| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Н.Гантуяа |
| Хэргийн индекс | 191/2025/01992/И |
| Дугаар | 191/ШШ2026/00444 |
| Огноо | 2026-01-07 |
| Маргааны төрөл | Хэлцэлийг хүчин төгөлдөр бусд тооцох, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2026 оны 01 сарын 07 өдөр
Дугаар 191/ШШ2026/00444
2026 01 07 191/ШШ2026/00444
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Гантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: хаягт оршин суух, ******* овогт *******гийн ******* /РД:*******/-ы нэхэмжлэлтэй,
Хариуцагч: хаягт оршин суух, ******* овогт *******ийн *******-******* /РД:*******/-д холбогдох,
Хэлцлийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагуудтай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б. нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэл шаардлагыг дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: Нэхэмжлэгч Х.******* миний бие барилгыг өөрийн хөрөнгө оруулалтаар барьж бүх давхрыг борлуулсан байдаг. Хариуцагч Д.*******-******* нь гаднын иргэдтэй хамтран ББСБ байгуулан ажиллах оффис авмаар байна гэх хүсэлтээр, мөн миний эхнэрийн төрсөн дүү бөгөөд төрөл садны харилцаатай хүмүүс учраас тус барилгын 8 давхарт байрлах, , дугаартай 324 м.кв оффисын зориулалт бүхий талбайг зах зээлийн үнээс хэд дахин хямдаар буюу 108,000,000 /нэг зуун найман сая төгрөг байхаар гэрээний үнийг бичиж, 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдөр худалдах-худалдан авах гэрээг бичгээр байгуулж, улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлэн өмчлөх эрхийг шилжүүлэн өгсөн байдаг.
Нэхэмжлэгч нь эд хөрөнгийг хүлээлгэн өгөх үүргээ биелүүлсэн боловч Хариуцагч нь хариу төлбөрийн үүргээ биелүүлэхгүй явсаар өнөөдрийг хүрсэн байдаг. Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-т "Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гарахгүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй." Тус хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-т "Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцалж өгөх үүрэгтэй" гэж тус тус заасны дагуу талуудын байгуулсан 2018 оны 08-р сарын 16-ний өдрийн дугаартай "Худалдах, худалдан авах гэрээ"-нээс татгалзаж, уг хэлцлээр шилжүүлсэн үл хөдлөх хөрөнгийн өмчлөлийг буцаан шилжүүлэхийг хариуцагчид даалгах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Тус маргаантай холбоотойгоор өмнө нь шүүхэд нэхэмжлэл, төрийн байгууллагад гомдол гаргаж байгаагүй бөгөөд хариуцагчид төлбөр төлөх талаар хэд хэдэн удаа сануулж, шаардаж, утсаар болон амаар хэлж байсан болно. Иймд хуульд заасан үндэслэл, журмын дагуу нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
1.2 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Х.******* ... 8 давхарт байрлах, , дугаартай 324 м.кв оффисын зориулалт бүхий талбайг худалдахаар тохиролцсон. Улмаар маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг хариуцагчид шилжүүлэхдээ хувь хүний орлогын албан татварыг бага төлөх зорилгоор үнийг 108,000,000 төгрөг гэж тодорхойлон, 2018 оны 08 дугаар сарын 16-ний өдөр "Худалдах, худалдан авах гэрээ"-г байгуулсан бөгөөд тус хэлцлийн дагуу Д.*******-******* нь тухайн эд хөрөнгийн өмчлөгч болсон юм.
Дээрх гэрээгээр үл хөдлөх эд хөрөнгийн үнийг 500,000 ам.доллар гэж тохиролцсон боловч энэ нь тухайн эд хөрөнгийн бодит үнэ биш зах зээлд 3 тэрбум орчим төгрөгийн үнэтэй эд хөрөнгө бөгөөд хариуцагчийн "...гаднын иргэдтэй хамтран ББСБ байгуулан ажиллуулах тул тус бизнесийн үйл ажиллагаанд өөрийн өмчлөлийн оффистой харагдах шаардлагатай байна" гэх гуйлтын дагуу төрөл садны холбоотой хүмүүс тул хэзээд тухайн үл хөдлөх хөрөнгийг буцаан шилжүүлж болно гэж найдаж бага үнийн дүнгээр гэрээ байгуулж, өмчлөх эрхийг шилжүүлсэн.
Гэвч хариуцагч нь төрсөн ээж болон төрсөн эгчтэйгээ муудалцан хүчирхийлэл хэрэглэж, харилцаа холбоогоо биднээс тасалсан, Монгол Улсад ажиллаж, амьдрахгүй болсон, түүнчлэн тухайн үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн бодит үнийг төлөөгүй, өмчлөх эрх шилжих болсон гэрээний үнийг ч төлөөгүй байна.
Иймд талууд уг үл хөдлөх хөрөнгийн үнийг бодит байдал дээр 2018 оны дээрх гэрээгээр тохироогүй, хариу төлбөрт хэдэн төгрөг төлсөн эсэх нь баримтуудаар тогтоогдохгүй, 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдөр байгуулсан гэрээний дагуу маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийн үнийг 108,000,000 төгрөг гэж тодорхойлсон нь үл хөдлөх хөрөнгийг улсын бүртгэлд бүртгүүлэх зорилгоор гадаад илэрхийллийг бий болгон хууль зөрчиж, дүр үзүүлэн өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл байх тул дээрх хэлцлийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2, 56.1.3-т тус тус заасны дагуу хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж байна....250,000 ам.долларыг Япон улсын иргэнээс буюу *******-*******тай хамтран ажилладаг хүнээс орж ирснийг зөвшөөрч байгаа. Үлдсэн 250,000 ам.долларыг хүлээн аваагүй...Иргэний хуулийн 56.1.1, 56.1.3 дахь хэсэгт заасан үндэслэлээ дэмжихгүйгээр Иргэний хуулийн 56.1.2-т заасан үндэслэлээ дэмжээд оролцоно...Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.
2.1 Хариуцагч тал нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч шүүхэд гаргасан тайлбартаа: ...Бодит байдал дээр Х.******* нь маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг худалдан аваач гэх саналыг Д.*******-*******д тавьж, Д.*******-******* нь саналыг хүлээн авснаар талуудын хооронд 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр №03 тоот "Худалдах, худалдан авах тухай гэрээ" байгуулагдсан бөгөөд уг гэрээгээр хариуцагч Д.******* нь бүхэлд нь 500,000 ам.доллароор Х.*******аас худалдаж авсан байдаг.
Нэхэмжлэгч Х.******* нь тухайн үед үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулж байгаа тал 2 хувийн татвар төлдөг юм. Надад мөнгөний хэрэгцээ байна, татвар бага төлмөөр байна, 500,000 ам.доллароос татвар төлөх юм бол татварт мөнгө явж өгөх гээд байна. ...хүсэлт тавьсны дагуу 2018 оны 8 дугаар сарын 16-ны өдөр 108,000,000 сая төгрөгийн үнийн дүнтэй худалдах, худалдан авах гэрээг зурж, хариуцагч Д.*******-******* нь үл хөдлөх эд хөрөнгийг өөрийн нэр шилжүүлэн авсан. Талууд ярьж тохиролцсоны дагуу 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр №03 тоот "Худалдах, худалдан авах тухай гэрээ" байгуулж, хариуцагч гэрээнийхээ дагуу үүргээ гүйцэтгэж, харилцан тохиролцсон төлбөрийн 250,000 ам.долларыг 2016 оны 4-р улиралд, үлдэх 250,000 ам долларыг 2017 оны 1-р улиралд нийт 500,000 ам.долларыг бүрэн шилжүүлсэн. Иймд Х.*******ы гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
2.2 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагад гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... талууд анхнаасаа үл хөдлөх эд хөрөнгийг худалдах худалдан авах бодит хүсэл зоригтой байсан бөгөөд уг хүсэл зоригийн үндсэн дээр худалдах, худалдан авах гэрээг байгуулж, гэрээний дагуу эд хөрөнгийг шилжүүлэн өгч, төлбөрийг төлснөөр гэрээ бүрэн биелэгдэж дууссан. Иймд талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь талуудын жинхэнэ хүсэл зоригт нийцсэн, бодитой хэрэгжсэн хэлцэл юм.
Нэхэмжлэгч Х.******* нь Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д "Тухайн татварын жилд албан татвар ногдох орлого олсон, эсхүл энэ хуульд заасны дагуу албан татвар төлөх үүрэг бүхий Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн албан татвар төлөгч байна", мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.1-д заасан үл хөдлөх эд хөрөнгө борлуулж олсон орлогод ногдох 2 хувийн татварыг төлөх үүргээсээ зайлсхийсэн буюу гэрээний үнийн дүн зөрүүтэй байдал нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2, 56.1.3-т тус тус заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэлд хамаарахгүй.
Тухайн үеийн ханшаар ойролцоогоор тэрбум гаруй төгрөгөөр худалдаж авсан байдаг. Баримтаа бүрдүүлж хавтаст хэрэгт хавсаргасан. Нэхэмжлэгч *******ы төлөөлөгч сая ...худалдах, худалдан авах гэрээтэй холбоотой 2 хувийн татварыг бага төлөх зорилгоор 108,000,000 төгрөгөөр гэрээ хийгээд, тэрийгээ улсын бүртгэлд бүртгүүлсэн юм...талаар хэллээ. Талуудын хооронд эндээс харах юм бол анхнаасаа үл хөдлөх эд хөрөнгийг худалдах, худалдан авах бодит хүсэл байсан. Уг хүсэл зоригийнхоо үндсэн дээр худалдах, худалдан авах гэрээг байгуулсан. Гэрээний дагуу нэхэмжлэгч эд хөрөнгөө шилжүүлж өгсөн. Манай тал төлбөрийг бүрэн төлсөн. Ингэснээр гэрээ бүрэн биелэгдэж дууссан. Талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь талуудын жинхэнэ хүсэл зоригт нийцсэн, бодитой хэрэгжсэн хэлцэл гэрээ байгаа юм. Нэхэмжлэгч өөрөө татвар төлөх үүргээсээ зайлсхийсэн. Тус зайлсхийсэн үйлдэл нь Иргэний хуулийн 56.1.1, 56.1.2, 56.1.3-д заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэлд огт хамаарахгүй. ...худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсанаас хойш 10 жилийн хугацаа, сүүлийн гэрээ байгуулагдсанаас 8 жилийн хугацаа өнгөрч байна. 8 жилийн дараа өөрөө хүчин төгөлдөр бус байх хэлцэл юм гэж орж ирж байгаа нь манай зүгээс ёс зүйгүй, ямар ч хариуцлагагүй үйлдэл гэж харж байгаа...2016 оны 10 сарын 26-ны өдөр эхлээд, худалдах худалдан авах гэрээний харилцаа талуудын хооронд үүссэн. Үүний дараа 2016 оны гэрээнд тохирсны дагуу 2016 оны 12 сарын 05-ны өдөр 250,000 ам.доллар, 2017 оны 01 сарын 03-ны өдөр 250,000 ам.доллароор гэрээнд заасны дагуу нийтдээ 500,000 ам.долларыг шилжүүлсэн. Үүний дараа гэрээний дагуу үл хөдлөх хөрөнгөө шилжүүлж авахаар удаа дараа санал тавьсан боловч шилжүүлэхгүй яваад байсан. Сүүлд улсын бүртгэлээс баримт авахад яг манайд зарсныхаа дараа Капитрон наас 600,000,000 төгрөгийн зээл авчихсан байсан. Удахгүй шилжүүлж өгнө гэсээр байгаад шилжүүлж өгөх болоод 2018 оны гэрээ хийгдээд өчнөөн мөнгө төгрөгийн асуудалтай байна. Нөгөө дүнгээс чинь шууд бүртгүүлчихнэ, барьчихна гэхээр татвар их төлөх гээд байна. Тиймээс 108,000,000 төгрөг дээр гэрээ зураад өгөөч гэж гуйгаад, тэрний дагуу гэрээгээ зурагдаад талууд улсын бүртгэлд гэрээгээ баталгаажуулаад 2018 онд Д.*******-*******гийн нэр дээр гэрчилгээ гарсан. Түүнээс хойш эзэмшиж, ашиглаж байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож бөгнө үү гэв.
3. Хэргийн оролцогчдоос шүүхэд гаргаж өгсөн болон шүүхийн журмаар бүрдүүлсэн баримтын тухайд:
3.1. Нэхэмжлэгчээс шүүхэд гаргаж өгсөн баримтын тухайд: Улсын тэмдэгтийн хураамжид 2025 оны 02 дүгээр сарын 06-ны өдрийн 697,950 төгрөг төлсөн баримт, 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн №96 Худалдах, худалдан авах гэрээний хуулбар, Х.*******ы иргэний үнэмлэхийн хуулбар, Х.*******ы Үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар/2016.08.22/, Л.д олгосон итгэмжлэл,
3.2. Хариуцагчийн шүүхэд гаргаж өгсөн баримтын тухайд: 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдөр, 2025 оны 08 дугаар сарын 18-ны өдөр тус тус Б.д олгосон итгэмжлэл, 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн №03 Худалдах, худалдан авах тухай гэрээний хуулбар, Апостиль гэрчилгээ, тодорхойлолт, орчуулгын хамт,
3.3 Шүүхийн журмаар бүрдүүлсэн баримтын тухайд: -ийн 2025 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн дугаар албан тоот, хавсралтаар нэхэмжлэгчийн дансны хуулга 2 хуудас, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн дугаар албан тоот (хавсралтаар үл хөдлөх эд хөрөнгийн хувийн хэргийн хуулбар 62 хуудас баримт) зэрэг баримт хэргийн материалд авагдсан байна.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4 дэх хэсэгт заасан шаардлага хангасан баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад,
ҮНДЭСЛЭХ нь:
4. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
5.Нэхэмжлэгч Х.******* нь хариуцагч Д.*******-*******д холбогдуулан Хэлцлийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан.
5.1 Нэхэмжлэгч тал нь анх шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ ...худалдах, худалдан авах гэрээний төлбөр төлөх үүргээ хариуцагч биелүүлээгүй үндэслэлээр гэрээнээс татгалзаж, гэрээний дагуу шилжүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийг буцаан гаргуулах-аар шаардсан.
5.2 Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талуудын хооронд 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдөр байгуулсан гэрээний үнийг 108,000,000 төгрөг гэж тодорхойлсон нь үл хөдлөх хөрөнгийг улсын бүртгэлд бүртгүүлэх зорилгоор гадаад илэрхийллийг бий болгон хууль зөрчиж, дүр үзүүлэн өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн үндэслэлээр хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн.
6. Хариуцагч тал худалдах худалдан авах гэрээ хүчин төгөлдөр байгуулагдсан, гэрээний үнэ 500,000 ам долларын төлбөрийг бүрэн төлж, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр 2018 онд улсын бүртгэлд бүртгүүлж өмчлөгч болж, эзэмшиж ашиглаж ирсэн, гэрээний харилцаа биелэгдэж дуусгавар болсон үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч мэтгэлцсэн.
7. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, талуудын тайлбарт үндэслэн шүүх дараах дүгнэлтийг хийв. Үүнд:
7.1 Х.*******, Д.*******-******* нарын хооронд 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан болох нь хэрэгт авагдсан гэрээ, тайлбаруудаар нотлогддог.
7.1.1 Дээрх гэрээг нэхэмжлэгч хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж, хариуцагч хүчин төгөлдөр байгуулагдсан гэрээ гэж тус тус маргасан.
7.2 хаягт байршилтай, , ГД-000644673 дугаартай, 324 м.кв талбай бүхий, оффис, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө нь дээрх гэрээний үндсэн дээр нэхэмжлэгч Х.*******ы өмчлөлөөс хариуцагч Д.*******-*******гийн өмчлөлд шилжин 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдөр бүртгэгдэж, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгогдсон болох нь улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн хувийн хэргийн материал, хэрэгт авагдсан гэрээгээр тогтоогдож байна./хх-ийн 3-5-р тал, 67-129-р тал/
7.3 Х.*******, Д.*******-******* нарын хооронд 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Худалдах, худалдан авах гэрээнд гэрээний зүйл үл хөдлөх эд хөрөнгийн үнийг 108,000,000 төгрөгөөр тохиролцож тусгасан байна.
7.4 Талуудын хооронд байгуулсан 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн Худалдах, худалдан авах гэрээ мөн хэрэгт авагдсан. Уг гэрээг хариуцагч талаас нотлох баримтаар гарган өгчээ.
7.4.1 Уг гэрээний 1.1-т Энэхүү гэрээний зорилго нь оффисын талбай худалдах, худалдан авах, хүлээлгэн өгөх, төлбөр тооцоо хийхтэй холбоотой талуудын хооронд үүсэх харилцааг зохицуулахад оршино, 1.2-т ...оффисын нийт үнэ 500,000$, 2.1-т гэрээний үнийг нийт үнийг энэхүү гэрээ хүчин төгөлдөр болсноос хойш 14 хоногт багтаан 100 хувь бэлнээр эсвэл худалдагч талын дор дурдсан дансанд шилжүүлнэ..., 6.1-д ...гарын үсэг зурснаар гэрээ хүчин төгөлдөр болно гэж тус тус тохиролцсон байна./хх-ийн 47-48-р тал/
7.4.2 Уг гэрээгээр тохирсон үнэ 500,000 ам долларыг нэхэмжлэгч тал үгүйсгээгүй ч, 2018 оны худалдах, худалдан авах гэрээг байгуулсан гэж үзэж, 2018 оны гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулна гэж тайлбарласан.
7.4.3 Хариуцагч нь гэрээний үнэ 500,000 ам долларыг 2 хуваан 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 250,000 ам.доллар, 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр 250,000 ам.доллароор нэхэмжлэгчид төлсөн болох нь хэрэгт авагдсан нэхэмжлэгч Х.*******ы ны тоот дансны хуулгаар нотлогдож байна./хх-ийн 41-43-р тал/
Нэхэмжлэгч уг дансны хуулгад авагдсан 2 гүйлгээний ******* гэх гүйлгээний утгаар шилжүүлсэн 250,000 ам долларын гүйлгээг хүлээн аваагүй гэж маргах боловч энэ талаар няцаасан баримт хэрэгт гаргаж өгөөгүйг дурдав.
7.5 Хариуцагч тал нь 2016 онд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, 2018 онд улсын бүртгэлд бүртгүүлэхэд татвар бага төлөх зорилгоор талууд гэрээг дахин бичгээр байгуулж үнийг 108,000,000 төгрөгөөр тусгасан гэж, нэхэмжлэгч тал мөн 2018 онд татвар бага төлөх зорилгоор бодит зах зээлийн үнээс бага үнээр гэрээний үнийг тусгасан гэж тус тус тайлбарлаж байна.
Дээрх зохигчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбар болон хэрэгт авагдсан 2 гэрээ, улсын бүртгэлийн байгууллагаас ирүүлсэн хувийн хэрэгт нэхэмжлэгчийн гаргасан хүсэлт зэргээс үзэхэд үл хөдлөх эд хөрөнгийг худалдах, худалдан авахаар талуудын тохирсон үнэ нь 500,000 ам доллар гэж үзэх үндэслэлтэй./хх-ийн 3-4, 47-48, 71-р тал/
7.6 Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж зааснаар талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна гэж, 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэгт Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг бусдад шилжүүлэх, энэ тухай улсын бүртгэлд бүртгүүлэх тухай хүсэлтийг эрхээ шилжүүлж байгаа болон уг эрхийг олж авч байгаа этгээдийн хэн нь ч гаргах эрхтэй, 109.2 дахь хэсэгт Үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх хэлцэл, холбогдох бусад баримт бичигт өмчлөх эрх шилжүүлэх болсон үндэслэлийг тодорхой зааж нотариатаар гэрчлүүлэх бөгөөд хэрэв талуудын аль нэг нь төлөөлөгчөөр дамжуулан уг харилцаанд оролцож байвал төлөөлөгч болон түүний итгэмжлэлийг дээрх баримт бичигт тэмдэглэх буюу хавсаргана гэж тус тус заажээ.
Түүнчлэн Иргэний хуулийн 110 дугаар зүйлд үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх дуусгавар болох тухай зохицуулж, 110.1 дэх хэсэгт Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно гэж заасан.
Талууд гэрээг хуульд заасан хэлбэрээр байгуулж нөхцөлийг тодорхой тусгаж тохирсон, улмаар 500,000 ам доллар буюу бичгээр үйлдсэн хэлцэлд дурдсан үнээр хариуцагч төлбөрийг төлсөн, 2018 оны гэрээний үнийг харилцан тохиролцож 108,000,000 төгрөгөөр тусгаж улсын бүртгэлд бүртгүүлсэн үйл баримтын талаар зохигч маргаагүй, хөрөнгө хариуцагчийн өмчлөлд шилжсэн зэргээс үзэхэд Х.*******, Д.*******-******* нарын хооронд 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Худалдах, худалдан авах гэрээ хүчин төгөлдөр байгуулагдсан байна.
Талуудын хооронд 2016, 2018 онд хэлцэл бичгээр байгуулсан байна. Уг хэлцлүүдэд маргаан бүхий хөрөнгийг худалдах, худалдан авах хүсэл зориг тусгагдсан, гарын үсэг зурсан байна.
Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт Хэлцлийг хуульд заасан хэлбэрээр, хуульд заагаагүй бол талууд хэлэлцэн тохиролцож амаар буюу бичгээр хийнэ, 43 дугаар зүйлийн 43.2 дахь хэсэгт Бичгээр хийсэн хэлцлийг хийсэнд тооцох: 43.2.1.талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурсан; 43.2.3.хуульд зааснаар бүртгүүлэх буюу нотариатаар гэрчлүүлбэл зохих хэлцлийг ийнхүү бүртгүүлсэн буюу гэрчлүүлсэн гэж тус тус зохицуулснаар бичгээр хэлцлийг байгуулсан байна.
7.7 Худалдах, худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт заасан хүчин төгөлдөр бус байх хэлцлийн шинжийг агуулж байгаа эсэхийг шалгавал:
Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл, 56.1.2 даахь хэсэгт дүр үзүүлэн хийсэн хэлцэл, 56.1.3 дахь хэсэгт өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл зэрэг үндэслэлийг хуульчилсан ба талуудын хооронд байгуулсан худалдах, худалдан авах гэрээнд дээрх шинжүүд үгүйсгэгдэж байна.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн үндэслэлээс ...56.1.2... дахь хэсэгт заасан дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэх үндэслэлээ дэмжиж ...хөрөнгийг худалдах санаа зорилго байгаагүй, төрөл садан учир буцааж шилжүүлж өгнө гэж найдаж хөрөнгийг шилжүүлсэн, ...250,000 ам долларыг хүлээн авсан, 250,000 ам долларыг нь аваагүй... гэж тайлбарласан.
Хэрэгт авагдсан баримтаар дүр үзүүлэн хийсэн гэх үйл баримт тогтоогдохгүй бөгөөд нэхэмжлэгч тал гэрээний дагуу 250,000 ам долларыг хүлээн аваагүй дутуу шилжүүлсэн гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт зааснаар нотлоогүй.
Нэхэмжлэгч тал нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад маргаан бүхий хөрөнгийн тухайн үеийн зах зээлийн үнэлгээг тогтоолгох хүсэлтийг гаргаж, үндэслэлийг ...108,000,000 төгрөгөөр худалдах хүсэл зориггүй байсан гэдгээ нотолно... гэх боловч гэрээний талууд гэрээний нөхцөлийг чөлөөтэй тохиролцох, гэрээний чөлөөт байдлын зарчмын дагуу талууд нөхцөлөө тохирч 500,000 ам долларын үнийг тусгасан гэх үндэслэлтэй.
Харин гэрээний үнэ ...108,000,000 төгрөгийн тухайд зохигч хэн аль нь улсын бүртгэлд бүртгүүлэхтэй холбоотой ...татвар бага төлөх зорилгоор...харилцан тохиролцож тусгасан үнэ гэдэгт маргаагүй болохыг дурдав.
8. Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 697,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт заасан үндэслэлгүй тул нэхэмжлэгч Х.*******ы хариуцагч Д.*******-*******д холбогдох 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн Худалдах, худалдан авах тухай гэрээ-г хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 697,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь заалтад зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь заалтад зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ГАНТУЯА