Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 82

 

 

 

 

 

2018 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 207/МА2018/00082

 

 

 

 

 

*******ийн нэхэмжлэлтэй,

хариуцагч *******т холбогдох

иргэний хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч С.Уранчимэг даргалж, шүүгч Б.Оюунцэцэг, Ерөнхий шүүгч Б.Баттөр нарын бүрэлдэхүүнтэй,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 142/ШШ2018/00389 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: *******ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: *******т холбогдох,

2101007139 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийг хүчингүй болгуулах, Орхон аймаг, Баян-Өндөр сум 6-20-45 тоот орон сууцны хууль ёсны өмчлөгч Т.Дашид ногдох 67 хувь болох 34.229.940 төгрөгнөөс хууль ёсны өвлөгч *******эд оногдох хэсгийг гаргуулах, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Б.Эрдэнэтуул, Б.Баярмаа нарын нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Бие даасан шаардлага гаргасан Б.Эрдэнэтуулын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Б.Баттөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Туяа, хариуцагч *******, хариуцагчийн өмгөөлөгч С.Батмөнх-Очир, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Д.Баярмаа, Д.Эрдэнэтуул, нарийн бичгийн дарга У.Сүхбаатар нар оролцов.

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

******* миний бие *******тай өмч хуваах эрхийн дагуу Орхон аймгийн Баян-Өндөр сум 6 дугаар баг, Согоотын 20 дугаар байрны 45 тоот байрыг худалдаалах үнийн 50 хувийг эзэмших эрхийн дагуу 30.000.000 төгрөг авах нэхэмжлэл гаргаж байна.

Нэхэмжлэгч ******* бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Д.Эрдэнэтуул, Д.Баярмаа нарын шаардлагад гаргасан хариу тайлбартаа:

Миний аав Т.Даш нь 2016 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр нас барсан бөгөөд тухайн үед оршуулгын ажиллагаанд аавын охин гэх Эрдэнэтуул нь хүрэлцэн ирж оролцож байсан болно. Миний аавын сүүлд суусан эхнэрийн хүүхдүүд болон миний төрсөн дүү нар гээд олон хүмүүс байдаг. Аав маань нас барахдаа гэрээслэл үлдээгээгүй бөгөөд нас барснаас хойш дүү ******* бид хоёр хуулийн хугацаанд нь өв залгамжлах хүсэлтийг нотариатад гаргаж улмаар өвлөх эрхийн гэрчилгээ авсан билээ. Хэрэв Д.Эрдэнэтуул нь хуульд заасны дагуу өв хүлээн авах бичиг баримтыг бүрдүүлэн өв залгамжлалын гэрчилгээ авсан болон хууль ёсны өвлөгч нь үнэн тохиолдолд аав Т.Дашид оногдох эд хөрөнгөөс хуульд зааснаар өөрт оногдох хэсгийг өвлөн авахад нь татгалзах зүйлгүй гэжээ.

...Нэхэмжлэгч 3.Гансүхийн аав Даш нь Отгонбаяр гэх эмэгтэйтэй гэр бүл болоход Отгонбаяр нь охин Баярмааг дагуулан ирж хамтран амьдарсан байдаг. Шаардлага гаргасан гуравдагч этгээд Д.Баярмаа нь Дашийн дагавар охин юм. Өөрөөр хэлбэл Отгонбаярыг Т.Даштай ханилан суух үед охин Баярмаа нь ээжээрээ овоглодог байсан болно. Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д зааснаар Хууль ёсны өвлөгч нь нас барагчийн нөхөр, эхнэр. төрүүлсөн болон үрчилж авсан, түүнийг нас барсан хойно төрсөн хүүхэд, нас барагчийн төрүүлсөн болон үрчилсэн эцэг, эх байна хэмээн тодорхойлсон байдаг. Гэтэл Д.Баярмаа нь Т.Дашийн дагавар охин тул талийгаачийн өв хөрөнгөөс өвлөх эрх үүсэхгүй хэмээн үзэж байна. Иймд шаардлага гаргасан гуравдагч этгээд Д.Баярмаагийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Туяа нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөхдөө:

*******ийн аав Т.Даш нь Ц.Отгонбаяртай амьдарч байх хугацаандаа *******ыг 2-3 настай байхад өргөж авсан болно. *******ыг 16 настай байхад Т.Даш нь Ш.Лхагвасүрэнтэй гэрлэж хамтран амьдарч эхэлсэн. ******* нь Ш.Лхагвасүрэнгийн дагавар хүүхэд юм. Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтаар Т.Даш нь Ш.Лхагвасүрэнгийн цорын ганц өвлөгч болох нь тогтоогдож байна. Орхон аймаг Улсын бүртгэлийн хэлтсийн 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 1416 тоот хариу хүргүүлсэн баримтанд 2015 оны 03 сарын 20-ны өдөр 211 дугаартай Д.Энхжаргалын №27 тоот өвлөх гэрчилгээг үндэслэн өмчлөх эрх иргэн Т.Даш, ******* нарт шилжсэнийг 2015.03.24-ний өдөр улсын бүртгэлд бүртгэж өмчлөх эрхийг 000359248 дугаартай гэрчилгээг олгосон байна хэмээн мэдүүлжээ. Иргэний хуулийн 520.1.1-д нас барагчийн нөхөр, эхнэр, төрүүлсэн болон үрчилж авсан түүнийг нас барсан хойно төрсөн хүүхэд, нас барагчийн төрүүлсэн болон үрчилсэн эцэг эх нь хууль ёсны өвлөгч байна хэмээн заасан байдаг. Гэтэл ******* нь Ш.Лхагвасүрэнгийн дагавар хүүхэд учир Ш.Лхагвасүрэнгийн өв хөрөнгөөс өвлөх эрх үүсэхгүй гэж үзэж байна. Иймд 2015 оны 03 сарын 24-ний өдрийн үл хөдлөх хөрөнгө өмчлөх 000359248 тоот эрхийн улсын гэрчилгээний Иргэний хуулийн 56.1.1, 56.1.8-д заасны дагуу хууль зөрчсөн хэмээн үзэж байх тул 2101007139 дугаартай бүртгэлийг хүчингүй болгож өгнө үү. Мөн орон сууцны хууль ёсны өмчлөгч Т.Дашид оногдох 67 хувь болох 34 329 940 төгрөгнөөс хууль ёсны өвлөгч *******эд оногдох хэсгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Би *******ийг би сайн мэдэхгүй ба талийгаач эцэг болон надтай нэгэн дээвэр доор хамт амьдарч үзээгүй. *******ээс гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Би Б.Эрдэнэтуул гэх эмэгтэйг хоёрхон удаа харсан ба миний бие энэ хүнтэй ямар ч эгч дүү хамаатан садангийн холбоо байхгүй ба талийгаач эцэг Т.Даш энэ хүний тухай бараг ярьдаггүй байсан. Б.Эрдэнэтуул одоо Орхон аймгийн шүүхэд гаргаж байгаа шаардлагатай нь бичсэний адил эцэг үрийн ойр дотны харьцаа бараг байгаагүй болно. Талийгаач эцэг маань ч энэ хүний тухай бараг ярьдаггүй байсан. Ер нь энэ эмэгтэй шаардлага гаргахдаа төрсөн охин гэдгээ юугаар баталсан юм бол гэдэг нь хүү надад их эргэлзээтэй байна гэжээ.

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Б.Эрдэнэтуул шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Батсүх овогтой Эрдэнэтуул миний бие 1976 онд Улаанбаатар хотод төрсөн. Миний аав Т.Даш ээж Батсүх нар нь таарамж муутайн улмаас би ээжийнхээ асрамжинд өсч торнисон. Аав Т.Даштай охин аавын ойр дотно харьцаатай байсан. Аав минь намайг 10 настай байхад хүүхдийн тэтгэмж өгч байсан. Миний хувьд аавтайгаа ойр ойрхон уулзаж байхыг боддог ч хол учир бид хоёр утсаар холбогддог байсан. Аавын минь бие муудсаныг дуулж Хэнтий аймгаас Эрдэнэт орох замд аав минь нас барж бид хоёр уулзаж чадаагүй. Гэтэл ах Гансүх, Ихбаяр хоёрын дунд аавын нэр дээрх байрны маргаан гарч миний эрх зөрчигдөж байсан тул тус шүүхэд хандаж яагаад би оролцох ёсгүй гэж бодож шүүхэд хандсан. 2017.04.10-нд садан төрлийн холбоотойг Хэнтийн аймгийн иргэний хэргийн шүүхээр охин аав гэдгийг тогтоосон. Иймд Гансүхийн нэхэмжлэлтэй, Ихбаярт холбогдох Д.Дашийн өв хөрөнгийн маргаанд миний эрх зөрчигдөж байгаа тул бие даасан гуравдагч этгээдээр татан оруулж, миний биед оногдох хувийг гаргуулж өгнө үү. Баярмаа гэх эмэгтэй гуравдагч этгээдээр бие даасан шаардлага гаргаж нэхэмжлэл гаргасан байна. Миний бие үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний аав Дашийг амьд сэрүүн үед нь удаа дараа доромжилж овогоо сольж өг гэж хуулийн дагуу эцэг охиноо больж явсан. Яагаад нас барсных нь дараа нэхэмжлэл гаргаж байгааг нь ойлгохгүй байна. Нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй гэж шүүхэд хэлмээр байна. Иймд хуулийн дагуу нэхэмжлэл гаргах үндэслэлийг тогтоож өгнө үү гэжээ.

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Б.Баярмаа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Д.Баярмаа би иргэн Зинагийн Гансүхийн нэхэмжлэлтэй Дашийн Ихбаярт хариуцагдах иргэний хэрэгт бие даасан шаардлага гаргаж, гуравдагч этгээдээр оролцох шаардлагатай буюу миний эцгээс үлдсэн эд хөрөнгө өвлөх эрх хөндөгдөж байна гэж үзэж байна. Ийм учраас 51,238,717 төгрөгөөр үнэлэгдэж байгаа хөрөнгийн тэн хагасыг нь Ихбаяр хууль ёсоор эзэмших эрхтэй учраас бидэнд өвлөгдөх 25,619,358 төгрөгний 1 буюу 6,404,840 төгрөгийг надад гаргуулж өгнө үү. Д.Баярмаа миний бие *******ийн нэхэмжлэлтэй *******ын хариуцагчаар татагдсан Орхон аймаг, Баян-Өндөр сум, Согоот багийн 6-20-45 тоот үл хөдлөх хөрөнгийн өвийн маргаантай шүүх хурал нь хоёр талын эвлэрэл буюу *******эд тус үл хөдлөх хөрөнгийн 50 хувь буюу 25 сая төгрөгийг 1 жилийн хугацаатай төлөхөөр тохиролцон эвлэрч байгаа тул Д.Баярмаа миний бие тус шүүхэд гуравдагч этгээдээр оролцох бүхий нэхэмжлэлээ буцаан авч байна. Мөн миний биеийг 2018.04.12-нд болох шүүх хуралд байлцуулахгүйгээр шийдэж өгнө үү гэжээ..

Нэхэмжлэгч ******* болон хариуцагч ******* нар шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээнд:

Нэхэмжлэгч ******* би тус шүүхэд хянан хэлэлцэгдэж буй *******ийн нэхэмжлэлтэй хариуцагч *******т холбогдох өв залгамжлалаар оногдох эд хөрөнгийн 67 хувь болох 34 329 940 төгрөгийг гаргуулах иргэний хэрэгт хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлагаас 25.000.000 төгрөгийг хүлээн зөвшөөрч 2019 оны 03 сарын 28-ны өдрийг хүртэлх хугацаанд нэхэмжлэгч надад төлж барагдуулахаар тохиролцсонтой холбогдуулан энэхүү эвлэрлийн гэрээг байгуулж байна. Талууд харилцан тохиролцсон байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74.1-д заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү. *******эд 2019 оны 03 сарын 28-ны өдөр хүртэл хугацаанд 25.000.000 төгрөгийг төлж барагдуулахаар тохиролцож энэхүү эвлэрлийн гэрээг байгуулав гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 142/ШШ2018/00389 дугаар шийдвэрээр:

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******аас эцэг Т.Дашийн өвлөгдөх хөрөнгөөс 34 329 940 төгрөг гаргуулах шаардлагад ******* нь 25,0 /хорин таван/ сая төгрөгийг 2019.03.28-ны дотор *******эд төлөхөөр эвлэрсэн болохыг дурдаж, Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Д.Баярмаа нь өвлөгдөх хөрөнгөөс өөрт ногдох хэсгээ гаргуулах шаардлагаасаа, нэхэмжлэгч нь 2101007139 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийг хүчингүй болгуулах шаардлагаасаа татгалзсан болохыг дурдаж, Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1, 528 дугаар зүйлийн 528.3-т заасныг баримтлан бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Б.Эрдэнэтуулын, Т.Дашийн өвлөгдөх хөрөнгөөс өөрт ногдох хэсгээ гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 392.820 төгрөг, гуравдагч этгээд Д.Баярмаагийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөг, гуравдагч этгээд Б.Эрдэнэтуулын улсын тэмдэгтийн хуаамжинд төлсөн 257.950 төгрөгийг тус тус төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамжаар 282.950 төгрөг гаргуулан *******эд олгож шийдвэрлэжээ.

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Д.Эрдэнэтуул давж заалдсан гомдолдоо:

Анхан шатны шүүхийн шийдвэр дээр Батсүх овогтой Эрдэнэтуул нь өөр овогтой байна гэсэн байна. Миний бие нь 1976 онд төрсөн ээжийнхээ гар дээр өсөж торнисон аав Т.Дашаас 10 наснаас 18 нас хүртлээ хууль ёсны дагуу хүүхдийн тэтгэмж авдаг байсныг нотлох баримтаар тусгаж байсан. Тийм ч учраас Хишигдаваа шүүгч нь өөрийн харъяа газар эцэг тогтоолгох гэсэн шийдвэрийн дагуу миний бие нь харъяа Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсан. Миний бие нь Хэнтий аймаг дахь иргэний хэргийн анхан шатны шүүхэд Т.Дашийн охин болохыг тогтоож өгнө үү хүсэлт тависан 2017-04-10 ны өдрийн 156/шш2017/0023 дугаартай шийдвэр тогтоол гарсан уг шийдвэр дээр Б.Эрдэнэтуул миний хүсэлтийг хангаж төрсөн охин нь мөн болохыг тогтоож байна гэсэн шүүгчийн гаргасан шийдвэрийг зөвшөөрөхгүй садан төрлийн л холбоотой гэсэн байна. Миний бие нь төрсөн охин болохоо тогтоолгохын тулд хүүхдийн тэтгэмж авч байсан архивийн баримт *******ын дансанд аавдаа явуулж байсан мөнгөний банкны баримт, фото гэрэл зураг гэх мэт нотлох баримтуудаар төрсөн охин болохоо тогтоолгосон. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40-р зүйл нотлох баримт үнэлэх гэсний дагуу нотлох баримтыг үнэлэх тал бүрээс нь бодитойгоор харицуулан үнэлэх байсан шудрага ёсны дагуу явуулаагүй. Шүүхийн хэллэг ямар байдгийг би мэдэхгүй садан төрлийн холбоотой гэдгийг үндэслэлтэй тогтоодог гэж үзэж байна. Шүүх болон хуулийн байгууллагад зөвхөн үнэнийг өчин хууль шүүхийн ажиллагаанд саад болохгүй гэдгийг миний бие нь дагаж мөрддөг. Гэтэл намайг үнэхээр охин нь гэдгийг мэдсээр атал *******, ******* нар нь бараг танихгүй гэсэн байна үүнийг нь шудрага бус гэж бодож байна. Эвийн асуудлаар аль аль нь төрсөн аавынхаа хувийг хувааж авах гэсэн нэхэмжлэл гаргачихаад нэгнийгээ шунахай сэдлээр үгүйсгэж байгааг нь зөвшөөрөхгүй байна. Шүүгчийн нэг талыг барьсан шударга бус шийдвэр нотлох баримтыг үнэлээгүй, намайг Т.Дашийн охин биш гэж үзэж шийдвэр гаргасанд гомдолтой байна. Иймд Орхон аймаг дахь иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.04.12-ны өдрийн 389 дугаарын шийдвэрийг хянан үзэж гомдлыг минь барагдуулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан 2101007139 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийг хүчингүй болгуулах, Орхон аймаг, Баян-Өндөр сум 6-20-45 тоот орон сууцны хууль ёсны өмчлөгч Т.Дашид ногдох 67 хувь болох 34.229.940 төгрөгнөөс оногдох хэсгийг гаргуулах, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Б.Эрдэнэтуул, Б.Баярмаа нар нь хариуцагч *******т холбогдуулан Орхон аймаг, Баян-Өндөр сум 6-20-45 тоот орон сууцнаас оногдох хэсгээ гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага тус тус шүүхэд гаргажээ.

Шүүх хэргийг нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******аас эцэг Т.Дашийн өвлөгдөх хөрөнгөөс 34 329 940 төгрөг гаргуулах шаардлагад ******* нь 25,0 /хорин таван/ сая төгрөгийг 2019.03.28-ны дотор *******эд төлөхөөр эвлэрсэн болохыг дурдаж, Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Д.Баярмаа нь өвлөгдөх хөрөнгөөс өөрт ногдох хэсгээ гаргуулах шаардлагаасаа, нэхэмжлэгч нь 2101007139 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийг хүчингүй болгуулах шаардлагаасаа татгалзсан болохыг дурдаж, Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1, 528 дугаар зүйлийн 528.3-т заасныг баримтлан бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Б.Эрдэнэтуулын, Т.Дашийн өвлөгдөх хөрөнгөөс өөрт ногдох хэсгээ гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.

2018 оны 03 дугаар сарын 28 ны өдөр хариуцагч ******* нь нэхэмжлэгч *******эд нь Орхон аймаг, Баян-Өндөр сум 6-20-45 тоот орон сууцнаас оногдох хэсэг болох 25.000.000 төгрөгийг өгөхөөр болж эвлэрлийн гэрээ байгуулжээ. /х/х-ийн 207 дугаар хуудас /,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.6. дахь хэсэгт ... Эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна гэж заажээ.

Тухайн хэрэгт Б.Эрдэнэтуул, Б.Баярмаа нар нь бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээр оролцож байгаа бөгөөд эдгээр хүмүүсийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлын талаар тус гэрээнд тусгаагүй байна.

Гэтэл бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Б.Эрдэнэтуулын хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол нь хөндөгдсөн болох нь түүний давж заалдсан гомдлоор тогтоогджээ. /х/х-ийн 233-234 дүгээр хуудас /,

Дээрх эвлэрлийн гэрээ нь хууль зөрчиж байгуулагдсан байхад шүүх анхаарч үзэлгүй хэргийг хянан шийдвэрлэж шийдвэр гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.3.-т заасан хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчжээ.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Д.Эрдэнэтуулын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 257.950 төгрөгийг буцаан олгох нь зүйтэй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5. дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 142/ШШ2018/00389 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Д.Эрдэнэтуулын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 257.950 төгрөгийг буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.УРАНЧИМЭГ

 

ШҮҮГЧИД Б.ОЮУНЦЭЦЭГ

 

Б.БАТТӨР