Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 2025/ДШМ/852

 

М.Б-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Б.Ариунхишиг, шүүгч Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор М.Ханджав,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 2025/ШЦТ/1453 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Л.Наранхүүгийн бичсэн 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 27 дугаар эсэргүүцлээр М.Б-д холбогдох 2506029160757 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 07 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овгийн М-ын Б, 1977 онд Сэлэнгэ аймагт төрсөн, 48 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 3, эхнэр, хадам эхийн хамт Налайх дүүрэгт оршин суух, (РД:...), урьд:

-Сүхбаатар дүүргийн шүүхийн 2003 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 172 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 155 дугаар зүйлийн 155.2, 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт тус тус зааснаар нийт 5 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлсэн;

Шүүгдэгч М.Б- нь 2025 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 42 дугаар хороо, Нарантуул худалдааны төвийн өргөтгөлийн орох, гарах хаалганы орчимд хохирогч Н.Б-тай “тээврийн хэрэгсэл шүргэсэн” гэж маргалдан, улмаар заамдах, гарын хурууг түлхэх зэргээр зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газар: М.Б-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч А овогт Б-ын А /РД:.../-ыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600,000 төгрөгөөр торгох ял шийтгэж шийдвэрлэжээ.

Прокурор Л.Наранхүү бичсэн эсэргүүцэлдээ: “...Уг шийтгэх тогтоолын удиртгал хэсэгт эрүүгийн 2406012871504 хэргийн дугаарыг 2411028360130 гэж, мөн тодорхойлох хэсэгт хохирогч Н.Б-ыг О.Х-гэж зөрүүтэй бичсэн.

Түүнчлэн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтад шүүгдэгч А овогт Б-ын А /РД:.../-ыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэрийн удиртгал, тодорхойлох хэсэг нь тогтоох хэсгээс зөрүүтэй, шүүх хуралдаан уншиж сонсгосон шийдвэрийн тогтоох хэсэг нь гардуулах шийдвэрийн тогтоох хэсгээс зөрүүтэй гэж үзэх үндэслэлд хамаарч байгаа тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан үг, үсэг, техникийн шинжтэй алдаа гэж үзэх үндэслэлгүй байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлд хамаарч байна.

Иймд шийтгэх тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан үндэслэлээр өөрчлүүлэхээр прокурорын эсэргүүцэл бичсэн. ...” гэжээ.

Прокурор М.Ханджав тус шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...Прокурор Л.Наранхүүгийн бичсэн эсэргүүцлийг дэмжиж байна. 2, 3 хэрэг дээр үг, үсэг, тоо, тооцооллын шинжтэй алдаанууд олон гарч байгаа. Прокуророос шийтгэх тогтоолд залруулга хийлгэх хүсэлт явуулж байгаа боловч шүүхээс “энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж байгаа асуудал тул давж заалдах журмаар эсэргүүцэл бич” гэсэн хариу өгсөн. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн прокурор Л.Наранхүүгийн бичсэн эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэхэд, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх М.Б-д холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж шийдвэр гаргахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдлоо.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хууль ёсны ба үндэслэлтэй явуулах нөхцөл, боломжийг хангах нь процессын хэлбэр ба баталгаа гэсэн ойлголттой нягт уялдаа холбоотой.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед заавал дагаж мөрдөн, захирагдаж буй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон арга ажиллагааны хэрэгжих нөхцөл, явц, үр дүн, үндэслэл, журмыг процессын хэлбэр гэж ойлгох бөгөөд хуульд заасан журмын дагуу явагдаагүй тохиолдолд уг ажиллагааны үр дүн нь хууль ёсны байх шинжээ алдана.

Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны процессын хэлбэр нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүхий л үйл явцыг бэхжүүлэх, хуулиар тогтоосон нөхцөл, журмыг төрөлжүүлж, дэс дараалалд оруулсан байдлаар зохицуулагдсан, аливаа шийдвэр гаргах журмын хэлбэршин тогтсон хэв маяг юм.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаас гадуур аливаа шийдвэр гаргах, хууль бус хэлбэрээр аливаа ажиллагааг явуулах, эсхүл зөвшөөрөгдсөн хэлбэрээр илэрч буй боловч түүнд тавигдах шаардлагыг зохих ёсоор хангаагүй байх нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөнд тооцогдоно.

Тус  процессын хэлбэр нь энэхүү үйл явцын бодит байдлыг хангах чухал илэрхийлэл бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль тогтоомжоор журамлан зохицуулсан эрх зүйн нөхцөл, шалгуурыг бататган хангах зүй ёсны шаардлага болно.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн “Шүүх хуралдааны тэмдэглэл”-ээс үзэхэд, анхан шатны шүүх 2025 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн шүүх хуралдаанаар Б овгийн М-ын Б-ыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэжээ.

Гэтэл шийтгэх тогтоолыг бичгээр үйлдэхдээ “А овогт Б-ын А /РД:.../-ыг” гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь шүүх хуралдаанд уншиж сонсгосон шийтгэх тогтоолын тогтоох хэсэг нь гардуулсан шийдвэрийн тогтоох хэсэгт тусгагдсанаас илт зөрүүтэй буюу М.Б-ыг гэм буруутайд тооцсоноор шийдвэрийг уншиж сонсгосон атлаа гардуулсан шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт Б.А-ыг гэм буруутайд тооцсон байдлаар бичигджээ.

Шүүхийн шийдвэрийн хэлбэр, бүтцэд тавигдах шаардлагыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Гучин зургаадугаар бүлэгт хуульчилсан бөгөөд шүүхийн шийдвэр нь энэ хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.9 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй нөхцөлд, түүнчлэн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-т “шүүх хуралдаанд уншиж сонсгосон шийдвэрийн тогтоох хэсэг гардуулсан шийдвэрийн тогтоох хэсгээс зөрүүтэй” бол хуулийн ноцтой зөрчилд тооцохоор хуульчилсан.

Дээрх нөхцөл байдал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарч байх тул прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

Шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн тул шүүгдэгчид урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

Шүүгч уншиж сонсгосноор хүчинтэй болсон шийдвэрийг бичгийн хэлбэрт оруулахдаа өөрчлөх хууль зүйн үндэслэлгүй бөгөөд анхан шатны шүүх шийдвэрээ ийнхүү өөрчилсөн нь зөвлөлдөх тасалгаанд шүүх хуралдаанаар хэлэлцсэн баримтуудыг судалсны эцэст шийдвэр гаргах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах хууль ёсны зарчмыг ноцтой зөрчсөн байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан бүхий л ажиллагааг зөрчин, талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоосон шийдвэрээ өөрчлөн гаргаж, хуульд заагдаагүй эрх хэмжээг хэрэгжүүлсэн тул цаашид энэ мэт хайнга, хариуцлагагүй алдаа давтан гаргахгүй байхыг энэхүү магадлалаар анхааруулан тэмдэглэж байна.

Түүнчлэн шийтгэх тогтоолын удиртгал хэсэгт М.Б-д холбогдох эрүүгийн хэргийн дугаарыг “2411028360130” гэж, тодорхойлох хэсэгт “шүүгдэгч М.Б-ын үйлдлийн улмаас хохирогч О.Х-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан шууд шалтгаант холбоотой байна” хэмээн хохирогчийн нэрийг буруу бичсэн байгааг буруутган дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 2025/ШЦТ/1453 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, прокурор Л.Наранхүүгийн бичсэн 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 27 дугаар эсэргүүцлийг хүлээн авсугай.

2.Шүүгдэгч М.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3.Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Т.ӨСӨХБАЯР

                        ШҮҮГЧ                                                            Б.АРИУНХИШИГ

                        ШҮҮГЧ                                                            Н.БАТСАЙХАН