| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намдагсүрэнгийн Батсайхан |
| Хэргийн индекс | 2009021592839 |
| Дугаар | 2025/ДШМ/870 |
| Огноо | 2025-07-23 |
| Зүйл хэсэг | 17.3.2.2., |
| Улсын яллагч | Э.Мөнхболд |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 07 сарын 23 өдөр
Дугаар 2025/ДШМ/870
Х.А-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Д.Очмандах, шүүгч Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Э.Мөнхболд,
шүүгдэгч Х.А-ийн өмгөөлөгч Б.Эрдэнэбат,
нарийн бичгийн дарга Э.Даваадулам нарыг оролцуулан,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 2025/ШЦТ/955 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Х.Б-ын гаргасан давж заалдах гомдлоор Х.А-д холбогдох 2009021592839 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.
Б овгийн Х-ын А, 1991 онд Улаанбаатар хотод төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, “Х” ХХК-ийн гүйцэтгэх захирал ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Баянзүрх дүүрэгт оршин суух, ял шийтгэлгүй, (РД:...);
Х.А- нь “...“Х” ХХК уул уурхайн олборлолтын үйл ажиллагаа явуулдаг, 2 ширхэг экскаваторыг 780,000,000 төгрөгөөр зээлээр худалдан авч, уурхайд ашиглана” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж Х.Б-ын эзэмшлийн 2009 онд үйлдвэрлэгдсэн 5... УН, 2007 онд үйлдвэрлэгдсэн 9... УН улсын бүртгэлийн дугаартай “Hyunda Robex5000LC-7” загварын 2 ширхэг экскаваторыг 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Сүхбаатар дүүргийн “G” төвд шилжүүлэн авч, их хэмжээний буюу 780,000,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Сүхбаатар дүүргийн прокурорын газар: Х.А-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Х.А-ийг “Хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, өмлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч, бусдад их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 40,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж,
хохирогч Х.Б- нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлоо иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэжээ.
Хохирогч Х.Б- давж заалдах гомдолдоо: “...Би шүүх хуралдаанд Г.Б-, С.М- нарын гэмт хэргийн шинжтэй үйлдлийг нь улсын яллагчийн зүгээс хөдөө орон нутаг болон гадаад улсад зорчиж байсан гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Х.А-ийг дангаар яллан оруулж ирсэн нь үндэслэлгүй, дээрх нөхцөл байдлын хүрээнд дээд шатны прокурорт нь гомдол гаргаж, улмаар уг прокурорын тогтоолыг хүчингүй болгосон тул ийнхүү дахин хэвээр нь анхан шатны шүүхэд шилжүүлж байгааг хүлээн зөвшөөрөхгүй талаар хэлсэн.
Анхан шатны шүүх шийтгэх тогтоол гаргахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, 2.4-т тус тус заасныг огт биелүүлээгүй. Шийтгэх тогтоолын 6 дугаар талд “хохирогч Х.Б- шүүхийн хэлэлцүүлэгт 352,907,247 төгрөгийг нэхэмжилж байгаа” гэх боловч тогтоох хэсгийн 5 дахь заалтад “хохирогч Х.Б- нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй” гэж дээрх хохирлоо би хэнээс нэхэмжлэх эсэх нь тодорхойгүй, хэт ерөнхий байдлаар бичсэн нь шүүхийн шийдвэр тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх хуулийн шаардлагыг хангаагүй.
Түүнчлэн шүүхээс “шүүгдэгч Х.А-ийг гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо бүрэн төлсөн баримт ирүүлсэн тул бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ” гэх боловч энэхүү дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь хүлээн авахдаа бусдыг нь үгүйсгэсэн үндэслэлээ шийтгэх тогтоолд заагаагүй нь хохирол, хор уршгийн асуудлыг үнэн зөвөөр шийдвэрлүүлэх, хэргийн бусад оролцогч нарын үйлдлийг нэг мөр болгоогүй нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж, улмаар шүүгдэгчид хөнгөн ял оногдуулахад хүргэсэн гэж үзэж гомдолтой байна. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. ...” гэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Эрдэнэбат тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирогч Х.Б-ын гаргасан гомдлыг үндэслэлгүй гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны, үндэслэл бүхий гарсан. Хохирогч нь нийт 352,000,000 төгрөгийн хохирол нэхэмжилсэн боловч энэ нэхэмжлэл нь үндэслэлгүй гэж дүгнэсэн нь шүүхийн шийдвэрт тодорхой тусгагдсан. Шүүгдэгч Х.А- нь гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, хохирогчийн хохирлыг нэн даруй бүрэн барагдуулсан. Тодруулбал хохирогчийн 780,000,000 төгрөгийн үнэлгээтэй хоёр экскаваторыг 977,000,000 төгрөгөөр үнэлж, тухайн өртгөөр барагдуулсан. Мөн хамгийн сүүлд 700,000,000 төгрөгийг бэлнээр өгсөн бөгөөд тэр үед хохирогч “гомдолгүй, ингээд асуудлаа дуусгая” хэмээн хэлж, хэргийг цаашид шүүхээр шийдвэрлэхийг зөвшөөрсөн. Гэтэл үүний дараа хохирогч Х.Б- 60,000,000 төгрөг, дараа нь нэмээд 150,000,000 төгрөг гэх мэтээр нэмэлтээр дахин мөнгө нэхэмжилсэн. Эдгээр нь бүгд хууль ёсны үндэслэлгүй, давхардуулсан нэхэмжлэл юм. Хохирогч Х.Б-ын зүгээс гаргаж буй эдгээр нэхэмжлэлийн зорилго нь гэмт хэргийг мөрдөн байцаалтад эргүүлэн буцаах, улмаар прокурорын хяналтад байлгаж, дахин нэмэлт төлбөр шаардах хэлбэртэй ашиг сонирхлын зөрчилтэй үйлдэл гэж үзэж байна. Нийслэлийн прокурорын газрын 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн тогтоол нь зөвхөн “мөрдөн байцаалтын ажиллагаа дутуу, нэмэлт ажиллагаа шаардлагатай” гэсэн үндэслэлээр яллах дүгнэлтийг хүчингүй болгосноос биш, хохирогчийн гаргасан гомдлын агуулгад үндэслэж гаргасан шийдвэр биш юм. Анхан шатны шүүх “хохирогч нь тухайн гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг, хохирлоо иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй” гэж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.
Прокурор Э.Мөнхболд тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Х.А-д холбогдох хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны, үндэслэлтэй байна. Уг хэрэг нь анх 2020 оноос үүсэлтэй, хэрэг бүртгэлтийн хэд хэдэн ажиллагааны нэгдлээр шалгагдаж ирсэн. 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр шүүгдэгч Х.А-ийг яллагдагчаар татаж, 2024 оны 08 дугаар сарын 01-ний өдөр яллах дүгнэлт үйлдсэн. Энэхүү хэргийн явцад өмнө нь Г.Б-, С.М-, Х.А- нарт яллах дүгнэлт үйлдсэн боловч тухайн дүгнэлтийн дагуу гомдол гаргасны үндсэн дээр Нийслэлийн прокурорын газар болон Сүхбаатар дүүргийн прокурорын газар “гэрээ байгуулагдах үед Г.Б-, С.М- нар гадаадад оршин сууж байсан нь нотлогдсон. Түүнчлэн ажлыг хариуцсан, гүйцэтгэх захирлаар ажилладаг хүн нь Х.А- тул энэ хүмүүст холбогдох үйлдэл оролцоог шалгасны дараагаар хэргийг шийдвэрлэх нь зүйтэй” гэж үзэж яллах дүгнэлтийг хүчингүй болгосон. Харин шүүгдэгч Х.А-ийн хувьд тэрээр тухайн үед гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан, гэрээг анх байгуулсан гол этгээд нь байсан учраас түүнд холбогдох яллах дүгнэлтийг хэвээр үлдээж, шүүхэд шилжүүлсэн. Нийслэлийн прокурорын газраас уг прокурорын тогтоолыг хэвээр үлдээж, Х.А-ийн яллах дүгнэлттэй холбоотой хэсгийг хохирол, төлбөр төлөгдсөн байдал нь тодорхойгүй гэх үндэслэлээр хүчингүй болгож, нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийх шаардлагатай гэж үзсэн. Ийнхүү нэмэлт мөрдөн шалгах ажиллагааны дараа хохирол барагдуулсан эсэх асуудал тодорхой болж, дахин яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн. Яллах дүгнэлтийг хүчингүй болгосон шийдвэрийг үндэслэн шинэчилсэн яллах дүгнэлт үйлдсэн нь хуулийн хүрээнд хийгдсэн. Урьдчилсан хэлэлцүүлгийн үеэр нотлох баримт нэмж цуглуулах, мөрдөн шалгах ажиллагаа нэмж явуулах талаар хохирогчийн зүгээс хүсэлт гаргаагүй. Хэдийгээр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн явцад энэ талаар ярьсан ч шүүх “хэргийг шүүхэд шилжүүлэхээс өмнөх шатанд уг асуудлыг хөндөөгүй” гэдгээр шийдвэр гаргасан нь үндэслэлтэй. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Х.А-д холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар хэргийн шийдвэр, ажиллагааг хохирогчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.
Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд шүүгдэгчид холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн:
-хохирогч Х.Б-ын: “...2019 оны 10 дугаар сард манай танил найзууд “уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Х” компани нүүрсний орд газар авсан, эхний ээлжид экскаватор хэрэгтэй гэсэн, чи уулзаач” гэхээр нь эхлээд тухайн компанийн захирал гэх Г.Б-тай уулзаж, 2019 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр компанийн оффис “G”-гийн 14-15 давхарт очиж ерөнхий захирал С.М-, бас нэг захирал Х.А-, Г.Б- нартай уулзсан. 800,000,000 төгрөг гэхэд С.М- “доош нь яриад зарахгүй юм уу, хоёуланг нь худалдаж авна” гэхээр нь 780,000,000 төгрөгөөр тохирсон. Би маргааш өглөө нь Солонгос улс руу явах байсан. Би дээрх 2 механизм нь “И” ББСБ-ын барьцаанд 80,000,000 төгрөгийн үлдэгдэлтэй, мөн 2 тээврийн хэрэгсэл болон өөрийн гар утасны дугаарыг барьцаалж чөлөөлсөн, та нарын зүгээс мөнгө орж ирвэл би өөрийн барьцаа хөрөнгийг чөлөөлж авах ёстой, тухайн газраас албан ёсоор нэр шилжүүлж аваагүй байсан гэдгийг хэлсэн. С.М- нарын зүгээс манай компанийн нэр дээр шилжүүлээд өгвөл бэлэн 250,000,000 төгрөг өгнө гэсэн ба үлдсэн төлбөрийг cap бүр 100,000,000 төгрөгийг шилжүүлж дуусгана гэж тохирсон тул 2 экскаваторыг “Х” ХХК-ийн нэр дээр шилжүүлсэн боловч мөнгө орж ирээгүй, дээрх хүмүүсийн гар утас холбогдохгүй, зарим үед утсаа авдаггүй байсан. Их хэл ам хийсний дараа бага багаар мөнгө өгч байгаа мэт дүр эсгэсэн...” (1хх 74-76, 3хх 250-4хх 1),
-гэрч Ч.Б-ын: “...2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр “А” ХХК-ийн “С”-д Г.Б- гэх хүн Авто тээврийн үндэсний төвийн лавлагаа болон тээврийн хэрэгслийн гэрчилгээгээр тогтоогдсон өөрийн өмчлөлийн 9... УН улсын дугаартай “Hyundai Robex5000LC-7” загварын 2009 онд үйлдвэрлэгдсэн, 2018 онд Монгол Улсад орж ирсэн 52,200,000 төгрөгийн үнэлгээ бүхий тээврийг хэрэгслийг барьцаат зээлийн гэрээ байгуулан 60,000,000 төгрөгийг сарын 3 хувийн хүүтэй 30 хоногийн хугацаатай барьцаалсан. 3 cap гэрээгээ сунгаад үүнээс хойш огт сунгалт болон төлөлт хийгээгүй. Барьцаат зээлийн гэрээнд заасны дагуу болон өөрийнх нь хүсэлтээр тухайн тээврийн хэрэгсэл нь “А ХХК”-ийн өмч болсон...” (1хх 83),
-гэрч Б.Б-ийн: “...2018 онд манай ах н.Б над руу залгаад “Х.Б- Солонгос улсаас 2 ширхэг экскаваторыг оруулж ирж байгаа, тэр хоёрыг чиний нэр дээр түр аваадахъя” гэж хэлсэн. Миний нэр дээр 2-3 cap болж байхад Х.Б- залгаад “би нэг ломбардтай ярьсан, тэр ломбардад очоод наад 2 экскаватораа тавьчих” гэж хэлсний дагуу ломбардад тавьсан. Мөнгө нь миний данс руу ороод би Х.Б-ын данс руу шилжүүлсэн...” (1хх 87),
-шүүгдэгч Х.А-ийн яллагдагчаар өгсөн: “...Х.Б-д нийт 277,525,801 төгрөгийг 2019 оны 11 дүгээр сарын 26-ны өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хооронд хувааж түүний эхнэр Н.Г-ийн дансаар болон бэлнээр төлсөн. 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Н.Г-ийн дансанд 4 удаагийн гүйлгээгээр нийт 700,000,000 төгрөгийг шилжүүлж, нийт 977,525,801 төгрөгийн хохирол барагдуулсан. Тухайн үед Х.Б-д “Land Cruiser-200” загварын ... УБК, “Mercedes Benz GLA-180” загварын ... УНМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг барьцаанд өгсөн. “Land Cruiser”-ийг Х.Б- өөрөө бусдад худалдан борлуулж хохирол төлбөртөө авсан. Харин “Mercedes Benz” нь одоо түүний барьцаанд байгаа. Бид 2024 оны 05 дугаар сарын сүүлээр Х.Б-тай уулзаад хохирол төлбөрт нийт хэдэн төгрөг өгвөл болох талаар асуухад “700,000,000 төгрөг өгчих, тэгээд дуусъя” гэж хэлсний дагуу 4 хувааж өгсөн. 2-3 хоногийн дараа дахин залгаад “60,000,000 төгрөг өг” гэж хэлсэн...” (5хх 14-17) гэх мэдүүлгүүд,
-тус 2 экскаваторыг “Х” ХХК-ийн нэр дээр шилжүүлэх талаар хүссэн “И” ХХК-ийн 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 571 дүгээр албан бичиг (2хх 33),
-2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн ХШ191223 дугаар хоёр ширхэг тээврийн хэрэгслийг 780,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээ (1хх 88-89),
-“Х” ХХК нь 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн Монгол Улсын хилээр импортоор бараа бүтээгдэхүүн оруулж ирсэн эсэх талаарх Гаалийн ерөнхий газраас ирүүлсэн 2021 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 3187 дугаартай албан бичиг, түүний хавсралт (1хх 195-198),
-Татварын ерөнхий газрын 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 7/1848 дугаар албан бичиг бүхий “Х ХХК-ийн татварын тайлан (1хх 199-204),
-“9...” УН, “5...” УН улсын дугаартай “Hyunda” маркийн "Robex5000LC-7" загвартай машин механизмын улсын бүртгэлийн лавлагаа (3хх 205-208),
-Худалдаа хөгжлийн банк дахь “Х” ХХК-ийн эзэмшлийн ..., ... дугаар данснуудын хуулга (3хх 25-28, 29-30),
-2019 оны 05 дугаар сарын 23-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл хугацаанд “Х” ХХК-ийн Хаан банк дахь ... дугаарын дансанд 20,443,409 юань буюу 8,620,225,674 төгрөгийн гүйлгээ хийгдсэн (4хх 75-79),
-2019 оны 08 дугаар сарын 08-ны өдрөөс 2022 оны 08 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл хугацаанд “Х” ХХК-ийн Хаан банк дахь ... дугаарын дансанд 4,850,262,132 төгрөгийн орлогын гүйлгээ хийгдсэн (4хх 80-83),
-2019 оны 06 дугаар сарын 27-ны өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл хугацаанд “Х” ХХК-ийн Хаан банк дахь ... дугаарын дансанд 2,933,392,035 төгрөгийн орлогын гүйлгээ хийгдсэн (4хх 84-86) тус тус дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэлүүд,
-2024 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн байдлаар “Х” ХХК, “Ж” ХХК, “Э” ХХК, “Ш” ХХК-уудын эзэмшилд ашигт малтмалын хүчин төгөлдөр тусгай зөвшөөрөл бүртгэлгүй бөгөөд тус компаниудын эзэмшилд тусгай зөвшөөрөл бүртгэлтэй байсан тухай мэдээлэл байхгүй талаарх Ашигт малтмал газрын тосны газрын 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 2793 дугаар албан бичиг (3хх 211),
“А” ХХК-ийн 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн “...Г.Б- нь 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр 9... УН улсын дугаартай “Hyunda Robex5000LC-7” загварын механизм зогсоолд байршуулж зээл аваад 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр хаасан...” гэх албан бичиг (3хх 215) зэргийг харьцуулан шинжлэн судлахад:
шүүгдэгч Х.А- нь “...“Х” ХХК нь уул уурхайн олборлолтын үйл ажиллагаа явуулдаг, 2 ширхэг экскаваторыг 780,000,000 төгрөгөөр зээлээр худалдан авч, уурхайд ашиглана” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж Х.Б-ын эзэмшлийн 2009 онд үйлдвэрлэгдсэн 5... УН, 2007 онд үйлдвэрлэгдсэн 9... УН улсын бүртгэлийн дугаартай “Hyunda Robex5000LC-7” загварын 2 ширхэг экскаваторыг 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Сүхбаатар дүүргийн “G” төвд шилжүүлэн авч, их хэмжээний буюу 780,000,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийн үйл баримт тогтоогдсон талаар анхан шатны шүүх эргэлзээгүй, үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, агуулгын хувьд хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх бөгөөд эдгээрийг үндэслэн шүүгдэгч Х.А-ийн хохирогч Х.Баттулгыг залилж, түүнд их хэмжээний хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зүйлчилсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Аливаа гэмт хэрэг нь хүний аюулгүй байдал, эрх, эрх чөлөө нийгмийн аюулгүй байдал, хэв журам, эд хөрөнгө өмчлөх, эзэмших, ашиглах зэрэг нийгмийн амин чухал эрх ашигт халдаж, хохирол учруулдаг тул Эрүүгийн хуулиар зохицуулж, хариуцлага хүлээлгэдэг.
Эрүүгийн хуулийн зорилгыг тус хуулийн 1.1 дүгээр зүйлд “Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан хүний эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, Үндсэн хуулийн байгуулал, үндэсний болон хүн төрөлхтний аюулгүй байдлыг гэмт халдлагаас хамгаалах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино” гэж тодорхойлж, мөн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон” байхаар хуульчилсан тул шүүхээс ял шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээг сонгон оногдуулахдаа эдгээр нөхцөл байдлуудыг зайлшгүй харгалзан үзэх учиртай.
Хохирогчийг хуурч мэхлэх, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч буй залилах гэмт хэрэг нь нийгэм дэх итгэлцлийг ямар нэгэн хэмжээгээр алдагдуулдаг хор уршигтай.
Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан торгох, хорих ялын төрлүүдээс шүүгдэгч Х.А-ийн үйлдсэн гэмт хэргийн шинж чанар, гэмт үйлдэлдээ хандсан сэтгэхүйн харьцаа, хууль ёсны эрх, ашиг сонирхолд нь хохирол учирсан этгээдийн тоо, хохирол төлбөр бүрэн төлөгдсөн нөхцөл байдал зэрэгт тохируулан торгох ялыг сонгон оногдуулсан нь үндэслэлтэй болжээ.
1.“Hyundai Robex5000LC-7” загварын 2 ширхэг тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах ХШ191223 дугаар гэрээг Х.Б- болон “Х” ХХК-ийн гүйцэтгэх захирал Х.А- нар хоорондоо харилцан тохиролцож байгуулсан ба улмаар “И” ББСБ-ын барьцаанд байсан дээрх 2 тээврийн хэрэгслийг “Х” ХХК-ийн нэр дээр шилжүүлэн авчээ.
Уг гэрээг 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан бөгөөд гэрээ байгуулагдсан цаг хугацаанд С.М- Монгол Улсад байгаагүй, Г.Б- хөдөө орон нутагт ажлаар явж байсан гэх нөхцөл байдлууд хэрэгт авагдсан Хил хамгаалах ерөнхий газрын лавлагаа болон гэрчүүдийн мэдүүлгээр нотлогдсон байна.
Түүнчлэн С.М-, Г.Б- нар нь Х.А-тэй үйлдлээрээ санаатай нэгдэж, улмаар Х.Б-тай тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ байгуулсан, уг гэрээгээр халхавчлан түүнийг залилах санаа зорилгоор гэмт хэрэгт хамтран оролцсон гэх нөхцөл байдал шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд болоод хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдохгүй байх тул тэдгээрт ял халдаан хэрэглэх үндэслэлгүй болно.
Иймд анхан шатны шүүх прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.А-д холбогдох эрүүгийн хэргийн хүрээнд тогтоогдсон үйл баримтад үндэслэн Х.Б-ын хууль ёсны эрх, ашиг сонирхол зөрчигдсөн нь Х.А-ийн дангаар үйлдсэн хууль бус үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой болоход хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд, прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасан хуулийн агуулга, зорилтод нийцсэн байна.
2.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэц, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.
Хохирогч Х.Б- шүүхийн хэлэлцүүлэгт 352,907,247 төгрөг нэхэмжилж оролцсон боловч түүнд учирсан хохирол бүрэн төлөгдсөн баримт хэрэгт авагдсан тул анхан шатны шүүхээс хохирогч гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй ба тэрээр уг хохирлоо гэм буруутай этгээдээс нэхэмжлэх эрхтэй болно.
Дээрх үндэслэлээр хохирогч Х.Б-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх Х.А-д холбогдох хэргийг 2025 оны 06 дугаар сарын 19-ний өдөр товлон зарласан боловч хохирогч Х.Б-ас гаргасан “Солонгос улсад эмчлүүлж байгаа тул шүүх хуралдааныг хойшлуулах” хүсэлтийг хүлээн авч, шүүх хуралдааныг хойшлуулсан.
Улмаар хохирогчийг шүүх хуралдаанд оролцох боломжит хугацаагаар бүрэн хангаж, 2025 оны 07 дугаар сарын 23-ны өдөр товлосон боловч тэрээр хурлын товыг мэдсэн хэрнээ хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй, мөн давж заалдах гомдолдоо шүүх хуралдаанд биечлэн оролцох хүсэлтээ илэрхийлээгүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан хохирогч Х.Баттулгыг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг явуулсан болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 2025/ШЦТ/955 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Х.Б-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР
ШҮҮГЧ Д.ОЧМАНДАХ
ШҮҮГЧ Н.БАТСАЙХАН