| Шүүх | Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхамсүрэнгийн Алтан |
| Хэргийн индекс | 2435001130233 |
| Дугаар | 2025/ДШМ/35 |
| Огноо | 2025-07-08 |
| Зүйл хэсэг | 10.1-1, |
| Улсын яллагч | А.Анхбаяр |
Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 07 сарын 08 өдөр
Дугаар 2025/ДШМ/35
Г.О-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Мөнхжаргал даргалж, ерөнхий шүүгч Л.Алтан, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Отгонхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанд:
прокурор А.Анхбаяр, шүүгдэгч Г.О, түүний өмгөөлөгч Б.Батгэрэл, Э.Ганбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Мөнх-Эрдэнэ нарыг оролцуулан,
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Гансүх даргалж, тус шүүхийн шүүгч П.Болор, шүүгч Б.Мөнхзаяа нарын бүрэлдэхүүнтэй явуулсан шүүх хуралдааны 2025 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 2025/ШЦТ/100 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батгэрэлийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, Г.О-д холбогдох, 2435001130233 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 6 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Л.Алтангийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Х овогт Г-ийн О.
1. Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Г.О нь 2024 оны 6 дугаар сарын 29-ний өдрөөс 30-нд шилжих шөнө согтуугаар Увс аймгийн х сумын х багт “З” гэх нэртэй газарт байх Г.Г-ын гэрт болон гэрийн гадна хэсэгт өөрийн төрсөн ах Г.З-ыг “нас барсан ээжийн талаар ярьж агсам тавилаа” гэх зүйлээр шалтаглан зодож алсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
2. Увс аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч Ц.Батзаяагаас шүүгдэгч Г.О-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, эрүүгийн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.
3. Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 2025/ШЦТ/100 дугаар шийтгэх тогтоолоор:
- шүүгдэгч Х овогт Г-ийн О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-т заасан “хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Г.О-д 10 /арав/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар хорих ял шийтгэж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,
- шүүгдэгчийн энэ хэрэгт цагдан хоригдсон 218 /хоёр зуун арван найм/ хоногийг хорих ял эдлэх хугацаанд нь оруулан тооцож,
- шүүгдэгч Г.О нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд учирсан хохиролд 5,000,000 /таван сая/ төгрөг төлснийг дурдаж, Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5-д заасныг баримтлан шүүгдэгчээс 94,000,000 /ерэн дөрвөн сая/ төгрөг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.О-т олгож,
- хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн дүрс бичлэг бүхий хоёр ширхэг CD дискийг хэрэгт хавсарган үлдээж, хугархай айргийн бүлүүр мод хоёр ширхэг, цус мэт зүйлээр бохирлогдсон даавуу хоёр ширхэг, цус мэт зүйлээр бохирлогдсон ариун цэврийн цаасны хэсэг гурван ширхэг, хивсний хэсэг нэг ширхэг, богино ханцуйтай цамц хоёр ширхэг, өмд нэг ширхэг, дотоож нэг ширхэг, цусны дээж хоёр ширхэг, хумс зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж,
- хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
4. Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батгэрэл давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...хохирогч нь дагз хэсгээрээ унах үед үүссэн хуйхны доторх цус хуралт, тархины цусан хураа бүхий гэмтлийн улмаас амь насаа алдсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон.
Гэрч нарын мэдүүлэгт тусгагдсанаар, амь хохирогч нь 3 удаа унасан гэх ба эхлээд гэрч Г.Г-ын гэрийн зуухыг давж унасан. Ингэхдээ нурууны дал хэсгээрээ цохьсон. Дараагийн удаад шкафыг цээж хэсгээрээ мөргөсөн. Хамгийн сүүлд үүдний хэсэгт унасан талаар гэрч нар мэдүүлсэн байна.
Энэ байдлаас харахад үхэлд хүргэх гэмтлийг үүдний хэсэгт унах явцдаа авсан байх боломжтой байна. Эхний 2 удаагийн уналтаас үхэлд хүргэх гэмтлийг аваагүй байх боломжтой гэдэг нь хэрэгт авагдсан нотлох баримт болон шинжээчийн мэдүүлгээс тодорхой харагддаг. Учир нь амь хохирогч нь эхний 2 удаагийн зодолдсон асуудлаас хойш 3 дахь удаагаа үүдний хэсэгт унах хооронд 1 цаг 30 минутаас 2 цагийн хугацаа болсон талаар гэрчүүд мэдүүлдэг.
Шинжээч үхэлд хүргэсэн гэмтлийг авсны дараа тэнцвэр, хэл ярианы байдал илэрч байгаад ухаан алдана, тухайн гэмтлийг авснаас хойш 1цаг 30 минутын хугацаанд цусан хурааг аваагүй тохиолдолд амьд байх боломжгүй. Энэхүү гэмтлийг авснаас хойш ухаан алдахгүй байх боломжтой хамгийн дээд хугацааг 30 минут гэж үзэж байгаа талаараа мэдүүлсэн. Амь хохирогч нь үүдний хэсэгт унахдаа Г.О-ын болгоомжгүй үйлдлийн улмаас унасан байх боломжтой байхад анхан шатны шүүх тухайн үйл баримтыг анхаарч үзээгүй нь үндэслэлгүй байна.
2-рт, анхан шатны шүүх Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт заасныг баримтлан амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид учирсан сэтгэцийн гэм хорын хохиролд 94,000,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.
Учир нь, Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг шүүх шинжилгээний байгууллага тогтоох, заавал шинжилгээ хийлгэх хуулийн заалтыг мөрдөгч, прокурор биелүүлээгүй буюу шинжилгээг мөрдөн байцаалт, прокурорын хяналтын шатанд хийлгэж, дүгнэлт гаргуулаагүй байхад сэтгэцийн гэм хорын хохиролд 94,000,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан шийдвэрлэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Эрүүгийн хуулийн аравдугаар бүлэг буюу хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэрэг нь Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хамаарч байх бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр томилогдсон хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг шүүх шинжилгээний байгууллага тогтоож, дүгнэлт гаргахаар хуульчлагджээ. Энэ зохицуулалт нь шинжилгээний байгууллагад эрх олгосон бус үүрэг болгосон заалт гэж ойлгохоор байна.
Дээрх үндэслэлүүдээр, Г.О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэснийг мөн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж, мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид сэтгэцийн гэм хорын хохиролд 94,000,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан шийдвэрлэснийг хүчингүй болгож, Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 04 сарын 29-ны өдрийн 2025/ШЦТ/100 дугаар шийтгэх тогтоолын холбогдох заалтад өөрчлөлт оруулж өгнө үү” гэжээ.
5. Шүүгдэгч Г.О давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний хувьд энэ гэмт хэрэгт холбогдон шалгагдаж эрүүгийн хариуцлага хүлээж байгаадаа маш их гэмшиж харамсаж байна. Миний буруутай үйлдлээс болж ахын минь амь нас эрсэдсэнийг хүлээн зөвшөөрч байгаа.
Хамгийн гол нь амь нас нь эрсдэх болсон шалтгаан санаатай үйлдэл байсан эсэх, миний зүрх сэтгэл, бодолд тэр зүйлийг санаатай хийе гэдэг санаа зориг байгаагүй гэж хэлмээр байна. Учир нь би ахыгаа агсам согтуу тавиад араас яваад байхад нь орхиж явах гэж олон удаа оролдсон, энэ талаар хэргийн материалд тусгагдсан байгаа, хажуу талынхаа ахынд орохоор явлаа гэж хэлж гарч явах гэсэн үйлдлүүд хийсэн ч ах минь араас зууралдаад байсан, тэгээд хамгийн сүүлийн үйлдэл буюу намайг айргийн бүлүүрээр цохих гэж оролдохоор нь орхиод гарахад миний араас зууралдаад, Г ах болиулах гээд араас нь барьчихсан байсан. Тэгэхээр нь би салгах гээд хөдөлгөөн хийгээд эргээд харахад л Г ахтай хамт ард уначихсан байсан. Г ахын хувьд хөл гар нь гэмтэлтэй, тахир дутуу хөгжлийн бэрхшээлтэй хүн байдаг. Тухайн үйлдлээс л болж гэмтэл авсан байх гэдгийг би сүүлд хэрэг хянан шалгагдах үед л мэдсэн. Миний хувьд санаатай үйлдэл байгаагүй гэдгийг ахин дахин хэлмээр байна.
Энэ хэрэг гарснаас хойш бэргэн эгчтэйгээ харилцаа холбоотой байж, биет болон биет бус байдлаар тусалж, дэмжиж байгаа. Гэвч хүмүүсийн буруу зөрүү ярианаас болж бэр эгч маань буруу ойлголт авч надад тусалж дэмжиж байгаагүй, ямар нэгэн зүйлээр дэмжээгүй гэдэг зүйл хэлсэн. Цаашдаа ч бэр эгч болон үр хүүхдүүдийг нь чадах бүх зүйлээрээ дэмжиж тусалж, хоригдох хугацаандаа мөнгө олох боломж бололцоо гарвал, мөн ялаа эдэлж дууссаны дараагаар хоёр дүүгээ сайн асран хамгаална.
Өмгөөлөгч болон прокурор нэг зүйл хэлэхгүй байна. Намайг цагдан хорионд байхад прокурор Ц.Батзаяа яллах дүгнэлт гардуулахдаа, төлбөртэй холбоотойгоор Ховд аймаг руу явуулсан шинжилгээний хариу нь ирээгүй учраас Улаанбаатар хот руу явуулчихсан, хариу нь ирэнгүүт хэргийн материалд хавсаргачихна, энэ гэмт хэргийн шүүх хурал болохоос ирчихнэ гэж хэлээд, надад яллах дүгнэлт өгсөн. Тухайн материал нь ядаж бүрэн гүйцэд ирсний дараа, гэмт хэрэгтэй холбоотой хуулийн хариуцлага хүлээлгэхгүй байгаа юм бол гэдгийг гайхаад байна.
Би хийсэн гэмт хэрэгтээ маш их гэмшиж харамсаж байгаа, гол нь миний хийсэн гэм хэргийг хөнгөрүүлж надад оногдуулах ял шийтгэлийг минь багасгаж өгнө үү гэж та бүхнээс хүсэж, гуйж байна. Ял шийтгэлээ эдэлж дууссаныхаа дараа нийгэмд гараад ажил төрөл хийж, өөрийн гэр бүл болон ахынхаа гэр бүлийг хайрлаж хамгаалж, амьдарна гэж бодож байгаа” гэжээ.
6. Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Ганбат давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: “...шүүхийн шийтгэх тогтоолоор хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлт хийхдээ, Г.О-ын үйлдлийг хэт нэг талыг барьсан байдалтайгаар, эрх зүйн байдлыг нь дордуулах дүгнэлт хийсэн гэж үзэж байна. Тухайлбал шийтгэх тогтоолын 14 дүгээр талд гэм буруугийн асуудлыг тогтоохдоо гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр зодож гавал тархины гэмтэл учруулсны улмаас хохирогч Г.З нас барсан гэсэн дүгнэлт хийсэн. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзвэл, Г.О-ын үйлдэл шууд санаатай хэлбэрээр үйлдэгдээгүй, шууд бус санаатай үйлдлээр үйлдэгдсэн гэмт хэрэг юм.
Хамгийн гол нь үхэлд хүргэсэн гэмтлийг хэзээ, хаана авсан талаар хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэж дүгнэлт хийх ёстой. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар, Г.О-ын үйлдлээс хохирогч Г.Г-ынхоос хамгийн сүүлд буюу айргийн бүлүүрээр цохих гэж оролдоход нь гарч явах гэж байхад зууралдсан үед нь түүнийг салгах зорилготой үйлдэл хийсний улмаас хохирогч дагз хэсгээрээ босгон дээр унасан үйл баримт байгаа юм. Үүнийг гэрчүүд нотолдог. Хохирогч уг үйлдлийн дараанаас ямар ч идэвхтэй үйлдэл хийгээгүй, ухаан алдаад хурхирах байдалтай болсон. Тэгэхээр сая шинжлэн судалсан гэрэл зургаас харахад, хүч үйлчилсэн цэг нь аль эсэхэд, дагзны хэсэгт доргилт өгөөд дух хэсгийн зөөлөн хальсан доор нь цус харвасан, өөрөөр хэлбэл араасаа доргилт өгөхөөр тархи саваад урд талын хэсгээрээ дух руу их хэмжээний цус харвалт өгсөн байдаг. Шүүх хуралдаанд оролцсон шинжээчээс тухайн нөхцөл байдлуудыг асуухад үүнийг үгүйсгээгүй бөгөөд тэр тусмаа энэ үүссэн гэмтэл үүссэн цаг хугацааны хувьд ач холбогдолтой мэдүүлэг тайлбар өгсөн.
Үүнээс үзэхэд, шүүгдэгчийн үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжтэй байж болно. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2дахь хэсэгт заасан, тухайн хэргийн талаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж, дүгнэлт хийхэд эргэлзээтэй нөхцөл байдал үүсвэл шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ гэсэн энэ заалтыг хэрэглэх боломжтой гэж үзэж байна. Шүүгдэгч тухайн үед хохирогчийн өөрөөс нь зууралдсаныг нь тавиулах гэж түлхсэний улмаас хохирогч дагзаараа унаад ухаан алдаад, тархинд цус ороод аажимдаа нас барсан үйл баримт хэргийн гол фокуслах буюу нотолгоо, хууль зүйн зөв дүгнэлт өгөх нотолгооны хэсэг болж байна. Өмнөх үйлдлүүдийн явцад хохирогчийг дангаар нь цохиж зодоод байсан асуудал байхгүй. Шүүхийн шийтгэх тогтоолд “агсан тавилаа” гэж зодож алсан гэсэн л дүгнэлт хийсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтууд, хэргийн бодит байдалтай нийцээгүй, эрх зүйн байдлыг нь дордуулах дүгнэлт хийсэн гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байгаа.
Хэрэгт цугларсан зарим нотлох баримтаар мөрдөн шалгах ажиллагааны явцад пийшин давуулаад л тархины гэмтэл аваад нас барсан гэсэн маягаар 10.1 дүгээр зүйлээр зүйлчилж яллагдагчаар татаж шалгасан байдаг. Гэтэл гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, нөхцөл байдлуудыг үзэхэд хохирогч сүүлд Г.Г-ынд орж ирээд үйлдэл хийх хүртэл ухаан санаа нь эрүүл, яриа хөөрөө нь хэвийн байсан талаар бүх гэрч нотолдог. Г.Г-ынд ирэхийн өмнө Н-нд очоод эхнэрийг нь загнаж, агсан тавьж, гэрээс нь хөөж гаргаж, ухамсарт хэвийн үйлдэл хөдөлгөөн хийж байсан. Энэ нь үхэлд хүргэх гэмтлийг өмнө нь аваагүй байсан гэдгийг нотолсон. Энэ үүднээс шүүхээс түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлд зааснаар зүйлчлэх боломжтой гэж үзэж байна. Нөгөө талаар хэрэв шүүх шүүгдэгчийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгээр зүйлчилсэн нь зөв гэж үзвэл хэрэгт цугларсан нотлох баримтууд, ялангуяа хохирогчийн зүй бус үйлдлүүд, зан заншлыг зөрчсөн, агсан согтуу тавьсан, идэвхтэй үйлдэл нь гэмт хэрэг гарахад хамгийн гол үйлдэл, нөхцөл бий болгосон байдлуудыг харгалзан үзэж, тухайн зүйл, хэсэгт заасан ялын доод хэмжээг оногдуулж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах боломжтой байна гэх эрх зүйн байдлыг нь дээрдүүлсэн санал дүгнэлт гаргаж байна.
Мөн шинжээчийн дүгнэлтээр хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоолгүйгээр шууд 94,000,000 төгрөг гаргахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Мөн эрүүгийн хариуцлага оногдуулахдаа харгалзах зайлшгүй шаардлага нь Г.О-ын хувийн байдал, 5 сартай хүүхэдтэй, залуу гэр бүл, өөрийн хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа, гагцхүү хууль зүйн нарийн зөв дүгнэлт хийнэ үү гэх өмгөөлөгчийн байр суурийг дэмжиж оролцдог. Эдгээр байдлуудыг харгалзан үзэж шийтгэх тогтоолд эрх зүйн байдлыг нь дээрдүүлсэн өөрчлөлт оруулж өгнө үү” гэв.
7. Прокурор А.Анхбаяр давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “... Г.О нь амь хохирогчийг алсан болох нь хавтаст хэрэгт авагдсан, анхан шатны шүүх хуралдааны шатанд хавтаст хэргээс шинжлэн судалсан, анхан шатын шүүх хуралдаанаар хэлэлцүүлэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон, түүний үйлдлийг зүйлчилсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн хэргийн зүйлчлэл тохирсон, анхан шатын шүүх хэргийг шийдвэрлэхдээ хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлтийг зөв хийж хэргийг шийдвэрлэсэн, мөн түүнд оногдуулсан эрүүгийн хариуцлага нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршиг, нийгмийн аюулын хэр хэмжээ, шинж чанарт тохирсон гэж давж заалдах шатын шүүх хуралдаанд оролцож байгаа прокурорын хувьд үзэж байгаа.
Өмгөөлөгч яг ямар үндэслэлээр болгоомжгүй гэмт хэрэг гэж үзэж байгаа, болгоомжгүй гэмт хэргийн хэлбэр буюу хөнгөмсгөөр найдсан эсвэл хайхрамжгүй хандсан ямар үйлдэл байгаа талаар үндэслэл бүхий гомдол бичээгүй байна. Харин Г.О-ын үйлдэл нь өөрийн үйлдлийг хууль бус, нийгэмд аюултай үйлдэл гэдгийг мэдсээр байж хүнийг зодож, цохиод гэмтэл учруулаад, тухайн учирсан гэмтлээсээ үүдээд З нас барж байгаа үйлдэл нь өөрийнхөө үйлдэлд дүгнэлт хийчихсэн байсан, энэ хэрэгт хохирогчийн буруутай үйл ажиллагаа байсан. Хохирогч архи уусан байсан, ээж нь хэдхэн хоногийн өмнө нас барсан байсантай холбоотойгоор, ах дүүс хоорондоо “ээжийгээ чи сайн асраагүй, би сайн асарсан” гэх асуудлаас болж ах дүү хоёр маргалдаж хэрэлдсэн байдаг. Шүүгдэгч Г.О нь амь хохирогч ахаасаа том биетэй байсан, хоорондоо маргалдаад харилцан зодолдох явцдаа З нас барсан үйл баримт тогтоогдсон. Хэргийн баримтаар, хохирогч, шүүгдэгч нар ямар нэгэн байдлаар харилцан зодолдоод л байсан болохоос З-ыг агсам тавиад байхад нь ямар ч байсан нэг аргалаад, асуудлыг намжаая гэсэн ойлголт Г-д ч байгаагүй, шүүгдэгч Г.О-д ч байгаагүй. Ийм учраас түүний үйлдлийг зүйлчилсэн хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзэж байна.
Хоёрдугаарт, Хууль зүй дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтран баталсан 2023 оны 7 сарын 31-ний өдрийн тушаалаар батлагдсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоож дүгнэлт гаргах журмын дагуу гэмт хэргийн улмаас хүн нас барсан тохиолдолд, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд учирсан хор уршгийг зэрэглэлийг тогтоох дүгнэлт гаргуулахгүйгээр хоёр хэлбэрээр буюу нэгт, тухайн үед мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг зуун тавь дахин нэмэгдүүлсэн, нөгөө талаар ажил хөдөлмөр идэвхтэй хийх насыг тэтгэвэрт гарах настай нь тооцоолж үзээд хохирлын хэмжээ, хор уршгийн хэмжээг нь тодорхойлдог аргачлал байгаа. Түүний аль ашигтайгаар нь шийдвэрлэхээр зохицуулсан, үүний дагуу тухайн гэмт хэрэг гарах үед мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг зуун тавь дахин нэмэгдүүлээд 94 сая төгрөгийг шүүгдэгч буюу гэм буруутай этгээдээс гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгохоор заасан анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гэж харж байгаа.
Ийм учраас Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 2025/ШЦТ/100 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шүүгдэгч Г.О-ын өмгөөлөгч Б.Батгэрэлийн, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах талаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 2025/ШЦТ/100 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батгэрэлийн давж заалдсан гомдлыг үндэслэн, Г.О-д холбогдох, 2435001130233 дугаартай эрүүгийн хэргийг давж заалдах журмаар хянан хэлэлцэхдээ гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаад, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгох үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
2. Увс аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Г.О-ыг 2024 оны 6 дугаар сарын 29-ний өдрөөс 30-нд шилжих шөнө Увс аймгийн х сумын х багийн нутаг “З” гэх нэртэй газарт байх Г.Г-ын гэрт өөрийн төрсөн ах Г.З-ыг “нас барсан ээжийн талаар ярьж агсам тавилаа” гэх зүйлээр шалтаглан зодож алсан гэх гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.
3. Анхан шатны шүүх шүүгдэгч Г.О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-т заасан хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Г.О-д 10 жил 02 сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэснийг шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батгэрэл эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргажээ.
4. Шүүх аливаа хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхдээ, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа бүхэлдээ хууль ёсны дагуу явагдсан эсэх, уг ажиллагааг явуулахад Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон бусад хуулийн заалтыг чанд мөрдөгдсөн эсэхийг хянан үзэж, хуульд нийцсэн ажиллагаанд үндэслэн шийдвэр гаргах үүрэгтэй. Тодруулбал, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хүрээнд хийгдэх тодорхой ажиллагаа бүр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох зүйл, хэсэгт заасантай чанд нийцсэн байхаас гадна уг хуулийн 1 дүгээр бүлэгт тусгагдсан нийтлэг зарчмууд, тэдгээрийн агуулгад заавал нийцсэн байх нь уг ажиллагааг хууль ёсны гэж тооцох үндсэн шалгуурын нэг болно.
Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих ажиллагааг бүрэн хийгээгүй, анхан шатны шүүх шийтгэх тогтоол гаргахдаа дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг анхаарч үзэлгүй орхигдуулсан буюу эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд нөлөөлж болох нөхцөл байдлыг анхаарч үзээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэлээ.
4.1. Шүүгдэгч Г.О хүнийг алах гэмт хэрэгт холбогдохоос өмнө буюу 2024 оны 6 дугаар сарын 21-ний өдөр бусадтай бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдэж, уг үйлдэлдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн нь Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 2024/ШЦТ/175 дугаар шийтгэх тогтоол /2-р хавтас хэргийн 61-63-р тал/, 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн “эрүүгийн хариуцлага хүлээж байна” гэх тэмдэглэгээ хийгдсэн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2-р хх-ийн 59-р тал/ гэх баримтуудаар нотлогдсон байна.
Харин шүүгдэгч Г.О нь дээрх шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялыг биелүүлсэн буюу эдэлж дууссан эсэх талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1-т: “ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно” гэж заасан.
Шүүгдэгч Г.О нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-т заасан хүнийг алах гэмт хэрэгт холбогдохоос өмнө үйлдсэн өөр гэмт хэрэгтээ торгох ял шийтгүүлсэн байх тул шүүхээс түүнийг сүүлчийн гэмт хэрэгт нь гэм буруутайд тооцож, ял шийтгэхдээ өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг эдэлж дууссан эсэх, нэмж нэгтгэх ял байгаа эсэхэд, тодруулбал, хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах журмыг хэрэглэх нөхцөл байдал байгаа эсэхэд хэргийн баримтад үндэслэн дүгнэлт хийх шаардлага үүссэн байна.
Гэтэл анхан шатны шүүхээс, шүүгдэгч Г.О-д холбогдох эрүүгийн хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр хянан хэлэлцэж гаргасан шийтгэх тогтоолдоо: “шүүгдэгч нь өмнөх тогтоолоор оногдуулсан торгох ялыг биелүүлсэн байна” гэх дүгнэлт хийсэн нь нотлох баримтад үндэслээгүй, шүүх хэрэгт авагдсан ямар нотлох баримтад үндэслэж торгох ялыг биелүүлсэн гэх дүгнэлтэд хүрснээ тайлбарлаагүй, тодорхой бус, хэрэгт өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялыг эдэлсэн эсэх талаарх нотлох баримт авагдаагүй байна.
Шүүгдэгч өмнөх тогтоолоор оногдуулсан ялыг эдэлж дууссан эсэх нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд нөлөөлөх асуудал бөгөөд хэрэгт энэ талаарх нотлох баримт авагдаагүй байх тул шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн эсэх, тухайлбал шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэсэн эсэхэд давж заалдах шатны шүүхээс дүгнэлт хийх боломжгүй байна.
4.2. Шүүгдэгч Г.О-д холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-т заасан гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийн шинж чанар, хэр, хэмжээ буюу нотолбол зохих байдлыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу нотлох ажиллагаа хийгдээгүй байна.
Анхан шатны шүүх шүүгдэгч Г.О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэхдээ, амь хохирогчийн эхнэр буюу хууль ёсны төлөөлөгчөөр тогтоогдсон Б.О-ийн сэтгэцэд учирсан хохирол, хор уршгийн хэмжээг 99,000,000 төгрөгөөр тогтоосныг хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэв.
Учир нь, Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт нэрлэн заасан гэмт хэргүүдийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг шинжилгээний байгууллага тогтоож, дүгнэлт гаргахаар хуульчилсан ба шүүгдэгч Г.О-ын холбогдсон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэг нь дээрх нэрлэн заасан гэмт хэрэгт хамаарч байна.
Шүүх шинжилгээний тухай хуульд зааснаар бол, гэмт хэргийн улмаас амь хохирогчийн гэр бүлийн гишүүний сэтгэцэд хор уршиг учирсан эсэх, хэрэв хор уршиг учирсан бол аль зэрэглэлд хамаарахыг зөвхөн шинжилгээний байгууллага буюу тусгай мэдлэг эзэмшсэн шинжээч тогтоохоор байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоогдсон Б.О-ийн сэтгэцэд энэ гэмт хэргийн улмаас хохирол, хор уршиг учирсан эсэх, хор уршиг учирсан бол хэддүгээр зэрэглэлд хамаарах талаар шинжээчийн дүгнэлт гаргуулахаар Ховд аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний хэлтсийг шинжээчээр томилсон байх боловч уг байгууллага дүгнэлт гаргахаас үндэслэлгүйгээр татгалзаж буцаасан байхад мөрдөгч, прокурор, шүүхээс шинжилгээ хийлгэх арга хэмжээ аваагүй буюу шинжээчийн дүгнэлтгүйгээр сэтгэцийн хор уршгийг мөнгөн дүнгээр тооцож гаргуулахаар шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй байна.
Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хохирол, хор уршгийн хэр хэмжээг хуульд заасан үндэслэл, журмын дагуу бодитой тогтоож, эрүүгийн хэрэгт хамтад нь нэг мөр шийдвэрлэх нь хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцнэ гэж дүгнэв.
5. Дээрх нөхцөл байдлууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйл, 39.8 дугаар зүйлд заасан үндэслэлд хамаарч, мөн хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болох бөгөөд давж заалдах шатны шүүхийн эрх хэмжээний хүрээнд зөвтгөн шийдвэрлэх боломжгүй гэж дүгнэж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.
6. Шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн тул шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батгэрэлийн “давж заалдсан гомдлоос, хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж өгнө үү” гэх агуулга бүхий гомдолд хууль зүйн дүгнэлт хийгээгүй болно.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.10 дугаар зүйлийн 11 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцүүлэн шүүгдэгч Г.О-д өмнө авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэрэг анхан шатны шүүхэд очтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3-т заасныг тус тус удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1. Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 2025/ШЦТ/100 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.
2. Хэрэг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Г.О-д өмнө авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.МӨНХЖАРГАЛ
ШҮҮГЧ Ж.ОТГОНХИШИГ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.АЛТАН