| Шүүх | Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхамсүрэнгийн Алтан |
| Хэргийн индекс | 2535000100053 |
| Дугаар | 2025/ДШМ/34 |
| Огноо | 2025-07-08 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Ц.Нэргүй |
Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 07 сарын 08 өдөр
Дугаар 2025/ДШМ/34
Б.Т, З.Б, Д.Х нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Мөнхжаргал даргалж, ерөнхий шүүгч Л.Алтан, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Отгонхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд явуулсан шүүх хуралдаанд:
прокурор Ц.Нэргүй, шүүгдэгч Б.Т, З.Б, өсвөр насны шүүгдэгч Д.Х, шүүгдэгч нарын өмгөөлөгч Ө.Нарантуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Мөнх-Эрдэнэ нарыг оролцуулан,
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалж явуулсан шүүх хуралдааны 2025 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 2025/ШЦТ/102 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгч Б.Т, З.Б нарын давж заалдах гомдлыг үндэслэн, Б.Т, З.Б, Д.Х нарт холбогдох, 2535000100053 дугаартай, 2 хавтас эрүүгийн хэргийг 2025 оны 6 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Л.Алтангийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
- Монгол Улсын иргэн, И ургийн овогт Б-ын Т.
- Монгол Улсын иргэн, Ж ургийн овогт З-ийн Б.
- Монгол Улсын иргэн, С ургийн овогт Д-ийн Х.
1. Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Т, З.Б, Д.Х нар бүлэглэн 2024 оны 12 дугаар сарын 14-15-нд шилжих шөнө Увс аймгийн х сумын х багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “х” нэртэй бааранд хохирогч Д.О-г үл ялих зүйлээр шалтаглан гар болон хөлөөрөө цохиж, түүний эрүүл мэндэд тархи доргилт, баруун нүдний эргэн тойронд, баруун хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний алимны салстад, дээд уруулын баруун хэсгийн салстад цус хуралт, баруун дээд 6 дугаар шүдний цөгц дотно хэсгээр сэтрэл гэмтлүүд бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
- мөн тухайн цаг хугацаанд өсвөр насны шүүгдэгч Д.Х нь хохирогч М-ыг зодож, зүүн нүдний алимны салстад цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан,
- шүүгдэгч Б.Т нь хохирогч О.Г-ын нүүрний хэсэгт гараараа цохиж, дээд уулын салстад язарсан шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэргүүдэд тус тус холбогджээ.
2. Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Нэргүйгээс шүүгдэгч Б.Т, З.Б, Д.Х нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татан, яллах дүгнэлт үйлдэж, эрүүгийн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.
3. Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 2025/ШЦТ/102 дугаар шийтгэх тогтоолоор:
- шүүгдэгч И ургийн овогт Б-ын Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэж, хоёр хүний эсрэг үйлдсэн гэм буруутайд,
- шүүгдэгч Ж ургийн овогт З-ийн Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд,
- өсвөр насны шүүгдэгч С ургийн овогт Д-ийн Х-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэж, хоёр хүний эсрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,
- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т-д 500 /таван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял,
- шүүгдэгч З.Б-д 400 /дөрвөн зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял,
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг тус тус баримтлан өсвөр насны шүүгдэгч Д.Х-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 200 /хоёр зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэж,
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгийг баримтлан шүүгдэгч Б.Т, З.Б нарт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг Улаангом тохижилт үйлчилгээний газарт олон нийтийн гудамж талбай цэвэрлэх ажлыг өдөрт наймаас дээшгүй цагаар эдлүүлж,
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгчийн нас биед тохирсон эрүүл мэнд, ёс суртахуун хүүхдийн сэтгэцийн хөгжилд харшлахгүй нийтэд тустай ажил хийлгэхийг сонгож өдөрт гурваас дээшгүй цагаар эдлүүлэхийг Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,
- шүүгдэгч нар шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол биелүүлээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,
- шүүгдэгч нар энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг дурдаж, тэдгээрт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлж,
- Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-т зааснаар иргэний хариуцагч Г.Б-с 209,559 /хоёр зуун есөн мянга таван зуун тавин ес/ төгрөгийг гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын санд шилжүүлж,
- шүүгдэгч нараар нөхөн төлүүлэх хохирол, хор уршиггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн 1 ширхэг ди ви ди дискийг хэргийн хамт хадгалахаар тус тус шийдвэрлэжээ.
4. Шүүгдэгч Б.Т давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүх надад холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцээд 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Миний бие анх удаа эрүүгийн хэрэгт холбогдож, холбогдсон хэргээ хүлээн зөвшөөрч, гэм буруугаа ойлгож, гэмшиж байгаагаа мөрдөн байцаалтын шатнаас илэрхийлж ирсэн. Энэ талаараа анхан шатны шүүхэд хэрэг хэлэлцэхэд шүүх хурлын танхимд мэдүүлсэн. Миний хувийн байдал, гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байгаа байдал зэргийг харгалзан үзэж ялыг хөнгөрүүлэн шийдвэрлэж өгнө үү.
Миний бие Улаангом суманд хувиараа үсчин хийдэг. Өглөөнөөс орой хүртэл цаг авч ажилладаг учир нийтэд тустай хөдөлмөр эрхлэхэд бэрхшээлтэй байх тул торгох ялаар шийтгэж өгвөл хуульд заасан хугацаанд нь төлж барагдуулна” гэв.
5. Шүүгдэгч З.Б давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхээс бидэнд холбогдох хэргийг хянан хэлэлцээд, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож надад 400 цаг нийтэд тустай ажил хийх ял шийтгэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Би анх удаа эрүүгийн хэрэгт холбогдож, холбогдсон хэргээ хүлээн зөвшөөрч, гэм буруугаа гэмшиж, хохирогч болох Д.О-д хохирлыг бүрэн төлж барагдуулж, уучлалт хүсэж эвлэрсэн байгаа.
Би Увс аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт архивын эрхлэгч, бичиг хэрэг, даргын туслах ажилтнаар 2024 оны 11 дүгээр сард томилогдон, сарын 1,347,000 төгрөгийн үндсэн цалинтай ажиллаж байна.
Миний бие төрийн албанд ажилладаг, анх удаа гэмт хэрэгт холбогдож байгаа болон гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирол төлбөрөө төлж барагдуулж уучлалт гуйсан, хувийн байдлыг минь харгалзан үзэж торгох ялаар шийтгэж өгнө үү” гэв.
6. Өсвөр насны шүүгдэгч Д.Х давж заалдах шатны шүүх хуралдаанд: “Надад гаргах тайлбар байхгүй” гэв.
7. Шүүгдэгч нарын өмгөөлөгч Ө.Нарантуяа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: “Шүүгдэгч нарын хувьд болсон үйл явдлыг үнэн зөвөөр мэдүүлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон. Хэргийн талаар ямар нэгэн байдлаар маргаан байхгүй.
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дээд шатны шүүхэд гомдол гаргасан шалтгаан нь шүүгдэгч нарын нэг нь төрийн албан хаагч, нэг нь хувиараа хөдөлмөр эрхлэгч, мөн анх удаа хөнгөн ангиллын гэмт хэрэгт холбогдсон, гэм буруугаа ойлгож гэмшиж байгаа зэрэг нөхцөл байдлыг харгалзаж үзээд хүлээх хариуцлагыг нь хөнгөрүүлж, торгох ялаар шийтгэж өгнө үү гэсэн агуулгатай гомдол гаргасан.
Гомдлыг өмгөөлөгчийн зүгээс дэмжиж байгаа. Миний үйлчлүүлэгч нарын хувьд хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн зэргийн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцогдсон. Гэм буруугийн талаар ямар нэгэн маргаангүй, мөн өсвөр насны шүүгдэгчийн хувьд анх удаа хөнгөн төрлийн гэмт хэрэгт холбогдож, 200 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн, одоогоор Увс аймгийн коллежид суралцахаар бүртгүүлээд материалаа өгчихсөн байгаа учир миний үйлчлүүлэгчийг сурч боловсрох нөхцөлөөр хангаж өгнө үү.
Мөн шүүгдэгч Б.Т болон Д.Х нарт хүлээлгэх хариуцлагыг хөнгөрүүлэн шийдвэрлэж өгнө үү гэсэн саналтай байна” гэв.
8. Прокурор Ц.Нэргүй давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “... Шүүгдэгч З.Б, Б.Т нарт шүүхээс нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсныг хөнгөрүүлэн, торгох ял оногдуулж өгнө үү гэсэн агуулга бүхий гомдолтой танилцсан.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч нар нь дээрх гэмт хэрэг буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтай буюу бүлэглэж хоёр хүний эсрэг үйлдсэн нөхцөл байдал хөдөлбөргүй нотлогдон тогтоогдсон.
Шүүхээс шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хохирол, хор уршгийн байдал, шүүгдэгч нарын хувийн байдлыг харгалзан үзээд тэдгээрт нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан. Улсын яллагчийн саналыг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан нь шударга ёсны зарчим болон эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн гэж дүгнэж байна. Оногдуулсан ял нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх зорилго, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хохирол хор уршгийн хэр хэмжээнд тохирсон байна гэж үзэж байна. Мөн шийтгэх тогтоол нь хууль зүйн үндэслэлтэй, шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн үндэслэл тогтоогдохгүй байна.
Иймд Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 2025/ШЦТ/102 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх санал дүгнэлтийг гаргаж байна” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 2025/ШЦТ/102 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Т, З.Б нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, Б.Т, З.Б, Д.Х нарт холбогдох, 2535000100053 дугаартай эрүүгийн хэргийг давж заалдах журмаар хэлэлцэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх үндэслэлтэй гэж дүгнэв.
2. Шүүгдэгч Б.Т, З.Б, Д.Х нар бүлэглэн 2024 оны 12 дугаар сарын 14-15-нд шилжих шөнө Увс аймгийн х сумын х багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “х” нэртэй бааранд хохирогч Д.О-г үл ялих зүйлээр шалтаглан зодож, түүний эрүүл мэндэд тархи доргилт, баруун нүдний эргэн тойронд, баруун хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний алимны салстад, дээд уруулын баруун хэсгийн салстад цус хуралт, баруун дээд 6 дугаар шүдний цөгц дотно хэсгээр сэтрэл гэмтлүүд бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
- мөн тухайн цаг хугацаанд өсвөр насны шүүгдэгч Д.Х нь хохирогч А.М-ыг зодож, зүүн нүдний алимын салстад цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
- мөн шүүгдэгч Б.Т нь тухайн цаг хугацаанд хохирогч О.Г-ын нүүр лүү гараараа цохиж дээд уруулын салстад язарсан шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан нь тус тус хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдсон байна. Үүнд:
- гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 2 дугаар тал/,
-хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 4-5 дугаар тал/,
- хяналтын камерт үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 12-15 дугаар тал/,
- хохирогч Д.О-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Өгөөж төвийн В1 давхарт байрлах Х нэртэй бааранд ороод пиво уугаад сууж байх үед н.М явж байгаад унасан. Тэр үед би босоод н.М-ийн хажуугийн ширээнд сууж байсан залуучууд дээр очих үед нэг өндөр залуу босож ирээд миний нүүр лүү гараараа нэг удаа цохиж унагаасан. Би босоод ирсэн чинь нүүр лүү дахин нэг удаа цохисон ба би газар унах үед Б.Т миний нүүр лүү нэг удаа өшиглөсөн. Тэрнээс хойш би толгойгоо бариад хэвтэж байхад дээрээс олон удаа цохисон. Тэр хавьд байсан хүмүүс бид нарыг салгахаар нь А.М О.Г бид хоёрыг дагуулж гараад баарны хаалгыг гаднаас нь хаагаад дарсан. Тэр үед бид хоёр шатаар дээшээ гарч байтал хаалга онгойгоод нэг хүн гарч ирээд А.М-ыг цохиж унагаасан” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 29 дүгээр тал/,
- хохирогч А.М-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2024 оны 12 дугаар сарын 14-ний шөнийн 00 цагийн үед Өгөөж төвийн В1 давхарт байрлах Х нэртэй бааранд ороод пиво уугаад сууж байх үед М явж байгаад унасан. Тэр үед Д.О босоод н.М-ийн хажуугийн ширээн дээр сууж байсан залуучууд дээр очих үед нэг өндөр залуу босож ирээд Д.О-г зодож эхэлсэн. О.Г яваад очих үед Улаангом суманд үсчин хийдэг Б.Т гэх залуу босож ирээд О.Г-ын уруул хэсэгт нэг удаа цохиж унагаахаар нь би О.Г-ыг босгож авсан....Тэр үед Б.Т болон хамт явсан өндөр залуу хоёр Д.О-г нэлээн олон удаа цохисон. Тэр хавьд байсан хүмүүс тэд нарыг салгахаар нь би О.Г, Д.О нарыг дагуулаад баарны хаалгыг гаднаас нь хаах үед тухайн залуучууд хаалгыг дотор талаас нь өшиглөж гарч ирээд намайг нэг хүн цохисон ба тэр хүнийг хэн гэдгийг би харж амжилгүй манараад уначихсан” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 19 дүгээр тал/,
- хохирогч О.Г-ын“...Миний бие 2024 оны 12 дугаар сарын 14-ний орой 17 цагийн үед Улаанбаатар хотоос ирсэн. ... Х нэртэй бааранд ороод пиво уугаад сууж байх үед М явж байгаад унасан. Тэр үед Д.О босоод н.М-ийн хажуугийн ширээнд сууж байсан залуучууд дээр очих үед нэг өндөр залуу босож ирээд Д.О-тэй зодолдож эхэлсэн. Би араас нь очих үед Улаангом суманд үсчин хийдэг Б.Т гэх залуу босож ирээд миний уруул хэсэгт нэг удаа цохиж унагаахад намайг А.М босгож авсан. Тэр үед Б.Т болон хамт явсан өндөр залуу хоёр Д.О-г нэлээн олон удаа цохисон. Тэр хавьд байсан хүмүүс тэд нарыг салгахаар нь А.М Д.О бид хоёрыг дагуулж гараад баарны хаалгыг гаднаас нь хаагаад дарсан. Тэр үед Д.О бид хоёр шатаар дээшээ гарч байтал хаалга онгойгоод нэг хүн гарч ирээд А.М-ыг цохиж унагаасан. Тэгээд А.М шатаар дээшээ гарч ирэхээр нь А.М-ыг дагуулаад явах гэтэл үсчин Б.Т намайг цохих гээд дайраад би зугтаад холдох үед миний зүүн шанаа хэсэгт нэг удаа цохиход цаанаас нь нэг залуу Б.Т-г аваад явсан” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 24 дүгээр тал/,
- гэрч Б.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2024 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Сагил сумаас Улаангом суманд ирээд хамаатны Д.О гэх залуутай уулзаад А гэх залуугийн гэрт очиж найз нарын хамт пиво ууж байгаад орой Х бааранд орсон. Бааранд пиво уугаад сууж байгаад согтсон байна. Нэг мэдэхэд би цохиулаад газарт унасан. ...Намайг хэн хаана хэдэн удаа цохисныг би санахгүй байна. Бидэнтэй зодолдож байсан залуусын нэгэн З.Б гэх залуу байсан. Нэг санахад З.Б-тай уулзаад ярилцаад зогсож байсан” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 43 дугаар тал/,
- хохирогч Д.О-ийн биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 47 дугаартай: “...Тархи доргилт, баруун нүдний эргэн тойронд, баруун хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний алимны салстад, дээд уруулын баруун хэсгийн салстад цус хуралт, баруун дээд 6 дугаар шүдний цөгц дотно хэсгээр сэтрэл гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул “Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журам”-ын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 53-54 дүгээр тал/,
- хохирогч А.М-ын биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 45 дугаартай: “...Зүүн хөмсөг язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний эргэн тойронд, зүүн нүдний алимын салстад цус хуралт гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул “Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журам”-ын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 61-62 дугаар тал/,
- хохирогч О.Г-ын биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 46 дугаартай: “...дээд уруулын салстад язарсан шарх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул “Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журам”-ын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 57-58 дугаар тал/ зэрэг нотлох баримтууд болно.
3. Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал бүхий зөрчил тогтоогдсонгүй.
Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой байна.
4. Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Б.Т, З.Б, Д.Х нарын гэм бурууг хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн Б.Т, З.Б, Д.Х нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж үйлдсэн, мөн шүүгдэгч Б.Т, өсвөр насны шүүгдэгч Д.Х тус бүртээ хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хоёр хүний эсрэг үйлдсэн гэм буруутай талаар тус тус хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийж, тэдгээрийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
Тодруулбал, шүүгдэгч Б.Т, З.Б, өсвөр насны шүүгдэгч Д.Х нар үйлдлээрээ нэгдэж хохирогч Д.О-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан байх тул тэдгээрийг бүлэглэсэн гэж үзсэн,
мөн шүүгдэгч Б.Т-ийн хохирогч О.Г-ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл, өсвөр насны шүүгдэгч Д.Х-ын хохирогч А.М-ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл тус тусдаа хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангасан талаар хийсэн шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ.
5. Шүүгдэгч нарын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Д.О, О.Г, А.М нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан ба хохирогч нар гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хохирол, хор уршиг нэхэмжлэхгүй гэж мэдүүлсэн, хохирогч А.М гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд хохирол учирсантай холбоотой гарсан эмчилгээ оношилгоо болон бусад зардалд 500.000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн байх боловч уг хохирол нь нотлох баримтаар нотлогдоогүй талаар хийсэн шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.
6. Шүүгдэгч Б.Т, З.Б нарын давж заалдах журмаар гаргасан: “...хувийн байдал, гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байгаа байдал зэргийг харгалзан үзэж нийтэд тустай ажил хийлгэх ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж дүгнэв.
6.1. Гэмт хэрэг үйлдсэн хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь тухайн гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон байх нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцнэ гэж үздэг.
6.2. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал, шүүгдэгч тус бүрийн гэм бурууд хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т-д таван зуун цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, шүүгдэгч З.Б-д дөрвөн зуун цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус оногдуулсан,
- шүүгдэгч Д.Х нь 2008 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр төрсөн, дээрх гэмт хэргийг үйлдэх үедээ 16 нас 21 хоногтой буюу 18 насанд хүрээгүй байсан байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1, 8.2, 8.3 дугаар зүйлд заасан, өсвөр насны хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журмыг баримталж, хоёр зуун цаг нийтэд ажил хийлгэх ял шийтгэсэн нь тус тус эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн, үндэслэл бүхий байна.
6.3. Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Т, З.Б, Д.Х нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журмыг зөрчөөгүй, шүүгдэгч тус бүрт оногдуулсан ял шийтгэл нь тэдгээрийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм бурууд тохирсон, давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч нарт оногдуулсан ялыг хөнгөрүүлэх үндэслэл тогтоогдохгүй байна.
7. Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Т, З.Б нарын давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1. Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 2025/ШЦТ/102 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Т, З.Б нарын давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.МӨНХЖАРГАЛ
ШҮҮГЧ Ж.ОТГОНХИШИГ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.АЛТАН