Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 2018/ШЦТ/250

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Банзрагч,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Батсүх,

Шүүгдэгч ****** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны тахимд нээлттэй хийж, Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ****** холбогдох эрүүгийн 1818003180211 дугаартай хэргийг 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, ******, 1997 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 2, эхийн хамт ****** тоотод эрхэлсэн тодорхой ажилгүй оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,******регистрийн дугаартай.

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

 

Шүүгдэгч ****** нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 16 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах ”Сатуран” баарны гадна ******ыг цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Гэм буруугийн талаар:

 

 Шүүгдэгч ****** нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 16 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах ”Сатуран” баарны гадна ******ыг цохиж эрүүл мэндэд нь “тархи доргилт, хамар ясны хугарал” бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь:

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт:

            Шүүгдэгч ******: Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Яллах дүгнэлтэд үнэн зөв бичигдсэн тул дахин мэдүүлэг өгөх шаардлагагүй гэв.   

 

            Талуудын хүсэлтээр хавтаст хэргээс:

           

Шүүгдэгч ******ын гэрч болон яллагдагчаар өгсөн: 2018 оны 4 дүгээр сарын 16-ны орой 19 цагийн үед ажлынхаа хүмүүстэй 17-р сургууль дээр зааланд тоглож байгаад 21 цагийн үед тараад Дархан сумын******  тоотод байдаг найз ******ын гэрт очиход ******гээд охин байсан. ******ын найз охин ****** нь ******рүү утсаар яриад Үйлчилгээний төв дээр хүрээд ирээч гэсэн байсан. ****** над руу залгаад Үйлчилгээний төвд Сатуран бааранд байна гэхээр нь очиход ******, ****** хоёр байсан. Ингээд хамт тэр хоёртой сууж хүний нэг нэг пиво, 0.75 литрийн Голд чингис архи хувааж ууцгаасан. Тэр үед ****** гэх ******ын найз ирсэн. Тэгээд бид нар бааранд бүжиглэж байгаад баар хаах болоход гарцгаасан. Тэгээд баарны үүдэнд би тамхиа татаад зогсож байхад ****** гарч ирсэнээ мөнгө байна уу гэхээр нь мөнгө байхгүй байнаа гэхэд зайл гуйлгачин минь гэж надад хэлэхээр нь юу гэнээ андаа гэсэн чинь мөнгө байна уу гэж дахин асуухаар нь байхгүй байнаа гэхэд зайл гуйлгачин минь гэж хэлэхээр нь хоорондоо маргалдаад Үйлчилгээний төвийн Од дэлгүүрийн орчим ирсэн. Тэгээд хоёулаа заамдалцаж аваад би түүний нүүр рүү нь 2-3 удаа цохиход ****** араас ирээд бид хоёрын дундуур орж салгасан. Тэгсэн чинь ******ын хамарнаас цус гараад хавдчихсан. Ингээд би түүнээс салаад явсан чинь ****** араас ирээд та хоёр учраа олоод уучлалт гуйчих гэхээр нь ******аас уучлалт гуйгаад бид хоёр тохиролцохоор болоод надаас 500 000 төгрөг нэхэхээр нь би түүнийг түүнд өгөхөөр болсон. Тэгээд тэр мөнгийг нь өгөх гэхэд мөнгө олдохгүй байсан учир ****** цагдаад хандсан байсан. /хх 13, 26/,

 

                        Хохирогч ******ын өгсөн: 2018 оны 4 дүгээр сарын 16-ны орой би найз болох ******ын хамт Сатуран бааранд 22 цагийн үед орсон. Ингээд бааранд байхад ****** найз ******утсаар дуудсан. Тэгсэн удалгүй 22:30 цагийн үед****** гэх эмэгтэй найз ****** гээд залуугийн хамт ирсэн. Ингээд бид нар 0.75 литрийн Чингис нэртэй архи болон хүний нэг нэг пиво уусан. Бааранд бид нарын дунд ямар нэгэн маргаан болоогүй. Бааранд ****** над руу утсаар залгаад хаана байна уулзъя гэхээр нь би найзуудынхаа хамт Сатуран бааранд байна хүрээд ирэхгүй юу гэсэн. Ингээд бид баарнаас 23:50 цагийн орчим гараад ******аас мөнгө байна уу гээд асуухад байхгүй гэсэн. Тэгэхээр нь за за тэгвэл харьж амар зайл зайл гээд хэлчихсэн. Тухайн үед баарны тооцоог ****** бид хоёр хийсэн болохоор ******ыг мөнгөтэй байгаа гэж бодсон. Тэгтэл ****** миний хамар луу нэг удаа цохиход нь миний хамарнаас цус гарсан. Тэр үед манай найз ****** дундуур орж ******ыг надаас салгасан боловч ****** дахин миний хамар, уруул хэсэг рүү 3-4 удаа цохичихоод яваад өгсөн. Би хамраа янзлуулмаар байна. Хамар янзлуулахад шаардлагатай мөнгө нэхэмжилнэ гэх мэдүүлэг /хх 8-9/,

     Гэрч Т.******н өгсөн: 2018 оны 4 дүгээр сарын 16-ны орой 16 цагийн орчим ******тай гэрийнхээ гадаа таараад ойрд уулзсангүй хоёулаа өнөө орой уулзъя гээд хэлчихсэн байсан. Тэгээд ****** руу шөнө 22 цагийн үед залгаад уулзсан бөгөөд намайг Сатурн баар руу хамт оръё энд би хэдэн найзуудтайгаа сууж байгаа гэсэн. Ингээд Сатурн бааранд ороход хоёр охин нэг залуу сууж байсан. Тэгээд тухайн хүмүүстэй сууцгааж байгаад баар хаах болоход гарцгаасан. Би бааранд хүнтэй уулзаад үлдсэн бөгөөд хамт байсан хүмүүс түрүүлээд гарчихсан. Би баарнаас гараад баарны үүдэнд тамхи татаад зогсож байхад ******, ****** нар үйлчилгээний төвийн цэцгийн мандлын тэнд юм яриад зогсож байснаа ****** нь ******ын нүүр рүү цохиод авсан. Тэгэхээр нь би ****** руу харахад хамар нь хавдаж мурийсан харагдахаар нь чи одоо болиоч ээ гэж хэлж болиулсан. Ингээд нөгөө ****** гэх залуу яваад өгсөн. Тэгэхээр нь би ******ын араас нь явж очоод чи яаж байгаа юм бэ гэхэд харин тиймээ эвгүй юм боллоо. Наад ****** чинь намайг зайл энэ тэр гэж хэлэхээр нь уур хүрээд цохичихлоо гэж байсан. Ингээд ****** буцаж ороод ******тай хамт эмнэлэг дээр очоод хоорондоо учраа олохоор болсон гэх мэдүүлэг /хх 14/,

     Гэрч Т.******ын өгсөн: 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр найз ******ын хамтаар Сатуран бааранд 21 цагийн үед орж үйлчлүүлсэн. ...тухайн бааранд тавуулаа байсан бөгөөд хүний нэг нэг шил пиво, 1 шил 0.75 литрийн архийг бүгдээрээ хувааж уусан. Тэгээд баарны тооцоог ****** бид хоёр хувааж төлсөн. Баар хаах болоод гарсан чинь Үйлчилгээний төвийн Од гээд дэлгүүрийн урд ******, ****** хоёр түрүүлээд алхаад явчихсан. Харин ******бид 2 Сатурн баарны урд юм яриад зогсож байтал гэнэт ******, ****** 2 маргалдаад байхаар нь яваад очсон чинь ******ын хамар мурийчихсан цус гарсан байдалтай байсан. Харин тэр хоёрын хажууд ****** тэр хоёрыг хоёр тийш нь салгаж байсан. Ингээд ****** эмнэлэг рүү явсан гэх мэдүүлэг /хх 15/,

Гэрч ****** өгсөн: ...ингээд 00 орчихоод ****** бид 2 баарны үүдэнд юм яриад зогсож байхад Үйлчилгээний төвийн "Од" дэлгүүрийн орчим ******, ****** хоёр нэг нэгийгээ заамдчихсан маргалдаад зогсож байсан. Очиход ******ын хамарнаас цус гарчихсан хавдсан байдалтай байсан гэх мэдүүлэг /хх 16/,

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 462 дугаартай шинжээчийн дүгнэлт:

1.******ын биед тархи доргилт, хамар ясны хугарал гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3.Уг гэмтэл нь ГЗТЖ-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно.

4.******т учирсан гэмтэл нь цаашдын эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэжээ /хх 20/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

            Шүүгдэгч ******ын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

            Хавтаст хэргийн 8-9-р хуудсанд хохирогч ******ын "хамраа янзлуулмаар байна. Хамар янзлуулахад шаардлагатай мөнгө төгрөгөө нэхэмжилнэ" гэх мэдүүлгээр шүүгдэгчийг гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлөөгүй байна гэж үзэн хохирогч ****** нь эрүүл мэндэд учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй орхих нь зүйтэй гэж үзэв.

 

            2.Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Эрүүгийн хариуцлага нь ял, албадлагын арга хэмжээнээс бүрдэх бөгөөд шүүгдэгч ****** нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.

Шүүгдэгч урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь хавтаст хэргийн 28-29 дүгээр хуудсанд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас тогтоогдож байна. 

Шүүгдэгч ******т ял шийтгэл оногдуулахад хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдалд тогтоогдоогүйг дурдаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.  

            Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гаргах зардалгүй болохыг дурдав.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч****** ******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч ******ыг 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.   

 

            3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч ******т оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөөс дээшгүй цагийн хугацаагаар тогтоосугай.

 

            4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч ****** нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж, ялыг Дархан-Уул аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт эдлүүлсүгэй.

 

            5.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоног, тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гаргах зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

            6.Хохирогч ****** нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Т.БАТЖАРГАЛ