Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 68

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Тэмүүжин,

Улсын яллагч Д.Энхтуяа,

Хохирогч *******,

Шүүгдэгчийн өмгөөлөгч И.Атарбямба,

Шүүгдэгч *******нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн*******т холбогдох эрүүгийн 1718002700008 дугаартай хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн,* *******/РД: *******/, 1973 оны 12 дугаар сарын 10-нд Дархан-Уул аймагт төрсөн, 44 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, *******цехийн захирал ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамтаар Дархан-Уул аймаг Дархан сумын ******* тоотод оршин суух албан ёсны бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч *******нь хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас 2017 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын Өргөө багт үйл ажиллагаа явуулдаг *******цехийн ажилтан ******* гурил зуурагч машинд гараа зүсэж эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Гэм буруугийн талаар

Хохирогч ******* нь 2017 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын Өргөө багт үйл ажиллагаа явуулдаг *******цехэд ажиллаж байгаад гурил зуурагч машинд гараа гэмтээж биед нь баруун гарын бугуй, шуун дахь нугалах шөрмөс, булчин мэдрэлийг гэмтээсэн гүн шархнууд бүхий хүндэвтэр хохирол учирсан болох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт

Шүүгдэгч*******ын өгсөн: 2017 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр би Улаанбаатар хотруу ажил гараад явсан байсан. Оройхон манай нэг ажилтан утсаар надад нэг ажилтан гурил зуурах машинд гараа гэмтээчихлээ гэж хэлсэн. Тухайн үед эмнэлгийн анхан шатны туслалцаа үзүүлсэн юм байна лээ. Тэгээд би хотоос ирээд *******ыг эмнэлэг дээр эргэж очсон. Эмнэлэгт хэвтэж эмчлүүлсний төлбөрт 145.000 төгрөг төлсөн. Эмнэлгээс гарахаар нь 200.000 төгрөг өгсөн. Мөн 1 шуудай гурил өгсөн. 20.000 төгрөгийн боолт, эм тариа авч өгсөн. ******* манайд ажилд ороод дагалдангаар 7 хоног л ажиллаж байсан. Хохирогчийн нийгмийн даатгал болон ажилгүй байсан хугацааны асуудлыг иргэний журмаар хохирогчтой тохиролцох байдлаар шийдвэрлэнэ. Манай цех нь тогтмол үйл ажиллагаа явуулдаггүй ба борлуулалтаасаа хамаарч үйл ажиллагаа явуулдаг гэх мэдүүлэг,

Хохирогч *******ын өгсөн: 2017 оны 9 дүгээр сарын 02-ны өдрөөс 2017 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр хүртэл *******үйлдвэрт печень хийдэг байсан. Би 12 цагийн үед зуурмагаа бэлдэж байсан. Уг гурил зуурагч машины хоёр талд хуурай гурил орчихдог. Тэгээд тэр хуурай гурилыг шпатлаар гаргадаг. Энэ үйлдлийг төхөөрөмжийг унтраахгүйгээр ажиллаж байхад нь хийдэг гэж надад анх зааж өгсний дагуу би төхөөрөмж ажиллаж байхад нь хуурай гурилыг авах гэж байгаад гараа гэмтээсэн. Тухайн үед хүн дуудах гэхэд ойр хавьд хүн байгаагүй учраас би сунаад товчлуур дартал шөрмөс тасраад гараад ирсэн. Эмнэлгийн төлбөр 145.000 төгрөгийг захирал төлсөн. 20.000 төгрөгийн боолт, эм тариа авахуулсан. Мөн бэлнээр 200.000 төгрөг, 1 шуудай гурил авсан. Захирал өөр нэмж нөхөн төлбөр төлөхгүй гэж хэлсэн. Би сард 350,000 төгрөгийн цалинтай ажиллаж байсан. Гараа гэмтээгээгүй байсан бол ажлаа хийгээд 1.000.000 төгрөгийн цалин хөлс бүхий орлого олох байсан. Тиймээс ажилгүй байсан 3 сарын хугацааны ажлын хөлс болох 1.000.000 төгрөгийг нэхэмжилж байна. Өөр гомдол санал байхгүй гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад:

Гэрч*******гийн өгсөн: 2017 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр ажлаа хийж байтал хамт ажилладаг ******* нөгөө өрөөнд юм хийж байснаа орилохоор нь юу болов гээд өрөө рүү нь яваад орсон. Тэгсэн ******* “гараа гурилын машинд авчихлаа” гэж хэлсэн. *******ын баруун гарын бугуйн хэсгээс цус гарч байсан. Хамт ажилладаг ******* гэдэг эгч *******ыг аваад эмнэлэг явсан. Гарынх нь шөрмөс тасарсан гэж байсан гэх мэдүүлэг /хх-ийн 14/,

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 1008 дугаартай “*******ын биед баруун гарын бугуйн шуун дахь нугалах шөрмөс, булчин мэдрэл гэмтээсэн гүн шархнууд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр зэргийн гэмтэл болно. *******ад учирсан гэмтэл нь цаашдын эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт хэрхэн нөлөөлөх нь эмчилгээ эдгэрэлтээс шалтгаална” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 26/, шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн гаргаж өгсөн гэрэл зураг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч *******нь Дархан-Уул аймгийн Дархан сумын Өргөө багийн нутагт дэвсгэрт “*******” нэртэй талх, нарийн боовны цех ажиллуулдаг ба ингэхдээ Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуульд заасан үүргээ биелүүлээгүй болох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт

Шүүгдэгч*******ын өгсөн: Би хөдөлмөрийн аюулгүй байдлын талаар мэдлэг муутай, бичгээр бус амаар аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгдөг байсан. Хөдөлмөр аюулгүй байдлын талаар ажилчиддаа сургалт оруулаагүй нь миний буруу. Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилгааг бичгээр өгөх ёстой гэдгийг ойлголоо гэх мэдүүлэг,

Хохирогч *******ын өгсөн: Гурил зуурагч машины хоёр талд хуурай гурил орчихдог. Тэгээд тэр хуурай гурилыг шпатлаар гаргадаг. Энэ үйлдлийг төхөөрөмжийг унтраахгүйгээр ажиллаж байхад нь хийдэг гэж надад анх зааж өгсний дагуу би төхөөрөмж ажиллаж байхад нь хуурай гурилыг авах гэж байгаад гараа гэмтээсэн гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад:

Гэрч *******гийн өгсөн: ******* нэртэй талх, нарийн боовны цех нь Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д зааснаар Мэргэжлийн хяналтын газарт хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхэлдэг 45010576 дугаартай иргэнээр бүртгэлтэй гэх мэдүүлэг /хх-ийн 15, 16/,

Гэрч *******ын өгсөн: Би Дархан-Уул аймгийн Дархан сумын 4, Өргөө багийг хариуцсан татварын улсын байцаагч юм. *******” нэртэй талх, нарийн боовны цех нь иргэн ******* нэр дээр үйл ажиллагаа явуулдаг, 2016 оноос хойш хувь хүний орлогын албан татвар төлж байгаа гэх мэдүүлэг /хх-ийн 17/,

Дархан-Уул аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 10/05 дугаартай “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг аж ахуйн нэгж, байгууллагын захирал /эзэн/, ажил олгогч шууд хариуцна” гэж заасан ба тус хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.8 “аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаархи мэдлэгийг жил бүр шалгах, аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөх, сургалтад хамрагдаагүй, зааварчилгаа аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх” гэсэн ажил олгогчийн үүрэг биелэгдээгүй. Ажилтныг аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалтад хамруулаагүй, зааварчилгаа өгөөгүй нь ослын үндсэн шалтгаан гэж үзэж байна.” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 30-31/,

Дархан-Уул аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 10-06-019/01 дугаартай “Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч дараах мэдээллийг маягтын дагуу цахим, эсхүл цаасан хэлбэрээр харъяалах нутаг дэвсгэр дэх хүнсний хяналт хэрэгжүүлэх төрийн байгууллага /цаашид хяналтын байгууллага гэх/-д мэдээлнэ...” гэж заасны дагуу Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг *******цехийн ажил олгогч нь Мэргэжлийн хяналтын байгууллагад Хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч иргэнээр бүртгэгдэж 450102576 дугаар авсан байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д “ажил олгогч” гэж хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажилтан авч ажиллуулж байгаа этгээдийг ойлгоно гэж зааснаар *******цехийг ажиллуулж байгаа ******* регистерийн дугаартай Баатар овогтой Болорыг ажил олгогч гэж үзнэ.” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 35/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгч*******ын *******цехийн үйл ажиллагааг эрхлэхдээ Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.8-д заасан “аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаархи мэдлэгийг жил бүр шалгах, аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөх, сургалтад хамрагдаагүй, зааварчилгаа аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх” үүргээ үл биелүүлэн аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалтад хамрагдаагүй *******ыг гурил зуурагч машин дээр ажиллуулсан, ингэхдээ аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөөгүй үйлдэл хохирогч *******ын биед учирсан гэмтэлтэй шууд шалтгаант холбоотой байна.

Иймд шүүгдэгч*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч *******ын биед баруун гарын бугуйн шуун дахь нугалах шөрмөс, булчин мэдрэл гэмтээсэн гүн шархнууд бүхий хүндэвтэр хохирол учирсан бөгөөд шүүгдэгч нь хохирогчийн эмчилгээний зардалд 365.000 төгрөг, 1 шуудай гурил өгсөн болох нь шүүгдэгч, хохирогч нарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүдээр нотлогдож байна.

Мөн хохирогч ******* нь “*******” цехэд сард 350.000 төгрөгийн цалинтай ажиллаж байсан тул шүүгдэгчээс ажилгүй байсан 3 сарын хугацаанд олох байсан орлого 1.000.000 /нэг сая/ төгрөг нэхэмжилж байна гэжээ.

Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж, 505.2-т “Гэм хор учруулах үед хохирогч цалин хөлс, орлогогүй байсан бол тэрээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүй хэмжээний нөхөн төлбөр шаардах эрхтэй” гэж тус тус заасан ба хохирогчийн биед түүний эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулсан хүндэвтэр хохирол учирч ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй болсон нөхцөл байдал тогтоогдсон тул 3 сарын хугацаанд олох байсан орлого нэхэмжлэх эрхтэй байна.

Гэвч “*******” талх нарийн боовны цех нь тогтмол үйл ажиллагаа явуулдаггүй ба ******* нь уг цехэд хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр байнга ажиллаж байсан гэж үзэх боломжгүй байна.

Иймд Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хорооны 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 04 тоот тогтоолоор тогтоосон хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 240.000 төгрөгөөр тооцож, хохирогчийн ажилгүй байсан 3 сарын хугацаанд олох байсан орлого 720.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан хохирогчид олгож, нэхэмжлэлээс 280.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

2. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч *******нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай, анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгч *******нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид эмнэлгийн болон бусад туслалцаа үзүүлж, учруулсан хохирлыг төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүгдэгч*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1-д зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч*******ын ажиллуулдаг *******цех нь тогтмол үйл ажиллагаа явуулдаггүй, борлуулалтаасаа шалтгаалан үйл ажиллагаагаа явуулдаг тул түүний орлого олох боломж, бусад нөхцөл байдлыг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зүйтэй гэж үзлээ.    

Шүүгдэгч *******нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.1, 36.2 дугаар зүйлийн 4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Иргэний хуулийн 497.1, 505.1, 505.2-т зааснаар шүүгдэгч*******оос 720.000 /долоон зуун хорин мянга/ төгрөг гаргуулж хохирогч *******ад олгож, иргэний нэхэмжлэлээс 280.000 /хоёр зуун наян мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч*******ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар*******т оногдуулсан 450.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

6. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч*******т өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Б.ИХТАМИР