Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 174

 

“Т м” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Татварын ерөнхий газрын Улсын

төсвийн орлого, хяналтын газрын

 татварын улсын байцаагч Д.Б,

Ц.Б, Х.Н нарт холбогдох захиргааны

хэргийн тухай

       Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

       Даргалагч, шүүгч           М.Батсуурь

      Шүүгчид:                         Б.Мөнхтуяа

                                              Д.Мөнхтуяа

                                              Ч.Тунгалаг

       Илтгэгч шүүгч:              Г.Банзрагч

       Нарийн бичгийн дарга: С.Баяртуяа

Нэхэмжлэлийн шаардлага: “Татварын улсын байцаагч Д.Б, Ц.Б, Х.Н  нарын 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 210020532 тоот актаар нэхэмжлэгчийг Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль (“ААНОАТТХ”)-ийн холбогдох заалтуудыг зөрчсөн гэж үзэж нийт 904,792,228.38 төгрөг төлүүлэхээр шийдвэрлэсэн хэсгийг хүчингүй болгуулах.”

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 128/ШШ2019/0771 дүгээр шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 114 дүгээр магадлал,

Шүүх хуралдаанд оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.М, Ч.Ц, З.И, хариуцагч Д.Б, Ц.Б, Х.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.А, Ц.Т нарыг оролцуулж,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ц, Р.М нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

       Өмнөх шатны шүүхийн шийдвэр

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 128/ШШ2019/0771 дүгээр шийдвэрээр: Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1, 18.1.3, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3, Нягтлан бодох бүртгэлийн тухай /2001 оны/ хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д заасныг тус тус баримтлан “Татварын улсын байцаагч Д.Б, Ц.Б, Х.Н  нарын 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 210020532 тоот актаар нэхэмжлэгчийг Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль (“ААНОАТТХ”)-ийн холбогдох заалтуудыг зөрчсөн гэж үзэж нийт 904,792,228.38 төгрөг төлүүлэхээр шийдвэрлэсэн хэсгийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэгч “Т м” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 114 дүгээр магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 771 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “Т м” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ц, Р.М нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.

Хяналтын журмаар гаргасан гомдол

3. Захиргааны хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхээс “Т м” ХХК-ийн нэхэмжлэлтэй, захиргааны хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1-д заасны дагуу гомдол гаргаж байна.

4. Хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн талаар: Шүүхээс маргааныг хянан шийдвэрлэхэд зайлшгүй хэрэглэгдэх эрх зүйн хэм хэмжээг бүрэн сонгож, хэрэглээгүй. Татвар төлөгч нь аж ахуйн нэгжийн хөрөнгө оруулагч, хөрөнгө оруулалт гэж юуг хэлэх талаар хэрхэн тодорхойлох асуудлыг татварын хууль, тогтоомжоор зохицуулаагүй. Шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ хуульд заасан хөрөнгө оруулагчийг тодорхойлсон нарийвчилсан зохицуулалтыг огт авч үзээгүй. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь заалтыг зөв хэрэглэсэн эсэхийг шүүхээс тогтоохын тулд Хөрөнгө оруулалтын тухай хууль болон Компанийн тухай хууль, Улсын Дээд шүүхийн 2007 оны 14 дүгээр тогтоолыг системчлэн авч үзэж хэрэглэх ёстой байтал уг маргаан бүхий зээлийн харилцаанд хэрэглээгүй байна.

5. Хэрэв дээрх хууль тогтоомжууд болон Улсын Дээд шүүхийн тогтоол нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь заалтыг зөв тайлбарлан хэрэглэхэд хамааралгүй бол яагаад хамааралгүй талаарх дүгнэлт, тайлбар түүний эрх зүйн үндэслэлийг шийдвэртээ зааж өгөх ёстой байсан. Харин давж заалдах шатны шүүх Магадлалын хянавал хэсэгтээ буюу 11 дүгээр хуудасны 4 дүгээр догол мөрт:  “Нэхэмжлэгч “Т м” ХХК нь Монгол Улсын хуулийн этгээд боловч 100 хувь гадаадын хөрөнгө оруулалттай, мөн үндэстэн дамнасан корпорацийн харьяа компаниудын нэг байх тул үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч, хөрөнгө оруулагчийн талаарх ойлголт, хамаарлыг татварын эрх зүйн харилцаанд зөвхөн Монгол Улсын Компанийн тухай хуулийг үгчилж тайлбарлан зөвхөн хувьцаа эзэмшигчийг хөрөнгө оруулагч гэж үзэх боломжгүй юм” гэсэн дүгнэлтийг хийсэн. Гэвч ямар хуулийн, ямар зүйл, хэсэг, заалтыг үндэслэн эсхүл төсөөтэй хэрэглэн хувьцаа эзэмшигч, хөрөнгө оруулагчийн талаарх ойлголтыг татварын эрх зүйн харилцаанд өөрөөр тайлбарлан хэрэглэх нь зүйтэй талаар үндэслэл бүхий дүгнэлт, тайлбарыг огт хийгээгүй.

6. Анхан болон давж заалдах шатны шүүх шийдвэр, магадлалдаа Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3  дахь заалтыг хэрэглэх урьдчилсан нөхцөлийг харгалзаж үзэлгүй, “хөрөнгө оруулагч”-ийг татварын улсын байцаагч өөрийн үзэмжээр тодорхойлсныг эрх зүйн үндэслэлгүйгээр зөвтгөж, “хөрөнгө оруулагч”-ийг дур зоргоор хэн нэгэн субьект тогтоож болох мэтээр хуулийг тайлбарласан нь эрх зүйн үндэслэлгүй. Хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан болон одоо мөрдөгдөж буй татварын хууль тогтоомжууд, бусад хууль тогтоомжоор татварын улсын байцаагчид тухайн компанийн “хөрөнгө оруулагч” этгээдийг татварын зорилгоор адилтган тодорхойлох тогтоох эрх олгогдоогүй байдаг. Тодруулбал, татварын улсын байцаагч нь компанийн хөрөнгө оруулагч хэн болохыг тодорхойлон, тогтоох эрх Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа ямар ч хуулиар олгогдоогүй.

7. Татварын улсын байцаагч нь Татварын ерөнхий хуульд заасны дагуу татварын хууль тогтоомжийн хэрэгжилтийг хянах чиг үүргийг л гагцхүү хэрэгжүүлдэг болохоос биш хуулиар тогтоосноос гадуур татварын зорилгоор гэх нэрийн дор эрх зүйн харилцааг өөрчилж, өөрийн дур зоргоор хуульд зааснаас өөр тодорхойлолт бий болгож, хуулийг тайлбарлах эрх хэмжээ байхгүй, хуулиар ч олгогдоогүй юм. Гэтэл улсын байцаагч нь хууль зөрчиж өөрийн үзэмжээр “Т м” ХХК-ийн хөрөнгө оруулагчаар Л к А Л-д/Т П Л-д компанийг тогтоон, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь заалтыг хэрэглэж татвар төлөгчийн эрх ашигт ноцтойгоор халдаж, хууль зөрчсөн үйлдэл гаргасныг шүүхээс ямар ч эрх зүйн үндэслэлгүйгээр зөвтгөж шийдвэрлэсэн.

8. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь заалтаас харвал дараах 3 урьдчилсан нөхцөлийг хангасан тохиолдолд хэрэглэхээр хуульчилжээ. Эдгээрт:

а. Албан татвар төлөгчийн “хөрөнгө оруулагч” этгээд нь хэн болохыг тодорхойлон тогтоох. Ингэхдээ түүний оруулсан өмнөх хөрөнгө оруулалтын хэмжээг тодорхой тогтоох.

б. Тус хөрөнгө оруулагч этгээд нь татвар төлөгчид зээл олгосон байх шаардлагатай бөгөөд олгосон зээлийн хэмжээг нь тогтоох.

в. Уг олгосон зээл нь хөрөнгө оруулагчийн өмнө нь олгосон хөрөнгө оруулалтын хэмжээнээс гурав дахинаас илүү гарсан байх юм. Өөрөөр хэлбэл, зээлийн дүнг өмнө нь оруулсан хөрөнгө оруулалтын дүнтэй нь харьцуулах ёстой.  “Т м” ХХК-ийн хувьцаа эзэмшигч буюу хөрөнгө оруулагч нь Л к А Лед /Т П Л-д мөн гэдэг нь тогтоогдсон тохиолдолд уг зүйл заалтыг хэрэглэх үндэслэл бүрдэнэ. Компанийн хувь нийлүүлсэн хөрөнгөд оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээ, хөрөнгө оруулагч буюу хувьцаа эзэмшигч нь тухайн компанийн баталгаажсан дүрэм, улсын бүртгэлийн байгууллага дахь хувийн хэргийн бүртгэлээр тодорхойлогддог бөгөөд энэ нь Компанийн тухай хуулийн 12, 16 дугаар зүйл, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт тусгагдсан байдаг. 

9. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн  14 дүгээр зүйлийн 14.3 дахь заалтыг хэрэглэхдээ “Т м” ХХК-ийн “хөрөнгө оруулагч’’ нь хэн болохыг тухайн хөрөнгө оруулагчийн тухайн компанид “өгсөн зээлийн хэмжээ” болон “өмнө нь оруулсан хөрөнгө оруулалт”-ыг Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж буй хууль тогтоомжид үндэслэн системчилэн тайлбарлаж тодорхойлох ёстой. Иймээс “хөрөнгө оруулагч” этгээд нь тухайн компанид зээл олгосон бөгөөд тухайн зээлийг олгохоос өмнө уг компанийн хувь нийлүүлсэн хөрөнгөд хувьцаагаар хөрөнгө оруулалт оруулсан байх нөхцөлийг тус тус хангасан тохиолдолд Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь заалтыг хэрэглэх буюу хэрэгжилтийг хянаж, албан татвар ногдох орлогоос хасч тооцох зардалд хамруулах зээлийн хүүгийн хязгаарлалтыг мөрдсөн эсэхийг шалгах боломжтой болох байсан.

10. Нэхэмжлэгчийн хувьцаа эзэмшигч, хөрөнгө оруулагч нь А Х П Л-д байдаг бол уг хувьцаа эзэмшигч нь нэхэмжлэгчид огт зээл олгож байгаагүй. Түүнчлэн нэхэмжлэгч нь өөрийн хамаарал бүхий Л к А Л-д компаниас зээл авсан байдаг боловч уг зээлдүүлэгч нь нэхэмжлэгчид өмнө оруулсан хөрөнгө оруулалт байхгүй. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэгт заасан “хөрөнгө оруулагч”-ийг тогтоохдоо тухайн татвар төлөгчийн харилцан хамааралтай этгээдийг адилтган тогтоосныг зөвтгөн дүгнэж маргааныг шийдвэрлэсэн нь эрх зүйн үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл, өмнө нь дурдсанчлан зөвхөн “хөрөнгө оруулагч”-аас албан татвар төлөгчид олгосон зээлийн дүн өмнө нь оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээнээс гурав дахинаас илүү гарсан бол ийнхүү илүү гарсан зээлд төлсөн хүүгийн төлбөрийг албан татвар ногдох орлогоос хасч тооцохгүй бөгөөд түүнийг тухайн хөрөнгө оруулагчийн ногдол ашигт тооцож албан татвар ногдуулах ёстой. Гэтэл шүүхээс “хөрөнгө оруулагч”, “харилцан хамаарал бүхий этгээд’' гэсэн тус тусдаа, өөр өөр татварын харилцаанд хэрэглэгдэх ойлголтуудыг нэгтээд хооронд нь дүйцүүлэн адилтгаж дүгнэсэн нь хуулийг ноцтой зөрчсөн үйлдэл гэж үзэж байна.

11. Түүнчлэн, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь заалтыг тайлбарласан Улсын Дээд шүүхийн 2007 оны 14 дүгээр тогтоолд ч мөн адил хөрөнгө оруулсан хөрөнгө оруулагч, хувьцаа эзэмшигчийг өөр бусад этгээдээр “адилтган” тогтоох, тодорхойлох ямар ч заалт байдаггүй. Давж заалдах шатны шүүхийн магадлалын хянавал хэсэгт дурдсан “адилтган үзэх үндэслэлтэй” гэсэн дүгнэлт нь хуульд үндэслээгүй гэдэг нь илт тодорхой байх тул  тус магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шинжийг хангахгүй байгаа юм.

12. Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хүрээнд нэхэмжлэгч нь “С” группд хамааралтай, энэ группийн нэгдлийн оролцогч болох тухайгаа хүлээн зөвшөөрдөг. Энэ талаарх бүх мэдээлэл нэхэмжлэгч болон түүний хамаарал бүхий компаниудын, цахим хуудаст тодорхой байдаг бөгөөд энэ мэдээллийг хэнээс ч нууцалдаггүй, ил тод байлгадаг. Иймд зээлдүүлэгч Л к А Л-д/Т П Л-д компани, “Т м” ХХК-ийн нэгэн адил “С” групп нэгдлийн оролцогч компаниудын нэг юм. Гэхдээ энэ нь Л к  А Л-д/Т П Л-д нь “Т м” ХХК-ийн хувьцаа эзэмшигч буюу хөрөнгө оруулагч гэж үзэх үндэслэл болохгүй. Л к А Л-д/Т  П Л-д болон “Т м” ХХК-иуд нь бие даасан, тусдаа хуулийн этгээдүүд гэдэг нь хэрэгт авагдсан “Т м” ХХК-ийн хувийн хэргээр нотлогддог. Аль ч компани нь нөгөө компанидаа оруулсан хөрөнгө оруулалт байхгүй, ногдол ашиг авах эрх эдэлдэггүй. Гэтэл нэг компанийн нэгдлийн оролцогч нар болохынхоо хувьд ямар ч эрх зүйн үндэслэлгүйгээр Л к А Л-д/Т П Л-д компани нь “Т м” ХХК-ийн хувьцаа эзэмшигч буюу хөрөнгө оруулагч гэж адилтган үзсэн татварын байцаагчийн шийдвэрийг шүүхээс дэмжиж, “үндэслэлтэй” гэж дүгнэж шийдсэн нь эрх зүйн үндэслэлгүй, мөн ямар ч нотлох баримтаар тогтоогдохгүй байна.

13. Татварын улсын байцаагч нар эрх хэмжээгээ хэтрүүлэн “Т м” ХХК-ийн хувьцаа эзэмшигч буюу хөрөнгө оруулагч нь Л к А Л-д/Т П Л-д компани гэж өөрийн үзэмж, дур зоргоор тогтоон шийдвэрлэснийг, мөн Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн  14 дүгээр зүйлийн 14.3 дахь заалтыг хэрэглэснийг анхан болон давж заалдах шатны шүүхүүдээс зөвтгөн хуулийг буруу тайлбарлаж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Түүнчлэн 2006 онд батлагдсан бөгөөд маргаанд хамаарах татварын хяналт шалгалт хийгдэх үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн  14 дүгээр зүйлийн 14.3-д заасан зээлийн хүүгийн хязгаарлалт нь зөвхөн компанийн хувьцаа эзэмшигчээс тухайн татвар төлөгчид олгосон зээлд л хамааралтайгаар хэрэглэгдэх болохыг 2019 онд батлагдаж, 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2,14.3,14.4 дэх хэсгүүд нотолж байна.

14. 2019 оны Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд /шинэчилсэн найруулга/ албан татвар ногдох орлогоос хасагдах зардалд тооцох хөрөнгө оруулагч буюу хувьцаа эзэмшигчийн олгосон зээлийн хүүгийн хязгаарлалтыг тус хуулийн 14.3 дахь заалтад хэвээр үлдээсэн, маргаанд хамааралтай “өмнө нь оруулсан хөрөнгө оруулалт” гэсэн заалтыг Улсын Дээд шүүхийн 2007 оны  Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь заалтыг тайлбарласан агуулгаар нь тус хуулийн 14.4 дэх хэсэгт оруулж хуульчилсан. Маргаж байгаа хөрөнгө оруулагч, хувьцаа эзэмшигч биш харилцан хамааралтай этгээдээс татвар төлөгч зээл авсан тохиолдолд зээлийн хүүгийн хязгаарлалт нь “тайлант хугацааны нийт борлуулалтын орлогоос хүү, элэгдэл, хорогдлоос бусад зардлыг хассан дүнгийн 30 хувь”-аас дээш гарсан дүнг нь татвар ногдох орлогоос хасахгүй байхаар хуульчилсан байна.

15. Сангийн сайдын 2007 оны 86 дугаар тогтоолоор баталсан “Жишиг үнэ хэрэглэх аргачлал”-ыг  хэм хэмжээ тогтоосон акт гэж үзэхгүй гэж дүгнэсэн нь эрх зүйн үндэслэлгүй бөгөөд захиргааны хэм хэмжээ тогтоосон актыг тодорхойлсон Захиргааны ерөнхий хуулийн 6 дугаар бүлэг буюу 59-72 дугаар заалтуудыг зохицуулсан зохицуулалтыг шүүхээс хэрэглээгүй нь хууль зөрчиж байна. Татварын байцаагч нар 2017 оны 210020532 тоот актаар 904,792,228.38 төгрөг төлүүлэхээр шийдвэрлэхдээ:

 - Зээлдүүлэгчийг Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-д заасан заалт дахь хөрөнгө оруулагчтай адилтган буюу “Т м” ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр тогтоож, олгосон зээлийн дүн өмнө нь оруулсан хөрөнгө оруулалтыг харьцуулж,

- Гурав дахинаас илүү гарсан хэсэг нь “жишиг хүүг” 2.2% гэж тооцсон байдаг. Энэхүү тооцоолол юунд үндэслэж, яаж бодогдсон болох нь 2017 оны 210020532 тоот актад огт дурдагдаагүй.

16. Сангийн сайдын 2007 оны 86 дугаар тогтоолоор батлагдсан “Жишиг үнэ хэрэглэх аргачлал” нь захиргааны хэм хэмжээний акт мөн боловч хүчин төгөлдөр үйлчлэлгүй тул татвар төлөгч дагаж мөрдөх ёсгүй бөгөөд улмаар уг хэм хэмжээний актыг дагаж мөрдөөгүйд хариуцлага хүлээлгэж болохгүйг Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.3-д тодорхой заасан. Сангийн сайдын 2007 оны 86 дугаар тогтоолоор батлагдсан “Жишиг үнэ хэрэглэх аргачлал” нь Захиргааны ерөнхий хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт заасан захиргааны хэм хэмжээний актын тодорхойлолтод бүрэн нийцдэг. Гэвч энэхүү захиргааны хэм хэмжээний акт буюу Сангийн сайдын 2007 оны 86 тушаалаар батлагдсан “Жишиг үнэ тогтоох аргачлал” нь Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлд заасан хүчин төгөлдөр болох шаардлагыг хангаагүй, эрх зүйн үйлчлэлгүй хэм хэмжээний акт юм. Иймд хариуцагчийн тооцсон жишиг хүү нь эрх зүйн үйлчлэлгүй буюу Хууль зүй, дотоод хэргийн яаманд бүртгэгдээгүй захиргааны хэм хэмжээний актад үндэслэн гарсан тул эрх зүйн үндэслэлгүй болох нь тодорхой байдаг.

17. Түүнчлэн татварын байцаагч нар нь Сангийн сайдын баталсан аргачлалгүйгээр, Татварын ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.1 болон 48.1.2 дахь  заалтуудыг үндэслэн татварын ногдлыг шууд бус аргаар тодорхойлох ямар ч боломжгүй. Шинэчлэн батлагдсан Татварын ерөнхий хуулийн 36 дугаар зүйлийн 36.3 болон 40 дүгээр зүйлийн 40.4-д заасан харилцааг өмнө нь Сангийн сайдын 2007 оны 86 дугаар тушаал болон 2015 оны 353 дугаар тушаал /энэхүү 353 дугаар тушаалаар Сангийн сайдын 2007 оны 86  дугаар тушаалыг хүчингүй болгож байсан/-аар зохицуулж байсан. Татварын ерөнхий хуулийн 36 дугаар зүйлийн 36.3 болон 40 дүгээр зүйлийн 40.4 дэх заалтыг үндэслэн татварын ногдлыг шууд бусаар тодорхойлох аргачлалыг заасан холбогдох хэм хэмжээний актуудыг Сангийн сайдаас баталсан бөгөөд аль аль нь Хууль зүй, дотоод хэргийн яамны захиргааны хэм хэмжээний актын бүртгэлд бүртгэгдсэн байна. Сангийн сайдын 2019 оны 294 болон 308 дугаар тушаалаар батлагдсан журмууд хүчин төгөлдөр үйлчилж эхлэхээс өмнө Монгол Улсын хэмжээнд татварын ногдлыг шууд бусаар тодорхойлох аргачлалыг баталсан хүчин төгөлдөр захиргааны хэм хэмжээний акт байгаагүй тул татвар төлөгчийн харилцан хамааралтай этгээдтэйгээ байгуулсан хэлцлийн үнийг татварын албанаас тодорхойлох эрх зүйн үндэслэл байгаагүй болох нь харагдаж байна.

18. ...Шүүхэд цугларсан нотлох баримтуудаас үзэхэд хариуцагч нь зээлийн хүүг жишгээр тооцохдоо үндэслэл болсон эх сурвалжаа удаа дараалан зөрүүтэйгээр тайлбарлаж байсан. Татварын байцаагч  нарын жишиг хүүг тооцсон үндэслэл нь 2007 оны 210020532 тоот актын үндэслэх хэсэгт зааснаар “Олон улсын санхүүгийн зах зээлийн дундаж хүүгийн тооцооллоор” гэж тайлбарласан байдаг. Харин Татварын маргаан таслах зөвлөлийн хурал болон анхан шатны шүүхэд өгсөн тайлбараар бол Татварын ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.1, 48.1.2 дахь заалт болон Сангийн сайдын 2007 оны 86 дугаар тушаалаар батлагдсан “Жишиг үнэ хэрэглэх аргачлал”-ын дагуу тооцсон гэж өөрчлөгдсөн байдаг. Хариуцагчийн гаргасан эдгээр үйлдлээс мөн харьцуулагдах зээлийн гэрээнүүдийн зээлийн хүүгийн дундаж нь байцаагч нарын тогтоосон жишиг хүүгийн хэмжээтэй тохирдоггүй зэргээс харахад тэдний хийсэн жишиг үнийн тооцоолол нь анхнаасаа зөв хийгдээгүй болох нь тодорхой харагддаг.

19. Татварын байцаагч нар нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь заалтыг буюу хуулийг буруу тайлбарлан хуулиар олгогдсон эрх хэмжээгээ хэтрүүлэн хууль зөрчиж, Л к А л-д /Т П л-д компанийг “Т м” ХХК-ийн хөрөнгө оруулагч, хувьцаа эзэмшигч хэмээн өөрийн үзэмжээр тогтоож 521.886.468.68 төгрөгийн нөхөн татвар, 156.565.939.40 төгрөгийн торгууль, 226.339.824.29 төгрөгийн алданги, нийт 904.794.228.38 төгрөгийн төлбөрийг төлүүлэхээр шийдвэрлэснээр татвар төлөгчийн хууль ёсны эрх ашигт халдаж, бидний эрхийг ноцтойгоор зөрчсөн. Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Татварын улсын байцаагч нарын хууль бус үйлдлийг зөвтгөж, шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтуудыг дутуу үнэлж, хэрэглэх ёстой хуулийг хэрэглэлгүй, мөн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэснээр холбогдох анхан шатны шүүхийн шийдвэр болон давж заалдах шатны шүүхийн магадлал нь хууль ёсны, үндэслэл бүхий байх шинжийг огт хангаагүй байна.

20. Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 128/ШШ2019/0771 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 114 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж Монгол Улсын Үндсэн хуулийн 18 дугаар зүйлийн 14-д заасны дагуу бидний хөндөгдсөн эрх ашгийг хамгаалж өгөхийг хүсье гэжээ.

ХЯНАВАЛ:

21. Шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.

22. Маргаан бүхий акт болох Татварын ерөнхий газрын татварын улсын байцаагч нарын 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 210020532 тоот акт хууль ёсны талаарх анхан болон давж давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

23. Тодруулбал, нэхэмжлэгч “Т м” ХХК нь 2009 онд харилцан хамаарал бүхий Хонконгд бүртгэлтэй “Л к (А) л-д” /L C (A) L-d/ компаниас 3,302,131 ам.долларын зээлийг 6, 5-9 хувийн хүүтэй авсан боловч нягтлан бодох бүртгэлд тусгахдаа зээл, зээлийн хүүгийн талаар бүртгээгүй, холбогдох журналд бичилт хийгээгүй, харин “толгой компанид өгөх өглөг” дансанд уг зээлийг “санхүүжилт” гэж бүртгэжээ.

24. Нэхэмжлэгчийн анхны үүсгэн байгуулагч “Л А Л-д” /L A L-d/ компани нь 2015 онд “Т П Ти У л-д /Th P L-d/ компанид өөрийн хувьцаагаа шилжүүлсэнтэй холбоотойгоор нэхэмжлэгчийн хувьцааг тус компанийн 100 хувийн охин компани болох “А х П Т Л” /A H P L/ эзэмших болсон ба түүний толгой компани болох “Т П Т У л-д” компани /Th P L-d/ болон түүнд хувьцаагаа шилжүүлсэн нэхэмжлэгчийн анхны үүсгэн байгуулагч “Л А Л-д” компани /L A L-d/, мөн дээр дурдсан нэхэмжлэгчид зээл олгосон “Л к А л-д” /L C (A) L-d/ компаниуд нь бүгд “Л х” /L H/ буюу одоогийн “С” группийн /C G/ охин компаниуд байна.

25. Иймд, хариуцагч нар маргаан бүхий актаар зээлдүүлэгч “Л к (А) л-д” /L C (A) L-d/ компаниас олгосон зээл буюу санхүүжилтийг Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн /2006 оны/ 14 дүгээр зүйлийн 14.3-т заасны дагуу хөрөнгө оруулагчаас олгосон зээл гэж үзэж, албан татвар оногдуулсныг хууль ёсны гэж үзсэн шүүхүүдийн дүгнэлт зөв юм.

26. Үүнийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас “...Шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ хуульд заасан хөрөнгө оруулагчийг тодорхойлсон нарийвчилсан зохицуулалтыг огт авч үзээгүй, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь заалтыг хэрэглэхдээ Хөрөнгө оруулалтын тухай хууль болон Компанийн тухай хууль, Улсын Дээд шүүхийн 2007 оны 14 дүгээр тогтоолыг системчлэн авч үзэж хэрэглэх ёстой байтал хэрэглээгүй, …татварын улсын байцаагч нь хуулийг л хэрэгжүүлэхээс биш татварын зорилгоор гэх нэрийн дор эрх зүйн харилцааг өөрчилж, өөрийн дур зоргоор хуульд зааснаас өөр тодорхойлолт бий болгож, хуулийг тайлбарлах эрх хэмжээ байхгүй, гэтэл шүүхээс үүнийг ямар ч эрх зүйн үндэслэлгүйгээр зөвтгөсөн, ... нэхэмжлэгчийн хувьцаа эзэмшигч, хөрөнгө оруулагч нь А Х П Л бөгөөд нэхэмжлэгчид огт зээл олгож байгаагүй, нэхэмжлэгч нь өөрийн хамаарал бүхий Л к А Л-д компаниас зээл авсан байдаг боловч уг зээлдүүлэгч нь нэхэмжлэгчид хөрөнгө оруулаагүй, хувьцаа эзэмшдэггүй,... гэтэл шүүхүүд татварын байцаагчийн шийдвэрийг “үндэслэлтэй” гэж дүгнэж шийдсэн нь эрх зүйн үндэслэлгүй...” гэх зэргээр маргажээ /Тодорхойлох хэсгийн 3-13/.

27. Энэхүү маргааны гол үндэслэл нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн /2006 оны/ 14 дүгээр зүйлийн 14.3-д заасан “хөрөнгө оруулагч” гэдгийг хэрхэн ойлгох вэ гэсэн хуулийн “тодорхой бус ойлголт”-той холбоотой байна. Хуульд тодорхой бус ойлголтыг зохицуулсан тохиолдолд түүнийг захиргаа өөрийн “үнэлэмж”-ээр хийсвэр байдлаар тайлбарлах буюу зүйлчлэх, сонгох эрхийг хэрэгжүүлдэг боловч энэхүү эрхээ хэрэгжүүлэхдээ хуулийн тодорхой бус ойлголтыг зөв тодорхойлж, хэргийн нөхцөл байдлыг зөв үнэлж зүйлчилсэн байх учиртай.

28. Энэ тохиолдолд Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд заасан “хөрөнгө оруулагч” гэсэн ойлголтыг тухайн хуулийн дотоод системчлэлээр, цаашилбал татварын хууль тогтоомжийн /тухайлбал Татварын ерөнхий хуулийн/ системчлэлээр тайлбарлахаас бус огт өөр харилцааг зохицуулж буй, өөр зорилго бүхий Компанийн тухай, эсхүл Хөрөнгө оруулалтын тухай хуулийн системчлэлээр тайлбарлахгүй. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын маргаж байгаачлан татварын хууль тогтоомжид “хөрөнгө оруулагч”, “хөрөнгө оруулалт” гэх ойлголтыг зохицуулаагүй байх тул Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн /2006 оны/ 14 дүгээр зүйлийн 14.3-д заасан “хөрөнгө оруулагч” гэсэн хуулийн тодорхой бус ойлголтыг системчлэн тайлбарлах боломжгүй байна.

29. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн зорилгыг авч үзвэл: Монгол Улсын хуулийн дагуу байгуулагдсан аж ахуйн нэгж, ...-ийн орлогод албан татвар ногдуулах, уг албан татварыг төсөвт төлөх, тайлагнахтай холбогдсон харилцааг зохицуулахад орших бөгөөд уг хуулийн 14 дүгээр зүйлээр аж ахуйн нэгжийн албан татвар ногдох орлогоос хасч тооцох зардлыг зохицуулсан; ингэхдээ 14.3 дахь хэсгээр “Хөрөнгө оруулагчаас албан татвар төлөгчид олгосон зээлийн дүн нь өмнө нь оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээнээс гурав дахинаас илүү гарсан бол ийнхүү илүү гарсан зээлд төлсөн хүүгийн төлбөрийг албан татвар ногдох орлогоос хасч тооцохгүй бөгөөд түүнийг тухайн хөрөнгө оруулагчийн ногдол ашигт тооцож албан татвар ногдуулна” гэж аж ахуйн нэгжийн албан татвар ногдох орлогоос хасагдахгүй зардлыг тусгайлан заажээ.

30. Уг зүйлд заасан “хөрөнгө оруулагч” гэх ойлголтыг татвар төлөгчийн “хувьцаа эзэмшигч”-ээр хязгаарлах бус харин бодит байдал дээр ашиг хүртэгч нь хэн болохыг тодорхойлох замаар татвар төлөх орлогыг ногдуулах /энэ утгаараа татварыг бүрэн авах/ нь хуулийн зорилгод нийцнэ гэж үзэхээр байна.

31. Энэхүү хэргийн тухайд дээр дурдсанчлан, нэхэмжлэгч нь “Л к А л-д” /L C (A) L-d/ компаниас авсан зээлээ нягтлан бодох бүртгэлдээ зээл, зээлийн хүү гэж бүртгээгүй, харин “толгой компанид өгөх өглөг” дансанд “санхүүжилт” гэж бүртгэсэн, энэхүү зээлдүүлэгч компани болон нэхэмжлэгчийн хувьцаа эзэмшигч “А х П Т ЛТД” /A H P Ltd/ нь “С” групп /C G L-D/-д харьяалагддаг, энэ утгаараа эдгээр компанийн үйл ажиллагаанаас ашиг хүртэгч нь “С” групп байх тул түүний нэг охин компаниас нөгөөд олгосон зээлийг “хөрөнгө оруулагчийн зээл”-тэй адилтган үзсэнийг буруутгах боломжгүй тул “хууль буруу хэрэглэсэн” талаарх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй.

32.  “...Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-д заасан зээлийн хүүгийн хязгаарлалт нь зөвхөн компанийн хувьцаа эзэмшигчээс тухайн татвар төлөгчид олгосон зээлд л хамааралтайгаар хэрэглэгдэх болохыг 2019 оны Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2,14.3,14.4 дэх хэсгүүд нотолж байна...” гэх утгатай энэ тогтоолын Тодорхойлох хэсгийн 13-14-т заасан хяналтын гомдлын тухайд маргаан бүхий харилцаанд уг хууль хэрэглэгдэхгүй тул шүүх энэ талаар дүгнэлт өгөх шаардлагагүйгээс гадна нэхэмжлэгч нь хамааралт этгээдээс авсан зээл, зээлийн хүүгээ зохих хууль, журам, олон улсын стандартын дагуу бүртгэх үүргээ биелүүлээгүй гэдгийг дурдах нь зүйтэй.

33. Нэгэнт нэхэмжлэгчээс татварын хяналт шалгалтын үед зээлийн гэрээгээ гаргаж өгөөгүй, нөгөөтэйгүүр зээлдүүлэгч нь нэхэмжлэгчтэй хамааралт бүхий этгээд болох нь тогтоогдсон тул хариуцагчаас Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-ийн дагуу “...илүү гарсан зээлд төлсөн хүүгийн төлбөрийг...” тооцохдоо мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-ийг үндэслэн “жишиг үнэ”-ээр тогтоосныг буруутгах боломжгүй. Ийнхүү тогтоосон нь бодит байдал дээр нэхэмжлэгчийн байгуулсан зээлийн гэрээний хүүгээс доогуур байгаа нь түүний эрх зүйн байдлыг дордуулаагүй байгааг тэмдэглэх нь зүйтэй.  

34. “Сангийн сайдын 2007 оны 86 дугаар тогтоолоор баталсан “Жишиг үнэ хэрэглэх аргачлал” нь захиргааны хэм хэмжээний акт байхад шүүх Захиргааны ерөнхий хуулийн 59-72 дугаар зүйлийг хэрэглээгүй, ... хүчин төгөлдөр болоогүй, эрх зүйн үйлчлэлгүй актыг үндэслэн татвар ногдуулсан нь хууль бус...” гэсэн агуулгатай энэ тогтоолын Тодорхойлох хэсгийн 16-18-д заасан хяналтын гомдлыг хангах боломжгүй, учир нь, нэгдүгээрт Захиргааны ерөнхий хууль үйлчилж эхлэхээс өмнө хүчингүй болсон аргачлалыг сүүлд батлагдсан хуулийг зөрчсөн гэж маргаж байгаа нь үндэслэлгүй, хоёрдугаарт “Жишиг үнэ хэрэглэх аргачлал” нь үндсэн шинжээрээ захиргааны хэм хэмжээний актад хамаарахгүй талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

35. Тодруулбал, энэхүү аргачлалаар харилцан хамаарал бүхий  аж ахуйн нэгжийн орлогын албан татвар төлөгч хоорондоо зах зээлийн үнээс ялгаатай үнээр ажил гүйлгээ хийсэн тохиолдолд хуулиар тогтоосон “жишиг үнэ”-ийг татварын байцаагч нар хэрхэн тооцох аргачлалыг зааснаас бус шинээр татвар тогтоогоогүй, өөрөөр хэлбэл, татвар төлөгч нарт шинээр эрх, үүргийг үүсгээгүй тул захиргааны хэм хэмжээний актын “гадагш чиглэсэн эрх зүйн үр дагавар байх” гэсэн шинжийг агуулаагүй болно. Ийм ч учир аливаа татварын аргачлалыг батлахад Захиргааны ерөнхий хуульд заасан захиргааны хэм хэмжээний актын төслийг цахим хуудас болон мэдээллийн самбарт байршуулах, олон нийтээс санал авах, хэлэлцүүлэг зохион байгуулах зэрэг /62 дугаар зүйлд заасан/ шийдвэр гаргах ажиллагааны журмыг хэрэгжүүлдэггүй, хэрэгжүүлэх ч боломжгүй юм.

36. Хэдий тийм боловч өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж буй Сангийн сайдын 2019 оны 294, 308 дугаар тушаалаар батлагдсан татварын ногдлыг жишиг үнээр тооцох журам нь Хууль зүй, дотоод хэргийн яамны захиргааны хэм хэмжээний актын бүртгэлд бүртгэгдсэн байгааг буруутгаж, бүртгэлийг хүчингүй болгох, эсхүл эдгээр акт бүртгэлтэй байгаа тул өмнөх нь ч бас бүртгүүлэх ёстой байсан, бүртгүүлээгүй байсан тул хүчин төгөлдөр бус байсан гэх үндэслэл болохгүй.

37. Иймд, шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын “шүүх татварын улсын байцаагч нарын хууль бус үйлдлийг зөвтгөж, шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтуудыг дутуу үнэлж, хэрэглэх ёстой хуулийг хэрэглэлгүй, мөн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэснээр шүүхийн шийдвэр хууль ёсны, үндэслэл бүхий болоогүй тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү” /Тодорхойлох хэсгийн 19-20/ гэсэн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангалгүй орхиж, шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээхээр тогтов.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 128/ШШ2019/0771 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 114 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын  хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       М.БАТСУУРЬ

                      ШҮҮГЧ                                                             Г.БАНЗРАГЧ