Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 08 сарын 04 өдөр

Дугаар 210/МА2017/01759

 

 

2017 оны 08 сарын 04 өдөр

Дугаар 210/МА2017/01759

 

 

 

Ай энд Эр Монголиа ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Ч.Цэнд, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 183/ШШ2017/01209 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Ай энд Эр Монголиа ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч "Мөнхзамбала корпораци" ХХК-д холбогдох

 

Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 18 747 000 төгрөг гаргуулах тухай хэргийг

 

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Энхтүвшингийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандах илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Нарангэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч "Ай энд Эр Монголиа" ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбарт: "Ай энд Эр Монголиа" ХХК болон "Мөнхзамбала корпораци" ХХК нь 2015 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Худалдааны хамтран ажиллах гэрээг байгуулан доширак, майонез зэрэг барааг манай компаниас худалдан авч, хамтран ажиллаж байсан. "Мөнхзамбала корпораци" ХХК нь 2015 оны 01 дүгээр сарын 28-ны өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийг хүртэлх хугацаанд авсан барааны нийт төлбөр 37 682 360 төгрөгийг 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл төлж байгаад үлдэх 12 498 090 төгрөгийг огт төлөөгүй өдийг хүрээд байна. Худалдааны хамтран ажиллах гэрээний хавсралтаар гэрээнд нэмэлт оруулсан бөгөөд 4.3-т "Cap бүрийн хуваарьт өдөр тооцоо нийлж үлдэгдлээ баталгаажуулан тухайн үеийн нийт үлдэгдлийн 70 хувьтай тэнцэх мөнгөн дүнг нэхэмжлэх бөгөөд борлуулагч тал нэхэмжлэлийн дагуу дансаар cap бүрийн 1-5-ны хооронд төлбөр тооцоог шилжүүлнэ" гэж заасны дагуу 2016 оны 03 дугаар сарын 1-5-ны өдөр гэхэд төлбөрийг шилжүүлсэн байх үүрэгтэй байсан. Гэтэл 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл авсан барааны үнийг 2 дугаар сарын 29-ний өдрөөс хойш огт төлөлгүй компанийн үйл ажиллагаанд хүндрэл учруулаад байна. Энэ хугацаанд барааг борлуулж дууссан боловч манай төлбөрийг хэзээ төлөх нь тодорхойгүй явсан тул бид амаар болон бичгээр удаа дараа шаардсан. 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдөр 0170 тоот албан бичгээр "Мөнхзамбала корпораци" ХХК-д албан шаардлага хүргүүлэн төлбөр төлөх боломж олгоход 2016 оны 08 дугаар сараас 12 сарын хугацаанд төлж барагдуулна гэж график гаргаж өгсөн хэрнээ нэг ч төгрөг төлөөгүй, төлөх арга хэмжээ огт авахгүй байх тул шүүхэд хандан шийдвэрлүүлэхээс аргагүйд хүрсэн. Мөн гэрээний хавсралтын 4.3-т "ямар нэгэн шалтгаангүй бараа бүтээгдэхүүний төлбөрийг хугацаа хэтрүүлсэн тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөгдөөгүй үүргийн үнийн дүнгийн 0.2 хувьтай тэнцэх хэмжээний алданги төлөх бөгөөд энэ асуудал шийдэгдтэл нийлүүлэлтийг түр зогсооно" гэж заасны дагуу төлөгдөөгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувь болох 6 249 045 төгрөгийг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар гаргуулахаар нэхэмжилж байна. Дээрх үндэслэлэзр барааны үндсэн төлбөр болох 12 498 000 төгрөг болон алданги 6 249 000 төгрөг, нийт 18 747 000 төгрөгийг "Мөнхзамбала корпораци" ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн "Мөнхзамбала корпораци" ХХК-иас 18 747 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч "Ай энд Эр Монголиа" ХХК-д олгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 251 658 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 251 658 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Энхтүвшингийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт "Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 232.4, 232.6 дахь хэсэгт зааснаар 6 249 000 төгрөгийн алдангийг хуульд заасан 50 хувиар тооцож нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна" гэж үзжээ. Гэтэл энэ хэрэгт нэхэмжлэгч тал хэдний өдрөөс эхлэн хэдий хугацаатай алданги шаардаж байгаа, 50 хувиар тооцохдоо алдангийн хэмжээ гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн хэдэн төгрөг болсон эсэхийг нэхэмжлэгч тал өөрөө нотлоогүй байна. Иймд нэхэмжлэгч тал өөрийн нэхэмжлэлийн шаардлагаа холбогдох нотлох баримтаар нотлож чадаагүй тул 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 183/ШШ2017/01209 дугаартай шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй, хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан хэргийг шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцжээ.

 

Нэхэмжлэгч Ай энд Эр Монголиа ХХК нь хариуцагч Мөнхзамбала корпораци ХХК-д холбогдуулан Худалдааны хамтран ажиллах гэрээний үүрэгт 18 747 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Зохигчид 2015 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр бичгээр гэрээ байгуулан нэг талаас нийлүүлэгч нь эрүүл ахуй, чанар стандартын шаардлагыг бүрэн хангасан бараа бүтээгдэхүүнийг захиалгын дагуу нийлүүлэх, нөгөө талаас гэрээгээр тохиролцсон графикийн дагуу төлбөрийг сар бүрийн 1-5-ны өдрийн хооронд шилжүүлэхээр тус тус харилцан тохиролцсон, талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

 

Зохигчид гэрээ байгуулагдсан, хүү, алданги тооцох талаар маргаагүй боловч хариуцагч талаас алдангийн хэмжээ, гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн хэдэн төгрөг болсон талаар нэхэмжлэгч тал нотлоогүй гэж маргажээ.

 

Хэрэгт авагдсан 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн тооцоо нийлсэн актаар хариуцагч Мөнхзамбала корпораци ХХК нь 12 498 000 төгрөгийн өглөгтэй болохоо баталгаажуулж, тухайн байгууллагуудын санхүүгийн ажилтан гарын үсэг зурж, санхүүгийн тэмдэг дарсан байна. Мөн хариуцагч байгууллага нь шүүхэд хариу тайлбар гаргаагүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар өөрийн тайлбар, татгалзлаа нотлох үүргээ хэрэгжүүлээгүй, дээрх барааг хүлээн аваагүй, төлбөрийн үлдэгдэл зөрүүтэй эсэх талаар шүүхэд нотлох баримт гаргаж маргаагүй байх тул анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй болно.

 

Гэрээний хавсралтын 4.3-т /хх.10/ талууд анз төлөхөөр тохиролцсон, хариуцагч 2016 оны 03 дугаар сарын 1-5-ны өдрийн дотор 12 498 000 төгрөгийн төлбөрийг төлөх үүрэгтэй байсан боловч биелүүлээгүй тул нэхэмжлэгч гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс алданги тооцож шаардах эрхтэй.

 

Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн маргааныг шийдвэрлэхдээ анзын гэрээг бичгээр байгуулсан гэж үзэж, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар анзын хэмжээг 50 хувиар хязгаарлаж шийдвэрлэсэн нь дээрх хуулийн зохицуулалтад нийцсэн байна.

 

Иймд дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах тухай хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 183/ШШ2017/01209 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 114 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дах хэсэгт зааснаар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргаж болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ

 

ШҮҮГЧИД Ч.ЦЭНД

 

Б.НАРМАНДАХ