Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Эрдэмбилэгийн Лхагвасүрэн |
Хэргийн индекс | 128/2018/0095/З |
Дугаар | 221/МА2018/0337 |
Огноо | 2018-06-13 |
Маргааны төрөл | Татвар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 06 сарын 13 өдөр
Дугаар 221/МА2018/0337
|
“М т” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийг хянасан тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Халиунбаяр, Э.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Отгондэлгэр, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц, Ж.М, Г.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 128/ШШ2018/0156 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Т давж заалдах гомдлоор, “М т” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Татварын ерөнхий газарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Лхагвасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэгч “М т” ХХК-ийн захирал Т.Т 2018 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа:
“Татварын улсын байцаагчийн 2014 оны 210003887 дугаар актаас Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 139 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 298 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 233 дугаар тогтоолоор захиргааны байгууллагаар шийдвэрлүүлэхээр нээлттэй үлдээсэн 450151311,2 төгрөгийн татварыг Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн үйлчлэлд хамааруулан татвараас чөлөөлөхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, чөлөөлөхийг Татварын ерөнхий газарт даалгах”-ыг хүсчээ.
Хоёр. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 128/ШШ2018/0156 дугаар шийдвэрээр:
“Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 2 дугаар зүйлийн 2.2, 4 дүгээр зүйлийн 4.1-д заасныг тус тус баримтлан Татварын ерөнхий газарт холбогдуулан гаргасан Татварын улсын байцаагчийн 2014 оны 210003887 дугаар актаас Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 139 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 298 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 233 дугаар тогтоолоор захиргааны байгууллагаар шийдвэрлүүлэхээр нээлттэй үлдээсэн 450151311,2 төгрөгийн татварыг Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн үйлчлэлд хамааруулан татвараас чөлөөлөхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, чөлөөлөхийг даалгах шаардлага бүхий “М т” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.
Гурав. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Т дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:
“...1. Мэтгэлцэх зарчим хэрэгжээгүй тухайд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч талаас нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Т, Д.Ц, Ж.М нар оролцсон бөгөөд хариуцагчийг төлөөлж хүн оролцоогүй. Тус шүүх хуралдаан эхлэхээс өмнө Татварын ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасан байсан бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын зүгээс хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хүсэлтийг нэг удаа хүлээн авч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх зарчмын үндсэн дээр үндсэн хэрэгжүүлэх нь зүйтэй гэдэг байр суурийг илэрхийлсэн боловч шүүх хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан.
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь хууль хэрэглээний асуудал мөн боловч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг шүүх хуралдаанд биечлэн оролцуулж хэргийн үйл баримт, татгалзлыг биечлэн сонсох, харилцан мэтгэлцэх боломж олгохгүй шүүх өмнөөс нь шийдвэрлэсэн гэж үзэж байна.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3.1 дэх хэсэгт заасан анхан шатны шүүх хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийг шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг нь хангалгүй хэргийг шийдвэрлэсэн тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүх рүү буцаах нь зүйтэй.
2. Хэрэгт цугларсан нотлох баримтыг үнэлж, няцаалт хийгээгүй тухайд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 2 дугаар сарын 9-ний өдрийн 123 дугаар захирамжаар “К Ж Э М” ХХК-ийн Аж ахуйн нэгжийн орлогын албан татварт 8.753.002.400 төгрөг, нэмэгдсэн өртгийн албан татвар 4.692.596.500 төгрөг буюу нийт 13.455.598.900 төгрөгийг татвараас чөлөөлсөн баримтыг шүүх үнэлээгүй, энэхүү баримтаар шүүгчид нөлөөлөх гэсэн санаа зорилгыг агуулаагүй, татварын албаны эрх бүхий албан тушаалтан хуулийн үйлчлэлд хамруулах байр суурь илэрхийлж, Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн үйлчлэлд хамрагдсан үйл баримтыг үнэлүүлэх зорилготой байсан.
Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулиар татвар төлөгч хуульд заасан хугацааны дотор нуусан орлогоо сайн дурын үндсэн дээр татварын байгууллагад мэдүүлснээр уг хуулийн үйлчлэлд хамрагдах боломжтой.
Өөрөөр хэлбэл тус хуулиар нуусан орлого гэдэгт татварын хяналт шалгалтаар тогтоосон зөрчил бүхий татварын орлогыг мэдүүлэхийг хориглоогүй, ил тодоор тайлагнасан дүнг татварын хүлээн авч баталгаажуулсан. “Нуун дарагдуулсан” гэдэг нэр томьёог Засгийн газрын 2015 оны 348 дугаар тайлбарласан нь үндсэн хууль зөрчсөн эсэх маргаан үндсэн хуулийн цэцээр шийдвэрлэгдсэн байдаг.
Тус маргаан Засгийн газар үндсэн хууль зөрчсөн эсэхэд хариулт өгөх явдал байсан бөгөөд хууль тогтоомжид нийцүүлэн тогтоол гаргасан эсэхэд Захиргааны хэргийн шүүх үнэлэлт, дүгнэлт өгөөгүй нь хэргийн нөхцөл байдлыг бүрэн бодитой тогтоолгүй шийдвэрлэсэн гэж үзэхэд хүргэж байна.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн тогтоолоор анхан шатны шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсаныг хэрэгсэхгүй болгосныг дурдсан нь шүүгч урьдаас төрсөн итгэл үнэмшилээр хэргийг шийдвэрлэсэн гэж үзэхээр байна.
Учир нь тухайн шүүгч нэхэмжлэлийг анх хүлээн авахдаа л тийм итгэл үнэмшилтэй байсан, мөнхүү итгэл үнэмшилээр хэргийг шийдвэрлэжээ.
Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 128/ШШ2018/0156 дугаар шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд оролцох эрхийг хангаагүйгээс мэтгэлцэх зарчим хэрэгжээгүй ч энэ нь шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин анхан шатны журмаар шийдвэрлүүлэх үндэслэл болохгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
2018 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын зүгээс одоогийн давж заалдах гомдолдоо дурдсанчилан “…хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хүсэлтийг нэг удаа хүлээн авч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх зарчмын үндсэн дээр үндсэн хэрэгжүүлэх нь зүйтэй гэдэг байр суурийг илэрхийлсэн…” болох нь тусгагдаагүй, түүнчлэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б гаргасан бичгийн хүсэлтэд товлосон шүүх хуралдаанд оролцох боломжгүй гэх хүндэтгэн үзэх шалтгаанаа нотлох баримтыг хавсарган ирүүлээгүй байх тул хэргийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.4, 91.5 дахь хэсэгт заасны дагуу цугларсан нотлох баримт, бусад нөхцөл байдлыг харгалзан үзэж шийдвэрлэснийг буруутгах боломжгүй.
Иймд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчигдсөн гэж үзэхгүй, мөн маргааны үйл баримтад үндэслэлтэй зөв дүгнэлт хийсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхив.
Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4 дэх хэсэгт “Энэ хуулийг хэрэгжүүлэхтэй холбогдсон журмыг Засгийн газар батална” гэж заасны дагуу Засгийн газрын 2015 оны 348 дугаар тогтоолоор батлагдсан журмын 2.1.1-д уг хуульд заасан “нуун дарагдуулсан” гэдгийг хувь хүн, хуулийн этгээд хөрөнгө, орлогоо уг хуулийн 4.1-т заасны дагуу 2015 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс өмнө мэдүүлэх, бүртгүүлэх, тайлагнах үүргээ биелүүлээгүйн улмаас холбогдох албөн татвар болон нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөгүй, дутуу төлсөн байхыг ойлгох бөгөөд энэ нь холбогдох төрийн байгууллага, албан тушаалтны аливаа хяналт шалгалтаар тогтоогдоогүй байхыг хэлнэ” гэж тайлбарлажээ.
Гэтэл “М т” ХХК-ийн дээрх хуулийн үйлчлэлд хамруулахыг хүссэн буюу сайн дураар тайлагнасан гэх 450151311,2 төгрөгийн зөрчил нь татварын хяналт шалгалтаар тогтоогдсон, өөрөөр хэлбэл татварын улсын байцаагчийн 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 210003887 дугаар актаар тогтоогдсон байна.
Зөвхөн Засгийн газрын тогтоолоор батлагдсан журам бус Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн зохицуулалт ч хувь хүн, хуулийн этгээд нуун дарагдуулсан хөрөнгө, орлогоо ил тод болгон үнэн зөв, шударгаар санхүү, татварын болон нийгмийн даатгалын тайланд тусгаж, шинээр тайлагнасан байхыг шаардах ба эдгээр үйл ажиллагаа нь “сайн дурын” үндсэн дээр хийгдсэн тохиолдолд тэдгээрийг хуульд заасан хариуцлага болон албан татвараас нэг удаа чөлөөлөх агуулгыг илэрхийлдэг.
Өөрөөр хэлбэл сайн дурын үндсэн дээр тайлагнасан гэх зөрчил нь татварын хяналт шалгалтаар тогтоогдсон байх тохиолдолд энэ хуулийн үйлчлэлд хамрагдах боломжгүй.
Иймд татварын улсын байцаагчийн актаар нэгэнт тогтоогдсон 450151311,2 төгрөгийн зөрчлийг тайлагнасан “М т” ХХК-ийн хүсэлтээр тус компанийг татвар төлөх үүргээс чөлөөлж, Эдийн засгийн ил тод байдлын тухай хуульд хамруулахгүй байгаа хариуцагчийн үйлдлийг хууль бус гэж үзэх үндэслэлгүй болно.
Харин хэрэгт цугларсан нотлох баримтыг үнэлээгүй гэх гомдлын хүрээнд хавтаст хэргийн 78-81 дэх талд авагдсан Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 2 дугаар сарын 9-ний өдрийн 123 дугаар захирамжийг дурддаг ч анхан шатны шүүхээс энэ талаар дүгнэлт өгөөгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзэхгүй.
Учир нь энэхүү захирамжийн агуулга, шийдвэрлэсэн байдлаас үзэхэд “К Ж Э”-ийн Эдийн засгийн ил тод байдлын тухай хуульд хамрагдаж, татвар төлөхөөс чөлөөлөгдсөн 13.445.598.900 төгрөгийн зөрчил нь уг хууль болон журамд заасан холбогдох төрийн байгууллага, албан тушаалтны аливаа хяналт шалгалтаар тогтоогдоогүй, өөрөөр хэлбэл эрүүгийн хэрэгт иргэний хариуцагчаар татагдан шалгагдах явцад гарсан хөндлөнгийн шинжээчийн дүгнэлтийг татварын улсын байцаагчийн акттай адилтгах боломжгүй юм.
Мөн татварын хяналт шалгалтад хамрагдсан байгууллага хуулийн үйлчлэлд орох боломжтой бөгөөд энэ тохиолдолд сайн дураар тайлагнасан гэх татварын зөрчил нь туайн хяналт шалгалтаар тогтоогдоогүй байх шаардлагатай.
Иймд “К Ж Э”-ийн Эдийн засгийн ил тод байдлын тухай хуульд хамрагдсан нөхцөл байдлыг нэхэмжлэгч “М т”-ийн нөхцөлтэй харьцуулан дүгнэх үндэслэлгүй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 128/ШШ2018/0156 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Т давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хууль буруу хэрэглэсэн, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Э.ХАЛИУНБАЯР
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН