулийн 37 дугаар зүйлд захиалагчийн чиг үүргийг хуульчлан тогтоосон. Барилгын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д барилгын ажлын захиалагч дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ Үүнд: ...Энэ нь гэрээний 3.1.6-д зааснаар захиалагч зураг төсөлгүйгээр, холбогдох норм, нормативын баримт бичгийн шаардлагыг хангахгүйгээр барилга бариулсан нь Барилгын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1, гэрээний 3.1.6-д заасныг зөрчсөн. ...“Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ"-ний 3.1.3-т заасан ажлын төлбөрийг гүйцэтгэгч талд хугацаа алдалгүйгээр хүлээлгэж өгнө гэрээний 3.1.7-д заасан барилга угсралтын ажил саадгүй явах нөхцөлөөр хангана, гэрээний 4.3-д заасан 100 000 000 төгрөгийг 30, 30, 30, 10 хувиар гүйцэтгэгч талд хугацаа алдалгүйгээр өгнө гэсэн заалтыг зөрчсөн нь нотлогдож байна. Ийнхүү талуудын хооронд байгуулагдсан 01 тоот гэрээнд заасан хугацаа нь 2 сарын хугацаанд баригдах боломжгүй гэдгийг тогтоосоор байхад шүүх хэргийг шийдвэрлэхдээ хариуцагч нарын гэрээний үүргээ ноцтой зөрчсөн буруутай үйлдэл нөлөөлсөн гэж үзсэн, мөн Барилга хөгжлийн төвийн шинжээчийн дүгнэлтийн Б-д барилгын үндсэн ажлыг ерөнхийдөө дуусгасан гэж дүгнэсээр байтал нь шүүх нэг талыг хэт барьж хэргийг шийдвэрлэсэн гэж миний бие үзэж байна. Хавтаст хэргийн 150 дугаар талд авагдсан 2015 оны 08 сарын 17-ны өдрийн 102/Ш32015/21317 дугаартай шүүх хуралдааны тэмдэглэлд барилгын ажлыг нураагаад дахин барьсан, бид шинээр барьсан барилгын зардлаа нэхэмжилж байна. Барилгыг нураагаад шинээр барьсан, суурийн хэмжээнд засвар хийгээд барилга барьсан гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон. Хэрэв суурийн хэмжээнд засвар хийгээд шинээр баригдсан байгаа бол үүнийгээ нэхэмжлэгч нар нотлох ёстой. Хавтаст хэргийн 191 дүгээр талд авагдсан шинжээчийн хариулт е-д барилгын суурь чанарын шаардлага хангасан гэж дүгнэсэн. Энэ нэхэмжлэгч нарын сууринд засвар хийсэн багана хана далий, чанаргүй гэснийг үгүйсгэнэ. Анхан шатны шүүх 2016 оны 10 сарын 13-ны өдрийн 183/ШШ2016/00945 дугаар шийдвэрээр барилга хог хаягдлыг зайлуулахад 2.000.000 төгрөгийн зардал гаргасан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул эдгээрийг хохиролд тооцож шаардсаныг хангах үндэстэй байна гэж үзээд уг 2.000.000 төгрөгөнд холбогдох шаардлагыг ханган шийдвэрлэсэн. Энэ хавтаст хэргийн 25, 26 дугаар хуудсанд авагдсан "кассын орлогын ордеруудаас үзэхэд хаанаас гэсэн хэсэгт Х.Чинбаатар, X.Мөнхбаатар гэж бичээд хүлээн авагч гэх хэсэгт хүлээн авагч Х.Мөнхбаатар, Х.Чинбаатар гэж бичсэн байна. Энэ хог хаягдлын зардал үнэхээр нэхэмжлэгч нараас гэрээгээр үүрэг хүлээсэн иргэн Н.Энхбат руу шилжсэн гэх нотлох баримт биш бөгөөд үүнийг шүүх нотлох баримтын хүрээнд үнэлж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. ...шийдвэрийн үндэслэх хэсэгт шүүх дүгнэхдээ “Талуудын хооронд байгуулагдсан дээрх гэрээ нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангасан ажил гүйцэтгэх гэрээ байх бөгөөд гэрээний хугацаанд гэрээний хугацаанд гэрээгээр тохирсон хөлсийг төлсөн гэж үзсэн нь учир дутагдалтай бөгөөд талуудын хооронд байгуулагдсан 108.000.000 төгрөгнөөс 90.000.000 төгрөгийг төлсөн ба гэрээгээр хугацаанд тохиролцсон хөлсийг бүрэн төлөөгүй байхад ингэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм. Мөн шийдвэрийн үндэслэх хэсэгт “харин хариуцагч нар барилгыг гэрээнд заасан хугацаанд ашиглалтанд оруулаагүй, чанаргүй барьснаас маргаан үүсч гэрээ цуцлагдсан байна гэж дүгнэсэн нь нотлох баримтаар нотлон тогтоогдоогүй Мэргэжлийн хяналт болон бусад баримтаар чанарын доголдлын талаар тусгагдаагүй. Ийм байтал чанарын доголдолтой гэж дүгнэж байгааг хууль зүйн үндэслэлгүй гэж байна. Мөн хавтаст хэргийн 210 дугаар хуудсанд авагдсан 26.000.000 төгрөгийн баримт нь өөрөө нотлох баримтын шаардлага хангаагүй байх тул нэхэмжлэгч нараар төлүүлэх шийдвэр гаргасан хууль зүйн үндэслэлгүй бөгөөд харин давж заалдах шатны шүүхээс уг 25.000.000 шаардлагыг гаргуулахаар шийдвэрлэсэн нь буруу гэж анхан шатны шүүхийн алдааг залруулсан нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Гэтэп хх-ийн 213 дугаар талд авагдсан н.Анхбаяртай байгуулсан "Ажил гүйцэтгэх гэрээ” нь мөн захиалагч шинжээчийн удаа дараагийн дүгнэлт болон Барилгын тухай хуулийн норм, норматив зөрчин барилгын зураггүй, Барилгын тухай хуулийн 37 дугаар зүйлийг зөрчиж тусгай зөвшөөрөлтэй эрх бүхий этгээдээр гүйцэтгүүлээгүй нь мөн л хууль зөрчсөн үйлдэл харагдаж байна. Хавтаст хэргийн 76 дугаар талд авагдсан 2014 оны 9 сарын 08-ны өдрийн 13361 дугаар “Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай” шүүгчийн захирамжийн 1 дэх заалтаар Б.Санчир миний эд хөрөнгө, мөнгийг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд… Уг захирамжийн 4 дэх заалтаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1-д зааснаар захирамж гарсан өдрөөс хойш 10 хоногийн дотор зохигчид тус шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсан. Гэвч шүүх уг захирамжийг гаргасныг надад гардуулж /захирамжийн үндэслэл, утга учир, эрх зүйн зохицуулалт үр дагаврыг/ танилцуулаагүйн улмаас миний бие уг захирамжид гомдол гаргах эрхээ алдсан нь шүүх хариуцагч миний эрхийг зөрчсөн. Хавтаст хэргийн 70 дугаар талд ...2014 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр ... иргэний хэрэг үүсгэсэн. ...Гэтэл хх-ийн 69 дүгээр талд ... шүүхийн 2014 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн мэдэгдэх хуудсаар иргэний хэрэг үүсгэхээс өмнө ... Б.Санчирыг 2014 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 10 цагт дуудсан тухай мэдэгдэх хуудас бичиж хүргүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.2-т заасан ажиллагааг хийж байгаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчиж байна гэж үзэж байна. Хавтаст хэргийн 35, 36 дугаар хуудсанд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн тухай нэхэмжлэлийг 2016 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн шүүх хуралдаан дээр гаргасан байдаг бөгөөд шүүх хуралдаанаас СD-нд үзлэг хийлгэх хүсэлтийг хангаж, нэхэмжлэлээ өөрчилсөн шаардлагыг хариуцагчид гаргуулахаар шүүх хуралдааныг ... хойшлуулж шийдвэрлэсэн. Гэтэл шүүх нэгэнт товлогдон зарлагдсан 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн шүүх хуралдааныг хийгээгүй нь ИХШХШТХуулийн 89 дүгээр зүйлийн 89.2-т ... заасныг зөрчсөн. Мөн хавтаст хэргийн 43 дугаар талд нэхэмжлэлийн өөрчлөгдсөн шаардлагыг 2016 оны 04 сарын 14-ний өдөр гардуулсан. Энэ хавтаст хэргийн 43 дугаар талд авагдсан нэхэмжлэлийн хувийг хариуцагчид гардуулсан тухай баримтад шүүгч гарын үсэг зураагүй байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуупийн 67.1, 67.1.2-т заасныг зөрсөн гэж үзэх үндэслэлтэй. Хуульд зааснаар бол нэхэмжлэлийг хувийг шүүгч гардуулахаар заасан байна. Мөн хавтаст хэргийн 43 дугаар талд шүүх нэхэмжлэлийн хувийг 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр гардуулж, хариу тайлбар гаргах хугацааг 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдрөөр тогтоосон. Гэтэл хариу тайлбар ирүүлэх хугацааны дотор буюу 2016 оны 03 дугаар сарын 16-ны өдөр хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.Сэвлэгмаад мэдэгдэж, мөн 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр шүүх хуралдаан хийсэн нь ИХШХШТХуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт заасан хуульд заасан хугацааг нь хязгаарлаж тайлбар өгөх хугацааг хүлээлгүйгээр шүүх хуралдааныг зарлаж байгаа нь шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөн гэж үзэж байна. Иймд ИХШХШТХуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5 дахь хэсэгт зааснаар шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагад нийцээгүй байна.

       Нэхэмжлэгч Х.Мөнхбаатар, Х.Чинбаатар нар нь хариуцагч Н.Санчир, Ж.Жаргалсайхан нарт холбогдуулан барилгын ажлын доголдлыг арилгахад гарсан зардал, хохиролд 73 006 945 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч, богино хугацаатай байгуулсан гэрээнд нэхэмжлэгч тал мөнгөө гэрээнд заасан хугацаанд өгөөгүй, нийт 88 800 000 төгрөгийг шилжүүлсэн, үүнд нь  тохирсон ажлыг хийж гүйцэтгэсэн, нэхэмжлэл үндэслэлгүй гэж маргажээ.

Талуудын хооронд 2014 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр “Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ” байгуулагдсан ба хариуцагч нар нь 280 м.кв талбай бүхий барилгын ажлыг цахилгаан, сангийн болон дотор, гадна заслын ажлын хамт бүхэлд нь 108 000 000 төгрөгөөр барьж гүйцэтгэн, 2014 оны 6 сарын 17-ны өдөр нэхэмжлэгч нарт хүлээлгэн өгөхөөр тохиролцсон байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчдын хооронд үүссэн харилцааг ажил гүйцэтгэх гэрээ гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д нийцсэн байна.

Хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбараас үзэхэд талууд гэрээ байгуулагдсан талаар маргаагүй, харин барилгын ажлын чанар, гүйцэтгэлийн хувь хэмжээ, гэрээний үүргийн биелэлт, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгож буй баримтуудын тухай  маргажээ.

Нэхэмжлэгч нар шаардлагынхаа үндэслэл болгож, Монгол Улсын зөвлөх инженер Ц.Дагвадорж, Ц.Нарангэрэл нарын 2014 оны 8 сард хийсэн “Барилгын ажлын чанарын дүгнэлт ба төсөвт өртөг”, мөн мэргэшсэн төсөвчин Н.Шүхэрдуламын гаргасан “Үйлдвэрийн барилгын нэмэлт ажлын төсөв” гэсэн баримтуудыг шүүхэд ирүүлжээ. Эдгээр баримтууд нь нэхэмжлэгчийн хүсэлтээр иргэний хэрэг үүсэхээс өмнө хийгдсэн дүгнэлт байх тул хариуцагч нар маргаж буй асуудлаар шинжээчийн дүгнэлт гаргуулахаар шүүхэд хүсэлт гаргасан байна. 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нарын гаргасан хүсэлтээр шүүхээс шинжээч томилж, Барилгын хөгжлийн төвийн 2015 оны 03 сарын  31-ний өдрийн   1/488 дугаар албан бичгээр ирүүлсэн шинжээчийн дүгнэлт, Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн 2015 оны 11 сарын 19-ний өдрийн дүгнэлт хэрэгт авагдаж, шүүх эдгээр дүгнэлтийг шийдвэрийнхээ үндэслэл болгосон нь хуульд нийцсэнгүй.

Шинжээчийн дүгнэлт гаргасан дээрх байгууллагууд нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлд зааснаар “...шүүхийн шинжилгээний байгууллагаас гадуур хийгдэх” зохицуулалтад хамаарч байхад анхан шатны шүүх хуулийн энэ зүйлд заасан ажиллагааг хийсэн тухай баримт хэрэгт авагдаагүй байна. Өөрөөр хэлбэл, шинжээчид шүүхээс хуульд зааснаар шинжээчийн эрх, үүргийг тайлбарлан таниулаагүйгээс маргаж буй үйл баримтын талаар хийсэн шинжээчийн дүгнэлтийг хуульд заасан шаардлага хангасан баримт гэж үзэх нь хуульд нийцэхгүй учраас анхан шатны шүүхийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3, 47 дугаар зүйлийн 47.2 дахь заалтыг зөрчсөн гэж үзнэ.

Түүнчлэн шүүх 2014 оны  08 сарын 27-ны өдөр нэхэмжлэлийг хүлээн авснаас хойш  хэргийн материалыг 2014 оны  11 сарын 13-ны өдөр нэхэмжлэгчид, 2015 оны 07 сарын 22-ны өдөр хариуцагчид /I- xx-144/,  2015 оны  09 сарын 26-ны өдөр хариуцагчийн өмгөөлөгчид /I- xx-168/, 2016 оны 04 сарын 25, 26-ны өдөр зохигчдод /II- xx-45, 46/,  2016 07 сарын 04-ний өдөр /II- xx-77/ хариуцагч талд танилцуулснаас хойш зохигчдод дахин танилцуулалгүйгээр 2016 оны 10 сарын 13-ны өдөр шүүх хуралдаанаар хэргийг шийдвэрлэсэн нь /II-xx-93/ талуудын тэгш байдлыг хангаагүй, зохигчдын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйл, 25 дугаар зүйлийн 25.1.2-т заасан эрхийг бүрэн хэрэгжүүлсэн гэж үзэхэд учир дутагдалтай байна.

         Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан журмыг зөрчсөн байхад давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээсэн нь буруу юм.  

         Иймээс хариуцагч Б.Санчирын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж дүгнэв.

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

            1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 183/ШШ2016/00945 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 77 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр төлсөн 179.175 төгрөг, 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдөр төлсөн 80.000 төгрөг, нийт 259.175 /хоёр зуун тавин есөн мянга нэг зуун далан тав/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

                                            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                     Х.СОНИНБАЯР

                                             ШҮҮГЧ                                               Д.ЦОЛМОН