Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 2025/ДШМ/32

 

 

Ч.О, Б.Ц нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

     Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Мөнхжаргал даргалж, ерөнхий шүүгч Л.Алтан, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Отгонхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд явуулсан шүүх хуралдаанд:

    прокурор А.Анхбаяр, шүүгдэгч Ч.О, түүний өмгөөлөгч Д.Дамдинсүрэн, Т.Уянга, шүүгдэгч Б.Ц, түүний өмгөөлөгч Л.Жавзмаа, Ө.Нарантуяа, хохирогчийн өмгөөлөгч Б.Батгэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Мөнх-Эрдэнэ нарыг оролцуулан,

      Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалж явуулсан шүүх хуралдааны 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 2025/ШЦТ/36 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ч.О, түүний өмгөөлөгч Д.Дамдинсүрэн, шүүгдэгч Б.Ц, түүний өмгөөлөгч Л.Жавзмаа, Ө.Нарантуяа нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, Ч.О, Б.Ц нарт холбогдох, 2435000000250 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 3 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Л.Алтангийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

        Монгол Улсын иргэн, С ургийн овогт Ч-ийн О.

        Монгол Улсын иргэн, Ш ургийн овогт Б-ийн Ц.

1. Холбогдсон хэргийн талаар:

      Шүүгдэгч Ч.О нь Б.Ц-тэй үйлдлээрээ санаатай нэгдэж бүлэглэн Увс аймгийн х сумын х багийн нутагт байрлах гэртээ 2024 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр ундаанд хулганы шингэн хор хийж, нөхөр Г.Б-д уулгасан,  мөн 2024 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр архинд хүнсний зориулалттай уксус хийж нөхөр Г.Б-д уулгасан, 2024 оны 9 дүгээр сарын 11-ний өдрөөс 9 дүгээр сарын 24-ний өдрийн хооронд нөхөр Г.Б-ыг Увс аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлэхэд нь сахиураар хамт байхдаа тарианы шингэнд нь хүнсний зориулалттай уксус хийж түүнийг алахыг завдсан гэх гэмт хэрэгт,

     - шүүгдэгч Б.Ц нь Ч.О-тай үйлдлээрээ санаатай нэгдэж бүлэглэн түүний нөхөр Г.Б-ыг хордуулж алах зорилгоор Увс аймгийн Улаангом сумаас 2024 оны 8 сарын 9-ний өдрөөс 10-ны өдрийн үед хулганы шингэн хор, хүнсний зориулалттай уксус авчирж Ч.О-д өгсөн, Г.Б-ыг 2024 оны 9 сарын 11-ний өдрөөс 24-ний өдрийн хооронд Увс аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байхад нь хийж буй шингэн тарианд нь уксус хийхийг зөвлөж, Г.Б-ыг алахыг завдсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

      2. Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяраас шүүгдэгч Ч.О, Б.Ц нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, эрүүгийн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

       3. Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 2025/ШЦТ/36 дугаар шийтгэх тогтоолоор:

       - Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч С ургийн овогт Ч-ийн О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-т заасан хүнийг алах гэмт хэргийг бүлэглэж үйлдэхийг завдсан гэм буруутайд,

         - Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ш ургийн овогт Б-ийн Ц-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-т заасан хүнийг алах гэмт хэргийг бүлэглэж үйлдэхийг завдсан гэм буруутайд тус тус тооцож,

      - Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ч.О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-т зааснаар 13 /арван гурав/ жил хорих ялаар,

     - Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 3.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Ц-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-т зааснаар 12 /арван хоёр/ жил хорих ялаар тус тус шийтгэж,

     - Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ч.О-д оногдуулсан 13 /арван гурав/ жил хорих ялыг хаалттай эмэгтэйчүүдийн хорих байгууллагад, шүүгдэгч Б.Ц-т оногдуулсан 12 /арван гурав/ жил хорих ялыг хаалттай эрэгтэйчүүдийн хорих байгууллагад тус тус эдлүүлж,

       - Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Ц-ийн энэ хэрэгт цагдан хоригдсон 134 /нэг зуун гучин дөрөв/ хоногийг, шүүгдэгч Ч.О-ийн энэ хэрэгт цагдан хоригдсон 75 /далан тав/ хоногийг тус тус эдлэх ялд нь оруулан тооцож,

       - шүүгдэгч Ч.О, Б.Ц нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжлүүлж,

       - шүүгдэгч нараар нөхөн төлүүлэх хохирол, хор уршиггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж,

      - шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн цагаан өнгийн LG загварын гар утас 1 ширхэг, M12 загварын гар утас 1 ширхэг зэргийг эзэмшигч нарт нь буцаан олгохыг шүүгчийн туслахад, Fanta гэх бичиглэлтэй, 500 мл-ийн савлагаатай ундаа гэх зүйл, “Уксусная уксус” гэх бичиглэлтэй, 170 мл-ийн савлаатай, шилтэй шингэн зэргийг устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст тус тус даалгаж шийдвэрлэжээ.

      4. Шүүгдэгч Ч.О, түүний өмгөөлөгч Д.Дамдинсүрэн нар давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...анхан шатны шүүх  хэргийн үйл баримтад үнэн зөв дүгнэлт хийж чадаагүй байх тул шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаж чадахгүй байна.

    Шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож буй нотлох баримтууд болох “П” гэх цахим хаягт байгаа мессенжерүүд, гэрч Б.У, Д.Б, Ч.Т, Г.Э, Г.У, Г.С, Н.Б нарын мэдүүлэг нь Б.Ц-ийн ашиглаж байгаад Б.У-д өгсөн гар утсанд Б.Ц-ийн ашиглаж байсан “П” гэх нэртэй цахим шуудан байсан, уг шуудангаар Б.Ц нь Ч.О-тай харилцаж байсан болохыг мөн уг цахим шуудангаар харилцахдаа харилцан хайр сэтгэлийн харилцаатай байсан болох, Г.Б-ын амь насанд халдах талаар харилцан бичилцэж байсан болохыг,

       Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хэргийн газраас хураан авсан зүйлс болох fanta гэх бичиглэл бүхий шингэн зүйл, 170 мл хэмжээтэй шилтэй шингэн уксус зэрэг нь холбогдогч нарын цахим шуудангаар харилцаж байсан Г.Б-д өгөх зорилгоор авч ирж хадгалж байсан хор гэх зүйл гэрт нь байсан болохыг,

       хохирогч Г.Б-ын мэдүүлгүүд, түүний өвчтөний түүх зэрэг баримтууд нь Б.Ц, Ч.О нэр бэлгийн харилцаатай, мөн 2024 оны 9 дүгээр сарын 09-нд шалтгаан тодорхойгүй байдлаар хамраас нь цус гарч улмаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн болохыг тус тус нотолж байна.  

        Харин хэргийн газраас хураан авсан зүйлс болох fanta гэх бичиглэл бүхий шингэн зүйл, 170 мл хэмжээтэй  шилтэй шингэн уксус гэх бичиглэлтэй шингэн зүйлс нь химийн найрлагын хувьд хүний биед хортой бодис агуулсан эсэх, энэ шингэнийг хэрэглэсэн тохиолдолд хүнд ямар шинж тэмдэг үзүүлэх, хэдий хугацаанд эрүүл мэнд, амь насанд нь ямар хохирол учруулах боломжтой болох, уг шингэнүүд нь анх хураан авахад ямар хэмжээтэй байсан, савандаа хэдэн мл байдаг үүнээс хэдэн мл- ийг хэрэглэсэн байдалтай байсан зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтоож чадаагүй байна.

       Химийн шинжилгээний 6200 дугаартай дүгнэлтээр хлор, бром илэрсэн байх бөгөөд эдгээр бодис нь хүний биед орсон тохиолдолд хэдий хугацааны дараа ямар шинж тэмдэг үзүүлдэг, ямар үйлчилгээтэй талаар тухайн чиглэлээр мэргэшсэн мэргэжилтнийг байцааж тодруулаагүй байна. Гэрч Н.Т-г байцаасан байх боловч хавтаст хэрэгт Н.Т нь эмч мэргэжилтэй, хордлогын төвд ажилладаг талаар баримт авагдаагүй, Г.Б-ын хордлогын үндэсний төвд эмчлүүлсэн талаар баримт байхгүй байна.

     Хохирогч Г.Б сум, аймаг, хотын эмнэлэгт шат дараалан үзүүлж, эмчлүүлсэн боловч цус алдалтын шалтгааныг тогтоож чадаагүй бөгөөд анхнаасаа хордлогын шинж байгаагүй болох нь өвчтөний түүхээс тодорхой харагдаж байдаг.

       Өөрөөр хэлбэл Ч.О-ийн өгсөн гээд байгаа хулганы хор гэх зүйл нь Г.Б-ын өвчлөлтэй цаг хугацааны хувьд таарч байгаа боловч өвчтөний шалтгаан байсан гэдгийг тогтоож чадаагүй болно.

       Шүүх Г.Б-ын хамраас цус гоожин эмчлэгдэх болсон нь Ч.О өгсөн, тарьсан гэх хими, биологийн бодисоос болсон гэх шалтгаант холбоо тогтоогдоогүй байхад химийн бодис байсан байна, өгөхөөр харилцан зөвшилцсөн байна. Тийм болохоор Г.Б-ын бие өвдсөн нь энэ хоёроос болсон гэж таамаг байдлаар шийдсэн нь үндэслэлгүй болсон гэж үзэж давж заалдах гомдол гаргаж байна” гэжээ.

     5. Шүүгдэгч Б.Ц-ийн өмгөөлөгч  Л.Жавзмаа, Ө.Нарантуяа нар давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...Хэрэгт гэрч /хх-150-р тал/ Н.Т: “Вromadieоnе гэх нэршилтэй буюу хулганы хор уусан хүн цус алдалт явагдаж, богино хугацаанд амь насанд аюул учруулж цус алдсаны улмаас амь нас эрсдэж хохирч болно. Хулганы хор уусан хүний цусны бүлэглэл алдагддаг ба Г.Б-ын хувьд хамраас цус алдаж бие нь хүндэрч, эмнэлгийн анхан шатны тусламжийг хурдан хугацаанд  аваагүй байсан бол нас барах байсан” гэж мэдүүлсэн боловч тухайн мэдүүлгийнхээ эх сурвалжийг тодорхой зааж хэлээгүй, гэрчийн мэдүүлсэн хулганы хор гэх 2 төрлийн хуванцар савтай шингэн зүйлийн гадна хаяг, бичвэр ямар хэл дээр бичигдсэн юу болох нь ойлгомжгүй, тодорхойгүй байна.

        Шинжээчийн 6200 тоот дүгнэлтэд тусгагдсан, уг бодисыг хэрэглэсэн тохиолдолд хүний эрүүл мэндэд ямар нэгэн сөрөг нөлөө үзүүлэх /амь насанд аюултай эсэх/ үү гэх асуултад шинжээч “найрлагыг бүрэн тогтоогоогүй тул хариулах боломжгүй байна” гэж хариулсан. Шинжээчийн 484 тоот дүгнэлтээр, Г.Б-ын биед гэмтэл тогтоогдоогүй байна. Мөн Г.Б-ын амбулаторийн карт, лабораторийн шинжилгээний хариунууд, эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн талаарх бичиг баримтуудад түүний цусанд ямар нэгэн химийн хорт бодисын найрлага байгаа эсэхийг тогтоосон зүйл байхгүй байна гэх дүгнэлтүүд хэрэгт авагдсан байдаг.

        Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг харьцуулан судалж шинжилж үзээгүй, шинжээчийн дээрх дүгнэлтүүдээр гэрчийн мэдүүлэг үгүйсгэгдэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3-д зааснаар гэрчийн мэдүүлэг нотлох баримт болохгүй байхад шийтгэх тогтоолын үндэслэл болгосон нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.

       Анхан шатны шүүх “...Харин эрүүгийн хуулиар хамгаалагдсан объект, халдлагын зүйлд хоёр болон түүнээс дээш хүн биечлэн буюу шууд оролцож гэмт хэрэг үйлдсэнийг бүлэглэн гүйцэтгэх гэнэ” гэж дүгнэсэн атлаа шүүх өөрийн санаачлагаар “Б.Ц-ийг Ч.О-д хулганы хор, уксус зэргийг авч ирж өгч санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар уг гэмт хэргийн хамжигчаар тогтоон, хүнийг алахаар завдсан гэмт хэргийг бүлэглэж хамтран оролцсон гэж дээрх дүгнэлтээ үгүйсгэж,  хариуцлага оногдуулжээ.

       Шүүх хэрэгт авагдсан шинжээчийн 2024 оны 11 сарын 29-ний өдрийн 6200 тоот дүгнэлт, шинжээчийн 2024 оны 11 сарын 06-ны өдрийн 484 тоот дүгнэлтүүд хэрэгт хамааралтай хууль ёсны гэж үзсэн улсын яллагчийн дүгнэлт өмгөөлөгчийн үндэслэл болгосон дээрх бичгийн баримтыг хэрхэн няцаан үгүйсгэсэн үндэслэлийг тусгаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2.3 дахь заалтад нийцээгүй байна.

      Шүүгдэгч Б.Ц нь захисны дагуу хулганы хор, уксус авч ирж Ч.Од өгсөн үйлдэлдээ маргадаггүй, Ч.О-ийн хохирогч Г.Б-ын ундаа, архинд хулганы шингэн хор, уксус хийж уулгасан, тарианд уксус хийсэн үйлдэлд ямар ч оролцоогүй бөгөөд шүүх Б.Ц-ийн дээрх үйлдэл, хохирогчийн биед тогтоогдсон цус бүлэгнэлтийн эмгэг буюу хор уршгийн шалтгаант холбоог тогтоож, хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийхгүйгээр хэргийг шийдвэрлэсэн. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд хийсэн дүгнэлт нь  хэргийн бодит үнэнд нийцээгүй байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Б.Ц-т холбогдох эрүүгийн 2435000000250 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

      6. Шүүгдэгч Ч.О-ийн өмгөөлөгч Д.Дамдинсүрэн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: “...2024 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр хулганы хор өгсөн гэж яриад байгаа боловч энэ нь хулганы хор биш. Учир нь хавтаст хэрэгт байгаа бүх нотлох баримтаас үзэхэд хулганы хор гэж тогтоосон нэг ч баримт байхгүй, шүүх эмнэлгийн эмчийн шинжилгээгээр тогтоож чадаагүй. Далан процентын уксусыг уухаар хүн улаан хоолой зайлахгүйгээр бөгсөөрөө түлэгддэг. Үүнийг шүүх химийн шинжилгээгээр уксус гэдгийг бас тогтоогоогүй, далан процентын уксус юм уу эсхүл алимны цуу юм уу, үүнийг хэрэглэснээр хүний биед ямар хор уршиг учрах вэ гэдгийг огт тогтоож чадаагүй.

      Гэтэл шүүх дүгнэхдээ хохирогч Г.Б ундаанд хольсон шингэн хулганы хор, архинд хольсон уксус зэргийг уусны улмаас бүлэгнэлтийн хүчин зүйлс дутагдаж цус бүлэгнэлтийн эмгэг шинж буюу хамраас цус алдалт, цус багадалт, даралт ихсэх оношоор эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан гэж үзсэн нь үндэслэлгүй.  Г.Б-ын цус бүлэгнэлтийн хам шинж олдмол дутагдлыг яг юунаас болсон бэ гэдгийг эмнэлэг тогтоож чадаагүй, шалтгаан тодорхой бус, элэгний 9, 10 дугаар фактороос гаралтай цус бүлэгнэлтийн өвчтэй байсан. Энэ талаар Г.Б-ын эхнэр Ч.О тухайн үед олон удаа хэлсэн. 2 жилийн өмнө эмнэг мориноос унаж гэмтсэний улмаас хамраас цус гоождог болсон гэж Г.Б өөрөө хэлсэн байдаг бөгөөд энэ талаар мөрдөн шалгах ажиллагаа явуулаагүй байна.

       1 дүгээр хавтаст хэргийн 150-151 дүгээр талд авагдсан Н.Т-ийн мэдүүлэгт биеийн байцаалтад хордлогын үндэсний төвд ажилладаг, их эмч гэж бичсэн байгаа.  Анхан шатны шүүх дээр Н.Т-г гэрчээр биш, мэргэжилтнээр байцаах ёстой  байсан.  Хавтаст хэргийн 8-16 дугаар талд авагдсан хэргийн газрын үзлэгээр fanta гэсэн бичигтэй ундаа, уксус зэргийг хурааж авсан нь хууль бус байхад нотлох баримтаар үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 23.1 дүгээр зүйл, 23.3 дугаар зүйлүүдийг зөрчсөн.

       Хэрэгт нотлогдвол зохих зүйлүүд нотлогдоогүй, зөвхөн хоёр хүмүүсийн хоорондын чатаар тогтоож байгаа байдал харагдаж байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоод байгаа зүйлүүдийг нотлон тогтоосон зүйл байхгүй учраас хэргийг прокурорт нэмэлт ажиллагааг хийлгэх нь зүйтэй гэж үзэж байна. Хэргийг прокурорт буцаахдаа миний үйлчлүүлэгчийн таслан сэргийлэх арга хэмжээг нь өөрчилж өгнө үү” гэв.

        7. Шүүгдэгч Ч.О-ийн өмгөөлөгч Т.Уянга давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: “Эд мөрийн баримтаар тооцогдсон уксус болон панта нэртэй ундааг хураан авч, эд мөрийн баримтаар тооцохдоо хэргийн газрын үзлэг хийж авсан байдаг.

       Хэргийн газрын үзлэгийг анхан шатны шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж цуглуулсан байна гэж үзээд шүүхийн шийдвэрийн үндэслэл болох нотлох баримтаар үнэлж, шийтгэх тогтоолдоо дурдсан. Энэ нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулсан нотлох баримт мөн эсэх нь эргэлзээтэй. Өөрөөр хэлбэл тухайн гэрт үзлэгийг хийхдээ гэр бүлийн гишүүдийг байлцуулах ёстой, гэтэл үзлэг хийж байх хугацаанд гэрийн эзэд Улаанбаатар хотод эмнэлэгт хэвтэж эмчлүүлж байсан, гэр эзэнгүй байсан. Э.Г гэдэг хүнд гэрийн түлхүүр байснаар энэ хүн тухайн гэрийн хууль ёсны эзэмшигч гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй. Мөн хэргийн гэрчийг хөндлөнгийн гэрчээр оролцуулж байгаа нь процесс хуулиа зөрчиж байгаа хэлбэр байна. Мөн хэргийн газрын үзлэгийг дуу дүрсний бичлэгээр бэхжүүлээгүй учраас хэргийн газрын үзлэг хийж, эд зүйлийг хурааж авч байгаа үйлдэл нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үзлэг хийх журмыг зөрчсөн байна.

      Хулганы хор гэдэг зүйл нь маш олон төрөл байдаг. Яг ямар төрлийн хорыг нь хохирогчид уулгасан, энэ төрлийн хорыг ууснаараа тухайн хүний биед ямар гаж нөлөө үүсэх, ямар сөрөг нөлөө үүсдэг, ямар шинж тэмдэг илэрдэг талаар баримт байхгүй.

        Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэлэхдээ нотлох баримтуудын эх сурвалжийг тогтоох ёстой. Учир нь гэрч нар Б.У гэдэг хүнээс сонссон зүйлээ л мэдүүлдэг. Б.У-аас энэ хоёр хүний хоорондын чатад ийм зүйл байна гэж сонссоноор ам дамжин ярьж гэрчээр мэдүүлэг өгсөн байдаг. Гэрч нар өөрөө гэмт хэрэг үйлдэгдэж байгааг харсан шууд гэрч болж чадахгүй.

       Хавтаст хэргийн 111-112 дугаар талд 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хохирогчийн өгсөн мэдүүлэгт 2024 оны 9 дүгээр сарын 06-ны орой хүүхдүүд сумын төвөөс сургууль тараад ирэхдээ аавдаа өгнө гээд панта нэртэй улбар шар өнгөтэй ундаа авч ирсэн, тэр ундаанаас аягандаа хийж уусан, манай бага охин бас өөрийнхөө аяганд хийж уусан, манай эхнэр надад архи уулгаагүй гэдэг зүйлийг мэдүүлсэн байдаг.

      Өөрөөр хэлбэл хулганы хорыг архинд, панта нэртэй үзмийн ягаан өнгийн ундаанд хийлгээд уулгасан гэж ярьдаг. Энэ процессыг анхан шатны шүүх хуралдаанд тодруулахад усан үзмийн ягаан өнгийн ундааг уугаагүй, би улбар шар өнгөтэй панта нэртэй ундааг уусан, манай бага охин бас уусан, би өөр ундаа уугаагүй гэж хэлдэг.

       Манай эхнэр надад архи уулгаагүй гэдэг зүйлийг яриад байгаа. Гэтэл улсын яллагч архинд уксус хийгээд уулгасан гэж яриад байна. Анхан шатны шүүхээс хохирогч улбар шар өнгийн ундаа уусан гэж ярьдаг, гэтэл эд мөрийн баримтаар тооцож ирсэн ундаа нь үзмийн ягаан өнгөтэй байгаа.

      Хохирогчийн мэдүүлэг шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байгаа учраас Д.Дамдинсүрэн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг дэмжиж байна” гэв.

       8. Шүүгдэгч Ч.О давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би хулганы хор гээд байгаа зүйлийг нөхөртөө өгөөгүй, асгаад хаячихсан. Ямар ч байсан миний 4 хүүхдийн аав шүү дээ. Сүүлд авч ирсэн панта, кола гээд 2 ундааны колаг нь бүгд хувааж уугаад шар өнгийн пантаг нь хойш тавьж байгаад бас л бүгд хувааж уусан. Манай бага охин ч хувааж уусан.

      Энэ хүн л тэр бүхнийг надад авч ирж өгсөн. Би хулганы хор гэж ямар зүйл байдгийг нь мэдэхгүй, манайх наалддаг хулганы хор хэрэглэдэг болохоос өөр хулганы хор гэж мэдэхгүй, нөхөртөө өгөөгүй. Бас намайг бэр болоод ирж байхад л манай нөхрийн хамраас цус гоождог байсан. 2 жилийн өмнө эмнэг дааганд өшиглүүлээд түүнээс болоод даралт нь ихсэж үе үе хамраас нь цус гардаг болсон.

       Сумын төвийн эмнэлгийн эмч, багийн эмч гээд бүгд мэдэж байгаа. Тэгж байхад манай нөхөр өмнөх хуралд миний хамраас хэзээ ч цус гарч байгаагүй гэж хэлсэн байсан. Би хүүхдүүдтэйгээ уулзаагүй 5 сар болж байна. Надад үнэхээр хэцүү байна. Шилжилтийн насны эмэгтэй хүүхдүүдтэй.

      Мөн миний хэрэг нэг талдаа шийдэгдээгүй байхад манай хадмууд намайг янз бүрээр бичиж цахим сүлжээнд тавиад байгаа юм байна. Би хүүхдүүддээ л их санаа зовж байна” гэв.

     9. Шүүгдэгч Б.Ц-ийн өмгөөлөгч Л.Жавзмаа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: “...Шүүх прокуророос шилжиж ирсэн хэргийн хүрээнд хэргийг шийдэх ёстой гэсэн зарчим зөрчигдсөн.

         Анхан шатны шүүхээс шүүгдэгч нар хохирогч Г.Б-ыг алахаар урьдчилан үгсэн тохиролцсоны дагуу хулганы шингэн хор 2 савыг, уксус нэг шилийг худалдан авч Ч.О-д өгсөн, хулганы хор нь амь насанд аюултай, хүнийг үхэлд хүргэнэ гэдгийг гэрч Н.Т гэрчилсэн гэж үзсэн.

       Б.Ц-ийн үйлдэл нь зах дээр явж байхад Ч.О 2 зүйл аваад ир гэж захисны дагуу захын үүдэнд нутгийнхаа хүнтэй тааралдаад тэнд байдаг гэхээр нь очиж авч ирээд өгсөн. Гэмт хэрэг эхэлсэн, төгссөн цаг хугацаанд дүгнэлт хийх ёстой. Хэдийгээр Н.Т-ээс гэрчээр мэдүүлэг авч байгаа боловч хулганы хорын асуудлаар дүгнэлт хийх ёстой.

       Шүүхийн шийтгэх тогтоолын 7 дугаар заалтад панта гэх бичигтэй 500 грамм савлагаатай ундаа, уксусная гэх бичигтэй 170 грамм савлагаатай шилтэй шингэнийг устгахаар заасан боловч хулганын хор, уксус гэх зүйлүүд нь байхгүй. Гэрч Н.Т гэх хүн хулганы хор ямар хор уршигтай гэдэг талаар  мэдүүлэг өгсөн, харин хулганы хор өгсөн эсэх, мөн ямар хэлбэрээр өгсөн эсэхэд тайлбар хийгээгүй, үүнийг нотлох баримт гэж үзэхгүй.

        6200 тоот шинжээчийн дүгнэлтээр уг бодисыг хэрэглэсэн тохиолдолд хүний эрүүл мэндэд ямар нэгэн сөрөг нөлөө үзүүлэх үү гэсэн асуултад найрлагыг бүрэн тогтоогоогүй тул хариулах боломжгүй гэж хариулсан. 484 дүгээр дүгнэлтээр Г.Б-ын биед гэмтэл тогтоогдоогүй, түүний цусанд ямар нэгэн химийн хорт бодисын найрлага байгаа эсэхийг тогтоосон зүйл байхгүй.

          Б.Ц-ийн үйлдэл нь зөвхөн захисны дагуу авч ирж өгснөөр л төгссөн. Авч ирж өгсөн үйлдэл хохирогч Г.Б-ын цус бүлэгнэлтийн асуудалтай ямар холбоотой гэдгийг тогтоогоогүй. Б.Ц нь хулганы хор, уксус гэдэг зүйлийг авч ирж өгсөн талаар маргадаггүй тул түүний үйлдлийг зөв зүйчлэх шаардлагатай байна.

       Захьсан учраас би авч ирээд сарын дараа өгсөн гэхэд анхан шатны шүүх шүүгдэгч Б.Ц нь  хохирогч Г.Б-ыг үхсэний дараа шүүгдэгч Ч.О-тай хамт амьдрахаар урьдчилан амласан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

        Мөн шүүхийн шийтгэх тогтоолд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар буюу бүлэглэж гүйцэтгэсэн гэж үзсэн нь буруу юм.

        Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-т бүлэглэж гээд гэмт хэргийнхээ шинж болоод орчихсон байгаа тул дахин бүлэглэж гэдгийг хүндрүүлэх шаардлагагүй энэ нь хууль хэрэглээний алдаа юм.Тодруулбал, гэмт хэрэгт хамтран оролцох, бүлэглэн гүйцэтгэх нь хамт хэрэглэж болохгүй ялгаатай ойлголт юм.

       Бүлэглэн гүйцэтгэх, хамтран оролцохын ялгаа заагийг хууль буруу тайлбарлаж хэрэглэснээс болоод  ял хариуцлага оногдуулахад нөлөөлсөн гэж үзэж байна. Улсын яллагчийн яллах дүгнэлтийн хэмжээнд хэрэг хянагдах ёстой, гэтэл энэ нөхцөл байдлыг шүүх анхаараагүй, өөрөө дүгнэлт хийгээд ялласан.

        Хавтаст хэрэгт авагдсан баримтуудыг шүүх нотолгооны ач холбогдолтой, холбогдолгүй гэж харьцуулж үзэх ёстой. Гэтэл шинжээчийн 6200, 484 дүгээр дүгнэлтийг нотлох баримтын шаардлага хангасан байхад авч хэлэлцээгүй. Түүнийг яагаад үгүйсгэж байгаагаа тодорхойлох ёстой байтал энэ талаар дүгнэлт хийгээгүй.

       Давж заалдах шатны шүүхэд бүрэн эрх хэмжээ нь байгаа учир анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэрэгт авагдсан баримтынх нь хүрээнд авч үзэж, хэрэгсэхгүй болгох боломж байгаа эсэхэд хууль зүйн дүгнэлт хийж, хэргийг нягталж үзнэ үү.

      Шүүгдэгч Б.Ц нь хийгээгүй хэргийнхээ төлөө ял авахгүй, хийсэн  үйлдэлдээ тохирсон ялыг авах ёстой. Одоогоор 4 сар цагдан хоригдсон байгаа, хорих ялыг хаалттай дэглэмд эдлүүлэхээр тогтоосон, энэ нөхцөл байдлуудыг харгалзан үзээд хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү” гэв.

      10. Шүүгдэгч Б.Ц-ийн өмгөөлөгч Ө.Нарантуяа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: “... Б.Цийн холбогдож байгаа үйлдэл зөвхөн 2024 оны 8  дугаар сард Ч.О-ийн захьсан эд зүйлийг авч ирж өгснөөр хүнийг алахыг завдсан гэх үйл баримт төгсөж байгаа юм.

      Гэтэл шүүх түүнд хариуцлага хэрхэн хүлээлгэсэн талаар сая өмгөөлөгч маш дэлгэрэнгүй тайлбарласан учраас би давхардуулах шаардлагагүй гэж үзэж байна.

     Б.Ц-ийн хувьд өрх толгойлсон ганц бие, малчин хүн. Тэр уксус гэх зүйлийг ахуйн хэрэглээнд яаж хэрэглэдгийг огт мэддэггүй, юунд хэрэглэх гэж байгааг тухайн үед мэдээгүй талаар анхан шатны шүүхийн шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байгаа.

     Өмгөөлөгчийн зүгээс хэрэгт авагдсан үйл баримтад хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлттэй холбогдуулаад, миний үйлчлүүлэгч хэрэгт ямар оролцоотой байсан талаар дэлгэрэнгүй тайлбарласан, гомдлоо дэлгэрэнгүй бичсэн, гомдолтой холбогдуулж тайлбар гаргасан учраас өмгөөлөгчийн гаргасан гомдлыг дэмжиж оролцож байна.

          Магадгүй давж заалдах шатны шүүхээс энэ хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой байна гэсэн дүгнэлт хийвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлд заасныг журамлаж байгаа, оногдуулах ялын доод хэмжээг зүйлчлээгүй байгааг харгалзан анхаарч үзнэ үү гэж хүсэж байна.

      Хоёрдугаарт, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн гэж үзээд буцаавал миний үйлчлүүлэгчийн таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж өгнө үү гэсэн саналтай байна” гэв.

         11. Шүүгдэгч Б.Ц давж заалдах шатны шүүх хуралдаанд: Надад гаргах тайлбар байхгүй” гэв.

         12. Хохирогчийн өмгөөлөгч Б.Батгэрэл давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: “Давж заалдах шатын шүүхэд шүүгдэгч нарын өмгөөлөгчийнхөө хамтаар гаргасан гомдлууд үндэслэлгүй байна гэсэн байр суурьтай байна.  Анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 36 дугаартай шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан гэж үзэж байгаа.

        Энэ хэрэгт, хохирогч Г.Б-ыг 2 жилийн өмнө мориноос унасан, урьд өмнө хамраас нь цус гардаг байсан гэдэг асуудлыг хөндөж ярьдаг.  Тухайн үед унаж бэртэхдээ хүний судас тасрах, гэмтэх, цус гарах асуудал байгаа, гэхдээ цус алдалтын хэмжээнд, байнгын цус бүлэгнэлтийн хэмжээнд байсан уу гэдэгт бид хууль зүйн дүгнэлтийг өгөх ёстой.

        Н.Т гэдэг эмч эрэгтэй хүний цус бүлэгнэлт 8 дугаар факторын үйл ажиллагаа доголдсон, олдмол байна гэдэг нь тогтоогдсон гэж хэлсэн. Г.Б цус бүлэгнэлтийн хордлогын шинжгүй, цус бүлэгнэлтийн архаг өвчтэй байсан бол тодорхой хэмжээнд гэмтсэн арьс салст нь эдгэрсний дараа цус алдалт нь зогсоно. Энэ ч утгаараа аймгийн нэгдсэн эмнэлэг, улсын төв нэгдүгээр эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн байдаг.  Гэтэл цусны эмчилгээ хийлгэхэд энэ хүний эрүүл мэндийн байдал сайжраагүй, цус алдаад байгаа нь хордлогын шинжтэй байсан, хордсон учраас цус алдаад байсан,  хүчтэй цус алдалт байдлаар илэрсэн. .

         Хулганы хор уусан тохиолдолд хүнд ямар шинж тэмдгүүд явагддаг, тэр бүх шинж тэмдгүүд Г.Бад явагдсан. Хулганы хор уусан тохиолдолд ямар шинж тэмдэг илрэх вэ гэдэг асуултад эмч хариулахдаа архаг ядралт явагддаг, хорддог, эрхтэн систем доголддог,  сульддаг гэж хариулсан. Энэ шинж тэмдгүүд явагдсан юм уу гэдэг нь аймгийн нэгдсэн эмнэлэг, нэгдүгээр эмнэлгийн өвчтөний түүхүүдэд байгаа.

         Нөгөө талаас Б.Угийн гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл байгаа. Тухайн хүүхэд Б.Ц-ийн “П”, Ч.О-ийн “О Ч” гэх фэйсбүүк мессенжер чатаар тэдний  хоорондын харилцсан чатыг анх мэдэж, насанд хүрсэн хүмүүст хэлснээр энэ гэмт хэрэг ил болсон.

         Энэ чатад дурдсанаар, “Б-г ийм болгосон хүн нь чи бид хоёр шүү дээ, би чамайг заримдаа их гайхах юм, эр хүн байж сонин зантай, чи бид хоёр зүгээр байсан хүнд ийм юм олж өгөөд энэ юмнаас болоод Б ийм болсон” гэдэг мессежийг яагаад Ч.О нь Б.Ц рүү бичээд байгаа юм бэ?, үүнийг хэн нэгэн хүчээр, зохиомол байдлаар бий болгосон зүйл биш.

       Миний үйлчлүүлэгч Г.Б-ыг урьд өмнө цус алддаг, хамраас цус нь гоождог байсан гэдэг байдлаар Ч.О тайлбарлаж байгаа. Тийм бол яагаад өмнө нь ч биш, хойно нь ч биш, энэ хоёрын мессенжер чатад дурдагдсан цаг хугацаанд хүнд хордлогын шинж тэмдэг, хүчтэй цус алдалт явагдаад байгаа юм.

       Алимны цуу, уксус зэргийг бид хоол хүнсэндээ яагаад нэг, хоёр дуслаар хэрэглээд байдаг юм. Үнэхээр хүнсний зориулалттай юм бол яагаад бид ундаа, усандаа, архиндаа хийж уухгүй байгаа вэ. Хэмжээ, тун хэтэрвэл хүнийг хордуулах эрсдэлтэй гэдгийг бид өөрсдөө мэдэж байна.

       Тэр ч утгаараа хоёр шүүгдэгчийн хувьд бидний мэдэж байгаа мэдлэг, мэдээлэлтэй адил мэдээлэлтэй байсан учраас хордуулах зорилгоор өгсөн, харин  Г.Б-ын амь нас хохироогүй. Энэ нь Ч.О, Б.Ц нарын хүсэл зоригоос үл шалтгаалах байдлаар буюу эмнэлгийн тусламж үйлчилгээг авсан учраас энэ хүний амь нас аврагдсан. Шүүгдэгч нарын  хоорондоо фэйсбүүк чат мессенжерээр харилцсан дээр байгаа мэдээлэл нь оёдлын машинд панта гэх бичиглэлтэй зүйл байгаа, уксусная кислота гэж нэрлэгдсэн зүйлийг задалсан, гялгар уутаар ороосон, хэрэглэсэн байна гэдэг нөхцөл байдал хэргийн газрын үзлэгээр тогтоогдчихсон.

         Энэ гэмт хэрэгт хүний амь насыг хохироох үйлдлийг хийсэн нь нотлогдон тогтоогдсон. Гэм буруугийн хувьд мөрдөн шалгах ажиллагааны явцад өөрийн гэм бурууд маргадаггүй, анхан шатны шүүх хуралдаанд ч энэ байр суурьтайгаар оролцож байсан, гэтэл өнөөдөр цагаатгах байр суурьтайгаар давж заалдах гомдол гаргаад явж байна.

        Өөрт ашигтай шийдвэрийг гаргуулахын тулд гэм буруугаа ойлгож гэмшинэ гэдэг асуудал байх боломжгүй. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэм буруугийн талаар маргаагүй, өмгөөлөгч нарын дүгнэлт ч адил байсан.

       Хэрэгт авагдсан нотлох баримтаар цагаатгах талын нотлох баримт тогтоогдоогүй байна. Миний үйлчлүүлэгч дотрын тасагт хэвтэн эмчлүүлээд эрүүл мэнд нь сайжраагүй, хордлого тайлах чиглэлээр цэргийн төв эмнэлэгт эмчилгээ хийлгээд цус алдалт нь зогссон. Хохирогч анхан шатны шүүх хуралдаанаас хойш хоёр удаа эмнэлэгт хэвтэн эмчлүүлээд гарсан, хор уршиг нь одоо ч илэрсээр байгаа.

        Өмгөөлөгч нар гомдлоо ялыг багасгах асуудлаар тайлбарлаад байна. Цагаатгах байр суурьтай оролцож байгаа бол ял оногдуулах асуудал яригдах ёсгүй болов уу. Мөн хорих ялын хэмжээг багасгах асуудлыг тайлбарлаад байгаа. Цагаатгах нотлох баримт хэрэгт авагдаагүй байна. Цагаатгах үндэслэл тогтоогдоогүй байна гэж харж байна. Ийм учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

      13. Прокурор А.Анхбаяр давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “... анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 2025/ШЦТ/36 дугаар шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй гарсан, анхан шатны шүүхээс хэрэгт авагдсан, шүүхийн хэлэлцүүлгээр хавтаст хэргээс шинжлэн судлагдсан нотлох баримтад үндэслэж, хэргийн талаар бодитой дүгнэлт хийсэн гэж давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурорын хувьд үзэж байгаа. Хэрэгт хийгдвэл зохих мөрдөн шалгах ажиллагаа бүрэн хийгдсэн.

       Шүүгдэгч Б.Ц ашиглаж байсан гар утсаа төрлийнхөө насанд хүрээгүй хүүхэд болох Б.У-д өгсөн, Б.У нь дэлгэцийг нь солиулаад ашиглаж байхдаа Ч.О, Б.Ц нарын хоорондоо харилцаж байсан янз бүрийн утга агуулга бүхий файсбүүкийн мессенжер чатыг хараад эцэг эхдээ хэлснээс үүдэж энэ гэмт хэрэг шалгагдаж эхэлсэн.

       Б.Ц-ийн “П” гэх хаягаас ирсэн чат Б.У-ийн утаснаас устгагдаагүй байсан.  Үүнд мөрдөн шалгах ажиллагааны явцад үзлэг хийсэн. Үзлэгээр Б.Ц, Ч.О нарын бичсэн зүйлүүд үнэн эсэхийг нь шалгаад, хохирогч Г.Б бие нь өвдөөд Увс аймгийн нэгдсэн эмнэлэг, дараа нь Улаанбаатар хот руу эмнэлэгт үзүүлэхээр явахдаа малаа харж бай гээд төрсөн ах дүү хоёртоо гэрийн түлхүүрээ үлдээсэн байсан.

        Түлхүүрийг аваад мөрдөн шалгах байгууллагын мөрдөгчтэй очоод оёдлын машины доод талын хайрцаг мөн тухайн гэрийн цавагт мөрдөн шалгах ажиллагаа явуулахад хоорондоо бичсэн фэйсбүүк чатад байсан мэдээлэл нотлогдсон байгаа.

         Үүнийг зөвхөн хэдэн гэрчийн мэдүүлгээр нотолсон гэж хэлж болохгүй. Хоёр шүүгдэгчийг хүнийг алсан гэж яллаагүй, хүнийг алахыг завдсан гэж прокуророос ялласан, шүүхээс ч ингэж шийдсэн. Энэ хүмүүсийн үйлдлийн арга нь Г.Б-ыг алъя, алсны дараа хоёулаа хамт амьдаръя гэсэн байгаа учраас Г.Б-ыг алах үйлдлийг хийсэн.

        Б.Ц-ийн хувьд хулганы хорыг Увс аймгийн Улаангом сумаас нэр бүхий зах худалдааны төвөөс худалдаж авч өгч, төдий хэмжээгээр хэрэглэвэл болох юм байна шүү гэдгийг зөвлөсөн, Ч.О-ийн хувьд гардан гүйцэтгэж ус ундаа, архинд нь хулганы хор хийсэн.

        Тухайн хорыг ууснаас болоод хохирогчийн хамраас цус гарч эхэлсэн, ингээд хордлого тайлах цус тогтоох эмчилгээ хийсэн.

         Хамгийн гол нь Увс аймгийн нэгдсэн эмнэлэгт яаралтай ирж цус тогтоох эмчилгээ үйлчилгээ сайн авсан, цус нь тогтохгүй болоод эхлэнгүүт Улаанбаатар хот руу явж эмчилгээ үйлчилгээ чанартай, хүртээмжтэй авсны улмаас энэ хүний амь нас эрсдээгүй.

       Ч.О, Б.Ц нарын хүсэл зоригоос үл хамаарч энэ гэмт хэрэг туйлдаа хүрээгүй учраас Ч.О, Б.Ц нарыг бүлэглэн хүнийг алахыг завдах гэмт хэргийг үйлдсэн тул гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ч.О, Б.Ц нарын өмгөөлөгчийн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

       1. Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 2025/ШЦТ/36 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгч Ч.О, түүний өмгөөлөгч Д.Дамдинсүрэн, шүүгдэгч Б.Ц, түүний өмгөөлөгч Л.Жавзмаа, Ө.Нарантуяа нарын давж заалдсан гомдлыг үндэслэн Ч.О, Б.Ц нарт холбогдох, 2435000000250 дугаартай эрүүгийн хэргийг давж заалдах журмаар хэлэлцэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх үндэслэлтэй гэж дүгнэв.

      2.  Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн шүүгдэгч Ч.О, Б.Ц нарыг бүлэглэн хүнийг алах гэмт хэргийг үйлдэхээр завдсан гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуульд заасан хууль ёсны болон гэм буруугийн зарчимд нийцжээ.

          3. Шүүгдэгч Ч.О, Б.Ц нар бүлэглэн хохирогч  Г.Б-ыг алахыг  завдсан үйлдэл хийсэн болох нь:

        - хохирогч Г.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдөр өгсөн: “...2024 оны 9 дүгээр сарын 09-нд гэртээ байтал гэнэт хамраас цус гараад эхэлсэн. Тэр өдөрт нь сумын эмчид үзүүлэхэд хамар руу чихээс хийж өгөөд эмч нь яаралтай дуудлагад явсан. Намайг гэрт үлдээгээд өглөө эрт аймгийн төв рүү авч явна гэж эмч хэлсэн. Цус тогтоох тариа үлдээсэн ба тэр тариаг миний төрсөн ах Г.У миний зүүн гарын судсанд тарьсан. Маргааш өглөө нь 06 цагт эмч ирж намайг аймгийн төв рүү авч яваад эмнэлэгт үзүүлээд дараа өдөр нь эмнэлэгт хэвтүүлсэн. Би аймгийн нэгдсэн эмнэлгийн дотрын тасагт 8 хоног хэвтэн эмчлүүлээд УБ хот руу явсан. 2024 оны 09 дүгээр сарын 24-нд хотод очсон ба 1 дүгээр эмнэлэгт яаралтай үзүүлж, шинжилгээ өгөөд 26-ны өдөр дотрын тасагт хэвтэн эмчлүүлж байна. Өмнө нь ямар нэгэн суурь өвчин эмгэг байгаагүй” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 111-112 дугаар тал/,

      - хохирогч Г.Б-ын 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдөр дахин өгсөн :“...Ч.О бид хоёр гэр бүл болоод 17 жил болж байгаа бөгөөд 10-16 насны дөрвөн хүүхэдтэй. ...2023 оны 05 дугаар сард /өдрийг нь сайн санахгүй байна/ манайх хаваржаандаа буюу Бөхмөрөн сумын Улаан хад гэх газарт байхад би сумын төв рүү яваад 00:00 цагийн үед гэртээ буцаж ирэхэд Б.Ц манайд байсан. Би маргааш нь эхнэр Ч.О-аас “ямар учраас Б.Ц намайг байхгүйд манайд ирсэн юм” гэж асуухад “Б.Ц бид хоёр унтсан, дахин тэгэхгүй” гэж хэлээд өнгөрсөн. Мөн тухайн үед Б.Ц-ээс “чи эхнэртэй минь унтсан юм уу” гэхэд “уучлаарай, бид хоёр ганц удаа унтсан” гэж хэлсэн. Тэрнээс хойш Б.Ц надтай урьдын адил харьцаж, манайхаар ирж очоод явж байсан бөгөөд Б.Ц бид хоёр нэг нутгийн, нэг багийн хүмүүс, багаасаа найзалж, нөхөрлөөд хамт нэг газар нутаглаж байсан. Мөн бид хоёр хаа нэг манайд архи уухад Б.Ц манайд хоноод явдаг байсан. Би эхнэрийгээ Б.Ц-тэй унтсан буюу бэлгийн харьцаанд орсон гэдгийг /нэг удаа/ анх ингэж л мэдсэн. Түүнээс хойш Б.Ц, Ч.О нар хоорондоо ямар харилцаатай байгааг мэдэхгүй байна. Би бичиг үсэг мэдэхгүй учраас утсаар мессеж бичиж, уншиж чадахгүй тул эхнэрээ өөр хүнтэй харьцаж байсан гэдгийг мэдэх боломжгүй.

      Өнгөрсөн жил буюу 2023 оны 9 дүгээр сарын сүүлээр манайх намаржаанд байсан ба  би мотоциклоо янзлаад гэрийн гадна  сууж байтал Б.Ц эхнэр рүү залгаж утсаар ярьсан. Тэр үед эхнэр маань намайг хонинд явсан гэж бодсон байх, эхнэр гэр дотор утсаа чанга яригч дээр нь тавиад ярьсан. Тэр үед Б.Ц “танай нөхрийг алмаар байна, хулганын хор өгөөд алчихъя” гэхэд эхнэр “манай хүн юмны амтыг сайн мэддэг, яаж өгч болдог юм” гээд утсаа тасалсан. Тухайн үед би гэрийн гадна хониндоо явах гээд мотоциклоо засаж байгаад тэр хоёрын яриаг сонссон. Тэр дор нь гэрт ороод эхнэрээс “хэн намайг ална гээд байгаа юм” гэхэд “Б.Ц-тэй утсаар ярьсан, би юу гэж нөхрийгөө алах вэ, олон жил ханилчхаад юу гэж ингэдэг юм” гэж хэлээд намайг татаж үнссэн гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 114-119 дүгээр тал/, 

        - хохирогч Г.Б-ын 2024 оны 11 дүгээр сарын 29-ны өдөр өгсөн: “...Би одоогоос 2 жилийн өмнө гадуур явж байгаад гэртээ ирэхэд миний эхнэр Ч.О, найз Б.Ц нар нэг хөнжилд унтаж байсан юм. Би тэр үед түүнд хандаж,  “чи яаж байгаа юм бэ, дөрвөн хүүхэдтэй хүний эхнэртэй ингэдэг нь яаж байгаа юм ” гэхэд Б.Ц юу ч хэлэхгүй гараад явчихсан. Эхнэр Ч.О-аас асуухад “чамд хамаагүй, би өөрийгөө мэдэж байна” гэж надад хэлсэн. Ингээд би Б.Ц, Ч.О нарыг хайр сэтгэлийн холбоотой хүмүүс гэж мэдсэн боловч дөрвөн хүүхдээ мэдчих байх, хүүхдүүдээ өнчрүүлэхгүй гэж бодож явсан” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 122 дугаар тал/,

        - гэрч Г.Э-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн:“...2024 оны 9 дүгээр сарын дундуур төрсөн ах Г.Б-ын хамраас цус гараад тогтохгүй байсан тул дуудлага өгөөд Улаангом сумын нэгдсэн эмнэлэгт хүргэгдсэн гэж сонссон. Шинжилгээ өгч байна, шинжилгээний хариу нь хэвийн гарсан боловч цусанд ямар нэгэн зүйл байх шиг байна, Улаанбаатар хот руу очиж шинжилгээ өгөх хэрэгтэй гэж байна гэсэн яриа би сонссон. ...2024 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр байх, миний төрсөн ах Г.У манай гэрт ирээд “бэр эгч Ч.О нь манай сумын Б.Ц гэх хүнтэй гэр бүлээс гадуур харьцаа холбоотой юм байна. Тухайн Б.Ц гэх хүн хуучин барьж ашиглаж байсан гар утсаа хамаатан буюу төрөл садангийн хүүхдэдээ өгчихсөн байж. Тэр гар утсан дээр Ч.О болон Б.Ц нарын бичсэн мессеж байна, тэр мессежэд нь, тэр 2 нийлж, Г.Б-д хулганы хор ундаанд хийж өгч уулгасан,  дахин нэг ундаанд найруулаад тавьчихсан байгаа. Мөн уксус судсаар биед нь тарьсан гэх утга бүхий чатууд байна, иймээс Баянбатын бие нь муудаад явсан юм байна” гэх зүйл надад хэлсэн. Мөн Улаанбаатар хотод ах Г.Б-ын сахиур хийж байгаа ээж сахиураар солигдож орох гэтэл оруулахгүй байна гэж миний төрсөн ах Г.У надад хэлсэн. Ах Г.Б-ын гэрт хүн байхгүй, гэрийн түлхүүр нь үеэл дүү Г-д /Г.Б ахын гэрийн ойролцоо байдаг төрлийн хүүд/ түлхүүрээ үлдээгээд Улаанбаатар хот руу явсан байсан” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 126-127 дугаар тал/;

        - гэрч Э.Г-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2024 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр үеэл ах Г.У найран дээр таарсан. Улмаар Г.У ах надад Г.Б ахын гэрийн түлхүүр гэж надад өгсөн бөгөөд Г.Б ахын гэр манай ойролцоо байдаг. Үеэл ах Г.Б 2024 оны 09 дүгээр сарын дундуур хамраас нь цус гараад тогтохгүй шинжилгээ өгөхөөр Улаанбаатар хот руу эхнэр Ч.О болон ээж н.Буяндэлгэр нарын хамтаар явсан гэж сонссон. 2024 оны 09 дүгээр сарын 29-ний орой үеэл ах Г.У залгаад “ахын дүү цагдаа нар очно, очихоор нь Г.Б-ын гэрийн хаалга онгойлгоод үзлэг хийлгэчхээрэй” гэж хэлсэн. Өнөөдөр буюу 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр цагдаа нар ирэхээр нь би үеэл ах Г.Б-ын төрсөн ах Г.Э-ын хамтаар байж байгаад Г.Б ахын гэрийг онгойлгож өгөөд цагдаа нарын хамт хажууд нь байлцаж байгаад үзлэгт оролцсон юм” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 132 дугаар тал/;

        - насанд хүрээгүй гэрч Б.У-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:  “...Би 2023 оны 9 дүгээр сарын дунд үед өөрийн гар утсаа гээчихсэн бөгөөд энэ талаараа өөрийн ар гэр болон нагац талын хамаатан Б-ийн Ц-т хэлэхэд Б.Ц ах надад хандаж “надад шинээрээ шахуу дэлгэц нь хагарчихсан гар утас байгаа, чи дэлгэцийн солиулаад ав” гэж хэлээд надад Galaxy A21s загварын дэлгэц нь ажилладаггүй гар утас өгсөн. Би тухайн гар утасны дэлгэцийг солиулаад барьж ашигласан ба уг гар утас дээр Б.Ц ахын “П” гэх фейсбүүк мессенжер чат хадгалагдчихсан байсан. Би устгах гэж оролдоод устгаж чадаагүй. Намайг тухайн гар утсыг барьж эхэлснээс хойш Б.Ц ахын “П” гэх фейсбүүк мессенжер чатад “O Ch” гэх нэртэй фейсбүүк хэрэглэгчээс хайр сэтгэлийн холбоотой чат ирдэг байсан. Энэ талаар би өөрийн төрсөн эх Ч.Т-д хэлсэн бөгөөд ээж хүний чат руу битгий ор гэж хэлээд би тухайн фейсбүүк чат руу орохоо больсон. Би 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн үед байх Б.Ц ахын “П” гэх фейсбүүк мессенжер чатын мэдэгдлийн тоо их байхаар нь сонирхож орж үзэхэд “O Ch” гэх нэртэй фейсбүүк хэрэглэгчээс “нөхрийнхөө тарианд уксус хийсэн, ундаанд хулганын хор найруулж байгаад нөхөртөө уулгасан, одоо нэгийг гэртээ найруулаад тавьчихсан байгаа түүнийг авч хаяараа” гэх утга бүхий чат байхаар нь би ээж Ч.Т-д хэлж, ээж өөрийн найз болох Г.У ахад хэлж, Г.У ах цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. Тухайн чат нь миний гар утас дээр байгаа бөгөөд “O Ch” гэх нэртэй фейсбүүк хэрэглэгч нөхрийнхөө тарианд уксус хийсэн гэх чатаа устгачихсан байсан. Харин хулганын хор ундаанд найруулж өгсөн гэх чатын би гар утас дээрээ хадгалаад авчихсан байгаа” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 134 дүгээр тал/,

         - гэрч Ч.Т-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Миний охин Б.У нь 2023 оны 9 дүгээр сарын дунд үед өөрийн гар утсаа гээчихсэн бөгөөд энэ талаараа надад хэлэх үед миний хажууд миний хамаатан болох Б.Ц байж байгаад сонсож Б.У-д хандаж “надад дэлгэц нь эвдэрчихсэн Galaxy А21s загварын гар утас байгаа, чи дэлгэцийн солиулаад ав” гэж хэлээд өгсөн. Охин Б.У нь уг гар утасны дэлгэцийг солиулж барьсан ба уг гар утас дээр нь Б.Ц-ийн “П” гэх фейсбүүк мессенжер хадгалагдчихсан байсан. Уг хаягт “O Ch” гэх фейсбүүк хэрэглэгчээс хайр сэтгэлийн холбоотой чат ирж байна гэж охин Б.У нь надад хэлсэн. Би охин Б.У-д хандаж хүний чат руу битгий ор гэж хэлээд өнгөрсөн. Сүүлд 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр байх охин Б.У нь “Б.Ц ахын фейсбүүк чатны мэдэгдлийн тоо их байхаар нь орж харсан чинь “O Ch” фейсбүүк хэрэглэгчээс нөхрийнхөө тариад уксус хийсэн, ундаанд хулганын хор найруулж байгаад нөхөртөө уулгасан, одоо нэг хулганын хор гэртээ найруулаад тавьчихсан байгаа гэх чат ирсэн байна” гэж хэлэхээр нь би өөрийн найз болох Г.У-т “танай төрсөн дүү Г.Б-ын эхнэр, манай дүү Б.Ц-тэй дээрх асуудлын талаар чаталсан байна” гэдгийн хэлсэн. Г.У нь цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. Г.Б нь эрүүл чийрэг, ямар нэгэн өвчингүй байсан бөгөөд гэнэт хамраас нь цус гарч биеийн байдал нь муудаж, одоо Улаанбаатар хотод эмчилгээ хийлгэж байгаа” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 136 дугаар тал/,

        - гэрч Д.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний охин Б.У нь одоогоос яг жилийн өмнө байх өөрийн гар утсаа гээчихсэн тул өөрийн нагац ах Б.Ц-ээс дэлгэц нь эвдэрчихсэн Galaxy А21s загварын гар утас авч дэлгэцийн солиулж барьж ашигласан. 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр байх эхнэр Ч.Т нь надад хандаж “охин Б.У-ийн барьж байгаа гар утас дээр Б.Ц, Г.Б-ын эхнэр Ч.О нарын хоорондоо бичсэн чат байна, түүн дээр “нөхрийнхөө тарианд уксус хийсэн, ундаанд нь хулганы хор хийж найруулж байгаад нөхөртөө уулгасан, одоо нэг хулганын хор гэртээ найруулаад тавьчихсан” байгаа гэх чат ирсэн байна” гэж хэлсэн ба энэ талаар Г.Б-ын төрсөн ах Г.У-т хэлж, Г.У нь цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. Надад үүнээс өөр мэдэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 138 дугаар тал/,

         - гэрч Г.У-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний төрсөн дүү Г.Б нь Увс аймгийн х сумын х багт эхнэр Ч-ийн О болон 10-16 насны дөрвөн хүүхдийн хамт мал маллаж амьдардаг. Миний дүү Г.Б нь эрүүл чийрэг биетэй, ямар нэгэн суурь өвчингүй бөгөөд 2024 оны 09 дүгээр сарын дунд үед гэнэт хамраас нь цус гарч сумын эмнэлэг болон аймгийн нэгдсэн эмнэлэгт эмчилгээ хийлгээд биеийн байдал нь дээрдээгүй тул 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Улаанбаатар хот руу онгоцоор явж, Улсын нэгдүгээр төв эмнэлэгт хэвтэж эмчилгээ хийлгэж байгаа.

        2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр миний гар утас руу найз Ч.Т залгаж “манай охин Б.У-ийн барьж байгаа гар утас дээр Б.Ц-ийн фейсбүүк мессеж чат хадгалагдчихсан байдаг бөгөөд уг чатад танай бэр Ч.О-с “нөхрийнхөө тарианд уксус хийсэн, уг уксус нь оёдлын машин дотор байгаа, ундаанд хулганы хор найруулж байгаад нөхөртөө уулгасан, одоо нэг хулганын хор ундаанд найруулаад гэрийн хаалганы зүүн завагт хийчихсэн байгаа гэх чат ирсэн байна” гэж хэлэхээр нь би Ч.Т-ийн хэлсэн нь үнэн эсэхийг шалгахаар манай гэрт үлдээсэн төрсөн дүү Г.Б-ын гэрийн түлхүүрийг авч эхнэр Г.С-ийн хамт Г.Б-ын гэрт орж гэрийн хаалганы зүүн талын заваг руу харахад “Фанда” нэртэй 0.5 литрийн ундааны саванд хүрэн өнгийн шингэн зүйл харагдаж байсан. Эхнэр Г.С бид хоёр тухайн зүйлд гар хүрээгүй, мөн оёдлын машины тагыг авч үзэхэд “уксус” гэх бичиглэлтэй шилэн, цагаан өнгийн шингэн байсан. Би тухайн эд зүйлүүдийг хараад Ч.Т үнэн хэлж байгаа юм байна гэж бодоод Ч.Т-ийг хаана байгаа талаар асуухад “Баян-Өлгий аймагт ажилтай явж байна” гэж хэлэхээр нь авга талын хамаатан Н.Б-ийн “Land Cruiser-105” загварын автомашинтай эхнэр Г.С, Н.Б нарын хамт 2024 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Баян-Өлгий рүү гарч 2024 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Н.Б, Г.С, Ч.Т, Д.Б нарын хамт Увс аймаг Улаангом суманд ирж цагдаагийн байгууллагад гомдол гаргасан” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 140 дүгээр тал/,

        - гэрч Г.С-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...нөхөр Г.У бид хоёр Ч.Т-ийн хэлсэн нь үнэн эсэхийг шалгахаар манай гэрт үлдээсэн дүү Г.Б-ын гэрийн түлхүүрийг авч Г.Б-ын гэрт очиж үзэхэд гэрийн хаалганы зүүн талын завагт “Фанда” нэртэй 0.5 литрийн ундааны саванд хүрэн өнгийн шингэн зүйл харагдаж байсан. Тухайн зүйл нь Ч.О-ийн найруулж тавьсан хулганы хор юм байна гэж бодоод түүнд гар хүрээгүй, мөн оёдлын машины тагийг авч үзэхэд “уксус” гэх бичиглэлтэй шилэн, цагаан өнгийн шингэн зүйл байсан” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 142-143 дугаар тал/,

         - гэрч Н.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2024 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Г.У, эхнэр Г.С-ийн хамт манай гэрт ирж надтай уулзсан бөгөөд надад хандаж “өчигдөр буюу 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Ч.Т над руу гар утсаар залгаж Ч.О нөхөр Г.Б-ыг алах зорилгоор нөхрийнхөө тарианд уксус хийсэн, уг уксус нь оёдлын машин дотор байгаа, ундаанд хулганы хор найруулж байгаад нөхөртөө уулгасан, одоо нэг хулганы хор ундаанд найруулаад гэрийн хаалганы зүүн завагт хийчихсэн байгаа, түүнийг авах хэрэгтэй байна гэх чат Б.Ц рүү бичиж байна гэж хэлэхээр нь үнэн худлыг нь шалгах гэж Г.Б-ын гэрт очиж үзэхэд гэрийн зүүн талын завагт ундааны савтай зүйл, оёдлын машин дотор уксус нэртэй шилтэй зүйл үнэхээр байна” гэж хэлэхээр нь би Г.У-т хандаж наадах чинь үнэн бол ноцтой асуудал байна. Уг хүмүүстэй биечилж уулзаж байгаад цагдаагийн байгууллагад хандах хэрэгтэй гэж хэлсэн” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 145 дугаар тал/,

      - гэрч Н.Т-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “..Би Цэргийн төв эмнэлгийн хордлогын яаралтай тусламжийн үндэсний төвийн эмч ажилтай.  ...Тухайн хүн 2024 оны 10 дугаар сарын 08-нд манай эмнэлэгт хэвтэн эмчлүүлж, хордлого тайлах, цус бүлэгнэлтийн алдагдлыг засах, цус багадалтыг засах, эрхтэн систем хамгаалах эмийн болон хоол эмчилгээ хийгдсэн юм. Bromadiolone гэх нэршилтэй буюу хулганы хор уусан хүн хурц цус алдаж, хүний амь насанд богино хугацаанд аюул учруулж, цус алдсаны улмаас амь нас эрсдэж хохирч болно. Хулганы хор уусан хүний цусны бүлэгнэл алдагддаг. Г.Б-ын хувьд хамрын цус алдагдаж бие нь хүндэрч эмнэлгийн анхан шатны тусламж хурдан түргэн аваагүй байсан бол нас барах байсан. Хулганы хор уусан хүн эмнэлгийн анхан шатны тусламж болон хордлого тайлах эмчилгээ хийлгэсний дараа тухайн хүний биеийн ерөнхий байдлаас шалтгаалж 1 сарын хугацаанд хор биеэс бүрэн гадагшилж хэвийн болно” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 150-151 дүгээр тал/,

        - хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дэх хавтаст хэргийн 8-16 дугаар тал/,

        - 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдөр яллагдагч Б.Ц-ийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дэх хавтаст хэргийн 18-23 дугаар тал/,

        - насанд хүрээгүй гэрч Б.У-ийн эзэмшлийн Galaxy A21s загварын гар утсанд байх, шүүгдэгч Б.Ц-ийн “П” гэх facebook чатад үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дэх хавтаст хэргийн 24-40 дүгээр тал/,

      - шүүгдэгч Ч.О-ийн “М12” загварын болон шүүгдэгч Б.Ц-ийн LG загварын гар утаснуудад үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дэх хавтаст хэргийн 43-58 дугаар тал/,

       - Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 6200 дугаартай: “...Ирүүлсэн дээж нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд “Эрүүгийн 2435000000250 дугаартай хэргийн шинжилгээний объект” гэж хаягласан, цаасан хайрцагт хийж ирүүлсэн “№1” гэж дугаарласан хуванцар савтай шингэн зүйлээс хлор ион /CI-/ илэрсэн. Уусмалын орчин нь шүлтлэг байна. Найрлагыг бүрэн тогтоох техникийн боломжгүй байна. “№2” гэж дугаарласан хуванцар савтай шингэн зүйлээс хлор ион /CI-/, бром ион /Br-/ илэрсэн. Уусмалын орчин нь хүчтэй шүлтлэг байна. Найрлагыг бүрэн тогтоох техникийн боломжгүй байна. ...Найрлагыг бүрэн тогтоогоогүй тул хариулах боломжгүй байна” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /2 дахь хавтаст хэргийн 154-156 дугаар тал/,

         - Увс аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 11 дүгээр 06-ны өдрийн 484 дугаартай  “...Үзүүлэгч Г.Б-ын биед гэмтэл тогтоогдоогүй. ...Г.Б-ын амбулаторийн карт, лабораторийн шинжилгээний хариунууд, эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн талаарх бичиг баримтуудад түүний цусанд ямар нэгэн химийн хорт бодисын найрлага байгаа эсэхийг тогтоосон зүйл байхгүй байна. Г.Б нь бүлэгнэлтийн хүчин зүйлийн олдмол дутагдал, цус бүлэгнэлтийн эмгэг хамраас цус алдалт, цус багадалт, даралт ихсэлт оношоор эмнэлэгт хэвтэн эмчилгээ хийлгэсэн байна” гэх дүгнэлт /1 дэх хавтаст хэргийн 199-201 дүгээр тал/ зэрэг ач холбогдол бүхий нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байх ба энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

            4. Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм бурууг хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь үнэлж, нотлох баримтаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч Б.Ц, Ч.О нарыг бүлэглэн хохирогч Г.Б-ын  амь насыг санаатайгаар хохироохыг завдсан  буюу хүнийг алах гэмт хэрэг үйлдэхийг завдсан  талаар  хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийж, шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны байх зарчмыг хангасан байна.

        Хүнийг алах гэмт хэрэг нь бусдын амь насыг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл хийсний улмаас хүн нас барсан байдаг бөгөөд гэмт үйлдэл, амь хохирогчийн үхэл хоёрын хооронд шалтгаант холбоотой байх шинжийг агуулсан байна.

     Гэмт хэрэг үйлдэхээр завдах нь тодорхой гэмт хэрэг үйлдэхэд чиглэсэн хүний үйлдэл нэгэнт эхэлсэн, халдлагын объектод хор уршиг учрах бодит заналхийлэл үүссэн боловч гэмт хэрэг үйлдэж байгаа хүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлаас шалтгаалж гэмт хэрэг нь төгсөөгүй байх үндсэн шинжтэй.

       Шүүгдэгч Ч.О, Б.Ц нар хулганы хор, уксус уусан хүний амь нас хохирдог гэх өөрсдийн  олж  авсан мэдээлэлд үндэслэн хохирогч Г.Б-ын  амь насыг хохироох зорилгоор түүнд хулганы хор, уксус зэргийг архи, ундаанд хольж өгч, түүнийг  алахыг  чиглэсэн үйлдлийг санаатай хийсэн боловч тэдний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдал буюу эмнэлгийн тусламж үйлчилгээг түргэн шуурхай авсны улмаас амь нас нь хохироогүй үйл баримт тогтоогдсон байна.

        Иймд шүүгдэгч Ч.О, Б.Ц нарыг бүлэглэж хүнийг алах гэмт хэрэг үйлдэхийг завдсан гэж зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон гэж дүгнэлээ.

        5. Анхан шатны шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгчөөс шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай талаар гаргасан: “..Ч.О, Б.Ц нар эр эмийн харилцаатай олон жил явж байсан учраас энэ хүмүүсийн хооронд ийм асуудал үүссэн байна гэж иргэний хувьд харлаа. Ч.О, Б.Ц нар гэм буруутай байна”  гэх дүгнэлт нь хэргийн бодит байдалд нийцсэн талаар хийсэн шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

       6. Шүүгдэгч Ч.О, түүний өмгөөлөгч Д.Дамдинсүрэн нар давж заалдах шатны шүүхэд гаргасан: “...анхан шатны шүүх  хэргийн үйл баримтад үнэн зөв дүгнэлт хийж чадаагүй, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож буй баримтуудаар хэргийн үйл баримт тогтоогдоогүй, мөн  хэргийн газраас хураан авсан  шингэн зүйл нь хүний биед хортой бодис болохыг тогтоож чадаагүй,  химийн шинжилгээгээр илэрсэн бодисууд нь хүний биед орсон тохиолдолд ямар үйлчилгээ үзүүлдэг талаар нотолсон баримт хэрэгт авагдаагүй, энэ талаар мэргэшсэн этгээдээс асууж тодруулаагүй, Ч.О-ийн өгсөн хулганы хор гэх зүйл нь Г.Б-ын эрүүл мэндэд нөлөөлсөн нөхцөл байдал болон Г.Б-ын хамраас цус гоожин эмчлэгдэх болсон шалтгаан нь Ч.О-ийн үйлдэлтэй шалтгаант холбоотой болох нь тогтоогдоогүй тул хэргийг дахин шалгуулах шаардлагатай” гэх,

      - шүүгдэгч Б.Цийн өмгөөлөгч Л.Жавзмаа, Ө.Нарантуяа нарын  гаргасан: “... гэрч Н.Т нь “Вromadilоnе” гэх нэршилтэй буюу хулганы хор уусан хүн хурц цус алдаж, хүний амь насанд богино хугацаанд аюул учруулж цус алдсаны улмаас  амь нас эрсдэж хохирч болно. Хулганы хор уусан хүний цусны бүлэгнэл алдагддаг.  Г.Б-ын хувьд хамрын цус алдагдаж бие нь хүндэрч эмнэлгийн анхны тусламжийг хурдан аваагүй байсан бол нас барах байсан” гэж мэдүүлсэн боловч тухайн мэдүүлгийнхээ эх сурвалжийг тодорхой зааж чадаагүй. Хэрэгт авагдсан шинжээчийн  дүгнэлтүүдээр дээрх  гэрчийн мэдүүлэг үгүйсгэгдэж байхад уг нотлох баримтыг шийтгэх тогтоолын үндэслэл болгосон нь үндэслэлгүй байна. Мөн шүүхийн  шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2.3 дахь заалтад нийцээгүй, өмгөөлөгч нарын гаргасан тайлбарыг үгүйсгэсэн үндэслэлээ заагаагүй байна. Шүүгдэгч Б.Ц нь Ч.О-ийн захисны дагуу хулганы хор, уксус зэргийг авч ирж Ч.О-д өгсөн үйлдэлд маргаагүй ба  шүүх  Б.Ц-ийн дээрх үйлдэл, хохирогчийн биед үүссэн  хор уршгийн шалтгаант холбоог тогтоож, хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийхгүйгээр хэргийг шийдвэрлэсэн. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд хийсэн дүгнэлт нь хэргийн бодит үнэнд нийцээгүй байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Б.Ц-т холбогдох эрүүгийн 2435000000250 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх агуулга бүхий гомдлуудыг тус тус хүлээн авах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

       6.1. Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

        6.2. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн, хэргийн үйл баримтыг зөв тогтоосон, тухайлбал, шүүгдэгч Ч.О, Б.Ц нар нь Ч.О-ийн нөхөр Г.Б-ын амь насыг хохироох зорилгоор урьдчилан үгсэн тохиролцож, шүүгдэгч Б.Ц нь Увс аймгийн Улаангом сумын 12 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах барааны захаас савтай шингэн хулганы хор 2 ширхэгийг, мөн “Шинэ Улаангом худалдааны төв”-ийн 64, 65 дугаар лангуунаас “ Уксусная кислота” гэх бичигтэй шингэн зүйлийг  тус тус худалдан авч,  2024 оны 08 дугаар сарын 10-ны үед Увс аймгийн Бөхмөрөн сумын нутаг дэвсгэрт шүүгдэгч Ч.Од өгсөн,

       - шүүгдэгч Ч.О нь 2024 оны 09 дүгээр сарын эхээр Б.Ц-ийн авч ирсэн 2 сав шингэн хулганы хорны нэгийг ундаанд хольж Г.Б-д уулгасан, нэг сав хорыг мөн Г.Б-д уулгахаар ундаанд хольж бэлтгэж тавьсан, мөн Б.Ц-ийн авчирсан уксуснаас архинд хольж уулгасан ,

     - 2024 оны 9 сарын 09-ний өдөр Г.Б-ын хамраас цус ихээр гарч тогтохгүй байсан тул сумын эмнэлэгт хандсанаар эмч ирж, цус тогтоох эмчилгээ хийж, улмаар 9 сарын 10-ны өдөр Увс аймгийн нэгдсэн эмнэлэгт ирж шинжилгээ оношилгоо хийлгэж, хэвтэн эмчлүүлсэн, улмаар онош тодруулахаар УБ хот уруу явж, клиникийн 1-р төв эмнэлэг, Цэргийн төв эмнэлэгт тус тус хэвтэн эмчлүүлж, цус бүлэгнэлтийг засах, хордлого тайлах, эрхтэн систем хамгаалах зэрэг эмчилгээ хийлгэсэн, Г.Б-ын биед бүлэгнэлтийн хүчин зүйлийн олдмол дутагдал, цус бүлэгнэлтийн эмгэг, хамраас цус алдалт, цус багадалт, даралт ихсэлт оношоор эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан зэрэг үйл баримтууд хэргийн баримтуудаар  хөтөлбөргүй тогтоогдсон байна.  

       6.3. Шүүгдэгч Б.Ц нь энэ гэмт хэрэгт холбогдон шалгагдах үеэсээ эхлэн сэжигтнээр болон яллагдагчаар өгсөн удаа дараагийн мэдүүлэгтээ, Г.Б-ын амь насыг хохироох талаар Ч.О-тай ярилцаж байсан,  Улаангом сум орохдоо бараан захаас хулганы хор, уксус зэргийг авч ирж түүнд өгсөн, Ч.О нь түүний өгсөн бодисыг Г.Б-д уулгасан, түүний хамрнаас цус гарч эмнэлэгт очсон, эмнэлэгт очоод Г.Б-ын эрүүл мэнд ямар байгаа талаар тэд хоорондоо фэйсбүүк чат бичих, утсаар ярих зэргээр харилцаж байсан талаараа тодорхой, тогтвортой, агуулгын зөрүүгүй мэдүүлсэн байх ба түүний мэдүүлэгт тусгагдсан үйл баримтууд нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болох хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг болон бусад бичгийн баримтуудаар давхар нотлогдсон байх тул түүний мэдүүлгийг бусад нотлох баримтуудтай харьцуулан үнэлж, шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцсон шийдвэрийн үндэслэл болгосон анхан шатны шүүхийн дүгнэлт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нотлох баримт үнэлэх үндэслэл, журмыг зөрчөөгүй гэж дүгнэв.

        6.4. Энэ хэрэгт гэрчийн мэдүүлэг өгсөн, Цэргийн төв эмнэлгийн хордлогын яаралтай тусламжийн тасгийн хордлогын эмч Н.Т нь тус эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн Г.Б-ын эрүүл мэндийн байдал, хийгдсэн эмчилгээний талаар болон тэрээр эзэмшсэн тусгай мэдлэг, мэргэшлийнхээ хүрээнд, хүн хулганы хор уусан тохиолдолд илрэх шинж тэмдгийн талаар мэдүүлсэн байх ба түүний мэдүүлэг нь  хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий байна.

       6.5. Хэргийг мөрдөн шалгах явцад хэргийн бодит байдлыг тогтоох зорилгоор хуульд заасан бүх арга хэмжээг авч, хийгдвэл зохих ажиллагааг бүрэн хийж гүйцэтгэсэн байх ба мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, энэ нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал бүхий зөрчил тогтоогдсонгүй.

       7. Шүүхээс шүүгдэгч Ч.О, Б.Ц нарт оногдуулсан ял шийтгэл нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал буюу тэдгээрийн гэмт санаа сэдэл, түүнийгээ хэрэгжүүлж гүйцэтгэсэн арга, үйлдэл, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ буюу гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Г.Б-ын эрүүл мэндэд хор уршиг учирсан байдал, шүүгдэгч нарын гэмт хэрэгт оролцсон оролцоо, хувийн байдалд тохирсон буюу шударга ёсны зарчмыг хангасан гэж дүгнэв.                  

        8. Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг  хүчингүй болгох, өөрчлөх хуульд заасан үндэслэл тогтоогдоогүй тул шүүгдэгч болон тэдгээрийн өмгөөлөгч нарын  гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

        9. Шүүгдэгч Ч.О, Д.Ц нар нь анхан шатны шүүх хуралдаанаас давж заалдах шатны шүүх хуралдаан хүртэл буюу 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүртэл цагдан хоригдсон нийт 126  /нэг зуун хорин зургаа/ хоногийг тус тус эдлэх ялд нь оруулан тооцох үндэслэлтэй байна.

    Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

       1. Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 2025/ШЦТ/36 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Ц-ийн өмгөөлөгч Л.Жавзмаа, Ө.Нарантуяа нарын хамтран гаргасан,  шүүгдэгч Ч.О, түүний өмгөөлөгч Д.Дамдинсүрэн нарын хамтран гаргасан  давж заалдах гомдлуудыг тус тус  хэрэгсэхгүй болгосугай.

      2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ч.О, Д.Ц нарын анхан шатны шүүх хуралдаанаас давж заалдах шатны шүүх хуралдаан хүртэл буюу 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 126 /нэг зуун хорин зургаа/ хоногийг тус тус эдлэх ялд нь оруулан тооцсугай.

       3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.  

 

 

                                              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Н.МӨНХЖАРГАЛ

                                                                     ШҮҮГЧ                               Ж.ОТГОНХИШИГ

                                                   ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Л. АЛТАН