| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намдагсүрэнгийн Батсайхан |
| Хэргийн индекс | 2402000000462 |
| Дугаар | 2025/ДШМ/850 |
| Огноо | 2025-07-22 |
| Зүйл хэсэг | 11.6.2., 13.3.2.2., 17.6.1., 10.1.2.4., 10.1.2.5., 10.1.2.11., |
| Улсын яллагч | Б.Ариунтөр |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 07 сарын 22 өдөр
Дугаар 2025/ДШМ/850
Л.Б- (L.B), Ш.Х-(X.H),
А.Д-, А.Т- нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Б.Ариунхишиг, шүүгч Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Б.Ариунтөр,
яллагдагч Л.Б- (L.B)-ий өмгөөлөгч Л.Баттогтох, С.Уламбаяр,
яллагдагч Ш.Х-(X.H)-ий өмгөөлөгч А.Өлзийсайхан, Э.Марал-Эрдэнэ, С.Оюунцэцэг,
яллагдагч А.Д-, түүний өмгөөлөгч О.Анхбаяр,
яллагдагч А.Т-, түүний өмгөөлөгч О.Мөнхболд,
нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 2025/ШЗ/4047 дугаар захирамжийг эс зөвшөөрч прокурор Б.Ариунтөрийн бичсэн 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 61 дүгээр эсэргүүцлээр Л.Б- (L.B), Ш.Х-(X.H), А.Д-, А.Т- нарт холбогдох 2402000000462 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 07 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.
1.Л.Б- (L.B), Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн, 1994 онд Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Шаньси мужид төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, программ хангамжийн мэргэжилтэй, Бүгд Найрамдах Хятад Ард Улсад “З” ХХК-ийн захирал ажилтай, Монгол Улсад эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Монгол Улсад Хан-Уул дүүрэгт түр оршин суух, Монгол Улсын хуулиар эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ... гадаад паспорттой,
2.Ш.Х-(X.H), Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн, 1998 онд Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Шаньси мужид төрсөн, 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, төмөр замчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, дүүгийн хамт Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Шаньси мужид оршин суух, Монгол Улсад дүүрэгт түр оршин суух, Монгол Улсын хуулиар эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ... гадаад паспорттой,
3.М овгийн А-ийн Д, 2001 онд Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт Хан-Уул дүүрэгт оршин суух бүртгэлтэй, Чингэлтэй дүүрэгт түр оршин суух, ял шийтгэлгүй, (РД:...),
4.Б овгийн А-гийн Т, 2002 онд Хэнтий аймагт төрсөн, 23 настай, эрэгтэй, дээд боловсролтой, сэтгэл зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, дүүгийн хамт Сүхбаатар дүүрэгт оршин суух, (РД:...), урьд:
-Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 549 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар нийт 540 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан;
Нийслэлийн прокурорын газар: Л.Б- (L.B), Ш.Х-(X.H), А.Д- нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 13.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4, 2.5, 2.11-т зааснаар,
А.Т-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 13.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4, 2.5, 2.11-т зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар гэмт хэргийн оролцоог ялгах ёстой. Прокуророос хэд хэдэн яллагдагчид холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэхдээ яллагдагч тус бүрийн үйлдэл, оролцоо, гэмт хэрэгт хамтран оролцсон хэлбэрийг тогтоон тодорхойлоогүй буюу мөн хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т тус тус заасан нөхцөл байдлыг эргэлзээгүй, хөдөлбөргүй нотлоогүй байх тул энэ талаар хийсэн прокурорын яллах дүгнэлтийг үндэслэл муутай гэж үзнэ. Өөрөөр хэлбэл, дээр дурдсанчлан яллагдагч нарын гэмт хэрэгт оролцсон оролцоог ялгаж тодорхойлоогүйгээс үүдэн цаашилбал, тэдгээрт эрүүгийн хариуцлага оногдуулах эсэх, оногдуулах тохиолдолд ялын хэмжээ зэрэгт ач холбогдол бүхий асуудал үүснэ.
Мөн хавтаст хэрэгт авагдсан Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 136 дугаар дүгнэлт дэх 29 дугаар гэрэл зурагт 5 ширхэг сум, харин 27, 28 дугаар зурагт 3 ширхэг сумны зураг тус тус байх боловч яг эдгээр сумнуудаас аль нь шинжилгээнд дурдагдсан нь тодорхойгүй, эргэлзээтэй байна. Түүнчлэн 11, 12, 18 гэж дугаарласан сумнууд ган зүрхэвчтэй тохиолдолд эдгээр сумнууд нь Галт зэвсгийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.8-д зааснаар галт зэвсгийг байлдааны зориулалттай галт хэрэгсэлд хамаарах эсэхийг зайлшгүй тогтоох бөгөөд шинжээч томилж, дахин шинжилгээ хийлгэх шаардлагатай.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 136 дугаар дүгнэлтийг шинжээч З.Мөнх-Эрдэнэ гаргасан бөгөөд түүний мэргэжил “Шүүхийн шинжилгээ-Эрх зүйч” гэжээ. Иймээс прокурор шинжээч томилохдоо Монгол Улсын Зэвсэгт хүчний жанжин штабаас галт зэвсгийн шинжээч томилж, дээрхийг тогтоолгох нь зүйтэй. Шинжилгээний үр дүнгээс хамаарч холбогдох этгээдийг Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэгт холбогдуулан мөрдөн шалгах ажиллагаа явуулах нь прокурорын эрх хэмжээ юм.
Иймд дээр дурдсан нөхцөл байдлыг нэг мөр шалгах нь хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, хамааралтай бөгөөд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд нийцүүлэн явуулах, хэрэгжүүлэх шаардлагад нийцүүлэн шүүх хуралдааны явцад нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах нэмэлт ажиллагааг хийлгэх нь зүйтэй. ...” гэх үндэслэлээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.
Прокурор Б.Ариунтөр бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...1.Мөрдөн шалгах ажиллагааны явцад аливаа хүний оюун санаа, сэтгэл хөдлөл, үзэл бодлыг шинжлэн тогтоох, нарийвчлан илрүүлэх арга хэрэгсэл үгүй боловч тухайн яллагдагчийн хувийн сэдэлтээр илрэн гарч буй үйлдлийн шинж, арга, нөхцөл байдал, бусдад учруулж буй хохирол, хор уршгийн хэр хэмжээ зэргээс шалтгаалан хууль зүйн дүгнэлт хийх боломжтой. Өөрөөр хэлбэл, яллагдагч Ш.Х-, Л.Б-, А.Д-, А.Т- нар нь хохирогч В.Я, З.Л нартай уулзах газар орон зайг урьдаас төлөвлөн, бэлдсэн зэвсгийн чанартай зүйлийг ашиглан довтолж буй шинж болон тэдгээрийн хууль бус довтолгооноос зугтан зайлахыг оролдож буй хохирогч нарт биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх, зугтаах боломжийг тасралтгүй хязгаарлан, В.Я-ыг буудаж амь насыг нь хохироосон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангид бүлэглэн гэдэг ойлголтыг хүндрүүлэх нөхцөл байдал гэж заасан байхад зайлшгүй Эрүүгийн хуулийн ерөнхий ангийг журамлаж зүйлчилнэ гэх нэгдсэн ойлголт, практик байхгүй. Гэмт хэргийг үйлдэх санааг анх яллагдагч Л.Б- гаргаж, Ш.Х-, А.Д-, А.Т- нартай урьдчилан тохиролцож, Л.Б-, Ш.Х-, А.Д- нар удирдан зохион байгуулж, гүйцэтгэж, А.Т- нь гэмт хэрэгт үйлдлээрээ нэгдэж, хамжигчаар оролцсон талаар яллах дүгнэлтэд тодорхой дүгнэлтийг хийсэн.
Гэмт хэрэгт хамтран оролцогчдын хооронд бодит тохироо буюу нэг зорилгод хамтын хүчин чармайлтаар хүчээ нэгтгэн, үүргээ хуваарилан хүрэх эрмэлзэлтэй байсан эсэх, энэ тухайгаа хоорондоо хэлэлцэн тохиролцсон эсэхийг мөрдөн шалгах ажиллагааны явцад бүрэн шалгаж тогтоосон.
Анхан шатны шүүхээс шүүх хуралдаанаар тухайн хэрэгт хамааралтай нотлох баримт нэг бүрийн эх сурвалжийг магадлан шалгаж, тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар шинжлэн судалж, харьцуулан үнэлэх замаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасны дагуу гэм буруугийн асуудлыг эцэслэн шийдвэрлэх боломжтой.
2.Эрүүгийн хуульд заасан галт зэвсэг, галт хэрэгсэл болон тэсэрч дэлбэрэх бодист хамаарах ойлголтыг Галт зэвсгийн тухай хуульд заасан нэр томьёоны тодорхойлолтод заасан агуулгаар ойлгож хэрэглэх нь зүйтэй бөгөөд тухайн хуульд сум гэсэн ойлголтыг галт зэвсэг болон галт хэрэгслээс тусад нь буюу “сум гэж галт зэвсэгт зориулагдсан хонгио, бялт, дарин цэнэг, хошуу бүгд нэг биет болж угсрагдсан, эсхүл гол төмөрт хийж буудлага үйлдэх зориулалттай бүрдэл хэсгийг хэлнэ” гэж тодорхойлжээ.
Сум нь гагцхүү галт зэвсэг, буудлагын хэрэгслийн тусламжтайгаар хөнөөх чадварт хувирдаг, дангаар байгаа шинж чанараараа амьд болон бусад биетэд хор хөнөөл учруулах чадваргүй бөгөөд сумны хошуу нь байлдааны эсхүл иргэний зориулалттай болохыг ердийн байдлаар таних бололцоогүй, түүнчлэн байлдааны зориулалттай галт хэрэгсэлд сум багтана гэдгийг хуульд тусгайлан заагаагүй байхад шүүхээс хэрэгт хураан авсан эд зүйлд дахин шинжээч томилох нь зүйтэй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй буюу хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй. Иймд шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр прокурорын эсэргүүцэл бичсэн. ...” гэв.
Яллагдагч А.Т- тус шүүх хуралдаанд: “Хэлэх тайлбар байхгүй.” гэв.
Яллагдагч А.Д- тус шүүх хуралдаанд: “Хэлэх тайлбар байхгүй.” гэв.
Яллагдагч Л.Б-ий өмгөөлөгч Л.Баттогтох тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг нотолж чадаагүй тул шүүгчийн захирамжийг дэмжиж байна. Шүүгчийн захирамжид яллагдагч нарын биеийн байцаалтыг яллах дүгнэлтэд мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн байдлаас зөрүүтэй тусгасан байсан. ...” гэв.
Яллагдагч Л.Б-ий өмгөөлөгч С.Уламбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгч Л.Баттогтохтой ижил байр суурьтай байна. ...” гэв.
Яллагдагч Ш.Х-ийөмгөөлөгч А.Өлзийсайхан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна. Шүүгчийн захирамжид яллагдагч Ш.Х-ий цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэргийг прокурорт очих хүртэл хугацаагаар үргэлжлүүлж шийдвэрлэсэн. Гэтэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “яллагдагчийг цагдан хорих үндсэн хугацааг 1 сар байна” гэж заасан. Тухай бүр шаардлагатай тохиолдолд 1 сар хүртэл хугацаагаар сунгадаг хуулийн зохицуулалттай. Хүний эрх, эрх чөлөөг хязгаарладаг хамгийн хүнд хэлбэр тул цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тодорхой хугацаагаар авах ёстой. Шүүгчийн захирамж тодорхой бус хугацаагаар гарсан. Уг захирамж гарснаас хойш 1 сар 20 хоногийн хугацаа өнгөрсөн. Яллагдагч Ш.Х- үндэслэлгүйгээр цагдан хоригдож байна. Иймд яллагдагч Ш.Х-ий таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээгээр сольж өгнө үү. ...” гэв.
Яллагдагч Ш.Х-ий өмгөөлөгч Э.Марал-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгч А.Өлзийсайханы гаргасан тайлбарыг дэмжиж байна. ...” гэв.
Яллагдагч Ш.Х-ий өмгөөлөгч С.Оюунцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгч А.Өлзийсайханы гаргасан тайлбарыг дэмжиж байна. ...” гэв.
Яллагдагч А.Д-ийн өмгөөлөгч О.Анхбаяр тус шүүх хуралдаанд: “Хэлэх тайлбар байхгүй.” гэв.
Яллагдагч А.Т-ийн өмгөөлөгч О.Мөнхболд тус шүүх хуралдаанд: “Хэлэх тайлбар байхгүй.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.
Нийслэлийн прокурорын газраас Л.Б- (L.B), Ш.Х-(X.H), А.Д- нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 13.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4, 2.5, 2.11-т зааснаар,
А.Т-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 13.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4, 2.5, 2.11-т зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх хэргийг хүлээн авч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд “...Прокуророос яллагдагч тус бүрийн үйлдэл, оролцоо, гэмт хэрэгт хамтран оролцсон хэлбэрийг тогтоон тодорхойлоогүй буюу мөн хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан нөхцөл байдлыг эргэлзээгүй, хөдөлбөргүй нотлоогүй, мөн Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 136 дугаар шинжээчийн дүгнэлттэй холбогдуулан Монгол Улсын Зэвсэгт хүчний жанжин штабаас галт зэвсгийн шинжээч томилж, дахин шинжилгээ хийлгэх шаардлагатай...” гэсэн үндэслэлээр хэргийг прокурорт буцаасан нь үндэслэл бүхий болж чадаагүй байна.
Учир нь, хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн хянахад, мөрдөгч, прокурор хэргийг эцэслэн шийдвэрлэхэд шаардагдах нөхцөл байдлуудыг бүрэн шалгаж тодруулсан ба ач холбогдолгүй ажиллагааг дахин явуулах шаардлагагүй.
Мөрдөн шалгах ажиллагаагаар нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ шүүх хууль ёсны, үндэслэлтэй шийдвэр гарахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гаргаагүй байх ба хэрэгт авагдсан хохирогч, гэрч, яллагдагч нарын мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтуудын эх сурвалжийг магадлах аргаар шалган үнэлэлт өгч, тэдгээрийг агуулгын хувьд хооронд нь харьцуулан дүгнэлт хийж, гэм буруугийн асуудлыг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд талуудын мэтгэлцээнд үндэслэн хэлэлцэж шийдвэрлэх боломжтой байна.
Шүүхийн шатанд шийдвэрлэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг нөхөн эсхүл нэмж хийлгэх, процесс ажиллагааны засах боломжгүй зөрчил, эсхүл хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэн өөрчлөх шалтгаантай бол хэргийг прокурорт буцаах бөгөөд бусад асуудлыг шүүх хэргийг оролцогчдын мэтгэлцээнийг ханган хэлэлцүүлж, хөндлөнгийн байр сууринаас хандан, эрүүгийн хэргийн хүрээнд цугларсан нотлох баримтыг харьцуулан шинжлэн судлах замаар үнэлэлт дүгнэлт өгөн шийдвэрлэх нь зүйтэй.
Иймд мөрдөн шалгах ажиллагааны үед Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нөхцөл байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй тул шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтуудыг харьцуулан дүгнэх байдлаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд, прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарт нийцүүлэн шийдвэрлэх боломжтой гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Дээрх үндэслэлээр прокурор Б.Ариунтөрийн бичсэн эсэргүүцлийг хүлээн авч, нэмэлт мөрдөн байцаалт хийлгүүлэхээр хэргийг прокурорт буцаасан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэлээ.
Яллагдагч Ш.Х-ий өмгөөлөгч нараас “шүүгчийн захирамжид “хэргийг прокурорт очтол яллагдагч Ш.Х-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж” гэж тодорхой бус хугацаагаар заасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн. Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг сунгах талаар шүүгчийн захирамж гаргаагүй ба үүнийг 1 сар хүртэл хугацаагаар авч хэрэгжүүлэх ёстой тул Шүй Ханминийг нэн даруй суллаж өгнө үү” гэх хүсэлт, тайлбар гаргасан.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Яллагдагчийг цагдан хорих үндсэн хугацаа 1 сар хүртэл байна”, 2 дахь хэсэгт “Шүүх ... яллагдагчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг тухай бүр 1 сар хүртэл хугацаагаар сунгах ...” гэж тус тус заасан нь Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх яллагдагчид авах цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний асуудлыг шийдвэрлэх талаарх буюу хэрэг мөрдөн шалгах ажиллагааны шатанд байх үед үйлчлэх зохицуулалт юм.
Хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсний дараа цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тухайн хэрэг хуваарилагдсан шүүгч, хэрэв шүүгчийн захирамжид гомдол гаргасан тохиолдолд ерөнхий шүүгч, харин хэрэг давж заалдах шатны шүүхээр хэлэлцэгдэж байх хугацаанд таслан сэргийлэх арга хэмжээтэй холбоотой хүсэлтийг шүүх хуралдаанаар тус тус шийдвэрлэдэг нь хууль хэрэглээний практикт нэгэнт тогтсон ойлголт билээ.
Ийнхүү хэрэг шүүхэд шилжсэн тохиолдолд яллагдагчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах, түүнийг өөрчлөх эсэх нь тухайн хэргийг шийдвэрлэж буй шүүгч, шүүх бүрэлдэхүүний эрх хэмжээний асуудал бөгөөд тус таслан сэргийлэх арга хэмжээний хугацаа 1 сар хүртэл байх, түүнийг тухай бүр шүүгчийн захирамжаар сунгах гэсэн хууль зүйн ойлголт байхгүй болно.
Иймд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 2025/ШЗ/4047 дугаар захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэнтэй холбогдуулан яллагдагч нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 2025/ШЗ/4047 дугаар захирамжийг хүчингүй болгож, прокурор Б.Ариунтөрийн бичсэн 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 61 дүгээр эсэргүүцлийг хүлээн авсугай.
2.Яллагдагч Л.Б- (L.B), Ш.Х-(X.H) нарт урьд авсан цагдан хорих, яллагдагч А.Д-т урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарч явахыг хязгаарлах болон яллагдагч Ш.Х- (X.H), Л.Б- (L.B), яллагдагч А.Т-, хохирогч З.Л (Z.L) нартай уулзахыг хориглох хязгаарлалт тогтоох, хувийн баталгаа гаргах, яллагдагч А.Т-т урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарч явахыг хязгаарлах болон Ш.Х- (X.H), Л.Б- (L.B), А.Д-, хохирогч З.Л (Z.L) нартай уулзахыг хориглох хязгаарлалт тогтоох, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
3.Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР
ШҮҮГЧ Б.АРИУНХИШИГ
ШҮҮГЧ Н.БАТСАЙХАН