Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 210/ма2019/02175

 

 

 

 

 

 

 

 

 

 

Бэстремикон ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Наранцэцэг даргалж, шүүгч Ч.Цэнд, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 101/ШШ2019/02985 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Бэстремикон ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Ж.Анхтуяад холбогдох

 

Худалдах, худалдан авах гэрээг цуцалж, орон сууцнаас албадан чөлөөлүүлэх, хохиролд 13 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Болорчулуун,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Галтаа,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: О.Одонтуяа нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Гүн-Ирвэд болон түүний өмгөөлөгч Э.Болорчулуун нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэгч Бэстремикон ХХК нь хариуцагч Ж.Анхтуяатай Иргэний хуулийн 262 дугаар зүйлийг удирдлага болгон 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдөр орон сууцыг зээлээр худалдах, худалдан авах гэрээг байгуулан Аман хуур 2 хотхоноос 72.72 м.кв хэмжээ бүхий 3 өрөө орон сууцыг 177 000 000 төгрөгөөр хариуцагчид худалдахаар тохиролцсон. Гэрээ байгуулсан өдөр сонгосон орон сууцны урьдчилгаа болох 15 000 000 төгрөгийг нэхэмжлэгч талд төлсөн. Үүнээс хойш үлдсэн төлбөр, тооцоо болох 162 000 000 төгрөгийг орон сууцыг зээлээр худалдах, худалдан авах гэрээний хавсралт буюу зээлийн эргэн төлөх графикт заасны дагуу сар бүр хэсэгчлэн төлөхөөр тохиролцсон юм. Мөн хариуцагч нь гэрээ байгуулсан цагаас хойш энэхүү үүргээ биелүүлээгүй атлаа одоог хүртэл Бэстремикон ХХК-ийн өмчлөлийн орон сууцанд амьдарсаар байна. Энэ үйлдэл нь Иргэний хуулийн 264 дүгээр зүйлийн 264.1, 264.2, мөн орон сууцыг зээлээр худалдах, худалдан авах гэрээний 5 дугаар бүлгийн 5.3, 7 дугаар бүлгийн 7.1-д заасан үндэслэлүүдийг үүсгэж байна. Иймээс нэхэмжлэгч нь хариуцагчийг үүргээ зөрчсөн бурууг үндэслэн гэрээг цуцлуулах, орон сууцнаас албадан гаргуулах, учирсан хохирлоо гаргуулах хүсэлтэй байна. Хохирлоо шууд болон шууд бус хохирол гэж тооцуулах бөгөөд шууд хохирол нь орон сууцнаас албадан гаргуулсны дараа тухайн орон сууцыг дахин засварлах зардалд 1 500 000 орчим төгрөгийг зарцуулах үндэслэлтэй. Харин шууд бус хохирол нь нэхэмжлэгчийн олж болох байсан орлого, тодруулбал хэрэв нэхэмжлэгч нь тухайн орон сууцыг зээлээр бус худалдсан бол тэрхүү орлогоороо дахин өөр бизнесийн эх үүсвэр болгож болно. Хэрэв тухайн орон сууцаа бусдад хөлслүүлсэн бол нэг сарын 1 000 000 төгрөгөөр хөлслүүлэх бөгөөд өнөөдрийг хүртэл хамгийн багадаа 12 000 000 төгрөгийн орлого олох байсан. Мөн хариуцагч Ж.Анхтуяа нь орон сууц зээлээр худалдах, худалдан авах гэрээний 2 дугаар зүйлийн 2.5-д заасны дагуу гэрээнд заасан төлбөрийг 100 хувь төлж барагдуулсны дараа тус орон сууцны үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг авах эрхтэй байсан. Гэвч гэрээнд заасан төлбөр тооцоо 100 хувь хийгдээгүй учир тухайн орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн газраас гэрчилгээг гаргуулж аваагүй. Иймээс нэхэмжлэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй хариуцагчийг буруутай гэж үзэж, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 225 дугаар зүйлийн 225.1, 227 дугаар зүйлийн 227.1-д заасныг үндэслэн зохигчдын хооронд байгуулсан 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн орон сууцыг зээлээр худалдах,худалдан авах гэрээг цуцлуулах, хариуцагч Ж.Анхтуяаг Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Аман хуур 2 хотхоны 40 дүгээр байр, 101 тоот орон сууцаас албадан гаргуулах, хариуцагч Ж.Анхтуяагаас 13 500 000 төгрөгийг хохиролд тооцуулж гаргуулах шаардлага гаргаж байна гэжээ.

 

Хариуцагч Ж.Анхтуяа, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Галтаа, өмгөөлөгч Б.Нямхорол нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Иргэн Ж.Анхтуяа нь 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдөр орон сууц зээлээр худалдах, худалдан авах гэрээг Бэстремикон ХХК-тай байгуулж Аман хуур 2 хотхонд 72.72 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг худалдан авахаар тохиролцож урьдчилгаа 15 000 000 төгрөгийг төлж үлдэгдэл төлбөрийг гэрээний хавсралтанд заасан графикийн дагуу төлөхөөр харилцан тохиролцсон. Ж.Анхтуяа нь нийт төлбөл зохих 162 000 000 төгрөгөөс өнөөдрийн байдлаар ихэнх хэсгийг төлсөн бөгөөд гэрээний үндсэн хугацаа болох 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдөр хүртэл үлдэгдэл төлбөрийг графикийн дагуу төлж барагдуулах хүсэлтэй байгаа. Харин Бэстремикон ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Иргэний хуулийн 264 дүгээр зүйлийн 264.2, 225 дугаар зүйлийн 225.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэж хохирол нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Иргэний хуулийн 264 дүгээр зүйлийн 264.2 дахь хэсэгт заасан шаардах эрхийг хэрэгжүүлэх урьдчилсан нөхцлийн тухайд талууд Иргэний хуулийн 264 дүгээр зүйлийн 264.1 дэх хэсэгт заасны дагуу талууд гэрээнээс татгалзсан байхыг шаардана. Бэстремикон ХХК-ийн зүгээс гэрээнээс татгалзаж байгаа талаарх саналыг хариуцагч талд өнөөдрийг хүртэл ямар нэгэн байдлаар ирүүлээгүй бөгөөд татгалзсантай холбоотой эрх зүйн ач холбогдол бүхий үйлдлийг талуудын хэн хэн нь хийгээгүй. Иргэний хуулийн 204 дүгээр зүйлд гэрээнээс татгалзах журмыг тодорхойлсон бөгөөд нэхэмжлэгч Бэстремикон ХХК нь хуульд заасан журмын дагуу гэрээнээс татгалзаж байгаа талаар хариуцагч талд зохих ёсоор мэдэгдээгүй тул гэрээнээс татгалзсан гэж үзэх үндэслэлгүй юм. Нэгэнт 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн орон сууц зээлээр худалдах, худалдан авах гэрээнээс талуудын хэн хэн нь татгалзаагүй бөгөөд татгалзах талаар санал гаргаагүй тул нэхэмжлэгчийн зүгээс учирсан хохирлыг шаардах эрх үүсээгүй гэж үзэж байна. Шууд болон шууд бус хохиролд 13 500 000 төгрөгийг шаардаж байгаа нь үндэслэлгүй тухайд, нэхэмжлэгчийн зүгээс орон сууцыг дахин засварлуулах зардалд 1 500 000 төгрөгийг гаргуулах гэсэн шаардлагыг үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь, орон сууц зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргийн ихэнх хэсгийг хариуцагч Ж.Анхтуяа төлсөн бөгөөд тухайн орон сууцыг шударгаар эзэмшиж, ашиглаж байгаа. Орон сууцыг эзэмшиж ашиглаж байгаатай холбоотойгоор бодит элэгдэл хорогдол өнөөдрийн байдлаар тогтоогдоогүй бөгөөд орон сууцыг дахин засварлуулах зардалд 1 500 000 төгрөгийн зардал гарах талаар баримт байхгүй бөгөөд урьдчилан тогтоох боломжгүй нөхцөл юм. Мөн орон сууцыг хөлслүүлснээр олох боломжтой байсан орлого 12 000 000 төгрөгийг шууд бус хохирол гэж үзэж нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй юм. Учир нь тухайн орон сууцыг сарын 1 000 000 төгрөгөөр түрээслэх боломжтой байсан эсэх нь тогтоогдохгүй бөгөөд ийм хэмжээний орлогыг нэхэмжлэгч олох байсныг шүүхийн зүгээс тогтоох боломжгүй тул энэхүү үнийн дүнг хохирол гэж үзэх боломжгүй юм. Гэрээний үүрэг зөрчсөнөөс үүсэх хариуцлага түүнтэй холбоотой үүсэх хохирлын асуудлыг гэрээгээр тухайлан дээрх нөхцөл байдлаар талууд харилцан тохиролцоогүй тул нэхэмжлэгчийн шууд болон шууд бус хохиролд 13 500 000 төгрөгийг гаргуулах шаардлага илтэд үндэслэлгүй байна. Орон сууцнаас албадан гаргуулах тухайд, талуудын хооронд байгуулсан гэрээ болон хуулиар үүрэг гүйцэтгэгч нь төлбөр төлөх хугацаа хэтрүүлсэн тохиолдолд тухайн орон сууцнаас албадан гаргах тухай тохиролцоогүй тул энэхүү шаардлагыг мөн хүлээн зөвшөөрөхгүй байгаа болно. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 264 дүгээр зүйлийн 264.1, 264.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Бэстремикон ХХК, хариуцагч Ж.Анхтуяа нарын хооронд байгуулагдсан 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 211 тоот орон сууц зээлээр худалдах, худалдан авах гэрээг цуцалж, хариуцагч Ж.Анхтуяагийн эзэмшлээс Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, Аман хуур-2 хотхон 40 дүгээр байр 10 дугаар давхар 4 тоот хаягт байршилтай 3 өрөө орон сууцыг албадан чөлөөлж, нэхэмжлэлийн шаардлагаас 13 500 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1 338 600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.Анхтуяагаас 1 113 150 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Бэстремикон ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Галтаа давж заалдах гомдолдоо: ...Шүүх хэргийн ороцогчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн. Миний бие уг иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд иргэн Ж.Анхтуяагаас 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр шүүхэд төлөөлөх итгэмжлэл авч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчийг төлөөлөн оролцохоор болсон. Ингээд хариуцагч Ж.Анхтуяагийн хүсэл зоригийн үндсэн дээр Монголын хуульчдын холбооны гишүүн, өмгөөлөгч Б.Нямхоролыг хариуцагчийн өмгөөлөгчөөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулахаар болж, түүнтэй байгуулсан "Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ"-г 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн шүүх хуралдаан дээр гаргаж өгсний дагуу хуралд оролцуулсан. Улмаар өмгөөлөгч Б.Нямхорол нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчийн эрхээ эдэлж хэргийн материалтай танилцах хүсэлт гаргасан боловч шүүх хүсэлтийг хангахгүй орхисон атлаа түүнийг хавтаст хэрэгтэй танилцуулалгүйгээр шүүхийн мэтгэлцээнд хэргийн оролцогчийн хувиар оролцуулж шүүх хуралдааныг үргэлжлүүлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчлийг гаргасан. Мөн хуулийн 89 дүгээр зүйлийн 89.2 дахь хэсэгт заасан шүүх хуралдаан даргалагчийн үүргээ биелүүлээгүй үйлдэл болсноос гадна хэргийн оролцогчийн шүүхийн өмнө эрх тэгш байх, тэгш эрхтэйгээр мэтгэлцэх зарчмыг ноцтой зөрчлөө. Хэргийн оролцогчийн эрхийг ноцтой зөрчсөн болох нь хэрэг танилцуулсан тухай баримтанд өмгөөлөгч Б.Нямхоролын гарын үсэг зурагдаагүйгээс тодорхой харагдана. Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 104 дүгээр зүйлийн 104.1 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаан даргалагч нь хэргийн оролцогчдод хуульд заасан эрх, үүргийг тайлбарлах дэг үйлчилдэг атал ийнхүү эрх, үүргийг нь тайлбарлалгүйгээр шүүх хуралдааныг явуулсан нь анхан шатны шүүх хуралдааны дэгийг зөрчсөн үйлдэл болно.

Шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Шүүх Иргэний хуулийн 264 дүгээр зүйлийн 264.1, 264.2 дахь хэсгийг баримталсан атлаа мөн хуулийн 264 дүгээр зүйлийн 264.1 дэх хэсэгт "Талууд гэрээгээр авсан бүх зүйлээ харилцан буцааж өгөх үүрэгтэй" гэж заасныг зөрчиж, хариуцагч Ж.Анхтуяагийн нэхэмжлэгч "Бэстремикон" ХХК-д "Орон сууцыг зээлээр худалдах, худалдан авах гэрээ"-ний дагуу шилжүүлсэн 27 850 000 төгрөгийг буцаан олгохоор шийдвэрлээгүй нь Ж.Анхтуяагийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой хохироож байна. Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж хуульд нийцсэн шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцэхгүй байна.

 

Нэхэмжлэгч Бэстремикон ХХК нь хариуцагч Ж.Анхтуяад холбогдуулан худалдах, худалдан авах гэрээг цуцалж, орон сууцнаас албадан чөлөөлүүлэх, хохиролд 13 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

 

Талуудын хооронд 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдөр 211 дугаартай орон сууц зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, нэхэмжлэгч Бэстремикон ХХК нь Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, Аман хуур-2 хотхон 40 дүгээр байр 10 дугаар давхар 4 тоот хаягт байршилтай 3 өрөө орон сууцыг хариуцагчийн өмчлөлд шилжүүлэх, хариуцагч Ж.Анхтуяа нь орон сууцны үнэ 177 000 000 төгрөгийг хэсэгчлэн буюу гэрээ байгуулсан өдөр урьдчилгаа 15 000 000 төгрөг төлөх, үлдэх 162 000 000 төгрөгийг 72 сарын дотор жилийн 8 хувийн хүүтэй, сар бүр 2 550 000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөхөөр тус тус харилцан тохиролцсон байна. /хх 9-13/.

 

Дээрх гэрээний дагуу нэхэмжлэгчээс хариуцагчид орон сууц шилжүүлсэн, хариуцагч орон сууцны үнэд нийт 27 850 000 төгрөг нэхэмжлэгчид төлсөн болох нь зохигчдын тайлбар, хэргийн баримтаар тогтоогдож байна. /хх-16, 45/

 

Анхан шатны шүүх талуудын хооронд байгуулагдсан эрх зүйн харилцаааг зөв тодорхойлж Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт заасан зээлээр худалдах, худалдан авах гэрээ гэж дүгнэсэн зөв байна.

 

Шүүхийн талуудын хооронд байгуулагдсан зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргээ хариуцагч нь биелүүлээгүйгээс нэхэмжлэгч нь гэрээнээс татгалзах эрхтэй гэж дүгнэн Иргэний хуулийн 264 дүгээр зүйлийн 264.1, 264.2 дахь хэсэгт заасан зохицуулалтыг тайлбарлан зээлээр худалдах, худалдан авах гэрээг цуцалж, Ж.Анхтуяагийн эзэмшлээс гэрээний зүйл болох орон сууцыг албадан чөлөөлөхөөр шийдвэрлэсэн атлаа тухайн хуулийн зохицуулалтад нийцүүлэн шийдвэр гаргаж чадаагүй гэж үзэж байна.

 

Учир нь худалдан авагчийн худалдагчид шилжүүлсэн мөнгөн төлбөрийг хэрхэн шийдвэрлэсэн эсэх нь тодорхойгүйгээс гадна, худалдагчийн орон сууцыг тодорхой хугацаагаар эзэмшиж ашиглаж байсан, элэгдэл хорогдол зэргийг тодорхойлсноор тухайн хэргийг эцэслэн шийдвэрлэх нь тухайн маргаанд ач холбогдолтой байхад анхан шатны шүүхийн шийдвэрлээгүй асуудлаар давж заалдах шатны шүүх дүгнэлт хийх замаар залруулах боломжгүй.

 

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг тодорхой болгосноор талууд тухайн маргааны үйл баримтын талаарх нотлох баримтыг гаргаж мэтгэлцэх, улмаар шүүх шаардах эрхийн үндэслэл, түүнийг зохицуулсан хуулийн заалтыг оновчтой, зөв тайлбарлан хэрэглэх боломжтой болох юм.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан давж заалдах журмаар шүүх хэрэг хянан шийдвэрлэж буй зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй, хэргийг бүхэлд нь хянан үзэх эрх хэмжээний үндсэн дээр дээрх зөрчлийг залруулан, хэрэгт авагдсан нотлох баримтыг хүрээнд маргааны үйл баримтыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Хариуцагч тал 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчтэй оролцох хүсэлт гаргасныг шүүх хангаж шийдвэрлэснээр итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Ц.Галтааг оролцуулсан. Улмаар 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдөр товлогдсон шүүх хуралдааныг Ц.Галтаа нь эрүүл мэндийн шалтгааны улмаас дахин хойшлуулах тухай хүсэлт гаргасныг шүүх мөн хангаж шийдвэрлэсэн бөгөөд тухайн өдрөө 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн шүүх хуралдааны товыг мэдэгдсэн байна. /хх 36-39, 42, 48-49/

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Галтаа нь өмгөөлөгч Б.Нямхоролтой 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг байгуулсан байх ба шүүх хуралдаанд өмгөөлөгч Б.Нямхорол нь хэргийн материалтай танилцах боломжоор хангаж, шүүх хуралдааныг хойшуулах тухай хүсэлт гаргасныг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хариуцагч талын өмгөөлүүлэх эрхийг хязгаарласан гэж үзэхгүй болохыг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 101/ШШ2019/02985 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Галтаагаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 297 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.НАРАНЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД Ч.ЦЭНД

 

Д.ЦОГТСАЙХАН