Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 212/МА2018/00020

 

Х.Аийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, Ерөнхий шүүгч Н.Туяа, шүүгч Д.Көбеш нарын бүрэлдэхүүнтэй хийж,

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 776 дугаар шийдвэртэй, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 8 дугаар багт оршин суух, Ш овогт Хийн Аийн нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 2 дугаар багт оршин суух, И овогт Сн Ад холбогдох иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Көбешийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Б.Ж, нэхэмжлэгч Х.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.А нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлага: С.Аоос 2100000 төгрөг гаргуулах тухай.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн агуулга: Х.А би С.Аыг урьд нь сайн таньдаг, бид дотно харьцаж, эд зүйл, мөнгө төгрөг, бараа материал авч өгөлцөн харьцаж байсан. Бид хоёр одоо ч гэмгүй сайн харилцаатай. Гэвч түүнээс 2400000 төгрөг авах авлага одоо хүртэл шийдэгдэхгүй байгаа тул аргагүйн эрхэнд шүүхэд хандаж байна. С.А бид хоёрын дунд барааны тооцооноос үлдсэн түүний надад төлөх 6780000 төгрөг байсан. Энэ мөнгийг ойрын хэдэн сард төлж өгнө гэж 2016 оны 5 дугаар сарын 01-ний өдөр С.А казах хэлээр бичсэн ба утга нь Би С.А 6780000 төгрөг авлаа гэж гарын үсэг зурсан. Одоо 2400000 төгрөг үлдсэн. Энэ тухай С.А ч өөрөө сайн мэдэж байгаа боловч төлөх боломжгүй байна гэж тайлбарлаад удаж байна. Иймд С.Аоос зээлдүүлсэн 6780000 төгрөгөөс үлдсэн 2400000 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд: С.Аоос 46 ширхэг чонын арьсыг 80000 төгрөгөөр тооцоход 3680000 төгрөг, бэлэн авсан 1000000 төгрөг, нийт 4680000 төгрөгийг 6780000 төгрөгөөс хасахад үлдэгдэл 2100000 төгрөг болж байна. Бид тооцоход алдаа гаргасан байх тул 2400000 төгрөг биш 2100000 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэжээ.

 

Хариуцагчийн тайлбарын агуулга: 2013 оны 6 дугаар сараас миний бие Х.Аээс чонын арьс зээлээр авч Улаанбаатар хотын арьсны ченжүүдэд зарж мөнгийг нь өгдөг байсан. Тухайн үед 1 ширхэг чонын арьсыг 120000 төгрөгөөр бодож авч байсан. Х.А 2015 оны 7 дугаар сард Х.А бид хоёр БНХАУ-ын хил дээр тааралдсан. Тэнд Х.А 450 ширхэг чонын шагайг хил гаалийнханд хураалгасан. Миний бие тэнд найз нөхдөөрөө яриулж Х.Аийн хураалгасан 450 ширхэг шагайг буцааж авч өгсөн. Тэнд БНХАУ-ын иргэн Сержан гэгч дээрх 450 ширхэг шагайг зарж өгнө гээд авч үлдсэн. Нэг жилийн дараа Сержан үлдэгдэл 200-аад шагайг буцаасан. Одоо хүртэл манай гэрт байна. 2017 оны 6 дугаар сарын 23-ны өдөр Х.А надаас 46 ширхэг чонын арьс, 1000000 төгрөг авсан. Нэг ширхэг чонын арьсыг 120000 төгрөгөөр авсан. Тэр ханшаар үнэлж өөрт нь өгсөн. Х.Аийн надаас авсан чонын арьс, бэлэн өгсөн мөнгө нь нийлээд 6520000 төгрөг болж байна. Үлдэгдэл 260000 төгрөгт шагайг нэг бүрийг 10000 төгрөгөөр тооцож буцааж өгнө. Бид хоёрын хооронд өөр тооцоо байхгүй болно. гэжээ.

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 776 шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар нэхэмжлэгч Х.Аийн хариуцагч С.Аоос 2100000 /хоёр сая нэг зуун мянга/ төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд: Нэхэмжлэгч би Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 776 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.

1. С.Аоос 2.100.000 төгрөг нэхэмжилсэн болохоос түүний хэлснээр элдэв арьс, шир, шагай тойг гэж нэхэмжлэлдээ бичээгүй. С.А надад 6.780.000 төгрөг авсан гэж баримт бичиж өгсөн бөгөөд энэ баримт хэрэг дотор байгаа. Шүүх хурал дээр С.А 6.780.000 төгрөг авснаа хүлээн зөвшөөрсөн.

2. Би С.Ад зээлсэн 6.780.000 төгрөгөөс үлдсэн 2.100.000 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан.

3. Нэхэмжлэлд: С.Аоос 6.780.000 төгрөг авахаас нэг бүрийг 80.000 төгрөгөөр үнэлж 46 ширхэг чонын арьс авсан. /46ш х 80.000=3.680.000/ Үндсэн зээл болох 6.780.000 төгрөгөөс 3.680.000 төгрөг, бэлнээр авсан 1.000.000 төгрөгийг тус тус хасаж, үлдсэн 2.100.000 төгрөгийг С.А надад өгөх ёстой.

4. Би шүүхэд С.Аоос 46 ширхэг чонын арьсыг 80.000 төгрөгөөр тус бүрийг үнэлж авсан, 1.000.000 төгрөгийг бэлэн авсан гэж тодорхой тайлбарлаж 2017 оны 6 сарын 23-ны өдөр С.Аын өгсөн баримтыг хавсаргасан бөгөөд энэ нь намайг 2.100.000 төгрөг авах ёстойг нотолно.

Би эртнээс зах дээр арьс шир худалдан авч бусдад худалдаж явдаг тул С.А энэ байдлыг ашиглан надад өгөх өрний оронд 46 ширхэг чононы арьсыг нэг бүрийг 80,000 төгрөгөөр авч тооцоондоо оруулж туслаач гэж гуйснаар би зөвшөөрч түүнээс 2017 оны 6 дугаар сарын 23-ны өдөр 46 ширхэг арьсыг өрөндөө тооцож авсныг шүүх буруугаар ойлгож, С.Аын үгэнд итгэж Энэ хоёр чонын арьс, шир, шагай тойг гэх мэтийг олон жил өгөлцөж авалцаж байжээ. Х.А нь С.Ад юу өгснөө нэрлэн зааж чадаагүй гэж ойлгож, хуулийг буруугаар тайлбарлаж, С.Ад ашигтай, миний эрхийг хэт доройтуулсан буруу шийдвэр гаргалаа.

С.А нь шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа намайг олон жилээр асарч, тэжээж байснаас өнөөдрийн хэмжээнд хүргэсэн. Олон чонын арьс, шагайг нь авсан. Борлуулж өгч тусалдаг байсан. Одоо тэр борлогдоогүй шагай нь гэрт олноороо байж байгаа, үнэлгээ нь өндөр байдаг гэж тайлбарлаж, Хятадын хил дээр хураагдсан гэж шүүх хурал дээр хэлсэн. Шүүх мөн үүнд нь итгэх байх гэж бодоод би С.Аын хэлж буй чонын арьс, шагайн Өлгий сумын зах зээлийн 2016-2017 оны үнэлгээг гаргаж шүүхэд өгсөн. Энэ үнэлгээнд 1 ширхэг чонын арьс 80.000 төгрөгөөр зах зээл дээр үнэлэгдэж борлуулагдаж байгаа дүгнэлт гарсан байгаа. Би энэ 80.000 төгрөгийг үндэслэж С.Аоос 46 ширхэг арьсыг 3,680.0000 төгрөг гэж тооцож авсан байгааг эрхэм шүүх бүрэлдэхүүн ойлгоно уу.

Би С.Ад бэлэн 6.780.000 төгрөг өгсөн. Арьс, шир, шагай гэх мэтийг өгөөгүй. Анхан шатны шүүх Х.А нь С.Ад чонын эрхтэн өгсөн мэтээр гуйвуулж байгааг дурдахаас аргагүй байна. Өлгий сумын Засаг даргын Тамгын газрын мэргэжилтэн Х.Баршагүлийн гаргаж өгсөн үнэлгээг зөрүүтэй гэж нотлох баримтаар үнэлээгүй байна. Энэ нь шүүх зориуд С.Аын талд шийдвэр гаргахаар үнэлгээг үнэлэхгүй байгаа явдал гэж үзэх шалтгаантай. Учир нь үнэлгээчин өөрийн биеэр захаар явж үнэлгээг он, оноор нь судалж мэдсэний үндсэн дээр үнэлгээг гаргаж өгсөн. Зөрүүтэй болох шалтгаан байхгүй. Гол нь С.Аын баримтад Х.А надаас арьс шагай авсан гэж бичигдээгүй байгаа ба 6.780.000 төгрөг авсан гэж байгааг шүүх анхаарч хянаагүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, миний нэхэмжлэлийг хангаж өгнө үү. гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбарыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хуульд нийцүүлэн дүгнэж чадаагүй боловч давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах боломжтой байна.

Нэхэмжлэгч Х.А нь хариуцагч С.Ад холбогдуулан 2400000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагаа 2100000 төгрөг болгож багасгасан байна.

Анхан шатны шүүх зохигчид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д заасан үүргийг танилцуулсан боловч нэхэмжлэгч, хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, татгалзаж байгаа үндэслэлээ нотолж чадаагүй, зохигчдын хооронд эд зүйлийн тооцоо байсан болох нь тэдний тайлбараар нотлогдож байгаа боловч нэхэмжлэгчийн нотлох баримтаар гаргаж өгсөн хариуцагчийн бичсэн гэх баримтад эд зүйлийн үнийг төлж өгөхөөр болж баримт үйлдсэн байна гэж үзэх боломжгүй, хариуцагч С.Аын 6780000 төгрөг авсан гэж бичсэн баримтаар бэлэн мөнгө тоолж авсан болон нэхэмжлэгч Х.А нь 6780000 төгрөг тоолж өгсөн үйл баримт тогтоогдохгүй байна. Нэхэмжлэгч Х.А нь өөрийнхөө хувийн тэмдэглэл болон тооцоо нийлсэн бичмэл нотлох баримт, бусад хөндлөнгийн нотлох баримтуудыг гаргаж өгч нэхэмжлэлийн шаардлагыг нотолж чадаагүй учир нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжгүй гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан, тухай хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, маргааны үйл баримтыг зөв тодорхойлж, Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэж чадаагүй байх тул шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг харьцуулан дүгнэвэл хариуцагч С.А нь 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдөр бичсэн баримт болон зохигчдын тайлбараар нэхэмжлэгч Х.А нь хариуцагчаас 6780000 төгрөгийн авлагатай болох нь тогтоогдсон ба үүнээс хариуцагч С.А нь 2017 оны 6 дугаар сарын 23-ны өдөр 46 ширхэг чонын арьс, 1000000 төгрөгийг Х.Аэд бэлэн өгсөн болох нь нэхэмжлэгч Х.Аын баримт, зохигчдын тайлбараар нотлогдож байна. Хариуцагч С.А нь 1 ширхэг чонын арьсыг 120000 төгрөгөөр тооцож өгсөн гэж 2013-2014 оны байдлаар элдээгүй чонын арьс 1 ширхэг 120000-150000 төгрөг байсан тухай эд зүйлийн үнэлгээ тогтоох баримтыг, нэхэмжлэгч Х.А нь 80000 төгрөгөөр бодож авсан тухайн үед ханш тийм байсан гэж 2016-2017 оны байдлаар элдээгүй чонын 1 ширхэг арьс 80000-90000 төгрөг байсан тухай эд зүйлийн үнэлгээ тогтоох баримтыг нотлох баримтаар гарган өгч зохигчид маргасан боловч хариуцагч С.А нь 46 ширхэг чонын арьсыг 2017 оны 6 дугаар сарын 23-ны өдөр нэхэмжлэгч Х.Аэд өгсөн болох нь баримтаар тогтоогдсон байх тул тухайн үеийн ханшаар тооцож 80000 төгрөгөөр бодож авсан гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй байна.

Хариуцагч С.А нь Х.Аэд 46 ширхэг чонын арьсыг 120000 төгрөгөөр бодож 5520000 төгрөг, 1000000 төгрөг бэлэн өгсөн нийт 6520000 төгрөг болж байгаа үлдэгдэл 260000 төгрөгт шагайг нэг бүрийг нь 10000 төгрөгөөр тооцож буцааж өгнө гэж тайлбарлах боловч энэ нь нотлох баримтад үндэслэгдээгүй, 1 ширхэг чонын арьсыг Х.Аэд 120000 төгрөгөөр тооцож өгснийг нотолж чадаагүй байна. Энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол үндэслэлтэй байх тул хангаж, хариуцагч С.Аоос 2100000 төгрөг гаргуулан Х.Аэд олгож анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэсэн тул давж заалдах гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 53350 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохоор шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 776 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан хариуцагч С.Аоос 2100000 /хоёр сая нэг зуун мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х.Аэд олгосугай гэж, 2 дахь заалтад ...үлдээж, С.Аоос 48550 төгрөг гаргуулан Х.Аэд... гэж нэмж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 53350 төгрөгийг шүүгчийн захирамжаар түүнд буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.ӨМИРБЕК

 

ШҮҮГЧИД Н.ТУЯА

 

Д.КӨБЕШ