Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 07 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2020/01566

 

 

 

 

 

2020 оны 07 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2020/01566

 

 

 

Г.Б -ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Д.Нямбазар, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 181/ШШ2020/01197 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Г.Б ХХК-ийн хариуцагч В.А групп ХХК-д холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 858 392 879.34 төгрөг гаргуулан, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А , Б.Э н, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Т.Болдсайхан нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Э н шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдөр В.А групп ХХК-тай ЗГ1205141951 тоот зээлийн гэрээ байгуулж 872 000 000 төгрөгийг жилийн 25.2 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлдүүлсэн. ЗГ1205141951 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах баталгаа болгон ипотекийн гэрээ болон барьцааны гэрээ байгуулсан. Зээлдэгч В.А групп ХХК нь зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, зээлээ хугацаанд нь төлөх тухай мэдэгдсэн боловч төлөөгүй болно. Хариуцагч нь 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн байдлаар үндсэн төлбөр 743 764 705.90 төгрөг, хүүний төлбөр 112 209 384.07 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2 418 789.37 төгрөг, нийт 858 392 879.34 төгрөг болж байна.

Хариуцагч нь зээлийг нэг өдөр олгоогүй тул хүлээн зөвшөөрөхгүй гэсэн тайлбарыг гаргаж байна. Хариуцагчид зээлийг шилжүүлэхдээ 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 480 000 000 төгрөг, мөн оны 12 дугаар сарын 07-ны өдөр 392 000 000 төгрөг нийт 872 000 000 төгрөгийг зээлдэгчид шилжүүлж гэрээнд заасан үүргээ биелүүлсэн.

Зээлийн эргэн төлөлтийн хуваарийг 872 000 000 төгрөгт хийсэн боловч зээлийн гэрээнд заасны дагуу хүү тооцохдоо уг мөнгийг зээлдэгчид шилжүүлсэн өдрөөсөө тооцсон тул зээлдэгчид хохирол учруулаагүй.

Иймд В.А групп ХХК-аас зээлийн гэрээний үүрэгт 858 392 879.34 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг ЗБ1205141951, БГ1205141951 тоот ипотекийн гэрээ болон барьцааны гэрээнд заасан хангуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч В.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Г.Б ХХК-тай зээлийн гэрээ байгуулж, 872 000 000 төгрөгийн зээлийг жилийн 25.2 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлж авсан нь үнэн. Г.Б ХХК нь анхнаасаа хууран мэхлэх замаар хэт өндөр хүүтэй, богино хугацаатай зээл олгосон бөгөөд ямар төрлийн зориулалттай зээл олгосон, хүүний хувьд хэд байсан гэх зэрэг мэдээлэл байхгүй бага хүүтэй урт хугацаатай болгож өгнө гэх зүйлийг ярьж байсан ч үүргээ огт биелүүлээгүй, 872 000 000 төгрөгийн зээлийг олгоогүй болно. Энэ тухай манай компаниас удаа дараа шаардан албан бичиг хүргүүлэх, улмаар харилцан тохиролцож зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, дуусгавар болгох зэрэг албан бичгийг хүргүүлж байсан.

Г.Б ХХК нь зээлдэгч талаас гаргасан хүсэлтэд ямар нэг хариу өгөлгүй, хэт өндөр хүүгээр цааш зээлийн гэрээг үргэлжлүүлэх сонирхол нь илт байсан нь харагддаг. Г.Б ХХК 872 000 000 төгрөгийн зээл олгох шийдвэр гаргасан мөртлөө 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 480 000 000 төгрөг, мөн оны 12 дугаар сарын 07-ны өдөр 392 000 000 төгрөгийг тус тус шилжүүлсэн тул манай компанийн үйл ажиллагаа доголдож алдагдал хүлээсэн тул зээлийг төлөх боломжгүй байдалд орсон. Ингэж дутуу олгосноос бидний бизнесийн гэрээнүүд цуцлагдаж байсан. Бид үндсэн зээлээ төлнө, хүү төлөхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1. дэх хэсэгт зааснаар хариуцагч В.А групп ХХК-аас 858 392 879.34 /найман зуун тавин найман сая гурван зуун ерөн хоёр мянга найман зуун далан есөн төгрөг гучин дөрвөн мөнгө/ төгрөгийг гаргуулан, Г.Б ХХК-д олгон, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх зааснаар хариуцагч үүргийн гүйцэтгэлийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Богд жавзандамба гудамж 91б/3 тоот, 374 м.кв, улсын бүртгэлийн Ү-2206018883 дугаар бүхий хувийн сууц, В.А групп ХХК-ийн өмчлөлийн дараах авто тээврийн хэрэгсэл North benz ND4260 0, Улсын дугаар 3926УБА, арлын дугаар LBZ446 DB8JA009170, North benz ND4260 0, Улсын дугаар 4371УБА, арлын дугаар LBZ446 DBXJA009168, North benz ND4260 0, Улсын дугаар 4786УБА, арлын дугаар LBZ446 DBIJA009172, North benz ND4260 0, Улсын дугаар 4906УБА, арлын дугаар LBZ446 DBIJA009169, North benz ND4260 0, Улсын дугаар 4916УБА, арлын дугаар LBZ446 DBXJA009171, JIDONG ТР4269, Улсын дугаар 4786ТЧ, Арлын дугаар LА9940591GАNM1023, JIDONG ТР4269, Улсын дугаар 4906АЧ,Арлын дугаар LА9940591GАNM 2553, JIDONG ТР4269, Улсын дугаар 4371ТЧ,Арлын дугаар LА9940591GАNM 4326, JIDONG ТР4269, Улсын дугаар 3928ТЧ,Арлын дугаар LА9940591GАNM 1104, JIDONG ТР4269, Улсын дугаар 4916ТЧ,Арлын дугаар LА9940591GАNM 6314 зэргийн үнийн дүнгээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмын дагуу хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт үүрэг болгон, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар Г.Б ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4 520 114.40 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 4 520 114.40 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж нэхэмжлэгч Г.Б ХХК-д олгон шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Хэрлэн давж заалдах гомдолдоо: Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байна.

Анхан шатны шүүх Талууд зээлийн дүн, зээлийн гэрээ, ипотекийн гэрээ, барьцааны гэрээний хүчин төгөлдөр эсэх талаар маргаагүй болно хэмээн шийдсэн байна. 2018 оны 10 дугаар сарын 08-ний өдөр Г.Б ХХК-тай байгуулсан ЗГ2505105075 тоот зээл болон барьцааны гэрээ, ипотекийн гэрээ байхад шүүх хэт нэг талыг барин шийдвэрлэсэн. Мөн Г.Б ХХК нь зээлийн олголт хийхдээ 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 480 000 000 төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 392 000 000 төгрөгийг тус тус шилжүүлсэн. Хариуцагч тал нь 872 000 000 төгрөгийн зээл хүссэн, түүний дагуу ч зээлийн гэрээ хийгдсэн байхад хэсэгчилж олгосонд учир дутагдалтай хэмээн үзэж байна. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хүсэлтүүдийг анхны шүүх хуралдааны үеэр хангаагүй хэт нэг талыг барин банкны талд шийдэж байгаад харамсалтай байна. 2020 оны 5 дугаар сарын 06-ний өдөр хариуцагч талаас нэхэмжлэгчийн зээлийн үйл ажиллагааны журам, зээл олгосон салбар хорооны шийдвэр, зээлийн гүйлгээ хийсэн баримт, зээл хүүний тооцоолол дээр үнэн зөв эсэхийг тодорхойлохын тулд шинжээч томилох, зээлийг дутуу олгосноор хэр хэмжээний хохирол үүссэн, бүх үйл ажиллагаа зогсонги байдалд орсон зэрэг үйл баримтыг анхаарч үзэлгүй хэргийг шийдвэрлэсэн.

Мөн нэхэмжлэгч 2 удаагийн зээлийн олголтдоо нэг зээлийн гэрээгээр хүү, нэмэгдүүлсэн хүү тооцож байгаа нь учир дутагдалтай байна.

Нэхэмжлэгч тал нэг ч удаа мэдэгдэл, зээлийн гэрээг цуцлах талаар дурдаагүй, харин хариуцагч талаас зээл төлөлт хийх боломжгүй байна, хугацааны дагуу дутуу олголт хийснээр ийм хохирол үүсээд байна гэх шаардлагыг удаа дараа хүргүүлсэн. /Дээрх хүсэлтүүдийг хавтаст хэрэгт гаргаж өгөөгүй/

Ипотекийн гэрээгээр Ц.Алтантулга, Д.Сарангэрэл нарын өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг дээрх зээлийн барьцаалсан. Зээлийн гэрээний үүрэг гүйцэтгэгч нь хариуцагч В.А групп ХХК байхад өмчлөгч нарын эрх ашгийг ноцтой зөрчиж байна. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оруулах талаар хүсэлтийг хүлээн аваагүй шийдсэн. Энэ бүхнээс харахад зөвхөн нэхэмжлэгч талын шаардлагыг ханган, хариуцагч талаас гаргасан бүх хүсэлтийг шийдвэрлээгүй хэт нэг талыг барьж шийдсэн.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрээс үндсэн хүү 112 209 384.07 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2 418 789.37 төгрөг нийт 114 628 173.44 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасанд нийцээгүй байна.

Нэхэмжлэгч Г.Б ХХК нь хариуцагч В.А групп ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 858 392 879.34 төгрөг гаргуулан, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

Анхан шатны шүүх хариуцагч В.А групп ХХК-аас зээлийн гэрээний үүрэгт 858 392 879.34 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Б ХХК-д олгон, барьцаа хөрөнгө болох Ц.Алтантулга, Д.Сарангэрэл нарын өмчлөлийн хувийн сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байна.

Учир нь Г.Б ХХК, иргэн Ц.Алтантуяа, Д.Сарангэрэл нар харилцан тохиролцоод тэдгээрийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Богд жавзандамба гудамжинд байрлах 91б/3 тоот 374 м.кв талбай бүхий хувийн сууцыг хариуцагч В.А групп ХХК-ийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаалсан 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн ипотекийн гэрээ хэрэгт авагджээ. /хх14-15/

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь барьцаа хөрөнгийн өмчлөгч нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хамтран хариуцагчаар татан оролцуулах хүсэлтийг шүүх ямар үндэслэлээр татан оролцуулах гэж байгаа нь ойлгомжгүй гэх үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж, тухайн иргэдийн өмчлөлийн эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн нь буруу байна. /хх-52/

Нөгөөтэйгүүр, шүүхээс гарах шийдвэрт өмчлөгч Ц.Алтантулга, Д.Сарангэрэл нарын эрх ашиг хөндөгдөх эсэхийг анхаарч, хэргийн оролцогчдоос тодруулах шаардлагатай тул энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлтэй.

Давж заалдах шатны шүүхээс дээрх алдааг залруулан хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 181/ШШ2020/01197 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч талаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 731 091 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО

 

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

 

Ч.ЦЭНД