| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намдагсүрэнгийн Батсайхан |
| Хэргийн индекс | 2408002200296 |
| Дугаар | 2025/ДШМ/853 |
| Огноо | 2025-07-22 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., 17.2.2., |
| Улсын яллагч | Б.Ундрах |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 07 сарын 22 өдөр
Дугаар 2025/ДШМ/853
Г.З-, Н.С-, Х.Э-, Б.М-
нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Б.Ариунхишиг, шүүгч Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Б.Ундрах,
шүүгдэгч Г.З-,
шүүгдэгч Н.С-, Х.Э-, тэдгээрийн өмгөөлөгч Б.Энхтүвшин,
шүүгдэгч Б.М-, түүний өмгөөлөгч Т.Мөнхтуяа,
нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 2025/ШЦТ/1324 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.З-ын өмгөөлөгч М.Алтанцэцэг, шүүгдэгч Х.Э-, түүний өмгөөлөгч Б.Энхтүвшин, шүүгдэгч Б.М-, түүний өмгөөлөгч Т.Мөнхтуяа нарын тус тус гаргасан давж заалдах гомдлуудаар Г.З-, Н.С-, Х.Э-, Б.М- нарт холбогдох 2408002200296 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.
1.Э овгийн Г-ын З, 1991 онд Хөвсгөл аймагт төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт Хөвсгөл аймагт оршин суух, (РД:...), урьд:
-Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 1212 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэг, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт тус тус зааснаар нийт 1 жилийн хорих ял оногдуулж, уг хорих ялыг тэнсэж хянан харгалзсан,
-Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 310 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хорих ялаар,
-Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 688 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5 жилийн хорих ялаар тус тус шийтгүүлсэн,
-Хөвсгөл аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 258 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 жилийн хорих ял шийтгүүлж, 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдөр хугацаанаас өмнө суллагдсан;
2.Х овгийн Н-ийн С, 1983 онд Улаанбаатар хотод төрсөн, 41 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Баянгол дүүрэгт оршин суух, (РД:...), урьд:
-Чингэлтэй дүүргийн шүүхийн 2006 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 137 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 5 cap 10 хоногийн баривчлах ял шийтгүүлж, цагдан хоригдсон 5 cap 10 хоногийг ял эдэлсэнд тооцож суллагдсан,
-Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 434 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 520 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, ялыг биелүүлээгүй тул тус дүүргийн шүүхийн шүүгчийн 2019 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 29 дүгээр захирамжаар 48 хоногийн хорих ялаар сольж, 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан,
-Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 441 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 жилийн хорих ял оногдуулж, 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан,
-Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 333 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг зааснаар 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, уг ялын эдлээгүй үлдсэн 1 cap 13 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялыг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 37 дугаар захирамжаар 1 cap 13 хоногийн хорих ялаар сольж, 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан;
3.Ө овгийн Х-ын Э, 1975 онд Улаанбаатар хотод төрсөн, 49 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 2, эгчийн хамт Сонгинохайрхан дүүрэгт оршин суух, ял шийтгэлгүй, (РД:...);
4.Х овгийн Б-гийн М, 1983 онд Улаанбаатар хотод төрсөн, 42 настай, эмэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, хувиараа барилгын ажил хийдэг, ам бүл 5, 4 хүүхдийн хамт Хан-Уул дүүрэгт оршин суух, (РД:...) урьд:
-Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2008 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 115 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 12 дугаар зүйлийн 12.1, 32 дугаар зүйлийн 32.2, 60 дугаар зүйлийн 60.3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 1 жил 4 сарын хорих ял шийтгүүлсэн;
Г.З- нь ганцаараа 2023 оны 09 дүгээр сарын 03-наас 04-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн “...” нэртэй баарны цонхыг хагалан нэвтэрч, 13 нэр төрлийн 26 ширхэг архи, пиво буюу 574,500 төгрөгийн эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэгт,
Г.З-, Н.С-, Х.Э-, Б.М- нар нь бүлэглэн согтуурсан үедээ 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “GS25” дэлгүүрийн гадна хохирогч П.М-ын биед халдан, хүч хэрэглэж, 9.3 грамм жинтэй монетон бөгж, зэс бугуйвч, савхин бээлий зэрэг эд зүйлийг авч, 2,633,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газар: Г.З-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,
Н.С-, Х.Э- нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,
Б.М-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Г.З-ыг “хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах, мөн бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолж дээрэмдэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 жил 5 сарын хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил 5 сарын хорих ял оногдуулж, ялуудыг нэмж нэгтгэн, нийт биечлэн эдлэх ялыг 4 жил 10 сарын хугацаагаар тогтоон, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,
шүүгдэгч Н.С-, Х.Э-, Б.М- нарыг “бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолж дээрэмдэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.С-т 2 жил 6 сарын хорих ял, шүүгдэгч Х.Э-д 2 жил 5 сарын хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.М-т 2 жил 2 сарын хорих ял тус тус оногдуулж, тэдэнд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.С-аас 209,000 төгрөгийг гаргуулан иргэний нэхэмжлэгч Ж.Ж-т олгохоор шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Г.З- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгчийнхөө гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. ...” гэв.
Шүүгдэгч Г.З-ын өмгөөлөгч М.Алтанцэцэг давж заалдах гомдолдоо: “...Шүүгдэгч Г.З- нь гэм буруутай үйлдэл дээрээ маргадаггүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч нарт учруулсан хохирлоо нөхөн төлсөн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасны дагуу ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулж, анхан шатны шүүхээс оногдуулсан ялаас хасаж өгнө үү. ...” гэжээ.
Шүүгдэгч Х.Э- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би өөрийн хийсэн гэм буруутай үйлдэлдээ их харамсан гэмшиж байна. Уг гэмт хэрэгт архидан согтуурсан үедээ холбогдож, бусдад хохирол учруулсан бөгөөд хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан. Миний бие эрүүл мэндийн хувьд, зүүн бөөрөндөө 2017 оны 03 дугаар сард хүнд хагалгаа хийлгэсэн, 2024 оны 04 дүгээр сард ослын улмаас ар дагзанд хүнд гэмтэл авч, хагалгаанд орсон. Хагалгаанд орсноос үүдэн даралт 180-240 хүртэл ихсэж, толгой хүчтэй өвддөг. Иймд дээрх нөхцөл байдлуудыг харгалзан надад оногдуулсан ялыг багасгаж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Н.С- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэргүүдээ нэгтгүүлж шийдвэрлүүлмээр байна. ...” гэв.
Шүүгдэгч Х.Э-, Н.С- нарын өмгөөлөгч Б.Энхтүвшин давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Х.Э- нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлууд байна. Шүүгдэгч Н.С- нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, иргэний нэхэмжлэгч Ж.Ж-т төлөх 209,000 төгрөгийг нөхөн төлөхөө илэрхийлж байгаа, мөрдөн шалгах ажиллагаанаас эхлэн хийсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч оролцсон. Шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй. Иймд дээрх хөнгөрүүлэх болон ар гэр, хувийн байдал, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан хорих ялыг хөнгөрүүлж, багасгаж өгнө үү.
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа Сонгинохайрхан, Баянгол дүүрэгт үйлдэгдсэн нийт 4 гэмт хэрэгт шүүгдэгч Н.С-ыг холбогдуулж хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, сэжигтнээр мэдүүлэг авсан ба одоогоор яллагдагчаар татаагүй байгаа. Иймд эрх зүйн байдалд нь сөргөөр нөлөөлж болзошгүй тул сэжигтнээр татсан хэргүүдтэй нь уг хэргийг нэгтгүүлж шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. ...” гэв.
Шүүгдэгч Б.М- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие өөрийн үйлдсэн гэм бурууг хүлээн зөвшөөрч, хохирогчид учирсан хохирол төлбөрийг бүрэн төлсөн. Би 4-16 насны 3 хүүхэдтэй, өрх толгойлсон эмэгтэй бөгөөд хүүхдүүдийг надаас өөр тэжээх хүн байхгүй. Хэрэг илрүүлэхэд хамгийн их туслалцаа үзүүлж байсанд би шүүгдэгч нарыг сайн танихгүй, согтуугаас болж ийм хэрэгт холбогдсон. Өөртөө их харамсаж, дүгнэлт хийсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар надад оногдуулсан ялыг 1 жилээр багасгаж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Б.М-ын өмгөөлөгч Т.Мөнхтуяа давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Б.М- нь төлбөрийг бүрэн төлсөн, 4-17 насны 3 хүүхдийн хамт амьдардаг өрх толгойлсон эмэгтэй бөгөөд мөрдөн шалгах ажиллагаанаас эхэлж өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн, хохирогчоос уучлалт гуйсан, хохирогч “гомдол, санал байхгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэдгийг шүүхэд ирүүлсэн зэрэг болон шүүгдэгчийн хувийн нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Б.М-т оногдуулсан ялыг 1 жилийн хугацаагаар багасгаж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү.
Хэргийн нөхцөл байдлыг харахад, “хохирогчийг зодохоо боль” гэсэн хүн бол шүүгдэгч Б.М- байдаг. Тэрээр архи, согтууруулах ундааны зүйл байнга хэрэглэдэг хүн биш, анх удаа гэмт хэрэгт холбогдсон. ...” гэв.
Прокурор Б.Ундрах тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй, хууль ёсны дагуу гарсан бөгөөд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн шинж зэргийг харгалзан шийдвэрлэсэн. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ тухайн шүүгдэгч нарын үйлдэл тус бүр ямар байсан, ямар хэмжээний хохирол учруулсан гэдгийг нэг мөр тогтоон тодруулж эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн. Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг нь хүнд ангиллын, 2-8 жил хүртэл хугацаагаар хорих ялтай гэмт хэргүүд юм. Шүүхээс шүүгдэгч нар гэм буруу дээр маргаагүй, учруулсан хохирлыг төлсөн, хувийн байдал, нийгмийн аюулын шинж байдал зэргийг харгалзан хамгийн бага хэмжээгээр хорих ялыг тус бүр оногдуулж шийдвэрлэсэн. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэхэд, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 2025/ШЦТ/1324 дүгээр шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн 2-т “...хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэж заасан.
Аливаа хууль Үндсэн хуульд захирагдах, хүний жам ёсны эрх, эрх чөлөө, хууль зүйн тэгш байдлыг хүлээн зөвшөөрч хуулиар бэхжүүлэн хангах, хуулийг бүх нийтээр хүчин төгөлдөр дагаж мөрдөх, төрийн байгууллагууд хуулийг гуйвалтгүй, нэг мөр биелүүлэх, зөв хэрэглэх нь хууль дээдлэх зарчмын агуулга болно.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 6 дугаар зүйлд зааснаар шүүх хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхдээ Монгол Улсын Үндсэн хууль, түүнд нийцүүлэн гаргасан, албан ёсоор нийтлэгдсэн хууль, Монгол Улсын олон улсын гэрээг хэрэглэнэ.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина” гэж хуульчилсан.
Эдгээр зохицуулалтуудаас дүгнэхэд, Монгол Улсад шүүх эрх мэдлийг дангаар хэрэгжүүлж буй шүүх байгууллага нь хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх хүрээнд хуульд нийцсэн шийдвэр гаргахын тулд үйл ажиллагаандаа хууль дээдлэх зарчмыг хэлбэрэлтгүйгээр удирдлага болгох үүрэгтэй.
Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, Г.З- нь урьд 4 удаа ял шийтгүүлж байсан бөгөөд Хөвсгөл аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 258 дугаар шийтгэх тогтоолоор хулгайлах гэмт хэрэгт 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, улмаар 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдөр 9 сар 25 хоногийн өмнө суллагдаж, 2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр дахин гэмт хэрэгт холбогдсон байна.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 2025/ШЦТ/1324 дүгээр шийтгэх тогтоолоор Г.З-т холбогдох 2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн үйлдэлд түүнийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага оногдуулж шийдвэрлэхдээ өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг хэрхэх талаар шүүх, прокурор хэн аль нь хууль зүйн дүгнэлт хийлгүй орхигдуулжээ.
Дээрх нөхцөл байдал нь шүүгдэгч Г.З-т эрүүгийн хариуцлага оногдуулахад нөлөөлөхөөр байх ба Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно” гэж заасанд нийцээгүй, хэрэглэвэл зохих хуулийн хэм хэмжээг хэрэглээгүй үндэслэлд хамаарна.
Иймд шүүгдэгчийн урьд ял шийтгүүлсэн шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг нэмж нэгтгэх асуудалд дүгнэлт хийгээгүй нөхцөл байдлыг давж заалдах шатны шүүхээс зөвтгөн залруулж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 2025/ШЦТ/1324 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.
Шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн тул шүүгдэгч нарт холбогдох шалгагдаж буй өөр гэмт хэрэг байгаа талаар мөрдөн шалгах ажиллагаа явуулж, тэдгээрийн эрх зүйн байдлыг дээрдүүлэх үүднээс нэгтгэн шийдвэрлэх эсэх асуудлыг шалгах нь зүйтэй.
Түүнчлэн хэрэгт Г.З- нь Хөвсгөл аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 258 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас хугацаанаас өмнө суллагдсан талаарх шүүгчийн захирамж авагдаагүй ба “Суллагдсан хүмүүст олгодог тодорхойлолт”-д үндэслэн түүний урьд шийтгүүлсэн ялын тооцооны талаар дүгнэлт өгөх боломжгүй бөгөөд тус баримтыг шүүгчийн захирамжийн нэгэн адилаар тооцон үнэлэхгүй.
Давж заалдах шатны шүүх “Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн” үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон тул шүүгдэгч Г.З-ын өмгөөлөгч М.Алтанцэцэг, шүүгдэгч Х.Э-, түүний өмгөөлөгч Б.Энхтүвшин, шүүгдэгч Б.М-, түүний өмгөөлөгч Т.Мөнхтуяа нарын тус тус гаргасан давж заалдах гомдлуудад хууль зүйн дүгнэлт хийгээгүй болохыг дурдаж байна.
Шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэнтэй холбогдуулан шүүгдэгч нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 2025/ШЦТ/1324 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.
2.Шүүгдэгч Г.З-, Н.С-, Х.Э-, Б.М- нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
3.Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР
ШҮҮГЧ Б.АРИУНХИШИГ
ШҮҮГЧ Н.БАТСАЙХАН