Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 001/ХТ2017/00338

 

“Капитрон банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Ц.Амарсайхан даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн  

         2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 101/ШШ2016/06332 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

         2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 130 дугаар магадлалтай,

         “Капитал банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

         “Ану сервис” ХХК-д холбогдох    

         2008 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 08/135 тоот зээлийн гэрээг цуцалж, зээлийн төлбөрт 449 182.12 ам.доллар гаргуулах тухай үндсэн нэхэмжлэл, 2008 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 08/135 тоот зээлийн гэрээний 6.2.4 дэх заалт болон 2013 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 13/85 тоот -Зээлийн төлбөрт барьцаа хөрөнгө шилжүүлэх гэрээ”-г хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгож, уг гэрээний үр дагаврыг арилгуулах буюу хүчин төгөлдөр бус гэрээний дагуу төлбөртөө авсан барьцаа хөрөнгөөр, барьцаа хөрөнгийг буцааж өгөх боломжгүй бол түүний үнэ болох 1 242 629 880 төгрөгөөс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь хангахыг даалгах, 2013 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс хойшхи хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүгээс чөлөөлж, хохирлыг арилгахыг даалгах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

         Зохигчдын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

         Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

     Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Эрдэнэцэцэг, Х.Идэрбулган, Г.Чинбат, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Мөнгөнтуяа, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

 Нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Идэрбулган, Г.Чинбат, А.Эрдэнэцэцэг нарын гаргасан тайлбарт: “Ану сервис” ХХК нь 2008 оны 10 дугаар сарын 21-ний өдөр тус банктай 08/135 тоот зээлийн гэрээ болон зээлийн барьцааны гэрээ, мөн 2010 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 08/135 тоот барьцааны гэрээ, 2009 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 08/135 тоот зээлийн гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулах тухай нэмэлт гэрээ тус тус байгуулж, 475 000 ам.долларын төслийн зээлийг, жилийн 7.71 хувь /6 сар тутам хувьсах/-ийн хүүтэй, 120 сарын хугацаатай авсан. Зээлийг халаалтын зуух шинэчлэх хөрөнгө оруулалтад зориулан олгосон бөгөөд зээлийн барьцаанд “Мфикс капитал” ХХК-ийн өмч болох Ү-2206014160, Ү-2206044286, Ү-2206014285, Ү-2206014159 дугааруудтай Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Хөх тэнгэр цогцолбор, /17021/ Зайсангийн тойруу, 48Б байрны 1,2,3,4 тоот орон сууц буюу үл хөдлөх хөрөнгө, “Ану сервис” ХХК-ийн өмч, зээлээр санхүүжүүлэн авах карборобот халаалтын зуух 7ш, насосны иж бүрдэл 3ш, цэвэр усны насос 3ш, яндан 7ш, усны сав 6ш, тэлэлтийн сав /180л/ 7ш, тэлэлтийн сав /500 л/ 3ш, генератор 3ш, зуухны холболтын материал, цахилгааны холболтын материал, бусад дагалдах хэрэгсэл, борлуулалтын орлогын хамт тус тус барьцаалсан бөгөөд зохих журмын дагуу гэрээ байгуулан нотариатаар гэрчлүүлж, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт бүртгүүлсэн болно. Гэтэл зээлдэгч “Ану сервис” ХХК нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, үндсэн зээл, зээлийн хүүг гэрээнд заасан хугацаанд төлөлгүй, зөрчил үүсгэсээр байна. Тус банк нь зээлдэгч “Ану сервис” ХХК-ийг гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлж, зээл, зээлийн хүүг тогтоосон хугацаандаа төлөхийг удаа дараа шаардаж, албан шаардлагыг бичгээр хүргүүлж байсан ч зохих үр дүнд хүрэхгүй байна. Иймд зээлдэгч “Ану сервис” ХХК-тай байгуулсан 08/135 тоот зээлийн гэрээг Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.2, 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасны дагуу хугацаанаас нь өмнө цуцалж, мөн хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасны дагуу зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 379 166.72 ам.доллар, зээлийн хүү 55 278.44 ам.доллар, нэмэгдүүлсэн хүү 2 864.48 ам.доллар, нийт 437 309.64 ам.доллар буюу 2015 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн Монгол банкны албан ханшаар 895 575 158.00 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөрийн хамт гаргуулахаар нэхэмжилсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасан эрхийн дагуу нэхэмжлэлийн үнийн дүнг 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 449 182.12 ам.доллар буюу 920 824 824.81 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэсэн. Тус банкны зүгээс хариуцагч “Ану сервис” ХХК-иас зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрөө зээл олгосон валютаар буюу ам.доллараар нэхэмжилж байгаа бөгөөд 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар үндсэн зээл 379 166.72 ам.доллар, хүү 65 868.07 ам.доллар, нэмэгдүүлсэн хүү 4 147.33 ам.доллар, нийт 449 182.12 ам.долларыг нэхэмжилж байна. “Капитрон банк” ХХК нь нэхэмжлэлдээ ам.долларыг төгрөгт тооцож шилжүүлсэн нь зөвхөн улсын тэмдэгтийн хураамж төлөхтэй холбоотой байсан болно. Иймд “Ану сервис” ХХК-иас зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр болох 449 182.12 ам.долларыг гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

          Хариуцагчийн болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Мөнгөнтуяагийн гаргасан хариу тайлбарт: “Ану сервис” ХХК нь 2008 оны 10 дугаар сарын 21-ний өдөр “Капитрон банк” ХХК-тай 08/135 тоот зээлийн гэрээг байгуулсан ба уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор 2008 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 08/135 тоот зээлийн барьцааны гэрээгээр нийт 641 200 000 төгрөгийн үнэ бүхий манай компанийн эд хөрөнгийг, мөн 2010 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 08/135 тоот зээлийн барьцааны гэрээгээр нийт 680 000 000 төгрөгийн үнэ бүхий “Мфикс капитал” ХХК-ийн 5 ширхэг орон сууцыг тус тус барьцаалж, уг гэрээнүүдийг Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газар бүртгүүлсэн байдаг. Зээлийн гэрээний хугацаа 2018 оны 10 дугаар сарын 21-ний өдөр дуусгавар болох ёстой боловч зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах тухай нэхэмжлэлийн шаардлагыг ямар үндэслэлээр гаргаж байгаа нь тодорхойгүй байна. “Капитрон банк” ХХК-аас “Ану сервис” ХХК-д 2016 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 922 тоот албан мэдэгдлийг хүргүүлсэн ба уг албан мэдэгдэлд дурдсанаар 2016 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 198 333 ам.доллар, хүү 54 588 ам.доллар, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 2 792 ам.доллар, нийт 255 713 ам.долларын өртэй байх ба уг зээлийг төлөхийг анхааруулсан байсан. Гэтэл шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ үндсэн зээл 379 166.72 ам.доллар, үндсэн хүү 55 278.44 ам.доллар, нэмэгдүүлсэн хүү 2 864.48 ам.доллар, нийт 437 309.64 ам.долларыг зээлийн гэрээний дагуу төлөх үүрэг үүссэн гэж нэхэмжилж байгаа нь ойлгомжгүй байна. Мөн “Капитрон банк” ХХК нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор 2010 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 08/135 тоот зээлийн барьцааны гэрээний дагуу барьцаалсан “Мфикс капитал” ХХК-ийн өмчлөлийн 5 ширхэг орон сууцны нэг болох Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Хөх тэнгэр цогцолбор /17021/ Зайсангийн тойруу, 48Б байрны 1 тоот байрыг манай компанид мэдэгдэлгүйгээр 2013 оны 03 дугаар сарын 19-ний өдөр 13/85 тоот зээлийн төлбөрт барьцаа хөрөнгө шилжүүлэх гэрээг “Мфикс капитал” ХХК-тай байгуулан, уг байрыг 1 242 629 880 төгрөгөөр өөрийн өмчлөлд шилжүүлэн авсан байх ба ингэхдээ “Ану сервис” ХХК-ийн зээлийг бүхэлд нь хаалгүй, үндсэн зээлийн төлбөрт 40 832.32 ам.доллар, хүүгийн төлбөрт 13 655.80 ам.доллар, нийт 54 488.12 ам.доллар буюу 76 394,523 төгрөгийг зээл, зээлийн хүүгээс хассан байдаг ба үлдэх 1 тэрбум гаруй төгрөгөөр тухайн үл хөдлөх хөрөнгийн барьцаалуулагч биш этгээд болох 5 байгууллагын зээлийг хаасан байдаг. Үүнд: “Капитрон банк” ХХК-ийн зээлдэгчид болох “Параскай” ХХК-ийн 65 112.93 ам.доллар буюу 91 290 932.38 төгрөгийн зээл, хүүгийн төлбөр, “Чинтулга Эрдэнэ” ХХК-ийн 92 949 127.53 төгрөгийн зээл, хүүгийн төлбөр, “Вайтстар” ХХК-ийн 689 754 763.23 төгрөгийн зээл, хүүгийн төлбөр, “Монлотус” ХХК-ийн 292 240 533.10 төгрөгийн зээл, хүүгийн төлбөр. Энэ нь хүчин төгөлдөр бус хэлцэл ба үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор барьцаалуулсан барьцаа хөрөнгийг бидэнд мэдэгдэлгүйгээр “Капитрон банк” ХХК өөрийн өмчлөлд авсан атлаа манай компанийн зээлийг бүрэн хаагаагүй байгаа нь бидний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчиж байгаа үйлдэл юм. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.  Дээрх үйл баримтаас дүгнэхэд “Ану сервис” ХХК, “Капитрон банк” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2008 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 08/135 тоот зээлийн барьцааны гэрээний 6 дугаар зүйлийн 6.2.4 дэх заалт нь Иргэний хуулийн 171.3, 56 дугаар зүйлийн 56.1.1-т заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бус байх хэлцэл байна. Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т “уг хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийсэн бусад хэлцэл” гэж заасны дагуу зээлдэгч “Ану сервис” ХХК-ийн зээлийг хэсэгчлэн төлүүлэх зорилгоор “Капитрон банк” ХХК, “Мфикс капитал” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2013 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн зээлийн төлбөрт барьцаа хөрөнгө шилжүүлэх гэрээ нь мөн хүчин төгөлдөр бус байна. “Мфикс капитал” ХХК болон “Капитрон банк” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2010 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн зээлийн барьцааны гэрээний зорилго нь зээлдэгч “Ану сервис” ХХК-ийн зээлийн гэрээний дагуу үүсэх үүргийн гүйцэтгэлийг хангахад чиглэж байгаа нь ойлгомжтой. Гэтэл үүрэг гүйцэтгэгч “Ану сервис” ХХК-ийн үүргийг хэсэгчлэн буюу 76 394 523 төгрөгийн зээлийг барагдуулахын тулд нэг тэрбум гаруй төгрөгийн үнэтэй эд хөрөнгийг өөрийн өмчлөлдөө шилжүүлэн авах замаар уг үл хөдлөх эд хөрөнгийн хувьд барьцааны эрх, үүргийг дуусгавар болгож байгаа нь үндэслэлгүй байна. “Капитрон банк” ХХК өөрийн өмчлөлдөө шилжүүлэн авсан үл хөдлөх эд хөрөнгийн хувьд “Ану сервис” ХХК нь дангаараа барьцаалуулагчийн буюу уг эд хөрөнгөөр дангаараа үүргийн гүйцэтгэлийг хангуулах эрхтэй байсан. Гэтэл барьцаалуулагч бус этгээдүүдийн өр төлбөрийг хаасан. Зүй нь, барьцаа хөрөнгөөр зээлийг бүхэлд нь хаах ёстой байсан. Барьцаа хөрөнгөөр зээлийн гэрээг цуцлалгүйгээр тодорхой хугацааны төлбөрийг хаах талаар талууд харилцан тохиролцоогүй байна. 2013 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 13/85 тоот зээлийн төлбөрт барьцаа хөрөнгө шилжүүлэх гэрээ хүчин төгөлдөр бус байх хэлцэл учир Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт зааснаар “...хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх” үр дагавар үүсэхээр байна. Иймд тухайн үл хөдлөх эд хөрөнгийн хувьд “Ану сервис” ХХК-ийн барьцааны эрх хэвээр үлдэх тул уг үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг нэн тэргүүнд хангуулах эрхтэй ба хэрвээ банк уг үл хөдлөх эд хөрөнгийг иргэний гүйлгээнд нэгэнт оруулж, өмчлөх эрхийг бусдад шилжүүлсэн байгаа бол үл хөдлөх эд хөрөнгийн үнэ болох 1 242 629 880 төгрөгийг “Мфикс капитал” ХХК-д буцаан өгөх үүрэгтэй. Энэ тохиолдолд ч барьцааны эрх хэвээр үлдэх тул Иргэний хуулийн 238 дугаар зүйлд заасны дагуу үүргийг харилцан тооцуулах боломжтой байна. Мөн нөгөө талаар Иргэний хуулийн 157 дугаар зүйлийн 157.3 дахь хэсэгт “Үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлагыг хангах зорилгоор хэд хэдэн зүйлийг барьцаалсан тохиолдолд гэрээнд өөрөөр заагаагүй бол барьцаалагч нь шаардлагаа хангах барьцааны зүйлийг сонгох эрхтэй боловч энэ нь тухайн шаардлагыг хангахад шаардагдах тоо, хэмжээнээс хэтэрч болохгүй гэж заасан тул “Капитрон банк” ХХК хууль бусаар өмчлөлдөө авсан барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нь үүрэг гүйцэтгэгч бус этгээд болох барьцаалуулагчийн хүсэл зоригт нийцэхээр байна. “Ану сервис” ХХК, “Мфикс капитал” ХХК болон “Капитрон банк” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2013 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 13/85 тоот зээлийн төлбөрт барьцаа хөрөнгө шилжүүлэх гэрээ байгуулагдсаныг мэдсэнээс хойш буюу 2013 оны 05 дугаар сарын 31-ний өдрөөс хойш зээл болон түүний хүүг огт төлөөгүй болно. Учир нь, банк “Ану сервис” ХХК-ийн 475 000 ам.долларын зээл, түүнд ногдох хүүг нэн тэргүүнд барьцаа хөрөнгөөр бүрэн хаах ёстой байсан, барьцааны гэрээг дуусгавар болгосон бол үндсэн үүргийг мөн дуусгавар болгох ёстой байтал барьцаалуулагч биш 5 байгууллагын зээлийн үүргийн гүйцэтгэлд барьцаа хөрөнгийг тооцон авсан ба уг үйлдэлдээ банк буруутай гэж үзсэн учир зээл, түүний хүүг төлөөгүй болно. Энэ талаараа “Капитрон банк” ХХК-ийн ажилтантай уулзаж байсан. Банкнаас зээлдэгч зээлийн гэрээний үүргээ гүйцэтгээгүй гэж үзэн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэн үндсэн үүргээс илүү үнэтэй барьцаа хөрөнгийг төлбөртөө тооцон авсан атлаа үүргийг бүхэлд нь дуусгавар болгоогүй нь Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.1 дэх хэсэгт заасан хугацаанд нь гүйцэтгэсэн үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгч хүлээж аваагүй бол түүнийг хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ гэж зааснаар үүрэг гүйцэтгүүлэгч хугацаа хэтрүүлсэнд тооцогдох тул Иргэний хуулийн 224 дүгээр зүйлийн 224.1, 224.2.3-т зааснаар хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах эрхгүй гэж үзсэн болно.” гэжээ.

         Хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагад: “Зээлийн төлбөрт барьцаа хөрөнгийг өмчлөлдөө шилжүүлэн авсан гэрээ хүчин төгөлдөр бус болох нь тогтоогдвол уг гэрээ хүчин төгөлдөр байх тохиолдолд хүртэж болох боломжийг шаардах эрхтэй эсэх нь эргэлзээтэй боловч бид уг үндэслэлээр биш уг хүчин төгөлдөр гэрээ байгуулагдсаны улмаас өдийг хүртэл зээл, хүүгийн төлбөрийг төлөөгүйн хариуцлага буюу үр дагаврыг хүчин төгөлдөр бус гэрээ байгуулсан буруутай этгээд болох “Капитрон банк” ХХК өөрөө хариуцах ёстой гэж шаардах эрхээ тодорхойлж байна.  Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.4 дэх хэсэгт “Сонирхогч этгээд хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулахаар шаардаж болно” гэж заасны дагуу дараах шаардлагыг гаргаж байна. Үүнд: 2008 оны 10 дугаар сарын 21-ний 08/135 тоот зээлийн гэрээний 6.2.4 дэх заалт болон 2013 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 13/85 тоот зээлийн төлбөрт барьцаа хөрөнгө шилжүүлэх гэрээ хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгож, уг гэрээний үр дагаврыг арилгуулах буюу хүчин төгөлдөр бус гэрээний дагуу төлбөртөө авсан барьцаа хөрөнгөөр, барьцаа хөрөнгийг буцааж өгөх боломжгүй бол түүний үнэ болох 1 242 629 880 төгрөгөөс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь хангахыг даалгах, 2013 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс хойшхи хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүгээс чөлөөлөхийг даалгаж өгнө үү.” гэжээ.

         Сөрөг нэхэмжлэлийн шаардлагад нэхэмжлэгчээс гаргасан хариу тайлбарт: “Сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь дор дурдсан байдлаар үндэслэлгүй, хууль бус шаардлага байх тул тэдгээр шаардлагуудыг эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна. Хариуцагчийн зүгээс 2008 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 08/135 тоот Зээлийн гэрээний 6.2.4 дэх заалт буюу гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлэхгүй, ноцтой зөрчил гаргасан тохиолдолд барьцаа хөрөнгийг энэхүү гэрээ болон холбогдох хууль тогтоомжид заасны дагуу банкны өмчлөлд шилжүүлэх гэсэн заалт нь Иргэний хуулийн 171 дүгээр зүйлийн 171.3, 56 дугаар зүйлийн 56.1.1-т заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бус гэсэн нь байдлаар үндэслэлгүй. Иргэний хуулийн 171 дүгээр зүйлийн 171.3 дахь хэсэгт “...хуульд өөрөөр заагаагүй бол....” хүчин төгөлдөр бус байхаар зохицуулсан бөгөөд гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, зөрчил гаргасан тохиолдолд барьцаа хөрөнгийг банкны өмчлөлд шилжүүлж болох талаар хуулиар тусгайлан зохицуулсан байдгийг хариуцагч этгээд анхаарч үзээгүй байна. Өөрөөр хэлбэл хариуцагч нь Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд барьцаалагч нь өөрийн шаардлагадаа тооцон үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг шууд авахыг зөвшөөрсөн агуулгатай зүйл, заалт алга байна гэж тайлбарласан байна. Гэтэл Банкны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2 дахь хэсэгт Банк хугацаандаа төлөгдөөгүй зээл, хүүгийн төлбөрт зээлдэгчийн өмчлөлд байгаа эд хөрөнгө, хувьцаа, түүний ногдол ашгийг гэрээ болон шүүхийн шийдвэрийн үндсэн дээр авч болох бөгөөд ...” гэж зааснаар банк гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй, зөрчил гаргасан зээлдэгчийн барьцаа хөрөнгийг өмчлөлдөө шилжүүлэн авахыг зөвшөөрсөн байдаг. Ийнхүү шилжүүлэн авснаар банк хөрөнгийг өмчлөх бусад хөрөнгөнд бүртгэж авдаг бөгөөд энэ талаар Монгол банкны Ерөнхийлөгч, Сангийн яамны сайдын 2015 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн A3 5/20 дугаар хамтарсан тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан Банкны нягтлан бодох бүртгэлийн зааврын 4.5.6 буюу тодорхойлолт хэсэгт өмчлөх бусад хөрөнгө гэж зээл, хүүгийн төлбөрийн тооцоогоор бусдаас авсан санхүүгийн ба санхүүгийн бус хөрөнгийг ойлгоно. Үүнд үл хөдлөх болон хөдлөх хөрөнгө багтахаас гадна үнэт цаас гэх мэт санхүүгийн хөрөнгө мөн багтана. Өмчлөх бусад хөрөнгөнд худалдан борлуулах зориулалттай, банкны үйл ажиллагаанд ашиглагдахгүй хөрөнгө багтана гэж зааснаар зөвшөөрөгдсөн байдаг тул барьцаа хөрөнгийг өмчлөлдөө шилжүүлэн авсан банкны үйлдэл хуульд нийцсэн юм. Мөн 2008 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 08/135 тоот зээлийн гэрээний 6.2.4-т гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлэхгүй, ноцтой зөрчил гаргасан тохиолдолд барьцаа хөрөнгийг энэхүү гэрээ болон холбогдох хууль тогтоомжид заасны дагуу банкны өмчлөлд шилжүүлэх гэж заасан нь Иргэний хуулийн 171 дүгээр зүйлийн 171.3 дахь хэсгийн агуулга бүхий зүйл заалт бус юм. Өөрөөр хэлбэл энэхүү заалтаар зээлдэгч зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, зөрчил гаргасан тохиолдолд барьцаа хөрөнгийг банкны өмчлөлд шилжүүлэх үүрэг үүсэж байгаа буюу нөгөө талаас банкны шаардах эрх үүсэж байгаа болохоос бус тухайн хөрөнгө нь шууд банкны өмчлөлд шилжиж байгаа зохицуулалт биш юм. Хариуцагч нь дээрх шаардлагаа Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т “уг хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийсэн бусад хэлцэл” гэж заасны дагуу зээлдэгч “Ану сервис” ХХК-ийн зээлийг хэсэгчлэн төлүүлэх зорилгоор “Капитрон банк” ХХК, “Мфикс капитал” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2013 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн зээлийн төлбөрт барьцаа хөрөнгө шилжүүлэх гэрээ нь мөн хүчин төгөлдөр бус гэж тайлбарлажээ. Энэхүү хариу тайлбарын нэг дэх хэсгээр 2008 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 08/135 тоот зээлийн гэрээний 6.2.4 дэх заалт нь хууль зөрчөөгүй буюу хуульд нийцсэн хүчин төгөлдөр зүйл заалт болохыг тайлбарласан билээ. Иймд 2013 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 13/85 тоот зээлийн төлбөрт барьцаа хөрөнгө шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийгдсэн гэрээ гэж үзэх боломжгүй тул уг гэрээ нь хүчин төгөлдөр гэрээ, хэлцэл юм. Мөн 2013 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 13/85 тоот зээлийн төлбөрт барьцаа хөрөнгө шилжүүлэх гэрээг байгуулахад 08/135 тоот зээлийн гэрээний 6.2.4 дэх заалтыг үндэслээгүй болох нь гэрээнээс тодорхой харагдаж байгаа юм. Тухайлбал, зээлийн төлбөрт барьцаа хөрөнгө шилжүүлэх гэрээний эхэн хэсэгт “...Иргэний хуулийн 236 дугаар зүйл, Банкны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2 дахь заапт, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйл, 24 дүгээр зүйлийн 24.1 дэх заалтуудыг тус тус удирдлага болгон ...” гэж гэрээ байгуулах үндэслэлийг тодорхой тусгасан юм. Иймд хариуцагчийн гаргасан 2013 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 13/85 тоот зээлийн төлбөрт барьцаа хөрөнгө шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна. Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Хөх тэнгэр цогцолбор /17021/, Зайсангийн тойруу, 48B-1 тоот байр нь “Мфикс капитал” ХХК-ийн өмчлөлийн хөрөнгө байсан бөгөөд банкны зүгээс хууль ёсны өмчлөгчтэй нь хуульд заасан журмын дагуу зээлийн барьцааны гэрээг байгуулсан болно. Харин “Мфикс капитал” ХХК, “Ану сервис” ХХК, “Монлотус” ХХК, “Параскай” ХХК, “Чинтулга Эрдэнэ” ХХК, “Вайтстар” ХХК-иудын хүсэлт, мэдэгдэлүүдийг тус тус үндэслэж 2013 оны 3 дугаар сарын 19-ний өдөр 13/85 тоот зээлийн төлбөрт барьцаа хөрөнгө шилжүүлэх гэрээг байгуулсан юм. Өөрөөр хэлбэл “Мфикс капитал” ХХК нь “Капитрон банк” ХХК-д хандаж 2013 оны 02 дугаар сарын 04-ний өдөр 13/016 тоот тус компани нь Жайка төслийн зээл авсан “Ану сервис” ХХК, “Юу Си Ай Жи” ХХК, “Параскай” ХХК, “Чинтулга Эрдэнэ” ХХК-иудын зээл, хүүгийн төлбөрийн графикийн зөрчлийг ойрын хугацаанд арилгах болно гэсэн албан тоотыг ирүүлж байсан юм. Мөн 2013 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 13/045 тоот албан бичгээр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Хөх тэнгэр цогцолбор /17021/, Зайсангийн тойруу, 48B-1 тоот байрыг банкны өмчлөлд шилжүүлж “Ану сервис” ХХК, “Монлотус” ХХК, “Параскай” ХХК, “Чинтулга Эрдэнэ” ХХК, “Вайтстар” ХХК-иудын зээлийн гэрээний зарим төлбөрүүдийг хасах хүсэлтийг гаргасан. Энэ талаар “Ану сервис” ХХК, “Монлотус” ХХК, “Параскай” ХХК, “Чинтулга Эрдэнэ” ХХК, “Вайтстар” ХХК-иуд нь мэдэж байсан бөгөөд тус компаниудын зүгээс “Мфикс капитал” ХХК болон “Капитрон банк” ХХК-д хандаж ийнхүү зээлийн зарим хэсгийг хасахад татгалзах зүйлгүй талаар мэдэгдлийг ирүүлсэн байдаг. Тухайлбал, “Ану сервис” ХХК нь 2013 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 13/130 тоот албан бичгээр дараах агуулга бүхий мэдэгдлийг тус банкинд ирүүлсэн байдаг. Мэдэгдэлд “Мфикс капитал” ХХК-ийн 2010 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 08/135 тоот зээлийн баръцааны гэрээгээр танай банкинд барьцаалуулсан зарим барьцаа хөрөнгөөр 2008 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн №08/135 тоот зээлийн гэрээний зээл, зээлийн хүүний төлбөрөөс 76 394 523.76 төгрөгийг барагдуулахад татгалзах зүйлгүй болно гэсэн байдаг. Иймд хариуцагчийн зээлийн төлбөрт барьцаа хөрөнгө шилжүүлэх гэрээг байгуулагдсаныг мэдээгүй, зээлдэгчид мэдэгдээгүй, барьцаа хөрөнгөөр зээлийн гэрээг цуцлалгүйгээр тодорхой хугацааны төлбөрийг хаах талаар талууд харилцан тохиролцоогүй гэсэн тайлбарууд нь үндэслэлгүй юм. Мөн нөгөөтэйгүүр 2010 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 08/135 тоот зээлийн барьцааны гэрээ нь “Капитрон банк” ХХК болон “Мфикс капитал” ХХК-иудын хооронд байгуулагдсан бөгөөд энэхүү гэрээнд өөрчлөлт оруулах, барьцаа хөрөнгийг чөлөөлөх, өмчлөлдөө тооцож авах, гэрээнд заасан барьцаа хөрөнгөөр ямар гэрээний үүргийг гүйцэтгэх зэрэг нь зөвхөн барьцаа хөрөнгийн өмчлөгч болон барьцаалагч талуудын хоорондын тохиролцоогоор хийгдэх асуудал юм. Харин барьцааны гэрээний оролцогч бус, хөрөнгийн өмчлөгч бус этгээд болох “Ану сервис” ХХК-ийн зүгээс барьцаа хөрөнгөтэй холбоотой ямар нэгэн эрх эдлэхгүй юм. Гэрээний үр дагаврыг арилгуулах буюу хүчин төгөлдөр бус гэрээний дагуу төлбөртөө авсан барьцаа хөрөнгөөр барьцаа хөрөнгийг буцааж өгөх боломжгүй бол түүний үнэ болох 1 242 629 880 төгрөгөөс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь хангахыг даалгах, 2013 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс хойшхи хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүгээс чөлөөлж, хохирлыг арилгахыг даалгах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй, хууль бус тухайд энэхүү хариу тайлбарын нэг, хоёр, гурав дахь хэсгүүдээр 2008 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 08/135 тоот зээлийн гэрээний 6.2.4 дэх заалт хүчин төгөлдөр болохыг, 2013 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 13/85 тоот зээлийн төлбөрт барьцаа хөрөнгө шилжүүлэх гэрээ нь хүчин төгөлдөр болохыг тус тус тайлбарласан бөгөөд эдгээр гэрээ хэлцлүүд нь хүчин төгөлдөр учраас хариуцагчийн гаргасан дээрх сөрөг нэхэмжлэлийн шаардлагууд нь үндэслэлгүй болох юм. Улсын тэмдэгтийн хураамж дутуу төлсөн тухайд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.3 дахь хэсэгт “Сөрөг нэхэмжлэл гаргах үед улсын тэмдэгтийн хураамжийг ердийн нэхэмжлэлийн адил хэмжээгээр тогтоосон журмын дагуу урьдчилан төлсөн байна” гэж заасан. Мөн Улсын Дээд шүүхийн 2012 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаан дахь улсын тэмдэгтийн хураамжийн зарим асуудлыг зохицуулсан зөвлөмжийн 3 дугаар зүйлийн 3.4-т “Гэрээ, хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах тухай нэхэмжлэлд уг гэрээ, хэлцлийн үнийн дүнгээр нэхэмжлэлийн үнийн дүнг тодорхойлно. Гэрээ хэлцлийг бүхэлд нь бус зарим хэсгийг хүчин төгөлдөр буст тооцуулах шаардлагын үнийн дүнг тэр хэсгээр нь тооцох боломжтой” гэж заасан байдаг. Харин хариуцагч болох “Ану сервис” ХХК-ийн зүгээс 2008 оны 10 дугаар сарын 21-ний 18/135 тоот зээлийн гэрээний 6.2.4 дэх заалт болон 2013 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 13/85 тоот зээлийн төлбөрт барьцаа хөрөнгө шилжүүлэх гэрээ хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох, уг гэрээний үр дагаврыг арилгуулах буюу хүчин төгөлдөр бус гэрээний дагуу төлбөртөө авсан барьцаа хөрөнгийг буцааж өгөх боломжгүй бол түүний үнэ болох 1 242 629 880 төгрөгөөс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь хангахыг даалгах, 2013 оны 3 дугаар сарын 20-ны өдрөөс хойшхи хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүгээс чөлөөлж, хохирлыг арилгахыг даалгах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагуудыг гаргасан байна. Ингэхдээ улсын тэмдэгтийн хураамжид 140 200 төгрөг төлсөн нь үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл 2008 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 18/135 тоот зээлийн гэрээ нь 475 000 ам.долларын үнийн дүнтэй, мөн 2013 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 13/85 тоот зээлийн төлбөрт барьцаа хөрөнгө шилжүүлэх гэрээ 1 242 629 880.00 төгрөгийн үнийн дүнтэй юм. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль болон Улсын Дээд шүүхийн зөвлөмжийн дагуу гэрээний үнийн дүнгээс Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасан хэмжээгээр бодож төлөх ёстой. Гэтэл хариуцагч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасан хэмжээгээр төлсөн байх тул хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг буцаах үндэслэлтэй байна. Хариуцагч “Ану сервис” ХХК-ийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагууд нь дээрх байдлаар хууль бус, үндэслэлгүй байх тул сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

         Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 101/ШШ2016/06332 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Ану сервис” ХХК-иас зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 920 824 824.81 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Капитрон банк” ХХК-д олгож, хариуцагч “Ану сервис” ХХК-ийн 2008 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 08/135 тоот зээлийн гэрээний 6.2.4 дэх заалт болон 2013 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 13/85 тоот зээлийн төлбөрт барьцаа хөрөнгө шилжүүлэх гэрээ хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгож, уг гэрээний үр дагаврыг арилгуулах буюу хүчин төгөлдөр бус гэрээний дагуу төлбөртөө авсан барьцаа хөрөнгөөр, барьцаа хөрөнгийг буцааж өгөх боломжгүй бол түүний үнэ болох 1 242 629 880 төгрөгөөс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь хангахыг даалгах, 2013 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс хойшхи хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүгээс чөлөөлж, хохирлыг арилгахыг даалгах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.4, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 4 762 075 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140 400 төгрөгийг улсын төсвийн орлогод тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид тогтоосон хэмжээнээс илүү төлсөн 289 095 төгрөгийг Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн 2609006167 тоот данснаас гаргуулж нэхэмжлэгч “Капитрон банк” ХХК-д буцаан олгож, хариуцагч “Ану сервис” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 4 762 075 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Капитрон банк” ХХК-д олгох, хариуцагч “Ану сервис” ХХК-иас сөрөг нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамжид 6 230 699 төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

        Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 130 дугаар магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 101/ШШ2016/06332 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “1. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсгийг баримтлан “Капитрон банк” ХХК, “Ану сервис” ХХК-ийн хооронд байгуулсан 2008 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 08/135 дугаар зээлийн гэрээг цуцалж, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453.1 дэх хэсгийг баримтлан хариуцагч “Ану сервис” ХХК-иас 895 575 158 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Капитрон банк” ХХК-д олгосугай” 2. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан үндэслэлгүй тул хариуцагч “Ану сервис” ХХК-ийн 2008 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 08/135 тугаар зээлийн гэрээний 6.2.4 дэх заалт болон 2013 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 13/85 дугаар “Зээлийн төлбөрт барьцаа хөрөнгө шилжүүлэх гэрээ” хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, уг гэрээний үр дагаврыг арилгуулах буюу хүчин төгөлдөр бус гэрээний дагуу төлбөртөө авсан барьцаа хөрөнгөөр, барьцаа хөрөнгийг буцааж өгөх боломжгүй бол түүний үнэ болох 1 242 629 880 төгрөгөөс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь хангахыг даалгах, 2013 оны 3 дугаар сарын 20-ны өдрөөс хойшхи хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүгээс чөлөөлж, хохирлыг арилгахыг даалгах сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн найруулж, шийдвэрийн тогтоох хэсгийн дугаарын “2” гэснийг “3” гэж, уг заалтын “урьдчилан төлсөн 4 762 075 төгрөг” гэснийг “урьдчилан төлсөн 4 867 211 төгрөг” гэж, “илүү төлсөн 289 095 төгрөгийг” гэснийг “илүү төлсөн 105 137 төгрөгийг” гэж, “4 762 075 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Капитрон банк” ХХК-д олгох” гэснийг “4 635 825,79 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Капитрон банк” ХХК-д олгож” гэж тус тус өөрчлөн, тогтоох хэсгийн дугаарын “3” гэснийг “4”, “4” гэснийг “5” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

          Нэхэмжлэгчийн төлөөлөгч Л.Ариунаагийн хяналтын журмаар гаргасан гомдолд: “...130 дугаар магадлалыг эс зөвшөөрч, дор дурдсан үндэслэлээр хяналтын гомдол гаргаж байна. Магадлалын хянавал хэсгийн эхэнд "Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэн талуудын хооронд байгуулагдсан зээлийн харилцаанаас үүссэн маргааны талаар үндэслэлтэй дүгнэсэн боловч зээлийн гэрээний цуцлах шаардлага гаргасныг шийдвэрлээгүй байх тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв" гэж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг зөв тодорхойлсон юм. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь зээлдэгчтэй байгуулсан “Зээлийн гэрээ”-г нэхэмжлэл гаргахаас өмнө цуцалж, үр дагаврыг нэхэмжлэх бус харин шүүхэд гэрээг цуцлах болон үр дагаврыг шаардах нэхэмжлэл гаргасан болно. Гэтэл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалын хянавал хэсгийн 14 дүгээр талд “Иймд зээлдүүлэгч буюу нэхэмжлэгч Капитрон банкны зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргаснаар зээлийн гэрээг зээлдүүлэгч талын санаачилгаар цуцлагдсан гэж үзэх ба шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэлх хугацааны ... гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасанд нийцнэ гэж шүүх бүрэлдэхүүн үзэв” гэж шийдвэрлэсэн нь буруу болсон юм. Учир нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын нэг болох”Гэрээг цуцлах” шаардлагыг шүүх шийдвэрлээгүй байхдаа гэрээг цуцалсан гэж үзсэн нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Өөрөөр хэлбэл шүүх хэргийг шийдвэрлэж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж байж гэрээ цуцлагдах учир нэхэмжлэл гаргаснаар бус гэрээг цуцлах хүртэл буюу шүүх шийдвэрлэх хүртэл нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн нь хуулийн үндэслэлтэй юм. Иймд Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 130 дугаар магадлалын зарим хэсгийг хүчингүй болгож, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 101/ШШ2016/06332 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.” гэжээ.

        Хариуцагчийн төлөөлөгч Б.Инжиннашийн хяналтын журмаар гаргасан гомдолд: “Капитрон банкны нэхэмжлэлтэй “...130 дугаар магадлалд дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Капитрон банкны нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тухайд: Нэхэмжлэгч Капитрон банк нь 2008 оны 10 сарын 21-ний өдрийн 08/135 тоот зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн төлбөрт 449 182.12 ам.доллар гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг хариуцагчид холбогдуулан гаргасан боловч анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлага болох “Зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах тухай шаардлага"-ыг хэрхэн дүгнэж, шийдвэрлэсэн болохоо шийдвэртээ тусгаагүй болно. Зохигчдын хооронд байгуулагдсан 2008 оны 10 сарын 21-ний өдрийн 08/135 тоот зээлийн гэрээний хугацаа 2018 оны 10 сарын 21-ний өдөр дуусгавар болох ба нэхэмжлэгч Капитрон банк нь уг зээлийн гэрээний дагуу олгосон 475.000 ам.долларын үндсэн зээлээс төлөгдөөгүй байгаа 379 166.72 ам.долларыг гэрээний хугацаа дуусгавар болохоос өмнө хүүгийн хамт зээлдэгч буюу хариуцагчаас буцаан шаардах эрхтэй эсэхийг шүүх шийдвэрлэхгүйгээр үндсэн зээлд 379 166.72 ам.долларыг, хүүгийн хамт хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэж байгаа нь үндэслэлгүй юм. Анхан шатны шүүх зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах тухай үндэслэл, шаардлагын талаар нэг ч дүгнэлт хийгээгүй буюу шийдвэртээ дурдаагүй байгаа нь шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн тодруулалгүйгээр хэргийг шийдвэрлэж, хэрэг хянан шийдвэрлэх талаар хуулиар тогтоосон журмыг зөрчсөн, алдаатай шийдвэр гаргасанд тооцогдохоор байна. Гэтэл давж заалдах шатны шүүхээс шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийн уг шаардлагыг хангах тухай өөрчлөлт оруулсан нь хариуцагчийн мэтгэлцэх эрхийг зөрчсөн гэж үзэж байна. Сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шийдвэрийг хэвээр үлдээсэн тухайд: Хариуцагч “Ану сервис” ХХК-иас 1. 2008 оны 10 сарын 21-ний 08/135 тоот зээлийн гэрээний 6.2.4 дэх заалт болон “2013 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 13/85 тоот “Зээлийн төлбөрт барьцаа хөрөнгө шилжүүлэх гэрээ” хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгож, уг гэрээний үр дагаврыг арилгуулах буюу хүчин төгөлдөр бус гэрээний дагуу төлбөртөө авсан барьцаа хөрөнгөөр, барьцаа хөрөнгийг буцааж өгөх боломжгүй бол түүний үнэ болох 1.242.629,880 төгрөгөөс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь хангахыг даалгах. 2. 2013 оны 3 сарын 20-ны өдрөөс хойшхи хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүгээс чөлөөлж, хохирлыг арилгахыг даалгах гэсэн шаардлага бүхий сөрөг нэхэмжлэлийг гаргасан. Анхан болон давж заалдах шатны шүүхээс сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, шийдвэрлэхдээ хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарласан гэж үзэж байна. Тодруулбал, хариуцагч “Ану сервис” ХХК-ийн зүгээс “Мфикс капитал” ХХК болон Капитрон банкны хооронд байгуулагдсан 2010 оны 9 сарын 02-ны өдрийн зээлийн барьцааны гэрээ байгуулагдсан байдал, хүчин төгөлдөр эсэх талаар огт маргаагүй байхад уг барьцааны гэрээ нь хүчин төгөлдөр болох, барьцаа хөрөнгийг нэг бүрчлэн дурдах, одоо эдгээр хөрөнгө банкны барьцаанд хэвээр байгаа эсэх зэргээр хэрэгт хамааралгүй асуудлаар дүгнэлт хийж, жинхэнэ ёсоор шийдвэрлэвэл зохих сөрөг нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагад оновчтой дүгнэлт хийгээгүй болох нь шийдвэрээс бүрэн харагдаж байна. Анхан шатны шүүхийн дүгнэлт өгвөл зохих гол асуудал нь хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл буюу дараах асуудал байсан юм: Барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь барьцааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шууд өөрийн өмчлөлд шилжүүлэн авч болох уу? Энэ талаар хийгдсэн хэлцэл хүчин төгөлдөр байх уу? Барьцааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг 1 242 629 880 /нэг тэрбум хоёр зуун дөчин хоёр сая зургаан зуун хорин есөн мянга найман зуун ная/ төгрөгөөр барьцаалагч Капитрон банк өөрийн өмчлөлд шилжүүлэн авсан хэрнээ үүрэг гүйцэтгэгчийн зээлээс 76.394.523 төгрөгийн зээл, зээлийн хүүг хасч, үлдэх нэг тэрбум гаруй төгрөгөөр өөрийн банкнаас зээл авсан тухайн үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах эрхгүй этгээд болох 5 байгууллагын зээлийг хаасан нь хуульд нийцэх үү?, “Хууль зөрчсөн" үндэслэлээр гэрээ хүчин төгөлдөр бус байхад гэрээний талуудын мэдэгдэл, зөвшөөрөл нь гэрээг хүчинтэй байлгах үндэслэл болох эсэх? /Иргэний хуулийн 56.3/ Гэвч анхан шатны шүүхээс сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо: “Ану сервис” ХХК, Капитрон банкны хооронд байгуулагдсан 2008 оны 10 сарын 21-ний өдрийн 08/135 тоот зээлийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.2.4 дэх “Гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлэхгүй, ноцтой зөрчил гаргасан тохиолдолд барьцаа хөрөнгийг энэхүү гэрээ болон холбогдох хууль тогтоомжид заасны дагуу банкны өмчлөлд шилжүүлэх" гэсэн заалт нь Иргэний хуулийн 171.3-т “Үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлагыг бүрэн буюу хэсэгчлэн хангаагүй бол үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх түүнд шилжинэ гэж тохирсон хэлцэл хуульд өөрөөр заагаагүй бол хүчин төгөлдөр бус байна” гэх зохицуулалтад хамааралгүй гэж үзсэн. Давж заалдах шатны шүүх: барьцааны зүйлийг барьцаалагчийн өмчлөлд шилжүүлэхээр барьцаалуулагч зөвшөөрсөн бол Иргэний хуулийн 159.1-д “Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол барьцааны зүйлийг энэ хуульд заасан журмын дагуу дуудлага худалдаагаар худалдана’’ гэж заасны дагуу ипотөкийн зүйлийг заавал дуудлага худалдаагаар худалдахыг шаардахгүй гэж дүгнэсэн. Уг заалт нь Иргэний хуулийн 13 дугаар бүлгийн 1 дэх дэд бүлгийн барьцааны нийтлэг зохицуулалт буюу хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны аль алинд хамаарах ерөнхий зохицуулалт юм. Харин Иргэний хуулийн 3 дахь дэд бүлэгт Үл хөдлөх эд хөрөнгийн барьцаа /ипотек/-г нарийвчлан зохицуулсан ба уг бүлгийн 174.1-т “Ипотекийн шаардлагыг хангах хугацааг үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг шаардах эрхтэй , 174.4-т “Ипотекийн зүйлийг шүүхийн бус журмаар худалдан борлуулах журмыг хуулиар тогтооно” гэж тус тус заасан нь Иргэний хуулийн 3.3 дахь хэсгийн дагуу Иргэний хуулийн 159.1 дэх заалтаас илүү нарийвчилсан зохицуулалт байтал давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 159.1 дэх заалтыг үндэслэл болгосон нь шүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэж шийдвэрийг зөвтгөн магадлалын үндэслэл болгосон гэж үзэхээр байна. Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн бус журмаар худалдан борлуулах арга нь 2 төрөлтэй ба 1. дуудлага худалдаа, 2. шууд худалдах. Шууд худалдах гэдэг нь барьцааны зүйлийг барьцаалагчаас бусад этгээдэд гэрээгээр худалдах тухай зохицуулалт болохоос барьцаалагч шууд худалдаж авах тухай агуулгагүй болох нь Иргэний хууль болон уг хуулийн бусад зохицуулалтаас ойлгогддог Тухайлбал, 2 удаа дуудлага худалдаа зарлан явуулсан боловч барьцааны зүйл худалдан борлогдоогүй бол үнэ бууруулан барьцаалагч төлбөртөө тооцон авах тухай Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 46.12 дахь хэсэг. Хэрвээ барьцаалагч шууд худалдаж авах эрхтэй гэж үзвэл тус хуулийн 46.12 дахь заалтыг хэрэглэж, барьцааны зүйлийн үнийг бууруулах шаардлагагүйгээр шууд худалдах нь барьцаалуулагчид ашигтай тул адил зүйлийг өөр өөрөөр зохицуулахгүй байх зарчмын үүднээс тайлбарлахад барьцаалагч нь ипотекийн зүйлийг төлбөртөө тооцон шууд авах эрхтэй гэдэг нь үгүйсгэгдэхээр байна. Капитрон банк, “Мфикс капитал” ХХК-ийн хооронд байгуулагдсан “2013 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 13/85 тоот "Зээлийн төлбөрт барьцаа хөрөнгө шилжүүлэх гэрээ"-г талууд харилцан тохиролцож байгуулсан, “Ану сервис” ХХК-ийн захирал Б.Инжиннаш нь “Мфикс капитал” ХХК-ийн хувьцаа эзэмшигч, барьцаа хөрөнгөөр зээлийн төлбөрөөс 76 394,523 төгрөгийг хасахыг “Ану сервис” ХХК зөвшөөрсөн байна гэх үндэслэлээр уг гэрээг хүчин төгөлдөр гэж шүүх дүгнэсэн. Энэ нь мөн хуульд нийцээгүй дүгнэлт гэж үзэж байна. Тодруулбал, хэн нэгний зөвшөөрлийг авах ёстой байтал авалгүй хэлцэл хийгдсэн нь Иргэний хуулийн 56.1.8 дахь заалтын дагуу хэлцэл хүчин төгөлдөр бус байх бие даасан нэг үндэслэл болдог. Харин Иргэний хуулийн 56.1.1 дэх "хууль зөрчсөн” хэлцэл нь зөвшөөрөл өгсөн, харилцан зөвшилцсөн эсэхээс үл хамааран анхнаасаа хүчин төгөлдөр бус байдаг /ИХ-ийн 56.3/. Гэтэл талууд тохиролцсон бол хууль зөрчсөн байсан ч хамаагүй гэж дүгнэж байгаа нь үндэслэлгүй байна. Барьцаалагч нь барьцаа үл хөдлөх эд хөрөнгийг өөрийн шаардлагаа хангуулахаар өөрийн өмчлөлд шилжүүлэн авах тухай тохиролцох, хэлцэл хийх нь хүчин төгөлдөр бус байх талаар Иргэний хуулийн 171.3-т маш тодорхой заасан, Иргэний хуулийн 174 дүгээр зүйлд "Ипотөкийн шаардлагыг хангах хугацааг үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг шаардах эрхтэй" гэж заасан байхад, “Ану сервис” ХХК-ийн үүргийг хэсэгчлэн буюу 76 394 523 төгрөгийн зээлийг барагдуулахын тулд 1 тэрбум гаруй төгрөгийн үнэтэй эд хөрөнгийг өөрийн өмчлөлдөө шилжүүлэн авах замаар барьцааны эрх, үүргийг дуусгавар болгож байгаа нь үндэслэлтэй, хуульд нийцсэн гэж дүгнэсэн шүүхийн шийдвэрийг хууль ёсны байх шаардлагыг хангасан гэж зөвшөөрөх боломжгүй байна. Иргэний хуулийн 157.3-т “Үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлагыг хангах зорилгоор хэд хэдэн зүйлийг барьцаалсан тохиолдолд гэрээнд өөрөөр заагаагүй бол барьцаалагч нь шаардлагаа хангах барьцааны зүйлийг сонгох эрхтэй боловч энэ нь тухайн шаардлагыг хангахад шаардагдах тоо, хэмжээнээс хэтэрч болохгүй” гэж заасан байхад зээлийн гэрээний үүргийг бүхэлд нь дуусгавар болгохгүйгээр, зээлийн үүргийг хэсэгчлэн хангуулсан гэх тайлбар гаргаж, барьцаа хөрөнгийг барьцаалуулагч бус этгээдүүдээс авах зээлийн өр төлбөртөө тооцон авсан нь хууль бус юм. 2013 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 13/85 тоот “Зээлийн төлбөрт барьцаа хөрөнгө шилжүүлэх гэрээ” хүчин төгөлдөр бус байх хэлцэл учир Иргэний хуулийн 56.5-д зааснаар “...хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх” үр дагавар үүсэхээр байна. Уг гэрээ хүчин төгөлдөр бус учир барьцаа үл хөдлөх эд хөрөнгийн хувьд үндсэн үүрэг гүйцэтгэгч “Ану сервис” ХХК нь тухайн барьцаа үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг нэн тэргүүнд хангуулах эрхтэй. Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газраас шүүхэд ирүүлсэн лавлагаагаар Капитрон банк уг үл хөдлөх эд хөрөнгийг иргэний гүйлгээнд нэгэнт оруулж, өмчлөх эрхийг бусдад шилжүүлсэн байх тул уг үл хөдлөх эд хөрөнгийн үнэ болох 1 242 629 880 төгрөгөөс Иргэний хуулийн 238 дугаар зүйлд заасны дагуу “Ану сервис” ХХК зээлийн гэрээний үүргийг харилцан тооцуулах боломжтой байна. Иймд үл хөдлөх эд хөрөнгийн үнээс Капитрон банк шаардлагаа хангаад илүү гарсан хэсгийг барьцаалуулагч “Мфикс капитал” ХХК-д буцаан өгөх үр дагавар үүсэхээр байна. Иргэний хуулийн 56.4-д “Сонирхогч этгээд хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулахаар шаардаж болно” гэж заасны дагуу сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан. Иргэний хуулийн 157.3-т “Үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлагыг хангах зорилгоор хэд хэдэн зүйлийг барьцаалсан тохиолдолд гэрээнд өөрөөр заагаагүй бол барьцаалагч нь шаардлагаа хангах барьцааны зүйлийг сонгох эрхтэй боловч энэ нь тухайн шаардлагыг хангахад шаардагдах тоо, хэмжээнээс хэтэрч болохгүй" гэж заасан тул хүчин төгөлдөр бус гэрээний дагуу өмчлөлдөө авсан барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг барьцаалагчаас шаардах буюу хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулахаар шаардлага гаргасан. Зээлдэгч зээлийн гэрээний үүргээ гүйцэтгээгүй учир үүргийн зөрчлийг арилгахын тулд барьцаа хөрөнгийг төлбөртөө тооцон авсан гэж банк тайлбарладаг. Нэгэнт гэрээний үүргээ зөрчсөн гэж үзэн барьцаа хөрөнгийг худалдан авч байгаа бол тухайн үед зээлийн гэрээг цуцалж, үүргийг бүхэлд нь дуусгавар болгоогүй нь Иргэний хуулийн 223.1-д “хугацаанд нь гүйцэтгэсэн үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгч хүлээж аваагүй бол түүнийг хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ” гэж зааснаар үүрэг гүйцэтгүүлэгч хугацаа хэтрүүлсэнд тооцогдох тул Иргэний хуулийн 224.1, 224.2.3-т зааснаар хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах эрхгүй гэж үзсэн болно. Иймд 2013 оны 3 сарын 20-ны өдрөөс хойшхи хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүгээс чөлөөлж, хохирлыг арилгахыг даалгах гэсэн шаардлага бүхий сөрөг нэхэмжлэлийг гаргасан. Гэтэл шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, сөрөг нэхэмжлэлийг хангах хууль зүйн үндэслэлгүй гэж шийдвэрлэснийг зөвшөөрөхгүй байна. Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүх рүү буцаах, эсхүл хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэвэл шийдвэр, магадлалд сөрөг нэхэмжлэлийг хангах тухай өөрчлөлт оруулж өгнө үү .” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.

Нэхэмжлэгч “Капитрон банк” ХХК нь хариуцагч “Ану сервис” ХХК-д холбогдуулан 2008 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 08/135 тоот зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, зээлийн төлбөрт үндсэн зээл 379 166,72 ам.доллар, хүү 65 868,07 ам.доллар, нэмэгдүүлсэн хүү 4 147,33 ам.доллар, нийт 449 182,12 ам.долларыг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, 2008 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 08/135 дугаар зээлийн гэрээний 6.2.4 дэх заалт болон 2013 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 13/85 дугаар “Зээлийн төлбөрт барьцаа хөрөнгө шилжүүлэх гэрээ”-г хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, уг гэрээний үр дагаврыг арилгуулах буюу хүчин төгөлдөр бус гэрээний дагуу төлбөртөө авсан барьцаа хөрөнгөөр, барьцаа хөрөнгийг буцааж өгөх, боломжгүй бол түүний үнэ болох 1 242 629 880 төгрөгөөс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь хангахыг даалгах, 2013 оны 3 дугаар сарын 20-ны өдрөөс хойшхи хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүгээс чөлөөлж, хохирлыг арилгахыг даалгах тухай сөрөг нэхэмжлэл гаргаж маргажээ.

2008 оны 10 дугаар сарын 21-ний өдөр  Капитрон банк, “Ану сервис” ХХК-ийн хооронд  байгуулагдсан 08/135 тоот зээлийн гэрээгээр 475 000 ам.долларыг халаалтын зуух шинэчлэх хөрөнгө оруулалтын төсөлд зориулан жилийн 7.71 хувь /6 сар тутам хувьсах/-ийн хүүтэй, 120 сарын хугацаатай   зээлийг “Ану сервис” ХХК-д олгосон бөгөөд мөн өдөр хийгдсэн барьцааны гэрээгээр нэхэмжлэгч нь “Ану сервис” ХХК-ийн өмч болох зээлээр санхүүжүүлэн авах карборобот халаалтын зуух 7ш, насосны иж бүрдэл 3ш, цэвэр усны насос 3ш, яндан 7ш, усны сав 6ш, тэлэлтийн сав /180л/ 7ш, тэлэлтийн сав /500 л/ 3ш, генератор 3ш, зуухны холболтын материал, цахилгааны холболтын материал, бусад дагалдах хэрэгсэл, борлуулалтын орлогын хамт тус тус барьцаалжээ. /xx-11-13,17,18/

Талууд 2009 оны 12 дугаар сарын 11-ний өдөр  дээрх 08/135 тоот зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарьт өөрчлөлт оруулсан байна. /xx-18,19/

Түүнчлэн 2010 оны 09 сарын 02-ны өдөр талууд “Зээлийн барьцааны гэрээ” нэмж байгуулж, зээлийн барьцаанд “Мфикс капитал” ХХК-ийн өмч болох улсын бүртгэлийн Ү-2206014160, Ү-2206044286, Ү-2206014285, Ү-2206014159, Ү-2206014284  дугаартай Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Хөх тэнгэр цогцолбор, /17021/ Зайсангийн тойруу, 48Б байрны 1,2,3,4 тоот, 48В байрны 1 тоот орон сууц, нийт 5 орон сууцыг барьцаалсан бөгөөд гэрээг нотариатаар гэрчлүүлж, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт бүртгүүлжээ. /xx-20-35/

           Зохигчид дээрх зээлийн болон барьцааны гэрээ болон зээл авсан үйл баримтын талаар маргаагүй байна. Харин Капитрон банк болон “Мфикс капитал” ХХК нарын хооронд 2013 оны 3 сарын 19-ний өдөр байгуулагдсан “3ээлийн төлбөрт барьцаа хөрөнгө шилжүүлэх 13/85  гэрээ”- гээр шилжүүлсэн орон сууцнаас хариуцагчийн төлөх зээлийн төлбөрөөс 54 488,12 долларын зээлийг хаасан, үлдэгдэл үүргийг төлөх ёстой гэж нэхэмжлэгч Капитрон банк тайлбарласан бол барьцаа хөрөнгөөр зээлийн төлбөрийг бүрэн барагдуулах ёстой байсан, энэ өдрөөс хойш зээлийн буцаан төлөлт хийгээгүй гэж хариуцагч “Ану сервис” ХХК маргажээ.            

Капитрон банк болон “Мфикс капитал” ХХК нарын хооронд 2013 оны 3 сарын 19-ний өдөр байгуулагдсан “3ээлийн төлбөрт барьцаа хөрөнгө шилжүүлэх 13/85  гэрээний дагуу “Ану сервис” ХХК-ийн зээлийн гэрээний барьцаанд Капитрон банкинд барьцаалуулсан “Мфикс капитал” ХХК-ийн өмчлөлийн Ү-2206014284  дугаартай Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Хөх тэнгэр цогцолбор, /17021/ Зайсангийн тойруу,  48В байрны 1 тоотод байрлах 60 хувийн гүйцэтгэлтэй барилгыг Капитрон банкны өмчлөлд шилжүүлэхдээ “Ану сервис” ХХК-иас гадна “Параскай” ХХК, “Чинтулга Эрдэнэ” ХХК, “Вайтстар” ХХК, “Монлотус” ХХК-ийн банкинд төлөх төлбөрийг тооцож оруулсан байна. /xx-176-180/

Дээрх гэрээгээр нэр бүхий 5 компаниас Капитрон банкинд төлөх төлбөрт тооцож барьцаанд тавьсан барилгыг нэхэмжлэгчид шилжүүлсэн гэх боловч “Параскай” ХХК, “Чинтулга Эрдэнэ” ХХК, “Вайтстар” ХХК, “Монлотус” ХХК нь  Капитрон банктай барьцааны гэрээтэй байсан нь тодорхойгүй, энэ тухай баримт хэрэгт авагдаагүй байхад Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.2, 165 дугаар зүйлийн 165.4-д заасан нөхцөл үүссэн гэж үзэх боломжгүй юм.

Хариуцагч  “2013 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 13/85 дугаар “Зээлийн төлбөрт барьцаа хөрөнгө шилжүүлэх гэрээ”-г хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох...”, тухай  сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. “Зээлийн төлбөрт барьцаа хөрөнгө шилжүүлэх гэрээ”-ний нэг тал болох “Мфикс капитал” ХХК хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон тухай баримт хэрэгт авагдаагүй, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцвол зохих этгээдийг бүрэн оролцуулаагүй нь буруу байна.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгч нь 2016 оны 03 сарын 14-ний өдөр гаргасан нэхэмжлэлийн шаардлагад үндсэн зээл 379,166.72 ам.доллар, зээлийн хүү 55,278.44 ам.доллар, нэмэгдүүлсэн хүү 2,864.48 ам.доллар, нийт 437,309.64 ам.доллар гэж тодорхойлсон боловч нэхэмжлэгчээс хариуцагч талд өгсөн 2016 оны 03 сарын 03-ны өдрийн 922 тоот албан мэдэгдэлд зээл, хүү, нэмэгдүүлсэн төлбөрт нийт 255,713.00 ам.долларын зөрчил үүсээд байгаа гэсэн нь ойлгомжгүй, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, тооцоолол  нь нэхэмжлэгчээс шүүхэд ирүүлсэн зээлийн эргэн төлөлтийн хоёр хуваарийн алинд нь хамаарч байгаа нь тодорхой биш байна.

Дээрх үндэслэлээр хяналтын шатны шүүхээс зохигчдын хооронд үүссэн маргаанд эрх зүйн дүгнэлт хийх, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасан үүргээ хуульд зааснаар хэрэгжүүлээгүй байх тул хариуцагчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангах үндэслэлтэй байна.  

Иймээс анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:    

 1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 101/ШШ2016/06332 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 130 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 2. Нэхэмжлэгч “Капитрон банк” ХХК-ийн хяналтын журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр төлсөн 284.199 /хоёр зуун наян дөрвөн мянга нэг зуун ерэн ес/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч “Ану сервис” ХХК-ийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдөр төлсөн 6.230.699 /зургаан сая хоёр зуун гучин мянга зургаан зуун ерэн есөн/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.

 

                                             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Ц.АМАРСАЙХАН

                                              ШҮҮГЧ                                                    Д.ЦОЛМОН