Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 73

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Шүрэнчимэг,

Улсын яллагч А.Оргилбаяр,

Хохирогч *******,

Шүүгдэгч******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******ид холбогдох эрүүгийн 1818000300042 дугаартай хэргийг 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Оросын Холбооны Улсын иргэн, ******* /РД: *******/, 1990 оны 8 дугаар сарын 19-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, Монгол улсад оршин суух*******дугаарын үнэмлэхтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, аав, ээж, ах нарын хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын 2 дугаар баг*******тоотод оршин суух, урьд Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2006 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 335 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар,

Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2007 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 246 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлсэн.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч******* нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 17 цагийн үед Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байх “Сүсэгтний холбоо”-ны орчимд иргэн *******ийг боож унагаан халааснаас нь түүний өмчлөлийн Самсунг Эс-3 загварын гар утсыг хүч хэрэглэн, хууль бусаар авч дээрэмдэх гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

                                                                                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч******* нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 17 цагийн үед Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байх “Сүсэгтний холбоо”-ны орчимд иргэн *******ийг боож унагаан халааснаас нь 165.000 төгрөгийн үнэ бүхий Самсунг Эс-3 маркийн гар утсыг авсан болох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч*******ийн өгсөн: 2 найзтайгаа 3 шил архи уусан. Тухайн үед *******ийг утсаа өгч бай сим картаа хийчээд өгье гэхэд ******* сим чинь таарахгүй гээд утсаа өгөөгүй. Тэгэхээр нь би баруун гараа *******ийн мөр дээр тавьж байгаад халааснаас нь утсыг нь авсан. Би архи уучихсан байсан учир архи уух зорилгоор утсыг нь авсан боловч алга болгосон. Хохирогчид өөр утас авч өгсөн. Миний буруу, архи уусан үедээ ийм үйлдэл хийчихлээ. Хохирогчоос уучлалт гуйсан. ОХУ-ын Улаан-Үүд хотоос хүнд механизмийн ажил хий гэж дуудаад байгаа. Энэ асуудлыг гайгүй шийдэж өгнө үү. Цаашид ажлаа хийгээд амар тайван амьдармаар байна гэх мэдүүлэг,

Хохирогч *******ийн өгсөн: 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр ахындаа очих гээд Сүсэгтний холбооны орчим явж байсан. Тэгтэл ******* 2 залуутай хамт над дээр ирээд “тамхи байна уу?” гэхээр нь би нэг ширхэг тамхи өгсөн. Тэгээд *******той хамт явж байсан 2 залуу яваад би *******той үлдсэн. ******* намайг утсаа өгч бай, сим картаа хийчээд өгье гэхээр нь би сим картыг нь утсандаа хийх гэтэл таарахгүй байсан. Тэгээд би утсаа өгөөгүй. Тэгтэл ******* нэг гараа миний мөрөн дээгүүр давуулж бариад халааснаас утас авчихаар нь би цагдаад хэлсэн. Миний хохирлыг бүрэн барагдуулсан тул гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад:

Гэрч *******ын өгсөн: Би 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн орой машинаараа таксинд явж байтал 18 цагийн орчим манай ах ******* танихгүй дугаараас “Би цагдаа дээр байна. Манай гэрийн урд талын Хушаатын гудамжид байдаг ******* согтуу ирээд миний утсыг дээрэмдээд явчихлаа” гэж ярьсан. Би цагдаа дээр ирээд ахыгаа аваад гэр лүүгээ явсан. Манай ах ******* хар хөх өнгийн Самсунг Эс-3 загварын гар утастай байсан. Гэр лүү явж байх замд ах “******* 2 залуутай согтуу явж байгаад надтай таарсан. Тэгээд нөгөө хоёр хүн нь явсны дараа намайг утсаа өгч бай, сим картаа хийгээд ярьчихаад өгье гэсэн. Би утсаа гаргаад сим картыг нь хийх гэтэл таарахгүй байсан. Сим картыг нь *******д буцааж өгөөд утсаа халаасандаа хийсэн. Тэгтэл ******* миний хоолойг боож байгаад утас дээрэмдэж аваад явсан” гэж ярьсан гэх мэдүүлэг /хх-ийн 12/,

Гэрч*******ын өгсөн: Би 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газрын ерөнхий жижүүрийн үүргийг туслах ажилтай дэд ахлагч Д.Саруулбямбын хамт гүйцэтгэсэн. Тухайн өдрийн 17 цаг 50 минутын орчим ******* гэх хүнээс “Дархан сумын 5 дугаар багт байрлах Сүсэгтний холбооны ойролцоо зүс таних ******* гэх залуу согтуу таараад миний Самсунг Эс-3 загварын гар утсыг дээрэмдээд аваад явчихлаа” гэж дуудлага өгсөн. Түүний дагуу хохирогч *******ийг Цагдаагийн газарт дуудаж жижүүрийн эрүүгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Т.Отгонбаяраар мэдүүлэг авхуулсан. Мөн дээрмийн гэмт хэрэг үйлдсэн гэх *******ыг эрэн сурвалжилсан боловч тэр орой олдоогүй. Хохирогч *******ийг гаднаас нь харахад ямар нэгэн гэмтэл, шарх харагдаагүй гэх мэдүүлэг /хх-ийн 13/,

“Капитал зууч” ХХК-ний 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн “*******ийн эзэмшлийн Самсунг Эс-3 загварын хуучин гар утсын зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 165.000 төгрөг” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 15, 16/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч*******ийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтлох” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

Иймд шүүгдэгч*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т заасан дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Шүүгдэгч*******ийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч *******т 165.000 хохирол учирсан ба шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн болох нь хохирогч *******ийн ...гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй... гэх мэдүүлэг зэргээр нотлогдож байна.

Иймд шүүгдэгч******* нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

  1. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч******* нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.

Шүүгдэгч******* нь Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2006 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 335 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар, Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2007 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 246 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлсэн болох нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбаруудаар нотлогдож байгаа ба энэ байдал нь ямар нэг эрх зүйн үр дагавар үүсгэхгүй боловч шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримт юм.

Шүүгдэгч*******ид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгч******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн байх тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан үзээд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т зааснаар 1 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.1, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д заасныг заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т заасан дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч******* нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч*******ийг 1 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар*******ид оногдуулсан 1 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол*******ид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

7. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Б.ИХТАМИР