Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 2025/ДШМ/871

 

М.Б-, Т.Т- нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж, шүүгч Б.Ариунхишиг, шүүгч Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Э.Баасанбаяр,

хохирогч, шүүгдэгч Т.Т-, түүний өмгөөлөгч О.Санчирбал,

шүүгдэгч М.Б-ийн өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт, Б.Шихихутаг,

нарийн бичгийн дарга Э.Даваадулам нарыг оролцуулан,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 2025/ШЦТ/989 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч, шүүгдэгч Т.Т-ын өмгөөлөгч О.Санчирбалын гаргасан давж заалдах гомдлоор М.Б-, Т.Т- нарт холбогдох 1806093771752 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

1.Б овгийн М-ын Б, 1972 онд Улаанбаатар хотод төрсөн, 52 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 3, Чингэлтэй дүүрэгт оршин суух, (РД:...), урьд:

-Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2002 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 107 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 127 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хорих ял оногдуулж, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 2 дугаар зүйлд зааснаар хорих ялыг өршөөн шийдвэрлэсэн,

2.Н овгийн Т-ын Т, 1988 онд Дундговь аймагт төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “А”-д жолооч ажилтай, ам бүл 4, Баянзүрх дүүрэгт оршин суух, ял шийтгэлгүй, (РД:...);

М.Б- нь ганцаараа 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Т.Т-ыг “Солонгос улсын виз гаргаж өгнө” гэж хуурч, 2,700,000 төгрөг шилжүүлэн авч залилсан,

М.Б-, Т.Т- нар нь бүлэглэн 2018 оны 02 дугаар сарын 03-ны өдрөөс 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл хугацаанд үргэлжилсэн үйлдлээр нэр бүхий 9 хохирогчийг “Солонгос улсын виз гаргаж өгнө” гэж хуурч, нийт 35,000,000 төгрөгийг шилжүүлэн авч, залилсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газар: М.Б-, Т.Т- нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч М.Б-, Т.Т- нарыг “бүлэглэж, үргэлжилсэн үйлдлээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.Б-д 1 жил 6 сарын хорих ял, Т.Т-од 1 жилийн хорих ял тус тус шийтгэж,

2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг мөн хугацаагаар шүүгдэгч М.Б-ийг Дундговь аймаг, шүүгдэгч Т.Т-ыг Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус сольж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б-эс 19,950,000 төгрөг, шүүгдэгч Т.Т-оос 17,500,000 төгрөгийг гаргуулж шийтгэх тогтоолын хавсралтад зааснаар нэр бүхий хохирогч нарт олгож шийдвэрлэжээ.

Хохирогч, шүүгдэгч Т.Т-ын өмгөөлөгч О.Санчирбал давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Т.Т-ыг М.Б-тэй бүлэглэн үргэлжилсэн үйлдлээр нэр бүхий 9 хохирогч нарыг Солонгос улсын виз гаргуулах зорилгоор залилсан гэм буруутайд тооцсон нь хууль зүйн үндэслэлгүй.

“Эд зүйл хураан авсан тухай” тэмдэглэлд шүүгдэгч М.Б-эс Т.Т-ын гадаад паспортыг хураан авсан тухай дурдсан. Мөн дуу бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд М.Б- бие даан гэмт хэрэг үйлдэж байсан нөхцөл байдал тогтоогдсон. Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлд зааснаар журамлахдаа тухайн бүлгийн гишүүдийн хэн нь зохион байгуулсан, хэн нь гүйцэтгэсэн зэргийг тодорхой ялгаж зааглаагүй нь Эрүүгийн хуулийг оновчтой хэрэглээгүй.

Яллах дүгнэлтэд М.Б- нь ганцаараа 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Т.Т-ыг залилсан гэх үйл баримтын талаар дүгнэж, 2022 оны 07 дугаар сарын 02-ны өдөр “Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоолд өөрчлөлт оруулах тухай” тогтоол гаргасан. Шүүхийн хэлэлцүүлэгт М.Б- нь Т.Т-ыг залилсан үйлдлийг 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр үйлдэгдсэн байх тул улсын яллагчийн гаргасан техникийн шинжтэй алдааг зөвтгөж шийдвэрлэсэн гэх боловч, дээрх гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацааг техникийн алдаа үзэх боломжгүй.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Т.Т- нь хохирогчоор тогтоогдож, мөн түүний гэрчээр өгсөн мэдүүлгүүдийг түүний эсрэг ашигласан хэдий ч М.Б-тэй хэрхэн мөнгөө хувааж авсан талаар баримт хэрэгт авагдаагүй байтал зөвхөн М.Б-ийн мэдүүлэгт үндэслэн хохирлыг хоёр хувааж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

Гэмт хэрэг үйлдэх болсон шалтгаан нөхцөл, субьектив санаа зорилгыг шүүхийн хэлэлцүүлэгт мэтгэлцээний үндсэн дээр тодорхойлсон боловч анхан шатны шүүх нь өмгөөлөгчийн саналын үндэслэлийг няцаан үгүйсгэсэн дүгнэлт хийгээгүй зэрэг нь анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгох, эсхүл Т.Т-ын үйлдлийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгах үндэслэлтэй байна. ...” гэв.

Хохирогч, шүүгдэгч Т.Т- тус шүүх хуралдаанд: “Хэлэх тайлбар байхгүй.” гэв.

Шүүгдэгч М.Б-ийн өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн бөгөөд гаргасан шийдвэр нь хууль ёсны, бодит баримтад тулгуурласан. М.Б-, Т.Т- нар бүлэглэн, зохион байгуулалттай, үргэлжилсэн үйлдлээр гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсон. Мөн шүүх шүүгдэгч М.Б-ийн эрх зүйн байдлыг дээрдүүлэх боломжтой хууль, зохицуулалтыг хэрэглэж, ял шийтгэлийг оногдуулсан нь шүүхийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзэх шалтгаан болохгүй. Түүнчлэн Т.Т- нь хохирогч нараас бэлнээр мөнгө авч, М.Б-д дамжуулсан гэх баримтыг зарим мэдүүлэгт дурдсан боловч энэ нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай баталгаажаагүй. Хэрэг шүүхэд шилжихдээ Т.Т- нь М.Б-тэй бүлэглэн, үргэлжилсэн байдлаар гэмт хэрэгт хамтран оролцсон гэх дүгнэлт хийгдсэн бөгөөд энэ нь баримтад тулгуурласан, хууль ёсны үндэслэлтэй шийдвэр байсан. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч М.Б-ийн өмгөөлөгч Б.Шихихутаг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч М.Б-ийн хувьд гэм буруугаа хүлээсэн. Т.Т- мөнгөө хуваан төлөхгүй гэсэн агуулгатай гомдол гаргасан. Мөн тэрээр гэмт хэргийг үйлдэхдээ маш нарийн төлөвлөж үйлдсэн. Энэ санаагаа хэрэглэх гэж л анхан шатны шүүхээс эхлэн маргаж байна. Тиймээс гомдлыг хүлээн авалгүй, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

Прокурор Э.Баасанбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Т-оос асуухад, хохирогч М.Б-д визийн мөнгөө 01 дүгээр сарын 05-ны өдөр өгсөн гэж мэдүүлсэн. Гэтэл шүүгдэгч Т.Т- визийг 1-3 сарын хугацаанд гаргана гэж ам өгсөн. Гэсэн атлаа уг хугацаа дууссан ч, 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр дахин 6,000,000 төгрөг өгсөн. Энэ нөхцөл байдлыг үндэслэн шүүгдэгч Т.Т- "төөрөгдөлд орсон” гэх нь үндэслэлгүй. Хэрэгт хохирогч нар бэлнээр мөнгөө өгсөн, дансны шилжүүлэг огт хийгдээгүй, мөн Т.Т- нь бүх мөнгийг М.Б-д дамжуулсан гэж мэдүүлсэн. Харин шүүгдэгч М.Б- энэ талаар үгүйсгэж байгаа бөгөөд мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдааны явцад баримт гаргаж өгөөгүй. Нэг нь өгсөн, нөгөө нь аваагүй гэж мэдүүлж буй учраас хохирлыг хуульд заасан журмаар хувь тэнцүүлэн гаргуулах санал прокурорын зүгээс гаргаж, шүүх үүнийг үндэслэн шийдвэрлэсэн. Түүнчлэн шүүгдэгч Т.Т- өнөөдрийг хүртэл хохирлыг барагдуулаагүй бөгөөд үүнийгээ цалингийн зээл гарч чадаагүйтэй холбоотой гэж тайлбарласан. Хэрэв үнэхээр гэм буруугүй байсан бол, хохирлыг 5 хоногийн дотор яаралтай барагдуулахаар шаардлагагүй байсан. Иймд давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б-, Т.Т- нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хохирогч, шүүгдэгч Т.Т-ын өмгөөлөгч О.Санчирбалын гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.

Прокуророос Т.Т-ыг бусадтай бүлэглэн, үргэлжилсэн үйлдлээр нэр бүхий 9 хохирогчийг залилж, 35,000,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт, шүүгдэгч М.Б-ийг хохирогч Т.Т-ыг залилж 2,700,000 төгрөгийн хохирол учруулсан, мөн бусадтай бүлэглэн, үргэлжилсэн үйлдлээр нэр бүхий 9 хохирогчийг залилж, 35,000,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан тэдний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Анхан шатны шүүх хэргийг хүлээн авч, 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд шүүгдэгч нарыг бүлэглэж үргэлжилсэн үйлдлээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байх тул дараах үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгохоор тогтов.

1.Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд тогтоогдсон бодит байдалтай нийцэх хууль хэрэглээ буюу ямар хуулийг хэрхэн хэрэглэх талаар Эрүүгийн хуульд заасан дүн шинжилгээг хийснээр зүйлчлэлийг тогтоон, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ноцтой зөрчил гарсан эсэхийг шалгаж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх эсэхийг шийдвэрлэх ёстой.

Хуулиар тогтоосон үндэслэл, журмыг хэлбэрэлтгүйгээр биелүүлээгүй тохиолдол бүр нь зөрчилд тооцогдож, шүүхээс хууль ёсны ба үндэслэлтэй шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлдөг тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлж байгаа этгээд энэ зүйлийн 1 дэх хэсгийг зөрчвөл түүний гаргасан шийдвэрийг энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу хүчингүйд тооцох”-оор тус тус хуульчилсан.

Анхан шатны шүүх шүүгдэгч М.Б-ийг ганцаараа болон бусадтай бүлэглэж залилах гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар бүрэн тогтоогдсон талаар шийдвэрийнхээ тодорхойлох хэсэгт тодорхой тусгасан атлаа тогтоох хэсэгтээ түүнийг “бүлэглэж үргэлжилсэн үйлдлээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, харин ганцаараа үйлдсэн гэх хэргийг орхигдуулсан нь шүүхийн шийдвэрт тавигдах хууль ёсны шаардлагад нийцэхгүй.

Шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт тусгавал зохих зүйлсийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлээр нарийвчлан заасан бөгөөд энэхүү шаардлагыг хангаагүй шийтгэх тогтоолыг мөн хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-т зааснаар хүчингүй болгох үндэслэл болно.

2.Анхан шатны шүүхээс шүүгдэгч М.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялыг 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт тус тус зааснаар мөн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар өршөөн сольжээ.

2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн хамрах хүрээ, хязгаарыг тус хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт заасан бол 3.2 дахь хэсэгт хууль үйлчлэхгүй байх үндэслэлийг тогтоосон байна.

Тодруулбал, Монгол Улсын Их Хурлаас урьд баталж байсан Өршөөл үзүүлэх тухай хуулиудад заасны дагуу хорих ялаас чөлөөлөгдсөнөөс хойш санаатай гэмт хэрэг үйлдэж хорих ял шийтгүүлсэн хүнийг өршөөлд хамааруулахгүй байхаар хуульчилсан.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу хорих ялаас хэсэгчлэн болон бүхэлд нь чөлөөлөх нь гэмт хэрэг үйлдсэн хүнд төрөөс итгэл үзүүлж, түүнд цаашид ёс суртахуунтай аж төрөх бололцоо олгох замаар ялын зорилгыг хангах явдал бөгөөд Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар хорих ялаас хэсэгчлэн болон бүрэн чөлөөлөгдсөний дараа санаатай гэмт хэрэг үйлдсэн бол дахин өршөөлд хамруулахгүй байх хориглолтыг тогтоосон болно.

Шүүгдэгч М.Б- нь урьд Баянгол дүүргийн шүүхийн 2002 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 107 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 127 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, улмаар 2000 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 2 дугаар зүйлд зааснаар уг ялыг бүхэлд нь өршөөн хэлтрүүлж байжээ.

Гэтэл анхан шатны шүүх шүүгдэгч М.Б- нь 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн хүрээ хязгаарт багтах, оногдуулсан ялыг өршөөн хэлтрүүлэх, солих нь тус хуулийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт нийцсэн эсэх талаар хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт өгөлгүйгээр түүнд өршөөл үзүүлэн, хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж шийдвэрлэсэн байна.

Анхан шатны шүүхийн дээрх алдаа, зөрчлийг давж заалдах шатны шүүх зөвтгөн өөрчлөх, залруулах боломжгүй бөгөөд эдгээр үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгохоор шийдвэрлэлээ.

Ийнхүү давж заалдах шатны шүүх “Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн” үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон тул “шүүгдэгч Т.Т-ыг цагаатгах” талаар түүний өмгөөлөгч О.Санчирбалын гаргасан давж заалдах гомдолд хууль зүйн дүгнэлт өгөөгүй болохыг дурдаж байна.

Шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3 дахь заалтуудыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 2025/ШЦТ/989 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.

2.Шүүгдэгч М.Б-, Т.Т- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

3.Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Г.ГАНБААТАР

ШҮҮГЧ                                                            Б.АРИУНХИШИГ

ШҮҮГЧ                                                           Н.БАТСАЙХАН