| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрхүүгийн Батжаргал |
| Хэргийн индекс | 166/2018/0235/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/247 |
| Огноо | 2018-07-20 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Б.Батсүх |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 07 сарын 20 өдөр
Дугаар 2018/ШЦТ/247
Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.******* даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ягаанцэцэг,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Батсүх,
Хохирогч *******
Шүүгдэгч Ц******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны тахимд нээлттэй хийж, Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч ******* холбогдох эрүүгийн 1818001880244 дугаартай хэргийг 2018 оны 7 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Т******* , 1980 оны 3 дугаар сарын 11-ны өдөр Булган аймагт төрсөн, 38 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Дархан-Уул аймгийн******* оршин суух, урьд 4 удаагийн ял шийтгэлтэй, үүнд:
1.Дархан-Уул аймгийн Сум дундын шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 124 дүгээр зүйлийн 1-т зааснаар 1 жил хорих ялаар,
2.Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2005 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 134 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т зааснаар 3 сар баривчлах ялаар, 261 дүгээр зүйлийн 261.1-т зааснаар 1 жил хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-т заасныг журамлан хөнгөн ялыг хүндэд нь багтааж биечлэн эдлэх ялыг 1 жилийн хугацаагаар тогтоосон,
3.Сум дундын 7 дугаар шүүхийн 2014 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 189 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 сар 10 хоног баривчлах ялаар,
4.Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 375 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэгдсэн. Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 39 дүгээр шүүгчийн захирамжаар 450 000 төгрөгийн торгох ялыг 30 хоногийн хорих ялаар сольж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдэлсэн, хэрэг хариуцах чадвартай,******* регистрийн дугаартай.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:
Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 3 дугаар сарын 11-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 6 дугаар багийн Тээвэрчдийн задгайд байх гэртээ гэр бүлийн харилцаа хамааралтай хүн болох ******* тай маргалдан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 3 дугаар сарын 11-ний өдөр Дархан-Уул аймгийн ******* байх гэртээ хамтран амьдрагч ******* тай маргалдан зодож эрүүл мэндэд “хуйх, зүүн сарвуун дахь шархнууд, тархи доргилт” бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч ******* гийн өгсөн: 2018 оны 3 дугаар сарын 11-ний өглөө гэртээ очоод эхнэр ******* тай өдөржин архи уусан. Хоол хийж идээд орон гаран уусаар нилээд орой болсон ойролцоогоор 22 цаг болж байсан. Бид хоёр ширээний хажууд суугаад архи ууж байхдаа маргалдаад ******* мангасдах буюу гараараа нүүр лүү нь түлхээд унагаасан. Унахдаа пийшин мөргөж унасан. Босож ирээд толгой хагарчихлаа гээд толгой, гарнаас нь цус гарч байсан. Буруугаа ойлгож гэмшиж байна гэх мэдүүлэг,
Хохирогч ******* ын өгсөн: Өглөө 6 цагт ******* орж ирэхдээ 0,5 гр архитай орж ирсэн. Түүнийг бид хоёр ууж байтал ******* 9 цагийн үед орж ирээд дүүтэй архи уулаа гээд уурласан. Тэгэхээр нь би чи гэртээ ирэхгүй 2-3 хоног хаагуур тэнээд янхан эргүүлээд ирж байгаа юм гээд бид хоёр хэрэлдсэн. Тэгэхэд ******* 20 000 төгрөг өгчхөөд харьлаа гээд явсан. ******* бид хоёр хамт архинд явж нэг шил архи авчраад түүнийгээ ууж байгаад хэрэлдээд ******* намайг мангасдаад нүүр рүү гараараа түлхтэл би хойшоо саваад газар унахдаа пийшин мөргөсөн. Толгойгоо дартал ар дагзнаас цус гоожсон. ******* д толгой хагалчихлаа гэж хэлэхэд миний толгойг боож өгчхөөд унтах гээд орон дээр хэвтэхээр нь миний уур хүрээд хүү ******* цагдаа дууд, ******* эгчийгээ дуудчих гэж хэлсэн. Одоо надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй, ******* надаас уучлалт гуйгаад дахиж зодохгүй гэсэн гэх мэдүүлэг,
Талуудын хүсэлтээр хавтаст хэргээс:
Насанд хүрээгүй гэрч Б.******* өгсөн: Аав ээж хоёр архи уудаг. Намайг гадаа тоглож байгаад ороод ирсэн чинь ээж орон дээр хэвтчихсэн миний хүү ******* эгчийгээ дууд аав чинь миний толгойг хагалчихлаа гэж хэлэхээр нь би ******* эгчийг дуудсан. Ээж толгойгоо юмаар боочихсон байсан. ******* эгч орж ирээд аавтай хэрэлдсэн. Тэгээд цагдаа дуудсан чинь аав гараад явчихсан гэх мэдүүлэг /хх 19/,
Гэрч ******* өгсөн: 2018 оны 3 дугаар сарын 11-ний орой би цагийг нь мэдэхгүй байна нилээд л орой болсон байсан. Хажуу талын айлын хүүхэд ******* орж ирээд цагдаа дуудаад өгөөч аав ээжийн толгойг хагалчихлаа гэхээр нь манай нөхөр ******* цагдаа руу залгаад би ******* гийнд ортол эхнэр ******* нь орон дээрээ хэвтчихсэн толгойгоо юмаар боочихсон толгойноос нь цус гарчихсан пийшин рүү унаад толгойгоо хагалчихлаа гэж хэлсэн. ******* хоймороо зогсож байсан. Тэгэхээр нь би эхнэрээ цохиод байхдаа яадаг юм архи уусан бол аятайхан уугаач гэж хэлэхэд чамд ямар хамаатай юм гээд ******* гараад явчихсан. Тэгээд би гарч гэртээ орсон. Энэ хоёр хоёулаа согтуу байсан гэхдээ бүр тасарчихсан согтуу бол байгаагүй халамцуу л байцгаасан. Гэрт нь өөр хүн байгаагүй. Энэ айлын эхнэр нөхөр хоёр бол байнга л согтуу байцгаадаг гэх мэдүүлэг /хх 23/,
Шинжээч эмч ******* өгсөн: 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдөр би ******* ыг өөрийн биеэр үзэж дүгнэлт гаргасан. Үзлэгээр дагзны дээд хэсгийн хуйх болон зүүн сарвууны гадна 2 хэсэг шарх байсан бөгөөд хоёулаа зах ирмэг нь тэгш байсан. Шархны байдлаас харахад хурц ир үзүүртэй зүйлээр үүсгэгдсэн байх боломжтой байх ба хурц ирмэгтэй төмөр зэрэг зүйлтэй хүрэлцэх үед мөн юм мөргөж унах үед үүсч болно гэх мэдүүлэг /хх-ийн 28/,
Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 350 дугаартай шинжээчийн дүгнэлт: "1.******* ын биед хуйх, зүүн сарвуун дахь шархнууд, тархи доргилт тогтоогдлоо. 2.Дээрхи гэмтэл нь хурц ир үзүүртэй багажийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3.Дээрхи гэмтэл нь ГЗТЖ-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно. 4.******* д учирсан гэмтэл нь цаашдын эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй" гэжээ /хх 25/,
Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын болон Аюулын зэргийн үнэлгээ /хх 65-71/, Дархан-Уул аймгийн Дархан сумын 6 дугаар багийн хамтарсан хурлын тэмдэглэл /хх 64/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч ******* нь гэр бүлийн харилцаатай хүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 "эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүд, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд амьдарч байгаа этгээд хамаарна", 6 дугаар зүйлийн 6.1.1 "бие махбодын хүчирхийлэл"-т заасан хуулийн үйлчлэлд хамаарч байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан "хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн" гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзлээ.
Хавтаст хэргийн 113-р хуудсанд авагдсан хохирогч ******* ын гаргасан "******* д гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй тул хэргийг түргэн шуурхай шийдвэрлэж өгнө үү" гэх хүсэлтээр шүүгдэгчийг гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй байна гэж үзлээ.
2.Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
Эрүүгийн хариуцлага нь ял, албадлагын арга хэмжээнээс бүрдэх бөгөөд шүүгдэгч ******* нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.
Шүүгдэгч ******* нь
1.Дархан-Уул аймгийн Сум дундын шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 124 дүгээр зүйлийн 1-т зааснаар 1 жил хорих ялаар,
2.Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2005 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 134 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т зааснаар 3 сар баривчлах ялаар, 261 дүгээр зүйлийн 261.1-т 1 жил хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-т заасныг журамлан хөнгөн ялыг хүндэд нь багтааж биечлэн эдлэх ялыг 1 жилийн хугацаагаар тогтоосон,
3.Сум дундын 7 дугаар шүүхийн 2014 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 189 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 сар 10 хоног баривчлах ялаар,
4.Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 375 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэгдсэн. Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 39 дүгээр шүүгчийн захирамжаар 450 000 төгрөгийн торгох ялыг 30 хоногийн хорих ялаар сольж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдэлсэн 4 удаагийн ял шийтгэлтэй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 37/, шийтгэх тогтоолын хуулбар /хх 47-58, 61-62/ зэргээр тогтоогдож байна. Энэ нь эрх зүйн үр дагавар үүсгэхгүй ч түүний хувийн байдлыг тогтоосон баримт болно.
Шүүгдэгч ******* д ял шийтгэл оногдуулахад хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гаргах зардалгүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* ******* г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан "гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан" гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч ******* г 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч ******* д оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөөс дээшгүй цагийн хугацаагаар тогтоож, ялыг Дархан-Уул аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт эдлүүлсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч ******* нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
5.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гаргах зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ******* д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.*******