| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрхүүгийн Батжаргал |
| Хэргийн индекс | 166/2018/0236/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/248 |
| Огноо | 2018-07-20 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Н.Дуламсүрэн |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 07 сарын 20 өдөр
Дугаар 2018/ШЦТ/248
Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Адъяа,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Дуламсүрэн,
Шүүгдэгч ******* , ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр******* 1818004480263 дугаартай хэргийг 2018 оны 7 дугаар сарын 19-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ******* , 1973 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Сэлэнгэ аймгийн ******* төрсөн, 44 настай, эрэгтэй, яс үндэс халх, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн******* тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ******* регистрийн дугаартай.
Монгол Улсын иргэн, ******* , 1976 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр Сэлэнгэ аймгийн Шаамар суманд төрсөн, 42 настай, эмэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн ******* тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,******* регистрийн дугаартай.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:
Шүүгдэгч ******* , ******* нар нь бүлэглэн 2018 оны 5 дугаар сарын 26-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сум Малчин багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Орос модны захын хашаан дотор хувийн таарамжгүй харьцааны улмаас иргэн ******* эрх чөлөөнд халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч ******* , ******* нар нь бүлэглэн 2018 оны 5 дугаар сарын 26-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын Малчин багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Орос модны захын хашаанд хувийн таарамжгүй харьцааны улмаас иргэн ******* эрх чөлөөнд халдаж эрүүл мэндэд нь “зүүн талын нэг хавирганы хугарал, цээжний зүүн талын зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч ******* гийн өгсөн: 2016 оны 5 дугаар сарын 26-ны өдөр байсан санагдаж байна. Би хувиараа Дархан сумын Малчин багийн нутаг дэвсгэрт ******* модны захыг ажиллуулдаг. Тухайн өдөр намайг ажил дээрээ ажпынхаа хашаанд ажлын талбай дээр байж байхад эхнэр ******* төрсөн дүү ******* хамт амьдарч байсан ******* гэдэг эмэгтэй эгч, дүү нарынхаа хамт ирчихсэн ******* хэрүүл хийгээд зогсож байсан. Би тухайн үед худалдан авагчийн гэр бүлийн хүнтэй утсаар яриад цаана зогсож байсан. Тэгсэн чинь тухайн худалдан авагч эмэгтэй тэр хүмүүс хоорондоо зодолдоод байна чи очооч гэж хэлсэн. Тэгээд хартал манай эхнэр хэрүүл хийж байсан хүмүүс дээр аль хэдийн оччихсон ******* эгч ******* харилцан үсдэлцээд зогсож байсан. Тэгэхээр нь би очоод эхнэрийгээ, харилцан зодолдож байсан эмэгтэйгээс нь салгасан. Гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг,
Шүүгдэгч ******* гийн өгсөн: Миний төрсөн дүү ******* сууж байсан ******* гэх эмэгтэйн төрсөн эгч ******* гэж хүн над руу 2018.5.26-ны өдөр залгаад дүүгийнхээ хүүхдийг авч лам дээр очиж ном уншуулмаар байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би түүнд манай дүүгийн хүүхэд энд байхгүй байгаа, тэгээд ч би номыг нь уншуулчихсан гэж хэлсэн. Тэгсэн чинь тэрээр намайг лаларын авгай чи худлаа яриад байна гээд намайг доромжлоод унасан. Тэгээд би ажлынхаа хүмүүсийн хоолыг хийгээд байж байхад манай ажлын хашаан дотор нэг жижиг цагаан машин ороод ирсэн. Тэр үедээ би тухайн машиныг манайхаас мод авах гэж байгаа хүн гэж бодоод хэсэг хугацааны дараа цонхоор харсан чинь дүү ******* сууж байгаад салсан эхнэр ******* түүний эгч******* , дүү ******* нар уулзаад зогсож байсан. Тэгээд би тэдгээр хүмүүс дээр яваад очиход манай дүү рүү дээрх хүмүүс арчаагүй архичин минь хүүхэд өг гээд орилоод зогсож байсан. Тэгэхээр нь би тэдгээр хүмүүс дээр очоод ******* явж ажлаа хий гэчихээд тэдгээр хүмүүст хандаж миний дүү архи уухаа больчихсон гэж хэлсэн. Тэгсэн ******* миний өөдөөс чиний архичин дүү яг архи уухгүй байж харагдаач гээд салаавч гаргасан. Тэгсэн чинь******* надад хандаж танай дүү чинь архинаас гарчихсан юм бол дүүг чинь лам дээр аваачиж үзүүлье гэсэн. Тэгэхээр нь би явж чадахгүй гэж хэлсэн чинь******* миний үснээс зулгаагаад тавихгүй дарчихаад зогсоод байсан. Тэгэхээр нь би харилцан үснээс зулгаасан гэх мэдүүлэг,
Талуудын хүсэлтээр хавтаст хэргээс:
Хохирогч ******* өгсөн: Миний төрсөн дүү ******* гэж эмэгтэй ******* гэж залуутай гэр бүл болж байгаад салсан. ******* ******* хоёр дундаасаа 2 хүүхэдтэй тэгээд бага охин нь ******* дээр байгаа учир манай гэр бүл дүүгийнхээ охиныг хүнд үзүүлсэн чинь сүнс нь зайлчихсан ном унушуул гэж хэлсэн. Тэгээд бид нар дүүгийнхээ охиныг ном уншуулах зорилгоор ******* очиж авах гээд ******* рүү залгасан чинь тэрээр манай дүүгийн охиныг ******* эгчийн гэрт байгаа гэж хэлсэн. Тэгэхээр нь ******* гийн гэрт очоод түүнтэй очиж уулзахад манай дүүгийн охиныг гэрт нь байхгүй Хөтөл суманд ээжийнх нь гэрт байгаа гэж хэлсэн. Тэгээд бид нар дээрх асуудлаас болж хэрэлдэж маргалдсан. Тэгээд ******* дүү рүүгээ залгаад танай хадамын талынхан хаашаа юм гээд ууралсан чинь ******* над руу залгаад өөрийнхөө нөхрийг аятайхан авч явж чадахгүй байж миний охиныг яаж авч явдаг юм та нарт охиноо өгөхгүй гэж хэлсэн. Тэгээд бид нарын уур хүрээд Хөтөл хороололд байдаг Орос модны зах дээр нь дүү нар болох ******* ******* нарын хамт очсон. Тэгээд бид гурав ******* очиж уулзахад тэрээр бид нарт охиноо та нарт өгөхгүй зайл гээд хөөсөн тэгсэн чинь ******* цаанаас орилж гарч ирээд эхлээд манай дүү ******* г үсдээд авсан тэр үед манай дүү түүний гарыг тавиулсан. Дараа нь тэрээр намайг үсдэж аваад доош нь дараад байж байхад миний толгой руу ******* гийн нөхөр болох******* гэх залуу гараараа 1 удаа цохиод, дараа нь хөлийнхөө өвдгөөр миний зүүн талын хавирга руу 1 удаа өвдгөлсөн. Тэгсэн миний хэвлий өвдөөд би газар эвхрээд унасан. Тэгээд замдаа явж байсан чинь миний зүүн талын хавирга амьсгаа авч болохгүй өвдөөд байсан. Тэгэхээр нь эмнэлэгт очоод үзүүлсэн чинь зүүн талын 7 дугаар хавирга хугарсан гэж хэлсэн гэх мэдүүлэг /хх 7-8/,
Гэрч Б.******* өгсөн: Одоогоос 10 жилийн өмнө би ******* гэх хүнтэй танилцаж хамт амьдарч байгаад 2 хүүхэдтэй болсон. Зан харилцаа таарахгүй болоод бид хоёр салсан. 2 хүүхэд над дээр байдаг бөгөөд 3 сарын өмнө ******* бага охин******* /6 настай/ авсан. Тэгээд өнөөдөр би ******* авахаар эгч******* , дүү ******* нарын хамт ******* ажил нь болох Орос модны зах дээр ирээд ******* уулзаж охин хаана байгааг асуухад ******* охиныг Хөтөлд ээж дээр байгаа гэхээр нь охиноо авья гэтэл ******* уурлаж “би чамд охиноо өгөхгүй, зайл пизда минь” гэхээр нь манай эгч******* “бид нар хүүхэд л авах гэж ирсэн, ламд үзүүлсэн, засал хийлгэх хэрэгтэй байна” гэж хэлтэл ******* уурлаж бид нарыг янз бүрээр доромжилж эхэлсэн. Тэгтэл ******* эгч нь гэх ******* гарч ирээд бид нар луу “зайл пизда нараа” гээд салаавч гаргаад тэгээд******* эгчийг үсдээд татхад нөхөр нь гэх залуу манай эгчийн толгой руу нь нэг удаа цохиод цээж хэсэг рүү өшиглөсөн. Цагдаад дуудлага өгтөл ******* бид нарыг хашаанаас хөөж гаргаад хаалгаа хаачихсан гэх мэдүүлэг /хх 10/,
Гэрч Б.******* гийн өгсөн: ...бид нар ******* уулзахад тэрээр бид нарыг хэлэх хэлэхгүй үгээр доромжлоод тэгсэн чинь цаанаас ******* учиргүй орилж чарлаад салаавч гаргаад гүйгээд ирсэн. Тэгэхээр нь би түүнд хандаж -хөөе та чинь яаж байгаа юм бэ гэхэд тэрээр бид нарт хандаж хүүхэд өвдөж хавдсан ч хамаагүй салсан бол салсан чигээрээ яв гэж хэлсэн. Тэгэхээр нь би түүнд хандаж хүүхдийн номыг нь уншуулж үзүүлж харуулмаар байна гэхэд ******* уурлаад намайг үсдээд авсан. Тэгсэн чинь тэнд байсан хүмүүс намайг ******* гаас салгасан. Тэгсэн дахин ******* манай эгч******* ыг үсдээд авсан гэх мэдүүлэг /хх 15/,
Гэрч******* өгсөн: Би хувиараа ******* улсын дугаартай Хьюндай верна аксент маркийн автомашинтай. Дархан сумын нутаг дэвсгэрт такси үйлчилгээнд явдаг. 2018 оны 5 дугаар сарын 26-ны өдөр би хуучин толгойт руу явдаг таксины зогсоол дээр зогсож байхад үл таних 3 эмэгтэй намайг хөлслөөд хойд постонд байдаг Орос модны зах руу авч явсан. Тэгээд би тухайн модны захын хашаа руу яваад орсон. Тэгсэн чинь миний машинд сууж байсан 3 эмэгтэй гурвуулаа буугаад тус модны зах дээр ажиллаж байсан нэг залуутай уулзсан. Тэгээд байж байсан чинь цаанаас нь нэг хүүхэн хар хурдаараа маш ууртай гүйж ирээд надтай хамт явж байсан нэг эмэгтэй барьж аваад хэрэлдээд сүүлдээ нэг нэгэнтэйгээ ноцолдоод үснээсээ зулгаацалдаад байсан. Тэгээд байж байсан чинь цаанаас нэг үл таних ажлын хувцастай залуу гүйж ирээд надтай хамт явж байсан үсдэлцээд зогсож байсан эмэгтэйг бөхийгөөд зогсож байхад нь толгойн араас нь гараараа цохиод дараа нь тухайн залуу өвдгөөрөө өвдгөлсөн. Тэгсэн чинь тухайн эмэгтэй атиралдаад газар унасан. Тэгээд би буцаж надтай ирсэн 3 эмэгтэйг аваад Цагдаагийн газар ирсэн. Замдаа явж байхдаа өвдөглүүлсэн эмэгтэй зүүн талын хавирга руугаа дараад миний хавирга цээж хэсэг нэг л сонин болчихлоо гээд байсан гэх мэдүүлэг /хх 16/,
Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 592 дугаартай дүгнэлт:
“1.******* биед зүүн талын нэг хавирганы хугарал, цээжний зүүн талын зөөлөн эдийн няцрал тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3.Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно. 4.******* учирсан гэмтэл нь цаашдын эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэжээ /хх 30/ зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч ******* , ******* нар нь хувийн таарамжгүй харьцааны улмаас хохирогч ******* зодсон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзлээ.
Хавтаст хэргийн 72-р хуудсанд авагдсан хохирогч ******* мөрдөн байцаалтад “надад гомдол санал байхгүй, эдгээр хүмүүсээс 100 000 төгрөг авсан. Цаашид нэхэмжлэх зүйлгүй” гэх /хх 72/ тэмдэглэлээр шүүгдэгч ******* , ******* нарыг гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй байна гэж үзлээ.
2.Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
Эрүүгийн хариуцлага нь ял, албадлагын арга хэмжээнээс бүрдэх бөгөөд шүүгдэгч ******* , ******* нар нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.
Шүүгдэгч нар урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь хавтаст хэргийн 82, 84 дүгээр хуудсанд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас тогтоогдож байна.
Шүүгдэгч ******* , ******* нар ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож шүүгдэгч тус бүрт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гаргах зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* , ******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар "бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан" гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч ******* , ******* нарыг тус бүрийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч ******* , ******* нарт тус бүр оногдуулсан 450 000 төгрөгийн торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүгдэгч ******* , ******* нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гаргах зардалгүй болохыг дурдсугай.
6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ******* , ******* нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАТЖАРГАЛ