| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намдагсүрэнгийн Батсайхан |
| Хэргийн индекс | 2503002680519 |
| Дугаар | 851 |
| Огноо | 2025-07-22 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | П.Итгэл |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 07 сарын 22 өдөр
Дугаар 851
Б.Б-өд холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Б.Ариунхишиг, шүүгч Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор П.Итгэл,
шүүгдэгч Б.Б-, түүний өмгөөлөгч Д.Чинзориг,
нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 2025/ШЦТ/1558 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Б-ийн гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох 2503002680519 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 07 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.
Б овгийн Б-ийн Б, 1982 онд Улаанбаатар хотод төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 3, эцэг, эхийн хамт Сүхбаатар дүүрэгт оршин суух, (РД:...), урьд:
-Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 700 дугаар шийтгэх тогтоолоор “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэгт 2,500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн;
Шүүгдэгч Б.Б- нь Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 2025/ЗШ/345 дугаар шийтгэврээр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байх үедээ буюу 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдөр 22 цаг 43 минутын орчимд Чингэлтэй дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэр, Чингэлтэйн эцсийн замд “Toyota Prius” загварын ... УБХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуурсан үедээ жолоодсон гэмт хэрэгт холбогджээ.
Тээврийн прокурорын газар: Б.Б-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Б.Б-ийг “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Б.Б- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би ам бүл 3, эцэг Г.Б 73 настай, Замын цагдаагийн газар ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан, эх М.Б 68 настай, рашаан сувилалд ажиллаж байсан ба одоо тэтгэвэрт байдаг. Миний ах, эгч хоёр тус тусдаа, харин би эцэг, эхээ асарч хамт амьдардаг. Миний эцэг, эх хоёр өндөр настай, хөл, гар муутай, биеийн байдал тааруу, хууч өвчин эмгэгтэй. Даралт тогтворгүй, зүрхний хэм алддаг, хөл гарын үений үрэвсэлтэй, нүдний хараа муу зэрэг өндөр насны ужиг өвчин ихтэй тул байнгын асаргаа сувилгаа хэрэгтэй байдаг. Би өдөр тутмын хоол хүнс, эм тариа худалдан авчирч, гэр орны ажлыг амжуулдаг. Энэ хэргийг хийсэндээ би харамсаж байна. Иймд надад оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Чинзориг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан. Гэхдээ шүүгдэгч Б.Б-ийн үйлдсэн гэмт хэрэгт хорихоос өөр төрлийн ял шийтгэл оногдуулах боломжтой буюу сонгох санкцтай байна. Анхан шатны шүүх ял шийтгэл оногдуулахдаа урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсныг нь харгалзсан нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан нь эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй гэх хуулийн заалттай зөрчилдөж байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б- нь “ам бүл 3, эцэг, эхийн хамт амьдардаг” гэдгээ мэдүүлсэн. Эцэг, эх нь хоёул өндөр настай, хүний асаргаа сувилгаанд байх шаардлагатай. Эх нь тэргэнцэр дээр суудаг, сахрын архаг өвчтэй. Эцэг нь элэгний хүнд өвчтэй. Шүүгдэгч Б.Б- нь дахин гэмт хэрэг үйлдэхгүй болохоо илэрхийлсэн. Иймд шүүгдэгч Б.Б-өд зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж өгнө үү. ...” гэв.
Прокурор П.Итгэл тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанарт оногдуулж байгаа эрүүгийн хариуцлага нь тохирсон байх ёстой гэж хуульчилсан. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох гэмт хэргийн хувьд, нийгмийн аюул өндөр бөгөөд бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулах өндөр эрсдэлтэй. Өмнө нь энэ төрлийн гэмт хэрэг үйлдэн, тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулж, ямар хугацааны дараа дахин гэмт хэргийг үйлдсэн болон гэмт хэрэг үйлдэж буй давтамжийн асуудал, согтолтын зэргийг харахад, эрүүгийн хариуцлага тохирсон. Шүүгдэгч Б.Б- нь 2 сар хүрэхгүй хугацааны дараа дахин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож бусдын амь нас, эрүүл мэндэд заналхийлж байна. 0.86 хувиас дээш согтолтын зэрэгтэй бол хүний төв мэдрэлийн үйл ажиллагаа алдагддаг болох нь шинжлэх ухаанаар нотлогдсон. Япон улсад 1 бүхлээс дээш согтолттой бол 8 жилийн хорих ял оногдуулдаг. Манай улсад гарч буй зам тээврийн ослын 60 хувь нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсонтой холбоотой үйлдэгдэж байна. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Б.Б-өд холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар хэргийн шийдвэр, ажиллагааг шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.
Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд шүүгдэгчид холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох:
-шүүгдэгч Б.Б-ийн яллагдагчаар өгсөн “...Би 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн орой 21 цагийн орчим найз н.А-ийн хамт Чингэлтэй дүүргийн хуучин эцэст байрлах гудамжид 0.75 литрийн “Хараа” архинаас 1 шилийг уугаад байж байхад миний найз бүсгүй н.Ц ирээд архи уулаа гэж уурлан, миний машины түлхүүрийг шидчихээд яваад өгсөн. Тэгэхээр нь би найз бүсгүйнхээ араас явахаар өөрийн эзэмшлийн “Toyota Prius” загварын УБХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодоод явж байтал Чингэлтэй дүүргийн хуучин эцсийн автобусны буудлаас 200 метрийн наана цагдаад шалгуулсан. 2025 оны 01 дүгээр сард согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчлөөр жолоодох эрхээ нэг жилээр хасуулсан...” гэх мэдүүлэг (хх 42),
-эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 0007763 дугаар “...Эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон Б.Б-...” гэх тэмдэглэл (хх 2-3),
-жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан Quen Alcodetect Pro хэрэгслийн “спиртийн агууламж 3.16 хувь” гэх хэвлэмэл хуудас (хх 4),
-камерын бичлэгт үзлэг хийсэн: “...бичлэгийн 01-10 дахь секундэд “Toyota Prius” загварын ... УБХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.Б-ийн спиртийн агууламжаа шалгуулахаар үлээж байгааг харуулав. Бичлэгийн 1 минут 12 дахь секундэд жолооч Б.Б-ийн спиртийн агууламжийг харуулав...” гэх тэмдэглэл (хх 9-11),
-Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 2025/ЗШ/345 дугаар шийтгэвэр (хх 21-23) зэргийг харьцуулан шинжлэн судлахад:
шүүгдэгч Б.Б- нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байх үедээ буюу 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдөр 22 цаг 43 минутын орчимд Чингэлтэй дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэр, Чингэлтэйн эцсийн замд “Toyota Prius” загварын ... УБХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуурсан үедээ жолоодсон гэмт хэргийн үйл баримт нотлогдон тогтоогджээ.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, агуулгын хувьд хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба эдгээрийг үндэслэн анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн бөгөөд шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн зүгээс гэм буруугийн асуудлаар маргаагүй болно.
Шүүгдэгч Б.Б-өөс “эцэг, эхийгээ асрах шаардлагатай тул эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж өгнө үү” гэх агуулгаар давж заалдах гомдол гаргажээ.
Согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас зөрчлийн арга хэмжээ авахуулж, жолоодох эрхээ хасуулсан байх хугацаандаа дахин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцох нь бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулах ноцтой аюул заналхийлэхээс гадна хэн нэгний амьд явах эрхийг зөрчих хүртэлх хэмжээний хор уршиг ихтэй хууль бус үйлдэл юм.
Хууль тогтоогчоос дээрх нийгмийн аюулыг бууруулах, түүнээс урьдчилан сэргийлэх зорилгоор тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон үйлдлийг гэмт хэрэгт тооцож, Эрүүгийн хуулиар ял шийтгэл оногдуулахаар зохицуулсан.
Шүүгдэгч Б.Б- нь урьд 3.0 хувийн согтолттойгоор тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчилд Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 2025/ЗШ/345 дугаар шийтгэврээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 400,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байтал дахин 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдөр согтолтын зэрэг 3.16 хувь байхад автомашин жолоодож, замын хөдөлгөөнд оролцсон байна.
Тэрээр өмнөх хууль бус, нийгэмд аюул заналхийлж буй үйлдэлдээ дүгнэлт хийж ухамсарлаагүй, дахин энэ төрлийн гэмт хэрэг, зөрчил гаргахгүй байхаар хүмүүжил олоогүй байх ба түүний 3.16 хувь буюу өндөр зэргийн согтолттойгоор (урьд зөрчлийн арга хэмжээ авагдахдаа 3.0 хувь байсан) тээврийн хэрэгсэл жолоодсон үйлдэлд оногдуулсан 1 жилийн хорих ял нь эрүүгийн хариуцлагын зорилго, шударга ёсны зарчим, үйлдсэн гэмт хэргийн шинжид бүрэн нийцжээ.
Хэдийгээр шүүгдэгч Б.Б- нь гэм буруу дээр маргаагүй, бусдад төлөх төлбөргүй, өндөр настай эцэг, эхийн хамт амьдардаг зэрэг нөхцөл байдал тогтоогдож байх хэдий ч эдгээр нь түүнд оногдуулсан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх хууль зүйн үндэслэл болохгүй.
Түүнчлэн давж заалдах гомдолд “Миний эцэг, эх хоёр өндөр настай, хөл, гар муутай, биеийн байдал тааруу, даралт тогтворгүй, зүрхний хэм алддаг, хөл гарын үений үрэвсэлтэй, нүдний хараа муу зэрэг өндөр насны ужиг өвчин ихтэй тул байнгын асаргаа сувилгаа хэрэгтэй байдаг” хэмээж, шүүх хуралдаанд Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны Засаг даргын 2025 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 151 дүгээр “Б.Б- нь ам бүл 3, эцэг Г.Б, эх М.Б нарын хамт амьдардаг”, “Г” ХХК-ийн 2025 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн Т0701 дүгээр “Б.Б- нь краны туслахын албан тушаалд ажилладаг нь үнэн”, Хавдар судлалын үндэсний төвийн ЭЦНБМЗ-ЭШСТ-ийн эрхлэгч Г.Үнэнбатын “Г.Б нь хяналтад байх, мөн асран хамгаалагч шаардлагатай” гэх тодорхойлолтуудыг гаргаж өгсөн боловч Б.Б- үйлдсэн гэмт хэрэгтээ тохирсон ялыг биеэр эдлэх нь гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, мөн шүүгдэгчийг хүмүүжүүлэхэд чиглэсэн эрүүгийн хариуцлагын эцсийн зорилгод нийцнэ гэж үзлээ.
Иймд шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхээс Б.Б-өд оногдуулсан 1 жилийн хорих ялыг хэвээр үлдээж шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.Б- нь анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарснаас хойш буюу 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс 2025 оны 07 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл хугацаанд нийт 42 хоног цагдан хоригдсоныг түүний эдлэх ялд оруулан тооцов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 2025/ШЦТ/1558 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Б-ийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ийн цагдан хоригдсон нийт 42 (дөчин хоёр) хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.
3.Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР
ШҮҮГЧ Б.АРИУНХИШИГ
ШҮҮГЧ Н.БАТСАЙХАН