| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баатаржавын Ихтамир |
| Хэргийн индекс | 166/2018/0066/Э |
| Дугаар | 75 |
| Огноо | 2018-02-23 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | О.Доржмаа |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 02 сарын 23 өдөр
Дугаар 75
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Шүрэнчимэг,
Улсын яллагч О.Доржмаа,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Өлзиймаа,
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн * *******т холбогдох эрүүгийн 1818000110059 дугаартай хэргийг 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, * ******* /РД: *******/, 1972 оны 11 дүгээр сарын 22-нд Завхан аймгийн Улиастай суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, засварчин мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын Малчин багийн ******* тоотод бүртгэлтэй боловч 5 дугаар багийн Хэвлэх үйлдвэрийн нийтийн байрны 2 тоотод оршин суух, урьд Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 292 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь 2017 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Дархан сумын 14 дүгээр багийн нутаг дэвсгэр 9 дүгээр байрны орчим архидан согтуурсан үедээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох *******ийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч ******* нь 2017 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Дархан сумын 14 дүгээр багийн нутаг дэвсгэр 9 дүгээр байрны орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч *******ийг зодож, биед нь тархи доргилт, дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт
Шүүгдэгч *******ын өгсөн: ******* бид 2 албан ёсоор гэрлэлтээ бүртгүүлээгүй боловч 11 жил хамт амьдарч байна. Бид нэг хүүхэдтэй. Тухайн үед эхнэр *******ийн ажил дээр очтол манай эхнэр надтай ярилцахгүйгээр 2 сая төгрөгийн үнэтэй гар утас зээлээр худалдаж авсан байсан. Тэгэхээр нь би “гэрт мөнгө хэрэгтэй байхад чи үнэтэй гар утас худалдаж авлаа” гэж уурлаад бид маргалдсан. Эхнэр миний куртикээс зуураад байхаар нь би тавь гээд 2-3 удаа угзарсан. Миний буруутай үйлдлээс хохирогчийн биед тархи доргилт үүссэн гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад
Хохирогч *******ийн өгсөн: Миний хамтран амьдрагч ******* 2017 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн орой 21 цагийн үед 14 дүгээр багийн 9 дүгээр багийн зоорийн давхарт намайг ажиллаж байхад согтуу орж ирсэн. Бид гэр лүүгээ хамт явж байгаад 9 дүгээр байрны булан эргэтэл ******* миний араас баруун хөл рүү өшиглөсөн. Би газар унатал намайг газар мөргүүлээд байсан. Бидэнтэй хамт явж байсан хүү ******* манай ажил руу гүйгээд хамт ажилладаг хүмүүсээс нэгийг нь дуудахад ******* гарч ирээд бид хоёрыг салгасан. Тэгээд би хүүгийн хамт шууд гэр лүүгээ харьсан. ******* гудамжинд үлдсэн гэх мэдүүлэг /хх-ийн 14/,
Гэрч П.*******ийн өгсөн: ******* архи уусан халамцуу манай ажил дээр ирээд эхнэр *******, хүүхэдтэйгээ хамт харилаа гээд гарсан. Ажил дээр хэрүүл маргаан хийгээгүй. Тэр 3 гарч яваад удалгүй хүүхэд нь гүйж орж ирээд “ээж дуудаж байна” гэсэн. Би гараад очиход ******* *******ийг газар унагаагаад дээр нь гараад өвдөглөөд сууж байсан. ******* *******ийг яг цохих гээд гараа далайж байхад нь би гүйж очоод *******ыг татаж холдуулсан. Тэгсэн ******* зугтчихсан. ******* босоод хүүхдээ аваад таксинд суугаад харьсан гэх мэдүүлэг /хх-ийн 19/,
Гэрч*******ийн өгсөн: ******* бол миний төрсөн эх, ******* бол миний хойд эцэг юм. Намайг 17 настай байхад энэ хоёр хамт амьдарч эхэлсэн. Би эцэг эхээс 4-лээ бөгөөд би 2 дүүтэйгээ эцэг нэгтэй, аав маань ээжээс салаад явсан. Харин бага дүү маань *******ын хүүхэд. Одоо ******* ах, ээж, бага дүү гурав хамт амьдардаг. ******* ах хүнтэй зөв харилцаж чаддаггүй, их дээрэлхүү. Архи уусан үедээ их агсам. Ээжийг урьд нь бас зоддог байсан. Энэ тухай ээж заримдаа бид нарт хэлдэггүй. Ээж *******т зодуулсан гэж хэлэхээр нь би очиж ******* ахтай хэрүүл маргаан хийдэг. Тиймээс сүүлийн үед ээж бид нарт хэлэхээ больсон гэх мэдүүлэг /хх-ийн 15/,
Гэрч*******ын өгсөн: Би Хэвлэх үйлдвэрийн нийтийн байранд 4 сар амьдарч байна. Хажуу хаалганы 2 тоотынхныг сайн танихгүй. Гэрийн эзэн нь агсам тавиад, зодолдох чимээ гарч, гэр орондоо орилж хашгирч байгаа нь хажуу айлуудад сонсогддог гэх мэдүүлэг /хх-ийн 16-17/,
Гэрч *******гийн өгсөн: ******* манай эхнэр *******гийн төрсөн эгч*******ийн хүүхэд нь юм. ******* эцэг, эхээ нас барснаас хойш архи их уудаг болсон. Архи уусан үедээ эхнэртэйгээ хэрүүл маргаан хийдэг юм шиг байснаас гадны хүнтэй бол гайгүй харилцаатай байдаг. ******* нь эхнэр *******, хүү *******гийн хамт амьдардаг гэх мэдүүлэг /хх-ийн 18/,
Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 79 дугаартай “*******ийн биед тархи доргилт, дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Урьд өмнө зодуулж байсан гэдгийг нотлох эмнэлгийн бичиг баримт бичиг байхгүй. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд, энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 22/,
Дархан-уул аймаг дахь Цагдаагийн газрын хэсгийн байцаагч, ахлах дэслэгч Т.Бат-Эрдэнийн 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 20:00 цагт хийсэн Аюулын зэргийн үнэлгээгээр 10 оноо буюу дунд түвшинд тогтоогдсон, 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Хүчирхийлэлд өртсөн хүүхдийн аюулын зэргийн үнэлгээгээр 13 оноо буюу өндөр түвшинд тогтоогдсон гэх баримт /хх-ийн 29-32/ зэрэг хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч *******, хохирогч ******* нар нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан тус хуулийн үйлчлэлд хамаарах этгээд мөн болох нь шүүгдэгч, хохирогч болон гэрч *******, ******* нарын мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгч *******ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч *******ийн биед хөнгөн хохирол учирсан боловч хохирогч хохирол төлбөр нэхэмжлээгүй байна.
Иймд шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдах нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч ******* нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.
Шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал болон улсын яллагчийн санал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар 480 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч ******* нь урьд Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 292 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 60-61/-аар нотлогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2-т зааснаар *******т 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 292 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ял, энэ тогтоолоор оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг тус тусад нь эдлүүлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 9, 36.1, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д заасныг заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч * *******ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч ******* нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдсугай.
3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар *******т 480 /дөрвөн зуун ная/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хуулийн 6.9 дугаар зүйлийн 2-т зааснаар *******т 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 292 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ял, энэ тогтоолоор оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг тус тусад нь эдлүүлсүгэй.
6. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ИХТАМИР