Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 08 сарын 03 өдөр

Дугаар 264

 

 Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,

 Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүжин,

 Улсын яллагчаар аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Яндаг,

 Шүүгдэгч А.Оюунсарангийн өмгөөлөгч Ж.Оюунболд, М.Дэлгэрнасан,

Шүүгдэгч Д.Сүхбатын өмгөөлөгч Б.Мөнхгэрэл,  

 Хохирогч Г.Даваажав, түүний өмгөөлөгч Н.Төгсбаяр, Б.Чинбаатар,

 Шүүгдэгч Д.Сүхбат, А.Оюунсаран нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Хөх хиа Дооровсамбуугийн Сүхбатад Эрүүгийн хуулийн тусгай ангийн /2002 оны/ 215 дугаар зүйлийн 215.3-т зааснаар, шүүгдэгч Боржигон Аюурын Оюунсаранд Эрүүгийн хуулийн тусгай ангийн /2002 оны/ 220 дугаар зүйлийн 220.2-т зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201509000606 дугаартай хэргийг 2018 оны 5 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

 Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

 Монгол Улсын иргэн, Хөх Хиа  Дооровсамбуугийн Сүхбат, 1994 оны 5 дугаар сарын 10-ний өдөр Өмнөговь аймаг Цогт-Цэций суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, яс үндэс халх, дээд боловсролтой, экологич мэргэжилтэй, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт Өмнөговь аймгийн Цогт-Цэций сумын Зүүнсуваг 3-07 тоотод  оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, КН94051014 регситрийн дугаартай.

 

Монгол Улсын иргэн, Боржигон Аюурын Оюунсаран, 1970 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 47 настай, эмэгтэй, яс үндэс халх, дээд боловсролтой, бизнес менежментийн мэргэжилтэй, “Грейт грийн партнерс” ХХК-ний захирал ажилтай, ам бүл 2, хүүхдийн хамт, Улаанбаатар хот Хан-Уул дүүрэг 15 дугаар хороо 59 дүгээр байрны 21 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, МЬ70110104 регистрийн дугаартай.

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Д.Сүхбат нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн /2002 оны/ 215 дугаар зүйлийн 215.3-т заасан, шүүгдэгч А.Оюунсаран Эрүүгийн хуулийн тусгай ангийн /2002 оны/ 220 дугаар зүйлийн 220.2-т заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Д.Сүхбат нь Дархан-Уул аймгийн Хонгор сумын 1 дүгээр багийн нутаг “Цайдмын хөндий” гэх газарт 2015 оны 8 дугаар сарын 18-ны орой 18 цагийн орчим DAIHATSU/НIJЕT маркийн 4781 УБО улсын дугаартай ачааны тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн 2-р бүлгийн 2.3/Б "жолооч хамгаалах бүсээр тоноглогдсон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх үүрэг хүлээнэ", 9-р бүлгийн 9.3 "тээврийн хэрэгслийн хурдыг суурин газрын гаднах замд цагт 80 км-ээс хэтрүүлэхгүйгээр сонгож явна"-т тус тус заасныг зөрчиж зам тээврийн осол гарган зорчигч Д.Цогтбаатарын амь насыг хохироосон,

 

Шүүгдэгч "Грейт грийн партнерс" ХХК-ны захирал А.Оюунсаран нь компанийн үйл ажиллагаанд ашигладаг 4781 УБО улсын дугаартай НIJЕT маркийн тээврийн хэрэгслийг техникийн хувьд /автомашины хойд талын тэнхлэгт дугуйны хээ элэгдсэн, дугуйг хээ зөрүүлж тавьсан, ажлын тормосны хойд ялтас, накладка элэгдэлтэй/ бүрэн биш шаардлага, хангаагүй байхад ажилд гаргасны улмаас 2015 оны 8 дугаар сарын 18-ны орой зам тээврийн осол гарч зам тээврийн ослын улмаас иргэн Д.Цогтбаатарын амь нас хохирсон болох нь

 

Шүүхийн хэлэлцүүлэгт:

 

Шүүгдэгч Д.Сүхбатын өгсөн: Би 2015 оны 8 дугаар сарын 18-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумаас 25 км зайд байрлах алимны модны цэцэрлэгт мод тариад Улаанбаатар хот руу буцаж явахдаа талийгаач Сэлэнгээс Дархан-Уул аймаг хүртэл машинаа бариад явсан.  Дархан-Уул аймагт орж ирээд хоол идчихээд Цогтбаатар төмөр хүн хүртэл машинаа бариад явж байгаад би унтмаар байна чи жоохон машин барьчих гэхээр нь би машиныг бариад Хонгор сумыг өнгөрөөд явж байхад машин бөгс хэсгээрээ жолоочийн эсрэг тал руу шидэгдсэн, тэгээд машинаа тэгшлэх гээд рулээ дарахад нэг мэдэхэд машин онхолдоод босоод ирсэн. Тэр үед манай найз замын хажуу руу шидэгдсэн. Тэгээд найзынхаа зүрхийг чагнасан чинь зүрх нь цохилж байхаар нь замын машинаас тусламж гуйсан боловч зогсоогүй. Тэгж байгаад нэг машин зогсож бид хоёр Хонгор сумын эмнэлэгт хүргүүлсэн боловч эмч үзээд манай найзыг нас барчихсан байна гэж надад хэлсэн. Тухайн үед 90 км/цагийн хурдтай явж байсан. Жолооны курс төгсөөд 4 сар болж байгаа. ...Талийгаач хамгаалах бүс зүүгээгүй, би зүүсэн байсан. Цонх руу налаад унтаж байсан болохоор би бүс зүү гэж хэлээгүй. Машин барьж явахад бороо орж байсан. Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, үйлдсэн хэрэгтээ маш их харамсаж байна. Талийгаачийн сэтгэл санааны хохирол болон оршуулгын зардалд 6 486 300 төгрөг бэлнээр мөн Өмнөговь аймгийн Цогтцөций сумын төвд байрлалтай гэр бүлийн хэрэгцээний 0.07 га газрыг 10 сая төгрөгөнд тооцож хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид өгсөн гэх мэдүүлэг,

 

Шүүгдэгч А.Оюунсарангийн өгсөн: 2015 оны 7 дугаар сарын эхээр наадмаас өмнө уг машиныг Японоос оруулж ирсэн. Монголд яваагүй байхад нь худалдан авч дугаар авч хөдөлгөөнд оролцуулсан. Япон улсын хэрэглэж байсан автомашиныг экспортод гаргах тусгай шаардлага байдаг энэ шаардлагаар хөдөлгөөнд оролцох шаардлага хангаагүй бүрэн биш тээврийн хэрэгслийг экспортод гаргадаггүй. Энэ үндэслэлээр дугуйны хээ зөрсөн машиныг манай компаний зүгээс хөдөлгөөнд оролцуулаагүй гэдэгт итгэлтэй байна. Уг машиныг худалдаж авснаас хойш Улаанбаатар хотод талийгаач Цогтбаатар барьдаг байсан. Цогтбаатараас машиныг барьж хөдөлгөөнд оролцоход шаардлага хангаж байгаа эсэхийг асууж байсан. Тухайн үед надад зүгээр машин гэж хэлж байсан. Миний хувьд техникийн талаар мэдлэг байхгүй. Компаний зүгээс ажилчдыг хариуцсан Батмөнх жолооны үнэмлэх авч амжаагүй. Сүхбатын жолоо барих ур чадвар сууж амжаагүй гэж үзсэн учраас 5 жил машин барьсан гэж талийгаач танилцуулсны үндсэн дээр талийгаачид итгэж уг машиныг бариулж байсан. Гэхдээ машиныг зөвхөн албан хэрэгцээнд унахыг зөвшөөрсөн, ажлын бус цаг дуусахаар машиныг ажлын байранд үлдээх ёстой гэж тохиролцсон байсан. Машиныг гэр рүүгээ авч явсан гэдгийг сонсоод Батмөнхөд машиныг дахиж гэр рүү нь өгч явуулж болохгүй гэдгийг миний бие хэлж байсан. Уг машиныг талийгаачид албан ёсоор хүлээлгэж өгсөн баримт байхгүй. Яагаад машины дугуйны хээ зөрүүтэй байгааг мэдэхгүй байна. Машин техникийн бүрэн бүтэн шаардлага хангасан байсан. Прокурорын сонсгосон зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй. Хамгаалалтын бүсээ зүүгээгүй хувийн сахилга батгүйн улмаас ийм асуудал болсон. Хүн тэжээснийхээ төлөө ял сонсоод зогсож байгаадаа үнэхээр гомдолтой байна. Талийгаачийн чандрын төлбөрт 4 883 000 төгрөг, 8-р сарын цалин 500 000 төгрөг өгсөн, өнөөдрийн шүүх хуралдаанд талийгаачийн гэгээн дурсалд зориулж шүүхээс гаргуулахаар шийдвэрлэсэн 556 408 төгрөг өгсөн гэх мэдүүлэг,      

 

 Хохирогч Г.Даваажавын өгсөн: ...Миний хүү Цогтбаатар нь 1992 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд миний том хүү болж мэндэлсэн. Улаанбаатар хотод Ерөнхий боловсролын 97 дугаар сургуулийг 2011 онд төгсөж тэр оны намар Улаанбаатар Их сургуулийн хот чимэглэл дизайнерийн ангид орж 2015 оны хавар төгсөж дээд боловсролтой болсон. Тэгээд 2015 оны 7 дугаар сарын эхээр ажилд орсон бөгөөд Сэлэнгэ аймагт ажлаа хийчихээд буцаж явахдаа 2015 оны 8 дугаар сарын 18-ны орой зам тээврийн осолд орж нас барсан. Шүүгдэгч Д.Сүхбатаас талийгаачийн оршуулгын зардал болон бусад зардалд 6 486 300 төгрөг бэлнээр мөн Өмнөговь аймгийн төвд байрлалтай гэр бүлийн хэрэгцээний 0.07 га газрыг 10 сая төгрөгөнд тооцож авсан. "Грейт грийн партнерс" ХХКомпани болон шүүгдэгч А.Оюунсарангаас чандрын төлбөр 4 849 000 төгрөг, 7-р сарын цалин 283 182 төгрөг, 8-р сарын цалин 500 000 төгрөг өгсөн. Шүүгдэгч Д.Сүхбатад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. "Грейт грийн партнерс" ХХКомпани  болон шүүгдэгч А.Оюунсарангаас унааны зардал 3 284 400 төгрөг, талийгаачийн 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор 16 200 000 төгрөг, илүү цагаар ажилласан хөлс 541 000 төгрөг, 8 нас хүрээгүй хүүхэд асарсан 2 жил 8 сарын 15 300 000 төгрөг, сэтгэл санааны хохирол 20 сая төгрөгийг нэхэмжилж байна. Миний хүү гэрийнхээ түшиг тулгуур байсан. Оюунсаран үүргээ гүйцэтгээгүйгээс миний хүүгийн амь нас эрсдэж гарз хохирол болсон. Тийм учраас Оюунсаранд маш их гомдолтой байгаа гэх мэдүүлэг,

 

         Талуудын хүсэлтээр хавтаст хэргээс:

Гэрч Г.Зоригтбаатарын өгсөн: 2015 оны 8 дугаар сарын 18-ны орой 19 цагийн үед Улаанбаатар хот орох гээд Хонгор сум өнгөрөөд Цайдмын хөндийд явж байхад жижиг ачааны машин тэвш нь салчихсан зам дээр эсрэг урсгал руу ороод зогссон байсан. Нэг залуу нүүр, гар нь цус болчихсон авраач гээд орилоод байхаар нь би тэр залуутай уулзсан. Машин онхолдоод найз маань ухаан алдаад амьсгаатай байна гэж хэлсэн. Машин хэн жолоодож явсан талаар асуухад би жолоодож явсан гэж хэлсэн. Тэр залууг найзынх нь хамт Хонгор сумын эмнэлэгт хүргэж өгсөн. Тэр залуу ярихдаа машинаа замын ховилд цохиулсан гэж хэлж байсан гэх мэдүүлэг /1 хх 27/,

    

Гэрч З.Санчирын өгсөн: Миний найзын ээж Сараа эгч манай компани машин авах хэрэгтэй байна. Японоос орж ирсэн Монголд яваагүй сайн үзүүлэлттэй машин үзээд аваад өгөөч гэж гуйсан. Үүний дагуу миний бие техникийн захаас уг машиныг 2015.7 дугаар сард наадмын өмнө авсан. Тэгээд машиныг 7 дугаар сарын 08-ны өдөр  оношилогоонд оруулаад тухайн үед Сараа эгч байхгүй, байгууллагын холбогдох бичиг баримт байхгүй байсан тул би машиныг өөрийн нэр дээр авч улсын дугаар авсан. Уг машин миний өмч биш. Машиныг авахдаа Японоос орж ирсэн хээ сайтай 4 дугуй аваад уг машинд тавьсан. Уг машины үндсэн дугуйнаас 2 ширхэг дугуйг обудын хамт запас дугуй болгосон гэх мэдүүлэг /1 хх 28/,

 

Гэрч Б.Батмөнхийн өгсөн: 2014 оны 5 дугаар сард “Грейт грийн партнерс” ХХК-нд менежерээр ажилд ороод тус компанийн үйл ажиллагааг хариуцан ажиллаж байсан. Мод тарих, тарьсан модоо арчлах зэрэг үйл ажиллагааг хариуцан ажиллаж байсан. Манай компани 2015 оны 7 дугаар сарын 8, 9-ны үед байх компанийн үйл ажиллагаанд ашиглахаар 4781 УБО улсын дугаартай НIJЕТ маркийн тээврийн хэрэгслийг худалдан авсан. Уг машиныг хариуцсан жолооч байгаагүй талийгаач олон жил машин барьсан, таксинд явдаг байсан гэхээр нь түүнд уг машиныг жолоодуулж байсан. Сэлэнгэд ажил үүрэг гүйцэтгээд явж байхад машинд ямар нэгэн гэмтэлгүй хэвийн байсан гэх мэдүүлэг /1 хх 27/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 8 дугаар сарын 19-ны өдрийн 91 дугаартай шинжээчийн дүгнэлт:

 “1.Талийгаачийн биед гавал тархины битүү гэмтэл. Гавлын суурь ясны хугарал. Тархины хатуу хальсны урагдал. Тархи няцрал. Баруун хацар, ухархай ясны хугарал. Духны  шарх. Хуйхан доорхи, 2 нүдний зовхин дахь цус хуралт. Нүүр, их бие, зүүн ташаа шилбэний зөөлөн эдийн зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2.Уг гэмтэл нь зам тээврийн ослын үед хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой, амь насанд аюултай хүнд зэргийн гэмтэл болно. 3.Талийгаач гавал тархины гэмтлийн улмаас нас баржээ. 4.Талийгаачийн биед архаг хууч өвчин илэрсэнгүй. 5.Талийгаачийн цусанд 0,5 промиль этилийн спирт илэрсэн нь хөнгөн зэргийн согтолтыг харуулна. 6.Талийгаачийн цусны бүлэг ВIII байна” гэжээ /1 хх 38/,

 

Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн бүрэлдэхүүнтэй шинжээч нарын 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 58 дугаартай дүгнэлт:

 

“1.38 дугаартай шинжээчийн дүгнэлт /1 хх 31/ үндэслэлтэй боловч учир дутагдалтай байна.

2.HIJET маркийн 4781 УБО улсын дугаартай автомашины жолооч Дооровсамбуу овогтой Сүхбат нь МУ-ын ЗХДүрмийн 2-р бүлгийн 2.3/Б "жолооч хамгаалах бүсээр тоноглогдсон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх үүрэг хүлээнэ", мөн дүрмийн 9-р бүлгийн 9.3 "тээврийн хэрэгслийн хурдыг суурин газрын гаднах замд цагт 80 км-ээс хэтрүүлэхгүйгээр сонгож явна"-т тус тус заасныг зөрчсөн нь хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч буюу ослын схем зураг дээр уг авто машины тоормос мөр үүсээгүй боловч 2015.8.24, 2015.9.07-ний өдөр Д.Сүхбатын сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлгээс тогтоогдож байна.

3.Жолооч Д.Сүхбат МУ-ын ЗХДүрмийн 9-р бүлгийн 9.1 дэх заалтыг зөрчөөгүй байна.

4.Талийгаач Даваажавын Цогтбаатар нь МУ-ын ЗХДүрмийн 2-р бүлгийн 2.3/А "жолооч хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2-р хавсралтад заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах үүрэг хүлээнэ", мөн дүрмийн 4-р бүлгийн 4.1/А "тээврийн хэрэгслээр зорчигч хамгаалах бүсээр тоноглогдсон автомашинаар зорчихдоо хамгаалах бүс хэрэглэх үүргийг хүлээнэ"-т тус тус заасныг зөрчсөн нь хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт буюу фото зураг, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч буюу ослын схем зураг 2015.9.16-ны 10/07/025/068 дугаартай шинжээчийн дүгнэлт, 2015.10.07-ний өдөр А.Оюунсарангийн сэжигтнээр өгсөн мэдүүлэг, 2015.10.20-ны өдөр Б.Батмөнхийн гэрчээр өгсөн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна." гэжээ /1 хх 239/,

 

Мэргэжлийн хяналтын байгууллагын улсын байцаагчийн 2015 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 10/07/025/068 дугаартай дүгнэлт:

 

"1.НIJET маркийн 4781 УБО улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь Улаанбаатар хотын Баянгол дүүргийн техникийн оношлогоонд 2015.7.08-нд хамрагдсан, автомашин дээр хийсэн үзлэгээр осол үйлдэгдэхээс өмнө автотээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага MNS 4598:2011 улсын стандартын 5.14.3 дахь заалтын шаардлагыг хангаагүй тээврийн хэрэгслээр зам, тээврийн хөдөлгөөнд оролцсон байна. Зураг №02

2.Автомашины хойд талын тэнхлэгт дугуйны хээ элэгдсэн, дугуйг хээ зөрүүлж тавьсан, үйлдвэрлэлийн бус нэмэлт тоног төхөөрөмж тавигдаагүй байна. Зураг №02-03

3.Нэмэгдэл тоног төхөөрөмж тавигдаагүй тул замын хөдөлгөөнд саад учруулах зүйлгүй, техникийн хувьд дугуйн хээ элэгдсэн, нэг тэнхлэг дээрх дугуйн хээ зөрүүтэй, ажлын тоормосны хойд ялтас /наклад/ элэгдэлтэй байсан нь осол гарахад нөлөөлсөн байна. зураг № 03-05

4.HIJET маркийн 4781 УБО дугаарын автомашины бүхээг тахийснаас урд салхины шил, урд талын гэрэл, дохио хагарсан, ачааны хаалт /портчик/, тэвш гулзайж, тахийсан зэрэг нь ослын дараах эвдрэл байна. Зураг № 01

5.Осол үйлдэгдэх үед дээрх автомашины ажлын тоормос бүрэн бус ажиллагаатай байсан байна.

6.Автомашины ажлын тоормосны ялтас /наклад/ ашиглалтын хугацаанд элэгдэлтэй  байсан нь хөдөлгөөний хурдыг удаашруулах боломжгүй тул осол гарахад техникийн хувд нөлөөлсөн байна.

7.Осол үйлдэгдсэн үндсэн шалтгаан нь техникийн бүрэн бүтэн байдал, ашиглалтаас шалтгаалсан байна.

8.HIJET маркийн 4781 УБО дугаарын автомашины хурдыг тогтоох боломжгүй байна.

9.Автотээврийн хэрэгслийн техникийн байдал нь осол гарахаас өмнө стандартын шаардлага хангаагүй, техникийн хувьд дугуйн хээ элэгдсэн гэмтэлтэй тээврийн хэрэгсэл жолоодож зам, тээврийн хөдөлгөөнд оролцсон нь осол гарахад нөлөөлсөн байна" гэжээ   /1 хх 47-51/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 2498 дугаартай шинжээчийн дүгнэлт:

 

"1.Хавтаст хэргийн хуудас №51-д  2015 оны 7-р сарын 08-ны өдрийн авто тээврийн хэрэгслийн техникийн хяналтын дүгнэлтийн хуудас №39579 тусгагдсанаар Daihatsu Hijet маркийн S110P-108626 тоот арлын дугаартай тээврийн хэрэгсэл нь стандарт шаардлага хангаж, техникийн хяналт оношилгоонд тэнцсэн байна. Автомашины зүүн хойд талын дугуйн хээ харилцан адилгүй таллаж элэгдэж элэгдлийн хязгаарт хүрсэн нь MNS4598:2011 стандартын 5.14.3-т зааснаар шаардлага хангахгүй дугуй байна. Хэргийн материалын осол хэргийн газар үзлэг хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг, хэргийн газрын гэрэл зургийн үзүүлэлтэд үзүүлсэн автомашины баруун урд, баруун хойд дугуй хийгүй болсон, зүүн урд зүүн хойд дугуй хийтэй, автомашинд үүссэн эвдрэл гэмтэл, автомашины замаас гарч зам руу орсон байдал зэргээс үндэслээд автомашины зүүн хойд дугуй нь осолд нөлөөлсөн олон шалтгааны нэг нөхцөл байж болно.

2.Тоормосны шингэн байхгүй тул норматив хэмжээг тодорхойлох боломжгүй.

3.Монгол улсын MNS4598:2011 стандартын 6.1, 6.2-р заалтуудад тоормосны накладканы элэгдлийн хэмжээг заасан заалтгүй, мөн Замын хөдөлгөөний дүрэмд тоормосны накладкны элэгдлийн тухай заалт байхгүй. MNS4598-2011 стандартын 6.2-д автомашин тоормослох үеийн хөдөлгөөний удаашралтыг деселерометр багажаар хэмжихэд гарах үзүүлэлт болон зогсоолын /гар/ тоормосны шалгах налуугийн хэмжээг заасан. Автомашины тоормосны накладка /тоормосны ялтас/ нь ашиглалтын явцад тоормос гишгэх үед элэгдэж нимгэрдэг. Үйлдвэрлэгчээс хийгдсэн тоормосны накладкны мэдрэгчид хүрсэн үед тоормосны накладкыг солих шаардлагатай. Тоормосны накладка элэгдэж дууссан үед  тоормосны зам уртсахад нөлөөлнө.

4.Шинжилгээнд ирүүлсэн Daihatsu Hijet маркийн S110P-108626 тоот арлын дугаартай, 47-81 УБО улсын дугаартай тээврийн хэрэгсэлд хийсэн үзлэгээр зүүн хойд тоомосны накладканы зузаан 4,9mm, баруун хойд тоормосны накладканы зузаан 3,3mm, зүүн урд тоормосны накладканы зузаан 5,0 mm, баруун урд тоормосны  накладканы зузаан 5,2 mm тус тус хэмжээтэй байна.

5.Daihatsu Hijet маркийн S110P-108626 тоот арлын дугаартай, 47-81 УБО улсын дугаартай тээврийн хэрэгсэлд хийсэн үзлэг шинжилгээгээр тоормос ажиллаж байна.

6.Тоормослоход автомашин шулуун чиглэлээ хадгалж, стандарт болон замын хөдөлгөөний дүрэмд заасан хэмжээгээр жигд удааширч зогсохгүй бол тоормос ажиллахгүй байна гэж ойлгоно.

7.Замын цагдаагийн албаны санал дүгнэлтэнд хариулсан.

8.Автомашины дугуйн хээний элэгдэл нь анх тавьсан үеэс осол гарах өдөр хүртэл хэдэн хувь элэгдэх боломжтой эсэхийг тогтооход ямар хэмжээтэй дугуй тавьсан, зам дугуйн барьцалт, ямар газар орчинд явсан тухайн дугуйг тавиад хэдэн км зам туулсан зэрэг нөхцөл байдлууд тодорхой бус, цаг хугацаа байхгүй тул анх тавьсан үеэс осол болсон үе хүртэл хэдэн хувь элэгдсэн эсэхийг тодорхойлох боломжгүй байна.

9.Хэргийн материалын осол хэргийн газар үзлэг хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг, хэргийн газрын гэрэл зургийн үзүүлэлтэд үзүүлсэн автомашины баруун урд, баруун хойд дугуй хийтэй, автомашинд үүссэн эвдрэл гэмтэл, автомашин замаас гарч зам руу орсон байдал зэргээс үндэслээд автомашины зүүн хойд дугуй нь осолд нөлөөлсөн олон шалтгааны нэг нөхцөл байж болно.

10.Шинжилгээнд ирүүлсэн HIJET маркийн 47-81 УБО улсын дугаартай тээврийн хэрэгслийн тээшний хойд хэсэгт нөөц дугуй байрлуулж болох суурьтай байна. Хавтаст хэргийн гэрэл зургийн №14, 15-д үзүүлснээр “B” үсгээр тэмдэглэсэн цогцос байсан газрыг ойртуулж харуулсан гэх гэрэл зурагт автомашины дугуй байгаа нь HIJET маркийн автомашин  нь нөөц дугуйтай байсан байж болох үндэслэлтэй байна. Нөөц дугуй нь ямар маркийн дугуй байх тухайн дугуйг хэдий хэр хугацаанд хэрэглэж болох талаар ямар нэгэн эрх зүйн зохицуулалт байхгүй" гэжээ /3 хх 622-625/,

  Хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл, хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хх 3-10/, "Д.Цогтбаатарыг туслах ажилтнаар 2015.7.05-ны өдрөөс эхлэн ажиллуулах тухай" Грейт Грийт Партнерс ХХК-ны захирлын 2015.7.09-ний 150709/3 албан тоот /1 хх 146/, Даваажавын Цогтбаатар нь 2015 оны 8 дугаар сарын 18-ны өдөр авто ослын улмаас нас барсныг 2015 оны 8 дугаар сарын 20-ны өдөр нас барсны бүртгэлийн 4093-рт бүртгэсэн тухай №000164618 гэрчилгээний хуулбар зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

     Шүүгдэгч Д.Сүхбатын тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо МУ-ын ЗХДүрмийг зөрчиж хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэсний улмаас зам тээврийн осол гарахад зорчигч замын хажуу руу шидэгдэн амь нас нь хохирсон, суурин газрын гаднах замд 90 км цагийн хурдтай явсан зэрэг үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн /2002 оны/ 215 дугаар зүйлийн 215.3-т заасан "тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөний улмаас бусдын амь нас хохироосон" гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байна гэж үзэн улсын яллагчийн санал оруулсан 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т зааснаар гэм буруутайд тооцох үндэслэлтэй,

                                                                                                                                                      

4781 УБО улсын дугаартай DAIHATSU/НIJЕT маркийн ачааны тээврийн хэрэгсэл нь техникийн хувьд бүрэн бүтэн байх шаардлага хангаагүй байсан нь

 

Мэргэжлийн хяналтын байгууллагын улсын байцаагчийн 2015.9.16-ны 10/07/025/068 дугаартай "1.НIJET маркийн 4781 УБО улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь Улаанбаатар хотын Баянгол дүүргийн техникийн оношлогоонд 2015.7.08-нд хамрагдсан, автомашин дээр хийсэн үзлэгээр осол үйлдэгдэхээс өмнө автотээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага MNS 4598:2011 улсын стандартын 5.14.3 дахь заалтын шаардлагыг хангаагүй тээврийн хэрэгслээр зам, тээврийн хөдөлгөөнд оролцсон байна. 2.Автомашины хойд талын тэнхлэгт дугуйны хээ элэгдсэн, дугуйг хээ зөрүүлж тавьсан. ...техникийн хувьд дугуйн хээ элэгдсэн, нэг тэнхлэг дээрх дугуйн хээ зөрүүтэй, ажлын тоормосны хойд ялтас /накладка/ элэгдэлтэй байсан нь осол гарахад нөлөөлсөн байна. ...5.Осол үйлдэгдэх үед дээрх автомашины ажлын тоормос бүрэн бус ажиллагаатай байсан байна. 6.Автомашины ажлын тоормосны ялтас /накладка/ ашиглалтын хугацаанд элэгдэлтэй  байсан нь хөдөлгөөний хурдыг удаашруулах боломжгүй тул осол гарахад техникийн хувд нөлөөлсөн байна. 7.Осол үйлдэгдсэн үндсэн шалтгаан нь техникийн бүрэн бүтэн байдал, ашиглалтаас шалтгаалсан байна. ...9.Автотээврийн хэрэгслийн техникийн байдал нь осол гарахаас өмнө стандартын шаардлага хангаагүй, техникийн хувьд дугуйн хээ элэгдсэн гэмтэлтэй тээврийн хэрэгсэл жолоодож зам, тээврийн хөдөлгөөнд оролцсон нь осол гарахад нөлөөлсөн байна" /1 хх 47-51/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 2498 дугаартай "1. ...Автомашины зүүн хойд талын дугуйн хээ харилцан адилгүй таллаж элэгдэж элэгдлийн хязгаарт хүрсэн нь MNS4598:2011 стандартын 5.14.3-т зааснаар шаардлага хангахгүй дугуй байна. Хэргийн материалын осол хэргийн газар үзлэг хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг, хэргийн газрын гэрэл зургийн үзүүлэлтэд үзүүлсэн автомашины баруун урд, баруун хойд дугуй хийгүй болсон, зүүн урд зүүн хойд дугуй хийтэй, автомашинд үүссэн эвдрэл гэмтэл, автомашины замаас гарч зам руу орсон байдал зэргээс үндэслээд автомашины зүүн хойд дугуй нь осолд нөлөөлсөн олон шалтгааны нэг нөхцөл байж болно. 2.Тоормосны шингэн байхгүй тул норматив хэмжээг тодорхойлох боломжгүй. 3.Монгол улсын MNS4598:2011 стандартын 6.1, 6.2-р заалтуудад тоормосны накладканы элэгдлийн хэмжээг заасан заалтгүй, мөн Замын хөдөлгөөний дүрэмд тоормосны накладкны элэгдлийн тухай заалт байхгүй. MNS4598-2011 стандартын 6.2-д автомашин тоормослох үеийн хөдөлгөөний удаашралтыг деселерометр багажаар хэмжихэд гарах үзүүлэлт болон зогсоолын /гар/ тоормосны шалгах налуугийн хэмжээг заасан. Автомашины тоормосны накладка /тоормосны ялтас/ нь ашиглалтын явцад тоормос гишгэх үед элэгдэж нимгэрдэг. Үйлдвэрлэгчээс хийгдсэн тоормосны накладкны мэдрэгчид хүрсэн үед тоормосны накладкыг солих шаардлагатай. Тоормосны накладка элэгдэж дууссан үед  тоормосны зам уртсахад нөлөөлнө. 4.Шинжилгээнд ирүүлсэн Daihatsu Hijet маркийн S110P-108626 тоот арлын дугаартай, 47-81 УБО улсын дугаартай тээврийн хэрэгсэлд хийсэн үзлэгээр зүүн хойд тоомосны накладканы зузаан 4,9 mm, баруун хойд тоормосны накладканы зузаан 3,3mm, зүүн урд тоормосны накладканы зузаан 5,0 mm, баруун урд тоормосны  накладканы зузаан 5,2 mm тус тус хэмжээтэй байна. ...9.Хэргийн материалын осол хэргийн газар үзлэг хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг, хэргийн газрын гэрэл зургийн үзүүлэлтэд үзүүлсэн автомашины баруун урд, баруун хойд дугуй хийтэй, автомашинд үүссэн эвдрэл гэмтэл, автомашин замаас гарч зам руу орсон байдал зэргээс үндэслээд автомашины зүүн хойд дугуй нь осолд нөлөөлсөн олон шалтгааны нэг нөхцөл байж болно" /3 хх 622-625/ гэх шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоогдож байх бөгөөд дээр дүгнэлтүүд нь шүүгдэгч Д.Сүхбатын өгсөн: "би машиныг бариад Хонгор сумыг өнгөрөөд явж байхад машин бөгс хэсгээрээ жолоочийн эсрэг тал руу шидэгдсэн, тэгээд машинаа тэгшлэх гээд рулээ дарахад нэг мэдэхэд машин онхолдоод босоод ирсэн" гэх мэдүүлгээр нотлогдож байна.  

 

“Грейт грийн партнерс” ХХК-ний захирал шүүгдэгч А.Оюунсаран нь техникийн хувьд бүрэн биш тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцуулаагүй гэдгээ хүлээн зөвшөөрөхгүй байгаа нь дээрх шинжээч нарын дүгнэлт болон шүүгдэгч Д.Сүхбатын мэдүүлгээр няцаагдаж байна.

 

“Грейт грийн партнерс” ХХК-ний захирал А.Оюунсаран хохирогч Д.Цогтбаатарыг 2015.7.05-ны өдрөөс эхлэн 450 000 төгрөгөөр цалинжуулан туслах ажилтнаар ажилд авсан болох нь захирлын 150709/3 дугаартай тушаалаар нотлогдож байх бөгөөд ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй нь ажил олгогч хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй.

 

2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно” гэж заасан бөгөөд шүүгдэгч А.Оюунсаран нь Иргэний хууль, Хөдөлмөрийн тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан Хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн "ажилтанд ажил үүрэг гүйцэтгэхэд зориулагдсан техник, тоног төхөөрөмж багаж хэрэгсэл хангах, хөдөлмөрийн нөхцөл орчин бүрдүүлэх" үүргээ биелүүлээгүйгээс автотээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага MNS 4598:2011 улсын стандартын 5.14.3 дахь заалтын шаардлагыг хангаагүй техникийн хувьд дугуйн хээ элэгдсэн, нэг тэнхлэг дээрх дугуйн хээ зөрүүтэй, ажлын тоормосны хойд ялтас /накладка/ элэгдэлтэй тээврийн хэрэгсэл ажилд гаргаснаас зам тээврийн осол гарч хүний амь нас хохироосон эс үйлдэхүй нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн /2002 оны/ 220 дугаар зүйлийн 220.2-т заасан "Бүрэн биш тээврийн хэрэгслийг ажилд гаргасны улмаас хүний амь нас хохирсон" гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байна.

 

2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “үйлдэл эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заажээ. 2015 оны Эрүүгийн хуульд “бүрэн биш тээврийн хэрэгсэл ажилд гаргах, жолоодох эрхгүй хүнээр тээврийн хэрэгсэл жолоодуулах” гэсэн зүйл анги байхгүй боловч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1-т “Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, эсхүл бусад болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний амь насыг хохироосон бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан байна.

 

Буцаан хэрэглэгдэх шинжийг агуулж байгаа илүү хөнгөн хууль гэдэг ойлголтод гэмт хэргийн шинж чанарыг тодорхойлж буй диспозицийн багтаамж, ял шийтгэлийн төрөл агуулгад орсон өөрчлөлт, хүний эрх зүйн байдлыг ямар нэг хэлбэрээр дээрдүүлж байгаа эрүүгийн хуулийн бусад зохицуулалтууд мөн адил багтдаг.

Иймд 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-т заасныг журамлан шүүгдэгч А.Оюунсаранг Эрүүгийн хуулийн тусгай ангийн /2015 оны/ 10.6 дугаар зүйлийн 1-т заасан "хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс хүний амь насыг хохироосон" гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн харицлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Даваажав хавтаст хэрэг болон шүүх хуралдаанд нотлох баримтаар оршуулгын болон ирэх очин унааны, бусад зардалд нийт 7 215 817 хохирол нэхэмжилснээс шүүх 5 995 817 төгрөгийг хангах үндэслэлтэй гэж үзэн, үлдэх 1-р хх 224-р хуудсанд авагдсан өмгөөөлөгчийн хөлс, хууль зүйн туслалцааны төлбөр гэх 520 000 төгрөгийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гэж үзэхгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, 2-р хх 407-р хуудсанд авагдсан Д.Баттулгын талийгаачийн 49 хоног дуустал ар гэрийнхэнд нь үйлчилсэн гэх 700 000 төгрөгийг хэрэгт авагдсан баримтаар нотлогдоогүй гэж үзэн хангах боломжгүй гэж үзлээ.

 

Гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролд төлбөл зохих 5 995 817 төгрөг дээр талийгаачийн чандрын төлбөр болох 4 883 000 төгрөг нийт 10 878 817 төгрөг гаргуулахаас шүүгдэгч болон иргэний хариуцагчаас хувь тэнцүүлэн гаргах нь 5 439 408 төгрөг болох бөгөөд  шүүгдэгч Д.Сүхбат нь дээрх хохирлын нөхөн төлсөн гэж үзэн иргэний хариуцагч "Грейт грийн партнерс" ХХКомпаниас 5 439 408 төгрөгөөс төлсөн чандрын төлбөр 4 883 000 төгрөгийг хасаж үлдэх 556 408 гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгох нь зүйтэй байна.

 

  Дээрх нэхэмжлэлээс шүүгдэгч Д.Сүхбатаас талийгаачийн оршуулгын зардал болон бусад зардалд 6 486 300 төгрөг бэлнээр мөн Өмнөговь аймгийн төвд байрлалтай гэр бүлийн хэрэгцээний 0.07 га газрыг 10 сая төгрөгөнд тооцож өгсөн байх бөгөөд шүүгдэгч Д.Сүхбатаас нийт 16 486 300 төгрөг төлсөн болох нь шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлгээр, "Грейт грийн партнерс" ХХКомпани болон шүүгдэгч А.Оюунсарангаас талийгаачийн чандрын төлбөр 4 883 000 төгрөг, 7-р сарын цалин 283 182 төгрөг, 8-р сарын цалин 500 000 төгрөг төлсөн болох 1-р хавтаст хэргийн 249 дүгээр хуудсанд авагдсан тэмдэглэл болон оролцогч нарын мэдүүлгээр тогтоогдсон болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Дээрх нэхэмжлэлээс гадна хохирогчийн хууль ёсны төлөөлөгч талийгаачийн 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор 16 200 000 төгрөг, илүү цагаар ажилласан хөлс 541 000 төгрөг, 8 нас хүрээгүй хүүхэд асарсан 2 жил 8 сарын 15 300 000 төгрөг, сэтгэл санааны хохирол 20 000 000 төгрөгийг нэхэмжилснийг хангах боломжгүй байх тул иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй орхих нь зүйтэй гэж үзэв.   

 

Гэм буруугийн шүүх хуралдаанаас иргэний хариуцагч "Грейт грийн партнерс" ХХКомпаниас гаргуулахаар шийдвэрлэсэн 556 408 төгрөгийг эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид төлсөн болохыг дурдах нь зүйтэй байна.

2.Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Эрүүгийн хариуцлага нь ял, албадлагын арга хэмжээнээс бүрдэх бөгөөд шүүгдэгч А.Оюунсаран, Д.Сүхбат нар нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.

Шүүгдэгч нар нь урьд ял шийтгэгдэж байгаагүй нь хавтаст хэргийн 86, 132-р  хуудсанд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна.

Шүүгдэгч Д.Сүхбатад ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3.3, 4-т зааснаар тэнссэн 2 жилийн хугацаанд согтууруулах ундааны зүйл хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч А.Оюунсаранд ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 1 жил 6 сар хорих ялаар шийтгэж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч А.Оюунсаран нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй  тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйл заасан "гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэх", 7.1 дүгээр зүйлд заасан "хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх" зохицуулалтыг хэрэглэх боломжгүй болохыг дурдав.   

Хэрэгт шүүгдэгч Д.Сүхбатын эзэмшлийн нийт 1 120 000 төгрөгийн үнэ бүхий Monel  индүү 1 ширхэг,  Toshiba LCD зурагт 1 ширхэг, Samsung хөргөгч 1 ширхэг, Toshiba угаалгын машин 1 ширхэг зэрэг эд зүйлийг битүүмжилсэн мөрдөгчийн 2016.9.25-ны өдрийн "Эд хөрөнгө битүүмжлэх" тогтоол /1 хх 13/,

Шүүгдэгч А.Оюунсарангийн 1 120 000 төгрөгийн үнэ бүхий DAIHATSU/НIJЕT маркийн 4781 УБО улсын дугаартай ачааны тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөгчийн 2015.10.23-ны өдрийн "Эд хөрөнгө битүүмжлэх" тогтоол /1 хх 20/,

Голомт банк дахь 300510917, 2209261612, 2209341654, 3005104931, 2209332492 тоот валютын болон төгрөгийн дансыг битүүмжилсэн мөрдөгчийн 2016.12.21-ний өдрийн "Эд хөрөнгө битүүмжлэх" тогтоол /3 хх 534/-ыг тус тус шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож,

эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гаргах зардалгүй болохыг дурдаж,

шүүгдэгч Д.Сүхбатын эзэмшлийн №1032666 дугаартай жолоочийн үнэмлэхийг Өмнөговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэх нь зүйтэй байна.

   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. .Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн /2015 оны/ 1.9 дүгээр зүйлийн 1-т заасныг журамлан Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Хөх хиа Дооровсамбуугийн Сүхбатад Эрүүгийн хуулийн тусгай ангийн /2002 оны/ 215 дугаар зүйлийн 215.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн /2015 оны/ 27.10 дугаар зүйлийн 3-т зааснаар, шүүгдэгч Боржигон Аюурын Оюунсаранд Эрүүгийн хуулийн тусгай ангийн /2002 оны/ 220 дугаар зүйлийн 220.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн /2015 оны/ 10.6 дугаар зүйлийн 1-т зааснаар тус тус өөрчлөн зүйлчилсүгэй.

 

2.Шүүгдэгч Д.Сүхбатыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т заасан "автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчиж хүний амь нас хохироосон" гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч А.Оюунсаранг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1-т заасан "хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс хүний амь насыг хохироосон" гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Д.Сүхбатын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

4.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч А.Оюунсаранг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сар хорих ялаар шийтгэсүгэй.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч А.Оюунсаранд оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3.3, 4-т зааснаар шүүгдэгч Д.Сүхбатын тэнссэн 2 жилийн хугацаанд согтууруулах ундааны зүйл хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоож, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг дурдсугай.

 7.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 520 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Д.Баттулгын талийгаачийн 49 хоног дуустал ар гэрийнхэнд нь үйлчилсэн гэх 700 000 төгрөг, талийгаачийн 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор 16 200 000 төгрөг, илүү цагаар ажилласан хөлс 541 000 төгрөг, 8 нас хүрээгүй хүүхэд асарсан 2 жил 8 сарын 15 300 000 төгрөг, сэтгэл санааны хохирол 20 000 000 төгрөгийн нэхэмжлэлийг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

8.Шүүгдэгч Д.Сүхбатын эзэмшлийн нийт 1 120 000 төгрөгийн үнэ бүхий Monel маркийн индүү 1 ширхэг,  Toshiba маркийн LCD зурагт 1 ширхэг, Samsung маркийн хөргөгч 1 ширхэг, Toshiba маркийн угаалгын машин 1 ширхэг зэрэг эд зүйлийг битүүмжилсэн мөрдөгчийн 2016.9.25-ны өдрийн "Эд хөрөнгө битүүмжлэх" тогтоол,

Шүүгдэгч А.Оюунсарангийн 1 120 000 төгрөгийн үнэ бүхий DAIHATSU/НIJЕT маркийн 4781 УБО улсын дугаартай ачааны тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөгчийн 2015.10.23-ны өдрийн "Эд хөрөнгө битүүмжлэх" тогтоол,

Голомт банк дахь 300510917, 2209261612, 2209341654, 3005104931, 2209332492 тоот валютын болон төгрөгийн дансыг битүүмжилсэн мөрдөгчийн 2016.12.21-ний өдрийн "Эд хөрөнгө битүүмжлэх" тогтоолыг тус тус шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

 

9.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гаргах зардалгүй болохыг дурдаж, шүүгдэгч Д.Сүхбатын эзэмшлийн №1032666 дугаартай жолоочийн үнэмлэхийг Өмнөговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсүгэй.

 

10.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

11.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Д.Сүхбатад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч А.Оюунсаранд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Т.БАТЖАРГАЛ