Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 2025/ДШМ/31

 

Н.Б, Ц.Д нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

      Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Мөнхжаргал даргалж, ерөнхий шүүгч Л.Алтан, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Отгонхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд явуулсан шүүх хуралдаанд:

    Прокурор А.Анхбаяр, шүүгдэгч Ц.Д, түүний өмгөөлөгч Д.Дамдинсүрэн, шүүгдэгч Н.Б, түүний өмгөөлөгч Д.Алтангэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Мөнх-Эрдэнэ нарыг оролцуулан,

       Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалж явуулсан шүүх хуралдааны 2025 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 2025/ШЦТ/73 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Н.Б, түүний өмгөөлөгч Д.Алтангэрэл, Б.Лхагважав нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, Ц.Д, Н.Б нарт холбогдох, 2335000000283 дугаартай, 3 хавтас эрүүгийн хэргийг 2025 оны 5 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Л.Алтангийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

           Монгол Улсын иргэн, М ургийн овогт Ц-ын Д.

        Монгол Улсын иргэн, Б ургийн овогт Н-ийн Б.

1. Холбогдсон хэргийн талаар:

       Шүүгдэгч Ц.Д, Н.Б нар бүлэглэн 2023 оны 4 дүгээр сарын 12-ны шөнө Увс аймгийн х сумын х багийн нутгаас хохирогч Ц.Г-ийн 2 тооны үхэр буюу олон тооны малыг машин механизм ашиглан хулгайлж, хохирогчид 3,000,000 /гурван сая/ төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан гэмт хэрэгт холбогджээ.

      2. Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 2025/ШЦТ/73 дугаар шийтгэх тогтоолоор:

      - шүүгдэгч М ургийн овогт Ц-ын Д, Б ургийн овогт Н-ийн Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан олон тооны мал хулгайлах гэмт хэргийг бүлэглэж, машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутайд тооцож,

       - Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар шүүгдэгч Ц.Д-ыг 02 /хоёр/ жил 05 /тав/ сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Н.Б-ийг 03 /гурав/ жил 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж,

    - Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

      - Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Д-с гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан х загварын мотоциклын үнэ болох 255,000 /хоёр зуун тавин таван мянга/ төгрөгийг, шүүгдэгч Н.Б-ээс гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан х загварын, х улсын дугаартай автомашины үнэ болох 14,340,000 /арван дөрвөн сая гурван зуун дөчин мянга/ төгрөгийг тус тус албадан гаргуулж улсын төсөвт шилжүүлж,

      - Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Ц.Д-ын энэ хэрэгт цагдан хоригдсон 13 /арван гурав/ хоногийг, шүүгдэгч Н.Б-ийн энэ хэрэгт цагдан хоригдсон 13 /арван гурав/ хоногийг тус тус тэдгээрийн ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож,

     - шүүгдэгч Ц.Д, Н.Б нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжлүүлж,

      - шүүгдэгч нараар нөхөн төлүүлэх хохирол, хор уршиггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн эд зүйлгүй болохыг дурдаж,

    -  энэхүү хэрэгт шүүгдэгч Н.Б-ийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан х загварын, х улсын дугаартай автомашиныг битүүмжилснийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц цуцлахаар тус тус шийдвэрлэжээ.

    3. Шүүгдэгч Н.Б-ийн өмгөөлөгч Д.Алтангэрэл давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 2025/ШЦТ/73 дугаартай шийтгэх тогтоолын шүүгдэгч Н.Б-д холбогдох хэсгийг бүхэлд нь эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах журмаар гомдол гаргаж байна.

     3.1. Анхан шатны шүүхээс миний үйлчлүүлэгч Н.Б-ийг мал хулгайлах гэмт хэргийг шүүгдэгч Ц.Д-тай бүлэглэж үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн. Ийнхүү дүгнэхдээ хохирогч Ц.Г-с гаргаж өгсөн Хаан банкин дахь харилцах дансны гүйлгээний талаар 2 хуудас баримтыг мөрдөгч хүлээн авсан тэмдэглэл, хүлээн авсан баримт, Н.Б-ийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хохирогч Ц.Г-ийн мэдүүлэг, гэрч Т.Ц-ын мэдүүлэг, гэрч О.О /хохирогчийн эхнэр/-ийн мэдүүлэг, гэрч М.М-ийн мэдүүлэг, гэрч Н.П-ийн мэдүүлэг, гэрч М.Б /шүүгдэгч Ц.Д-ын эхнэр/-ийн мэдүүлэг, гэрч Ц.Б-ийн мэдүүлэг, гэрч Ж.Н /шүүгдэгч Н.Б-ийн эхнэр/-ийн мэдүүлэг, 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 222 дугаартай шинжээчийн дүгнэлтийг шийтгэх тогтоолын үндэслэл болгожээ.

     Хохирогч Ц.Г-с гаргаж өгсөн Хаан банкин дахь харилцах дансны гүйлгээний талаар 2 хуудас баримтыг мөрдөгч хүлээн авсан тэмдэглэл, хүлээн авсан баримтыг нотлох баримтын шаардлага хангасан баримт гэж үзэхэд эргэлзээтэй. Хаан банкин дахь 5806137150 дугаартай данснаас хэний ямар банкны хэд гэсэн дугаартай данс руу мөнгө орж байгаа нь тодорхойгүй. Хэрэв үнэхээр гэрч М.Б /шүүгдэгч Ц.Д-ын эхнэр/-ийн данснаас нь хохирогч Ц.Г-ийн дансанд 5,000,000 төгрөг орсон нь үнэн гэж үзвэл энэхүү үйл баримт нь миний үйлчлүүлэгчийн гэмт хэрэг үйлдээгүй болохыг нотлох гол баримтуудын нэг юм.

    Тодруулбал, шүүгдэгч Ц.Д нь өөрөө мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болохоо анхнаасаа хүлээн зөвшөөрдөг бөгөөд хохирогчтой биечлэн уулзаж хохирол төлбөрийн талаар ярилцаж, 5,000,000 төгрөгөөр харилцан тохиролцож уг 5 сая төгрөгөө ганцаараа төлсөн байгааг анхан шатны шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан.

      Хэрэв бүлэглэж гэмт хэрэг үйлдсэн нь үнэн гэж үзвэл анхнаасаа өөрийн гэм буруугаа хүлээсэн шүүгдэгч Ц.Д 5,000,000 төгрөгийг ганцаараа төлөх үүрэг хүлээхгүй бөгөөд тийм шаардлага байхгүй. Харин Н.Б-ээс түүнд ногдох хохирол төлбөрийг төлөхийг шаардах боломжтой. Үүний дээр шүүгдэгч Ц.Д-ын гэрчээр анх өгсөн “...Н.Б хулгайн үхэр гэдгийг мэдэж байсан...Энэ манай хамаатны үхэр байна болохгүй гэж хэлэхэд Н.Б би тэгээд хоосон буцах юм уу гээд уурлаад байхаар нь өгөөд явуулсан..” гэх агуулгатай мэдүүлэгтэй харьцуулан судлах нь чухал ач холбогдолтой.

      Н.Б-ийн шахалтаар хулгайлах гэмт үйлдлээ гүйцээсэн юм бол түүнээс хохирол төлбөрийг шаардах нь зүй ёсны хэрэг. Шүүгдэгч Ц.Д нь хохирогчид хохирол төлбөрт төлсөн 5,000,000 төгрөгөө Н.Б-ээс нэг ч удаа нэхэмжлээгүй, энэ мөнгийг үл маргах журмаар дангаараа хохирогчид төлж барагдуулж байгаа нь түүнийг ганцаараа мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болохыг нотлох юм.

      3.2. Миний үйлчлүүлэгч Н.Б нь шүүгдэгч Ц.Д-аас очиж азарганыхаа үнэ төлбөрт 2 үхэр авахдаа Б.Б гэх хүний өмчлөлийн  тээврийн хэрэгслийг унаж явсан болохоо хүлээн зөвшөөрдөг. Энэхүү баримт нь хулгайлах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн болохыг нотлох баримт биш бөгөөд гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлыг сэргээн дүрслэхэд ач холбогдолгүй баримт.

        Хохирогч Ц.Г-ийн мэдүүлгийг нухацтай нэг бүрчлэн судалж үзвэл, Н.Б-ийн зарсан азарга одоо хүртэл Ц.Д-т байгааг мэдэж байна, Ц.Д хэлэхдээ Н.Б бид 2 нийлээд хулгайлсан гэж огт хэлээгүй, ах нь хулгайлж аваад Н.Б гэх хүнд өгөөд явуулчихсан юм гэж түүнд хэлсэн байсан.

    Хэрэв бүлэглээд хулгайлсан асуудалд Н.Б үнэхээр буруутай бол түүний гэм буруутай үйлдлийг нууж, хаацайлж хамгаалах шаардлага нөхцөл байдал Ц.Д-т байхгүй байсаар байтал зөвхөн өөрийнхөө гэмт хэрэг үйлдсэн болох талаараа ярьж байгаа нь энэхүү гэмт хэрэгт Н.Б холбоогүй болохыг нотолж байгаа юм.

       Мөн хохирогч мэдүүлэхдээ “би нөгөө 2 үхрийн эзэнтэй уулзаж байна, нөгөө чи бид хоёрын авдаг 2 үхрийн эзэнтэй гэж ярьж байсан.... цаана нь нэг эрэгтэй хүн дуугарч байсан...” гэж мэдүүлдэг боловч энэ мэдүүлэг нь нотлогдон тогтоогдоогүй. Хэрэв Н.Б-тэй утсаар ярьсан нь үнэн бол тэдгээрийн утасны дугаарын лавлагаанаас тодорхой харагдах боломжтой. Тэгтэл энэхүү баримт байхгүй байгааг анхаарах нь зүйтэй. Мөн түүнчлэн энэхүү мэдүүлэг нь гэрч Т.Ц-ын “...Ц.Г ах Н.Дүүрэнбаяр ах руу чи хамт хулгай хийсэн хүн рүүгээ ярь, миний хохирол барагдуул гэж хэлж байсан. Ц.Д ах гар утсаа гаргаж ирээд нэг дугаар луу залгасан ба цаад хүн нь эмэгтэй хүний хоолой шиг байсан...” гэсэн мэдүүлгээр үгүйсгэгддэг.

      Иймд энэхүү нотлох баримт гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн болохыг нотлох талын баримт биш гэж үзэж байна.      

      3.3. Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд гэрч Т.Ц гэрчээр мэдүүлэг өгсөн бөгөөд тэрээр ярианы бэрхшээлтэй, маш сандруу хүн байсан болохыг дурдах нь зүйтэй. Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд мэдүүлэг өгөхдөө өмнө мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгээсээ өөр мэдүүлэг өгсөн тул аль мэдүүлэг нь үнэн зөв бэ гэдгийг ялгаж салгахад хүндрэлтэй байдал үүссэн.

     Хохирогч мэдүүлэхдээ “...2023 оны 10 дугаар сарын 28-ны өдөр гэртээ ганцаараа байхад Ц.Д ах ирээд хохирол төлбөр төлсөн гэдэг агуулгатай мэдүүлэг өгсөн...” , харин гэрч Т.Ц мэдүүлэхдээ “...2023 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Өндөрхангай сумын төвийн наад талын самбар дээр байхад хохирол төлбөр нь шилжиж ирсэн...” гэсэн агуулгатай мэдүүлэг өгсөн. Энэхүү мэдүүлгүүд нь цаг хугацааны хувьд зөрүүтэй. Харин хохирогчийн мэдүүлэг үнэн байх магадлалтай, хохирогчийн дансанд 5,000,000 төгрөг орсон өдрийн огноо 2023 оны 10 дугаар сарын 28-ны өдөр байсан.

       Иймд гэрч Т.Ц-ын худал эргэлзээтэй мэдүүлгийг үнэлэх ямар ч боломжгүй.

     3.4. Гэрч О.О /хохирогчийн эхнэр/-ийн мэдүүлэг нь миний үйлчлүүлэгч Н.Б гэмт хэрэг үйлдээгүй болохыг нотлох хамгийн чухал нотлох баримт юм.

      Тодруулбал гэрч О.О мэдүүлэхдээ: “манай 2 тооны үхрийг манай сумын Ц.Д гэх хүн хулгайлсан байна гэх яриаг манай нөхөр Ц.Г, манай дүү Ц.Б нараас мэдсэн” гэж мэдүүлсэн. Харин Н.Б, Ц.Д нар хулгайлсан байна гэж огт дурьдагдаагүй.

      Яагаад бүх гэрчүүдийн мэдүүлэгт зөвхөн Ц.Д-ын нэр гарч байгаад анхаарал хандуулах нь маш чухал гэж өмгөөлөгчийн хувьд харж байна. Ц.Д, Н.Б нар хулгайлсан байна гэдэг яриа өгүүлэмжийг нэг ч гэрч мэдүүлдэггүй.

       Гэрч М.М-ийн мэдүүлэгт Ц.Д, Ц.Г 2 манайд ирээд явсан. 2 үхэр хулгайлсан талаараа хоорондоо зохицоод явж байна гэж байсан” гэх мэдүүлгээр зөвхөн Ц.Д-ын хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдоно. Хамт хулгай хийсэн бол Н.Б рүү явахгүй, Н.Б-тэй огт ярихгүй байгааг анхаарах нь онцгой ач холбогдолтой.

     Гэрч Н.П мэдүүлэхдээ зөвхөн Ц.Д-ын талаар болон үхэр хулгайд алдсан талаар мэдүүлсэн ба хэн хэн хулгайлсан талаар мэдээгүй. Өөрөөр хэлбэл гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлын талаар огт мэдүүлээгүй тул гэм буруугийн дүгнэлтэд нөлөөлөхүйц баримт биш юм.

     Гэрч М.Б /шүүгдэгч Ц.Д-ын эхнэр/ нь шүүгдэгч Ц.Д-тай гэр бүлийн харилцан хамааралтай хүн боловч шүүгдэгч Н.Б-тэй хамт гэмт хэрэг үйлдсэн талаар огт яриагүй. Түүний мэдүүлгээс “Ц.Гийн 2 тооны үхрийг хүнд барьж өгөөд явуулчихсан гэж манай нөхөр надад хэлсэн, тэр үед бид хоёрын дунд хэрүүл болоод дууссан, дараа нь намайг 5,000,000 төгрөгийг шилжүүлчих гэж хэлсэн тул би Ц.Г-ийн данс руу 5,000,000 төгрөг хийсэн, ...адуу харна гэж хэлээд гэрээс гараад мотоцикльтой явсан. Тэр үед цаанаас Н.Б ирээд 2 тооны үхрийг авсан гэж миний нөхөр хэлсэн” гэх мэдүүлгийг анхаарах нь зүйтэй.

     ...Гэрч Ц.Б мэдүүлэхдээ “Ц.Г ах надад хэлэхдээ миний 2 тооны үхрийг Ц.Д хулгайлсан, надад буруугаа хүлээж 5,000,000 төгрөг төлсөн гэж хэлсэн” гэж мэдүүлсэн. Энэхүү мэдүүлгийг шинжлэн судалж үзвэл Ц.Д мөн л Н.Б-тэй бүлэглэж хулгайлсан гэж огт хэлээгүй бөгөөд би өөрөө хулгайлсан гэдгээ хүлээн зөвшөөрч бусдад хэлсэн байдаг.

      Гэрч Ж.Н /шүүгдэгч Н.Б-ийн эхнэр/ нь болсон асуудлын талаар баттай сайн мэдэж байгаа гэрч юм. Бусад гэрчүүдийн хувьд зөвхөн бусдаас сонссон зүйлийнхээ талаар мэдүүлж байгаа бол, харин гэрч Ж.Н-ийн хувьд болсон асуудлын талаар баттай сайн мэдэж байгаа, тухайн үед өөрөө байсан хүн болно. Гэрч нь хэдийгээр шүүгдэгч Н.Б-тэй гэр бүлийн харилцан хамааралтай хүн мөн боловч мэдүүлэг өгөхөөс татгалзах эрхээ эдлэхгүйгээр мэдүүлэг өгсөн байх тул нотлох баримтаар үнэлэх нь хууль нийцнэ гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна.

    Иймд гэрч Ж.Н-ийн мэдүүлэг миний үйлчлүүлэгчийг гэмт хэрэг үйлдээгүй болохыг нотлох гол нотлох баримтуудын нэг мөн.

       2023 оны 11-р сарын 13-ны өдрийн 222 дугаартай шинжээчийн дүгнэлт зөвхөн хохирлын үнэлгээг тогтоосон.

       Дээр дурдсан 11 нотлох баримтуудыг нэг бүрчлэн нарийвчлан судалж харилцан хамаарлыг нь гаргаж үзвэл мэдүүлэг өгсөн гэрчүүд болон шүүгдэгч нар нь миний үйлчлүүлэгч Н.Б-ийг гэмт хэрэг үйлдсэн талаар хэн нь ч мэдүүлээгүй. Түүнийг шүүгдэгч Ц.Д-тай урьдчилан үгсэн тохиролцож, үйлдлээрээ санаатай нэгдэж мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэхэд эдгээр баримтууд хангалттай хүрэлцэхүйц биш байна.

       Гэрч Ж.Н, М.Б, О.О, хохирогч Ц.Г болон шүүгдэгч Ц.Д-ын шүүхийн шатанд өгсөн мэдүүлгээс үзэхэд шүүгдэгч Н.Б нь гэмт хэрэг үйлдсэн эсэх нь үндэслэл бүхий эргэлзээтэй байх тул анхан шатны шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна.

    Тодруулбал тухайн 2 тооны үхрийг Ц.Д-аас авахдаа хулгайн үхэр гэдгийг Н.Б анхнаасаа мэдэж байсан болохыг нотолсон нэг ч баримт мөрдөн шалгах ажиллагааны явцад ажиллагааны явцад цуглараагүй  болохыг дурдах нь зүйтэй.

     3.5. Анхан шатны шүүхээс шүүгдэгч Н.Б нь шүүгдэгч Ц.Д-т нэг тооны азарга зарсан гэх үйл баримт тогтоогдож байх боловч шүүгдэгч Н.Б нь урьдын харилцаатай, эхнэртэйгээ хамт явсан атлаа гэрт нь оролгүй тухайн хоёр тооны үхрийг хотноос нь бус бэлчээрээс авч байгаа үйлдэл, махны ченж атлаа гарал үүслийн гэрчилгээгүйгээр авсан зэргээс дүгнэвэл хулгайн үхэр гэдгийг мэдээгүй гэх үйл баримт няцаан үгүйсгэгдэж байна гэсэн хийсвэр дүгнэлт хийж миний үйлчлүүлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг ноцтойгоор зөрчиж, эрхзүйн байдлыг дордуулсанд гомдолтой байна.

      Шүүгдэгч Н.Б нь эхнэртэйгээ хамт явсан л бол заавал шүүгдэгч Ц.Д-ын гэрт орох үүргийг хүлээсэн этгээд биш, тухайн айлд очих уу, үгүй юу гэдэг нь тухайн хүмүүсийн эрхийн асуудал, энэхүү үйл баримт нь гэм буруугийн асуудалд ямар ч хамааралгүй зүйл байтал хэт яллах талыг барьж хийсвэр дүгнэлт хийсэн.

       Бэлчээрээс ачсан мал бүхнийг хулгайн мал гэж үзэх ямар ч боломжгүй, хэнээс хэнд өгсөн, ямар зорилгоор авсан бэ гэдэг л чухал байтал хэт яллах талыг барьсан хууль бус хийсвэр дүгнэлт хийсэн гэж үзэж байна. Гарал үүслийн бичиггүйгээр тээвэрлэж байгаа нь асуудал дээр миний үйлчлүүлэгч маргаагүй бөгөөд энэ талаараа шүүгдэгч Ц.Д болон Н.Б нар тодорхой мэдүүлсэн. Гарал үүслийн бичиггүй мал амьтан тээвэрлэсэн нь тусдаа зөрчлийн шинжийг агуулах бөгөөд хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болохыг нотолсон баримт огтоосоо биш юм. Анхан шатны шүүхийн хийсэн хийсвэр дүгнэлтээр бол гарал үүслийн бичиггүй л тээвэрлэсэн бол хулгайлах гэмт хэрэгт буруутгагдаж, сэрдэгдэж шалгагдах нөхцөл байдал үүсэхээр байна. Монгол Улсад хэт яллах талыг барьсан үндэслэлгүй, хүний эрх, эрх чөлөөг уландаа гишгэсэн ийм шийдвэр гарч жишиг тогтож байгаад харамсалтай байна.

   Мөн түүнчлэн Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн эрхийг ноцтойгоор зөрчиж Монгол Улсын хууль тогтоомж, хүний эрхийг уландаа гишгэсэн. Тодруулбал, яллагдагч шүүгдэгчийг цагдан хорих хууль зүйн үндэслэлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлд тодорхой нэг бүрчлэн хуульчилсан.

    Гэтэл яллагдагч нарыг цагдан хорих хууль зүйн үндэслэл бүрдээгүй байхад шүүх өөрийн санаачилгаар шүүгдэгч нарт авсан таслан сэргийлэх арга хэмжээг үндэслэлгүйгээр өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч миний үйлчлүүлэгчийн эрхийг ноцтойгоор зөрчсөнийг дурьдах нь зүйтэй.

     3.6. Анхан шатны шүүхийн дүгнэлтэд нөлөөлж болохуйц дараах нөхцөл байдлууд нотлогдон тогтоогдсон байгааг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан. Үүнд:

     - Гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийг шүүгдэгч Ц.Д нь ганцаараа төлж барагдуулсан. Энэхүү нөхцөл байдлыг харахад шүүгдэгч Ц.Д нь мөрдөн шалгах ажиллагааны эхэн үеэс өөрийн гэм бурууг хүлээж мөрдөн шалгах ажиллагаанд оролцсон байдаг.

      - Шүүгдэгч Ц.Д нь шүүгдэгч Н.Б-ээс 1 тооны азарга худалдаж авсан гэх бөгөөд уг худалдах худалдан авах гэрээний үүрэг болох азарганы үнийг төлөх үүргээ бүрэн биелүүлээгүй өнөөдрийг хүртэл өр төлбөртэй байгаа. Энэхүү нөхцөл байдал нь өөрийн төлөх өр төлбөрийг амар хялбар аргаар төлөх гэсэн санаа зорилгоор хохирогчийн 2 тооны үхрийг хулгайлан авч, өөрийн үхэр гэж шүүгдэгч Н.Б болон гэрч Ж.Н нарт итгүүлэн тэдэнд өгч явуулсан болохыг нотлох юм.

     - Шүүхийн хэлэлцүүлгээр хулгайд алдсан гэх 2 тооны үхрийг тухайн өдрийн оройны 22 цагийн орчимд төв замын хажуу талаас ачсан болох нь тогтоогдсон.

       Хулгайлах гэмт хэрэг нь нууц далд аргаар үйлдэгддэг. Дан ганц өмчлөгчөөс нууц далд гэлтгүй ер нь бусдын нүднээс нууц далд аргаар үйлдэгдэг гэж ойлгох нь хуульд нийцнэ.

     - Уг 2 тооны үхрийг очиж авахдаа өөрийн эхнэр Ж.Н-ийн хамт явсан бөгөөд очиж аваад буцаад Улаангом сум руу амьдаар нь тээвэрлэн оруулж ирсэн байдаг.

    Эхнэр Ж.Н нь нөхөртөө шөнө орой хань бараа болъё гэж бодоод хамт явсан гэж хамт явсан зорилгоо тодорхой мэдүүлсэн. Өөр хамт явсан ямар нэг зорилго үүнд байгаагүй. Олон тооны мал нядлах ч юм уу машин барих гэх мэт зорилго байгаагүй.

     Дээрх нөхцөл байдлуудыг анхан шүүх анхаарч үзэлгүй орхигдуулан миний үйлчлүүлэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн шийдвэрийг хууль зүйн үндэслэлгүй гэж харж байна.

     Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал нотлогдон тогтоогдоогүй, гэм буруутай гэж дүгнэхэд нотлох хангалттай хүрэлцэхүйц биш байна.

       Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-т: “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заажээ.

      Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан үндэслэлээр Н.Б-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж шийдвэрлэж өгнө үү гэсэн саналыг давж заалдах шатны шүүхэд гаргаж байна” гэжээ.

      4. Шүүгдэгч Н.Б-ийн өмгөөлөгч Б.Лхагважав давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “Анхан шатны шийтгэх тогтоол нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэж энэхүү гомдлыг гаргаж байна. Үүнд:

      Миний үйлчлүүлэгч Н.Б-ийг Ц.Д-тай үйлдлээрээ нэгдэж бүлэглэж мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж үзсэн нь үндэслэлгүй байна.

      Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар мөрдөгч, прокурор хэргийн нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоож чадаагүй.

     Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд хэрэгт нотолбол зохих байдлуудыг хуульчилсан ба хэрэгт дээрх нөхцөл хангагдаагүй, нотолбол зохих байдлууд нотлогдоогүй байхад Н.Б-ийг Ц.Д-тай үйлдлээрээ нэгдэж бүлэглэж мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх боломжгүй бөгөөд Ц.Д, Н.Б нар гэмт хэрэг үйлдэхээр буюу үхэр хулгайлахаар урьдчилан үгсэн тохирсон талаар хэрэгт авагдсан баримт байдаггүй.

       Ц.Д нь өөрөө мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэнээ анхнаасаа хүлээн зөвшөөрдөг бөгөөд хохирогчтой уулзаж хохирол 5,000,000 төгрөг төлөхөөр тохиролцож, уг төгрөгөө ганцаараа төлснийг анхан шатны шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан. Өөрөөр хэлбэл мал хулгайлах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн нь үнэн гэж үзвэл анхнаасаа өөрийн гэм буруугаа хүлээхгүй, хохирогчийн хохирлыг ганцаараа төлөхгүй байх байсан.

       Хэрэгт гэрчээр мэдүүлэг өгсөн О.О мэдүүлэхдээ, манай 2 тооны үхрийг манай сумын Ц.Д гэх хүн хулгайлсан байна гэх яриаг манай нөхөр Ц.Г, манай дүү Ц.Б нараас мэдсэн гэж мэдүүлсэн бөгөөд тэрээр Н.Б, Ц. Дүүрэнбаяр нарыг хулгайлсан гэж мэдээгүй гэж мэдүүлдэг.

      Шүүгдэгч Ц.Д шүүхийн шатанд мэдүүлэг өгөхдөө, иргэн Ц.Гийн үхрийг ганцаараа хулгайлж, Н.Б-д зарсан азаргын үнэд өгөхдөө хулгайлж авсан гэж хэлээгүй гэж мэдүүлдэг. Н.Б нь 2 тооны үхрийг Ц.Д-аас авахдаа хулгайн үхэр гэдгийг анхнаасаа мэдээгүй байсан. Энэ ч мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдоогүй юм.

       Миний үйлчлүүлэгч Н.Б-ийг шүүгдэгч Ц.Д-тай урьдчилан үгсэн тохиролцож, үйлдлээрээ санаатай нэгдэж мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн талаар хавтаст хэрэгт авагдсан баримтаар нотлогдсон гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.

      Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-т: “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заажээ.

      Иймд 2025 оны 4 дугаар сарын 03-ны өдрийн 73 дугаартай Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан үндэслэлээр түүнд холбогдох хэргийн хэрэгсэхгүй болгож цагаатгаж шийдвэрлэж өгнө үү” гэв.

     5. Прокурор А.Анхбаяр давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан санал, дүгнэлтдээ: “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан гэмт хэрэг үйлдсэн Ц.Д, Н.Б нарт холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцон дараах тайлбар, дүгнэлтийг гаргаж байна.

       Шүүгдэгч Н.Б-ийн 2 өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолтой танилцсан. Мөн давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцож байгаа Н.Б-ийн өмгөөлөгчийн гомдлоо тайлбарлаж байгааг сонслоо.

      Прокурорын хувьд өмгөөлөгч нарын гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй гэсэн байр суурьтай байна.

     Анхан шатны шүүх хуралдаан дээр олон яригдсан. Давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянах учраас анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд ямар асуулт хариулт явагдсан, ямар зүйл яригдсан талаар унших байх.  

       Хэрэгт авагдсан үйл баримтаар Ц.Д хохирогч Ц.Г-ийн үхрийг хар зам тийш мотоцикльтой тууж гаргаж ирсэн, Н.Б нь эхнэр Ж.Н-ийн хамт иргэн Б.Б-ийн эзэмшилд байдаг, өөрөө тухайн үед түр ашиглаж байсан гэх ачааны автомашинаар Увс аймгийн Зүүнхангай сум руу явсан. Тэндээс 2 тооны үхэр Ц.Д ачуулсан нь тодорхой байгаа.

     Шүүгдэгчийн өмгөөлөгчийн хувьд анхан шатны шүүх хуралдаан дээр Ц.Д-ын гэрчээр өгсөн мэдүүлгийг нотлох баримтын эх сурвалж болгож байна гэдгийг маш олон удаа давтаж хэлсэн.

       Үүнийг нотлох баримтын эх сурвалж болгоогүй, прокурорын яллах дүгнэлт, яллагдагчаар татах тогтоол дээр байхгүй. Энэ гэрчийн мэдүүлэг хавтаст хэрэгт байгаа боловч үүнийг яллах талын нотлох баримтаар нэг ч удаа ашиглаагүй гэдгийг шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд зөндөө тайлбарласан. Анхан шатны шүүхийн 2025 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 73 дугаартай шийтгэх тогтоолын үндэслэл болж байгаа нотлох баримтад ч байхгүй, би анхан шатны шүүх хурал дээр энэ гэрчийн мэдүүлгийг шинжлэн судлаагүй.

       Н.Б гэдэг хүн олон жил мал, махны наймаа хийж байгаа. Ямар нэгэн малчин  хүнээс мал худалдаж авахдаа гарал үүслийн бичиг заавал авах ёстой. Гарал үүслийн бичиггүй мал тээвэрлэж яваад тэр нь хулгайн мал байвал хулгайлах гэмт хэргээр шийдэгдэнэ.

      Учир нь Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх тухай хуулиар махны наймаачдыг заавал гарал үүслийн бичигтэй мал авахыг хуульчилсан.

       Хохирогч Ц.Г-ийн мэдүүлэг, гэрч Т.Ц-ын мэдүүлэг хоорондоо зөрүүтэй гэж яриад байна. Т.Ц, Ц.Г нар биечлэн шүүх хуралдаанд оролцоод мэдүүлгийн зөрүү гарсан. Би олон удаа уулзаж явсан учраас сумын төвөөс наашаа гарч ирж байгаад хээр сууж байхад өгсөн гэж бодсон, би андуурсан байна, 2023 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Ц.Г-ийн гэрт Т.Ц байхад 5,000,000 төгрөг орсныг гар утсанд мэдээлэл ирэхэд харсан гэдэг.

      Шүүгдэгч Ц.Д-ын хувьд шүүхийн хэлэлцүүлгийн шатанд мэдүүлэг өгөхдөө Н.Б-д хулгайн мал гэдгийг хэлээгүй гэж ярьсан.

    Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэрэг үйлдсэндээ харамсаж байгаа гэж яриад байгаа.

      Тухайн зүйл хэсэгт заасан, бүлэглэсэн, машин механизм ашигласан гэсэн шинжийг хангасан гэж үзэж байна.

      Ийм учраас шүүгдэгч Н.Б, Ц.Д нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 73 дугаартай шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй гэдгийг хэлмээр байна.

     Мөн энэ хэрэгт авагдсан баримтуудаар шүүгдэгч Н.Б-ийн гэмт хэрэг үйлдэх үедээ унаж ашиглаж явсан машин нь Б.Б-ийн эзэмшлийнх гэдгийг тогтоочихсон. Ингээд гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл нь бусдын эзэмшлийнх учир тухайн автомашины үнийг гаргуулахаар шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд зааснаар шийдвэрлэсэн.

        Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс, 2025 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 73 дугаартай шийтгэх тогтоолд 11 нотлох баримтаар миний үйлчлүүлэгчийг яллаж байна, тухайн 11 нотлох баримт нь гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцоход хангалтгүй гэх зүйл яриад байна.

        Хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн хохирогчийн мэдүүлэг, Т.Ц-ын мэдүүлэг, Н.Б-ийн эхнэр Ж.Н-т Монгол улсын Үндсэн хуульд заасан гэр бүлийн гишүүнийхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхийг нь сануулаад авсан мэдүүлгүүдээр шүүгдэгч Ц.Д, Н.Б нар нь бусдын олон тооны малыг бүлэглэн, машин механизм ашиглан хулгайлсан үйлдэл хөдөлбөргүй тогтоогдсон гэж үзэж байгаа учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Н.Б-ийн 2 өмгөөлөгчийн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгох саналтай байна” гэв.

         6. Шүүгдэгч Ц.Д давж заалдах шатны шүүх хуралдаанд: “Гаргах тайлбар байхгүй” гэв.

         7. Шүүгдэгч Н.Б давж заалдах шатны шүүх хуралдаанд : “Би энэ хүнд азаргаа зараад азарганыхаа өртөгт 2 үхэр авсан. Гэтэл 3 жил 6 сарын хорих ял авсан. Намайг хулгайн мал гэдгийг мэдэж авсан гэж ялласан. Би хулгайн мал гэдгийг нь мэдээд авсан бол ядаж би эхнэрээ дагуулж явахгүй байсан. Малаа аваад Хар тэрмэс дээр хоноод өглөө Наранбулагийн колонк дээрээс шатахуун аваад өдөр энд орж ирээд хашаандаа 2 хонуулаад, 2 хүн авч ирж нядалж зарсан. Би ял авсандаа маш их харамсалтай байна” гэв.

      8. Шүүгдэгч Ц.Д-ын өмгөөлөгч Д.Дамдинсүрэн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: “Анхан шатны шүүх хурлаас миний үйлчлүүлэгчийг бусдын олон тооны малыг бүлэглэн, машин механизм ашиглаж хулгайлсан гэм буруутайд тооцож, 2 жил 5 сарын хорих ял оногдуулсан.

         Ц.Д анхнаасаа 2 үхрийг авсан гэдгийг хүлээн зөвшөөрдөг. Харин шүүх хуралдаан дээр хулгайн мал гэдгийг би Н.Б-д хэлээгүй гэдэг. Шүүх миний үйлчлүүлэгчид 2 зүйлийг харгалзаж үзээд хүндрүүлж ял оногдуулсан.

      Нэгдүгээрт, Н.Б хулгайн эд зүйл гэдгийг мэдэхгүйгээр авсан гэж хэлээд түүнд давуу тал үүсгэсэн. Гэтэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Н.Б нь яллагдагч, шүүгдэгч учраас өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх, хэргийн бодит байдлыг нотлох үүргийг хүлээхгүй. Н.Б-ийг энэ хэрэгт холбогдолтой эсэхийг нотлох үүргийг Ц.Д биш, харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд заасны дагуу мөрдөгч, прокурор хүлээнэ.

       Хоёрдугаарт, шийтгэх тогтоолын 11 дүгээр хуудаст эрүүгийн хариуцлагын талаар бичсэн хэсэгт, шүүгдэгч Ц.Д-ын хувийн байдлын талаар, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тэрээр 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 11 дугаартай шийтгэх тогтоолоор мал хулгайлах гэмт хэрэг үйлдэж, гэм буруутайд тооцож 2 жил 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлж байсан, гэм буруугаа ойлгож ухамсарлаагүй хувийн байдал тогтоогдож байна гэж дүгнэсэн.

       Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаар тогтноосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй гэж заасан.

       Миний үйлчлүүлэгч урьд нь мал хулгайлах гэмт хэрэгт гэм буруутайд тооцогдоод, эрүүгийн хариуцлагыг хүлээгээд дуусчихжээ. Харин үүнийг өнөөдрийн шийтгэх тогтоол дээр дурдаж, урьд нь ял шийтгүүлж байсан учраас ял хүндрүүлж байна гэж үзэж байгаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага нь хүнлэг бус хэрцгий, хүний нэр төр алдар хүндийг гутаах шинжгүй байна гэснийг зөрчиж байна гэж харж байгаа.

       Миний үйлчлүүлэгч учруулсан хохирлыг төлж барагдуулсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал байгаа, гэм буруугаа ойлгож ухамсарласан. Тийм учраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлаад ялыг хөнгөрүүлэх боломжтой байсан боловч хуулиар оногдсон энэ боломжийг анхан шатны шүүх хэрэглээгүй. Иймд миний үйлчлүүлэгчид оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү гэж хүсэж байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

      1. Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 2025/ШЦТ/73 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн шүүгдэгч Н.Б, түүний өмгөөлөгч Д.Алтангэрэл, Б.Лхагважав  нарын давж заалдсан гомдлыг үндэслэн, Ц.Д, Н.Б нарт холбогдох, 2335000000283 дугаартай эрүүгийн хэргийг давж заалдах шатны шүүхээр хянан хэлэлцэхдээ гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаад, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгох үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

      2. Увс аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ц.Д, Н.Б нарыг бүлэглэн 2023 оны 4 дүгээр сарын 12-ны шөнө Увс аймгийн х сумын х багийн нутгаас хохирогч Ц.Г-ийн 2 тооны үхэр буюу олон тооны малыг машин механизм ашиглан хулгайлж, хохирогчид 3,000,000 /гурван сая/ төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.    

       3. Анхан шатны шүүх шүүгдэгч Ц.Д, Н.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан олон тооны мал хулгайлах гэмт хэргийг бүлэглэж, машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутайд тооцож, Ц.Д-т 02 жил 05 сарын хугацаагаар, шүүгдэгч Н.Б-д 03 жил 06 сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэснийг шүүгдэгч Н.Б, түүний өмгөөлөгч Д.Алтангэрэл, Б.Лхагважав нар эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргажээ.

     4. Анхан шатны шүүх шийтгэх тогтоол гаргахдаа дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг анхаарч үзэлгүй орхигдуулсан буюу эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд нөлөөлж болох нөхцөл байдлыг анхаарч үзээгүйгээс шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болж чадаагүй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэлээ.

       4.1. Прокуророос шүүгдэгч Ц.Д, Н.Б нарыг бүлэглэн 2023 оны 4 дүгээр сарын 12-ны шөнө Увс аймгийн х сумын х багийн нутгаас хохирогч Ц.Г-ийн 2 тооны үхрийг машин механизм ашиглан хулгайлсан гэх гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг шүүх хянан хэлэлцээд, шүүгдэгч нарыг тухайн үйлдэлд нь гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн байна.

       4.2. Шүүгдэгч Ц.Д өмнө үйлдсэн гэмт хэрэгтээ шүүхээс оногдуулсан ялыг эдэлж  байхдаа дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь хэргийн баримтаар тогтоогдсон байна.

       Тодруулбал, шүүгдэгч Ц.Д 2020 оны 12 дугаар сард Завхан аймгийн х  сумын х багийн нутгаас иргэн Б.Г-ийн өмчлөлийн 2 тооны адуу буюу олон тооны мал хулгайлсан үйлдэлдээ Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 11 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 жил 1 сар хорих ял шийтгүүлж,  уг ялыг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар 2 жил, 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсон, шүүхээс уг ялыг албадан гүйцэтгүүлэхээр 2022 оны 04 сарын 06-ны өдрийн 2022/гх/113 дугаар гүйцэтгэх хуудас олгосны дагуу эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэн, хяналт тавьж эхлүүлсэн зэрэг нь хэрэгт авагдсан Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 11 дүгээр шийтгэх тогтоол /1-р хх-ийн 210-216-р тал/, гүйцэтгэх хуудас /1-р хх-ийн 209-р тал/, эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлүүлсэн тогтоол /1-р хх-ийн 208-р тал/, 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд “эрүүгийн хариуцлага хүлээж байна” гэх тэмдэглэгээ хийгдсэн /1-р хх-ийн 161-р тал/ байдал зэргээр нотлогдсон байна.

       Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1-т: “ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно” гэж заасан ба шүүгдэгч Ц.Д-ын хувьд, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг эдэлж байхдаа, 2023 оны 4 дүгээр сарын 12-ны үед шинээр мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал тогтоогдож байх тул энэ зүйлд заасан журмаар ял оногдуулах хууль зүйн үндэслэл бий болсон гэж үзнэ.

    4.3. Хэрэгт, шүүгдэгч Ц.Д өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг эдэлж дууссан эсэх талаарх хангалттай нотлох баримт авагдаагүй байна.

       1 дүгээр хавтаст хэргийн 164 дүгээр талд авагдсан, Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 02/11338 дүгээр: ...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгүүлсэн ялтан Ц-ын Д-ын ялын гүйцэтгэлийг 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрөөр тасалбар болгон тооцоход: Эдэлбэл зохих- 2 жил 1 сар /760 хоног/, эдэлсэн хоног- 1 жил, 7 сар 18 хоног /593/, шагналын хоног- 69 хоног, эдлээгүй үлдсэн хоног- 3 сар, 8 хоног /98/ хоног байна” гэх ялын тооцоо хүргүүлэх тухай албан бичиг,

     - мөн 1 дүгээр хавтаст хэргийн 217 дугаар талд авагдсан, прокурорын 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 14 дүгээр зөвшөөрлөөр түүний түүний зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэх нөхцөл, журмыг түр өөрчилсөн талаар тусгасан баримтууд тус тус авагдсан байх боловч тэрээр сүүлчийн гэмт хэрэгтээ ял шийтгүүлэх үед буюу 2025 оны 04 сарын 03-ны өдрийн 73 дугаар шийтгэх тогтоол гарах үед өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг эдэлж дууссан эсэх нь тодорхойгүй.   

       Прокурор яллах дүгнэлт болон анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх санал, дүгнэлтдээ шүүгдэгч Ц.Д-ын  өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг эдэлж дууссан эсэх, ялын тооцоо, нэмж нэгтгэх ял үлдсэн эсэх талаар тусгаагүй, санал гаргаагүй, түүнчлэн шүүхээс энэ талаар огт дүгнэлт хийгээгүй орхигдуулсан байна.  

       5. Дээрх нөхцөл байдал буюу шүүгдэгч өмнөх тогтоолоор оногдуулсан ялыг эдэлж дууссан эсэх нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд нөлөөлөх асуудал бөгөөд хэрэгт энэ талаарх нотлох баримт авагдаагүй байх тул шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн эсэх, тухайлбал шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэсэн эсэхэд давж заалдах шатны шүүхээс дүгнэлт хийх боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

   6. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн тул шүүгдэгчийн Н.Б-ийн өмгөөлөгч нарын гаргасан “Н.Б-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгуулах” агуулга бүхий давж заалдах гомдолд хууль зүйн дүгнэлт хийгээгүй болно.

      7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.10 дугаар зүйлийн 11 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцүүлэн шүүгдэгч Ц.Д, Н.Б нарт өмнө авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэрэг анхан шатны шүүхэд очтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

        Эрүүгийн хэр эг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасныг тус тус удирдлага болгон,

ТОГТООХ нь:

       1. Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 2025/ШЦТ/73 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.

        2. Хэрэг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Ц.Д, Н.Б нарт өмнө авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

      3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

                                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Н.МӨНХЖАРГАЛ

                                                                           ШҮҮГЧ                                Ж.ОТГОНХИШИГ

                                               ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Л.АЛТАН