Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 2025/ДШМ/33

 

С.Б-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

    Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Алтан даргалж, шүүгч Н.Мөнхжаргал, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Отгонхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанд:

   прокурор Ц.Нэргүй, шүүгдэгч С.Б, түүний өмгөөлөгч Б.Лхагважав /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Мөнх-Эрдэнэ нарыг оролцуулан,

    Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалж явуулсан шүүх хуралдааны 2025 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 2025/ШЦТ/98 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Лхагважавын  давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, С.Б-д холбогдох, 2535000270042 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 5 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

       Монгол Улсын иргэн, Б ургийн овогт С-ийн Б,

Холбогдсон хэргийн талаар:

      1.Шүүгдэгч С.Б нь 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр согтуурсан үедээ Увс аймгийн х сумын х багт иргэн Б.Ц-г  зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

     2. Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Нэргүйгээс шүүгдэгч С.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, эрүүгийн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

      3. Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 2025/ШЦТ/98 дугаар шийтгэх тогтоолоор:

      - шүүгдэгч Б ургийн овогт С-ийн Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

    - Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б-г 900 /есөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900,000 /есөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж,

     - Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн 2023 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 261 дугаартай захирамжийг буюу шүүгдэгч С.Б-д хяналтын хугацаа тогтоосныг хүчингүй болгож;

    - Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.9 дүгээр зүйлийн 1, 2, 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасныг баримтлан шүүгдэгч С.Б-д энэхүү шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялын 15 нэгжийг хорих ялын 1 хоногоор дүйцүүлэн нийт 60 хоногийн хорих ялаар сольж, эдлээгүй үлдсэн 3 жил 4 сар 15 хоногийн хорих ял дээр нэмж нэгтгэн, нийт эдлэх хорих ялыг 3 /гурав/ жил 6 /зургаа/ сар 15 /арван тав/ хоногийн хугацаагаар тогтоож,

    - Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч С.Б-д оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж,

      - шүүгдэгч С.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах болон хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг энэ мөчөөс эхлэн өөрчилж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч,

     - шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хохирол, хор уршиггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

     4. Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Лхагважав давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол, шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэж энэхүү гомдлыг гаргаж байна. Үүнд:

     Хэргийн хохирогч Б.Ц нь шүүхийн шатанд удаа дараа “С.Б намайг цохиогүй, харин намайг зодож гэмтэл учруулсан гэх Б.М-ыг хэрэгт холбогдуулан шалгаж өгнө үү. Намайг зодсон хүн нь Б.М байсан. Би архи ууж чаддаггүй тул тасарсан байсан. С.Б намайг зодоогүй харин түлхэж унагасан хүн нь Б.М гэж байгаа. Би С.Б ахыг гүтгэсэндээ маш их харамсаж байна” гэж мэдүүлсэн.

      Миний үйлчлүүлэгч С.Б нь би хүний өмнөөс хэрэг үүрэх гэж байгаад, энэ хэрэгт холбогдсондоо гомдолтой байна гэж мэдүүлдэг. Хохирогч Б.Ц мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгээсээ буцаж, Б.М зодсон талаар мэдүүлснийг анхан шатны шүүх анхаарч үзэхгүй орхигдуулсан.

     Энэ нь шинээр илэрсэн нөхцөл байдал гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байгаа. Миний үйлчлүүлэгчийн хувьд тухайн үед би зодоогүй, өөр хүний өмнөөс би ял шийтгэл хүлээж байна гэдэг зүйлийг ярьдаг.

     Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан тухайн гэмт хэргийг хэн, хэзээ, хаана үйлдсэн гэдэг нөхцөл байдал тогтоогдоогүй учраас энэ хэргийг мөрдөн байцаалтад буцааж, гэмт хэрэг үйлдсэн Б.М-ыг татан шалгаж өгнө үү гэсэн байр суурьтай давж заалдах гомдол гаргасан бөгөөд гаргасан гомдлоо дэмжиж байна.

    Хэргийг өөр хүн үйлдсэн гэх асуудал гарч байгаа бөгөөд тухайн хэрэгт ач холбогдолтой мэдүүлэг өгөх боломжтой тухайн үед эрүүл байсан гэх гэрчүүдийг огт байцаагаагүй байдаг.

      Энэ хэргийг хэн үйлдсэн болох нь тодорхойгүй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэж байна.

      Иймд Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 98 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж өгнө үү” гэжээ.

       5. Шүүгдэгч С.Б давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Энэ хэрэг гарах үед  олон хүн байсан бөгөөд Д.Ц-ийн нөхөр Р.Т, түүний найз Р.Х, түлхэж унагасан Б.М нар бүгд эрүүл байсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад эдгээр хүмүүсээс мэдүүлэг  аваагүй.

     Согтуу тасраад уначихсан байсан манай төрсөн ах С.Р-с мэдүүлэг авсан. Мөн согтуу байсан хүүхнээс бас мэдүүлэг авсан, бусад хүмүүсээс нэг ч мэдүүлэг аваагүй, би үүнийг нэг талыг барьсан гэж бодож байна.

      Би ийм байдалд хүрнэ гэж бодоогүй байсан, гэтэл ял авч байна. Иймд би гомдолтой байгаа.

     Миний хувьд хэрэг хийгээгүй. Эрүүл байсан 3 хүнээс 1 нь түлхэж унагаасан, 2 нь харж байсан нөхцөл байдал байгаа” гэв.

       6. Прокурор Ц.Нэргүй давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар мөрдөгчийн цуглуулж бэхжүүлсэн, мөн хуулийн 8 дугаар зүйлд зааснаар шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан хохирогч Д.Ц-ийн “С.Т нь гэрийн хаалганы ойролцоо зогсож байгаад намайг гэр рүү татаж оруулаад миний уруул хэсэгт 1 удаа цохиод, халааснаасаа хутга гаргаж ирж байх үед нь хажууд байсан хүмүүс С.Т-ыг барьж авахад би гараад зугтаачихсан юм гэх мэдүүлэг, мөн дахин өгсөн “миний урд өгсөн мэдүүлэг үнэн зөв, нэмж ярих зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг,

      гэрч Ц.О-ийн “С.Б нь Д.Ц-д хандаж ахын дүү яагаад байгаа юм бэ гэж уурлаж, Д.Ц-ийн нүүр хацар хэсэгт нь 1  удаа цохих шиг болсон” гэх мэдүүлэг,

       гэрч Ц.О-ийн “Д.Ц-ийн хацар, амнаас цус гарсан, тэнд байсан хүмүүс салгаж авах шиг болсон” гэх мэдүүлэг,

     гэрч С.Р-ийн “миний төрсөн дүү С.Б нь бэр Д.Ц-тай барьцалдчихсан байсан, удаагүй байтал Б.Ц намайг цохичихлоо гээд гараад явчихсан” гэх мэдүүлэг,

      шинжээчийн 72 дугаартай “Д.Ц-ийн биед дээд уруулын зүүн талын салстад, дээд уруулын гадна зүүн хэсэгт ялзарсан шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо” гэх дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар дээрх гэмт хэрэг үйлдэгдсэн болох нь нотлогдон тогтоогдсон.

     Анхан шатны шүүх нотлох баримтаар тогтоогдсон үйл баримтад дүгнэлт хийж С.Б-ын хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хохирол хор уршгийн байдлыг харгалзан үзэж түүнд 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900,000 төгрөгийн торгох ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас хугацаанаас өмнө тэнсэн сулласан ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9, 6.12 дугаар зүйлд зааснаар нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг тогтоосон нь хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэж байна.

    Хохирогч нь анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт, мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн 2 удаагийн мэдүүлгээс буцсан. Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгээсээ өөр мэдүүлэг өгч байгаа нь шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой гэж дүгнэж байгаа. Үүнийг шүүх бүрэлдэхүүнийг анхаарч үзэхийг хүсэж байна.

      Мөрдөн байцаалтын шатанд болон прокурорын шатанд шүүгдэгчийн зүгээс хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээр хүсэлт гаргаж байсан.

        Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар Б.М гэдэг хүн энэ хэрэгт ямар ч хамааралгүй болох нь тогтоогдож байгаа. Мөн хохирогч тухайн цаг хугацаанд тасарсан гэх үйл баримт тогтоогдоогүй болно.

       Иймд анхан шатны шүүхийн 2025 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 98 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх үндэслэлтэй гэж дүгнэж  байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

       1. Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 2025/ШЦТ/98 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Лхагважавын гаргасан гомдлыг үндэслэн, шүүгдэгч С.Б-д холбогдох, 2535000270042 дугаартай эрүүгийн хэргийг давж заалдах журмаар хэлэлцэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав. 

      2. Шүүгдэгч С.Б нь 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр согтуурсан үедээ Увс аймгийн Улаангом сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байх С.Р-ийн гэрт иргэн Б.Ц-г хувийн таарамжгүй харилцааны улмаас зодож,  эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд: 

        - хохирогч  Д.Ц-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр өгсөн: “...Би 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр гэртээ нөхөр хүүхдүүдийн хамт байтал манай хадам аавын төрсөн дүү С.Т гэх хүн миний 90093763 дугаарын утас руу хадам аав С.Р-ийн 99450885 дугаартай утсаар залгаад “би танай хадам аавынд байна, хүрээд ир ярих юм байна. Ирэхдээ нэг шил архи аваад ир” гэж хэлээд миний данс руу 35,000 төгрөг шилжүүлсэн. Би нөхөр Р.Т болон өөрийн хүүхдүүд Т.Б /2 настай/, Т.А /7 настай/ нарын хамт гэрээсээ гарч дэлгүүр ороод нэг шил 0,75 литрийн савлагаатай “Ерөөл” гэх архи, 2,5 литрийн савлагаатай “Сэрүүн” гэх пиво  аваад хадам аав С.Р-ийнд очиход С.Т, хадам аав С.Р, мөн Н гэх эмэгтэй болон өөр нэг үл таних эмэгтэй, бас нэг үл таних эрэгтэй хүн, нийт 5 хүн байсан юм.

     Бид нар авч очсон архи пивоо оруулж өгөхөд архиа ууж дуусгачхаад намайг дахиад архи аваад ир гэж хэлэхээр нь би чадахгүй гэж хэлсэн чинь С.Т нь над руу архины шил, цайны данх авч шидээд байсан. Би айгаад хоёр хүүхдээ дагуулаад гараад явчихсан чинь манай охин Т.А нь би ороод аавыг дагуулаад гараад ирье гэж хэлж орчихоод удаад байхаар нь би араас нь хаалгаар шагайтал С.Т нь гэрийн хаалганы ойролцоо зогсож байгаад намайг гэр рүү татаж оруулаад миний уруул хэсэгт нэг удаа цохиод халааснаасаа хутга гаргаж ирж байх үед хажууд байсан хүмүүс С.Т-ыг барьж авахаар нь би гараад зугтаачихсан юм” гэх мэдүүлэг /хавтаст хэргийг 13 дугаар тал/,

      - хохирогч Б.Ц-ийн 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдөр дахин өгсөн: “...Миний урьд өгсөн мэдүүлэг үнэн зөв, надад урьд өгсөн мэдүүлэг дээрээ нэмж ярих зүйл байхгүй. Би гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршиг, хохирлыг тогтоолгохгүй, нэхэмжлэхгүй. С.Б нь манай хадам аавын дүү бөгөөд надаас уучлалт гуйж бид эвлэрсэн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийг 15 дугаар тал/,   

      - гэрч С.Р-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Тухайн өдөр би гэртээ ганцаараа нэг шил 0,75 литрийн савлагаатай “Ерөөл” гэх архинаас уугаад сууж байтал манай гэрт манай төрсөн дүү С.Б, мөн С.Б-тай хамт Н гэх эмэгтэй, бас Н-ийн найз гэх эмэгтэй, бас нэг танихгүй эрэгтэй нийт дөрвөн хүн манай гэрт халамцуу орж ирцгээсэн.

      Би тэд нарт ууж байсан архинаасаа хийж өгөөд дуусгачхаад байж байтал гаднаас манай бага хүү Р.Т түүний эхнэр Д.Ц, тэдний хоёр хүүхэд орж ирсэн. Түүнээс хойш 30-40 минут орчмын дараа манай гэрт маргаан болоод миний төрсөн дүү С.Б бэр Б.Ц нар барьцалдаад авчихсан байсан бөгөөд удаагүй байтал Б.Ц нь намайг цохичихлоо гээд гараад явчихсан. Яг цохиж байхыг нь би хараагүй. Б.Ц манай гэрт орж ирэхдээ ямар нэгэн гэмтэл шархгүй байсан. Би гэртээ унтаад маргааш нь бэртэйгээ уулзахад уруул хэсэгтээ оёдол тавиулсан байсан бөгөөд миний уруул руу С.Б өчигдөр танай гэрт цохиод тэрнээс болж би эмнэлэгт очиж,  5 ширхэг оёдол тавиулаад ирж байна гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийг 17 дугаар тал/,

      - гэрч Ц.О-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр 17 цаг өнгөрч байхад би өөрийн найз Ц.Н-тэй хамт Улаангом сумын 9 дүгээр баг байрлах  “Тэс арвижих” хүнсний дэлгүүрийн ойролцоо уулзсан. Би Ц.Н-тэй уулзахад тэр ганцаараа нэлээд архи уусан байдалтай байсан. Надад “манай нэг найзын хамаатны охин өнгөрчихлөө, хамт яваад нэг эргээд ирье” гэж хэлсэн. Ц.Н бид хоёр “Н” гэх хүнсний дэлгүүрээс хоёр, хоёр лааз пиво аваад замдаа н.Нямдоржийн автомашинд ууж дуусаад Ц.Н-ийн очих гэж байсан айлд хүргүүлсэн.

       Бид нар С.Р гэх айлд очсон бөгөөд тухайн хүн гэртээ ганцаараа архи уугаад сууж байсан. С.Б гадна байсан гэрээсээ орж ирсэн. Бид нарт архи хийж өгөөд бид нар уугаад сууж байтал гаднаас С.Р-ийн хүү, бэр гэх хоёр хүн хүүхдүүдтэйгээ хамт орж ирсэн. Бид нарыг архи ууж байхад С.Р-ийн бэр нь гэрээс гараад явчихсан. Түүнийг явсны дараа С.Б нь “бэр яагаад ахыгаа тоохгүй гараад явчихдаг юм” гэж хэлээд сууж байсан ба тухайн үед бид нар түүнийг эргээд ороод ирэх байх гэж хэлээд байж байтал удалгүй  Б.Ц нь гаднаас гэрт орж ирсэн. Тэр үед С.Б нь Д.Ц-д хандаж “ахын дүү яагаад байгаа юм” гэж хэлээд уурлаж, Д.Ц-ийн нүүр, хацар хэсэгт гараараа нэг удаа цохих шиг болсон. Тэр үед Д.Ц-ийн хацар, амны хэсгээс цус гарсан бөгөөд тэнд байсан хүмүүс салгаж авч байх шиг байсан. Тухайн үед би архи уучихсан халамцуу байсан болохоор энд хэрүүл маргаан гарлаа гэж бодоод гэрээс гараад явсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийг 21 дүгээр тал/,

      - гэрч Ц.Н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... талийгаач найзынхаа аавыг эргэх гэж Улаангом сумын 6 дугаар багт байх С.Р-ийн гэрт очсон. Тэдний хашаанд Т буюу С.Б-ын гэр хамт байдаг бөгөөд С.Р ахын гэрт очиход гэртээ ганцаараа байсан. Бид нар тэднийд архи ууж байтал Р.Т, түүний эхнэр хүүхдүүд гаднаас орж ирж байсан. Тухайн үед би нэлээд согтсон байсан бөгөөд тэр хүмүүстэй хамт архи ууж байсан ба цааш нь юу болсныг мэдэхгүй байна” гэх мэдүүлэг /хавтаст хэргийг 23 дугаар тал/,

      - Увс аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 72 дугаартай: “...Д.Ц-ийн биед дээд уруулын зүүн талын дотор салстад дээд уруулын гадна зүүн хэсэгт язарсан шарх, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Нэг доор үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь 1-2 хоногийн өмнө үүссэн байх боломжтой. Шинэ гэмтэл байна. Дээд уруулын зүүн талын дотор салстад, дээд уруулын гадна зүүн хэсэгт язарсан шарх, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул “Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журам”-ын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 30-31 дүгээр тал/ зэрэг нотлох баримтууд болно.

     3. Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь үнэлж, нотлох баримтаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч С.Б-ыг хохирогч Б.Ц-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон талаар хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

       4. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн, хэргийн үйл баримтыг зөв тогтоосон, тухайлбал, С.Б нь 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр ах С.Р-ийн гэрт байх үедээ хохирогч Д.Ц-аар архи авахуулах асуудлаас үүдэлтэйгээр хохирогчийн нүүр хэсэгт  цохисон үйл баримт тогтоогджээ.

      Шүүгдэгч нь хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсон нь хэргийн үйл баримтад нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, шүүхээс оногдуулсан ял шийтгэл нь шүүгдэгчийн гэм бурууд тохирсон байна.

      5. Шүүгдэгч С.Б-ын өмгөөлөгч Б.Лхагважавын давж заалдах шатны шүүхэд гаргасан: “...хохирогч Б.Ц нь шүүхийн шатанд удаа дараа С.Б намайг цохиогүй харин Б.М зодож гэмтэл учруулсан тул Б.М-ыг татаж шалгаж өгнө үү гэсэн мэдүүлэг өгснийг шүүх анхаарч үзээгүй тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж өгнө үү” гэх агуулга бүхий гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

    5.1. Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба  шүүгдэгчийн гэм буруугийн талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон хэргийн бодит байдалд нийцсэн, үндэслэл бүхий болсон гэж дүгнэв.

       Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.Ц нь “шүүгдэгч С.Б-ыг түүний эрүүл мэндэд халдсан талаар удаа дараа тодорхой, тогтвортой, агуулгын зөрүүгүй мэдүүлсэн байх ба түүний мэдүүлэгт тусгагдсан үйл баримтууд нь хэрэгт авагдсан гэрч нарын мэдүүлэг болон бусад бичгийн баримтуудаар давхар нотлогдсон байх тул хохирогчийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлгийг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтаар үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

      Харин хохирогч Б.Ц-ийн анхан шатны шүүх хуралдаанд гаргасан 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хадам аавынхаа гэрт очоод тухайн хүмүүстэй хамт архи уусан. Тэгээд С.Б ах чамайг цохичихлоо гэж хэлсэн. Намайг түлхэж унагасан хүн нь Б.М гэж хүн байгаа. Сүүлд хүмүүсээс сонссон. Би энэ хүнийг гүтгэсэндээ маш их харамсаж байна. Миний бие С.Б ахыг хэлмэгдүүлж, чирэгдэл учруулсандаа уучлалт гуйж байна” гэх мэдүүлэг нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдоогүй, хохирогч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад С.Б-ын эсрэг худал мэдүүлэг өгсөн гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.

      Нөгөө талаар, анхан шатны шүүх С.Б-ыг гэм буруутайд тооцохдоо дан ганц хохирогч Б.Ц-ийн мэдүүлгийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй байх бөгөөд хэрэгт авагдаж, яллах дүгнэлтэд тусгагдсан нотлох баримтуудад үндэслэн дүгнэлт хийсэн байна

          Мөн шүүгдэгч С.Б “би энэ гэмт хэргийг үйлдээгүй” гэж мэдүүлж байх боловч  шүүгдэгчийн мэдүүлэг нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдохгүй байх тул түүний мэдүүлгийг дангаар нь нотлох баримтаар үнэлэх боломжгүй.

       5.2. Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал бүхий зөрчил тогтоогдсонгүй.

       6. Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг  хүчингүй болгох хуульд заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Лхагважавын давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

    7. Харин анхан шатны шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байх ба энэхүү алдааг давж заалдах шатны шүүхээс зөвтгөн өөрчлөх хууль зүйн үндэслэлтэй байна.

      Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 3-т “хорих ялаас хугацаанаас өмнө суллагдсан хүн хяналтын хугацаанд түүнд хүлээлгэсэн үүргийг зөрчсөн бол прокурорын саналыг харгалзан шүүх хяналт тогтоосон шийдвэрийг хүчингүй болгож  эдлээгүй үлдсэн ялыг эдлүүлэхээр шийдвэрлэнэ” гэж, мөн хуулийн 6.12 дугаар зүйлийн 4-т “хорих ялаас хугацаанаас өмнө суллагдсан хүн хяналтын хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх эдлээгүй үлдсэн ял дээр шинээр үйлдсэн гэмт хэрэгт оногдуулсан ялыг энэ хуулийн 6.9 дүгээр зүйлд заасан журмаар нэмж нэгтгэнэ” гэж тус тус заажээ.

      Дээрх хуулийн зохицуулалтаас үзвэл, хорих ялаас хугацаанаас өмнө суллагдсан хүн хяналтын хугацаанд түүнд хүлээлгэсэн үүргийг зөрчсөн бол шүүх хяналт тогтоосон шийдвэрийг хүчингүй болгож эдлээгүй үлдсэн ялыг эдлүүлэхээр  харин хяналтын хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдвэл хяналтын хугацаа тогтоосон шийдвэрийг хүчингүй болгохгүйгээр шүүх эдлээгүй үлдсэн ял дээр шинээр үйлдсэн гэмт хэрэгт оногдуулсан ялыг энэ хуулийн 6.9 дүгээр зүйлд заасан журмаар нэмж нэгтгэхээр байна.

     Шүүгдэгч С.Б нь Баянгол дүүргийн шүүхийн 2013 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 88 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91.1 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.10 дахь хэсэгт зааснаар 25 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Булган аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн 88 дугаар захирамжаар С.Б-д шүүхээс оногдуулсан хорих ялыг Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялын хэмжээнд дүйцүүлэн биечлэн эдлэх ялыг 15 жилийн хугацаагаар тогтоож,  Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 261 дүгээр шүүгчийн захирамжаар түүний эдлээгүй үлдсэн 3 жил 4 сар 15 хоногийн хорих ялаас хугацаанаас өмнө суллаж, мөн хугацаагаар хяналтын хугацаа тогтоосон байна.

       Анхан шатны шүүх шүүгдэгч С.Б-ын эдлээгүй үлдсэн ялыг Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасныг баримтлан зөв нэмж нэгтгэсэн атлаа хяналтын хугацаа тогтоосон Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 261 дүгээр шүүгчийн захирамжийг хүчингүй болгосон нь буруу байх тул энэ үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж зөвтгөн шийдвэрлэлээ.

       8. Шүүгдэгч С.Б-ын анхан шатны шүүх хуралдаанаас давж заалдах шатны шүүх хуралдаан хүртэл буюу 2025 оны 4 дүгээр сарын 28-ны өдрөөс 2025 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хүртэл цагдан хоригдсон нийт 53 /тавин гурав/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох үндэслэлтэй байна.     

      Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

       1. Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 2025/ШЦТ/98 дугаар шийтгэх тогтоолын Тогтоох хэсгийн 3 дахь заалтыг: “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 4, 6.9 дүгээр зүйлийн 1, 2, 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т тус тус заасныг баримтлан шүүгдэгч С.Б-д энэхүү шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялын 15 нэгжийг хорих ялын нэг хоногоор дүйцүүлэн нийт 60 хоног хорих ял дээр өмнөх буюу Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүхийн шүүгчийн 2023 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 261 дүгээр захирамжаар тогтоосон эдлээгүй үлдсэн 3 жил 4 сар 15 хоног хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх хорих ялыг 3 жил 6 сар 15 хоногоор тогтоосугай” гэж өөрчлөн, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Лхагважавын давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

     2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч С.Б-ын анхан шатны шүүх хуралдаанаас давж заалдах шатны шүүх хуралдаан хүртэл буюу 2025 оны 4 дүгээр сарын 28-ны өдрөөс 2025 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хүртэл цагдан хоригдсон нийт 53 /тавин гурав/ хоногийг эдлэх ялд нь  оруулан тооцсугай.     

     3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

                                                                 ДАРГАЛАГЧ,

                                                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Л.АЛТАН

                                                                                              ШҮҮГЧИД                              Ж.ОТГОНХИШИГ

                                                                                                                     Н.МӨНХЖАРГАЛ