Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 08 сарын 28 өдөр

Дугаар 213/МА2018/00037

 

С.*******гийн нэхэмжлэлтэй ******* аймгийн Нэгдсэн эмнэлэгт

 холбогдох иргэний хэргийн тухай

******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч Г.Уламбаяр, Н.Энхмаа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 ******* аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 131/ШШ2018/00738 дугаар шийдвэртэй

 Нэхэмжлэгч *******гийн *******гийн нэхэмжлэлтэй

 Хариуцагч ******* аймгийн Нэгдсэн эмнэлэгт холбогдох

 Нэгдсэн эмнэлгийн даргын 2018 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Б/182 тоот тушаалыг хүчингүй болгож, халдвартын эмчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилласан хугацааны цалин болон амралтын мөнгө, үр дүнгийн урамшуулал, албан тушаал хавсарч болон орлон гүйцэтгэсний нэмэгдэл хөлс гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даалтгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт нэхэмжлэгч С.*******гийн давж заалдсан гомдлыг үндэслэн хэргийг 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч шүүгч Г.Уламбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.*******, нарийн бичгийн дарга Ж.Чимэддорж нар оролцов.

Нэхэмжлэгч *******гийн *******гээс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Нэгдсэн эмнэлгийн дарга Н.*******ын гаргасан тушаалын талаар
дурдахад: 2018 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Б/182 тоот тушаалыг гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3 дахь заалт, Хөдөлмөрийн гэрээний 4.1 дэх заалт, Байгууллагын дотоод журмын 3.2.3-ын “а” заалтыг үндэслэсэн нь зөрчилтэй болсон гэж үзэж байна.

Хөдөлмөрийн тухай хуулинд зааснаар ажил олгогч ажилтанг захиргааны санаачилгаар ажлаас халахдаа 40 дүгээр зүйлийг үндэслэх ёстой байтал хууль буруу хэрэглэсэн.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т зааснаар хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан бол ажлаас халахаар заасан.

Энэ заалт миний зөрчилтэй нийцэхгүй байна. Би 2018 оны 6 дугаар сарын 11,12 -ний өдөр Улаанбаатар хотод ажилтай болсон талаар Нэгдсэн эмнэлгийн хүний нөөцийн менежерт мэдэгдсэн, чөлөө хүссэн өргөдлөө бичгээр гаргаж өгч амжаагүй байтал зөвлөлийн хурлыг гэнэт товлон хийж, шалтгаан нөхцөлийг судлан авч үзэлгүй, Хөдөлмөрийн тухай хуулинд заасан зөрчлийг давтан гаргаагүй, ноцтой зөрчил ч гаргаагүй байхад Нэгдсэн эмнэлгийн дарга намайг ажлаас халахдаа Хөдөлмөрийн хуулийг зөв хэрэглээгүй зөрчилд нийцээгүй тушаал гаргасан. Иймд нэгдсэн эмнэлгийн даргын 2018 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Б/182 дугаар тушаалыг хүчингүй болгож, халдвартын эмчээр томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, ажилласан хугацааны амралтын мөнгө, II улирлын үр дүнгийн урамшуулал зэргийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч С.******* анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэл гаргах үндэслэл нь Нэгдсэн эмнэлгийн зөвлөлийн хурлыг намайг ажилтай үеэр байлцуулахгүйгээр шийдвэрлэх шаардлага байсан юм уу гэдэгт би гайхсан. Би төрийн албанд болон Нэгдсэн эмнэлэгт эмнэлгийн даргаас эмч хүртэл 30 гаруй жил ажилласан байдлыг минь үнэгүйдүүлж ажлаас халах хүртэл арга хэмжээ авсанд гомдолтой байна. Ядаж сануулах арга хэмжээ авч болоогүй юм байхдаа гэдэгт гайхаж байна. Халдвартын тасаг цөөхөн өвчтөнтэй гэх үндэслэл ярьсан байсан. Тийм биш би кабинетын эмчийг хавсарч гүйцэтгэдэг. Би 2018 оны 6 дугаар сард Улаанбаатар хот руу томилолтоор яваад 2 хоног ажилдаа ирээгүй нь үнэн, энэ тухай би хүний нөөцдөө утсаар хэлсэн. Манай хүүхэд Нэгдсэн эмнэлэгт эмчээр ажилладаг юм. Хүүхдээрээ дамжуулаад хүний нөөцөд хэлүүлсэн юм. Би тэтгэвэрт гарах дөхсөн учир Улаанбаатар хотод архивын бичиг баримт хөөцөлдөх ажилтай байсан тул энэ ажлаа хөөцөлдөөд 2018 оны 6 дугаар сарын 13-наас ажилдаа орсон. Тэр Лхагвасүрэн гэх хүн хачигт халдвар биш болох нь тогтоогдсон, би тэр хүнийг хүлээн авч эмчилж байгаагүй, хуучин архаг өвчин нь сэдэрсэн байсан. Ажлаас чөлөөлсөн тушаалын удиртгал хэсэгт барьсан дотоод журмын заалт нь ажлын цагийг 16 дээш удаа тасалсан бол гэх зөрчил нь давтан гаргасан гэх үндэслэл заасан атлаа тушаах хэсэгт өөр зүйл хэсэг барьсан байсан.

Би 2017 оны 5 дугаар сарын 09-ний өдрөөс 2018 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл халдвартын кабинетын эмчийг хавсран гүйцэтгэж байсан энэ нэмэгдлээ нэхэмжилсэн. Мөн сүрьеэгийн эмчийг орлон гүйцэтгэсэн. Иймд ажилгүй байсан хугацааны цалин, амралтын мөнгө, үр дүнгийн урамшуулал зэргийг нэхэмжилж байгаа гэжээ.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч Н.******* шүүхэд гаргасан тайлбартаа:

С.*******г 2017 оны 5 дугаар сард Зооноз өвчин судлалын даргын ажлаас чөлөөлөгдөхөд 2017 оны 5 дугаар сарын 09-ний өдөр Нэгдсэн эмнэлгийн халдварт сүрьеэгийн тасагт халдвартын их эмчээр хөдөлмөрийн түр гэрээ байгуулан томилж ажиллуулсан. Гэрээ байгуулахдаа жирэмсэн, амаржсан ажилтны оронд гэж тушаал гараагүй.

Их эмч С.*******тэй 2017 оны 5 дугаар сарын 09-ний өдөр 6 сараар байгуулсан хөдөлмөрийн түр гэрээ 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр дуусгавар болсон тул Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3 дахь заалтаар дахин сунгасан. Их эмч С.******* анх ажилд орохдоо 2018 оны 7 дугаар сар хүртэл ажиллаад тэтгэвэртээ гарна гэж байсан тул ажилтантай харилцан тохиролцсоноор түр гэрээ байгуулан ажилласан. Их эмч С.******* нь 2018 оны 5 дугаар сарын 21-25-ны хооронд хуваарийн дагуу хамрагдаж чадаагүй тул 2018 оны 6 дугаар сарын 04-09-нийг хүртэл 5 хоногоор томилж, 2018 оны 6 дугаар сарын 11-нд ажилдаа бэлэн ирэх байтал 2018 оны 6 дугаар сарын 11, 12 нд ажилдаа ирээгүй, энэ тухайгаа Нэгдсэн эмнэлгийн удирдлагуудад тайлбар хийж, өөрийн биеэр ирж уулзаагүй төдийгүй удирдлагуудаа ажлаа хийж чадахгүй байна гэж ёс зүйгүй авирласан. Мөн ажил тасалсан хугацаанд тасагт өвчтөн хүндэрч өөр эмчээр өвчтөний асуудлыг шийдвэрлэж тусламж үзүүлсэн. Их эмч С.******* нь хүндэтгэн үзэх шалтгаангүй ажлын цагийг 16 цагаар тасалсан нь ажил олгогчтой байгуулсан гэрээний 4.1 дэх заалт, Байгууллагын дотоод журмын 3.2.3 а заалт, мөн дотоод журмын 6.8 дахь заалтыг хэрэгжүүлээгүй зэрэг нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131.1.3 дахь заалтыг үндэслэх үндэстэй гэж үзсэн.

2017 онд Нэгдсэн эмнэлгийн цалингийн төсөв хэтэрч 120 гаруй сая төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийн өртэй байсан тул ачаалал багатай хэсэгт хавсран гүйцэтгэсэн ажлын хөлс олгох, мөн нөхөж олгох боломжгүй байсан. Харин 2018 оны 02 дугаар сараас их эмчийн өргөдлийн дагуу хавсран ажилласан ажлыг үндсэн цалингийн 20 хувиар бодож олгож байна. Ажилласан хугацааны амралтын мөнгийг 2018 оны 8 дугаар сард олгох боломжтой. 2018 оны 2 дугаар улирлын үр дүнгийн урамшууллыг 30 хувиар бодож олгосон. Одоогийн байдлаар цалингийн төсөв хэтрэлттэй байгаа тул нэхэмжлэлд заасан мөнгийг олгох боломжгүй гэж үзэж байна гэжээ.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч Н.******* анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Нэгдсэн эмнэлэг нь Улсын 1 дүгээр төв эмнэлэгтэй хамтын ажиллагааны санамж бичигтэй хамтран ажилладаг. Энэ ажлын хүрээнд нэгдсэн эмнэлгийн нийт эмч нарыг нарийн мэргэжлийн үзлэгт хамруулъяа гээд хуваарь гаргаад эмч нараа явуулсан. Эмч нарынхаа томилолт унааны зардлыг даасан. С.******* эмчийн хуваарь 5 дугаар сарын 21-25-нд байсан боловч амралтын үе таараад 6 дугаар сард явсан юм билээ. Ажлаас халах болсон гол шалтгаан бол хоёр өдрийн ажил тасалсан, энэ үедээ ажилдаа ирээд удирдлагуудтайгаа ярьж хэлж болоогүй юм бэ, удирдлагуудтай утсаар ярих буюу байгууллагын дотоод журамд зааснаар хэрэгжүүлэх боломжтой байсан. Нэг эмчээр дамжуулж утсаар ярьсан гэх боловч энэ байдал тогтоогдоогүй. Энэ талаар гэрч асуулгасан. Би ховоор ажил хийгээгүй. Энэ үеэр Лхагвасүрэн гэж хүн хачигт хазуулаад хүндэрч эрчимт эмчилгээнд шилжиж байсан. Бид С.******* эмчийн асуудлаар зөвлөлдөж болох байсан ч нэгэнт зөвлөлийн шийдвэр гарсан тул ийм шийдэлд хүрсэн гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-д заасныг баримтлан нэхэмжлэгч С.*******гийн ******* аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын 2018 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Б/182 тоот тушаалыг хүчингүй болгож, халдвартын эмчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилласан хугацааны амралтын мөнгө, үр дүнгийн урамшуулал, ажилгүй байсан хугацааны цалин 33.379.280 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг тус тус хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурьдаж, нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа төлсөн 70.200 төгрөгийг төвлөрсөн төсвийн орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч С.******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

******* аймгийн Нэгдсэн эмнэлгийг төлөөлж хариуцагч нэгдсэн эмнэлгийн дарга Н.******* нь миний ажилдаа ирж чадаагүй 2 өдрийн шалтгааныг бүрэн судлаагүй, хүний нөөцөд урьдчилан утсаар мэдэгдсэн байхад чөлөөний хуудас бичиж өгөөгүй шалтгаанаар 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн зөвлөлийн хурлаар ажлаас халах шийдвэр гаргасан. Миний 30 жил төрд ажилласан ажлыг үнэгүйдүүлсэнд харамсаж байна. Гэхдээ 2018 оны 6 дугаар сарын 04-ний өдөр ажпаа хийгээд орой 18 цагийн автобусаар хот руу явсныг хамт ажиллаж байсан ажилтанууд мэдэж байгаа. Улаанбаатар хотод 5 хоног томилолтоор ажиллахаас 2018 оны 6 дугаар сарын 5,6,7,8 өдрүүд буюу 4 хоног ажилласан харин 2018 оны 6 дугаар сарын 11 өдөр ороод 5 хоногийн томилолтын хугацаа гүйцэх байсан, би 2 хонот ажил таслаагүй 6 дугаар сарын 12-ны өдрийн ажил тасалсан байхад 2 өдөр тасалсан гэж үзээд байна. Би 2018 оны 6 дугаар сарын 11, 12-ны өдрүүдэд Улаанбаатар хотод ажилтай болсон талаар нэгдсэн эмнэлгийн хүний нөөцийн менежерт хэлүүлж даргад давхар хэлүүлсэн болохоос биш ямар нэгэн шалтгаангүйгээр ажил тасалсан асуудал надад байхгүй. Монгол Улсын Хөдөлмөрийн хуулиас давсан байгууллагын дотоод журам гаргаж ажлаас халсан.

Миний нэхэмжлэлийг шүүх бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдсэнд гомдолтой байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт зааснаар ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан тохиолдолд хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар шууд цуцлахаар заасан. Би ноцтой зөрчил гаргаагүй, хөдөлмөрийн зөрчлийг давтан гаргаагүй байхад хуулийг буруу хэрэглэж зөрчилд нийцээгүй тушаал гаргасан байхад шүүх, байгууллагын даргын хууль бус тушаалыг зөв гэж үзсэнийг зөвшөөрөхгүй байна. Хуулийн энэ заалтыг Улсын Дээд шүүхийн 33 дугаар тогтоолд дэлгэрэнгүй тайлбарласан байдаг. Энэ тогтоолд: Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан гэдэгт хөдөлмөрийн сахилгын зөрчлийг 2 буюу түүнээс дээш удаа гаргасан байхыг ойлгоно. Зөрчил бүр тус тусдаа тогтоогдсон байх шаардлагатай боловч тус бүрд нь сахилгын шийтгэл заавал ноогдуулсан байхыг шаардахгүй.

Миний хувьд хүндэтгэн үзэх шалтгаантай байна гэдгээ Хүний нөөцийн менежерт хэлсээр байтал шүүх намайг буруутгаад байгаад харамсаж байна. Хөдөлмөрийн гэрээнд заасан хүндэтгэн үзэх шалтгааны талаар байгууллагатаа мэдэгдэнэ гэж заасан үүргээ би биелүүлсэн гэж үзэж байна. Би цалин хөлсний маргааны талаар байгууллагын хөдөлмөрийн маргаан таслах комисст өргөдөл өгөөд 14 хоног хүлээсэн боловч шийдэж өгөхгүй болохоор шүүхэд хандсан, шүүх хуралдаанд ч хэлсээр байтал энэ үүргээ биелүүлээгүй гэж намайг буруутгаж байгааг би ойлгохгүй байна. Хүний нөөцийн менежер гэрчээр оролцохдоо утсаар мэдэгдсэнийг хэлж чадахгүй худал хэлсэн тул хариуцлага хүлээх ёстой. Хэн нь худал хэлээд байгааг шүүх шударга үнэний төлөө шийдвэр гаргана гэж итгэж байна.

Иймд Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 131/ШШ2018/00738 шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлэж өгөхийг хүсье гэжээ.

 ҮНДЭСЛЭХ нь:

*******гийн *******гээс шүүхэд гаргасан гомдолдоо Нэгдсэн эмнэлгийн даргын 2018 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Б/182 тоот тушаалыг хүчингүй болгож, халдвартын эмчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилласан хугацааны цалин болон амралтын мөнгө, үр дүнгийн урамшуулал гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даалтгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хүссэн гомдлын шаардлага гаргажээ. Анхан шатны шүүх гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

******* аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын 2017 оны 5 дугаар сарын 17-ний өдрийн Б/89 дүгээр тушаалаар С.*******г хөдөлмөрийн түр гэрээ байгуулан халдварт, сүрьеэгийн тасагт халдвартын их эмчээр томилж ажиллуулсан байна.

******* аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын 2018 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн Б/182 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3 дахь заалт, Хөдөлмөрийн гэрээний 4.1 дэх заалт, Байгууллагын дотоод журмын 3.2.3 ын “а” гэсэн заалтуудыг журамлан халдварт, сүрьеэгийн тасгийн их эмч С.*******г ажлаас чөлөөлжээ.

С.*******г ажлаас чөлөөлсөн гол үндэслэл нь Хөдөлмөрийн гэрээнд заасан ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцлах сахилгын ноцтой зөрчил гаргаж, ажлын цагийг 16 цагаар тасалсан гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлсөн байна.

С.******* нь Улсын Нэгдүгээр төв эмнэлэгт ажлын байрны сургалт, урьдчилан сэргээх үзлэгт хамрагдах ажлаар 2018 оны 6 дугаар сарын 04-ний өдрөөс 6 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл 5 хоногийн томилолтоор Улаанбаатар хотод ажилласан болох нь Нэгдсэн эмнэлгийн томилолтоор ажилласан тухай тэмдэглэл, С.*******гийн томилолтоор ажилласан тухай тайлан зэргээр тогтоогдсон байна.

Дараагийн өдөр нь 2018 оны 6 дугаар сарын 9, 10-ны өдрүүдэд амралтын өдөр таарч 2018 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр ажилдаа орох байтал мөн өдөр болон 12-ны өдрүүдэд ажилдаа ирээгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2 өдөр ажил тасалсан болох нь зохигчдын тайлбар, Нэгдсэн эмнэлгийн Халдвартын тасгын ажлын цаг ашиглалтын бүртгэл, гэрч А.Баясаа, С.Амаржаргал нарын мэдүүлэг зэргээр тогтоогджээ.

Ажил олгогчоос ажилтантай байгуулсан 2017 оны 5 дугаар сарын 09-ний өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хүртэл байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 4.1 гэсэн заалтанд “…ажилтан дараах ноцтой зөрчлүүдийг гаргавал ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг шууд цуцлана..” гээд нэг дэхь хэсэгт “..хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлын цагийг 8 ба түүнээс дээш цагийн хугацаагаар тасалсан..” бол гэсэн нөхцөлийг Хөдөлмөрийн гэрээндээ тусгаж оруулсан байна.

Нэгдсэн эмнэлгийн дотоод журманд зааснаар дотоод журмын 3.2.3-ын “а” гэсэн хэсэгт ажлын цагийг 1 удаа 16 цаг ба түүнээс дээш хугацаагаар шалтгаангүй тасалсан гэсэн нөхцөлийг тусгаж тохирсон байна.

С.******* нь Хөдөлмөрийн гэрээнд заасан ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах сахилгын ноцтой зөрчил гаргасан болох нь дээр дурьдсан Хөдөлмөрийн гэрээ болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон, ажил олгогчийн тушаал шийдвэр хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Талууд нэгэнт Хөдөлмөрийн гэрээн дээрээ “..хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлын цагийг 8 ба түүнээс дээш цагийн хугацаагаар тасалсан..” бол ноцтой зөрчилд тооцно гэж тохирсон байхад ажилтны зүгээс үүнийг ноцтой зөрчил гэж үзэхгүй гэж маргаад байгаа нь үндэслэлгүй юм.

Мөн С.******* нь хүндэтгэн үзэх шалтгаан байсан гэж үзэж байгаа бол ямар хүндэтгэн үзэх шалтгаан байсныг нотлоогүй, хөдөлмөрийн дотоод журамд зааснаар ажилтан хүндэтгэн үзэх шалтгаанаар ажилдаа очих боломжгүй тохиолдолд эрх бүхий албан тушаалтанд мэдэгдэнэ гэсэн заалт байхад энэ үүргээ биелүүлээгүй болох нь хэрэгт авагдсан гэрч А.Баясаа, С.Амаржаргал нарын мэдүүлэг зэргээр тогтоогджээ.

С.******* нь давж заалдсан гомдолдоо дурьдаад байгаа ажил олгогч ажилтанг ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасныг баримтлаагүй нь буруутай гэж тайлбарлаж байгаа боловч ажилтантай байгуулсан Хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл болсон хөдөлмөрийн гэрээнд заасан сахилгын ноцтой зөрчил гаргасан болох нь хэргийн үйл баримтаар тогтоогдож байгаа бөгөөд ажлаас халсан тушаал нь үндэслэл бүхий байх тул гомдолд дурьдсан үндэслэлээр ажлаас буруу халсан байна гэж үзэх боломжгүй юм.

Нэхэмжлэгч С.*******гээс амралтын мөнгө, үр дүнгийн урамшуулал, өөр эмчийн ажлыг хавсран болон орлон гүйцэтгэсний нэмэгдэл ажлын хөлс зэргийг нэхэмжилсэн боловч энэ талаар нотлох баримт хангалттай бүрдээгүй байна.

С.******* нь давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа нэхэмжлэлийнхээ зарим хэсгээс татгалзаж байгаагаа илэрхийлсэн тухайлбал ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагаасаа татгалзаж, зөвхөн ажилгүй байсан хугацааны олговор болон амралтын мөнгө нэхэмжилж байна гэсэн тайлбар гаргасныг дурьдах нь зүйтэй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч С.*******гийн давж заалдсан гомдлыг хангах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 Нэхэмжлэгч С.*******гээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээх үндэслэлтэй байна.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон

 ТОГТООХ нь:

1. ******* аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 131/ШШ2018/00738 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч С.*******гийн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.  

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч С.*******гээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

3. Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл зохигчид магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 ДАРГАЛАГЧ

 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ М.МӨНХДАВАА

  ШҮҮГЧИД Н.ЭНХМАА

 Г.УЛАМБАЯР