Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2019/00760

 

2019 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2019/00760

 

 

Х.Мөнхжаргалын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ц.Ичинхорлоо, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 182/ШШ2019/00151 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Х.Мөнхжаргалын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Я.Баянжаргалд холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 7 700 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

 

Хариуцагчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ч.Даваасүрэн

Хариуцагчийн өмгөөлөгч: Л.Золзаяа

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Энхнаран нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Я.Баянжаргалд 2014 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 10 000 000 төгрөгийг зээлж, зээлийн гэрээ байгуулсан. Зээлдэгч нь 5 000 000 төгрөгийг буцаан өгсөн боловч үлдэгдэл 5 000 000 төгрөгийг төлөөгүй.

Гэрээнд зээлийг 1 хувийн хүүтэй, 2 сарын хугацаатай зээлдүүлэхээр тохирсон ба зээлдэгч зээл төлөх хугацаа хэтрүүлсэн хоног тутамд алданги төлөхөөр тохиролцсон.

Иймд үндсэн зээл 5 000 000 төгрөг, хүү 1 800 000 төгрөг, алданги 900 000 төгрөг, нийт 7 700 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Х.Мөнхжаргалтай зээлийн гэрээ байгуулж, 2014 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 10 000 000 төгрөгийг зээлсэн боловч зээлийг төлж дууссан учир нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй.

Х.Мөнхжаргалд дансаар 5 000 000 төгрөгийг шилжүүлж өгсөн. Х.Мөнхжаргалын найз Н.Элдэв-Очир нь ...би Х.Мөнхжаргалтай тооцоог нь хийчихнэ, бид гэр бүлийн найзууд гэж хэлээд үлдсэн зээлээс 4 500 000 төгрөгийг нь авсан. Харин 500 000 төгрөгийн тооцоог би хариуцах боломжтой. Зээлийн гэрээний хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3-д зааснаар хариуцагч Я.Баянжаргалаас зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 5 000 000 төгрөг, хүү 200 000 төгрөг, алданги 900 000 төгрөг, нийт 6 100 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х.Мөнхжаргалд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1 600 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Х.Мөнхжаргалын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 138 150 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Я.Баянжаргалаас улсын тэмдэгтийн хураамжид 133 350 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х.Мөнхжаргалд олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Шүүх зохигчоос гаргасан хүсэлтийг үндэслэлгүйгээр татгалзсан, нотлох баримтыг бүх талаас нь үнэлээгүй.

Би 10 000 000 төгрөг зээлж авснаас 5 000 000 буцаан өгсөн ба үлдсэн зээлээс 4 500 000 төгрөгийг Х.Мөнхжаргалын найз н.Элдэв-Очирт өгсөн. Гэтэл анхан шатны шүүх уг 5 000 000 төгрөгийг надаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Х.Мөнхжаргал нь хариуцагч Я.Баянжаргалд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 7 700 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч Х.Мөнхжаргал нь 2014 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хариуцагч Я.Баянжаргалд 10 000 000 төгрөгийг 2 сарын хугацаатай, сарын 1 хувийн хүүтэй, зээлдэгч нь зээл төлөх хугацаа хэтрүүлсэн тохиолдолд хоног тутам төлөгдөөгүй үнийн дүнгийн 0.5 хувийн алданги тооцохоор тохиролцон зээлийн гэрээ байгуулжээ. Уг зээлийн гэрээнд заасан мөнгөн хөрөнгийг Я.Баянжаргалд хүлээн авсан байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь зөв болжээ.

 

Гэрээг бичгээр байгуулж талууд зээлийн хүү, алдангийн талаар тохиролцсон тул зээлдүүлэгч нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар зээлийн хүү, алданги шаардах эрхтэй.

 

Зээлийн гэрээний хугацаа 2015 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр дуусахад зээлдэгчийн үүрэг нь үндсэн зээлд 10 000 000 төгрөг, хүүнд 200 000 төгрөг, нийт 10 200 000 төгрөг төлөх үүрэгтэйгээс 5 000 000 төгрөгийг хасч нэхэмжлэл гаргасан нь үндэслэлтэй байна.

 

Төлөгдөөгүй үндсэн зээл 5 000 000 төгрөг, зээлийн хүү 200 000 төгрөг, алданги 900 000 төгрөгийг нийт 6 100 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь хуульд нийцжээ.

 

Харин анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас алдангийг хангаж шийдвэрлэсэн атлаа шийдвэрийн тогтоох хэсэгт зохих хуулийн заалтыг баримтлаагүйг давж заалдах шатны шүүхээс залруулан өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Хариуцагч Я.Баянжаргал нь зээлийн гэрээний үүргээс нэхэмжлэгчийн найз Н.Элдэв-Очирт 4 500 000 төгрөгийг өгсөн гэх тайлбараа нотлохоор Н.Элдэв-Очирын түр авсан мөнгөний тооцоо гэх баримтыг гаргаж өгсөн боловч уг баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт зааснаар бичгийн нотлох баримт нь эх хувиар, эсхүл нотариатаар гэрчлүүлсэн хуулбар байх шаардлагыг хангаагүйгээс гадна мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар үнэн зөв, эргэлзээгүй баримт гэж үнэлэх боломжгүй талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй. Түүнчлэн нэхэмжлэгч нь Н.Элдэв-Очирыг гуравдагч этгээдээр оролцуулах хүсэлт гаргасныг анхан шатны шүүх түүний эрх, ашиг хөндөгдөж буй нь тодорхойгүй гэж дүгнэж, хүсэлтийг хангахаас татгалзсаныг буруутгах үндэслэлгүй байна.

 

Баянзүрх дүүргийн прокурорын газрын прокурорын 2016 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 499 дугаартай тогтоолоос дүгнэвэл зээлдүүлэгч нь зээлдэгчээс зээлийн гэрээний үүрэг шаардаж байсан нь Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацааг тасалдсан гэсэн анхан шатны шүүх дүгнэлт зөв болжээ. Өөрөөр хэлбэл, цагдаагийн газарт гаргасан н.Болортуяагийн гомдол нь зээлийн гэрээний үүрэгтэй хамаарахгүй гэх тайлбарыг хариуцагч анхан шатны шүүхэд гаргаагүй, энэ талаар мэтгэлцээгүй учраас давж заалдах шатны шүүхээс уг тайлбарыг үндэслэн хууль хэрэглээний хувьд дүгнэлт өгөх боломжгүй тул хөөн хэлэлцэх хугацааг тасалдсан гэж дүгнэсэн нь хуулийг буруу тайлбарласан гэх давж заалдах гомдлыг хангах боломжгүй.

 

Түүнчлэн нэхэмжлэгчээс хариуцагчид шилжүүлсэн мөнгөн шилжүүлгийн баримтад газрын төлбөр гэж бичигдсэн нь зээлийн гэрээний дагуу мөнгө шилжүүлсэн үйл баримтыг шууд няцаах үндэслэл болохгүй тул энэ талаарх гомдлыг хангахгүй орхив.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 182/ШШ2019/00151 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын 282.3 гэсний ард 232 дугаар зүйлийн 232.6 гэж нэмж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 182/ШЗ2019/02281 дүгээр захирамжаар хариуцагч нь давж заалдах гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Ц.ИЧИНХОРЛОО

 

Э.ЗОЛЗАЯА