| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Л.Батжаргал |
| Хэргийн индекс | 309/2026/00037/И |
| Дугаар | 309/ШШ2026/00147 |
| Огноо | 2026-01-12 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 01 сарын 12 өдөр
Дугаар 309/ШШ2026/00147
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Батжаргал би,
Нэхэмжлэгч: *******ын *******ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******ийн *******т холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 4,830,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2025 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ш.******* /утас: *******/ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2025 оны 10 сарын 31-ний өдөр Д.*******т 4,000,000 төгрөгийг нэг өдрийн хугацаатай түүний хүсэлтээр хүнээс авч зээлдүүлсэн бөгөөд уг төлбөрийг заасан хугацаандаа төлөөгүй. Өнөөдрийг хүртэл удаа дараа төлбөрөө төлөхийг шаардсан боловч ямар ч төлөлт төлөөгүй Энэ асуудалаас болж би сэтгэл зүйн дарамтад их орсон бөгөөд ажил төрлөө тайван хийх боломжгүй хүнд байсан. Учир нь би Д.*******т тус болсноос өөрийн нэрийн өмнөөс хүнээс мөнгө зээлсэн тул надад маш хүнд байна. Иймд ...нийт 4,830,000 төгрөгийг Д.*******ээс гаргуулахаар шаардаж байна гэжээ.
Хариуцагч Д.******* /утас: *******/ шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Ш.*******ээс 2025 оны 10 сарын 31-ний өдөр 4,000,000 төгрөг зээлсэн нь үнэн. Би тэр үед өөрийн нэр дээрх аппликейшн дахь 11,000,000 төгрөгийн зээлийг хаах гээд мөнгө бүрдүүлж байсан. Тус зээлээ хаасан даруйд эргэн авах боломжтой байсан. Тухайн үед манай найз Ц.Түвшинчимэг надад 3,000,000 төгрөг олоод өгчих, би чамд 11 саяыг өгье гэж хэлсэн. Надад Ш.*******ээс авсан мөнгө байсан тул би тэр дор нь Ц.Түвшинчимэг рүү шилжүүлсэн боловч одоог хүртэл өгөөгүй байна. Энэ мөнгийн би өөрөө төлөх тул надад 2026 оны 02 сарын 15-н хүртэл хугацаа өгнө үү. Миний бие 4,830,000 төгрөгийг Ш.*******т төлж барагдуулахыг зөвшөөрч байгаа болно гэжээ.
Хэргийн материалыг шүүх хянаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ш.******* нь хариуцагч Д.*******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 4,830,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн зээлийн гэрээний үүрэгт 4,830,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Д.******* нь хүлээн зөвшөөрч, энэ талаарх тайлбарыг шүүхэд бичгээр гаргаж өгсөн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь хуульд харшлахгүй бөгөөд гуравдагч этгээдийн эрх ашиг зөрчигдөөгүй гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 758 дугаар зүйлийн 758.1, 74, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч Д.******* нь зээлийн гэрээний үүрэгт 4,830,000 төгрөгийг нэхэмжлэгч Ш.*******т төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 92,230 төгрөгийн 50 хувь болох 46,115 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, Хэрлэн сумын төсвийн орлогоос 46,115 төгрөгийг, хариуцагч Д.*******ээс улсын тэмдэгтийн хураамжид 46,115 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Ш.******* /РД: *******/-т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, уг асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.БАТЖАРГАЛ