Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 74

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Шүрэнчимэг,

Улсын яллагч Н.Идэр,

Хохирогч *******,

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн * *******д холбогдох эрүүгийн 1718000000014 дугаартай хэргийг 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, * ******* /РД:*******/, 1991 оны 8 дугаар сарын 07-нд Дархан-Уул аймагт төрсөн, 26 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, засал чимэглэлчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, 2 хүүхдийн хамтаар Дархан-Уул аймаг Дархан сумын 6 дугаар баг *******тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2017 оны 7 дугаар сарын 01-нээс 02-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын 4 дүгээр баг Төмөр замын 34 дүгээр байрны орчим *******тэй маргалдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Гэм буруугийн талаар

Шүүгдэгч ******* нь 2017 оны 7 дугаар сарын 01-нээс 02-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын 4 дүгээр баг Төмөр замын 34 дүгээр байрны орчим *******тэй маргалдаж эрүүл мэндэд нь тархи доргилт, баруун гуя, бугалга дахь цус хуралт, духны баруун хэсгийн зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч *******гийн өгсөн: Би 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 7 дугаар сарын 02-ны шилжих шөнө найзуудтайгаа “боргио” пиво авахаар галт тэрэгний буудал ортол тэнд ******* пиво зарж байсан. Манай найз *******эс пиво авах гэхээр нь би өөр хүнээс пиво авчихсан. Гэтэл ******* уурлаад бид 2 маргалдаад ийм асуудал үүссэн. Хохирогчийн гар утсыг нь эвдчихсэн учраас гар утас авч өгсөн. Мөн 100.000 төгрөг нэхэмжилсэн боловч надад 60.000 төгрөг байсан болохоор тэр мөнгөө өгөх гэтэл 100.000 төгрөгөө бөөнөөр нь авна гээд аваагүй гэх мэдүүлэг,

Хохирогч ******* өгсөн: Тухайн өдөр галт тэрэгний буудлын ард нөхөр бид 2 замын хажуу талын бордюр дээр сууж байтал шүүгдэгч найзуудтайгаа ирээд “пиво байна уу” гэхээр нь би “байхгүй” гэтэл цаашаа яваад өөр хүнээс пиво авсан. Тэгээд ******* “пивоо авчихлаа гичий минь” гээд явахаар нь би “чи яагаад намайг элдвээр доромжлоод байгаа юм бэ? уусан архиа аятайхан шингээгээч” гэж хэлээд цаашаа утсаар яриад явж байтал шүүгдэгч миний араас ирээд үснээс зулгаасан. Тэгж байтал *******гийн 2 найз нь салгах гэж байгаа нэртэй намайг цохиод байсан. Тэгээд манай нөхөр ирээд салгасан. Би цагдаа дуудна гэтэл ******* “битгий цагдаа дууд, пивоо өгөөд дээрээс нь 10.000 төгрөг нэмж өгье” гээд байсан. Тэгээд би цагдаа дуудсан. Томографийн зураг авахуул гэсэн бичиг хийж өгсөн боловч би харуулаагүй, толгойгоо бариулаад Дархан захын хажуу талын Монос эмийн сангаас эм авч уусан мөнгө нийт 300.000 төгрөг болсон боловч баримт байхгүй. Би одоо эмчилгээний зардал гэж шүүгдэгчээс 100.000 төгрөгийг нэхэмжилж байна. Хохирлоо төлөөгүй учир гомдолтой байна гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад:

Гэрч *******ий өгсөн: 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 02-ны шилжих шөнө эхнэр *******хамт Улаанбаатараас Сэлэнгэ явах чиглэлийн шөнийн галт тэрэг тоссон юм. Тэгтэл эхнэр бид 2 дээр 3 хүүхэн ирж “пиво байна уу” гэж асуухаар нь “байхгүй” гэсэн. Тэгээд би цаашаа хүнтэй уулзахаар яваад эхнэр тэнд ганцаараа үлдсэн. Тэгсэн манай эхнэрийг 11 дүгээр байрны хажууд нэг хүүхэн үснээс нь зулгаагаад дарчихсан зодож байсан. Би хадам ээжтэйгээ нийлээд тэднийг салгасан. Тэгэхэд манай эхнэр лүү туранхай хүүхэн нь “ална” гээд дайраад байсан. Тэгээд манай эхнэр утсаараа цагдаа дуудах гэж байхад тэр туранхай хүүхэн нь гар утсыг нь аваад шидчихсэн. Тэгээд манай хадам ээж болох *******цагдаа дуудсан гэх мэдүүлэг /хх-ийн 11-12/,

Гэрч *******гийн өгсөн: 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 02-ны шилжих шөнө *******, *******, *******, ******* нарын хамт *******ийн эгч *******г тосохоор галт тэрэгний буудал явсан. Шөнө 2 цагийн үед ******* Сэлэнгэ аймгийн Мандал сумаас Дарханд ирээд бид нар уулзаад пиво уухаар болсон. Галт тэрэгний буудлын хашааны гадна нэг эгчээс 2.5 литрийн хэмжээтэй пиво 10.500 төгрөгөөр аваад явж байтал нэг эрэгтэй, эмэгтэй 2 хүн бид нарыг “жоохон юм байж, муу янханууд пиво авлаа, ТМС-ийн муу янханууд” гэх мэтээр хэл амаар доромжилж эхэлсэн. Тэгсэн цаанаас нэг хүүхэн хүрч ирээд бид нарыг “гичий, янхан” гэж хэл амаар доромжилсон. Тэгээд тэр цаанаас ирсэн хүүхэн нь *******тай маргалдаад, тэр хоёр бие биенийхээ үснээс зулгаагаад зууралдсан. Бид нараас гадна нилээн хэдэн хүмүүс бас тэнд цугласан. Бид нар *******, тэр хүүхэн хоёрыг салгах гэсэн боловч тэнд цугласан хүмүүс бид нарыг ойртуулахгүй байсан. Тэгтэл *******тай зодолдож байсан охины ээж болох *******ирээд тэр хоёрыг салгаад цагдаа дуудсан гэх мэдүүлэг /хх-ийн 13-14/,

Гэрч Б.*******гийн өгсөн: 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 02-ны шилжих шөнө *******, *******, *******,************** нарын хамт *******ийн эгч *******г тосохоор галт тэрэгний буудалд очсон. ******* галт тэргээс буугаад пиво авъя гээд бид пиво авахаар хашааны гадна архи, пиво зарна гэсэн нэг эгч дээр очсон. Тэр эгчээс пиво хэдэн төгрөг вэ? гэж асуухад 10.000 төгрөг гэсэн. ******* эгч цааш яваад цаана нь байсан эгчээс пиво худалдаж авсан. Бид нарын анх пивоны үнэ асуусан хүн өөрөөс нь пиво худалдаж авсангүй гэж уурлаад бид нарыг “гичий, янхан” гэж доромжлоод байсан. Тэгтэл ******* эгч “чи юу гээд байгаа юм бэ?” гээд тэр хүнтэй маргалдаж, зууралдан зодолдсон. Бид нар тэр хоёрыг салгах гэтэл тэр хавиар байсан хүмүүс салгуулахгүй байсан. Тэгтэл *******гэх хүн ирж тэр хоёрыг салгаад цагдаа дуудсан гэх мэдүүлэг /хх-ийн 15-16/,

Гэрч Э.*******ын өгсөн: Би 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 02-ны шилжих шөнө хэдэн найзуудтайгаа *******ийн эгч *******г галт тэрэгнээс тоссон. Тэгээд ******* эгч пиво авъя гэсэн. Би тэд нараас арай зайтай зогсож байсан. Тэгсэн тэд нар нэг эгчтэй маргалдахаар нь би яваад очтол ******* эгч нэг хүүхэнтэй бие биенийхээ үснээс зулгаагаад зууралдчихсан байсан гэх мэдүүлэг /хх-ийн 17-18/,

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 702 дугаартай “*******н биед тархи доргилт, баруун гуя, бугалган дахь цус хуралт, духны баруун хэсгийн зулгаралт тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно. *******д учирсан гэмтэл нь цаашдын эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 25/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч *******гийн дээрхи үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул *******г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч ******* биед тархи доргилт, баруун гуя, бугалган дахь цус хуралт, духны баруун хэсгийн зулгаралт бүхий хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь шүүгдэгчээс эмчилгээний зардал 100.000 төгрөг нэхэмжилсэн боловч холбогдох нотлох баримтыг гаргаж өгөөгүй байх тул иргэний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

2. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч ******* нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.

Шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх  хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч ******* нь эрхэлсэн тодорхой ажилгүй тул түүний орлого олох боломж болон бусад нөхцөл байдлыг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зүйтэй байна.    

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.1, 36.2 дугаар зүйлийн 4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч * *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Хохирогч ******* 100.000 /нэг зуун мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******г 450 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар *******д оногдуулсан 450.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 10 /арав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

6. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хураан авсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Б.ИХТАМИР