Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 103/ШШ2026/00049

 

 

 

 

 

2026 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 103/ШШ2026/00049

Улаанбаатар хот

 



2026 01 07 103/ШШ2026/00049

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Хүсэлт гаргагч: .... онд Сүхбаатар аймагт төрсөн, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, сувилагч мэргэжилтэй, Цэргийн төв эмнэлэгт сувилагч ажилтай, Баянзүрх дүүргийн ... дүгээр хороо,... дүгээр байрны 7-28 тоотод оршин суух, ******* ******* ******* ******* хүүхэд асрах чөлөөтэй байсан хугацааг тогтоолгох тухай хүсэлтийг 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Хүсэлт гаргагч *******,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн төлөөлөгч *******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Долгоржав нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч ******* нь хүүхэд асрах чөлөөтэй байсан хугацааг тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргаж, хүсэлтээ дараах байдлаар тодорхойлж байна.

Хүсэлт гаргагч ******* нь шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: ******* *******ой миний бие 2000 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн Багануур сувилал ХХК-д зөөгч, угаагчаар ажиллаж байгаад 2002 оны 07 дугаар сарын 05-ны өдөр охин төрүүлсэн. 2002 оны 05 дугаар сарын 05-ны өдрөөс 2004 оны 07 дугаар сарын 05-ны өдөр хүртэл хугацаанд хүүхэд асрах чөлөөтэй байсан. Миний бие 2004 оны 08 дугаар сараас нөхрийгөө даган Улаанбаатар хотруу шилжих шаардлагатай болсон тул өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн. Гэвч Багануур сувилал ХХК-ийн архивын баримт шүүлгэхэд хүүхэд асрах чөлөөний тушаал 2002 оны 10 дугаар сарын 01-нээр нөхөн гаргасан байгаа боловч ажлаас гарсан тушаал байхгүй, олдохгүй байна. Багануур дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээс архивын лавлагааг авч үзэхэд миний 2003 оны 02 дугаар сараас 2004 оны 06 дугаар сар хүртэл хугацааны нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй байна. Одоогоор миний бие нь цэргийн тэтгэвэрт гарах болсон учир хүүхэд асрах чөлөөтэй байсан болохыг тогтоож өгнө үү. Би хүүхдээ гаргаад хүүхэд асрах чөлөө авдаг талаар мэдээгүй учраас өргөдөл гаргаагүй. Улаанбаатар хот руу шилжих болсноо тухайн үед ажиллаж байсан удирдлагатай амаар хэлээд явсан. Гэтэл миний ажлаас чөлөөлөгдсөн тушаалыг гаргаагүй орхигдуулсан байна гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд шүүхэд гаргасан болон итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хүсэлт гаргагч ******* нь манай компанид 2000 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 17 дугаар тушаалаар зөөгч, угаагчаар ажилд орж, 2002 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 36 дугаар тушаалаар хүүхэд асрах чөлөө авсан байна. Манай компанийн архивын баримтаас үзэхэд ******* нь ажлаас чөлөөлөгдөх өргөдөл гаргаагүй, чөлөөлөх тушаал гараагүй байна. Манай архивт ******* ажлаас гарсан тушаал, ажлаас чөлөөлөгдөх тушаал, өргөдөл байхгүй байсан учраас баримт авах гэж ирсэн хүнд нь баримт байхгүй байна гэж хэлсэн. ******* ажилд томилогдсон тушаал, хүүхэд асрах чөлөө олгосон тухай тушаал байгаа гэв.

Хүсэлт гаргагч ******* нь шүүхэд: Багануур дүүргийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 02/211 дугаар албан тоот, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Багануур сувилал ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2000 оны 05 дугаар сарын 8-ны өдрийн 17 дугаартай Ажлаас чөлөөлөх, ажилд томилох тухай тушаалын хуулбар, иргэний үнэмлэхийн хуулбар, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, Багануур сувилал ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2002 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 36 дугаартай Хүүхэд асрах чөлөө олгох тухай тушаалын хуулбар, 208951 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, 271300582 дугаартай *******т нийгмийн даатгалын шимтгэл нөхөн тооцсон батаалгаажилтын хуудсын хуулбар, Шилжих хөдөлгөөний тэмдэглэлийн хуулбар, 2002 оны 07 дугаар сарын 05-ны өдөр төрсөн охин Н.Энэрэлийн төрсний бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2015 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн Багануур дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн архивын лавлагааны хуулбар зэрэг баримтуудыг нотлох баримтаар гаргаж өгсөн байна.

Шүүхээс бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр Багануур сувилал ХХК-г хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд татан оролцуулсан болно.

Шүүх дээрх баримтууд болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч ******* нь хүүхэд асрах чөлөөтэй байсан хугацааг тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.

Хүсэлт гаргагч ******* нь хүүхэд асрах чөлөөтэй байсан хугацааг тогтоолгох зорилгоо заахдаа Цэргийн тэтгэврээ тогтоолгох гэтэл ажилласан жилийн баримтууд архиваас гүйцэд гарч ирэхгүй байна гэжээ.

******* нь Улаанбаатар хот, Багануур сувилал ХХК-д 2000 оны 05 дугаар сарын 08-ны өдрөөс зөөгч, угаагчаар ажиллаж байгаад 2002 оны 05 дугаар сарын 05-ны өдрөөс амаржихын өмнөх амралтаа эдэлсэн, 2002 оны 07 дугаар сарын 05-ны өдөр хүүхэд төрүүлсэн болох нь 208951 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, Багануур сувилал ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2002 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 36 дугаартай Хүүхэд асрах чөлөө олгох тухай тушаалын хуулбар зэргээр тогтоогдож байна. /хх-ийн 3,6,7-10,11,12 дугаар тал/

БНМАУ-ын 1991 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 1-д Эхчүүдэд хүүхдээ төрүүлэхээс нь өмнө 45 хоног, амаржсаны дараа 56 хоногийн амралт олгоно, 88 дугаар зүйлийн 1-д Амаржсаны болон ээлжийн амралтаа эдэлсэн эхэд хүүхдээ асрахад зориулж хүүхдийг 2 /ихэр бол 3 / настай болтол зохих тэтгэмжтэй чөлөө олгож, ажил албан тушаалыг нь хэвээр хадгална гэж зааснаар ажил олгогч нь ажилтан *******т 2002 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 36 дугаартай тушаалаар хүүхдийг 2 нас хүртэл нь хүүхэд асрах чөлөөг олгосон болох нь тогтоогдож байгаа хэдий ч ажлаас чөлөөлөгдсөн тушаалыг гаргаагүй, дээрх үйл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шүүхээр тогтоолгох шаардлага гаргах эрх *******т үүснэ.

Монгол улсын Засгийн газрын 1991 оны 13 дугаар тогтоолоор батлагдсан Ажилласан хугацааг тооцох журам-ын 2 дахь хэсгийн 8-и-д төрүүлсэн болон үрчлэн авсан хүүхдээ 2, ихэр бол 3 настай болтол асрахаар авсан 2 удаагийн чөлөөний хугацааг ажилласан хугацаанд оруулан тооцно гэж тус тус зааснаар түүний хүүхэд асарсан хугацааг улсад ажиллаж байснаар тооцох гэтэл хүүхэд асрах чөлөөний хугацаа хэдийд дууссан, ажилдаа эргэн орсон эсэх, ажлаас чөлөөлөгдсөн эсэх нь тодорхойгүй, энэ талаарх баримт байхгүй байна.

******* нь 2002 оны 07 дугаар сарын 05-ны өдөр хүүхдээ төрүүлсэн, ажил олгогч хүүхэд асрах чөлөөг 2002 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс хүүхдийг 2 нас хүртэл олгосон үйл баримт тогтоогдож байх тул чөлөөний хугацаа 2004 оны 07 дугаар сарын 05-ны өдөр хүүхэд 2 нас хүрснээр дууссан гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд холбогдох хууль тогтоомжид зааснаар *******ийг 2002 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2004 оны 07 дугаар сарын 05-ны өдөр хүртэлх хугацаанд хүүхэд асрах чөлөөтэй байсан үйл баримтыг тогтоон шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод үлдээх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1, 134 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг үндэслэж ******* ******* ******* ийг 2002 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2004 оны 07 дугаар сарын 05-ны өдөр хүртэлх хугацаанд хүүхэд асрах чөлөөтэй байсан нь үнэн болохыг тогтоосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчийн урьдчилан төлсөн тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ