Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 2025/ДШМ/29

 

 

Г.У-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

      Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Мөнхжаргал даргалж, ерөнхий шүүгч Л.Алтан, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Отгонхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд явуулсан шүүх хуралдаанд:

       Прокурор А.Анхбаяр, шүүгдэгч Г.У, түүний өмгөөлөгч Л.Түвшинцэнгэл, Д.Бунжаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Мөнх-Эрдэнэ нарыг оролцуулан,

    Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Гансүх даргалж явуулсан шүүх хуралдааны 2025 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 2025/ШЦТ/77 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.У, түүний өмгөөлөгч Л.Түвшинцэнгэл нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, Г.У-т холбогдох, 2435000800212 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 5 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Л.Алтангийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

         Монгол Улсын иргэн, Х ургийн овогтой Г-ын У.

 

1. Холбогдсон хэргийн талаар:

        Шүүгдэгч Г.У нь нийтийн албан тушаалтан буюу Увс аймгийн С-ийн даргаар ажиллаж байхдаа С-ийн газрын даргын 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн А/36 дугаартай, 2024 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн А/96 дугаартай тушаалуудаар батлагдсан Увс аймаг дахь С-ийн хэлтсийн орон тооны хязгаарт байхгүй харуулын орон тоог шинээр бий болгож, уг оронд тоонд С.Д, Ч.Д, өөрийн нөхөр Д.Ц нарыг ажиллуулж бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, улсын төсөвт 65,597,027 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

     2. Увс аймгийн Прокурорын газрын ахлах прокурор А.Анхбаяраас шүүгдэгч Г.У-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, эрүүгийн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

      3. Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 2025/ШЦТ/77 дугаар шийтгэх тогтоолоор:

      - шүүгдэгч Х овогт Г-ын У-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2-т заасан “Нийтийн албан тушаалтан бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

     - Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч  Г.У-т нийтийн албанд ажиллах эрхийг 6 /зургаа/ жилийн хугацаагаар хасаж, 3 /гурав/ жил хорих ял шийтгэж,

     - Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Г.У-т оногдуулсан хорих ялыг эмэгтэйчүүдийн нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,

     - Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч  Г.У-т оногдуулсан нийтийн албанд ажиллах эрх хасах ялыг хорих ял эдэлж дууссан үеэс эхлэн тоолж,

      - шүүгдэгч Г.У-т урьд авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1-т зааснаар энэ өдрөөс эхлэн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч,

     - шүүгдэгч Г.У нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

      4. Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Түвшинцэнгэл давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “ Миний бие Г.У-т холбогдох, Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 2025/ШТЦ/77 дугаар шийтгэх тогтоолыг эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэх үндэслэлээр үл зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаж байна.

      Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь  хуулийн шаардлага хангаагүй гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэдгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

     4.1. Улсын яллагчийн бичсэн яллах дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлд заасан шаардлагад нийцээгүй, хавтаст хэргийн материалыг бүхэлд нь шинжлэн судлахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг тогтоогоогүй, тухайн байгууллагын үйл ажиллагааны онцлог, бусад зайлшгүй хүндэтгэн үзэх шалтгааныг анхаарч үзээгүйн дээр агентлагийн даргын гаргасан тушаалд дурдсан “орон тооны дээд, доод хязгаар”-ыг ч нягтлахгүйгээр гэмт хэргийн сэдэлт зорилго, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөлийг авч үзэлгүй хэт нэг талыг баримтлан яллаж, хэргийн үйл баримтыг өрөөсгөл дүгнэсэн байна.

     4.2. Хохирогч байгууллагаас томилогдсон нь С-ийн газар хууль эрх зүйн газрын ахлах мэргэжилтэн атлаа “харуул” гэдэг орон тоо нь зайлшгүй хэрэгтэй байсан эсэхийг ч судлаагүй, хавтаст хэргийн материалтай ч гүйцэд бүрэн танилцаагүй, анхан шатны шүүх хурлын хэлэлцүүлэгт хохирогчоор өгсөн мэдүүлэгтээ “жолооч” авах ёсгүй байсан гэж 2 удаа мэдүүлсэн. Иргэний нэхэмжлэгчийг мөрдөн байцаалт, прокурор, шүүхийн шатанд тогтоогоогүй, өөрт учирсан бодит хохирлоо хохирогчийн хууль ёсны төлөөлөгч өөрөө тооцоолж тодорхойлж мэдүүлж чадахгүй байлаа. Түүнчлэн хэдэн төгрөгийн хохирол учирсан эсэхээ мэдэхгүй, шүүхийн асуусан асуултад хариулж мэдэхгүй байгаа нь тухайн байгууллагыг бүрэн төлөөлж байгаа эсэхэд эргэлзээ төрүүлэв.

     Анхан шатны шүүх хуралдааны бичлэгээс үзвэл, улсын яллагч А.Анхбаяр нь цахимаар оролцож буй хохирогчийн төлөөлөгчид хөтөлсөн шинжтэй асуулт тавьж,  хэргийн баримт, хохирлын хэмжээ зэргийг өөрөө сануулж, хохирогчийн өмнөөс  шүүгчийн асуултад хариулж байгаа зэрэг нь зүй ёсоор анхаарал татаж байна.

       “Авлигын эсрэг” НҮБ-ын конвенцийн 19-р зүйлд, нийтийн албан тушаалтан өөрийн чиг үүргээ хэрэгжүүлэх явцдаа өөртөө эсхүл өөр этгээд байгууллагад зүй бус давуу байдал олгохдоо албан тушаалаа урвуулан ашиглах санаа сэдлийг агуулж байсныг нотлох нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндсэн нөхцөл болохыг заасан. Үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх тухай Энэхүү НҮБ-ын конвенцийн 8 дугаар зүйлд ‘Авлигын эсрэг НҮБ-ын конвенцоор тодорхойлсон, нийтийн албан тушаалтны албаны чиг үүргээ урвуулан ашиглах гэмт хэргийн шинжийг илүү өргөн агуулгаар буюу нийтийн албан тушаалтан албаны чиг үүрэг, бүрэн эрхэд хамаарах буюу хуулиар зөвшөөрөгдсөн үйлдлийг хийсэн, түүнчлэн хийгээгүйн төлөө өөртөө болон бусдад ямар нэгэн хууль бус давуу байдал бий болгохыг хүссэн, эсхүл тийм саналыг хүлээн авсан санаатай үйлдлийг гэмт хэрэгт тооцохоор тусгасан.

        Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1-р зүйлийн 1 дэх хэсэгт, гэмт хэрэг гэж нийгэмд аюултай, гэм буруутай үйлдлийг ойлгохоор хуульчилсан. Мөн хуулийн тусгай ангийн 22.1-р зүйлийн тайлбар хэсэгт: “энэ хуульд заасан урвуулан ашиглах гэж албан үүрэг, албан тушаалын байдлын эрх мэдлээ албаны эрх ашгийн эсрэг, эсхүл хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж,  хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, эсхүл хийх ёсгүй үйлдэл хийх, эрх мэдлээ хэтрүүлэхийг ойлгоно” гэсэн байдаг.

    Хэрэгт цугларсан нотлох баримтууд болон Г.У нь нэр бүхий 3 иргэнийг харуулаар ажилд авсантай маргадаггүй. Гэхдээ “нөхрөө ажилд авах зорилгоор харуулын орон тоо бий болгоогүй. Д.Ц-ийг ажилд авахаас өмнө “харуул ав“ гэсэн чиглэлийн дагуу С.Д, Ч.Д, техникчээр ажиллаж байсан Э.Г нарыг ажилд авсан байсан.

       Э.Г ар гэрийн гачигдлаар 10 хоногийн чөлөө аваад хүүхдээ авч Улаанбаатар хотод эмчилгээнд явсны дараа Д.Ц-ийг тухайн чөлөөтэй байсан хүний оронд түр ажилд авсан нь нотлогддог.

       4.3. С-ийн газрын даргын 2020 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн А/72 дугаар тушаалын 3 дахь заалтад: “Ажлын байр өмч хамгааллын чиглэлээр хэлтэс тус бүр гэрээт харуулыг цалингийн сандаа багтаан ажиллуулж цаашид хяналтыг автоматжуулах, хяналтын камер, харуул хамгаалалтын байгууллагатай хамтран ажиллаж төсвийг хэмнэх талаар зохих арга хамжээ авахыг Орон нутгийн С-ийн хэлтсийн дарга нарт зөвлөсүгэй гэж заасан /2-р хавтас 119 дэх тал/.

    Үүнээс үзвэл харуул авч ажиллуулах эрхийг орон нутгийн хэлтсүүдэд зөвшөөрсөн байна. Тэгээд ч агентлагийн даргын тушаал бол дотогшоо чиглэсэн заавар чиглэл бөгөөд энэ төрлийн захиргааны акт зөрчсөн хэрэг маргаан захиргааны хэрэг хянан шийдвэрлэх журмаар захиргааны шүүхийн харьяалалд хамаарна. Газрын даргын А/36, А/96 дугаар тушаалд нэр дурдсан 13-14 нэр төрлийн 23 хүртэл орон тоонд “харуул, манаач” гэдэг үг алга гэж үг үсгээр хөөцөлдөж яллах нь өөрөө хууль зүйн үндэслэл биш юм. Увс аймгийн С-ийн хэлтсийн 1,3 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг хамгаалж хариуцах үүрэг хүлээсэн хүний хувьд албаны чиг үүргээ хэрэгжүүлжээ.

        Тус байгууллагын эд хөрөнгөд Мэргэжлийн хяналтын газраас ихээхэн хэмжээний бодис, аюултай шатамхай бодис зэрэг лаборатори шилжин ирсэнтэй холбоотой зайлшгүй хүндэтгэн үзэх шалтгаан нөхцөл үүссэн байна. Тухайн үед оны эцэс болж байсан учир цалингийн нөөц сангаар зохицуул гэсэн дээд шатны даргын чиглэл, зөвлөмжийн дагуу 1,3 тэрбум төгрөгийн өмч хөрөнгө хамгаалахад зарцуулсан “харуулын цалинг улсын төсөвт учруулсан хохирол гэж тооцож цалингийн сангийн зардлаас гарсан 65,597,027 төгрөгийг Г.У-с гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Энэ төсвийн мөнгө нь харуул хамгаалалтын албан үүрэг гүйцэтгэсэн 3 иргэний цалин хөлсөнд зарцуулсан, тийм ч учраас улсын яллагч А.Анхбаяр нь “шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөр байхгүй” гэж анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт удаа дараа хэлсэн.

         Өөрөөр хэлбэл, улсын төсөвт ямар ч хор уршиг учраагүйг баталсан хариулт гэж дүгнэж байна.

С-ийн газрын даргын 2024 оны 4-р сарын 25-ны өдрийн А/96 тоот “Аймаг дахь С-ийн дотоод зохион байгуулалт, албан тушаалын ангилал, зэрэглэл орон тооны дээд хязгаарт нэмэлт өөрчлөлт оруулах тухай” тушаалын 4-т: “Хэлтэс тус бүр 2024 оны эхний хагаст багтаан ажлын байр, өмч хамгаалах ажлыг гэрээт харуул хамгаалалтын байгууллагаар гүйцэтгүүлэх талаар зохих арга хэмжээ авч хэрэгжилтийг тайлагнахыг аймгийн С-ийн хэлтсийн дарга нарт үүрэг болгосугай” гэжээ.

        Хэмнэсэн төсвөөсөө тухайн байгууллагад зайлшгүй шаардлагатай байгууллагын эд хөрөнгө хамгаалах чиг үүргээ биелүүлж, дээд боловсролтой гэр бүлийн хүнээ харуулаар авсан талаараа ашиг сонирхлын мэдүүлэг хөтлөөгүй, “нэр бүхий 3 иргэнийг гэрээгээр болон тушаалаар ажиллуулах хэрэгцээ шаардлага үүссэн талаар албан бичгээр дээд байгууллагадаа мэдэгдээгүй” зэрэг нь түүнд эрүүгийн хуулиар 3 жилийн хорих ял халдаах хууль зүйн үндэслэл болж чадахгүй гэж дүгнэж байна.

      Иймд манай үйлчлүүлэгч Г.У-т холбогдох Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 2025/ЩТЦ/77 тоот шийтгэх тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 4-т зааснаар бүхэлд нь хүчингүй болгож, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

    5. Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Түвшинцэнгэл давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан санал, тайлбартаа: “...С-ийн газрын даргын 2024 оны А/284 тоот тушаалаар аймгуудын С-ийн газруудын дарга нарт харуул хамгаалалт шаардлагатай тохиолдолд гэрээт харуул хамгаалалтын албаар гүйцэтгүүлж, гэрээт харуул хамгаалалтыг ажиллуулах шаардлагатай төслийг ирүүлэх чиглэлийг 2024 оны 4 дүгээр сарын сүүлээр гаргасан байдаг.

      Увс аймгийн С-ийн газарт харуул хамгаалалт шаардлагатай болсон талаарх  төслийг тооцоод ирүүлээгүй гэсэн шалтгаанаар буруутгаж байгааг хууль зүйн үндэслэлгүй гэж харж байна.

     Учир нь агентлагийг удирдаад явж байгаа,  тухайн байгууллагын 3 тэрбумын хөрөнгийг хамгаалах үүрэг хариуцлага хүлээж байгаа төслийн шууд захирагч 3  харуул  авах эрхтэй гэж бодож байна.

      Өмчөө хамгаалахын тулд цалин хөлс өгөх үүрэгтэй, үүнд тарифаар үнэлж цалинг олгосонгүй гэж үзэж байгаа юм уу, эсхүл хамгийн доод төсвөөр гэрээт харуул аваагүй гэж яллаад байгаа юм уу гэдэг нь тодорхойгүй байна.

        Хохирогч мэдүүлэг өгөх үүрэгтэй, хохирогч байгууллага нь хохирсноо мэдэхгүй, өргөдөл гомдол гаргаагүй, авлигатай тэмцэх газарт ирсэн мэдээллийн дагуу энэ хэргийг үүсгээд боогоод ирсэн нь анхаарал татаж байна.

       2023 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн А/36 тоот тушаал 1 дүгээр хавтаст хэргийн 41-42 дугаар талд авагдсан. Тус тушаалын 4 дэх талд дотоод зохион байгуулалт, орон тооны дээд хязгаарт өөрчлөлт орсонтой холбогдуулан, цалингийн санд багтааж арга хэмжээ авч ажиллахыг аймгийн С-ийн хэлтсийн дарга нарт үүрэг болгосугай гэсэн.

       Энэ тушаалд хамааруулж дээрх тушаал батлагдсантай холбоотой, С-ийн газрын даргын 2024 оны А/118 тоот тогтоолыг хүчингүй болгосон. Гэтэл энэ тушаал нь хүчингүй болчихоод байхад тус байгууллагын төлөөлөгч Д.Б энэ тушаалыг үндэслэл болгож ярьсаар л байдаг.

       Өнөөдрийн миний нотлох баримтаар гаргаж өгсөн урвалж бодис, оношлуур, тэжээлийн орчны химийн хортой бодисууд их эрсдэл агуулсан эд хөрөнгө.

      Түүнийг яаж хамгаалах вэ, энэ химийн хортой бодис байгууллагыг авч явахад шаардагдах оношлуур, стандарт олон улсын түвшинд очиж ажиллах, байгууллагыг толгойлж байгаа хүний хувьд төсвийн шууд захирагч нь төрийн албаны нэг хүний мэдүүлгээр эсхүл хамтран ажилладаг Х.Л гэдэг хүний мэдүүлгээр яллах талын нотлох баримтыг хангасан гэж үзсэн нь хууль зөрчиж байна.

      Г.У-г өөрийнх нь эсрэг мэдүүлэг авах ёсгүй, гэтэл нөхрийнх нь асуудлаар түүнээс гэрчээр мэдүүлэг авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.11 дүгээр зүйлийн 1.1-т заасныг зөрчсөн ба энэ нотлох баримтаар гэм буруутайд тооцож, нотлох баримтаар авч үзсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.5-т заасан заалтыг зөрчсөн.

      Улсын яллагчийн яллах дүгнэлтийн үндэслэл болох нотлох баримтууд нь шүүхээс гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлуудыг хөдөлбөргүй тогтоож, шүүгдэгчийн гэм буруутай эсэхийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, хүрэлцэхүйц байх зарчмыг хангаагүй гэж үзэж байна.

       Учир нь иргэний  хариуцагч нар өмнө нь энэ байгууллагад сантехникч, жолооч хийж байсан хүмүүс бөгөөд шинээр хүн ажилд аваагүй, ажил хавсарган гүйцэтгүүлж 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс 2 сарын 01-ний өдөр хооронд ажиллуулсан. Түр ажилд аваад үргэлжлүүлээд 12 дугаар сарын 30-ны өдрөөс эхлүүлэн ажиллуулсан.  

     Ямар нэгэн байдлаар, хэн нэгэнд зориулж орон тоо гаргасан зүйл байхгүй. Дахин нэг анхаарах зүйл нь эдгээр хүмүүс өмнө нь ажиллаж байсан, түр ажилд авсан нөхцөл байдлыг шалгаж үзээгүй, зөвхөн одоо байгаа 5 дугаар сарын 31-ний өдрөөс авсан тушаалтай нь холбогдуулж ялласан.

      Гэтэл тухайн хүмүүс 12 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн ажиллаад эхэлсэн, дотор нь хавсран гүйцэтгээд бүрэн цалин аваагүй, 30 хувийн цалин ч юм уу авсан.

      Тухайн үед 2022 оны 12 дугаар сарын 28-нд шинэ бүтцээр ажилтнууд шилжин ирсэнтэй холбоотой, Засаг даргын Тамгын газрын байрнаас өөрийн гэсэн  байранд орсонтой холбоотой, үндсэн хөрөнгөө хамгаалах шаардлага гарсан учраас харуул авсан нөхцөл байдлыг тогтоож үзэлгүйгээр, өнгөц байдлаар нөхцөл байдлыг дүгнээд шийдвэрлэсэн яллах дүгнэлтийг үндэслэн талуудын оролцоотойгоор бүрэн бодитой шинжлэн судлалгүйгээр,  шийтгэх тогтоолд ноцтой нөлөөлж болох зүйлийг хянаж үзэлгүйгээр шийтгэх тогтоол гаргасан хэргийг шийдвэрлэхэд сөргөөр нөлөөлсөн гэж үзэж байна.

     Шүүгдэгч гэм буруутай эсэхэд эргэлзээ төрж байна. Тийм учраас шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх зарчмыг баримтлаад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугүйд тооцох үндэслэлтэй гэж бодож байна.

      Хэргийн үйл баримт буюу нотолгоог үндэслэн шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ бүхий нөхцөл байдлыг анхан шатны шүүх буруу дүгнэсэн гэж үзэж байгаа. Энд хамааралтай бүхий л нотлох баримтыг нягтлан шалгах байсан.

      Яагаад эд хөрөнгийг хамгаалах зайлшгүй шаардлага гарсан, хулгай гарсан, 2 удаа паар задарсан нь аюулгүй ажиллагааны  байдалд нь нөлөөлж байна уу, Увс аймгийн ард түмэн төдийгүй олон улсын стандарт ISO9001 тогтоодог байгууллагад эрсдэл үүссэн байна уу гэдгийг тогтоохгүйгээр зөвхөн мэдээлэлд үндэслээд хохирогчийг хохирсон эсэхээ мэдэхгүй байхад нь шууд оруулж ирсэн явдал нь нотлогдох ажиллагаа хийгдээгүй гэж үзэж байна.

      Яллах нотлох баримт байхгүй, цагаатгах нотлох баримтыг мөрдөн байцаалт, прокурор, шүүхийн шатанд хийсэнгүй.

       Гэм буруутай эсэхэд гэмт хэргийн сэдэлт, санаа зорилго, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг хэзээ яаж үүссэн, яаж үйлдэгдсэн, гэмт хэргийн улмаас ямар хохирол учирсан, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг тогтоох, тодорхойлоход үүссэн үндэслэл бүхий эргэлзээ төрж байна.

          Нөхөр Д.Ц гэдэг хүнтэй 1994 онд хууль ёсны гэр бүл болсон нь үнэн боловч яллаж болохгүй.

65,000,000 төгрөгийн цалинг тухайн хүмүүс хийсэн хөдөлмөрийнхөө хөлсийг авсан. Ямар нэгэн байдлаар давуу байдал олгоод, тендерт ялуулаагүй, нөхрийгөө ажилд авсан нь болгоомжгүй захиргааны маргаан.

        Э.Г гэдэг хүн ар гэрийн гачигдлаар хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хот руу яваад оронд нь хэн ч байхгүй болсон учраас 458,000 төгрөгийн цалин авахын төлөө нөхрөө түр ажиллаач гэж гуйсан байдаг.

        Тэгэхээр эрүүгийн хэргийн санаа зорилго байсан эсэхийг прокурор хянаж үзээгүй алдаа гарсан.

     Энэ хэргийг угт нь тултал нягтлан шалгаагүй байж төрд 36 жил ажилласан, энэ байгууллагыг 10 жил толгойлсон, төрийн албаны жинхэнэ албан хаагч хүнийг гурван жил хорино гэж шийдэж болохгүй. Төрд ямар ч хохирол, хор уршиг учраагүй. Мөн шийтгэх тогтоол хуулийн үндэслэл бүхий байх шаардлага хангаагүй учраас эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэж гомдол гаргасан.

        Г.У-ын эрүүл мэндийн талаарх лавлагааг Увс аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас ирүүлсэн бөгөөд Г.У-ын хувьд зүрхний хэм алддаг, даралт ихсэх өвчтэй, бамбай булчирхайн холимог болон уйланхай бүтэцтэй арван зангилаа байна гэсэн оношилгоо хийгдсэн. Сая цагдан хоригдсоноос хойш зүрхний хэм нь алдагдаж цусны даралт ихдэж, нойр булчирхай болон бамбай булчирхайн өөрчлөлтүүд гарсан учраас цус шингэлэх, холестерин бууруулах, эрдэс бодис нөхөх эмчилгээ яаралтай хийгдэж, одоо эмчийн хяналтад байгаа, сая нотлох баримтыг бүгдийг нь өгсөн” гэв.

     6. Шүүгдэгч Г.У давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие төрд 36 жил ажилласан, сүүлийн 10 жил нь Увс аймаг дахь С-ийн хэлтсийн даргаар ажилласан.

        2025 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр сум дундын анхан шатны шүүхийн 77 дугаартай шийтгэх тогтоолоор С газрын даргын 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн А/36 дугаар тушаал, 2024 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн А/96 дугаар 2 тушаалаар орон тооны дээд хязгаарт байхгүй харуул гэх орон тоонд нэр бүхий 3 хүнийг авч ажиллуулсан, эрх мэдлээ урвуулан ашигласан гэмт хэрэг үйлдсэн гэж ялласан.

    Мөн энэ 3 харуулд гэрээ хийж өгсөн цалин, ажил олгогчоос төлсөн нийгмийн даатгалын шимтгэл, даатгуулагчаас төлсөн цалингийн ашиг зэрэг нийт 65,597,027 төгрөг буюу улсын төсөвт их хэмжээний хохирол учруулсан гэж хүндрүүлэн үзэж 3 жилийн хорих ял оноосон.

       Ингээд би эрүүгийн хүнд гэмт хэрэгтнээр яллагдаж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаж  68 хоноод өнөөдөр хуралд оролцож байна.

      2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Монгол улсын хэмжээнд Мэргэжлийн хяналтын байгууллага татан буугдсан, энэ байгууллагын зарим чиг үүрэг нь С-н салбарт шилжиж ирсэн, орон нутгийн бүх хэлтсүүдэд С газартай холбоотой бүтцийн өөрчлөлт хийгдсэн.

       Манай байгууллага 13 ажилтантай үйл ажиллагаа явуулдаг байсан, мэргэжлийн хяналтын байгууллагаас 10 ажилтан, хүнсний итгэмжлэгдсэн сорилтын лаборатори тэр чигтээ шилжиж ирсэн.

     Мөн Мэргэжлийн хяналтын конторын барилга, газар, хашаа гэх мэт 1 тэрбум гаруй төгрөгийн тавилга, эд хогшил, химийн урвалж бодис, эерэг сөрөг дээж гэх мэт эд хөрөнгийг хүлээж авах ажлын хэсэг ажиллаж манай байгууллага Тамгын газрын 2 дугаар байрнаас мэргэжлийн хяналтын байр руу нүүж орсон.

      Тухайн өдөр аймгийн Засаг даргын Тамгын газрын даргаар ахлуулсан 10 гаруй хүний бүрэлдэхүүнтэй комисс мэргэжлийн хяналтын байгууллагын эд хөрөнгийг манайд шилжүүлж өгөх процесс болсон.

      Эд хөрөнгийг хүлээж авах комисс ажиллаж байх явцад Мэргэжлийн хяналтаас хүлээж авах ёстой эд хөрөнгө зарим нь алга болсон. Тухайлбал хэлтсийн даргын өрөө 2 цагийн өмнө комисс хуралдахад бүрэн тавилгатай байсан бол 2 цагийн дараа хөрөнгөө хүлээж авахаар очиход нэг ч тавилгагүй хоосон хүлээлгэж өгсөн. Дотор нь байсан зүйл аль хэдийн өөр газар руу шилжүүлж нүүлгэх үйл явдал болж байсан. Бид муур хулгана болж байж энэ хөрөнгийг хүлээж авсан.

      Хоёрдугаарт, тухайн байранд хуучин Мэргэжлийн хяналтын газрын дарга, нягтлан бодогч, няравтайгаа 3 сарын хугацаанд сууж, санхүүгийн тайлан балансаа гаргах ёстой, зайлшгүй харуул хамгаалалт хэрэгтэй нөхцөл байдал үүссэн.

     Би тухайн байгууллагын даргын хувьд, төслийн шууд захирагчийн хувьд ажил үүрэг албан тушаалын тодорхойлолтод зааснаар 1 тэрбум гаруй төгрөгийн эд хөрөнгө, мөн аюултай химийн бодис урвалжийг хамгаалах үүрэг хариуцлагын хүрээнд 3 ажилтнаараа 12 дугаар сарын 30-ны өдрөөс эхэлж харуул хамгаалалтаар  ажиллуулсан.

      Учир нь манай төсвийн жилийн сүүлийн өдөр байсан. Цалингийн санд ямар нэгэн хэмнэлт байгаагүй. Ингээд 3 ажилтнаа нэмэгдэл цалингүй, үндсэн цалинг нь өгөөд ээлжлүүлээд 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэл ажиллуулсан.

        02 дугаар сарын 01-ний өдрөөс нэг ажилтан маань тэтгэвэрт гарсан, нэг хүний цалингийн сан хэмнэгдсэн, 3 дугаар сарын 01-ний өдөр нэг хүн хүсэлтээрээ ажлаас чөлөөлөгдсөн. 4 дүгээр сарын дундуур нэг ажилтан дэвшин ажиллаж өөр байгууллагад шилжсэн.

      Ингээд гурван ажилтны орон тооны цалингийн хэмнэлт гарсан. Албан тушаалын тодорхойлолтын дагуу байгууллага хариуцаж байгаа эд хөрөнгө хамгаалах үүргийн дагуу, олон химийн урвалж бодисыг нийгэмд аюултай хор уршиг бий болохоос нь урьдчилан сэргийлж би харуул хамгаалалтыг авсан.

      Төсвийн тухай хуулийн 16.4 дүгээр заалтаар төсвийн шууд захирагч гэж хэн бэ гэдгийг тодорхойлсон хуулийн хүрээнд, Төсвийн тухай хуулийн 16.4 дүгээр зүйлийн 18 дахь хэсэгт төсвийн байгууллагын дарга эрхлэгч нар тухайн төсвийн байгууллагын шууд захирагч байна, мөн зүйлийн 4.5 дахь хэсэгт агентлагийн дарга нь тухайн агентлагийн төсвийн шууд захирагч байна гэж хуульчилсан.

     Мөн зүйлийн 5.3 дахь хэсэгт төсвийн шууд захирагчийн бүрэн эрхийн хүрээнд хоёр газрын даргын тушаалуудаар баталж өгсөн орон тооны дээд хязгаарыг хэтрүүлээгүй, 23 ажилтантай байх ёстой.

      Төсвийн тухай хуулийн 16.5.3-д батлагдсан цалингийн сан орон тооны хязгаарт багтаан тухайн төсвийн байгууллагын орон тоо ажиллагсдын цалинг тогтоох бүрэн эрхийнхээ хүрээнд газрын даргын 36 дугаар тушаалын бүтцийн өөрчлөлт хийгдсэнтэй холбоотой цалингийн сандаа багтааж зохих арга хэмжээ ав гэж үүрэг болгосны дагуу би 3 харуулыг авч ажиллуулсан.

        Би тухайн хуулийг өөрийнхөө ойлгосон түвшинд хэрэглэж, шийдвэр гаргасан гэж үзэж байгаа.

      Тийм учраас би албан тушаалаа урвуулан ашиглах гэмт хэрэг хийгээгүй гэж үзээд энэ шийдвэр гаргасан. Мэргэжлийн хяналтын байгууллагын лаборатори 20 жил дандаа харуултай байсан, одоо ч манай орон нутгийн хэлтсүүд бүгдээрээ харуултай, төрийн үйлчилгээнд зайлшгүй байх ёстой нь нотлогдож байгаа учраас би газар руу бичиг явуулаагүй, газрын дарга 2 тушаалаараа харуул хамгаалалтыг авч ажиллуулах нь зүйтэй гэсэн зөвлөмж өгсөн, өмнө нь ажиллуулж байсан.

        Манай байгууллагын хувьд яагаад харуул байгаагүй шалтгаан нь бид Тамгын газрын 2 дугаар байр болох 3 давхар байранд 3 агентлаг үйл ажиллагаа явуулж байсан.

       Хамт нэг байранд үйл ажиллагаа явуулж байсан Байгаль орчны газар харуул хамгаалалттай учраас манай байгууллага харуул хамгаалалтын ажилтангүй байсан. Ийм нөхцөл байдал үүссэн учраас би төрийн тэрбум гаруй төгрөгийн үнэ бүхий хөрөнгийг хамгаалах, тэнд байгаа химийн аюултай бодис урвалжуудыг хамгаалах, тухайн байр улсын байцаагчийн дүгнэлт гарсан байсан, паар трубанууд нь салдаг, задардаг, цэвэр ус нь хөлддөг, цонх хаалга нь гацсан, хүйтэн алддаг гэх мэт эрсдэлээс урьдчилан сэргийлсэн гэж өөрийгөө зөвтгөж байгаа.

       ... Прокурор сая хэлэхдээ агентлагийн дарга танай орон тоог тогтоох ёстой байсныг зөрчсөн гэж үзэж байгаа гэсэн. Гэтэл Төсвийн тухай хуулийн 16.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар агентлагийн дарга зөвхөн тухайн агентлагийн орон тооны дээд хязгаарыг тогтооно.

       С хэлтсийн орон тоог хэлтсийн дарга л тогтооно. Би бүрэн эрхээ хэрэгжүүлсэн гэж үзэж байгаа, албаныхаа эрх үүрэг хариуцлага бүгдийг хуульд нийцүүлж хэрэгжүүлсэн гэж үзэж байгаа учраас анхан шатны шүүхийн шийдвэрт гомдолтой байгаа.

      Өмгөөлөгч нарынхаа өмгөөллийг бүрэн дэмжиж байгаа, хуулийн шударга ёсны зарчимд нийцүүлж шүүх бүрэлдэхүүн зөвөөр нь шийдэж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргаж байна, маш их гомдолтой байна” гэв.

      7. Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Бунжаа давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбар, саналдаа: “...Г.У-т холбогдох хэргийн материалтай миний бие танилцахад Г.У-ын Үндсэн хуулиар олгогдсон эрхийг нь хязгаарласан гэж харсан.

      Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д зааснаар хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг тогтоогоогүй, 1.7 дугаар зүйлд заасан холбогдох заалтуудыг тус тус зөрчсөн гэж үзсэн.

       Анхан шатны шүүхийн 2025 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 77 дугаартай шийтгэх тогтоолоор Г.У-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албан тушаалтан албан үүрэг бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцож ял оногдуулсан нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаагүй.

       ...Миний үйлчлүүлэгчийн үйлдэл оролцоог хэрэгсэхгүй болгож, цагаатгах байр суурьтай оролцож байгаагаа илэрхийлсэн.

       Г.У-ыг дээд байгууллагаас баталсан бүтэц орон тоонд байхгүй ажлын байрыг шинээр бий болгож, нэр бүхий иргэдийг авч ажиллуулсан бөгөөд нөхөр Д.Ц-ийг ажиллуулсан нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна гэж яллаад байгаа мөртлөө гэм буруугийн талаар тайлбар хийхдээ цалингийн сан хэтрүүлсэн гэж яллаагүй, харуул хамгаалалт авсан гэж яллаагүй мөн Г.У-ыг өөртөө давуу байдал үүсгэсэн гэж яллаагүй, харин бусдад давуу байдал үүсгэсэн гэж ялласан хэмээн ойлгосон.

       Г.У-ын үйлдэлд гэмт хэргийн шинж байхгүй гэж үзсэн.

      ... Хууль ёсны төлөөлөгч Д.Б нь мөрдөн байцаалтын шатаас шүүхийн шатанд удаа дараа тайлбар мэдүүлгээ өгөхдөө газрын даргын гаргасан А/36, А/96 тоот тушаалыг зөрчиж, буруу хэрэгжүүлж шийдсэн нөхцөл байдал бүрдсэн байна гэж хэлсэн атлаа улсын төсөвт ямар хохирол учирсан гэдгийг нарийвчлан тогтоож ирээгүй, зайлшгүй тогтоох шаардлагатай.

     Увс аймгийн С газрын тооцоогоор 58,000,000 төгрөгийн хохирлыг 3 харуулд өгсөн цалин, нийгмийн даатгалын шимтгэл, татварыг хасвал 49,801,476 төгрөг болно.

        С-ийн дээд байгууллагын даргын гаргасан тушаалыг манай үйлчлүүлэгч зөв хэрэгжүүлсэн гэж үзэж байгаа.

     Хууль ёсны төлөөлөгч Д.Б нь хэргийн материалтай гүйцэт танилцаагүй, бүрэн нотолж чадаагүй, С-ийн хэлтсийн дарга Г.У нь таны гаргасан тушаалыг зөв хэрэгжүүлсэн үү гэдгийг тодруулах ёстой байсан.

      Мөрдөн байцаалтын шатанд, прокурорын шатанд аймгийн орлогч прокурор Ц.Батцоож нь Г.У-т холбогдох хэргийг нэмэлт ажиллагаанд буцаах ёстой гэсэн шийдвэр гаргаад, түүний хэрэгжилтийг сонсож амжаагүй байж шилжээд явсны дараа, дараагийн прокурор А.Анхбаяр өмнөх прокурорын шийдсэн шийдлээс өөрөөр хяналт тавиад байгаа нь үндэслэлгүй байна.

         Г.У-ын гэмт хэрэг үйлдсэн гэх цаг хугацааг зайлшгүй тогтоох шаардлагатай байна.

       Ялын хариуцлагын шүүх хуралдаанд шүүгдэгч өмгөөлөгчгүй орсон ба хохирлыг ах дүү нар нь төлөөд орж ирсэн. Шүүгч энэ нөхцөл байдалд дүгнэлт хийхгүйгээр, хохирол төлсөн, хэргээ хүлээсэн гэж дүгнэж, ял оногдуулсан нь үндэслэлгүй.

       Шүүгдэгчийн эрүүл мэндийн байдал нь зайлшгүй эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх шаардлагатай гэж эмч хэлсэн боловч Г.У нь үнэн шударгаар шүүхийн өмнө өөрийн биеэр үгээ хэлнэ, би эмнэлэгт хэвтэхгүйгээр хуулиа судалж байж үнэн шударгаар шийдүүлнэ гэж хэлсэн.  

       Хэрэгт Г.У-ыг яллах хэмжээний нотлох баримт бүрэн, хөдөлбөргүй тогтоогдсон зүйл байхгүй. Эрхэм шүүгч нар хэргийнхээ нөхцөл байдлыг сайтар шинжилж, эцсийн шийдвэрээ гаргана гэдэгт итгэж байна” гэв.

       8. Прокурор А.Анхбаяр давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “Шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдсан гомдолтой танилцсан, давж заалдсан гомдол бүхэлдээ үндэслэлгүй талаар дараах тайлбарыг хийе.

       Нэгдүгээрт, Шүүхийн ерөнхий зөвлөлийн тогтоолын дагуу шүүх хурал нээлттэй явагдаж байгаа. Өмгөөлөгч нарын зүгээс, энэ хэрэгт хяналт тавьсан прокурор намайг , хэргийг анхан шатны журмаар шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон бусад хуулийг бүхэлд нь зөрчөөд, хуульд заасан журмын дагуу авагдаагүй нотлох баримтуудаар хүнийг яллагдагчаар татаад, яллах дүгнэлт гаргасан, шүүх нь шүүн таслах ажиллагаа явуулаад хүнд ял өгсөн гэх агуулгатай зүйл ярьж, нийгэмд буруу сэтгэгдэл үлдээж байгаад харамсаж байна.

       Л.Түвшинцэнгэл өмгөөлөгчийн давж заалдсан гомдол бүхэлдээ үндэслэлгүй. Шүүгдэгч Г.У-ын төрд 36 жил ажилласан, удирдах албан тушаалд буюу С-ийн хэлтсийн даргаар сүүлийн 10 жил ажиллаад гавьяаныхаа амралтад гарсан нөхцөл байдал нь түүний хувийн байдал юм. Түүнийг тухайн албан тушаалд ажилласанд нь яллаагүй.

        Харин тэрээр дээд газраас батлагдаж ирсэн бүтэц орон тоонд байхгүй ажлын байр буюу харуулаар С.Д, Д.Ц, Ч.Д нарыг өөрийн тушаалаар томилж, төсвөөс баталж өгсөн цалингийн сангаасаа цалинжуулсан асуудал нь хууль бус байна гэж яллаж байгаа.

      Хоёрдугаарт, тухайн 3 хүний нэг болох Д.Ц нь ашиг сонирхлын зөрчилтэй буюу Г.У-ын нөхөр байна гэж л яллаад байгаа юм.

        Тухайн 3 хүний цалингийн нийлбэр нь 50,000,000 буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан хохирлын их хэмжээ буюу тавин сая, түүнээс дээшээ байхаар заасан хохирол учруулсан.

        Ийм учраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг энэ хүн үйлдсэн байна гэж ялласан.

      Улсын 1 тэрбум 300 сая төгрөгийн объектыг хамгаалахын тулд ийм зүйл хийхээс өөр аргагүй байсан гэж яриад байна. Тийм биш шүү дээ.

     Стандарт хэмжил зүйн газрын дарга гэрээт харуул хамгаалалт авч ажиллуул, харуул хамгаалалтынхаа асуудлыг ингэж шийд гээд 2 удаагийн чиглэлийг өгсөн байдаг.

       Түүний дагуу авч ажиллуулахгүйгээр 2024 оны 9 дүгээр сар хүртэл явсан. 2024 оны 5 сарын 31-ний өдөр өөрийн нөхөр Д.Ц-ийг энэ хэрэгт шалгагдаж эхэлснээс хойш өөрийнхөө тушаалаар ажлаас чөлөөлсөн, С.Д, Ч.Д нарыг 2024 оны 9 дүгээр сард ажлаас чөлөөлсөн бол  хохирлынхоо хэмжээг багасгах боломж байсан.

      Өөрийнхөө хууль бус шийдвэрийг ядаж мөрдөн шалгах ажиллагааны явцад, хэрэг бүртгэлтийн хэрэг нээгээд, гомдол мэдээлэл шалгагдаж байх явцад таслан зогсоосон бол хохирлын  хэмжээ нэмэгдэхгүй байх боломж нь байсан.

         Шүүгдэгчээс нэхэмжлэх хохирол, хор уршиг байхгүй гэдэг зүйлийг прокурор удаа дараа ярьсан гэж байна.

    Улсын яллагчийн хувьд анхан шатны шүүх хуралдаанд оролцохдоо С.Д, Д.Ц, Ч.Д нарыг иргэний хариуцагчаар татаад тус тусынхаа авсан цалинг улсын төсөвт төлүүл гэдэг байр суурийг илэрхийлсэн, энэ талаар анхан шатны шүүхийн тэмдэглэлд тусгасан байгаа.

       Улсын яллагчийн хувьд С.Д, Д.Ц, Ч.Д нараас учирсан хохирлыг гаргуулахаар Эрүүгийн хэрэг хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар уг 3 хүн ийг иргэний хариуцагчаар тогтоож, мэдүүлэг авсан.

      Анхан шатны шүүхээс С.Д, Д.Ц, Ч.Д нар шударга хөдөлмөр эрхэлсэн байна, ийм учраас энэ хүмүүсээс цалинд авсан мөнгийг  нь гаргуулах боломжгүй, харин гэм буруутай буюу хууль бус тушаал гаргаж хүнийг ажилд авч ажиллуулан төсөвт хохирол учруулсан Г.У-с учруулсан хохирлыг төлүүлэхээр шийдвэр гарсан.

       Үүнийг прокурорын хувьд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, бусад хуулийн хувьд авч үзсэн ч дүгнэлт үндэслэлтэй гэж үзсэн.

      Ийм учраас энэ хэрэгт хохирол хэн төлөх вэ? учруулсан хохирлыг хэнээс гаргуулах вэ? гэдэг асуудалд прокурор эсэргүүцэл бичээгүй.

      Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тогтоогоогүй байна гэсэн зүйл яриад байна.

          Гэмт хэргийг хэн, хэзээ, хаана үйлдсэн, хэдэн төгрөгийн хохирол учруулсан бүгдийг нь тогтоосон байгаа.

       С.Д-ийг хэзээ авч ажиллуулсан, Д.Ц-ийг хэзээ авч ажиллуулсан, Ч.Д эхлээд жолооч байж байгаад жолоо барьж чадахгүй юм байна, жижүүр хийе гээд жолоочоос шилжүүлээд жижүүр, харуул хамгаалалтын ажилтан болсон бүх баримт нь байгаа.

       ... Шүүгдэгч Г.У нь нийтийн албан тушаалтан буюу Увс аймгийн стандарт хэмжил зүйн хэлтсийн даргын албан тушаалд ажиллаж байхдаа С.Д, Ч.Д нар болон өөрийн хамааралтай этгээд нөхөр Д.Ц нарыг авч ажиллуулж улсын төсөвт их хэмжээний хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байгаа гэж улсын яллагчийн зүгээс үзэж байгаа.

     Мөн анхан шатны шүүхээс хэрэгт авагдсан анхан шатны шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан, хэлэлцүүлэгдсэн нотлох баримтуудыг үндэслэж түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна гэж үзэн гэм буруутайд тооцож, хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэсэн.

       Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 77 дугаартай шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй, давж заалдах шатны шүүхээс уг шийтгэх тогтоолыг хүчингүй болгох, өөрчлөлт оруулах хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэж байгаа.

       ... Стандарт хэмжил зүйн газрын даргын 2024 оны А/96, 2023 оны А/36 дугаартай орон тооны бүтэц, дээд хязгаарыг тогтоосон тушаал байгаа. Түүнд 22-23 ажилтан байгаа, харуул хамгаалалтын ажилтан гэсэн ямар ч орон тоо байхгүй. Энд байхгүй харуул хамгаалалтын ажилтан гэдэг орон тоог бий болгосон.

      2022 ондоо төсөв нэмэгдсэн гээд яриад байгаа, 2022 оноос 23 ажилтан ажиллуулах орон тоотой боловч, хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар сүүлийн 4-5 жил дандаа 13-14, дээд тал нь 15 ажилтан ажиллаж байна.

     5-6 орон тоо дандаа дутуу яваад байдаг асуудал байгаа. Цалингийн хэмнэлтээр жижүүрүүдээ цалинжуулсан, өөрт олгогдоогүй эрх хэмжээгээ эдлээд 65,000,000 төгрөгийн хохирол улсын төсөвт учруулсан үйлдэл нь Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг байна гэж үзэж байгаа.

       Мөн С.Д, Д.Ц, Ч.Д нарын нийгмийн даатгалын шимтгэл нь хууль ёсны дагуу төлөгдсөн учраас хохирлынх нь хэмжээг 65,000,000 төгрөгөөр тооцох бүрэн үндэслэлтэй гэж үзэж байгаа.

     Иймд Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 77 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.У-ын өмгөөлөгч Л.Түвшинцэнгэлийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

       1. Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 2025/ШЦТ/77 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн  өмгөөлөгч Л.Түвшинцэнгэл нарын давж заалдсан гомдлыг үндэслэн Г.У-т холбогдох, 2435000800212 дугаартай эрүүгийн хэргийг давж заалдах шатны шүүхээр хянан хэлэлцэхдээ гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаад, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгох үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

      2. Увс аймгийн Прокурорын газраас Г.У-ыг нийтийн албан тушаалтан буюу Увс аймгийн С-ийн хэлтсийн даргаар ажиллаж байхдаа С-ийн газрын даргын 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн А/36 дугаартай, 2024 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн А/96 дугаартай тушаалуудаар батлагдсан Увс аймаг дахь С-ийн хэлтсийн орон тооны хязгаарт байхгүй харуулын орон тоог шинээр бий болгож, уг оронд тоонд иргэн С.Д, Ч.Д, өөрийн нөхөр Д.Ц нарыг авч ажиллуулан, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, улсын төсөвт 65,597,027 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогдуулан 2024 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 2435000800212 дугаартай прокурорын тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.       

      3. Анхан шатны шүүх шүүгдэгч Г.У-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан нийтийн албан тушаалтан бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нийтийн албанд ажиллах эрхийг 6 /зургаа/ жилийн хугацаагаар хасаж, 3 /гурав/ жил хорих ял оногдуулж шийдвэрлэснийг шүүгдэгчийн  өмгөөлөгч Л.Түвшинцэнгэл эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргажээ.

       4. Шүүгдэгч Г.У-т холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй байна.

          Шүүх аливаа хэрэг маргааныг хянан шийдвэрлэхдээ тухайн ажиллагаа бүхэлдээ хууль ёсны дагуу явагдсан эсэх, уг ажиллагааг явуулахад Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон бусад хуулийн заалт чанд мөрдөгдсөн эсэхийг хянан үзэж, хуульд нийцсэн нотлох баримтад үндэслэн шийдвэр гаргах үүрэгтэй болно.

        Г.У-т холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-т заасан гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр, хэмжээ буюу нотолбол зохих байдлуудыг хуулийн шаардлага хангасан  нотлох баримтад үндэслэн бүрэн гүйцэт тогтоогоогүй,  прокурорын яллах дүгнэлт хуулийн шаардлага хангаагүй байхад шүүх хэргийг хянан шийдвэрлэснээс шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болж чадаагүй гэж дүгнэв.

       4.1. Хууль тогтоогч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинжийг материаллаг бүрэлдэхүүнээр буюу хохирлын хэмжээгээр тодорхойлоогүй боловч уг гэмт хэргийн хүндрүүлэх шинжид  их хэмжээний хохирол учруулсан байхыг шаардсан байна. Тодруулбал, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт, нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан бол гэж гэм буруутай этгээдийн үйлдлийн улмаас учирсан хохирлын хэмжээнээс хамаарч хэргийн зүйлчлэл тодорхойлогдохоор хуульчилсан тул энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг нотлох баримтаар хөдөлбөргүй тогтоох зайлшгүй шаардлагатай гэж үзнэ.  

     Прокурорын 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 29 дүгээр яллагдагчаар татах тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулах тухай тогтоол болон яллах дүгнэлтэд гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээг 65,597,027 төгрөгөөр тогтоож, энэхүү хохирлын хэмжээнд үндэслэн шүүгдэгч Г.У-ыг нийтийн албан тушаалтан бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт ялласан байх боловч  хэргийн баримтаар хохирлын хэмжээ тодорхой бус байх ба хэрэгт авагдсан баримтын хэмжээнд хохирлын хэмжээг тооцоолох боломжгүй гэж дүгнэв.

     Тухайлбал, прокурорын яллах дүгнэлтэд тусгасан, хууль бусаар ажилд томилогдсон гэх нэр бүхий 3 ажилтны цалин хөлс, төлсөн татвар, нийгмийн даатгалын шимтгэл зэргийг тодорхойлсон зарим баримтууд хуульд заасан нотолгооны шаардлагад нийцээгүй байх тул уг баримтуудад үндэслэн хохирлын хэмжээг тогтоох үндэслэлгүй болно.  

      2-р хавтас хэргийн 213, 214 дүгээр талд авагдсан, С.Д, Ч.Д нарын 2024 оны 6 дугаар сараас 2024 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр хүртэлх хугацааны цалингийн түүвэр баримтыг хэн ямар журмаар, хаанаас гаргуулж авсан болох нь тодорхойгүй, эрх бүхий этгээдийн шийдвэрээр гаргуулсан болон хуульд заасны дагуу нотлох баримтаар хүлээн авсан, тооцсон шийдвэр хэрэгт авагдаагүй байна. Мөн дээрх хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийн баримтууд авагдаагүй.

    Түүнчлэн, прокурорын яллах дүгнэлтийн 11-р тал / 2-р хх-ийн 242-р хуудас/-д, Увс аймгийн Нийгмийн даатгалын газраас ирүүлсэн С.Д, Ч.Д, Д.Ц нарын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн 2024 оны 01 сарын 01-ний өдрөөс 08 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны лавлагаа 2-р хх-ийн 79-83-р талд авагдсан гэж тусгасан байх боловч уг хугацааны шимтгэл төлөлтийн лавлагаа бус, 2023 оны 01 сарын 01-ний өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацааны лавлагаа авагдсан байна.          

       4.2. Түүнчлэн прокурор яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлтдээ, Г.У нь Увс аймаг дахь хэмжил зүйн хэлтсийн даргаар ажиллахдаа, тус хэлтсийн дотоод зохион байгуулалт, албан тушаалын ангилал, зэрэглэл, орон тооны хязгаарт байхгүй харуулын орон тоог шинээр бий болгож, С.Д-тэй 2023 оны 2 дугаар сараас, Ч.Д болон өөрийн нөхөр Д.Ц нартай 2023 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс тус тус ажил гүйцэтгэх гэрээ байгуулан харуулаар ажиллуулсан, мөн  2023 оны 7 сарын 01-ний өдрөөс эдгээр 3 иргэнтэй хөдөлмөрийн гэрээ байгуулан төрийн үйлчилгээний үндсэн ажилтнаар ажиллуулж, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, хийх ёсгүй үйлдэл хийж, бусдад давуу байдал бий болгож, улсын төсөвт 65,597,027 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэж яллахдаа гэмт үйлдэл үргэлжилсэн, төгссөн эсхүл таслан зогсоогдсон цаг хугацааг тодорхойлж тусгаагүй, энэ талаар дүгнэлт хийгээгүй байна. Үүнтэй холбоотойгоор гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээг хэдий хугацаанд үндэслэж, хэрхэн тооцсон нь тодорхойгүй байна.  

    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3-т зааснаар гэмт үйлдэл, эс үйлдэхүй тодорхой хугацаанд үргэлжилсэн бол гэмт хэрэг үйлдэгдэж дууссан, эсхүл таслан зогсоогдсон үеийг гэмт хэрэг үйлдсэн хугацаанд хамааруулах ба гэмт хэрэг үйлдэж эхэлсэн, үргэлжилсэн, төгссөн хугацааг тодорхойлох зайлшгүй шаардлагатай болно.  

     5. Дээрх байдлаар Г.У-т холбогдох гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээг бодитой тогтоож чадаагүй, энэ нь шүүгдэгчийн гэм буруу, хэргийн зүйлчлэлд нөлөөлөх үр дагавартай бөгөөд анхан шатны шүүх шүүгдэгчийн гэм буруугийн асуудлаар дүгнэлт хийхэд нөлөөлж болох нөхцөл байдлыг анхаарч үзэхгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн нь үндэслэлгүй буюу шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалд нийцээгүй гэж дүгнэж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

        6. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн тул шүүгдэгч Г.У-ын өмгөөлөгч Л.Түвшинцэнгэлийн “... анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх агуулга бүхий давж заалдах гомдолд энэ удаад хууль зүйн дүгнэлт хийгээгүй болно.

      7.Шүүгдэгч Г.У-т өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ, Монгол улсын хилээр гарахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

       Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг тус тус удирдлага болгон,  

ТОГТООХ нь:

       1. Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 2025/ШЦТ/77 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.

        2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 14.2 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 14.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсгийг тус тус баримтлан шүүгдэгч Г.У-т өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ, Монгол улсын хилээр гарахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хэрэг анхан шатны шүүхэд очтол тус тус хэвээр хэрэглэсүгэй.

       3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Н.МӨНХЖАРГАЛ    

                                                        ШҮҮГЧ                               Ж.ОТГОНХИШИГ                                       

 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Л.АЛТАН