Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 252

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Адъяа,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Батсүх,

Шүүгдэгч Г.Энхбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны тахимд нээлттэй хийж, Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Зуунбогд Гончигдоржийн Энхбаярт холбогдох эрүүгийн 1818004190272 дугаартай хэргийг 2018 оны 7 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, Зуунбогд Гончигдоржийн Энхбаяр, 1972 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, ам бүл 2, эхнэрийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын 6 дугаар багийн Ханжаргалангийн 3 дугаар гудамжны 1б тоотод эрхэлсэн тодорхой ажилгүй оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ТИ72040174 регистрийн дугаартай.

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

 

Шүүгдэгч Г.Энхбаяр нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 3 дугаар сарын 17-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар баг “Хүнс” ХК-ний ард талд зогсож байсан 05-34 ДАХ улсын дугаартай Марк-2 маркийн автомашин дотор Н.Энхтайваныг цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ

 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Гэм буруугийн талаар:

 

 Шүүгдэгч Г.Энхбаяр нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 3 дугаар сарын 17-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багт байрлах Хүнсчдийн арын хаягдал төмөр авах цэг дээр зогсож байсан Н.Энхтайваны эзэмшлийн 0534 ДАХ улсын дугаартай Mark2 маркийн тээврийн хэрэгсэлд орж суун тээврийн хэрэгслийн жолооч Н.Энхтайваныг явсангүй гэх шалтгаанаар хамар хэсэгт нэг удаа цохиж эрүүл мэндэд нь “хамрын таславчны мурийлт, нүд орчмын цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь:

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт:

 

            Шүүгдэгч Г.Энхбаярын өгсөн: 2018 оны 3 дугаар сарын 17-ны өдөр 10-н жилийн найз болох Гансүхтэй тааралдаад бид хоёр нэг шил архи хувааж уугаад салцгаасан. Тэгээд би Шараагийн төмөр авдаг цэг дээр Ганбаагаас мөнгө авахаар очсон. Ганбаа бид хоёр мөнгөнөөс болоод маргасан. Тэгтэл манаач Оюунаа Цагдаагийн газар руу намайг агсан тавиад байна гээд дуудлага өгчихлөө гэхээр нь би айсандаа тэнд зогсож байсан Н.Энхтайван ахын машинд орж суугаад намайг цагдаад барьж өгөх гээд байна та намайг доошоо гэр рүү хүргээд өгөөч гэхэд Н.Энхтайван ах машинаа хөдөлгөөд явах гэсэн. Тэгтэл Оюунаа машины урдуур орж хааж зогсооход нь миний уур хүрээд Энхтайван ахыг хурдан хөдлөөд явсангүй гээд баруун гараараа хамар луу нь нэг цохьчихоод буугаад машины хажууд зогсож байхад цагдаа нар ирээд намайг барьж авсан гэх мэдүүлэг,  

 

            Талуудын хүсэлтээр хавтаст хэргээс:

 

                        Хохирогч Н.Энхтайваны өгсөн: 2018.3.17-ны өдрийн 15 цагийн орчимд 0534 ДАР улсын дугаартай Марк-2 маркийн тээврийн хэрэгслээр Дархан сумын 5 дугаар багийн Хүнсний ард байдаг төмөр авдаг цэг рүү таньдаг хүнээ хүргэж өгөөд машинаа хөдөлгөөд явж байхад машины хаалга онгойлгоод зүс таних эрэгтэй хүн орж ирээд намайг хүргээд өг цагдаа нар барих гээд байна гэхээр нь чи юу яриад байна гэтэл “өө муу пизда” гээд миний хамар дундуур гараараа цохих шиг болсон хамар шал хийгээд нүднээс нулимс гоожоод манараад эхэлсэн. Тэгээд би машинаа зогсоогоод байж байхад намайг цохисон залуу машинаас гарч зугтаах гэхэд цагдаа нар төмөр авдаг хашаан дотор ороод ирчихсэн байсан. Түүнийг барьж аваад явсан. Би тухайн үед нь тоогоогүй гэртээ 2 хоночихоод байж байхад манай хүүхдүүд та яасан бэ наадах хамраа эмчид үзүүл цагдаагийн байгууллагад хандаач гэхээр нь 3 хоногийн дараа өргөдөл бичиж өгч шалгуулахаар хандсан гэх мэдүүлэг /хх 13/,

     Гэрч О.Оюуны өгсөн: Би 2018 оны 3 дугаар сарын 17-ны өдөр Дархан сумын 5 дугаар багийн Хүнсчдийн арын хаягдал төмөр авах цэг дээр ажлаа хийгээд байж байхад 15 цагийн орчимд Энхбаяр нилээн согтолттой манай хашаанд орж ирсэн. Тэгээд тэнд ажил хийгээд зогсож байсан Ганбаттай маргалдаад ажлыг нь хийлгэхгүй байсан ба Ганбат над руу энэ согтуу хүнээ гаргаачээ ажлаа тайван хиймээр байна гэж хэлэхээр нь Энхбаярыг хашаанаас гар гэхэд миний үгэнд орохгүй байхаар нь би цагдаагийн газар луу дуудлага өгч байх үед хашаан дотор Энхтайван ах машинтайгаа орж ирсэн. Тэгэхэд Энхбаяр намайг цагдаа дуудсаныг сонсоод шууд Энхтайван ахын машинд нь орж суугаад хөдлөөд явах гэхэд нь би Энхтайван ах наадах хүнээ буулгаачээ цагдаад дуудлага өгчихсөн байгаа. Хэрвээ аваад явах юм бол би машины чинь дугаарыг цагдаад өгнө шүү гэж хэлэхэд машинаа зогсоосон. Тэр үед гаднаас цагдаагийн машин хашаан дотор орж ирээд Энхбаярыг аваад явсан гэх мэдүүлэг /хх 22/,

     Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 557 дугаартай шинжээчийн дүгнэлт:

1.Н.Энхтайваны биед хамрын таславчийн мурийлт, нүд орчим болон хамар орчмын цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадврын тогтонги алдалтад нөлөөлөхгүй гэжээ /хх 24/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

            Шүүгдэгч Г.Энхбаярын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

            Шүүгдэгч Г.Энхбаяр нь хохиролд 300 000 төгрөг төлж барагдуулсан байх бөгөөд хавтаст хэргийн 54-р хуудсанд авагдсан хохирогч Н.Энхтайваны "Г.Энхбаярт ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй тул хэргийг түргэн шуурхай шийдвэрлэж өгнө үү" гэх хүсэлтээр шүүгдэгчийг гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй байна гэж үзлээ.

 

2.Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Эрүүгийн хариуцлага нь ял, албадлагын арга хэмжээнээс бүрдэх бөгөөд шүүгдэгч Г.Энхбаяр нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.

Шүүгдэгч Г.Энхбаярт ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.  

            Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гаргах зардалгүй болохыг дурдав.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Зуунбогд Гончигдоржийн Энхбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан "хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан" гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Г.Энхбаярыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.   

 

            3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Г.Энхбаярт оногдуулсан 450 000 төгрөгийн торгох ялыг нэг сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

            4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүгдэгч Г.Энхбаяр нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

           

            5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гаргах зардалгүй болохыг дурдсугай.

 

6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

            7.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Энхбаярт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Т.БАТЖАРГАЛ