Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 315/ШШ2026/00042

 

 

 

    2026         01           14                                                315/ШШ2026/00042

 

 

 

         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                    

          Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярбаатар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар аймгийн  ******* сумын 1 дүгээр багт оршин суух,******* ******* 

 

“Малчин өрх болохоо тогтоолгох тухай” нэхэмжлэлийг 2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, 2025 оны 11 сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

           

Шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнхжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* нь малчин өрх байснаа тогтоолгох тухай  нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

            1.1. Би 1987 онд 8-р анги төгсөж, ******* сумын ******* нэгдэлд аав, ээжийн хамтаар мал маллаж байсан ба миний аав БНМАУ-ын хөдөлмөрийн баатар Шарбанди гэдэг хүн байсан. Би 1992 онд ******* гэр бүл болсон. Ингээд нөхрийн хамт мал аж ахуйгаа үргэлжлүүлэн эрхэлж, малын ашиг шимээр амьжиргааны эх үүсвэрээ болгож, одоо ч тасралтгүй малаа маллаж амьдарч байна. Би 2022 оны 01 дүгээр сарын 30-нд малчин гэсэн нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгосон. Гэтэл 2025 оны 10 сарын 1-ний өдрөөс эхлэн миний тэтгэвэр авахыг түдгэлзүүлсэн. Учир нь Сүхбаатар аймгийн нийгмийн даатгалын газраас тэтгэвэр авагчдын хувийн хэргүүдэд дотоод хяналт шалгалт хийж, зөрчил илэрсэн гэсэн үндэслэлээр зогсоосон байсан. 2012, 2013, 2014, 2015, 2017, 2018, 2019 онуудад жилийн эцсийн мал тооллогын маягт / Карт/ дээр өрхийн төрлийн мэдээлэл сонгохдоо "мал бүхий өрх гэж буруу тэмдэглэлийг тухайн мал тооллогын комисс нягтлахгүй, ажлаа мэдэхгүй, хариуцлагагүй хандсан үйлдлээс болж миний тэтгэвэр зогсоосон байсан. Би гэр бүлийн хүний хамт мал маллаж, өсгөж, үржил шимийн хүртэж, зөвхөн мал аж ахуйн орлогоор амьдарч одоог хүртэл амьдарч ирсэн. Гэтэл мал тооллогын комиссын буруутай үйл ажиллагаанаас болж хохирлоо. Иймд холбогдох нотлох баримтыг үндэслэн намайг дээрх онуудад малчин өрх байсныг тогтоож өгнө үү гэжээ.

 

2.  Нэхэмжлэгчээс: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт,

 Сүхбаатар аймгийн Нийгмийн даатгалын газрын *******т тайлбар хүргүүлэх тухай албан 01/219 дугаартай тоот,

 2025.10.17-ны өдрийн 10/103 тоот ******* сумын 1-р багийн засаг даргын тодорхойлолт,

2013, 2015, 2017, 2018, 2019 онуудын жилийн эцсийн мал тооллогын маягт / Карт/-ны хуулбар,

 Сүхбаатар аймгийн ******* сумын даатгуулагчийн малчнаар ажиллаж, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг тодорхойлох зөвлөлийн хурлын 2021.12.27-ны өдрийн 25 дугаартай тэмдэглэл зэргийг шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн

 

3. Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх *******, ******* нараас гэрчийн мэдүүлэг авсан байна.

                                       

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* нь Сүхбаатар аймгийн ******* суманд 2012 оноос 2019 он дуустал малчин байсан эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан.

 

            2. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

3. Хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нэхэмжлэгчийн тайлбар, бичгийн бусад нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

4. Нэхэмжлэгч Санзай овогт******* Энхцэцэг нь Сүхбаатар аймгийн ******* суманд 2012 оноос 2019 оныг дуустал мал маллаж байсан буюу малчин байсан болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбар, Сүхбаатар аймгийн ******* сумын 1 дүгээр багийн Засаг даргын 2025.10.17-ны өдрийн 10/103 дугаар тодорхойлолт, Ш.******* Мал тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2013, 2015, 2017, 2018, 2019 оны тооллогын баримт,

 

гэрч *******ын шүүхэд өгсөн ******* нь миний мэдэхээр л хөдөө мал маллаж амьдарч байсан. Манай аав ээжтэй айл саахалт олон жил мал маллаж бие биедээ тусалж дэмжиж байсан. Ш.*******х нь одоог хүртэл үхэр адуу маллаж хөдөө амьдарч байгаа. 2012 онд нэг гэрээ сум руу оруулж хүүхдүүдээ сургуульд суулгаснаас болж мал бүхий өрх гэж тодорхойлогдсон юм билээ. Уг нь бол одоог хүртэл өөрсдөө мал дээрээ малаа маллаж амьдарч байгаа нь үнэн. Хүүхдүүд нь суманд нэг гэртэйгээ байдаг юм гэх,

 

гэрч *******ийн шүүхэд өгсөн ******* нь нөхөр Будсүрэнгийн Сүхбаатар аймгийн 1 дүгээр багийн нутаг дэвсгэр Өрөн дэрс гэх газарт мал маллаж амьдардаг байсан.  Би  2006 онд 10 дугаар ангиа төгсөөд хөдөө гарч мал  маллаж амьдарсан тэгэхэд л хөдөө мал дээр байсан манайх Ш.*******хтэй  айл саахалт ойрхон нутагладаг бие биеэ сайн мэдэх улс. Миний мэдэхээр тэднийх  адуу, үхэр, хонь ямаа бүхий 300,400 орчим малтай айл байсан. Жилийн 4 улиралд өөрсдийн биеэр малаа малладаг байсан.  Тэгээд 2020 оноос сумын төв рүү орж суурьшсан одоо нөхөр нь мал дээрээ ирэн очин байдаг гэж мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

 

5. Малчин өрхийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1."малчин" гэж Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 3.1.9-д заасныг; 4.1.2."малчин өрх" гэж жилийн дөрвөн улиралд мал аж ахуй эрхэлж, түүний ашиг шимээр үндсэн орлогоо олдог өрхийг;

 

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 3.1.9."малчин" гэж мал аж ахуй эрхэлж үндсэн орлогоо олдог иргэнийг; ойлгоно гэж тус тус хуульчилжээ.

 

Үндэсний статистикийн хорооны даргын 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн А/152 тоот тушаалын хавсралтаар мал бүхий өрх гэж малыг ахуй амьдралдаа туслах чанарын үүрэгтэй өсгөн үржүүлдэг өрхийг хэлнэ... гэж тодорхойлжээ.

 

Нэхэмжлэгч ******* нь нөхөр Б.Будсүрэнгийн хамт 2012-2019 онд Сүхбаатар аймгийн ******* сумын 1 дүгээр багт 2013 онд 75, 2015 онд 123,  2017 онд 30, 2018 онд 30, 2019 онд 71 толгой мал тоолуулан жилийн дөрвөн улирлын туршид малаа маллаж, малын ашиг шим нь тэдний амьжиргааны үндсэн эх үүсвэр болж байсан нь Мал тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2013, 2015, 2017, 2018, 2019 оны тооллогын баримт, гэрч *******, ******* нарын мэдүүлэг зэргээр нотлогдоно.

 

6. Статистикийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3-т Албан ёсны статистикийн мэдээллийг Үндэсний статистикийн хороо, яам, төрийн бусад албан газар, бүх шатны Засаг дарга эрхлэн гаргана, 6 дугаар зүйлийн 3/үйлдвэрлэл, шинжлэх ухаан, технологийн статистикийн үзүүлэлт: а/ мал, тэжээвэр амьтдын тоо; б/ малын хашаа худаг, уст цэгийн тоо; 7 дугаар зүйлийн 1.Үндэсний статистикийн хороо дараах тооллого, судалгааг явуулна: в/ мал, тэжээвэр амьтдын тооллогыг жил тутам, малын хагас жилийн тооллогыг түүвэр судалгааны аргаар хуульд заасан хугацаанд;...гэжээ.

 

Харин нэхэмжлэгч Ш.******* харьяалах багийн засаг даргаас Статистикийн тухай хуульд заасан дээрх үзүүлэлт, судалгааг гаргахдаа Мал тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2013, 2015, 2017, 2018, 2019 оны тооллогын баримтад ******* болон түүний нөхөр Б.Будсүрэн нарыг мал бүхий өрх-өөр бүртгэсэн буруу, алдаатай болохыг гэрч *******, ******* нар нь  мэдүүлдэг бөгөөд энэ нь тухайн үеийн баримт бичгийг хууль журмын хүрээнд бүртгэж хөтлөөгүй эрх бүхий албан тушаалтнуудын буруутай үйл ажиллагаатай холбоотой ба үүнд нэхэмжлэгчийг буруутгах үндэслэлгүй юм.

 

7. Иймд дээр дурдсан нотлох баримтуудаар нэхэмжлэгч Хатгин овогт *******ийг Сүхбаатар аймгийн ******* суманд 2012 оноос 2019 он дуустал мал маллаж байсан буюу малчин байсан нь нотлогдох тул энэ хугацаанд малчин өрх байсныг тогтоож шийдвэрлэлээ.

 

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Санзай овогт******* Энхцэцэгийг Сүхбаатар аймгийн ******* суманд 2012 оноос 2019 он дуустал малчин өрх байсан эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                   Н.БАЯРБААТАР