Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 46

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Нандинцэцэг,

Улсын яллагч Н.Дуламсүрэн,

Хохирогч С.Дуламсүрэн,

Гэрч В.Зоригоо,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Туяа,

Шүүгдэгч С.Чулуунсүх нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Алаг адуу овогт Сүхбаатарын Чулуунсүхэд холбогдох эрүүгийн 1718003730171 дугаартай хэргийг 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Алаг адуу овогт Сүхбаатарын Чулуунсүх /РД: ТЛ69032476/, 1969 оны 3 дугаар сарын 24-нд Дархан-Уул аймагт төрсөн, 48 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын 3 дугаар багт байрлах МТ ХХК-ний агуулахын хашаанд оршин суух, урьд ял шийтгэлгүй,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч С.Чулуунсүх нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сум 3 дугаар багт байрлах МТ ХХК-ний агуулахын хашаанд хувийн таарамжгүй харьцааны улмаас иргэн С.Дуламсүрэнг зодож эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Гэм буруугийн талаар:

2017 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 15-16 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сум 3 дугаар багт байрлах МТ ХХК-ний агуулахын хашаанд байх С.Чулуунсүхийн гэрт С.Чулуунсүх, түүний эхнэр С.Сайнбуян, С.Дуламсүрэн, Д.Туяа нар нь 0.75 литрийн савалгаатай 2 шил архи хувааж уусан, архи ууж байх үедээ С.Чулуунсүх, С.Дуламсүрэн нар нь маргалдаж, улмаар С.Чулуунсүх нь С.Дуламсүрэнг чирч гарган унагаж, дэвсэх, өшиглөх зэргээр зодож биед нь доод эрүүний хоёрлосон хугарал, тархи доргилт, баруун чихний дэлбэнгийн шарх, нүүр, ам, доод уруул, хүзүүний зөөлөн эдийн цус хуралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь:  

Шүүхийн хэлэлцүүлэгт

Хохирогч С.Дуламсүрэнгийн өгсөн: Туяа бид хоёр гэрээс гараад автобус хүлээж байсан. Тухайн үед автобусны мөнгөгүй байсан учраас С.Чулуунсүхээс мөнгө асуухаар гэр рүү нь очсон. Тэгээд С.Чулуунсүхийн эхнэр нь гарч ирээд надад “Орж сүү уу. Сүү хөөрүүлж байна” гэж хэлэхээр нь гэрт нь орсон. Намайг гэрт нь ороход архи байсан. Тэгээд би “архи ууж байгаа юм уу” гэж асуутал С.Чулуунсүх “Тийм” гэж хэлээд надад архи хийж өг гэж хэлсэн. Тэр үед эхнэр нь манай найз бид хоёрт архи хийж өгсөн. С.Чулуунсүх архи ууж сууж байгаад манай найз Туяагийн гуяыг илээд байсан. Архи ууж дууссаны дараа С.Чулуунсүхийн эхнэр усанд явсан. Тэр үед “дахиад юм уух уу” гэж хэлээд архиа ууж байтал С.Чулуунсүх надад  “найзыгаа үлдээчих” гэж хэлсэн. Би тухайн үед “Би найзтайгаа цуг явна” гэж хэлсэн. Гэтэл С.Чулуунсүх намайг гэрээсээ чирч гаргаад миний нүүрэн дээр дэвсэхэд нь би ухаан алдаад сэрэхэд надаас цус гоожиж эрүү хугарсан байсан. Тухайн үед цагдаа нар ирсэн. Цагдаа ирээд манай нөхрийг дуудсан. Хэрэг гардаг орой би Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлэгт үзүүлээд эрүүгээ хадуулах гэсэн боловч хадаас байхгүй. Улаанбаатар хотод очиж үзүүл гэж хэлсэн. Би мөнгөгүй байсан учраас бүрэн эмчилгээ хийлгэж чадаагүй. Одоо шүүгдэгчээс 2.000.000 төгрөг нэхэмжилж байна гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад

Гэрч Д.Туяагийн өгсөн: ...Чулуунсүх манай найз Дуламсүрэнг гадуур хувцаснаас нь чирж хашааныхаа төмөр хаалгаар гаргаад газар хэвтүүлээд нүүр лүү нь дэвсээд байсан. Би болиоч гээд салгах гэсэн боловч Чулуунсүх “хуц. Чамд ямар хамаатай юм ална шүү” гээд ханцуйгаа шамлаад ойртуулахгүй байсан. Би цагдаа дуудахад удалгүй эргүүлйин цагдаа ирээд Чулуунсүхийг аваад явсан. Би Дуламсүрэнгээс юу болсон талаар асуухад Дуламсүрэн “Чулуунсүх намайг найзыгаа үлдээгээд явчих гэхээр нь би яахаараа үлдээдэг юм гэхэд уурлаад намайг зодсон” гэж хэлсэн. Дуламсүрэн бид хоёр анх гэрт нь ороход л Чулуунсүх архи ууж байсан. Тэгээд бид нартай нэмж уусан учраас нилээн согтуу өөрийн үйлдлээ удирдан жолоодох чадваргүй байсан гэх мэдүүлэг /хх-ийн 12, 13/,

Гэрч Д.Бүдхандын өгсөн: Би 2017 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр дэд ахлагч Дашдаваагийн хамтаар Дархан сумын 1-3 дугаар багт хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байх хугацаанд 19 цагийн орчимд МТ шатахуун түгээх станцын агуулахын хашааны гадна хүмүүс зодолдсон байдалтай, нэг эмэгтэй гараараа даллаад орилоод байхаар нь явж очсон. Тэнд нэг эмэгтэйн нүүр, ам хэсэг нь цусаар бохирлогдсон байдалтай, “энэ хашаанд амьдардаг С.Чулуунсүх намайг зодчихоод зугтаах гэж байна” гээд хашааны хаалгаар орох гэж байсан эрэгтэй хүнийг заасан. Тэр эрэгтэй хүнээс юу болсон талаар тодруулахад тэр эрэгтэй маш их согтолттой, өөрийн үйлдлийг удирдан жолоодох чадваргүй байсан учраас эрүүлжүүлэх баривчлах байранд хүргэсэн гэх мэдүүлэг /хх-ийн 15, 16/,

Гэрч Б.Дашдаваагийн өгсөн: Би 2017 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр ахлах ахлагч Бүдхандын хамтаар Дархан сумын 1-3 дугаар багт хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байх хугацаанд 19 цагийн орчимд МТ шатахуун түгээх станцын агуулахын хашааны гадна хүмүүс зодолдсон байдалтай, нэг эмэгтэй гараараа даллаад орилоод байхаар нь явж очсон. Тэнд нэг эмэгтэйн нүүр, ам хэсэг нь цусаар бохирлогдсон байдалтай, “энэ хашаанд амьдардаг С.Чулуунсүх намайг зодчихоод зугтаах гэж байна” гээд хашааны хаалгаар орох гэж байсан эрэгтэй хүнийг заасан. Тэр эрэгтэй хүнээс юу болсон талаар тодруулахад тэр эрэгтэй маш их согтолттой, өөрийн үйлдлийг удирдан жолоодох чадваргүй байсан учраас эрүүлжүүлэх баривчлах байранд хүргэсэн. Зодуулсан гэх эмэгтэйн хиймэл шүд байхгүй, бид зодуулсан газарт нь хайгаад олоогүй, хиймэл шүд хайж Чулуунсүхийн гэрт ороход гэрийн зарим унь, цайны халуун сав унасан, хүн маргалдаж ноцолдсон гэхээр байдалтай байсан гэх мэдүүлэг /хх-ийн 17, 18/,

Гэрч С.Цогтсайханы өгсөн: Би тухайн өдөр эмнэлэгт эрүү нь хугарсан хүн байна гэсний дагуу хүлээн авах дээр дуудагдаж ирсэн. Дуламсүрэн гэх 60 настай эмэгтэйг үзээд эрүүг нь ретигенд харахад эрүүний баруун үений сэртэн, доод эрүүний зүүн оочны хэсэгт хугарсан зөрүүтэй байсан. Иймд С.Дуламсүрэнд Улаанбаатарт Улсын Нэгдсэн эмнэлэгт очиж эмчилгээ хийлгүүлэх талаар зөвлөгөө өгсөн. Мөн болсон явдлын талаар асуухад “айлд архи ууж байгаад зодуулсан” гэж хэлсэн гэх мэдүүлэг /хх-ийн 20, 21/,

Гэрч С.Сайнбуяны өгсөн: ...дэлгүүрээс 0.75 литрийн шилтэй архи  аваад бид нар хувааж уусны дараа манай нөхөр Чулуунсүх тамхи аваад ирье гээд гарсан. Дуламсүрэн би явлаа гээд араас нь гарсан. Тэр үед гадаа машин сигналдахыг сонссон. Тэгээд би гэрээс юу болов гээд гарсан чинь Дуламсүрэн найзын хамт газар уначихсан нүүр ам нь цус болчихсон байсан. Тэгээд болсон явдлын талаар асуухад Дуламсүрэнгийн найз нь танай нөхөр намайг түлхээд унагаачихлаа гэсэн. Дуламсүрэнг манай нөхөр цохьсон уу, өөрөө унасан уу гэдгийг би хараагүй. Архи уусны маргааш нь би гэрийнхээ хашааны төмөр хаалганы хажуугаас Дуламсүрэнгийн хиймэл шүдийг олоод аваачиж өгсөн гэх мэдүүлэг /хх-ийн 27, 28/,

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 1089 дугаартай “С.Дуламсүрэнгийн биед доод эрүүний хоёрлосон хугарал, тархи доргилт, баруун чихний дэлбэнгийн шарх, нүүр, ам, доод уруул, хүзүүний зөөлөн эдийн цус хуралт тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр зургийн гэмтэл болно. С.Дуламсүрэнд учирсан гэмтэл нь цаашдын эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-ийн 32/ зэрэг хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Чулуунсүх нь: ...Би 2017.11.04-ний өдөр хөдөө явах ажилтай байсан. Би тухайн өдөр гэрээсээ гарч яваад найзтайгаа таараад 1 шил архи хувааж уусан. Тэгээд гэртээ ирэхэд С.Дуламсүрэн эгч манайд архи байна уу гэж орж ирсэн. Манай гэрт байсан шилтэй архийг бид нар хувааж уугаад дууссаных нь дараа би дахин нэг шил архи авч өгсөн. Архи ууж байгаад намайг тамхи авах гээд урд дэлгүүр рүү орчихоод гарч ирэхэд С.Дуламсүрэн гадаа хашлаганы тэнд сууж байсан. Тэр үед намайг С.Дуламсүрэнгээс “Та уначихсан юм уу. Яасан бэ” гэхэд “Чи намайг цохисон. Цагдаа дуудна” гэж хэлсэн. Хэсэг хугацааны дараа  цагдаа ирсэн. Гэтэл С.Дуламсүрэнтэй хамт явж байсан эмэгтэй нь С.Дуламсүрэнг халитраад унасан гэж хэлсэн. Тэгээд цагдаа нар намайг эрүүлжүүлэх рүү авч явсан. С.Дуламсүрэнгийн бие өвддөг учраас би хамт архи уухаасаа дургүйлхдэг. Би хохирогчид гар хүрээгүй гэж мэдүүлж байна.

Мөн шүүгдэгчийн өмгөөлөгч нь шүүгдэгч С.Чулуунсүх нь хохирогчийг зодож биед нь гэмтэл учруулаагүй, хохирогч өөрөө дэлгүүрийн гадна талд байх хайс руу унаж гэмтсэн. Энэ нь шүүхийн хэлэлцүүлэгт гэрч В.Зоригоогийн өгсөн: ...Тухайн үед хөдөлгөөн ихтэй байсан. Намайг тамхи авахаар нэг залуутай зогсож байхад хоёр эмэгтэй хүн яарсан байдалтай гүйж гарч ирээд дэлгүүрийн хашлага мөргөсөн. Тэр хавийн хүмүүс Дуяа авгай байна гээд ярьцгааж байсан. Дуламсүрэн босч ирэхдээ улаан эрээн болчихсон байсан. Хашлага мөргөсөн хоёр хүн хоёулаа согтуу байсан... гэх мэдүүлэг, мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Цээсүрэнгийн өгсөн: ...2017 оны 11 дүгээр сарын 04-ний 17 цаг 30 минутын үед би үхрээ эргүүлэхээр төмөр замын орчимд явж байхад авто зам дээр машин сигналдсан. Би эргэж харахад 2 эмэгтэй хүн МТ шатахуун түгээх станцын агуулах талаас зам хөндлөн гараад замын хажуугийн дэлгүүрийн хайс дээр суух гээд ч байгаа юм шиг үгүй ч юм шиг бие биенээ татаж чангаагаад байсан. Тэгээд үхрээ эргүүлчихээд буцаад явж байхад цагдаа нар ирчихсэн байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 24, 25/, гэрч Ц.Цэцэгдалайн өгсөн: ...2017 оны 11 дүээр сарын эхээр би ажлаасаа буугаад харих замд нэг машин маш хурдтайгаар сигналдаад өнгөрсөн. Тэр үед танихгүй 2 согтуу хүүхэн зам хөндлөн гарсан. Нэг нь цагаан куртиктэй, хөл гар муутай гэхээр хүн байсан. Машин өнгөрөөд явсны дараа замын хажуугийн дэлгүүрийн хашлага дээгүүр тэр 2 эмэгтэй давхаралдаад унасан. Цааш юу болсныг мэдэхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 26/ зэргээр нотлогдоно гэж мэтгэлцэж байна.

Гэвч шүүгдэгч С.Чулуунсүх нь хохирогч С.Дуламсүрэнг газар унагаж нүүр лүү дэвсэх, өшиглөх зэргээр зодохыг харсан, мөн цагдаагийн ажилтан дуудсан гэрч Д.Туяагийн мэдүүлэг, эргүүлийн үүрэг гүйцэтгэж яваад эмэгтэй хүн гараараа даллаж дуудахыг хараад хэргийн газар очсон цагдаагийн албан хаагч болох гэрч Д.Бүдханд, Б.Дашдаваа нарын мэдүүлэг, хохирогчийн биед учирсан гэмтлийн тогтоосон шинжээчийн дүгнэлт зэргээр шүүгдэгч С.Чулуунсүхийн үйлдэл хангалттай нотлогдсон, аймгийн Прокурорын газраас С.Чулуунсүхийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байна.   

Иймд шүүгдэгч С.Чулуунсүхийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч С.Дуламсүрэнгийн биед хүндэвтэр хохирол учирсан ба шүүгдэгч нь хохирогчийн эмчилгээний зардалд 400.000 төгрөг төлсөн болох нь хохирогчид мөнгө хүлээлгэн өгсөн баримт /хх-ийн 91/-аар нотлогдож байна. Хохирогч нь шүүгдэгч С.Чулуунсүхээс цаашид гарах эмчилгээний зардалд 2.000.000 төгрөг нэхэмжилсэн боловч холбогдох нотлох баримтыг гаргаж өгөөгүй тул уг нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхих нь зүйтэй гэж үзэв.

Иймд шүүгдэгч С.Чулуунсүх нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч С.Дуламсүрэн нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн журмаар нэхэмжлэх эрхтэйг болохыг дурдах нь зүйтэй байна.

2. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж заасан байна.

 

Иймд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, хохиролоо нөхөн төлсөн зэргийг харгалзан шүүгдэгч С.Чулуунсүхэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 420 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэгдээгүй найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч С.Чулуунсүх нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдвал зохино.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Алаг адуу овогт Сүхбаатарын Чулуунсүхийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч С.Чулуунсүх нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Чулуунсүхийг 420 /дөрвөн зуун хорь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэгдээгүй найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч С.Чулуунсүх нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол С.Чулуунсүхэд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Б.ИХТАМИР