Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2017/01557

 

 

2017 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2017/01557

 

 

З.Отгонбатын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Н.Батзориг, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 182/ШШ2017/01026 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч З.Отгонбатын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Нийслэлийн худалдан авах ажиллагааны газарт холбогдох

 

Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэлтэй хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандах илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

нэхэмжлэгч З.Отгонбат, түүний өмгөөлөгч Д.Мядагбадам, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мөнхнасан, Э.Одонтунгалаг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бат-Онон нар оролцов.

 

Нэхэмжлэгч З.Отгонбатын нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: Миний бие Нийслэлийн худалдан авах ажиллагааны газарт 2013 оны нэг сараас буюу байгуулагдсан цагаас нь эхлэн нягтлан бодогчоор ажиллаж байсан. Гэтэл Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Ганбаатарын 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн Б/76 тоот тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн. Ингээд шүүхэд хандсан. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 182/ШШ2016/00777 тоот шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 2030 тоот магадлалаар ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговрыг гаргуулахаар шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх захирамж гаргуулж, шийдвэр гүйцэтгэх байгууллагад өгсөн. 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдөр албан тушаалд томилох тухай тушаал гаргаад 1 хоногийн дараа буюу 15-ны өдөр хөдөлмөрийн гэрээг цуцлах тушаал гаргасан. Тушаалдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.5-ыг үндэслэл болгосон. Ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл надад байхгүй. Тушаал шийдвэр болон анхан шатны баримтад тулгуурлан Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль болон бусад хууль дүрэм, журам мөн Олон улсын нягтлан бодох бүртгэлийн стандартын дагуу ажил гүйлгээ хийгдэж байсан нь холбогдох Аудитын дүгнэлтээр нотлогдоно. Дээрх тушаалд дурдсан зүйлүүд нь бүгд 2016 оны 06 дугаар сарын 13-нд хуралдсан удирдлагын зөвлөлийн хурал дээр яригдсан асуудал, би үүнд буруугүй. Удирдлагын зөвлөлийн хурлын шийдвэрээр сануулах арга хэмжээ авагдсан талаар анхан шатны шүүхэд яригдсан асуудал юм. Удирдлагын зөвлөлийн хурлын тэмдэглэл бусад баримтуудыг анхан шатны шүүхэд гаргаж өгсөн. Нийслэлийн дотоод аудитын албаны байцаагч Ч.Гүрбазарын 4 495 700 төгрөгийн актыг хүлээн зөвшөөрөөгүй тул захиргааны хэргийн шүүхэд хандсан байгаа. Нийслэлийн Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн А/752 дугаартай захирамжаар батлагдсан Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын дүрмийн 2.5.1 дэх заалтыг үндэслэсэн байна. Энэ нь хугацааны хувьд үндэслэлгүй. Дээрх тушаалд ажил хүлээлгэж өгөөгүй атлаа тушаалын 2 дугаар хэсэгт З.Отгонбаттай холбогдох эд хөрөнгийн болон бусад тооцоог хийж дуусгахыг Захиргаа санхүүгийн хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Сэргэлэнд үүрэг болгосон нь тушаалын хэсэг хоорондоо уялдаа холбоогүй байна. Шүүхийн шийдвэрийг биелүүлсэн харагдах боловч ажилд томилсон тушаалаас хойш 1 хоногийн дотор зөрчил, дутагдал гаргаагүй байхад үндэслэлгүй ажлаас халсан. Иймд ажилд эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалыг нөхөн төлүүлж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын шүүхэд гаргасан хариу тайлбарт: З.Отгонбат нь Нийслэлийн худалдан авах ажиллагааны газарт 2013 оноос эхлэн нягтлан бодогчоор ажиллаж байгаад 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн Б/76 тоот тушаалаар өөрийн хүсэлтээр ажлаас нь чөлөөлсөн боловч тушаалыг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргасан. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 182/ШШ2016/00777 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 2030 дугаартай магадлал зэргийг үндэслэн Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн Б/03 дугаартай тушаалаар З.Отгонбатыг ерөнхий нягтлан бодогчийн албан тушаалд эгүүлэн томилсон. Гэвч ерөнхий нягтлан бодогч З.Отгонбат нь урьд ажиллаж байх хугацаандаа Нийслэлийн Аудитын газрын 2016 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 3/9 дугаартай "Аудитын гэрчилгээ" албан бичгийн хавсралтаар ирүүлсэн хяналт шалгалтын дүнгээр 20 190 500 төгрөгийн зөрчил дутагдал илэрч үүнээс 1 092 500 төгрөгийн акт тавигдсан. Нийслэлийн дотоод Аудитын албаны 2016 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 74 дугаартай албан бичгийн хавсралтаар ирүүлсэн хяналт шалгалтын дүнгээр 51 482 700 төгрөгийн зөрчил дутагдал илэрч 4 495 700 төгрөгийн акт тавигдсан нь 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 12-2/6503 тоот Монгол Улсын Сангийн сайдын "Актын үндэслэлийг тогтоосон тухай" албан бичгээр тогтоогдсон.

Мөн 2013 онд тус газар нь Нийслэлийн засаг захиргааны IV байранд нүүж ирэхэд нийт 48 538 250 төгрөгийн сүлжээний тоног төхөөрөмжийг хуучин байрандаа үлдээж, Нийслэлийн аудитын газрын төсвийн хөрөнгөөр 47 957 800 төгрөгийн тоног төхөөрөмжийг шинээр суурилуулсныг үндсэн хөрөнгөд бүртгэл хийлгүй хий тоолж ирсэн нь 2016 оны 05 сард хийгдсэн ээлжит тооллогоор илэрсэн. Зураг, төсөв хяналтын мэргэжилтэн С.Болдбаатарын цалинг 2 cap 20 хувиар бууруулах сахилгын арга хэмжээг авахад 3 сарын хугацаанд нийт 65 хувиар үндсэн цалинг бууруулж хохироосон зэрэг зөрчлүүдийг удаа дараа гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.5 дах хэсэгт зааснаар мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гаргасан нь тогтоогдсон тул Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын дүрмийн 2.5.1 дэх хэсэгт заасан "батлагдсан бүтэц, орон тоо болон хуулиар тогтоосон эрх, хэмжээний хүрээнд ажилтнуудыг томилох, чөлөөлөх, сахилгын шийтгэл ногдуулах" эрхийн хүрээнд газрын даргын 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн Б/76 тоот тушаалаар З.Отгонбатыг ажлаас халсан. Иймд З.Отгонбатын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар нэхэмжлэгч З.Отгонбатыг Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын ерөнхий нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 5 149 245 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч З.Отгонбатад олгож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар нэхэмжлэгч З.Отгонбатын эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу суутган төлж, дэвтэрт тэмдэглэл хийлгэхийг хариуцагч Нийслэлийн худалдан авах ажиллагааны газарт даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагч Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас улсын тэмдэгтийн хураамжид 97 337 төгрөгийг гаргуулан төсвийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мөнхнасан, Э.Одонтунгалаг нарын давж заалдах журмаар гаргасан гомдолд: Монгол Улсын дээд шүүхийн 2012 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн "Хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн маргаантай хэргийг хянан шийдвэрлэхэд анхаарах зарим асуудал" зөвлөмжийн 3.7-д ...Ажил олгогч нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу нэхэмжлэгчийг өмнө эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоосон тохиолдолд ажилтантай дахин хөдөлмөрийн гэрээ байгуулах шаардлагагүй, харин гэрээний нөхцлүүдийн талаар зарим зүйлд өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзвэл тухайн гэрээнд өөрчлөлт оруулах боломжтой болно. Анхан шатны шүүх З.Отгонбатын цалинг тооцохдоо 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх хугацааны цалин 5 149 245 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. З.Отгонбатыг ажлаас чөлөөлсөн өдөр буюу 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн цалинг нь тооцох байтал 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн цалинг тооцож байгаа нь ойлгомжгүй байна.

Монгол Улсын Дээд шүүхийн 2006 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 33 дугаартай "Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай" тогтоолд хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан "ажил олгогчийн итгэлийг алдсан ажилтны гаргасан буруутай үйлдэл, эс үйлдэхүй" нь хууль, санхүүгийн болон хяналтын зэрэг эрх бүхий байгууллагын шалгалт, мөн ажил олгогчийн дотоодын хяналт шалгалтаар тогтоогдсон байвал зохино. 15.5.1. Мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтны гаргасан эд хөрөнгийн зөрчил нь эрүүгийн гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж тогтоогдсон нь эд хөрөнгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй. Монгол Улсын Дээд шүүхийн 2012 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн "Хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн маргаантай хэргийг хянан шийдвэрлэхэд анхаарах зарим асуудал" зөвлөмжийн 3.7-д ...Ажил олгогч нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу нэхэмжлэгчийг өмнө эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоосон тохиолдолд ажилтантай дахин хөдөлмөрийн гэрээ байгуулах шаардлагагүй, харин гэрээний нөхцлүүдийн талаар зарим зүйлд өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзвэл тухайн гэрээнд өөрчлөлт оруулах боломжтой болно гэжээ.

Мөн З.Отгонбатын өөрийн гаргаж байгаа үйлдлийн хувьд, ажил, албан тушаалдаа хайнга хандаж байгаа нь ёс зүйн хувьд тухайн албан тушаалд тэнцэхгүй болох нь дараах баримтуудаар тогтоогдож байдаг. З.Отгонбат нь ерөнхий нягтлан бодогчоор урьд ажиллаж байх хугацаандаа:

- Нийслэлийн Аудитын газрын 2016 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 3/9 дугаартай "Аудитын гэрчилгээ" албан бичгийн хавсралтаар ирүүлсэн хяналт шалгалтын дүнгээр 20 190 500 төгрөгийн зөрчил дутагдал илэрч үүнээс 1 092 500 төгрөгийн акт тавигдсан,

- Нийслэлийн дотоод Аудитын албаны 2016 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 74 дугаартай албан бичгийн хавсралтаар ирүүлсэн хяналт шалгалтын дүнгээр 51 482 700 төгрөгийн зөрчил дутагдал илэрч 4 495 700 төгрөгийн акт тавигдсан нь 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 12-2/6503 тоот Монгол Улсын Сангийн сайдын "Актын үндэслэлийг тогтоосон тухай" албан бичгээр тогтоогдсон,

- 2013 онд тус газар нь Нийслэлийн засаг захиргааны IV байранд нүүж ирэхэд нийт 48 538 250 төгрөгийн сүлжээний тоног төхөөрөмжийг хуучин байрандаа үлдээж, Нийслэлийн аудитын газрын төсвийн хөрөнгөөр 47 957 800 төгрөгийн тоног төхөөрөмжийг шинээр суурилуулсныг үндсэн хөрөнгөд бүртгэл хийлгүй хий тоолж ирсэн нь 2016 оны 05 сард хийгдсэн ээлжит тооллогоор илэрсэн,

- Зураг, төсөв хяналтын мэргэжилтэн С.Болдбаатарын цалинг 2 cap 20 хувиар бууруулах сахилгын арга хэмжээг авахад 3 сарын хугацаанд нийт 65 хувиар үндсэн цалинг бууруулж хохироосон зэрэг зөрчлүүдийг удаа дараа гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 дахь хэсэгт зааснаар мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гаргасан нь баримтуудаар тогтоогдсон Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын дүрмийн 2.5.1 дэх хэсэт заасан эрхийн хүрээнд газрын даргын Б/07 тоот тушаалаар З.Отгонбатыг ажлаас халсан нь үндэслэлтэй. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байна. Иймд Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 182/ШШ2017/01026 дугаартай шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон байна.

 

Нэхэмжлэгч З.Отгонбат нь хариуцагч Нийслэлийн худалдан авах ажиллагааны газарт холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, З.Отгонбат нь урьд ажиллаж байх хугацаандаа удаа дараа зөрчил гаргасан нь тогтоогдсон. Өмнө нь З.Отгонбатыг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан үндэслэлээр чөлөөлөх асуудал яригдаж байхад өөрөө хүсэлтээ өгч ажлаас чөлөөлөгдсөн тул 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн ажлаас чөлөөлсөн тушаал хууль зөрчөөгүй гэж маргажээ.

 

Хэрэгт авагдсан баримтаар З.Отгонбат нь Нийслэлийн худалдан авах ажиллагааны газарт 2013 оноос нягтлан бодогчоор ажиллаж байгаад 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн Б/76 тоот тушаалаар ажлаас чөлөөлөгдөж, улмаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан, тус шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 0777 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 2030 дугаар магадлалаар З.Отгонбатыг Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын ерөнхий нягтлан бодогчийн албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговрыг гаргуулж шийдвэрлэсэн, уг шийдвэрийг Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар биелүүлж, тус газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн Б/06 тоот тушаалаар З.Отгонбатыг ерөнхий нягтлан бодогчийн ажил, албан тушаалд томилсон боловч 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн Б/07 дугаартай "Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай" тушаалаар түүнийг үүрэгт ажлаас нь дахин чөлөөлсөн үйл баримт тогтоогдож байна. /хх.96-98, 99-101, 8, 9-10/

 

Нэхэмжлэгч З.Отгонбаттай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 15ы өдрийн Б/07 дугаар тушаалд Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.5 дахь хэсэг, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, Нийслэлийн засаг даргын 2016 оны 10 дугаар сары 26-ны өдрийн А/752 дугаар захирамжаар батлагдсан Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын дүрмийн 2.5.1 дэх хэсгийг тус тус үндэслэсэн ба хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалжээ.

 

Ажил олгогч дээрх тушаалдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 дах хэсгийг баримталсан үндэслэлээ Нийслэлийн Аудитын газрын 2016 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 3/9 дугаартай "Аудитын гэрчилгээ" албан бичгийн хавсралтаар ирүүлсэн хяналт шалгалтын дүнгээр 20 190 500 төгрөгийн зөрчил дутагдал илэрч үүнээс 1 092 500 төгрөгийн акт тавигдсан, Нийслэлийн дотоод аудитын албаны 2016 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 74 дугаартай албан бичгийн хавсралтаар ирүүлсэн хяналт шалгалтын дүнгээр 51 482 700 төгрөгийн зөрчил дутагдал илэрч 4 495 700 төгрөгийн акт тавигдсан, мөн 2013 онд тус газар нь Нийслэлийн засаг захиргааны IV байранд нүүж ирэхэд нийт 48 538 250 төгрөгийн сүлжээний тоног төхөөрөмжийг хуучин байрандаа үлдээж, Нийслэлийн аудитын газрын төсвийн хөрөнгөөр 47 957 800 төгрөгийн тоног төхөөрөмжийг шинээр суурилуулсныг үндсэн хөрөнгөд бүртгэл хийлгүй, хий тоолж ирсэн нь 2016 оны 5 сард хийгдсэн ээлжит тооллогоор илэрсэн, Зураг, төсөв хяналтын мэргэжилтэн С.Болдбаатарын цалинг 2 cap 20 хувиар бууруулах сахилгын арга хэмжээг авахад 3 сарын хугацаанд нийт 65 хувиар үндсэн цалинг бууруулж хохироосон зэрэг зөрчлүүдийг гаргасан гэж тайлбарласан байна.

 

Нэхэмжлэгч З.Отгонбатын зөрчил дутагдал гаргасан талаарх баримт хэрэгт авагдсан байгаа боловч тухайн ажилтны гаргасан зөрчилд нь сахилгын арга хэмжээ ногдуулах хугацаа хэтэрсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2 дах хэсэгт заасан зохицуулалтад нийцээгүй гэж үзнэ. Тодруулбал, хариуцагч байгууллага нь 2013-2016 оны 5 дугаар сар хүртэлх хугацаанд гаргасан ажилтны алдаа зөрчилд 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хариуцлага тооцож, түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцласан нь үндэслэлгүй юм. Харин энэ талаар анхан шатны шүүхээс хийсэн дүгнэлт буруу байна.

 

Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын дарга 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн Б/76 тоот ажлаас халсан тушаалын үндэслэлээ З.Отгонбатын өөрийнх нь хүсэлтээр гэж заажээ.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2-т зааснаар ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон бол ажил олгогч ажилтныг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн авах үүрэгтэй боловч хариуцагч нь шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй тул нэхэмжлэгч ажилгүй байсан бүх хугацааны урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг нэхэмжилсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх заалтыг зөрчөөгүй байна.

 

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд З.Отгонбат нь 2016 оны 6 дугаар сараас ажилгүй байсан тул урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоосон анхан шатны шүүхийн шийдвэр гарсан үеэс цалин хөлсийг тооцож, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаар тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журамд заасны дагуу нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг бодохдоо 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны олговорт 5 149 245 төгрөгийг хариуцагч Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас гаргуулахаар шийдвэрлэсэн нь зөв бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасантай нийцсэн байна.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд дурдснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох боломжгүй болно.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 182/ШШ2017/01026 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дах хэсэгт зааснаар хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дах хэсэгт зааснаар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргаж болох бөгөөд мөн хуулийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ

 

ШҮҮГЧИД Н.БАТЗОРИГ

 

Б.НАРМАНДАХ