Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 923

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхтулга даргалж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Э*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Энх-Амар нарыг оролцуулан хийж, 

Нэхэмжлэгч “Ш*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох 

Нэхэмжлэлийн шаардлага: “Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2012 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 119 дүгээр шийдвэрийг хүчингүйд тооцуулж, Засгийн газрын 2015 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 289 дүгээр тогтоолоор тогтоосон хилийн заагт хамаарахгүй талбайг “Ш*******” ХХК-д буцаан олгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, буцаан олгохыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгах”, шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Ш*******” ХХК-ийн захирал Ч.С******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “... Тус компани нь М******* тоот ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутагт орших Б******* толгойн алтны шороон ордыг эзэмшиж байсан болно. Монгол Улсын Их Хурлаас 2009 онд “Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль” баталж, энэ хуулийн хүрээнд Засгийн газрын 2011 оны 174 дүгээр тогтоолоор дээрх хуулийн үйлчлэлд хамрагдаж байгаа тусгай зөвшөөрлүүдийг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Манай компанийн эзэмшиж байсан М******* тоот тусгай зөвшөөрөлтэй талбай нь дээрх хуулийн үйлчлэлд хэсэгчлэн хамрагдсан ба компанийн зүгээс хуулийн үйлчлэлийн хүрээнээс гадуурх талбайг буцаан авах хүсэлтийг Ашигт малтмалын газарт гаргасан болно. Гэтэл Ашигт малтмалын газрын 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 1/3706 тоот албан бичгээр “...солбицолд өөрчлөлт орсон талбайг буцаан тусгай зөвшөөрөл эзэмшигчид олгох зохицуулалт байхгүй байна” гэж үзэн тусгай зөвшөөрөл олгохоос үндэслэлгүйгээр татгалзсан байна. Иймд “Ш*******” ХХК-ийн эзэмшиж байсан М******* тоот тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайн үлдэх хэсгийг буцаан олгуулахыг Ашигт малтмалын газарт даалгаж шийдвэрлэж өгнө үү” гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Манай компани анх Дархан-Уул аймгийн Хонгор сумын Б******* толгой гэдэг газарт “Э*******” ХХК-иас 2010 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 116,69 гектар талбай тусгай зөвшөөрөлтэй газрыг шилжүүлэн авсан. Засгийн газрын 2011 оны 174 дүгээр тогтоолоор манай тусгай зөвшөөрөл бүхий нийт 116.69 гектар талбайгаас 72.71 гектар талбай нь Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн хориглогдсон газарт хамаарсан тул уг талбайг хасалт хийж, манай тусгай зөвшөөрөл бүхий талбайг 43.98 гектар болгон тогтоосон. 2015 онд Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт орсон бөгөөд үүнтэй холбоотойгоор цуцлагдсан газраа буцааж авахаар Ашигт малтмалын газарт хүсэлт гаргасан. Ашигт малтмалын газраас танай хүсэлтэд дурдсан тусгай зөвшөөрөлтэй газрыг буцааж олгох боломжгүй гэсэн хариуг өгсөн. Бид энэ хариуг хууль бус эс үйлдэхүй гэж үзэж байна. Тийм учраас энэ эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгоод, “Ш*******” ХХК-ийн Дархан-Уул аймгийн Хонгор аймгийн “Б******* толгой” нэртэй газарт байрлах 72.71 гектар талбайг тусгай зөвшөөрөл эзэмшүүлэх шийдвэрийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгаа юм. Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын эс үйлдэхүйг хууль бусад тооцуулах, мөн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад даалгаж өөрчлөх нь зүйтэй гэж үзэж байна гэв.

 Хариуцагч Ашигт малтмалын газар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутаг орших “Б******* толгой” нэртэй 116.69 га газарт Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2010 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 387 дугаар шийдвэрээр ашигт малтмалын ашиглалтын МV-015571 тоот тусгай зөвшөөрлийг “Э*******” ХХК-д олгосон байна.

“Э*******” ХХК-ийн ашигт малтмалын ашиглалтын МV-015571 тоот тусгай зөвшөөрлийг шилжүүлэх хүсэлтийг хянан үзэж Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2010 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 1184 дүгээр шийдвэрээр ашигт малтмал ашиглалтын МV-015571 тоот тусгай зөвшөөрлийг “Ш*******“ ХХК-д шилжүүлсэн байна. 2009 онд батлагдсан Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-д “Энэ хуулийн 4.1-д заасан газрын хилийн заагийг Засгийн газар тогтооно” гэж заасны дагуу Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 174 дүгээр тогтоолоор хилийн заагийг хэсэгчлэн тогтоож батлан гаргасан бөгөөд уг тогтоолд дурдагдсан 7211 солбицолыг Геологи, уул уурхайн кадастрын мэдээллийн санд бүртгэсэн. Дээрх солбицолуудыг бүртгэсний дараа шүүж үзэхэд “Ш*******” ХХК-ийн тусгай зөвшөөрлийн талбай нь хэсэгчлэн хуулиар хориглосон талбайтай давхцалтай байсан. Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 299 дүгээр тогтоолоор батлагдсан “Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговор олгох журам”-д заасны дагуу төрөөс тусгай зөвшөөрөл, эзэмшигчид олгох нөхөх олговрыг авах тухай хүсэлтийг тус журмаар тогтоосон хугацаанд “Ш*******” ХХК нь ашигт малтмалын газарт гаргаагүй байна.

Улмаар Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3 дахь заалт, Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэг, Засгийн газрын 2010 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 299 дүгээр тогтоолын хавсралт “Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөн олговор олгох журам”-ын 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэг, Ашигт малтмалын газрын даргын 2011 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 495 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Нөхөн олговор тооцох дотоод заавар”-ын 6 дугаар зүйлийн 6.3 дахь заалт, Сангийн яамны 2012 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 3-2/3710 тоот Нөхөх олговор олгосон тухай албан бичиг, Ашигт малтмалын газрын Эрдэс баялагийн мэргэжлийн зөвлөлийн 2012 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн ХХ-16 дугаартай тэмдэглэл зэргийг тус тус үндэслэн Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2012 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Тусгай зөвшөөрлийн солбицолд өөрчлөлт оруулж, цуцлах тухай 119 дүгээр шийдвэрээр дээрх хууль, журамд нийцүүлж шийдвэрлэсэн хууль зүйн үндэслэл бүхий захиргааны акт бөгөөд тус компанийн ашигт малтмалын ашиглалтын МV-015571 тоот Тусгай зөвшөөрлийн талбайн солбицолд өөрчлөлт оруулж дээрх урт нэртэй хуулийн хилийн заагтай давхцалгүй болсон байна. Засгийн газрын 2015 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 289 дүгээр тогтоолын хавсралтаар урт нэртэй хуулийн хилийн заагийн солбицолыг шинэчилэн тогтоосноор өмнө нь уг тусгай зөвшөөрлийн хэсэгчлэн давхцалтай байсан талбайн зарим хэсэг нь уг хилийн заагт “Ш*******” ХХК-ийн хамрагдаж байгаа эсэх, хамрагдаж байгаа бол ямар хэмжээгээр хамрагдаж байгаа эсэх нь тодорхойгүй бөгөөд Ашигт малтмалын тухай хууль, Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрыг хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмалын хайх, ашиглахыг хориглох тухай хууль болон Засгийн газрын 289 дүгээр тогтоолд дээрх шалтгаанаар нэгэнт солбицолд өөрчлөлт орсон талбайг буцаан тусгай зөвшөөрөл эзэмшигчид олгох зохицуулалт байхгүй юм.

Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2012 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Тусгай зөвшөөрлийн солбицолд өөрчлөлт оруулж, цуцлах тухай 119 дүгээр шийдвэрээр Тусгай зөвшөөрлийн солбицолд өөрчлөлт оруулж “Ш*******” ХХК нь 28.73 га талбайг буцаан өгсөн байгаа тул энэхүү талбай нь Засгийн газрын 289 дүгээр тогтоолд хамрагдаж байвал Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4 дэх хэсэг “Нэг тусгай зөвшөөрлөөр олгох хайгуулын талбайн хэмжээ 25 гектараас багагүй, 150 мянган гектараас ихгүй байна.”, 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэг “.Энэ хуулийн 53.1.1, 56.1.3-56.1.5-д заасан үндэслэлээр тусгай зөвшөөрөл нь дуусгавар болсон, цуцлагдсан бол төрийн захиргааны байгууллага доор дурдсан журмын дагуу сонгон шалгаруулалт явуулж тусгай зөвшөөрлийг шинээр олгоно.” гэж тус тус заасны дагуу сонгон шалгаруулалтаар олгогдох талбай юм. Иймд “Ш*******” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлгүй байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Э******* нь шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “... Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 дэх хэсэгт хуучнаар Ашигт малтмалын газар, одоо бол Ашигт малтмалын газрын тосны газрын бүтэц, нэгжүүдийн чиг үүргийн талаар зохицуулсан байдаг. Нэхэмжлэгчийн шаардлагын хүрээнд яриад байгаа зүйл нь Кадастрын хэлтсийн асуудал байгаа юм. 

Засгийн газрын 2010 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 299 дүгээр тогтоолоор батлагдсан “Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговор олгох журам”-ын дагуу нөхөх олговор авах хүсэлтийг тогтоосон хугацаанд ирүүлэхийг тусгай зөвшөөрөл эзэмшигч зарим компаниудад нэг бүрчлэн мэдэгдэж, заримд нь хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон өөрсдийн байгууллагын сайтад мэдээлсэн. Улмаар ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3 дахь заалт, Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан Засгийн газрын 2010 оны 299 дүгээр тогтоолын “ ... нөхөн олговор олгох журам”-ын 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэг, Ашигт малтмалын газрын даргын 2011 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 495 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “ ... нөхөн олговор олгох заавар”-ын 6 дугаар зүйлийн 6.3 дахь заалт, Сангийн яамны нөхөн олговор олгосон гэж үзэж шийдвэрлэх тухай гэсэн албан бичиг, мөн Ашигт малтмалын газрын дэргэдэх Нутгийн зөвлөлийн 2012 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн ХХ-16 дугаартай тэмдэглэл зэргийг үндэслэн Ашигт малтмалын газрын даргын 2012 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн “Тусгай зөвшөөрлийн солбицолд өөрчлөлт оруулж, тусгай зөвшөөрлийн хориглосон талбайг цуцлах тухай” 119 дүгээр шийдвэрээр дээрх хууль дүрэмд нийцүүлэн шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэл бүхий захиргааны акт юм. Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 289 дүгээр тогтоолоор батлагдсан хуулийн хэрэгжилтийг хангах, 2011 оны 114 дүгээр тогтоол, 2012 оны 194 дүгээр тогтоолын хавсралтуудад өөрчлөлт оруулж Гол, мөрний урсац бүрэлдэх эхийн хэвлийн заагийн солбицолд өөрчлөлт оруулсан. Ашигт малтмалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт заасны дагуу чөлөөлөгдсөн талбай гэж үзэж байгаа учраас сонгон шалгаруулалтын талбайд орж байгаа гэж бидний зүгээс үзэж байгаа.

Ийм учраас Засгийн газрын тогтоолоор төрийн захиргааны байгууллагууд нэгэнт солбицолд нь өөрчлөлт оруулаад, цуцлагдсан ч юм уу, буцааж өгсөн талбайнуудыг одоо эзэмшиж байгаа тусгай зөвшөөрөл эзэмшигчид нь буцааж олгох зохицуулалт байхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй.” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

“Ш*******” ХХК-иас 2016 оны 7 дугаар сарын 06-ны өдөр “Тус компанийн эзэмшиж байсан ашигт малтмалын ашиглалтын М******* дугаар тусгай зөвшөөрлийн талбайг хэсэгчлэн буцааж олгохыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг Ашигт малтмалын газарт холбогдуулан гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Гантөмөр “Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2012 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 119 дүгээр шийдвэрийг хүчингүйд тооцуулж, ашигт малтмалын М******* дугаар тусгай зөвшөөрлийн талбайгаас Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 289 дүгээр тогтоолоор тогтоосон хилийн заагт хамаарахгүй хэсгийг “Ш*******” ХХК-д буцаан олгохыг даалгах” гэж нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлэн өөрчилсөн байна. 

Шүүх нэхэмжлэгч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. 

1. Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2012 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 119 дүгээр шийдвэрийг хүчингүйд тооцуулах шаардлагын тухайд:

Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутагт орших “Б******* толгой” нэртэй газарт 116.69 гектар талбайд ашигт малтмал ашиглалтын М******* дугаар тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2010 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 387 дугаар шийдвэрээр анх “Э*******” ХХК-д олгожээ. 

“Э*******” ХХК-иас тусгай зөвшөөрлийг шилжүүлэх хүсэлт гаргасныг үндэслэн Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2010 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 1184 дүгээр шийдвэрээр уг тусгай зөвшөөрлийн эзэмших эрхийг “Ш*******” ХХК-д шилжүүлэн олгосны дагуу нэхэмжлэгч М******* дугаар ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг эзэмших эрхтэй болсон байна. 

Монгол Улсын Их Хурлаас 2009 оны 7 дугаар сарын 16-ны өдөр батлагдсан Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар Монгол Улсын нутаг дэвсгэр дэх гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон ба энэхүү газрын хилийн заагийг Засгийн газар тогтоохоор мөн хуулийн 4.3-т заасан.

Үүний дагуу Засгийн газрын 2011 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн “Хилийн заагийг хэсэгчлэн тогтоох тухай” 174 дүгээр тогтоолоор алтны шороон ордын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайн хэсэгт “Ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газрын хэсэгчлэн тогтоосон хилийн зааг”-ийг тогтоосон ба “Ш*******” ХХК-ийн ашигт малтмалын ашиглалтын М******* дугаар тусгай зөвшөөрлөөр олгогдсон 116,69 гектар талбайн 72,71 гектар нь уг тогтоолоор батлагдсан ашигт малтмал ашиглахыг хориглосон газарт хамаарсан, энэ талаар хэргийн оролцогчид маргаагүй байна.

Засгийн газрын 2011 оны 174 дүгээр тогтоолоор тогтоосон солбицолд хамрагдсан нийт 233 тусгай зөвшөөрөл бүхий талбайг чөлөөлөх буюу тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл бүрдсэн талаар Ашигт малтмалын газраас Зууны мэдээ сонины 2011 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн №240 дугаарт зарлуулан, нийтэд мэдээлсэн ба “Ш*******” ХХК-д 2012 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 6-2403 тоот албан бичгээр “тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл бүрдсэн” мэдэгдлийг хүргүүлжээ.

Улмаар Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2012 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 119 дүгээр шийдвэрээр “Ш*******” ХХК-ийн М******* дугаар тусгай зөвшөөрөл бүхий 116.69 гектар талбайгаас гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газартай давхацсан /72.71 га/ хэсгийг цуцалж, мөн шийдвэрээр нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлийн талбайн солбицолд өөрчлөлт оруулснаар “Ш*******” ХХК нь 43,98 гектар талбайд ашигт малтмал ашиглах эрхтэй болсон байна. 

Өөрөөр хэлбэл, “Ш*******” ХХК-ийн М******* дугаар тусгай зөвшөөрлийн талбайн гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон газартай давхацсан хэсгийг цуцалсан Ашигт малтмалын газрын Геологи уул уурхайн Кадастрын хэлтсийн даргын 2012 оны 119 дүгээр шийдвэр Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасантай нийцжээ. 

Нөгөөтэйгүүр, гол, мөрний урсац бүрэлдэх эх хилийн заагийн солбицолд өөрчлөлт оруулсан Засгийн газрын 2015 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 289 дүгээр тогтоол нь батлагдсан өдрөөс мөрдөгдөхөөр байх бөгөөд Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2012 оны 119 дүгээр шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болохгүй юм. 

2. Засгийн газрын 2015 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 289 дүгээр тогтоолоор тогтоосон хилийн заагт хамаараагүй талбайг “Ш*******” ХХК-д буцаан олгохыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Засгийн газрын 2015 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 289 дүгээр тогтоолоор Гол, мөрний урсац бүрэлдэх эх хилийн заагийн солбицолд өөрчлөлт оруулсан ба үүгээр “Ш*******” ХХК-ийн M******* дугаар ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлөөс цуцлагдсан 72.71 гектар талбайн 34.1 гектар нь энгийн хамгаалалтын бүсэд орж, хориглогдсон талбайгаас чөлөөлөгдсөн байна. 

Хэрэгт цугларсан баримтуудаас үзвэл, нэхэмжлэгч “Ш*******” ХХК-ийн захирал Ч.С******* 2015 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 6/1 дүгээр албан бичгээр “Хасалт хийлгэсэн талбайг буцаан сэргээлгэх” хүсэлтийг Ашигт малтмалын газарт гаргажээ. 

Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйлд “Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөхөөс өмнө мөн хуулийн 4.3-т заасан хилийн заагийн дотор олгогдсон тусгай зөвшөөрөл эзэмшигч нь үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхийг хүсвэл .... геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад өргөдөл гаргана” гэж заасан.

Харин Ашигт малтмалын тухай хуулийн 25 дугаар зүйлд ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөл хүсэгч этгээдээс төрийн захиргааны байгууллагад хандан гаргах өргөдөлд тавигдах шаардлагыг тусгайлан заасан бөгөөд “Ш*******” ХХК-иас 2015 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 6/1 дүгээр албан бичгээр “Хасалт хийлгэсэн талбайг буцааж авах тухай” хүсэлтийг гаргахдаа холбогдох баримт бичгийг хавсарган ирүүлээгүй болох нь Ашигт малтмалын газрын Уул, уурхайн хэлтсийн 2015 оны ирсэн бичгийн бүртгэл болон хэргийн оролцогчдын тайлбараар тогтоогдож байна.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн гаргасан өргөдөл холбогдох хуульд заасан шаардлагыг хангаагүй байх тул түүний хүсэлтээр тусгай зөвшөөрлийн хасагдсан 34,1 га талбайг буцаан олгох шийдвэр гаргахыг захиргааны байгууллагад даалгах хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх үзлээ. 

Иймд, “Ш*******” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, харин нэхэмжлэгч хуульд заасан журмын дагуу өргөдлөө гарган захиргааны байгууллагаар шийдвэрлүүлэхэд энэхүү шүүхийн шийдвэр нөлөөлөхгүй болохыг дурдах нь зүйтэй. 

 

              Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйл, Ашигт малтмалын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 26 дугаар зүйлийн 26.3.1, 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасныг тус тус үндэслэн, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдуулан гаргасан “Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2012 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 119 дүгээр шийдвэрийг хүчингүйд тооцуулж, Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 289 дүгээр тогтоолоор тогтоосон хилийн заагт хамаараагүй талбайг “Ш*******” ХХК-нд буцаан олгохыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгах” шаардлага бүхий “Ш*******” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчид энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Г.МӨНХТУЛГА