Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 2025/ДШМ/35

 

 

 

 

 

 

 

 

   2025           07            02                                           2025/ДШМ/35                       

 

Т.О, Г.Т, С.Ц нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Цэрэнпүрэв даргалж, Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Баярцэнгэл, Т.Ганчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанд     

                                                     

Прокурор Ц.Эрдэнэбат,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Адъяатогтох,

Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Санчирбал /цахимаар/,

Шүүгдэгч Т.О,    

Шүүгдэгч Г.Т,

Нарийн бичгийн дарга З.Сүхбаяр нарыг оролцуулан

Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч М.Мандахбаяр даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2025 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 2025/ШЦТ/114 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн прокурорын эсэргүүцэл, шүүгдэгч Г.Т, түүний өмгөөлөгч Г.Адъяатогтох нарын гаргасан гомдлоор Т.О, Г.Т, С.Ц нарт холбогдох эрүүгийн 2226000000016 дугаартай хэргийг 2025 оны 6 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Цэрэнпүрэвийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Т.О

Монгол Улсын иргэн, Г.Т

Монгол Улсын иргэн, С.Ц

Т.О нь өмгөөлөгчөөр ажиллахдаа бүлэглэн эрүүгийн 2126001070178 дугаартай хэргийн шүүгдэгч Б.Б-т давуу байдал бий болгох зорилгоор тухайн хэрэгт хохирогчоор тогтоогдсон насанд хүрээгүй О.С-ыг Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанд зориуд худал мэдүүлэг өгүүлэхээр түүний хууль ёсны төлөөлөгчөөр томилогдсон Г.Т-таар дамжуулан Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын нутаг дэвсгэрт 2021 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд ятгасан, улмаар 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын нутаг дэвсгэрт насанд хүрээгүй хохирогч О.С-оор зориуд худал мэдүүлэг өгүүлэхээр шан харамж болох 30,000,000 төгрөгийг дамжуулан Г.Т-д өгсөн гэх гэмт хэрэг,

Г.Т  нь эрүүгийн 2126001070178 дугаартай хэргийн яллагдагчийн өмгөөлөгч Т.О , мөн дугаартай хэргийн оролцогчийн гэр бүлийн гишүүн С.Ц  нартай бүлэглэн 2021 оны 11 дүгээр сард Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Cosy mall” худалдааны төвд байх зоогийн газарт, мөн 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрт байх өөрийн гэртээ эрүүгийн 2126001070178 дугаартай хэргийн насанд хүрээгүй хохирогч О.С-ыг  “О, А хоёр баян хүнтэй унтвал мөнгө авдаг гэж хэлэх, эсхүл өөрөө олоод хэлчих. Аав, ээж чинь архи уудаг юм чинь, чамд дүү нараа хувцаслах, ирээдүйд чиний сургалтын төлбөр яах ч юм билээ, чи төлж чадахгүй шүү дээ” гэх байдлаар өмнө өгсөн мэдүүлгээр зөрүүтэй,  зориуд худал мэдүүлэг өгүүлэхээр ятгасан, мөн уг үйлдлээ гүйцэлдүүлэх зорилгоор 30,000,000 төгрөгийн шан харамж өгөхөөр амласан гэх гэмт хэрэг,

С.Ц  нь санаачилж өөрийн гэр бүлийн гишүүн болох эрүүгийн 2126001070178 дугаартай хэргийн шүүгдэгч Ц.Б-т давуу байдал бий болгох тухайн хэрэгт хохирогчоор тогтоогдсон насанд хүрээгүй О.С-ыг Өвөрхангай аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанд зориуд худал мэдүүлэг өгүүлэхээр түүний хууль ёсны төлөөлөгчөөр томилогдсон Г.Т аар дамжуулан 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд ятгасан, мөн 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын нутаг дэвсгэрт насанд хүрээгүй хохирогч О.Санжидмоломоор зориуд худал мэдүүлэг өгүүлэхээр шан харамж болох 30,000,000 төгрөгийг дурдагдсан эрүүгийн хэрэгт шүүгдэгчид хууль зүйн туслалцаа үзүүлж байсан өмгөөлөгч Т.О ээр дамжуулан Г.Т ад өгсөн гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Өвөрхангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос: Т.О-н үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг,

Г.Т-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг,

С:Ц-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг харьяаллын дагуу Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар Өвөрхангай аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Т.О-т холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж, шүүгдэгч Г.Т-ыг хохирогчийг зориуд худал мэдүүлэг өгүүлэх зорилгоор ятгасан, шан харамж амласан, шүүгдэгч С.Ц-г хохирогчийг зориуд худал мэдүүлэг өгүүлэх зорилгоор шан харамж өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Т-ыг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч С.Ц-г нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1,000,000 / нэг сая / төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Т , С.Ц  нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2-т заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэн, шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурдан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц  шүүгдэгч Т.О т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Т , С.Ц  нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч  нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Т , С.Ц  нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Прокурор Ц.Эрдэнэбат давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэлдээ: Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 2025/ШЦТ/114 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Т.О т холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгон түүнийг цагаатгаж, шүүгдэгч Г.Т , С.Ц  нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэжээ.

Шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байх тул дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна.

Шүүхийн шийдвэрийн шүүгдэгч Т.О т холбогдох хэсэгт шүүгдэгч Т.О ийг насанд хүрээгүй хохирогч О.С-ыг  худал мэдүүлэг өгүүлэхээр хаана, хэзээ, хэрхэн яаж ятгасан талаар мэдүүлээгүй, энэ талаар нотлох баримт хэрэгт авагдаагүй. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгчээс насанд хүрээгүй хохирогчид зориуд худал мэдүүлэг өгүүлэхийн тулд түүнд ямар идэвхтэй үйлдлээр хэрхэн яаж нөлөөлснийг тогтоогоогүй байна гэж дүгнэж, түүнд холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэсэн байна. Хэргийн үйл баримтаар С.Ц  нь санаачилж өөрийн гэр бүлийн гишүүн болох Эрүүгийн 2126001070178 дугаартай хэргийн оролцогч Ц.Б-т давуу байдал бий болгож тухайн хэрэгт хохирогчоор тогтоогдсон насанд хүрээгүй О.С-ыг  Өвөрхангай аймаг дахь Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанд зориуд худал мэдүүлэг өгүүлэхээр түүний хууль ёсны төлөөлөгчөөр томилогдсон Г.Т аар дамжуулан 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд ятгасан, мөн 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын нутаг дэвсгэрт насанд хүрээгүй хохирогч О.С-оор зориуд худал мэдүүлэг өгүүлэхээр шан харамж болох 30,000,000 төгрөгийг дурдагдсан эрүүгийн хэрэгт шүүгдэгчид хууль зүйн туслалцаа үзүүлж байсан өмгөөлөгч Т.О ээр дамжуулан Г.Т ад өгсөн гэмт хэргийг,

Т.О нь өмгөөлөгчөөр ажиллахдаа бүлэглэн Эрүүгийн 2126001070178 дугаартай хэргийн оролцогч Ц.Б-т  давуу байдал бий болгох зорилгоор тухайн хэрэгт хохирогчоор тогтоогдсон насанд хүрээгүй О.С-ыг  Өвөрхангай аймаг дахь Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанд зориуд худал мэдүүлэг өгүүлэхээр түүний хууль ёсны төлөөлөгчөөр томилогдсон Г.Т аар дамжуулан Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын нутаг дэвсгэрт 2021 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд ятгасан, улмаар 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын нутаг дэвсгэрт насанд хүрээгүй хохирогч О.С-оор зориуд худал мэдүүлэг өгүүлэхээр шан харамж болох 30.000.000 төгрөгийг дамжуулан Г.Т ад өгсөн гэмт хэргийг,

Г.Т нь эрүүгийн 2126001070178 дугаартай хэргийн оролцогч Ц.Батбаярын өмгөөлөгч Т.О , мөн дугаартай хэргийн яллагдагчийн гэр бүлийн гишүүн С.Ц  нартай бүлэглэн 2021 оны 11 дүгээр сард Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Созу таП” худалдааны төвд байх зоогийн газарт, мөн 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрт байх өөрийн гэртээ эрүүгийн 2126001070178 дугаартай хэргийн насанд хүрээгүй хохирогч О.С-ыг  “О, А хоёр баян хүнтэй унтвал мөнгө авдаг гэж хэлэх, эсхүл өөрөө олоод хэлчих. Аав, ээж чинь архи уудаг юм чинь, чамд дүү нараа хувцаслах, ирээдүйд чиний сургалтын төлбөр яах ч юм билээ, чи төлж чадахгүй шүү дээ” гэх байдлаар өмнө өгсөн мэдүүлгээр зөрүүтэй, зориуд худал мэдүүлэг өгүүлэхээр ятгасан, мөн уг үйлдлээ гүйцэлдүүлэх зорилгоор 30,000,000 төгрөгийн шан харамж өгөхөөр амласан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэж үзэж яллах дүгнэлт үйлдсэн.

Шүүхийн шийдвэрийн шүүгдэгч Т.О т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгасныг эс зөвшөөрч буй тайлбар үндэслэл нь хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны дүнд хийгдвэл зохих ажиллагааг бүрэн хийж гүйцэтгэсэн, шаардлагатай бүх нотлох баримтыг цуглуулсан. Өөрөөр хэлбэл нотлох баримтын хүрэлцэхүйц байдал хангагдсан. Учир нь хэрэгт тогтоогдсон үйл явдал нь шүүгдэгч Г.Т , Т.О , С.Ц  нарын л хооронд өрнөдөг ба тэдгээрээс Г.Т  нь Т.О ээс мөнгө хүлээн авсан, С.Ц  нь Т.О ээр дамжуулан мөнгийг өгсөн гэж мэдүүлдэг. Шүүгдэгч Г.Т  мөрдөн шалгах ажиллагааны явцад анхнаасаа Т.О ээс мөнгө хүлээн авсан гэж тогтвортой мэдүүлэх ба С.Ц  шүүх хуралдааны хэлэлцүүлэгт би бүх үнэнээ өнөөдөр хэлнэ гэж мэдүүлсний дараа мөнгийг өөрөө бус Т.О ээр дамжуулан өгсөн гэдэг. Энэхүү нөхцөл байдлыг шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч уг мэдүүлэг дангаараа түүнийг яллах үндэслэл болохгүй, 3 дахь хэсэгт мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг дангаараа нотлох баримт болохгүй гэж дүгнэсэн.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан яллагдагч, шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг өөрийг нь гэм буруутай гэж үзэх үндэслэл болохгүй гэх үзэл санааг агуулдаг. Өөрөөр хэлбэл эрүүгийн эрх зүй дэх өөрийн гэм бурууг нотлох үүрэг хүлээхгүй байх зарчим нь өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх Үндсэн хуулийн баталгаагаар давхар хамгаалагдсан хүний үндсэн эрх байдаг. Энэ тохиолдолд шүүгдэгч Т.О өөрөө бус харин шүүгдэгч Г.Т , С.Ц  нар Т.О ээс мөнгийг хүлээн авч, улмаар хүлээлгэн өгсөн үйлдлийн талаар хэн аль нь мэдүүлдэг.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг дангаараа нотлох баримт болохгүй" гэж заасан. Энэхүү хэргийн тухайд хэд хэдэн шүүгдэгчтэй бөгөөд шүүгдэгч Г.Т , С.Ц  нар нь хоёулаа Т.О ийн үйлдлийн талаар буюу 30,000,000 төгрөгийг дамжуулсан талаар мэдүүлснийг яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлэг дангаараа яллах үндэслэл болохгүй, эх сурвалжаа зааж чадаагүй гэдэг үндэслэлээр үнэлээгүй нь хэргийн бодит байдалтай нийцээгүй бөгөөд дээрх хоёр шүүгдэгчийн мэдүүлгийг үнэлэхгүйгээр орхиж болохгүй юм.

Учир нь тухайн нөхцөл байдлыг дээрх гурван шүүгдэгч л мэдэж байсан ба энэ талаар тодорхой мэдүүлэг. Шүүгдэгч Т.О ийн тухайд эрүүгийн 2126001070178 дугаартай хэргийн шүүгдэгч Ц.Б-т  ял шийтгэл оногдуулсан анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргасан мөртлөө Ц.Б-ын эхнэр С.Ц гаас 30,000,000 төгрөг авч, шүүгдэгч Г.Т ад буюу хохирогчид өгч байгаа нь ойлгомжгүй. Хэрэв шүүхээс шүүгдэгч Т.О мөнгийг хүлээн авч улмаар дамжуулан өгөөгүй гэж үзсэн бол шүүгдэгч Г.Т , С.Ц  нар мөнгийг хэнд өгсөн, хэнээс хүлээн авсан, эсхүл өөр хоорондоо өгсөн эсэхэд мөн л дүгнэлт хийх шаардлагатай болно. Тодорхой үйл баримтын талаар мэдүүлсэн баримтат мэдээллийг шалгаж үнэлэхдээ тэдгээрийн ач холбогдол хамаарал, хангалттай болон хууль ёсны байдлыг ижил шалгуураар хэмжих ёстой бөгөөд аль нэг нотлох баримтад илүү ач холбогдол өгч нөгөөг нь үгүйсгэх бус, бодит үнэнийг таньж олох болон логик дүгнэлтэд үндэслэн үнэлэх нь зүйтэй.

Иймд Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 2025/ШЦТ/114 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Шүүгдэгч Г.Т ын өмгөөлөгч Г.Адъяатогтох давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Шүүгдэгч Г.Т  нь 2021 оны 11 дүгээр сарын сүүлээр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Соsy mall” худалдааны төвд байх зоогийн газар, мөн 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах өөрийн гэртээ эрүүгийн 2126001070178 дугаартай хэргийн /ЭХ-н тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4/ насанд хүрээгүй хохирогч О. С-ын хууль ёсны төлөөлөгчөөр томилогдон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байхдаа түүнийг Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанд зориуд худал мэдүүлэг өгүүлэхээр 30 сая төгрөгийн шан харамж амласан, ятгасан гэмт хэрэгт холбогдсон. Шүүх Г.Т ыг гэм буруутайд тооцохдоо дүгнэлтэд нөлөөлж болох нөхцөл байдлыг анхаарч үзэлгүй орхигдуулсан.шүүхийн тогтоолд заасан дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж байна.

Шүүгдэгч Г.Т насанд хүрээгүй хохирогч О.С-ын хууль ёсны төлөөлөгчөөр давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцохдоо түүнийг шүүхэд зориуд худал мэдүүлэг өгүүлээгүй нь 2 дугаар хавтаст хэргийн 7 дахь хуудсанд авагдсан Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 12-р сарын 15-ны өдрийн 51 дугаар магадлал, шүүх хуралдааны тэмдэглэлээр, өмгөөлөгч Т.О ээр дамжуулж, шүүгдэгч Ц.Б-ын эхнэр С.Ц  нар 30 сая төгрөг өгсөн талаар Өвөрхангай аймгийн Прокурорын газрын орлогч прокурор Ч.М-д утсаар мэдэгдсэн, энэ нь 1 дүгээр хавтаст хэргийн 151 дэх хуудсанд авагдсан Г.Т ын 88082238 дугаарын утасны биллээр /99026840 дугаарт 3 удаа дуудлага хийсэн/, Энэ мэдээллийг анх шүүгдэгч Г.Т  прокурорт гаргасан. Прокуророос Цагдаагийн байгууллагад мэдэгдсэнээр уг гэмт хэрэг шалгагдах үндэслэл болсон гэтэл 1 дүгээр хавтаст хэргийн 3-4 дахь хуудсанд авагдсан 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн гэмт хэргийн талаар гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэлд “Шүүхэд худал мэдүүлэг өгүүлэхээр шан харамж амласан байж болзошгүй байна гэх мэдээлэл авагдсаныг цагдаагийн албан хаагч биечлэн илрүүлсэн” 2021 оны 12 дугаар 16-ны 17 цаг 10 минутад гүйцэтгэх ажлын мэдээллээр илрүүлж хэргийг нээн шалгасан гэсэн.

Ц.Б-т  холбогдох /хохирогч О.С/ хэрэг давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцсэний дараа 12 дугаар сарын 15-наас хойш Прокурорт мэдэгдсэнээс хойш дээрх тэмдэглэлийг үйлдсэн нь бодит үнэнтэй нийцэхгүй байна. Давж заалдах шатны шүүх хуралдааны өмнө 30,000,000 төгрөгийг шүүгдэгч С.Ц  болон түүний охин Б.Б нарт буцааж өгсөн нь 1 дүгээр хавтаст хэргийн 7 дахь хуудсанд авагдсан 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн мөнгө хүлээлцсэн баримт, гэрчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар мөрдөгч хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхийн нөхцөл байдлын талаар хэргийн оролцогчоос мэдүүлэг авах, анхан шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шүүгдэгчийн мэдүүлгийг сонссоны дараа хохирогчийн мэдүүлгийг сонсохоор, давж заалдах шатны шүүх оролцогчийн тайлбар, прокурорын дүгнэлт өмгөөлөгчийн саналыг сонсохоор хуульчилсан. Энэ нь прокуророос Г.Т-ыг хохирогч О.С-ыг  Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанд зориуд худал мэдүүлэг өгүүлэхээр, 30,000,000 төгрөгийн шан харамж амласан, ятгасан гэмт хэрэгт яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байгаа гэхэд эргэлзээтэй.

Эрүүгийн 2126001070178 дугаартай хэргийн /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4/ насанд хүрээгүй хохирогч О.С давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцохдоо мэдүүлэг өгөөгүй тайлбар гаргасан нь Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 12-р сарын 15-ны өдрийн 51 дугаартай магадлал шүүх хуралдааны тэмдэглэлээр тогтоогдсон.

Мөн хохирогч нь О.С сэтгэлзүйн хувьд гутралд орсон эмгэгтэй болох нь сэтгэцийн эмчийн дүгнэлтээр тогтоогдсон сэтгэл санааны хор хохирол нэхэмжлэх эрхтэй. Энэ дагуу хүүхдийн байгууллага хууль ёсны төлөөлөгчөөс хохирогчид сэтгэл заслын эмчилгээ хийлгэх төлбөрийн талаар төрийн бус байгууллагад хандаж зөвлөгөө авч, хууль ёсны төлөөлөгч анхан шатны шүүхэд хохирол гаргуулах хүсэлтээ дэмжиж оролцсон байдаг.

Шүүгдэгч Ц.Б-ын эхнэр С.Ц-гийн хүсэлтээр хохирогчид хохирол барагдуулах үндэслэлээр өгсөн мөнгийг хохирогчид хууль бусаар нөлөөлөх хэрэгсэл гэж үзэж эрх ашгийг нь хамгаалж байгаа хууль ёсны төлөөлөгчийг буруутгаж байгааг хэт нэг талыг барьсан гэж үзэхээр байна. Хүчирхийллийн хохирогч охин ямар ч хохирол төлбөр олж авч чадаагүй сэтгэл зүйн эмчилгээнд хамрагдаагүй зан төрхийн өөрчлөлтөөс сургуулиас завсардаж суралцах боломжгүй болж эрх ашиг нь хөсөр хаягдсан. Түүний араас хэн ч анхаарахгүй харамсалтай нөхцөлд оруулсныг энэ хэрэгтэй хамааралтай гэж ч үзэхээр харагдаж байна. Энд хохирогчийн эрхийг огт анхаарахгүй байгаад харамсаж байна.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйл, мөн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1.2, мөн хуулийн 2.8 дугаар зүйлийн 3, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийг үндэслэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Шүүгдэгч Г.Т  давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Өвөрхангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 114 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогчийг зориуд худал мэдүүлэг өгүүлэх зорилгоор ятгасан, шан харамж амласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэсэн.

Миний бие Ц.Б-т  холбогдох эрүүгийн хэрэгт насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр ажилласан бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдэх санаа зорилго байгаагүй. Насанд хүрээгүй хохирогчийг Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар төлөөлж, түүний эрх үүргийг эдэлж байгаагийн хувьд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон. Өмгөөлөгч Т.О тэй хувийн сонирхол үүсгэж, өөртөө шан харамж авч, мөн насанд хүрээгүй хүүхдэд шан харамж өөрийн зүгээс амлаагүй, шүүгдэгч талын шан харамжийг насанд хүрээгүй хохирогчид нөлөөлөх байдлаар амлах, ятгах байдлаар хүлээн аваагүй. Миний холбогдсон гэх хэрэгт прокурорын байгууллага гүйцэтгэх ажиллагаа явуулж анх хэргийг илрүүлсэн мэтээр хэргийг шалгасан байдаг. Гэтэл миний бие хохиролд хүлээн авсан 30.000.000 төгрөгийг хэрхэх талаар хэргийн гомдол мэдээлэл, гүйцэтгэх ажиллагаа явагдахаас өмнө орлогч прокурор н.М-ээс тодруулсан, энэ талаар хэрэгт удаа дараагийн шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байдаг.

Миний бие Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр түүний адил эрх үүргийг эдэлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсоны хувьд хохирогч охиноо худал мэдүүлэг өг хэмээн ятгаж түүний үр дүнд хохирогч охин худал мэдүүлэг өгөөгүй, насанд хүрээгүй хохирогчийн мэдүүлгээс болж түүний хууль ёсны эрх, ашиг сонирхолд хохирол, хор уршиг учраагүй.

Ц.Б-т  холбогдох эрүүгийн хэргийг шийдвэрлэсэн анхан шатны шүүх хуралдаан 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдөр болсон бөгөөд үүнээс хойш 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр шүүгдэгчийн талаас хохирлын мөнгө 30.000.000 төгрөгийг өмгөөлөгч Т.О нь манай ажлын байр болох Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын уулзалтын өрөөнд хүлээлгэн өгсөн байдаг. Гэтэл хавтаст хэрэгт хэргийн яллагдагчаар татагдсан н.Ц нь хохирлын мөнгийг надад хүлээлгэн өгсөн мэтээр гэрчийн мэдүүлэг өгсөн байдаг. Гэтэл өмгөөлөгч Т.О ээс хохирлын мөнгийг хүлээн авсан. Миний бие хэрэгт тодорхой мэдүүлдэг бөгөөд насанд хүрээгүй хохирогчид хохирлын мөнгөний талаар хэлдэг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 3 дахь, 8.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 9.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан эрх үүрэгтэй оролцогч юм. Хохирлын мөнгийг хүлээн авсан сэдэл санаа анхнаасаа хохирогчид нөлөөлөх, мөн шүүгдэгчийн өмгөөлөгчийн болон шүүгдэгчийн эхнэрийн ятгалга хүсэлтээр өөрийн төлөөлж байгаа хүүхдийн эрх ашигт ямарваа хэлбэрээр нөлөөлөх субьектив санаа надад анхнаасаа байгаагүй. Хохирлын мөнгийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль шатанд нэхэмжлэх хүлээн авах боломжтой. Гэтэл миний хувьд өөрөө хохирогчийн нэгэн адил эрх үүргийг хэрэгжүүлж байгаа субьект учраас хэрвээ энэ хэрэгт 30.000.000 төгрөгийн хохирлын мөнгийг /шан харамж гэж үзээд байгаа юм бол яагаад намайг гэм буруутайд тооцоод байгаа нь тодорхойгүй байна. Өөрөөр хэлбэл миний бие анх 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Ц.Б-т  холбогдох эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааны үеэр тухайн шүүх хуралдаанд томилолтоор оролцсон орлогч прокурор н.Мөнх-Эрдэнээс хохирогчид хохиролд шүүгдэгчийн өмгөөлөгчөөс хүлээн авсан 30.000.000 төгрөгийг хэрхэх талаар тодруулсан байдаг. Гэтэл гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр бүртгэгдсэн байдаг. Энэ талаар орлогч прокурор н.М-ээс гэрчийн мэдүүлэг авахуулах тухай хүсэлтийг прокурор Прокурорын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4-д заасан үндэслэлээр хангахаас татгалзсан. Прокурорын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4-д Прокуророос хяналт тавьж байгаа болон шийдвэрлэсэн хэргийнх нь талаар хэрэг бүртгэх, мөрдөн байцаах үйл ажиллагаа явуулж байгаа байгууллага, албан тушаалтан тайлбар, мэдүүлэг авахаар шаардахыг хориглоно гэж заасан. Гэтэл орлогч прокурор нь тухайн миний яллагдагчаар татагдсан 2226000000016 тоот эрүүгийн хэрэгт хяналт тавиагүй, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавиагүй. Мөн тус хэрэг нь Ц.Б-т  холбогдох эрүүгийн хэрэгтэй нэгтгэн шалгагдаагүй тул энэ үндэслэлээр гэрчийн мэдүүлэг авахаас татгалзсан прокурорын шийдвэр үндэслэлгүй байгаа. Миний бие давж заалдах шатны шүүх хуралдаанд насанд хүрээгүй хохирогчийн хамт шүүх хуралдаанд суусан бөгөөд шүүх хуралдаанд хохирогч болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн зүгээс мэдүүлгээсээ буцаагүй. Мөн би өөрийн хууль ёсны ашиг сонирхлыг нь хамгаалж байгаа насанд хүрээгүй хохирогчид үнэхээр мэдүүлгээсээ буц гэсэн байдлаар шан харамж амласан юм бол тухайн мөнгө миний эзэмшлийн миний зүгээс гарсан мөнгө биш, мөн би шүүгдэгч талаас өөрт ашигтай байхуйц шан харамж нэхэмжлээгүй. Өөрөө хууль ёсны төлөөлөгчийн хувиар хохирогчийн эрх үүргийг давхар хүлээж байсны хувьд үнэхээр прокурор, шүүхээс 30.000.000 төгрөгийн шан харамж амласан, хохирогчийг ятгасан гэж үзээд байгаа бол энэ хэрэг дээр би өөрөө ч хохирогч болж байна.

Шүүх дээрх нөхцөл байдлыг анхаарч үзээгүй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.6-д заасан нөхцөл байдлыг анхаарч үзээгүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон шийдвэрийн үндэслэл хэт нэг талыг барьсан байх бөгөөд анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 114 дугаартай шийтгэх тогтоол нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Прокурор Ц.Эрдэнэбат давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Давж заалдах шатны шүүх хуралдаанд эсэргүүцлээ дэмжиж оролцож байна. Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх 2025 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 2025/ШЦТ/114 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Т.О т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон түүнийг цагаатгаж, шүүгдэгч Г.Т , С.Ц  нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн. Шүүгдэгч Т.О-тэй холбогдох хэсэгт эсэргүүцэл бичсэн. Хэрэгт хийгдвэл зохих ажиллагааг хийж гүйцэтгэсэн нотлох баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзсэн. Харин нотлох баримтыг үнэлэх эсэх асуудал нь шүүхийн бүрэн эрхийн асуудал байгаа. Тухайн хэрэгт тогтоогдсон үйл баримтууд нь шүүгдэгч Г.Т , С.Ц , Т.О гэсэн 3-н хүний хооронд мөнгө өгсөн авсан гэдэг асуудал яригддаг. Энэ нөхцөл байдал нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байгаа. Шүүгдэгч Г.Т  анхнаасаа Т.О ээс мөнгийг хүлээж авсан гэдэг тайлбараа шүүх хуралдаанд тайлбарладаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2.3-т шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч уг мэдүүлэг дангаараа түүнийг яллах үндэслэл болохгүй гэж заасан. Шүүгдэгч Г.Т ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн болон шүүгдэгчийн мэдүүлгийг үнэлсэн мөртлөө шүүгдэгч С.Ц гийн өгсөн мэдүүлгийг яаж үнэлсэн талаараа шийтгэх тогтоолд тусгаагүй. Шүүгдэгч Г.Т , С.Ц  гэдэг хоёр хүний мэдүүлгийг яагаад үнэлэх боломжтой вэ гэвэл шүүгдэгч С.Ц  нь мөнгийг Т.О т өгсөн. Шүүгдэгч Г.Т  Т.О ээс мөнгийг хүлээж авсан гэдэг. Өөрөөр хэлбэл мөнгийг өгсөн авсан дамжуулсан талаар тодорхой мэдүүлсэн байдаг. Мөн энэ талаар хэргийн хохирогч О.С тодорхой мэдүүлдэг. Тэгэхээр мөнгө өгсөн авсан нь тодорхой байгаа учраас дээрх хоёр шүүгдэгчийн мэдүүлгийг үнэлэх боломжтой. Нотлох баримтын эх сурвалжаа зааж чадаагүй гэдэг ойлголт нь энэ хэрэгт шүүгдэгчээр тогтоогдсон 3-н хүний хооронд болсон үйл явдал. Энэ хоёр хүний мэдүүлээд байгаа нэг нь би мөнгийг Т.О т өгсөн, нөгөө нь Т.О ээс хүлээж авсан юм гэдэг мэдүүлгийг хэрхэн яаж үнэлэх ойлголт гарч ирнэ. Мөн хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг харьцуулж хууль зүйн хувьд логик дүгнэлт хийх боломжтой. Шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож байгаа агуулга нь шүүгдэгч Т.О ийн үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгож шүүгдэгч Г.Т , С.Ц  нарын үйлдэлд шүүх дүгнэлт зайлшгүй шаардлага үүсгэх боломжтой байсан. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд заасан дүгнэлт бодит байдалд нийцээгүй, нотлох баримтуудыг шүүх үнэлэх боломжтой эсэхэд бүрэн эрхийнхээ хүрээнд шийдвэрлэх боломжтой. Энэ хэргийн тухайд дээрх нотлох баримтад дүгнэлт өгөхдөө зөрүүтэй дүгнэлт өгсөн. Мэдүүлгийн нотлох баримт гэдэг нь тухайн нөхцөл байдлыг бусдаас сонссон нөхцөл байдлаар тархиндаа боловсруулж ярьж байгаа хэлбэр. Хэргийн тухайд нөхцөл байдлыг шууд үзсэн тухайн үйл явдалд өөрөө оролцох хүмүүс шүүгдэгчийн оролцоонд ийм нөхцөл байдлаар тайлбарлаад байгаа юм.

Иймд эсэргүүцлээ дэмжиж байгаа учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэв.

Шүүгдэгч Г.Т ын өмгөөлөгч Г.Адъяатогтох давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Би шүүгдэгч Г.Т ын эрх ашгийг хамгаалж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үе шатнаас эхлэн өмгөөлөгчөөр оролцож байна. Шүүгдэгч Г.Т ын үйлдсэн гэмт хэрэг Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг хангахгүй байна гэсэн агуулгаар гомдол гаргасан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэрч, хохирогчийн эсрэг мэдүүлэг өгүүлэхээр ятгасан, шан харамж амласан гэдэг нь тухайн хэргийн үйл явдалтай холбож үзвэл давж заалдах шатны шүүх хуралдаанд мэдүүлэг өгүүлэхээр ятгасан гэж прокурорын яллах дүгнэлтэд бичсэн. Давж заалдах шатны шүүхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар мэдүүлэг авах ажиллагаа явагддаггүй. Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжид гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно. Шүүгдэгч Г.Т  нь хохирогч О.С-ын хууль ёсны эрх ашгийг хамгаалж Хүүхэд гэр бүл залуучуудын хөгжлийн газраас томилогдсон мэргэжилтэн байгаа. Хохирогч О.С нь Ц.Б гэдэг хүний хүчирхийлэлд өртсөн хохирогч байгаа. Шүүгдэгч Т.О нь шүүгдэгч Батбаярын өмгөөлөгчөөр оролцож байсан. Шүүхээс Г.Т ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн гэж байгаа учраас давж заалдах шатны шүүхэд зориуд худал мэдүүлэг өгүүлэхээр ятгасан гэмт хэргийн шинжийг хангахгүй байгаа, гэм буруутайд тооцсонтой санал нийлэхгүй байна. Өвөрхангай аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч Мөнх-Эрдэнэ гэж прокурор орсон. Шүүгдэгч Г.Т  хэргийн хохирогч болох О.С-д 30,000,000 төгрөг шүүгдэгчийн талаас ирсэн байгаа асуудлыг насанд хүрээгүй хохирогч О.С-ын хууль ёсны төлөөлөгчөөр давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцохдоо түүнийг шүүхэд зориуд худал мэдүүлэг өгүүлээгүй нь 2 дугаар хавтаст хэргийн 7 дахь хуудсанд авагдсан. Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 51 дугаар магадлал, шүүх хуралдааны тэмдэглэлээр, өмгөөлөгч Т.О ээр дамжуулж, шүүгдэгч Ц.Б-ын эхнэр С.Ц нар 30,000,000 төгрөг өгсөн талаар Өвөрхангай аймгийн Прокурорын газрын орлогч Ч.М-д мэдэгдэж мөнгийг аль шатанд нь хүлээлгэж өгөх вэ гэхэд авсан хүндээ буцааж өг гэсэн хариу ирсэн байдаг. 2021 оны 02 дугаар сарын 15-ны өдөр шүүх хуралдаан орох байсан. 1 дүгээр хавтаст хэргийн 151 дүгээр хуудсанд авагдсан Г.Т-ын 88... дугаарын утасны биллээр 99.... дугаарт 3 удаа дуудлага хийсэн. Энэ хэргийг цагдаагийн байгууллагаас шалгахдаа гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг цагдаагийн ажилтан өөрөө биечлэн илрүүлсэн гэсэн байдлаар 2021 оны 12 дугаар сарын 06-ны тогтоолд бичиж нээсэн нь буруу ташаа, бодит үнэнтэй нийцэхгүй зүйлүүд бичигдсэн байдаг. Мөнгийг прокурорын хэлсний дагуу өгөх боломжгүй, хэдийгээр хохирлын мөнгө гэж өгсөн ч нөгөө талаар хууль бус шаардлагыг тавьж байсан учраас прокурорт хандаж мөнгийг буцаагаад өгсөн. Хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах шатны шүүхээс анхаарвал зохих хуулийн зүйл заалтууд байна гэдгийг товч дурдсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн шинж хохиролтой тогтоогдсон гэж үзэх үндэслэл байна уу гэдэг дүгнэлт өгөх шаардлагатай. Мөн хуулийн 2.5 дугаар зүйлд заасан гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг тооцох талаар заалт байгаа. Энэ хэрэгт учирсан хохирол хор уршиг байхгүй, гэмт хэргийн бүрэлдэхүүний гол шинж нь хохирол хор уршиг байдаг. Эрүүгийн хуулийн ерөнхий 2.8 дугаар зүйл, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна гэж гэм буруутайд тооцсон учраас шүүгдэгч Г.Т-ын үйлдэл нь гэмт хэргийг үйлдэж төгсөх боломжтой гэдгийг ойлгож байсан боловч хуульд сайн дураар татгалзсан бол эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй гэж заасан. Хохирогчид гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг авах эрх нээлттэй байгаа.

Иймд хууль хяналтын байгууллагад мэдэгдэж мөнгийг хүлээлгэн өгч сайн дураараа авахаас татгалзсан гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал байгаа учраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.8 дахь хэсэгт заасан заалтыг үндэслэж хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү гэв.

Шүүгдэгч Г.Т  давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон өмгөөлөгчийнхөө гаргасан гомдлыг дэмжиж оролцож байна. Би энэ хэрэгт ажил үүргийнхээ дагуу оролцсон. Би анхнаасаа хохирол, нөхөн төлбөрийн мөнгийг Т.О өмгөөлөгч Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын өрөөнд авчирч өгсөн гэдгээ тогтвортой мэдүүлдэг. Анхан шатны шүүх хуралдаан дээр мэдүүлгээ өгсөөр ирсэн. 2025 оны 5 дугаар сарын 13-ны өдөр болсон шүүх хуралдаанд  С.Ц  үнэнээ хэлье гээд хохирол нөхөн төлбөрийн мөнгийг би аваачиж өгөөгүй, Т.О өмгөөлөгч хохирол нөхөн төлбөрийн мөнгийг аваачиж өгсөн тухайгаа үнэн зөвөөр мэдүүлье гэж байгаад мэдүүлэг өгдөг. Шүүгдэгч Б-ын хэрэгт С.Ц, Т.О нар анхнаасаа л нэгдмэл нэг ашиг сонирхолтой байсан хүмүүс байгаа. Хохирогчийн эрх ашгийг бодож л би энэ хохирлын нөхөн төлөх мөнгийг хүлээж авсан. Энэ тухайгаа хохирогч охин тухай бүрд нь хэн авчирч өгсөн гэхэд хохирол нөхөн төлбөрийн мөнгийг Т.О өмгөөлөгч авчирч өгсөн гэдгийг хэлсэн.

Иймд Өвөрхангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 2025/ШЦТ/114 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэв.

Шүүгдэгч Т.О ийн өмгөөлөгч О.Санчирбал давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Өвөрхангай аймгийн прокуророос 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдөр яллах дүгнэлт үйлдэж, харьяаллын дагуу хэргийг шүүхэд шилжүүлсэн. Анхан шатны журмаар хэргийг хянан хэлэлцээд гэмт хэрэгт гарсан нөхцөл байдал шалтгаан нөхцөл буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хэрэг бүртгэх мөрдөн байцаалтын шатанд тогтоогдсон нөхцөл байдлыг шүүхийн хэлэлцүүлэгт сэргээн дүрслэх замаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүх хуралдаан явагдсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд гэм буруугийн асуудлыг хэлэлцсэн. Яллах дүгнэлтэд 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд гэмт хэрэг үйлдсэн талаар үйл баримт дурдагдсан нөхцөл байдлыг сэргээн дүрслэхэд шүүгдэгч Г.Т  нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр ажиллаж байхдаа 30,000,000 төгрөгийг авсан үйл баримт тогтоогдсон. Мөн шүүгдэгч С.Ц  30,000,000 төгрөг өгсөн нь тогтоогдсон. Дээрх нөхцөл байдлын талаар шүүгдэгч нарын хэн хэн нь маргадаггүй. Харин дээрх үйл баримтад шүүгдэгчийн өмгөөлөгчөөр ажиллаж байсан Т.О ийг хэргийн оролцогчоор татан оролцуулах үндэслэл байсан. Шүүхийн хэлэлцүүлэгт С.Ц гийн 3-н мэдүүлгийг дурдсан байдлаар улсын яллагчаар оролцож байсан. Дээрх нөхцөл байдлыг мөн прокуророос үгүйсгэж бичсэн байна. Хэргийн үйл байдлыг тогтоохоос илүүтэйгээр гэмт хэрэг үйлдэгдсэн сэдэл зорилго, гэм буруугийн хэлбэр буюу гэмт хэрэг үйлдэж байгаа этгээдүүдийн оюун санааны байдал, субьектив санаа зорилгыг тодорхойлж чадсангүй. Дээрх субьектив санаа зорилгоор гэмт хэргийн обьектив талын шинжийг тодорхойлох үйл баримтыг тогтоох шаардлага бий болсон. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн обьектив талын шинжид гэрч, хохирогчийг худал мэдүүлэг өгүүлэх зорилгоор гэж байгаа юм. Энэ худал мэдүүлэх өгүүлэх үйл явц ямар үе шатанд очоод байна, насанд хүрээгүй хохирогчид шан харамж өгсөн гэдэг буюу 30,000,000 төгрөгийг өгсөн үйл процессын үйл ажиллагаа маргаантай байдаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар бүлэгт заасан нотлох баримтын эх сурвалж, түүнийг давхар нотолсон нотлох баримтын хүрэлцээтэй байдал тухайн баримтуудыг хооронд нь давхцуулсан үнэлэх ажиллагаа дутмаг байсан. Шүүх субьектив санаа зорилго тодорхой хэмжээнд байгаагүй. Мөн гэмт хэрэг үйлдэгдсэн ашигтай байдлаар шийдвэрлэхэд зарчмын шийдвэрт гэмт хэргийн шинжгүй үйлдлээр хэрэгсэхгүй болгосон нь миний үйлчлүүлэгчийн хувьд хууль зүйн үндэслэл бүхий болсон. Энэ хэрэгт өмнө нь 3-н шүүгдэгчийг гурвууланг нь цагаатгаж шийдвэрлэж байсан. Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэдэггүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлд заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэрч хохирогчийн мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны эсрэг гэмт хэрэг гэрч, хохирогчийг зориуд худал мэдүүлэг өгүүлэх гэж байгаа. Гэтэл давж заалдах шатны шүүх хуралдаанд гэрч хохирогчийг оролцуулж мэдүүлэг өгөх ажиллагаа хэзээ ч байдаггүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39 дүгээр бүлэгт журамласан ажиллагаа зөвхөн хэргийн оролцогч прокурорт дүгнэлт бусад оролцогчдоос санал гаргах, тайлбар гаргах, тайлбар мэдүүлэг хоёрын хооронд хууль зүйн гарах үр дагавар ойлголтын хувьд эрс өөр байдаг. Анхан шатны шүүхээс тодорхой хэмжээний дүгнэлт хийсэнгүй гэж бид хардаг юм. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.3 дахь хэсэгт зааснаар тодорхой хэмжээний шийдвэр гаргах ёстой. Давж заалдах шатны шүүх хуралдаанд өмгөөлөгч прокурор тодорхой хэмжээний хувьд мэтгэлцээн явагдаж байгаа гэж ойлгодог. Анхан шатны шүүх арай өөр бүтэцтэй. Тэгэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дэх заалтад дүгнэлт хийх нь зүйтэй гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Өмгөөлөгчийн зүгээс прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, гэмт хэргийн объект талын шинж яаж илэрч байна, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэж хууль зүйн дүгнэлт хийж өгнө үү.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

Шүүгдэгч Т.О давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өмгөөлөгчтэйгөө санал нэг байна. Өвөрхангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 2025/ШЦТ/114 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг прокурорын эсэргүүцэл, шүүгдэгч Г.Т , түүний өмгөөлөгч Г.Адъяатогтох нарын гаргасан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянав.

Прокуророос давж заалдах шатны шүүхэд “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан яллагдагч, шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг өөрийг нь гэм буруутай гэж үзэх үндэслэл болохгүй гэх үзэл санааг агуулдаг. . . Энэ тохиолдолд шүүгдэгч Т.О өөрөө бус харин шүүгдэгч Г.Т , С.Ц  нар Т.О ээс мөнгийг хүлээн авч, улмаар хүлээлгэн өгсөн үйлдлийн талаар хэн аль нь мэдүүлдэг...Энэхүү хэргийн тухайд хэд хэдэн шүүгдэгчтэй бөгөөд шүүгдэгч Г.Т , С.Ц  нар нь хоёулаа Т.О ийн үйлдлийн талаар буюу 30,000,000 төгрөгийг дамжуулсан талаар мэдүүлснийг яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлэг дангаараа яллах үндэслэл болохгүй, эх сурвалжаа зааж чадаагүй гэдэг үндэслэлээр үнэлээгүй нь хэргийн бодит байдалтай нийцээгүй бөгөөд дээрх хоёр шүүгдэгчийн мэдүүлгийг үнэлэхгүйгээр орхиж болохгүй юм...Хэрэв шүүхээс шүүгдэгч Т.О мөнгийг хүлээн авч улмаар дамжуулан өгөөгүй гэж үзсэн бол шүүгдэгч Г.Т , С.Ц  нар мөнгийг хэнд өгсөн, хэнээс хүлээн авсан, эсхүл өөр хоорондоо өгсөн эсэхэд мөн л дүгнэлт хийх шаардлагатай болно...Иймд Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 2025/ШЦТ/114 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү...” гэх агуулга бүхий эсэргүүцэл бичжээ.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй буюу дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн буюу хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн буюу шүүхийн шийдвэр нь хуульд заасан шаардлага хангаагүй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Тодруулбал, анхан шатны шүүх нь прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм бурууг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал, хэрэгт цугларсан нотлох баримтууд нь шүүгдэгчийн гэм буруутай эсэхийг хөдөлбөргүй тогтооход хүрэлцэхүйц байх шаардлагыг хангасан, тэдгээр нь хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн эсэхийг дүгнэхээс гадна шүүхийн хэлэлцүүлгийн явцад яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр шинжлэн судалсан нотлох баримтуудыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянаж үзсэний үндсэн дээр агуулгын хувьд харилцан зөрүүтэй нотлох баримтуудын алийг хууль ёсны, хэргийн бодит байдалд нийцсэн гэж үзэхийг өөрийн дотоод итгэлээр үнэлэх замаар хэргийн үйл баримтыг сэргээн тогтоох үүрэгтэй.

Гэтэл анхан шатны шүүх насанд хүрээгүй гэрч О.С шүүгдэгч Т.О өөрийг нь зориуд худал мэдүүлэг өгүүлэхээр ятгаж, ямар нэгэн байдлаар уулзаж, эсхүл утсаар ярьж ятгасан болон хэн нэгэн хүнээр дамжуулж худал мэдүүлэг өгүүлэхээр ятгасан, шан харамж амласан талаар мэдүүлээгүй, хууль ёсны төлөөлөгч Г.Т аас сонссон зүйлийн талаар мэдүүлсэн мэдүүлэг нь дамжмал нотлох баримт бөгөөд хэрэгт түүний мэдүүлгийг давхар нотолсон баримт авагдаагүй гэж дүгнэсэн боловч насанд хүрээгүй гэрч О.Санжидмолом өөрийн шууд сонссон зүйлийн талаар хэлсэн “...Т эгч О өмгөөлөгч рүү залгаад охинтойгоо уулзаад сууж байна. Манай хүн өөртэй чинь уулзаад үзье гээд байна гэж ярьж байсан. Тэгтэл тэр О гэх өмгөөлөгч идшээ хийж байна. Хагас сайнд уулзъя гэсэн...” гэх мэдүүлэг /1-р хавтас, 14/-ийг ямар үндэслэлээр няцаан үгүйсгэж байгаа талаар дүгнэлт хийгээгүй.

Дээр нь шүүгдэгч Г.Т-ын шүүх хуралдаанд, мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар, гэрчээр өгсөн мэдүүлгүүдийг үндэслэн шүүгдэгч Т.О ийг насанд хүрээгүй хохирогч О.С-ыг  худал мэдүүлэг өгүүлэхээр хаана, хэзээ, хэрхэн яаж ятгасан талаар мэдүүлээгүй, энэ талаар нотлох баримт хэрэгт авагдаагүй, насанд хүрээгүй хохирогч О.С-оор зориуд худал мэдүүлэг өгүүлэхийн тулд түүнд ямар идэвхтэй үйлдлээр хэрхэн яаж нөлөөлснийг тогтоогоогүй гэж дүгнэсэн /6-р хавтас, 110, 111/ боловч шүүгдэгч С.Ц гийн харилцан зөрүүтэй мэдүүлгүүд /1-р хавтас, 78-80, 4-р хавтас, 7, 6-р хавтас 44-45/-эд үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй /6-р хавтас, 109-111/ хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.

Ийнхүү дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй, улмаар шүүгдэгчээс заримыг нь цагаатгасан бол яллах нотлох баримтыг үгүйсгэсэн үндэслэл, тэдгээрийн нотлох баримтын агуулгыг тусгаагүйгээс хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн байна.

Мөн шүүгдэгч С.Ц  нь хохирогчийг зориуд худал мэдүүлэг өгүүлэх зорилгоор шан харамж өгсөн гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн гэж дүгнэсэн /6-р хавтас, 112-116/ боловч ямар нотлох баримтад үндэслэн хэдний өдөр, хэрхэн шүүгдэгч С.Ц  нь шүүгдэгч Г.Т ад 30,000,000 төгрөг өгсөн гэж дүгнэсэн нь тодорхойгүй буюу дээр дурдсан нөхцөл байдлуудын улмаас шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй.

Тиймээс хоёр шүүгдэгчийн мэдүүлгийг үнэлэхгүйгээр орхисон, шүүгдэгч Т.О мөнгийг хүлээн авч улмаар дамжуулан өгөөгүй гэж үзсэн бол шүүгдэгч Г.Т , С.Ц  нар мөнгийг хэнд өгсөн, хэнээс хүлээн авсан, эсхүл өөр хоорондоо өгсөн эсэхэд мөн л дүгнэлт хийх шаардлагатай гэх агуулга бүхий прокурорын эсэргүүцлийг хангах үндэслэлтэй байна.

Анхан шатны шүүх эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад цуглуулж, бэхжүүлсэн яллагдагч, гэрч нарын мэдүүлэг болон бусад нотлох баримтуудад бодитой үнэлэлт өгч, тэдгээрийг агуулгын хувьд хооронд нь харьцуулан дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэх нь зүйтэй.

Иймд Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 2025/ШЦТ/114 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Т.О , Г.Т , С.Ц  нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг дээрх үндэслэлээр хүчингүй болгож шийдвэрлэсэн тул шүүгдэгч Г.Т, түүний өмгөөлөгч Г.Адъяатогтох нарын давж заалдах гомдолд хууль зүйн дүгнэлт хийгээгүй болохыг дурдав.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дүгээр зүйлийн 1.1, 1.2, 1.3-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 2025/ШЦТ/114 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.
  2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар шүүгдэгч Т.О , Г.Т , С.Ц  нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
  3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.