| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намдагсүрэнгийн Батсайхан |
| Хэргийн индекс | 2309018682066 |
| Дугаар | 2025/ДШМ/849 |
| Огноо | 2025-07-22 |
| Зүйл хэсэг | 11.6.2., 20.16.1., |
| Улсын яллагч | Ж.Энхбат |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 07 сарын 22 өдөр
Дугаар 2025/ДШМ/849
Б.Д-, Г.А-, Б.Э-, А.Бс-,
А.Бж- нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Б.Ариунхишиг, шүүгч Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Ж.Энхбат,
хохирогч С.А-ын өмгөөлөгч Б.Эрдэнэбаатар,
хохирогч, шүүгдэгч Б.Д-, түүний өмгөөлөгч Г.Оюунцэцэг,
хохирогч, шүүгдэгч Г.А-, шүүгдэгч Б.Э-, тэдгээрийн өмгөөлөгч М.Хувцагаан,
нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 2025/ШЦТ/581 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч, шүүгдэгч Б.Д-гийн өмгөөлөгч Г.Оюунцэцэгийн гаргасан давж заалдах гомдлоор Б.Д-, Г.А-, Б.Э-, А.Бс-, А.Бж- нарт холбогдох 2309018682066 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 07 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.
1.Д овгийн Б-ын Д, 1988 онд Булган аймагт төрсөн, 37 настай, эрэгтэй, дээд боловсролтой, философич, шашин судлаач, санхүүч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Чингэлтэй дүүрэгт түр оршин суух, ял шийтгэлгүй, (РД:...),
2.Б овгийн Г-ын А, 2000 онд Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эрэгтэй, дээд боловсролтой, маркетингийн мэргэжилтэй, “Х ББСБ” ХХК-д харилцааны менежер ажилтай, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт Баянзүрх дүүрэгт оршин суух, ял шийтгэлгүй, (РД:...),
3.Б овгийн Б-ийн Э, 1998 онд Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хилчин мэргэжилтэй, “Л” ХХК-ийн эрсдэлийн ахлах менежер ажилтай, ам бүл 2, эхийн хамт Баянзүрх дүүрэгт оршин суух, ял шийтгэлгүй, (РД:...),
4.Т овгийн А-ы Бж, 1997 онд Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, бизнесийн менежмент мэргэжилтэй, Ч хөрөнгийн биржид мэргэжилтэн ажилтай, ам бүл 5, эцэг, эх, 2 дүүгийн хамт Хан-Уул дүүрэгт оршин суух, ял шийтгэлгүй, (РД:...),
5.Т овгийн А-ы Бс, 1997 онд Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, программ хангамжийн инженер мэргэжилтэй, “Д” ХХК-д инженер ажилтай, ам бүл 5, эцэг, эх, 2 дүүгийн хамт Хан-Уул дүүрэгт оршин суух, ял шийтгэлгүй, (РД:...);
Б.Д- нь 2023 оны 06 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд байрлах “А”-ийн 1 давхрын ариун цэврийн өрөөнд Г.А-той үл ялих шалтгаанаар маргалдаж, үснээс нь зулгаан, нүүрэн тус газар нь өвдөглөж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,
Г.А-, Б.Э-, А.Бж-, А.Бс- нар нь бүлэглэн 2023 оны 06 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд байрлах “А”-ийн 1 давхрын үүдний хэсэг болон ариун цэврийн өрөө буюу олон нийтийн газарт бүдүүлэг догшин авирлаж, бусдыг дорд үзэх, дээрэлхэх, айлган сүрдүүлэх, өөрийн давуу байдлыг харуулж, бусдын амгалан тайван байдлыг алдагдуулж, тус аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан,
Г.А-, Б.Э-, А.Бж-, А.Бс- нар нь бүлэглэн 2023 оны 06 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд байрлах “А”-ийн 1 давхрын үүдний хэсэг болон ариун цэврийн өрөөнд олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах явцдаа Б.Д-гийн толгой, нүүрэн тус газар нь өшиглөх, цохих зэргээр биед нь халдаж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,
Г.А-, Б.Э- нар нь бүлэглэн С.А-ыг түлхэж унагаах, өшиглөх, нүүрэн тус газар нь цохих зэргээр биед нь халдаж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Б.Д-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг,
Г.А-, Б.Э-, А.Бж-, А.Бс- нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Б.Д-ыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 900,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж,
шүүгдэгч Г.А-, Б.Э-, А.Бж-, А.Бс- нарыг “бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, мөн нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.А-, Б.Э- нарыг 1,000,000 төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч А.Бс-, А.Бж- нарыг 700,000 төгрөгөөр торгох ялаар, мөн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Бс-д Хан-Уул, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг, шүүгдэгч А.Бж-д Хан-Уул, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг, шүүгдэгч Б.Э-т Баянзүрх, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг, шүүгдэгч Г.А-од Баянзүрх, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг тус тус 1 жилийн хугацаагаар хориглох зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэн, шүүгдэгч нарт оногдуулсан дээрх ялуудыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэжээ.
Хохирогч, шүүгдэгч Б.Д-гийн өмгөөлөгч Г.Оюунцэцэг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Б.Д- нь Г.А-ын биед хөнгөн хохирол учруулсан үйлдэлдээ анхнаасаа маргадаггүй. Харин тухайн халдлагыг өөрийн амь бие, эрүүл мэндийн эсрэг халдлагаас хамгаалсан талаараа мэдүүлдэг. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлд “Аргагүй хамгаалалт”-ын талаар зохицуулсан. “A”-ийн ариун цэврийн өрөөнд болсон үйл явдал камерт бичигдээгүй бөгөөд энэ талаар гэрчлэх гэрч нар нь Г.А-, А.Бс-, А.Бж-, Б.Э- нартай нэг ашиг сонирхолтой, тухайн үед хамт явж байсан найз нар нь байдаг. Харин ариун цэврийн өрөөнөөс гарч ирсэн үеэс бичигдсэн камерын бичлэгт үзлэг хийхэд, Г.А-, А.Бс-, А.Бж-, Б.Э- нар нь бүлэглэн хохирогч Б.Д-ыг, мөн түүний эхнэр С.А-ыг ээлжлэн зодож, догшин авирлаж байгаа нь тодорхой бичигдсэн. Дээрх бичлэгт шүүгдэгч Г.А-, А.Бс-, А.Бж-, Б.Э- нарын үйлдэлдээ хандах хандлага тодорхой харагддаг.
Камерын бичлэгээс үзэхэд, шүүгдэгч нар нь Б.Д-ыг доромжилж, түүнд тооны хувьд олон байгаа байдал болон биеийн хөгжлийн давуу байдлаараа аархсан, заналхийлж, бүлэглэн, үг хэлээрээ доромжлон дээрэлхэж, улмаар түүнд халдах нь тодорхой нөхцөлийг бүрдүүлсэн гэж үзэх үндэслэлтэй. Эдгээр шүүгдэгч нар нь найзыгаа цохисныг хамгаалж зодоонд оролцсон гэж мэдүүлдэг боловч зодооныг үргэлжлүүлэн Б.Д- болон түүний эхнэр С.А-ыг ямар ч шалтгаангүйгээр зодож, биед нь хөнгөн хохирол учруулж байгаа үйлдлүүд нь шүүгдэгч нар тухайн үед согтуурсан, бие биеэ харж хөөрсөн, олуулаа хэнд ч захирагдахгүйгээр танхайрч байгааг нотолдог.
Дээрх нөхцөл байдлаас дүгнэхэд, миний үйлчлүүлэгч Б.Д- нь өөрийн амь нас, эрүүл мэндийн эсрэг халдлага эхлэх нь тодорхой нөхцөл бий болсон буюу ариун цэврийн өрөөнөөс гаргахын тулд хийсэн зайлшгүй үйлдэл хийсэн байна. Гэтэл шүүхээс Б.Д-ыг гэрч А.Б-г араас нь татаж унагаасан, А.Бж-ын араас мөн татаж байгаа үйлдэл нь үргэлжилсэн гэж хэргийн бодит байдлыг буруу дүгнэж шийдвэрлэсэн. Б.Д-гийн эдгээр хүмүүсийн араас татсан үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бөгөөд өөрийн эхнэрийг хамгаалах, зодооныг болиулах гэж байгаа нь харагддаг. Прокуророос Б.Д-ыг Г.А-ын биед хөнгөн хохирол учруулсан гэж буруутгасан байхад өөр бусдын биед халдсан мэтээр буруутгасан нь хуульд нийцэхгүй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1.2-т “Аргагүй хамгаалалтыг бусдын хууль бус халдлага эхэлсэн, эхлэх гэж байгаа нь тодорхой болсон үед хийнэ” гэснийг тогтоохдоо тухайн этгээд үйлдэлдээ ухамсрын хувьд хэрхэн хандсан, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдалд оновчтой дүгнэлт хийх шаардлагатайг харуулж байна. Хавтаст хэрэгт авагдсан баримтаас үзэхэд, Б.Д-гийн хувьд өөрийн амь бие, эрүүл мэндийн эсрэг халдлага эхлэхийг мэдсэн бөгөөд тухайн хүмүүсээс салах, ариун цэврийн өрөөнөөс гарахын тулд аргагүй хамгаалалт хийсэн нь хэргийн бодит байдалд нийцсэн байна.
Иймд шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, Б.Д-д холбогдох үйлдэл холбогдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлд заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү. ...” гэв.
Хохирогч, шүүгдэгч Б.Д- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би 2015 оноос 2020 оныг хүртэл хугацаанд Хятад улсад 5 жил суралцаж, 2021 оны сүүлээс 2023 оны 04 дүгээр сар хүртэл хугацаанд Вьетнам улсад ажиллаж, амьдарсан. Би олон улсын худалдааны мэргэжилтэй тул Зүүн өмнөд Азийн нутгаар их явсан. Өмнө нь эрүүгийн хэрэгт холбогдож байгаагүй. Гадаад улсад 7 жил амьдарч байхдаа ч биеэ зөв авч явж байсан. Тухайн үед намайг нойлд байхад хэл амаар доромжилсон. Нийт 8 хүн байсан ба 2 эмэгтэй хүн байсан. Камерт л харагдахгүй байсан болохоос тэр 2 эмэгтэй зодоон үүсгэх нөхцөл байдлыг бий болгосон. ...” гэв.
Хохирогч, шүүгдэгч Г.А- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирогч талаас уучлалт гуйсан. Би мэдүүлгээ үнэн, зөв өгсөн. Шүүхээс ямар ч шийдвэр гарсан хүндэтгэж, биелүүлнэ. ...” гэв.
Шүүгдэгч Б.Э- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байна. Хохирогч талаас уучлалт гуйж байна. Дахин гэмт хэрэгт холбогдохгүй. Шүүхээс ямар ч шийдвэр гарсан хүндэтгэж, биелүүлнэ. ...” гэв.
Хохирогч, шүүгдэгч Г.А-, шүүгдэгч Б.Э- нарын өмгөөлөгч М.Хувцагаан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч нар өөрсдийн үйлдсэн хэргийн талаар мэдүүлж, гэм буруугаа хүлээсэн. Анхан шатны шүүхээс оногдуулсан эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн. Г.А-од 11 гэмтэл учирч, шинжээчийн дүгнэлтээр хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдсон. Ариун цэврийн өрөөнд болсон асуудал камерт бичигдээгүй тул өөрсдөдөө давуу байдал бий болгох зорилгоор өмгөөлөгч Г.Оюунцэцэг дурдсан болов уу. Ариун цэврийн өрөөнд Г.А-, н.Э-, О.Б- гэх хүмүүс байсан ба О.Б- “яасан өмхий баадаг юм бэ” гэж хэлэхэд тэнд байсан хүмүүс инээсэн. Гэхдээ тэнд Б.Д- байгаа гэдгийг хэн ч мэдээгүй. Гэтэл Б.Д- ариун цэврийн өрөөний хаалгыг маш хүчтэй өшиглөж гарч ирээд “хөдөөний муу сайн п* нар” гээд маргалдсан. Шууд Г.А-ыг үсдэж дараад нүүр рүү нь өвдөглөсөн. Коридорт болсон асуудал камерын бичлэгт бичигдсэн. Гэрч О.Б-ийн хэлсэн үгээс болж таагүй харилцаа үүссэн. Харилцан бие биеийнхээ эрх чөлөөнд халдаж, бие биедээ гэмтэл учруулсан. Шүүгдэгч Б.Д-гийн үйлдэлд аргагүй хамгаалалтын шинж байхгүй. Анхан шатны шүүх хэргийг үндэслэлтэй шийдвэрлэсэн тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.
Хохирогч С.А-ын өмгөөлөгч Б.Эрдэнэбаатар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Б.Д-гийн тайлбар, хохирогч Г.А-ын биед учирсан гэмтлийн зэргийг шүүх бүрэлдэхүүн харгалзаж үзнэ үү. Учирсан гэмтлийг харахад, бүгдийнх нь гар, бугалгад гэмтэл учирсан. Энэ нь хориглосон, хамгаалсан барьцаас үүссэн гэмтлүүд байна. Шүүгдэгч Б.Д-гийн хувьд, тооны байдлыг харгалзаж үзэхэд, зодож, цохих боломжгүй нөхцөл байдал байсан нь харагддаг. Иймд өмгөөлөгч Г.Оюунцэцэгийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. ...” гэв.
Прокурор Ж.Энхбат тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Өмгөөлөгч Г.Оюунцэцэгийн гаргасан гомдол нь үндэслэлгүй байна. Шүүгдэгч Б.Д-ыг ариун цэврийн өрөөнд хүндэрч байхад нь гэрч О.Б- “ийм орой хүн хүндэрдэг юм уу, өмхий баах юм” гэх мэт зүйлийг хэлэхэд, шүүгдэгч Б.Д- уурлаж гарч ирээд Г.А-той маргалдсан. Тухайн үед харуул хамгаалалтын ажилтнаар ажиллаж байсан гэрч Г.А- “хүмүүс зодолдоод байх шиг байхаар нь ариун цэврийн өрөө ороход өндөр, хар үстэй, хар футболктой залуу, шар өнгийн ноолууран мэт цамцтай арай ахимаг настай залуу хоёр хоорондоо харилцан зодолдож байсан” гэж мэдүүлсэн. Мөн камерын бичлэгт Б.Д-ыг бүлэглэж зодсон, Б.Д- ариун цэврийн өрөөнөөс гарч ирэхдээ гэрч А.Б-гийн ар талаас татаж унагааж байгаа, мөн Г.А-ыг цохиж, А.Бж-ын араас татаж унагааж байгаа идэвхтэй үргэлжилсэн үйлдлүүдийг хийсэн нь харагддаг. Аргагүй хамгаалалт хийсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Б.Д-, Г.А-, Б.Э-, А.Бс-, А.Бж- нарт холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар хэргийн шийдвэр, ажиллагааг хохирогч, шүүгдэгч Б.Д-гийн өмгөөлөгч Г.Оюунцэцэгийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.
Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд шүүгдэгч нарт холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох:
-Г.А-ын хохирогчоор өгсөн: “...Миний биед нүүрэнд цус хуралт, хүзүү, цээж, баруун тохой, хоёр шуунд зулгаралт, хоёр бугалга, шуу, баруун тохойд, баруун гуянд цус хуралт гэмтэл тогтоогдсон. 2023 оны 06 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнө “А”-ийн 1 давхарт үйл ажиллагаа явуулдаг рестораны ариун цэврийн өрөөнд үл таних махлах шар эрэгтэйтэй маргалдах үед тэр ах миний үснээс зулгаан, доошоо даран өвдөгдөж, 2-3 удаа нүүрэн тус газарт цохисон. Мөн ариун цэврийн өрөөнөөс гараад миний баруун гуя руу 2-3 удаа өшиглөсөн, зууралдах явцдаа маажуулсан ба энэ дүгнэлтэд дурдсан гэмтлүүдийг учруулсан гэж үзэж байна...” (1хх 8-9),
-Б.Д-гийн хохирогчоор өгсөн: “...Би 2023 оны 06 дугаар сарын 05-ны орой “А”-ийн ариун цэврийн өрөөнд орох үед хэсэг залуус зогсож байсан ба тухайн залуус заналхийлсэн маягтай үг хэллэг хэрэглэхэд энэ талаар нь хэлтэл шууд над руу дайрсан. Тухайн залуус олуулаа байсан, намайг газар унагаад толгой болон биеийн хэсэгт халдаж, олон удаа дэвсэж, хөлөөрөө цохисон ба би ганцаар байсан учир ямар нэгэн эсэргүүцэл үзүүлж чадаагүй. Дундаж өндөртэй залуу нь намайг ирж зүүн нүд рүү цохисон, дараа нь шар цувтай залуу, өндөр хар хувцастай залуу намайг нийлж зодож доош нь дарсан ба тэдэн дундаас өндөр, урт үстэй залуугийн бүсэлхийгээр тэвэрч хагас суусан. Гэтэл араас залуучууд ар нуруу, хүзүү рүү цохисон. Дараа нь нөгөө өндөр залуу намайг түлхэн газар унагаж, шар цувтай залуу, өндөр, урт үстэй залуу болон өөр нэг залуутай нийлж дээрээс дэвссэн. Энэ үед анх намайг цохисон залуу байгаагүй. Дэвсүүлж байхад анх цохисон залуу ариун цэврийн өрөөнд орж ирсэн ба миний аманд цус хурчихсан байсан учир би шар цувтай залуу руу нулимсан. Гэтэл өндөр биетэй, урт үстэй залуу намайг гараараа нүүр рүү цохисон. Энэ үед гаднаас эхнэр орж ирж намайг салгаж авсан. Тэгээд ариун цэврийн өрөөнөөс гарч ирээд өндөр урт үстэй залуу миний нүүр рүү 2 удаа цохиж унагаад толгой руу хөлөөрөө өшиглөсөн, үүнээс хойш юу болсон талаар санахгүй байна...” (1хх 13-14, 23-24),
-хохирогч С.А-ын: “...Ариун цэврийн өрөөнд очтол манай нөхөр хэсэг залуустай маргалдаж байсан. Манай нөхрийн нүүр рүү өндөр, хар өнгийн хувцастай залуу цохисон ба нөхөр маань зодуулсан царайтай байсан. Үүний дараа ариун цэврийн өрөөнөөс гараад 1 давхрын үүдний хэсэгт асуудал үргэлжилсэн. Манай нөхрийг 2 залуу нийлээд зодож байсан учир би нөхрийгөө салгаж авах гээд очтол нэг залуу нь намайг 2 удаа газарт дагзаар савж унаган, хэвлий хэсэг рүү тийрсэн. Дараа нь өндөр, урт үстэй залуу миний уруул руу цохисон, унасан хэвтэж байхад цээж рүү өшиглөсөн. Биеийн нүүр, эрүү хэсэгт учирсан гэмтлүүдийг өндөр, урт үстэй, залуу учруулсан, ар дагз, хэвлийн хэсэгт учирсан гэмтлийг биеэр жижиг, шар хүрэмтэй залуу учруулсан байх магадлалтай....” (1хх 19-20),
-гэрч А.Б-гийн: “...Г.А-, Б.Э-, А.Бж- нар ариун цэврийн өрөө орсон. Удалгүй “зодоон болоод байна” гэхээр нь очиход Г.А- нэг залуутай зууралдсан, нөгөө залуу үснээс нь татаад дарсан байсан...” (1хх 28),
-гэрч З.М-гийн: “...Ариун цэврийн өрөөнд яваад ортол нэг ах Г.А-ыг үсдээд доошоо тонгойлгоод дарсан байсан...” (1хх 36),
-гэрч О.Б-ийн: “...Ариун цэврийн өрөө ороод Г.А- нэг хаалгыг татахад дотор нь хүн хүндэрч байсан. Би “ийм орой хүн хүндэрдэг юм байх даа” гэж хэлээд түрүүлээд гарсан. Тэгсэн ард зодолдоод эхлэхээр нь хамгаалагчийг дагуулаад ирэхэд Г.А-ыг нэг ах доошоо үсдээд зодож байсан...” (1хх 48),
-гэрч З.Т-ийн: “...А.Бж-, О.Б-, Г.А- бид 4 ариун цэврийн өрөө ороход хүнтэй байсан тул толинд зургаа авч байгаад О.Б- “энэ орой хэн баадаг байна” гэж хэлсэн бөгөөд бие засаж байсан эрэгтэй гарч ирээд “та нар муу сайн хөдөөний п* нар” гэж доромжилсон. Г.А- нөгөө ах дээр очоод “ахаа та яагаад бид нарыг зүгээр байхад доромжлоод байгаа юм бэ” гэж хэлтэл нөгөө залуу Г.А-ыг үсдэж дараад нүүр рүү нь өвдөглөсөн. Би А.Бж-ын хамт нөгөө залууг ар талаас нь хоёр гараас нь татаж салгасан. Гэтэл нөгөө залуу А.Бж-ыг бариад авсан бөгөөд би гараад хамгаалагч нарт мэдэгдэхэд тоохгүй байсан. Г.А- цаад талд нь цусаа арчаад байж байсан...” (1хх 53-54),
-гэрч Х.Н-ийн: “...1 давхрын эмэгтэй ариун цэврийн өрөөнд залуучууд орилолдоод, зодолдож байсан. Би дотогш ороход залуус нэг нас ахимаг ахыг нийлээд зодож байсан. Тэндээс гарч ирээд 1 давхрын үүдний хэсэгт хоорондоо маргалдаж, хэрэлдсэн. Өндөр, урт үстэй залуу шар өнгийн ноолууран цамц өмссөн нас ахимаг ахыг цохиж унагаад, дэвссэн бөгөөд бусад залуучууд нь мөн өшиглөж, хамт зодсон. Тухайн хүмүүс олуулаа байсан учир би хаана, юу болж байгааг анзаараагүй бөгөөд хүн болгоныг салгаж дийлэхгүй, тал талд хэрүүл маргаан үргэлжилж байгаад салж, улмаар цагдаагийн байгууллагад дуудлага өгч, тухайн асуудал дууссан. Миний тавьсан шаардлагыг биелүүлээгүй харилцан зодолдсон бөгөөд байгууллагын хэвийн үйл ажиллагаанд саад учруулсан. Гаднаас үйлчлүүлэгч авах боломжгүй болж, бүх хаалгаа түгжсэн. Мөн бусад үйлчлүүлэгчид ариун цэврийн өрөөгөөр үйлчлүүлэх боломжийг хаасан...” (1хх 203-204),
-гэрч Г.А-ы: “...Хүмүүс зодолдоод байх шиг чимээ гарахаар нь ариун цэврийн өрөө рүү ороход өндөр, урт үстэй залуу, шар өнгийн ноолууран цамцтай арай ахимаг насны залуу хоёр харилцан зодолдож байсан. Би ариун цэврийн өрөөнөөс гарахыг шаардахад 1 давхрын үүдний хэсэгт гарч ирсэн. Гэтэл ахимаг насны залуугийн эхнэр бололтой эмэгтэй тухайн залуустай хэрэлдэж, дээрх хүмүүс дахин зодолдсон...” (1хх 206),
-иргэний нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч Ж.О-ын: “...2023 оны 06 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнө манай байгууллагын 1 давхрын эмэгтэй ариун цэврийн өрөөнд 5-6 хүн маргалдаж, хэрүүл зодоон үүсгэсэн. Уг асуудлаас болж гар хатаагч, савангийн суурь, ариун цэврийн тусгаарлагч хаалтууд эвдэрсэн. Манай байгууллагад 1,015,300 төгрөгийн хохирол учирсан ба одоо санал, гомдолгүй...” (2хх 39-40) гэх мэдүүлгүүд,
-Б.Д-гийн биед тогтоогдсон тархи доргилт, зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, зүүн нүдний салстад цус харвалт, дух, баруун чамархай, хамар, 2 нүдний доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, доод уруулын дотор салстын язрал, хүзүү, баруун бугалга, хэвлийд цус хуралт, зүүн доод зовхи, хацар, хамар, баруун чихэнд зулгаралт гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх өдөр үүсгэгдсэн байх боломжтой, шинэ гэмтэл байна. Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах талаарх Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 7357 дугаар дүгнэлт (1хх 62-63),
-С.А-ын биед тогтоогдсон доод уруулын дотор салстад шарх, дагз, эрүүний зөөлөн эдийн няцрал, дух, баруун бугуйд зулгаралт, зүүн сарвуу, зүүн хөхний доор цус хуралт гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх өдөр үүсгэгдсэн байх боломжтой, шинэ гэмтэл ба гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах талаарх Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 7359 дүгээр (1хх 71-72),
-Г.А-ын биед тогтоогдсон нүүрэнд цус хуралт, хүзүү, цээж, баруун тохой, хоёр шуунд зулгаралт, хоёр бугалга, шуу, баруун тохой, баруун гуянд цус хуралт гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой ба гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах талаарх Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 7414 дүгээр (1хх 67-68) дүгнэлтүүд,
-хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1хх 86-101) зэргийг харьцуулан шинжлэн судлахад:
Б.Д- нь 2023 оны 06 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд байрлах “А”-ийн 1 давхрын ариун цэврийн өрөөнд Г.А-той үл ялих шалтгаанаар маргалдаж, үснээс нь зулгаан, нүүрэн тус газар нь өвдөглөж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,
Г.А-, Б.Э-, А.Бж-, А.Бс- нар нь бүлэглэн 2023 оны 06 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд байрлах “А”-ийн 1 давхрын үүдний хэсэг болон ариун цэврийн өрөө буюу олон нийтийн газарт бүдүүлэг догшин авирлаж, бусдыг дорд үзэх, дээрэлхэх, айлган сүрдүүлэх, өөрийн давуу байдлыг харуулж бусдын амгалан тайван байдлыг алдагдуулж, тус аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан,
Г.А-, Б.Э-, А.Бж-, А.Бс- нар нь бүлэглэн 2023 оны 06 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд байрлах “А”-ийн 1 давхрын үүдний хэсэг болон ариун цэврийн өрөөнд олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах явцдаа Б.Д-гийн толгой, нүүрэн тус газар нь өшиглөх, цохих зэргээр биед нь халдаж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,
Г.А-, Б.Э- нар нь бүлэглэн С.А-ыг түлхэж унагаах, өшиглөх, нүүрэн тус газар нь цохих зэргээр биед нь халдаж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн үйл баримт тус тус нотлогдон тогтоогджээ.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, агуулгын хувьд хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба эдгээрийг үндэслэн анхан шатны шүүх дүгнэлт хийсэн бөгөөд шүүгдэгч Г.А-, Б.Э-, А.Бж-, А.Бс- нар, тэдгээрийн өмгөөлөгчдийн зүгээс “бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, мөн нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан” гэмт хэргийн гэм буруугийн асуудлаар маргаагүй болно.
Харин хохирогч, шүүгдэгч Б.Д-гийн өмгөөлөгч Г.Оюунцэцэгээс “Г.А-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан Б.Д-гийн үйлдэл нь аргагүй хамгаалалтын шинжтэй тул Б.Д-ыг цагаатгаж өгнө үү” гэх агуулгаар давж заалдах гомдол гаргажээ.
Гэмт хэргийн шинжийг үгүйсгэх нөхцөл байдал гэдэг нь гадаад илрэх хэлбэр, агуулгын хувьд, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тодорхой гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулсан боловч ямагт өөрийн, эсхүл бусдын амь нас, эрүүл мэндийг хамгаалах зорилгын үүднээс нийгэмд ашигтай зорилгыг удирдлага болгон хийсэн, Эрүүгийн хуульд тусгайлан заасан үйлдэл, эс үйлдлүүд юм.
Аргагүй хамгаалалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлд заасан амьд явах, халдашгүй чөлөөтэй байх эрхээ эдлэх, энэ эрхэд халдсан довтолгооныг няцаах, түүнээс хамгаалах чухал ач холбогдолтой хууль цаазын хэрэгсэл бөгөөд энэ нь Эрүүгийн хуулиар зөвшөөрөгдсөн, хууль ёсны, нийгэм, иргэдэд ашигтай зорилгыг хангахад чиглэгдсэн үйл ажиллагаа байдаг.
Аливаа этгээдийн нийгэмд аюултай халдлагын эсрэг Эрүүгийн хуульд заасан гэм хор учруулж буй үйлдэл нь хуульд нийцсэн байхын тулд нэг талаас өөрийн, эсхүл бусдын амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус, тулгарсан довтолгооны эсрэг хийгдсэн, нөгөө талаас халдлага нийгэмд аюултай, довтолгоон нь бодитой буюу нэгэнт эхэлсэн, дуусаагүй байхыг шаарддаг.
Харин нийгэмд аюултай халдлага нэгэнт төгссөн, тулгарсан аюул арилсан нь тодорхой байхад хамгаалалтыг үргэлжлүүлэх замаар халдагчид гэм хор учруулсан тохиолдолд аргагүй хамгаалалтын шинж, агуулга алдагдана.
Хэргийн хүрээнд авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон үйл баримтаас дүгнэн үзвэл, шүүгдэгч Б.Д- нь Г.А-, Б.Э-, А.Бс-, А.Бж- нарын хэлсэн “ямар өмхий баадаг юм бэ” гэх үгэнд уурлаж, хэрүүл маргаан үүсгэн, улмаар Г.А-ыг үснээс нь зулгааж, нүүрэн тус газар нь өвдөглөсөн байх ба тухайн нөхцөл байдалд өөрийнх нь амь нас, эрүүл мэндэд аюул заналхийлэл үүссэн, эсхүл үүсэх нь тодорхой болсон, шүүгдэгч нараас хууль бус, бодитой довтолгоон эхэлсэн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд харин Б.Д-гийн бусдын эрүүл мэндийн халдашгүй байх эрхийг санаатайгаар, хүсэж, хууль бусаар зөрчин, харилцан зодолдсон үйлдэл нь Г.А-ын эрүүл мэндэд учирсан хохиролтой шууд шалтгаант холбоотой болох нь шүүгдэгч, гэрч, хохирогч нарын мэдүүлгүүдээр нотлогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлд зааснаар өөрийн амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус, тулгарсан довтолгооны эсрэг хийсэн үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй боловч бусдын эсрэг санаатай өдөөн хатгалт хийсний улмаас үүссэн таарамжгүй харилцааны явцад маргалдаж, улмаар харилцан бие биеийнхээ эрх чөлөөнд халдан довтолж, санаатай гэмтэл учруулсан нөхцөлд аргагүй хамгаалалт хэрэглэсэн гэж үзэхгүй.
Иймд Г.А-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан Б.Д-гийн үйлдлийг өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндийг нийгэмд аюултай халдлагаас хамгаалах хүн бүрийн субъектив эрх, халдашгүй байхын онцгой баталгаа, гэмт хэрэг, эрх зүйн зөрчилтэй тэмцэх чухал хэрэгсэл болгон баталгаажуулсан “Аргагүй хамгаалалт” гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй тул өмгөөлөгч Г.Оюунцэцэгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Гэмт хэрэг үйлдсэн этгээдэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд чанд нийцүүлж, шударга ёс, эрх зүйн ухамсрыг удирдлага болгон тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор ял оногдуулдаг бөгөөд энэ нь шүүхийн эрх хэмжээний асуудал байдаг. Ял бол эрх зүйт ёсны зайлшгүй шаардлага, шүүхээс шударга ёсыг хангуулах хэрэгсэл болдог. Ялыг оноохдоо тухайн хэргийн хор аюул, яллагдаж буй этгээдийн засрах боломж болон нийгмийн шударга ёс сэргээгдсэн эсэхийг харгалзана.
Шүүгдэгч Г.А-, Б.Э-, А.Бс-, А.Бж- нарын бүлэглэн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь нийгэмд тогтсон ёс горим, иргэдийн дагаж мөрдөх журам болон нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах, цаашлаад нийгмийн хэвийн үйл ажиллагаа доголдох эрсдэлийг бий болгодог хор аюулын шинж ихтэй гэмт хэрэг юм.
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь хохирогчийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулж, хөдөлмөрийн чадварыг бага хэмжээгээр алдагдуулдаг үр дагавартай буюу Эрүүгийн хуулиар хамгаалсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж, хохирол учруулдаг хор уршигтай.
Тиймээс шүүгдэгч Б.Д-, Г.А-, Б.Э-, А.Бс-, А.Бж- нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тэдгээрийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг, гэмт хэрэг үйлдэхэд хандсан сэтгэхүйн харьцаа болон шүүгдэгч нарын хувийн байдал, бусдад төлөх төлбөргүй зэрэг хэргийн хүрээнд харгалзан ялгамжтай байдлаар ял оногдуулсан нь эрүүгийн хариуцлагын зорилго, шударга ёсны зарчимд нийцсэн байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтан, хүн, хуулийн этгээд биелүүлэх, мөн хуулийн 39.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг анхан шатны шүүх, прокурор, мөрдөгч заавал биелүүлэх үүрэгтэй.
Харин урьд шүүгдэгч нарт холбогдох хэргийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хянан хэлэлцэж, шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн ба уг 2024/ДШМ/1220 дугаар магадлал хуулийн хүчин төгөлдөр болжээ.
Тус магадлалаар Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 2023/ШЦТ/789 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэхдээ “шүүгдэгч Г.А-, Б.Э- нар нь “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн эсэхэд хэн аль нь дүгнэлт хийлгүй орхигдуулсан” гэх үндэслэлийг заасан.
Анхан шатны шүүх шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцохдоо “прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлэхдээ Г.А-, Б.Э- нарыг тухайн гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүндрүүлэн зүйлчилж ирүүлсэн байх тул дээр дурдсанаар дахин хүндрүүлэх шаардлагагүй” хэмээн зарим үйл баримтыг орхигдуулсан дүгнэлтийг хийжээ.
Тодруулбал, гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэсэн гэж үзэх талаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зохицуулсан.
Эрүүгийн хуулийн тусгай ангид “бүлэглэж” гэх шинжийг хүндрүүлэх бүрэлдэхүүн болгон хуульчилсан гэмт хэргийг аливаа этгээдүүд тодорхой нэг зорилгын хүрээнд хамтарч үйлдсэн тохиолдолд тэдгээрийн үйлдлийг тус шинжээр зүйлчлэх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үүрэг болгосон хэм хэмжээ бөгөөд шүүх аливаа нэгэн урьдач нөхцөлгүйгээр, ямар ч тохиолдолд заавал хэрэглэх үүрэгтэй.
Гэтэл хэрэгт авагдсан баримтуудын хүрээнд шүүгдэгч Г.А-, Б.Э- нар нь бүлэглэн эхнэр, нөхөр болох хохирогч Б.Д-, С.А- нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь тус тусдаа объекттой, аюултай үйлдэл болохын хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6-д заасан “хоёр, түүнээс олон хүнийг” гэх шинжээс гадна мөн хэсгийн 2.11-д хуульчилсан “бүлэглэж” үйлдсэн шинжийг хангах эсэхэд анхан шатны шүүх үндэслэл бүхий, тодорхой, ойлгомжтой дүгнэлтийг хийгээгүй байна.
Хэдийгээр шийтгэх тогтоолд дээрх зөрчил илэрсэн боловч урьд хэргийг ач холбогдолгүй, шаардлагагүй үндэслэлээр нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан, мөн хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэж байсан зэргээр давж заалдах шатны шүүхээс 2 удаа анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож байсан бөгөөд энэ нь хэргийн оролцогчдыг залхаах, хуулийн байгууллагад итгэх итгэлийг алдагдуулах тул “гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх”-д орших эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтыг хангах үүднээс тус зөрчлийг онцгойлон анхааруулж тэмдэглэн, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 2025/ШЦТ/581 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч, шүүгдэгч Б.Д-гийн өмгөөлөгч Г.Оюунцэцэгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР
ШҮҮГЧ Б.АРИУНХИШИГ
ШҮҮГЧ Н.БАТСАЙХАН