Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2019/00761

 

2019 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2019/00761

 

 

А-, Б- нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ц.Ичинхорлоо, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 182/ШШ2019/00370 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: А-, Б- нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт холбогдох,

 

Гэм хорын хохирол буюу зээлийн хүүнд төлсөн 31 725 028 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Б-

Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч: Ж.Баярсайхан

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Я.Дамдинрагчаа

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Энхнаран нар оролцов.

 

Нэхэмжлэгч буюу нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А-, Б- нар нь 2013 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Б.Баасанцэцэгтэй Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг байгуулж, Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, Саруул тэнгэр 2, Да хүрээ гудамж, 103 дугаар байрны B-7 тоотын 49.81 м. кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг худалдан авахаар тохиролцож, улмаар Хаан банкнаас 2013 оны 07 дугаар сарын 02-ны өдөр орон сууцны ипотекийн зээлийг 20 жилийн хугацаатай, жилийн 8 хувийн хүүтэй, 60 000 000 төгрөгийн зээл авч, Б.Баасанцэцэгт 2013 оны 07 дугаар сарын 10-ны өдөр 54 000 000 төгрөгийг шилжүүлсэн.

Манайх худалдаж авсан орон сууцад 2013 оны 07 дугаар сарын 14-ний өдрөөс амьдарч эхэлснээс хойш 8 сарын хугацаанд биеэр зовиурлах, толгой өвдөх, даралт ихсэх болж худалдан авсан орон сууцны чанар нөхцөл байдал, хүний эрүүл мэндэд тохирохгүй байсан учраас эргэлзэж, уг орон сууцны дэлгэрэнгүй лавлагааг бүртгэлийн байгууллагаас авч үзэхэд худалдаж авсан орон сууц маань зургийн дагуу анх баригдаж, комиссын актаар ашиглалтанд орохдоо орон сууцны зориулалтынх биш болохыг олж мэдсэн.

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч Б.Эрдэнэсүрэнгийн 2013 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 02-07-89/830 тоот дүгнэлтээр орон сууцны зориулалттай ашиглаж болно гэсэн дүгнэлтийг үндэслэн улсын бүртгэгч Н.Батцэцэг нь Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, Саруул тэнгэр 2, Да хүрээ гудамж, 103 дугаар байрны B-7 тоотын 49.81 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай талбай-н зориулалтыг өөрчлөн орон сууц зориулалттаар бүртгэсэн гэдэг. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт уг орон сууцад хүн амьдрах боломжтой орон сууц мөн эсэх талаар удаа дараа хандаж, 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр 02-07-089/504 тоот дүгнэлтээр орон сууцны зориулалтаар ашиглах боломжгүй болох нь тогтоогдсон. Дээрх 2 өөр дүгнэлтийн аль нь зөв болохыг тогтоолгохоор тус газрын Мониторингийн албанд хандсан. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дарга, бүсийн улсын ахлах байцаагч Л.Эрдэнэчулуун хүсэлтийг хянаад 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 01-01/11 тоот шийдвэрээр 02-07-89/830 тоот дүгнэлтийг хүчингүй болгосон.

Иймд бид шүүхэд хандан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг цуцлах, гэрээний үнэд төлсөн 54 000 000 төгрөг болон гэрээнээс учирсан хохирлоо Б.Баасанцэцэгээс гаргуулахаар нэхэмжилсэн боловч шүүхээс 54 000 000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсний дагуу бид Б.Баасанцэцэгээс гэрээний үнэ болох 54 000 000 төгрөгөө буцаан авч, орон сууцыг нь түүнд хүлээлгэн өгсөн.

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч Б.Эрдэнэсүрэнгийн хууль бус дүгнэлтийн улмаас 2013 оны 6 дугаар сарын 25-ны өдөр нэхэмжлэгч А- нь орон сууц худалдан авах зорилгоор орон сууцны ипотекийн зээлийн гэрээг Хаан банктай байгуулсан бөгөөд шүүхийн шийдвэрийн үндсэн дээр Хаан банктай байгуулсан 20 жилийн хугацаатай Ипотекийн зээлийн гэрээ хаагдсан. Өнгөрсөн 5 жил гаруй хугацаанд бид Хаан банктай байгуулсан Орон сууцны ипотекийн гэрээний дагуу зээлийн хүүд нийт 31 725 028 төгрөг төлсөн нь нэхэмжлэгч нарт учирсан хохирол гэж үзэж байна. Учир нь бид орон сууц худалдан авсан гэж Ипотекийн гэрээний дагуу Хаан банкинд 62 сар зээлийн хүү төлж байгаад уг байраа буцаан өгч үндэслэлгүйгээр хохирсон нь бидэнтэй холбоотой биш, харин хариуцагч Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар түүний ажилтны хууль бус үйлдэлтэй шууд холбоотой юм.

Хэрэв Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч Б.Эрдэнэсүрэн нь хууль тогтоомжийг чанд сахиж, албан тушаалынхаа дагуу хүлээсэн үүргээ хуулийн хүрээнд биелүүлсэн бол бүртгэлийн байгууллага уг байрыг орон сууцны зориулалттай гэж бүртгэхгүй байснаас гадна бид ч бас хууль бус орон сууц худалдан авч, орон сууцны ипотекийн зээлийн гэрээ байгуулж, зээлийн хүү төлж, хохирохгүй байх байсан.

Мөн 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдөр шинжээчийн зардалд төлсөн 300 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн боловч нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна.

Иймд гэм хорын хохиролд 31 725 028 төгрөгийг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар нь Б.Баасанцэцэгийн 2013 оны 05 дугаар сарын 20-нд гаргасан хүсэлтийн дагуу түүний Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, Саруул тэнгэр хороолол 2, 103 дугаар байрны B-7 тоот 49.81 м.кв үйлчилгээний зориулалтай талбайд батлагдсан удирдамжийн дагуу хяналт шалгалт хийж, Барилгын техникийн хяналтын улсын байцаагч Б.Эрдэнэсүрэн 2013 оны 05 дугаар сарын 22-ны өдөр 02-07-89/830 дугаартай улсын байцаагчийн Байрны ашиглалт, төлөв байдлын тухай дүгнэлт гаргасан.

Тухайн үед улсын байцаагч тухайн үл хөдлөх эд хөрөнгийн байгаа байдлын талаар дүгнэлт гаргасан бөгөөд Б.Баасанцэцэг нь уг үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө өмчлөх улсын бүртгэлийн гэрчилгээг Улсын бүртгэлийн ерөнхий газраас орон сууцны зориулалттай болгон гаргуулж авсантай ямар нэгэн холбогдолгүй юм. Б-, А- нар нь иргэн Б.Баасанцэцэгийн Улсын бүртгэлийн Y-2204047998 дугаартай орон сууцны гэрчилгээ, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2013 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 273441 тоот лавлагаа зэргийг үндэслэн 2013 оны 06 дугаар сарын 25-нд үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулж, дээрхи 2 өрөө орон сууцыг 54 000 000 төгрөгөөр худалдан авсан байдаг. Иргэн Б-, А- нар нь анх орон сууц худалдан хүлээж авсан үедээ эд хөрөнгийн доголдол байгаа эсэхийг мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээж авсан, нэхэмжлэгч нарын санаатай буюу илтэд болгоомжгүй хандсан, хууль тогтоомжид нийцсэн арга хэрэгслээр үүсч болох хохирлоос урьдчилсан сэргийлэх оролдлого хийгээгүйгээс өөрт нь гэм хор учирсан бол байгууллагыг хариуцлагаас чөлөөлж болно. Мөн нэхэмжлэгч нар нь ипотекийн зээлийн гэрээнд заасан үүргийн дагуу зээлийг тухайн орон сууцанд амьдрах хугацаандаа төлж ирсэн учраас гэрээтэй холбогдсон гэм хор учруулснаас үүсэх үүргийг талууд хариуцах үүрэгтэй бөгөөд энэхүү гэм хорын асуудалд төрийн байгууллага хамаарахгүй.

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдөр нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг тус газрын Барилгын техникийн хяналтын улсын байцаагч Б.Сүхбаяр хяналт шалгалт хийж, Мэргэжлийн хяналтын газрын даргын 2015 оны 505 тоот тушаал Мэргэжлийн хяналтын байгууллагын чиг үүрэгт хамааралгүй асуудал тул дүгнэлт гаргах боломжгүй тухай мэдэгдэж, амьдрах орчноо сайжруулахыг зөвлөсөн байдаг. Мөн 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Б- дахин гомдол гаргаж, Барилга техникийн хяналтын улсын ахлах байцаагч Б.Эрдэнэсүрэн Газрын дэд даргын 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдөр баталсан 02-02/227 дугаартай төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийх тухай удирдамжийн дагуу 2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр иргэн Б-, А- нарыг байлцуулан тус байранд үзлэг шалгалт хийж, 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр 02-07-089/504 дугаартай Байрны өрөө, тасалгааны ашиглалтын байдлын тухай дүгнэлт гаргасан. Барилгын техникийн хяналтын улсын байцаагч Г.Вандандэмид 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдөр гаргасан шинжээчийн дүгнэлтэндээ дээрхи улсын байцаагчийн гаргасан дүгнэлтийг үндэслэсэн. Мөн Барилгын техникийн хяналтын улсын байцаагчийн 2013 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 02-07-89/830 дугаартай Байрны ашиглалт, төлөв байдлын тухай дүгнэлтийг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга, Бүсийн улсын ахлах байцаагч Л.Эрдэнэчулуун 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 01-01/11 тоот шийдвэрээр хүчингүй болгосон.

Түүнчлэн нэхэмжлэгч нар нь ипотекийн гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу үндсэн зээл, зээлийн хүүгийн төлбөр, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт нийтдээ 29 713 028 төгрөг төлж, зээлийн гэрээ 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдрөөр цуцлагдаж, хаагдсан байна. Энэхүү орон сууцны ипотекийн зээлийн гэрээтэй холбогдсон гэм хорын хохирол гэж үзээд байгаа асуудал нь нэхэмжлэгч нарын зээлийн гэрээгээр хүлээсэн үндсэн зээл, зээлийн хүүгийн төлбөр, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг төлж, тухайн орон сууцанд амьдарч байсан 5 жилийн хугацааны зардал, гэрээнд заагдсан үүргээ гүйцэтгэх нь тухайн иргэний үүрэг, Хаан банк иргэнд үйлчилгээ үзүүлсний төлөө, орон сууцны ипотекийн зээлийн төлбөрөө авах нь түүний үүрэг, хоёр тал үүргээ биелүүлж байгаа асуудлыг төрийн байгууллагын улсын байцаагчийн акттай холбох шалтгаант холбоо байхгүй гэж үзэж байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Нийслэлийн мэргэжлийн хяналтын ерөнхий газраас 29 236 919 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А-, Б- нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2 488 109 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч нь шинжээчийн зардалд төлсөн 300 000 төгрөг гаргуулах нэмэгдүүлсэн шаардлагаасаа татгалзсан болохыг дурдаж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 326 230 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, Нийслэлийн мэргэжлийн хяналтын ерөнхий газраас 304 134 төгрөгийг гаргуулж А-, Б- нарт олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна.

БЗД-ийн 19 дүгэзр хороо, Саруул тэнгэр 2 /13262/, Да хүрээ гудамж 103 дугаар байрны 3-7 тоот орон сууцыг анх худалдан хүлээж авах үедээ тус орон сууц нь барилгын 1 давхараас доош байрладаг тул түүний зохион байгуулглт нь хүн бүрт илт тодорхой байсныг нэхэмжпэгч нар нь мэдсэн буюу мэдэх боломжтой байхад тус орон сууцыг хүлээж авсан нь Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-д зааснаар эд хөрөнгө хүлээж авах үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээн авсан. Мөн нэхэмжлэгч Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1, 254.6 дахь хэсэгт зааснаар гомдол гаргах эрхтэй хэдий ч хугацаанд нь гаргаагүй тул мөн хуулийн 498 дугаар зүйлийн 498.3 дахь хэсэгт байгууллагыг хариуцлагаас чөлөөлж болно гэж заасан.

Мөн тус газрын Дэд бүтцийн хяналтын хэлтсийн Барилгын хяналтын улсын ахлах байцаагч Б.Эрдэнэсүрэнгийн 2013 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 02-07-89/830 дугаартай улсын байцаагчийн "Байрны ашиглалт,төлөв байдлын тухай" дүгнэлтийг 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 02-01/11 дугаартай Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга, улсын ахлах байцаагчийн шийдвэрээр хүчингүй болгосон. Мөн 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 02-07-383/03 шинжээчийн дүгнэлтээр тус байрыг "... хүн амьдрах, сууцын зориулалтаар ашиглах боломжгүй байна" гэсэн. Дээрхээс үзэхэд улсын ахлах байцаагч Б.Эрдэнэсүрэнгийн гаргасан дүгнэлт нь холбогдох хууль, дүрэм журмыг зөрчин гарсан байх тул Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.11 "улсын байцаагч хийсэн хяналт, шалгалт, гаргасан дүгнэлт, бичсэн танилцуулга, албан шаардлага тоо баримтын үндэслэл. нотолгооны үнэн зөвийг бүрэн хариуцна" гэж заасны дагуу улсын ахлах байцаагч Б.Эрдэнэсүрэн нь өөрийн гаргасан 2013 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 02-07-89/830 дугаартай дүгнэлтээс үүдэн гарсан бусдад учруулсан хохирлыг бүрэн хариуцах үүрэгтэй буюу нэхэмжлэгчдэд учруулсан хохирлыг хариуцах ёстой байтал Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас гаргуулахаар шийдвэрлэсэн нь шүүх хуулийг зөв хэрэглээгүй, хэргийн нотлох баримтуудыг бодитой үнэлээгүй, хууль зөрчсөн шийдвэр гаргасан гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч А-, Б- нар нь хариуцагч Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт холбогдуулан гэм хорын хохиролд 31 725 028 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Иргэн Б.Баасанцэцэгээс гаргасан өргөдлийн дагуу 2013 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Мэргэжлийн хяналтын улсын байцаагч Б.Эрдэнэсүрэн нь 02-07-89/830 тоот Байрны ашиглалт, төлөв байдлын тухай дүгнэлт гаргасан байх ба уг дүгнэлтийг үндэслэн Б.Баасанцэцэг нь 2013 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, Саруул тэнгэр 2 /13261/, Да хүрээ гудамж 103 дугаар байрны В-7 тоот орон сууцны зориулалттай 49.81 м.кв талбайтай 2 өрөө үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр улсын бүртгэлийн Ү-2204047998 дугаарт бүртгүүлж, 000248848 тоот үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ авсан.

 

Нэхэмжлэгч А- нь уг 2 өрөө орон сууцыг иргэн Б.Баасанцэцэгээс худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр 54 000 000 төгрөгөөр худалдан авч улмаар 2013 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлд өмчлөгчөөр бүртгүүлж, гэрчилгээ авсан, А-, Б- нар нь 2013 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Хаан банк ХХК-тай Орон сууцны ипотекийн зээлийн гэрээ байгуулж, 60 000 000 төгрөгийг зээлж, мөн өдрөө уг орон сууцыг зээлийн гэрээний үүрэгт барьцаалж барьцааны гэрээг тус тус байгуулжээ. Уг зээлээс 54 000 000 төгрөгийг худалдах, худалдан авах гэрээний үнэд Б.Баасанцэцэгт шилжүүлсэн.

 

Нэхэмжлэгч нар нь дээрх орон сууцанд амьдарч байх хугацаандаа буюу 2016 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт хандаж дээрх орон сууцад дүгнэлт гаргуулахаар хүсэлт гаргасны дагуу 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагчийн 02-07-089/504 тоот дүгнэлт гаргасан байх ба уг дүгнэлтээр ...103 дугаар байрны В давхарын ариун цэврийн өрөөнөөс бусад өрөө тасалгааны агаар сэлгэлт муу, өрөө тасалгаа чийгтэй, бохир усны шугам жигд ажиллагаагүй, байгалийн гэрэлтүүлэг хангалтгүй байгаа нь Барилгын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.5 дахь заалтын шаардлагыг хангаагүй гэжээ.

 

Улмаар нэхэмжлэгч Б- нь Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын улсын ахлах байцаагчид хандаж 2013 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 02-07-89/830 тоот Байрны ашиглалт, төлөв байдлын тухай улсын байцаагчийн дүгнэлтийг хүчингүй болгуулах хүсэлтийг гаргасныг Нийслэлийн мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагчийн 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Улсын байцаагчийн шийдвэрийг хүчингүй болгох тухай 01-01/11 тоот шийдвэрээр уг дүгнэлтийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна. /хх-ийн 34-35/

 

Нэхэмжлэгч нар нь Б.Баасанцэцэг, Н.Батхуяг нарт холбогдуулан Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг цуцалж, гэрээний үнэд төлсөн 54 000 000 төгрөг болон гэрээнээс учирсан хохирол 18 578 475 төгрөг, нийт 72 578 475 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 182/ШШ2018/00132 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 611 дүгээр магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 001/ХТ2018/01069 дүгээр тогтоолоор хариуцагч Б.Баасанцэцэгээс 54 000 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А-д олгож, нэхэмжлэлээс 18 578 475 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. /хх-ийн 11-13, 14-20 /

 

Мэргэжлийн хяналтын улсын байцаагч 2013 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 02-07-89/830 тоот Байрны ашиглалт, төлөв байдлын тухай дүгнэлтийг буруу гаргасны улмаас орон сууцны бус үйлчилгээний зориулалттай байх боломжтой зоорийн давхрын байрыг орон сууцны зориулалттай гэсэн ийм итгэл үнэмшил төрж, нэхэмжлэгч тал орон сууц худалдан авсан, уг орон сууц нь эд хөрөнгийн биет байдлын доголдолтой гэж үзэж, гэрээг цуцалсан үйл баримт шүүхийн шийдвэрээр тогтоогдсон.

 

Нийслэлийн мэргэжлийн хяналтын улсын байцаагч нь ажил үүргээ гүйцэтгэх явцдаа дүгнэлт буруу гаргасан нь Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2 дахь хэсэгт заасан төрийн албан хаагчийн хууль бус үйлдэлд хамаарна. Тодруулбал, хариуцагч байгууллагын албан хаагч буруу дүгнэлтийг гаргасны улмаас нэхэмжлэгч орон сууцны бус зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө худалдан авч, цаашид цаашид уг гэрээнээсээ татгалзсан, үүний улмаас банкны зээлд хүү төлж, алдагдал үүссэн байх тул гэм хорын хохиролд хамаарах бөгөөд төрийн албан хаагчийн үйлдэл, үүссэн хохирлын хооронд шалтгаант холбоотой байна.

 

Харин анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүйгээс хохирлын хэмжээг буруу тооцсоныг давж заалдах шатны шүүхээс хэрэгт авагдсан баримтад үндэслэн залруулах боломжтой байна.

 

Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1 дэх хэсэгт эд хөрөнгөд учруулсан бодит хохирол буюу алдагдлыг нөхөн төлөх гэм хорыг арилгахаар заасан.

 

Хаан банкны тодорхойлолтод заагдсан хүү нь нэхэмжлэгчийн худалдан авсан байрны бодит үнээс илүү үнийн дүнд төлсөн байх тул хохирлын хэмжээг шууд эргэлзээгүйгээр тогтоох баримт биш юм. Иймд ипотекийн зээлийн гэрээг талуудын тайлбартай харьцуулан дүгнэж болно.

 

Гэм хор учирсан хугацаа нь ипотекийн зээл авсан 2013 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөс зээлийн үүрэг дуусгавар болсон 2018 оны 10 дугаар сарын 13-ны өдрийг хүртэлх 5 жил 2 сар болж байна. Зээлийн гэрээний хүү жилийн 8 хувь байх тул хохирол 22 320 000 төгрөгөөр тодорхойлогдож байна.

 

Иймд 22 320 000 төгрөгийг хохиролд тооцож, хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 9 405 028 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 182/ШШ2019/00370 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын 29 236 919 /хорин есөн сая хоёр зуун гучин зургаан мянга есөн зуун арван ес/ төгрөгийг гэснийг 22 320 000 /хорин хоёр сая гурван зуун хорин мянга/ төгрөгийг гэж, 2 488 109 /хоёр сая дөрвөн зуун наян найман мянга нэг зуун ёс/ төгрөгт гэснийг 9 405 028 /есөн сая дөрвөн зуун таван мянга хорин найман/ төгрөгт гэж,

3 дахь заалтын 304 134 төгрөгийг гэснийг 269 550 төгрөгийг гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Ц.ИЧИНХОРЛОО

 

Э.ЗОЛЗАЯА