Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 2025/ДШМ/36

 

 

Б ХХК, Э.О,

Г.Ж, Д.О, Ө.Ц нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

     Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Мөнхжаргал даргалж, ерөнхий шүүгч Л.Алтан, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Отгонхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд явуулсан шүүх хуралдаанд:

     прокурор Ц.Нэргүй, шүүгдэгч “Б” ХХК-ийн захирал Э.О /цахимаар/, шүүгдэгч Г.Ж-ийн өмгөөлөгч Б.Цагцалмаа, шүүгдэгч Д.О, Ө.Ц нарын өмгөөлөгч Ө.Нарантуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Мөнх-Эрдэнэ нарыг оролцуулан,

   Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Гансүх даргалж явуулсан шүүх хуралдааны 2025 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 2025/ШЦТ/83 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч “Б” ХХК-ийн захирал Э.О-ын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгдэгч “Б” ХХК, Э.О, Г.Ж, Д.О, Ө.Ц нарт холбогдох, 2235001410051 дугаартай, 4 хавтас эрүүгийн хэргийг 2025 оны 5 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Л.Алтангийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

      - Монгол Улсын иргэн, Б овгийн Э-ны О.

      - Монгол Улсын иргэн, Б овгийн Г-ын Ж.

      - Монгол Улсын иргэн, Ш овгийн Ө-ийн Ц.

      - Монгол Улсын иргэн, Т овгийн Д-ийн О.

        Б ХХК-ийн талаарх мэдээлэл:

      - Монгол улсад үйл ажиллагаа явуулдаг, хуулийн этгээдийн улсын бүртгэлд 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 01 дугаартай шийдвэрээр бүртгэгдсэн, хувьцаа эзэмшигч,  гүйцэтгэх захирал  Э-ны О, жимс, жимсгэний мод, бут, сөөг тариалах, мах махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, мах махан бүтээгдэхүүний худалдаа, цэцэрлэгжүүлэлт эрхлэх үйл ажиллагаа явуулдаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, х хаягт байрладаг.  

1. Холбогдсон хэргийн талаар:

    1.1. Шүүгдэгч “Б” ХХК нь компанийнхаа ашиг сонирхлын төлөө Увс аймгийн х сумын Х голын модон гүүр барих тендерт шалгарч ажил гүйцэтгэх явцдаа, тухайн гүүр барихад шаардагдах 50% хүртэл чийгшилтэй мод бэлтгэх зорилгоор, тус сумын нутаг, Ө гэх нэртэй, Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойгоос зөвшөөрөлгүйгээр 18 ширхэг буюу 4,387.3 метр куб мод бэлтгэж, байгаль экологид 5,480,205 төгрөгийн хохирол учруулсан буюу хууль бусаар мод бэлтгэсэн гэх гэмт хэрэгт,

      1.2. Шүүгдэгч Г.Ж Д.О, Ө.Цогтбаяр, Э.О нар бүлэглэж, “Б” ХХК-ийн ашиг сонирхлын төлөө 2022 оны 6 дугаар сарын 20-ны үед Увс аймгийн Х сумын Х-ийн голын модон гүүрний ажилд шаардагдах 50% хүртэл чийгшилтэй, 18 ширхэг, 4,387.3 метр куб модыг тус сумын Ө гэх нэртэй, улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойгоос зөвшөөрөлгүйгээр бэлтгэж, байгаль экологид 5,480,205 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

     2. Увс аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч Ц.Батзаяагаас шүүгдэгч “Б” ХХК-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан,

       - шүүгдэгч Э.О, Г.Ж, Д.О, Ө.Ц нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т заасан гэмт хэрэгт тус тус яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

      3. Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 2025/ШЦТ/83 дугаар шийтгэх тогтоолоор:

   - Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг баримтлан прокуророос шүүгдэгч Д.О, Ө.Ц нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Т овогт Д-ийн О, Ш овогт Ө-ийн Ц нарыг цагаатгаж,

   - шүүгдэгч “Б” ХХК-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэх гэмт хэргийг хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн” гэм буруутайд,

      - Б овогт Э-ны О, Б овогт Г-ын Ж нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т заасан “Зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэх гэмт хэргийг бүлэглэн, улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд үйлдсэн” гэм буруутайд тус тус тооцож,

     - Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч Б ХХК-ийн модон гүүр барих, засварлах эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 23,000 /хорин гурван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 23,000,000 /хорин гурван сая/ төгрөгөөр торгох ял,

      - Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3- т зааснаар шүүгдэгч Э.О, Г.Ж нарт тус бүрт нь 1 /нэг/ жил зорчих эрх хязгаарлах ял шийтгэж,

      - Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1-т зааснаар ялтан Э.О-т зорчих эрх хязгаарлах ялын хугацаанд өөрийн байнга оршин суух Нийслэлийн Х дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрээс явахыг хориглох хязгаарлалт,

     - ялтан Г.Ж-д өөрийн байнга оршин суух Увс аймгийн х сумын х багийн нутаг дэвсгэрээс явахыг хориглох хязгаарлалт тус тус тогтоож,

      - Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3-т зааснаар ялтан нь зорчих эрхийг хязгаарлах ялын хязгаарлалтыг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр зөрчсөн бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж,

      - Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Б ХХК-д оногдуулсан торгох ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр хугацаа тогтоож, эрх хасах ялын хугацааг албадлагын арга хэмжээ авагдсан үеэс тоолж,

      - Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасныг баримтлан шүүгдэгч Г.Ж-д х сумын Ө гэх газарт 10 ширхэг шинэс мод тарьж ургуулах үүргийг хүлээлгэж,

     - шүүгдэгч Д.О, Ө.Ц нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Э.О, Г.Ж нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр хэрэглэж,

    - Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсгүүдэд зааснаар хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгч нарын хууль бусаар бэлтгэсэн 5.480.205 төгрөгийн үнэ бүхий 7.387.3 метр.куб хэмжээтэй, 18 ширхэг шинэс модыг хурааж улсын орлогод оруулахыг Увс аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа эхлэх хүртэл битүүмжилсэн тогтоолыг хэвээр үлдээж,

       - шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, шүүгдэгч нараас гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

     4. Шүүгдэгч Б ХХК-ийн захирал Э.О давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх Б ХХК-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэх гэмт хэргийг хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн” гэм буруутайд, Э-ны О намайг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т заасан “Зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэх гэмт хэргийг бүлэглэн, улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд үйлдсэн” гэмт буруутайд тус тус тооцон эрүүгийн хариуцлага хүлээлгэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.

     Б ХХК нь 2022 онд Увс аймгийн х сумын нутаг дэвсгэрт Х-ийн голын модон гүүр барих сонгон шалгаруулалтад оролцон шалгарч, гүүрний бэлтгэл ажил хийгдэж байсан ба гүүр барихад шаардагдах модоо Завхан аймгаас авч байсан. Гэтэл тухайн үед х- сумын удирдлагуудаас сумын ой болох гэж байна, гүүрний ажлыг баяр наадмаас өмнө дуусгаж ашиглалтад оруулах шаардлагатай байна гэдэг асуудлыг ярьж эхэлсэн. Улмаар гүүр барихад шаардагдах модоо манай сумаас бэлтгэх боломж байгаа, манайх модны нөөцтэй гэх байдлаар санал тавьж, шаардагдах модны тоо, хэмжээгээ танилцуул гэдгийг санал болгосон.

       Тухайн үед нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх бүхий этгээдүүд нь шийдвэрээ гаргаж, сумын ИТХ-ын 2022 оны 06 сарын 20-ны өдрийн 8/03 дугаар тогтоолоор гүүрний мод бэлтгэхийг зөвшөөрсөн.

     Энэхүү тогтоолын дагуу тухайн суманд мод бэлтгэх зөвшөөрөл бүхий хуулийн этгээдүүдээр гүүрний мод бэлтгүүлж нийлүүлнэ гэдэг асуудал яригдаж байсан. Манай компанийн зүгээс хууль журмын дагуу модоо бэлтгээд ирвэл худалдан авахад бэлэн гэдгээ илэрхийлж байсан болохоос биш зөвхөн Г.Ж-ийн “Ү” ХХК-тай тохиролцсон зүйл байхгүй, тухайн компанитай гэрээ байгуулаагүй. Тухайн суманд ойгоос мод бэлтгэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хэчнээн хуулийн этгээд байдаг талаар миний хувьд мэдэх зүйл байхгүй байсан.

      Улмаар ИТХ-ын тогтоол нь гарангуут Г.Ж нь Ү ХХК-ийн тусгаарлуулсан талбайгаас мод бэлтгэхээр болсон байсан ба бусад компани, нөхөрлөлүүдээсээ илүү их мод бэлтгэж нийлүүлэх гэсэн сонирхолтой байсан байх гэж үзэж байна. Түүнээс биш Б ХХК-ийн зүгээс Г.Ж-ийн Ү ХХК-иас гүүрний мод худалдан авахаар тохиролцсон, ойгоос зөвшөөрөлгүй мод бэлтгээд ир гэдэг байдлаар хандаагүй.

      Гүүрний ажил хийхээр Хөвсгөл аймгаас ирсэн байсан Д.О, Ө.Ц нартай Г.Ж нь өөрөө тохиролцож өөрийн компанийн талбайдаа ажиллуулсан ба хөлс мөнгөө өөрөөсөө өгсөн байсан. Түүнээс биш Д.О, Ө.Ц нар нь Б ХХК-ийн ажилчны хувиар тухайн ойд ажиллаагүй. Учир нь гүүрний ажил эхлээгүй, тухайн 2 иргэний хувьд сул зогсолттой байх үедээ өөрсдөө Г.Ж-тай тохиролцож түүнд хөлсөөр ажилласан.

     Шүүх Б ХХК-ийн буюу хуулийн этгээдийн эрх ашгийн өмнөөс гэмт хэрэг үйлдсэн гэж буруутгаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь Г.Ж нь Ү ХХК-ийн ойд цэвэрлэгээ хийхээр тусгаарлуулсан талбайгаас мод бэлтгэн худалдаж ашиг олох зорилготой байсныг шүүх анхаарч үзээгүйд гомдолтой байна. Өөрөөр хэлбэл Г.Ж нь хувь хүнийхээ хувьд биш хуулийн этгээдийнхээ нэрээр үйл ажиллагаа явуулах эрх олж авсан талбайдаа ашиг олох зорилгоор мод бэлтгэсэн үйлдэлд ямар нэгэн хариуцлага хүлээлгэхгүй байгаа нь шударга бус байна.

       Нэмж тайлбар гаргахад, Г.Ж-ийн өмгөөлөгчийн хэлснээр Засаг дарга болон хурлын дарга нар ажлаа хурдан хий гэж шахсаны үндсэн дээр манайх иргэдийн хурлын шийдвэрийг үндэслээд, “танайх модоо бэлтгэж өгвөл өг” гэсэн асуудлыг ярьсан болохоос хууль бусаар мод бэлтгэе гэсэн нэг ч зүйл яригдаагүй, хийсэн гэрээ байхгүй.

    Зөвхөн би танай сум мод бэлтгэж өгөх гэж байгаа бол хууль журмынх нь дагуу модоо бэлтгээд өгчих, бэлтгэхдээ танай сум өөрсдийнхөө компаниудтай яриад бэлдээд өгчих, түүний дагуу иргэдийн хурлын шийдвэрийг үндэслэсэн. Иргэдийн хурлын шийдвэр гараагүй байсан бол Г.Ж ч мод бэлтгэхгүй байсан.

    Миний хувьд эрх зүйн байдал маш их дордсон, компанийн үйл ажиллагаа энэ асуудлаас болж 2,3 жил зогсонги байдалтай байна. Иймд дээрх нөхцөл байдалд дүгнэлт хийж Б ХХК болон Э.О надад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү” гэв.

   5. Шүүгдэгч Г.Ж-ийн өмгөөлөгч Б.Цагцалмаа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: “Өнөөдрийн шүүх хуралдаанд  миний бие Г.Ж-ийн өмгөөлөгчөөр оролцож байна.

     Анхан шатны шүүх хуралдаанд Г.Ж нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, ямар нэгэн байдлаар маргахгүйгээр оролцсон ба өмгөөлөгчийн хувьд дэмжиж байгаа.

   Шүүгдэгч Э.О-ын давж заалдах шатны шүүхэд гаргасан,  “Г.Ж нь өөрийнхөө хуулийн этгээдийн өмнөөс зөвшөөрөлгүйгээр мод  бэлтгэсэн, харин миний зүгээс болон Б ХХК нь мод бэлтгэх ажиллагаанд ямар ч хамааралгүй” гэх утга агуулга бүхий гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

     Анхан шатны шүүхийн 2025 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 2025/ШЦТ/83 дугаар шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна.

     Б ХХК-ийн захирал Э.О нь өөрийн гаргаж буй үйлдлийг хууль бус шинжтэй болохыг мэдсээр байж энэ гэмт хэргийг Г.Ж-тай бүлэглэж үйлдсэн гэж үзэх боломжтой. Г.Ж-ыг Э.О нь танай компаниас өөр мод бэлтгэх тусгай зөвшөөрөлтэй компани байхгүй байна, иймд мод бэлтгэж өгнө үү гэж сар гаруй хугацаанд ятгасан. Г.Ж нь зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэх боломжгүй, манай компани мод бэлтгэх зөвшөөрөлтэй боловч гүүрний мод бэлтгэх зөвшөөрөл байхгүй учир би бэлтгэж чадахгүй гэх үндэслэлээр модыг бэлтгэхгүй байсан.

    2024 оны 6 сарын 20-ны өдрийн 8/3 дугаартай сумын иргэдийн хурлын тогтоол гарсан тул гүүрний  модыг бэлтгэж өгнө үү, сумын 100 жилийн ойн арга хэмжээнд тус гүүр барих ажил нэгдүгээрт яригдаж байгаа учраас мод бэлтгэж өгөх талаар засаг дарга, удирдлагууд нь үүрэг даалгавар өгч, мод бэлтгэх талаар хурлын тогтоол гарсан гэх үндэслэлээр бэлтгэсэн байдаг.

     Г.Ж-ыг мод бэлтгэж байхад Э.О нь Д.О, Ө.Ц гэх өөрийн компанийн 2 ажилтнаа хурдан мод бэлтгэж ирэхгүй бол ална шүү гээд хөөж явуулж байсан. Иймд Э.О нь Б ХХК-ийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн гэж үзэх бүрэн боломжтой байна. Анхан шатны шүүхийн дүгнэлт нь хууль зүйн үндэслэлтэй байгаа тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэх саналыг гаргаж байна” гэв.

      6. Шүүгдэгч Ө.Ц, Д.О нарын өмгөөлөгч Ө.Нарантуяа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: “...Анхан шатны  шүүхээс хийсэн дүгнэлт нь хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт гарсан.

     Өөрөөр хэлбэл, миний үйлчлүүлэгч нарын гаргасан үйлдэл нь хууль бус болохыг урьдчилан мэдэх боломжгүй нөхцөлд дээрх үйлдлийг хийсэн тул хор уршиг, гэм буруугүйгээр учруулсан гэж шүүх дүгнээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй шийдвэр гарсан гэж үзэж байгаа учир анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

        7. Прокурор Ц.Нэргүй давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан санал, дүгнэлтдээ: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан  журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, анхан шатны шүүхээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон үйл баримтаар Б ХХК-ийн захирал Э.О нь Ойн тухай хуульд заасан мод бэлтгэх зөвшөөрөлгүй гэдгийг мэдсээр байж бусдаар улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойгоос мод бэлтгүүлсэн үйл баримт тогтоогдсон тул Б ХХК нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэх гэмт хэргийг хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

      Мөн шүүгдэгч Э.О, Г.Ж нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.2 дахь хэсгийн 2.2, 2.3 гурав дахь хэсэгт заасан бүлэглэж, улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд мод бэлтгэх гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг хангасан байна.

      Шүүгдэгч мод бэлтгэж ирсэн байсан тухай ярьж байна, энэ хэргийн үйл баримтаас мод бэлтгэж ирсэн нөхцөл байдал тогтоогдоогүй. Мөн мод бэлтгэж ирээгүй учир тусгай хамгаалалттай газар нутгийн ойгоос зөвшөөрөлгүй бэлтгэсэн үйл баримт хэргийн нөхцөл байдлаас тогтоогдож байгаа.

       Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 9.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт хуулийн этгээдийг төлөөлөн шийдвэр гаргасан зөвшөөрөл өгсөн нь эрх бүхий албан тушаалтныг ялаас чөлөөлөх үндэслэл болохгүй гэж, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт хуулийн этгээдийн нэрийн өмнөөс хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь хуулийн этгээдийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй гэж тус тус хуульчилснаас үзэхэд шүүхээс хуулийн этгээд болон шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэж байна.

      Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэсэн нь шударга ёсны зарчимд нийцсэн, эрүүгийн хуулийн зорилгод нийцсэн гэж үзэж байна. Гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон, эрүүгийн хариуцлага оногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй байна.

         Анхан шатны шүүхийн 2025 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 2025/ШЦТ/83 дугаар шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэл тогтоогдохгүй байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож олгож өгнө үү”  гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

        1. Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 2025/ШЦТ/83 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн шүүгдэгч Б ХХК-ийн захирал Э.О-ын  давж заалдах гомдлыг үндэслэн, Б ХХК болон шүүгдэгч Э.О, Г.Ж, Д.О, Ө.Ц нарт холбогдох, 2235001410051 дугаартай эрүүгийн хэргийг давж заалдах журмаар хэлэлцэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаад, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.  

       2. Увс аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч Ц.Батзаяагаас шүүгдэгч Э.О, Г.Ж, Д.О, Ө.Ц нарыг бүлэглэн улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ой болох Увс аймгийн Х сумын нутаг дэвсгэр буюу “Ө” гэх газраас 2022 оны 6 дугаар сарын 20-ны үед зохих зөвшөөрөлгүйгээр 4,3873 м.куб хэрэглээний нойтон шинэс модыг Б ХХК-ийн ашиг сонирхлын төлөө, уг компанийн шалгарсан тендер болох Увс аймгийн Х сумын Х-ийн голын модон гүүр барихад ашиглах зорилгоор бэлтгэсэн гэх үйлдэлд Э.О, Г.Ж, Д.О, Ө.Ц нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т заасан гэмт хэрэгт,

      - “Б” ХХК-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус яллах дүгнэлт үйлдэж, эрүүгийн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

      3. Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх эрүүгийн хэргийг 2025 оны 04 сарын 17-ны өдрийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд 2025/ШЦТ/83 дугаар шийтгэх тогтоолоор  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг баримтлан шүүгдэгч Д.О, Ө.Ц нарт холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, тэдгээрийг цагаатгаж, шүүгдэгч Э.О, Г.Ж нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т зааснаар, шүүгдэгч Б ХХК-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 3-т зааснаар тус тус гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэснийг шүүгдэгч Б ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.О эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргасан байна.

     4. Давж заалдах шатны шүүх хэргийг хянаад, анхан шатны шүүхийн дүгнэлт нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон хэргийн бодит байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

      4.1.1. Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм бурууг хянан хэлэлцэж, хэргийн үйл баримтыг сэргээн тогтоож шүүгдэгч Д.О, Ө.Ц нарын үйлдлийг гэмт хэргийн шинжгүй гэж дүгнэж, хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

       Шүүх хэргийн ач холбогдол бүхий үйл явдлыг нотлох баримтад тулгуурлан сэргээн тогтоож үнэлэлт дүгнэлт өгөхдөө буруутгагдаж буй хүний гэм бурууг хөдөлбөргүй тогтоосны эцэст эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндсэн зарчимтай.

    4.1.2. Хэрэгт цугларсан нотлох баримтаар шүүгдэгч Д.О, Ө.Ц нар нь Э.О, Г.Ж нарын улсын тусгай хамгаалалттай газрын ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр хэрэглээний нойтон мод бэлтгэх ажилд тусалсан буюу 5 ширхэг ургаа, нойтон шинэс модыг унагаж, 18 хэсэгт хуваасан үйл баримт тогтоогдсон байх боловч Д.О, Ө.Ц нар нь Э.О, Жаргалсайхан нарыг уг газрын ойгоос мод бэлтгэх зөвшөөрлийг авсан гэж ойлгож байсан буюу хууль бусаар гүүрний мод бэлтгэж байгааг мэдээгүй гэж дүгнэх үндэслэлтэй байна. Иймд   Д.О, Ө.Ц нарын үйлдсэн гэх хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийн бүрэлдэхүүний субъектив шинж болох гэм буруу үгүйсгэгдсэн гэж үзэх үндэслэлтэй,  энэ талаар хийсэн анхан шатны дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

     4.2. Анхан шатны шүүхээс  шүүгдэгч Э.О, Г.Ж  болон Б ХХК-ийн үйлдсэн гэмт хэргийн талаар хууль зүйн дүгнэлт хийхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

      4.2.1. Шүүгдэгч Э.О нь “Б” ХХК-ийн ашиг сонирхлын төлөө Г.Ж-тай  бүлэглэн, 2022 оны 6 дугаар сарын 20-ны үед Увс аймгийн Х сумын багийн нутаг дэвсгэр, “Ө” гэх улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойгоос  зохих зөвшөөрөлгүйгээр 4,3873 метр куб хэрэглээний, нойтон шинэс модыг бэлтгэж, ойн экологи эдийн засагт 5.480.205 /таван  сая дөрвөн зуун наян мянга хоёр зуун тав/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдсон байна. Үүнд:

         - хохирогчоор тогтоогдсон Увс аймгийн Х сумын Засаг даргын Тамгын газрын хууль ёсны төлөөлөгч Ш.Л-ийн: “тус суманд Хийн гол нэртэй газарт гүүр тавьж байгаа Э.О гэх захиралтай компани “Ө” гэх нэртэй газраас гүүрний мод авах зорилгоор нойтон шинэс буюу хар мод бэлтгэсэн тул  хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү. Г.Ж нь байгаль экологид учирсан хохирлыг төлж барагдуулаагүй бөгөөд байгаль экологид учирсан хохирлыг нэхэмжилж байна” гэх мэдүүлэг /1 дүгээр х.х- 55-57 дугаар тал/,

     - гэрч Ц.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Увс аймгийн Х сумын “Ө” гэх нэртэй, Улсын тусгай хамгаалалттай газрын ойн цэвэрлэгээ хийх тендер зарлагдаж Х сумын Ү мэргэжлийн байгууллага тендерт ялж, 5 га газрыг цэвэрлэх эрх авч гэрээ байгуулсан ба би ажил мэргэжлийн хувиараа Улсын тусгай хамгаалалтай газарт цэвэрлэгээ явуулж байгаа байгууллагын ажилд хяналт тавих эрхтэй ба 2022 оны 6 дугаар сарын 21-ний өдөр  үйл ажиллагаа явуулж байгаа хүмүүсийн ажлыг шалгахад уг хүмүүс гүүрний мод бэлтгэх зориулалтаар шинэс буюу нойтон хар мод унагаад бэлтгэчихсэн байсан.

      Увс аймгийн Х сумын Ө гэх нэртэй газар нь Улсын тусгай хамгаалалтай газарт ордог тул уг газраас нойтон мод бэлтгэж болохгүй. Урьд өмнө нь нойтон мод бэлтгэх эрх өгч байгаагүй.

      Ойн цэвэрлэгээ хийх эрх гэдэг нь тусгаарлалт хийж, зааж өгсөн газрын унасан мод болон ургах боломжгүй болсон мод, мөчир, гишүүг авч цэвэрлэх ёстой болохоос нойтон мод тайрах эрхгүй. Би тухайн үедээ Х сумын Х-ийн голд гүүр тавих зорилгоор Х сумаас мод бэлтгэх талаар сумын ИТХ-ын 2022 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн хуралд оролцоогүй, мөн гүүрний мод бэлтгэхийг зөвшөөрөх тухай ИТХ-ын тогтоол гарсныг мэдээгүй юм. Ө гэх газраас гүүрний мод бэлдүүлэх талаар сумын засаг дарга болон ИТХ-ын дарга, сумын орлогч дарга, сумын засаг даргын тамгын газрын дарга нарын зүгээс надад ямар нэгэн үүрэг чиглэл өгч байгаагүй, энэ талаар надтай уулзаж ярилцсан хүн байхгүй, мөн энэ талаар ямар нэгэн албан тушаалтнуудын дунд хурал, уулзалт болсон зүйл байхгүй. Тухайн үед Г.Ж нь Ө гэх газраас гүүрний мод бэлтгэх зорилгоор нойтон мод бэлтгэсэн байсан бөгөөд энэ нь өөрөө хууль бус үйлдэл байсан учир би цагдаад хандсан” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 59-61 дүгээр тал/,

     - гэрч О.М-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн : “би Улсын тусгай хамгаалалтай газарт мэргэжилтэн хийдэг ба Х сумын Ө гэх газар нь х Улсын тусгай хамгаалалтай газарт ордог тул нойтон мод бэлтгэж болохгүй ба уг  газраас нойтон мод бэлтгэх зөвшөөрөл гараагүй” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 63-64 дүгээр тал/,

       - гэрч Б.Т-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Манай сумын Х-ийн гол гэх нэртэй газарт улсын төсвийн хөрөнгө оруулалтаар модон гүүр тавих ажил хийгдэх болсон ба уг ажлын тендер авсан Э.О гэх залуу надад хандаж, “Танай сум модтой юм чинь гаднаас мод таталгүй дотроосоо модоо бэлтгэмээр байна. Бусад сумууд ИТХ-ын тогтоолоор батлаад модоо бэлтгэж болдог юм байна” гэж хэлэхээр нь би Э.О-т хандаж “2022 оны 6 дугаар сарын 20-ны өдөр ИТХ хуралдаанаар санал оруулаад дэмжигдвэл тогтоол гаргаж өгнө” гэж хэлсэн ба 2022 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн ИТХ-ын шийдвэрээр гүүрний мод бэлтгэх зөвшөөрөл гарсан. Тосонцэнгэл, Шаамар зэрэг сумдын ИТХ хуралдаж тогтоол гаргаж мод бэлтгэж байсан тул болно гэж байна. Хэрэв ИТХ мод бэлтгэх саналыг дэмжээгүй бол мод бэлтгэхгүй. Уг хүмүүс хэзээ, хэр хэмжээтэй мод бэлтгэсэн талаар надад мэдэх зүйл байхгүй. Би тухайн газарт нь очиж үзээгүй. Уг хүмүүс бэлтгэсэн модноосоо тээвэрлэж зөөвөрлөөгүй, тайрсан моднууд нь уг газартаа байгаа.

     Би Ө гэх нэртэй газраас мод бэлтгэх зөвшөөрөл, үүрэг чиглэл өгөөгүй. Сумын ИТХ-ын тогтоолоор мод бэлтгэхийг зөвшөөрсөн ба би уг тогтоолыг үндэслэж, Х тусгай хамгаалалтай газарт дэмжиж ажиллана уу гэх хүсэлт явуулсан ба хариу нь ирээгүй байгаа. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэх гүүрний модыг Х сумаас бэлтгэхийг зөвшөөрсөн сумын ИТХ-ын шийдвэр 2022 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 8/03 дугаартай тогтоол гарсан байдаг.

    Уг тогтоолоор гүүр барихад зарцуулагдах хэмжээний 50 хувь хүртэл чийгшилтэй модыг мэргэжлийн зөвшөөрөлтэй ойн ангиар бэлтгүүлэхээр тогтоол гарсан байдаг. Уг тогтоол дээр чухам хаанаас, хэр хэмжээний мод бэлтгэхийг зааж тусгаагүй юм. Сумын ИТХ-ын тогтоол буюу хурлын шийдвэрээр мод бэлтгэж болохгүй. Тийм учраас би Х улсын тусгай хамгаалалттай газар нутгийн захиргаа руу дэмжиж өгөх талаар бичиг явуулсан юм. Уг бичгийн хариуг ирэхээр нь бэлтгэх байсан байх.

     2022 оны 06 дугаар сард би Улаанбаатар хот яваад ирсэн ба намайг ирэхэд надтай Э.О гэдэг хүн ирж уулзаж, танай суманд гүүр барих гэж байгаа, гүүрний мод бэлтгэмээр байна, танай хурлын дарга, байгаль орчны байцаагч, орлогч дарга бүх хүмүүстэй уулзаад танилцууллаа, албан ёсоор танд танилцуулж байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би манай холбогдох хүмүүстэй уулзсан бол маргааш нь бүгд нүүр нүүрээ харж байгаад ярилцъя, би мод бэлтгэх зөвшөөрөл өгдөг хүн бишээ гэж хэлээд явуулсан. Тэгээд маргааш нь Э.О-ыг дуудахаар ирээгүй, мөн мод бэлтгэх талбай юм уу, нөхөрлөлийнхөө хүнийг дуудаж ир гэсэн боловч цугларч ярих ёстой хүмүүс нь ирээгүй. Тухайн үед ИТХ-ын хагас жилийн ээлжит хуралдаан болсон ба Э.О гэх хүн тухайн хурлаар хурлын төлөөлөгч нарт гүүрний мод бэлтгэх талаар оруулж танилцуулж, дэмжүүлсэн гэсэн. Би тэр Э.О гэх хүнтэй тэрнээс хойш модны талаар яриагүй. Тохиролцсон зүйл алга. ИТХ-ын хурал болохоос өмнө Жаргалсайхан над руу утсаар ярьж Х сум орж, гэрээ хийж ирж байгаа гэж хэлэхээр нь би “чи гүүр барих гэж байгаа Э.О гэх хүний гүүрний мод хийж өгөхөөр болсон юм уу” гэхэд харин надтай ирж уулзаж, ярьсан гэж хэлсэн. Тэгэхээр нь би хоорондоо тохиролцсон байх гэж ойлгосон. Харин сүүлд асуудал гарахдаа Э.О 2 ажилтнаа Г.Ж-ийн цэвэрлэгээний талбай дээр хүргэж өгөөд мод бэлтгүүлсэн асуудал гарсан байна лээ. Тэгээд цагдаа нар ирж шалгасан юм” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 66-72 дугаар тал/,

     - гэрч Б.Ш-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Манай сумын Х-ийн гол нь хавар, намрын улиралд үерлэж нутгийн иргэдэд хүндрэл их учирдаг энэ асуудлыг шийдэж, гүүр тавих гэж олон жил болсон ба энэ жил улсын төсвийн хөрөнгө оруулалтаар модон гүүр тавихаар болж манай нутаг мод ихтэй учраас гаднаас мод зөөхгүйгээр дотооддоо мод бэлтгэж гүүрээ тавиул гэж ИТХ-ын 2022 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн хуралдаанаар дэмжсэн учир уг тогтоолын дагуу 50% хүртэлх чийгшилттэй мод бэлтгэж болно. Сумын ИТХ-ын хуралдаан улирал тутамд хуралдах ёстой. 2022 оны 6 дугаар сарын 20-ны өдөр ээлжит хоёрдугаар хуралдаан явагдсан энэ хуралдаанаар гүүр барих компани судлаад танайхаас тогтоол гаргах ёстой юм байна гэж хэлээд урьд нь өөр суманд хэлэлцэж шийдвэрлэсэн тогтоол үзүүлсэн. Бид тухайн үед ажлын албаны даргатай ярьж, ИТХ- аар оруулж хэлэлцэж олонхоор шийдвэрлэнэ. Олонх нь юу гэж үзнэ түүгээр шийдвэрлэнэ гэж хэлсэн. Үүний дагуу хурлын төлөвлөгөөнд тусгагдаж хэлэлцсэн юм. Хэдэн төлөөлөгч оролцсоныг санахгүй байна. Тухайн тогтоол нь тухайн газраас шууд мод бэлтгэх тухай биш дэмжлэг үзүүлэх тухай гэж гарсан” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 81, 83 дугаар тал/,

        - гэрч Б.Ш-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Манай Х сумын иргэд 10 гаруй жил гүүртэй болох санал гаргаж улсын төсвөөс гүүр барих санхүүжилт авч, гүүр барих компани ирж үйл ажиллагаагаа явуулах гэхэд сумын ИТХ-д Э.О сумаас гүүрний модоо бэлтгэх хүсэлт гаргасан. Суманд бүтээн байгуулалт хийх учраас иргэдийн төлөөлөгчдийн хурал дэмжиж тогтоол гаргахаас өөр аргагүй болсон. Дэмжих тухай буюу сумаас гүүрний мод бэлдэж болно гэх агуулгатай тогтоол гарсан. Иргэдийн төлөөлөгчдийн хурлаараа хаанаас мод бэлтгэхийг тодорхой газар заагаагүй. Мод бэлтгэх асуудлыг гүйцэтгэгч компани хариуцах ёстой. Гэхдээ Э.О удаа дараа хүсэлт гаргаж, танай сумаас чанартай мод бэлтгэх талаар хэлсэн. Бид тусгай хамгаалалттай газраас мод бэлтгэнэ гэж мэдээгүй. Суманд бүтээн байгуулалтын ажил хийгдэж байгаатай холбоотойгоор зөвшөөрөл олгосон. Манай сумын ихэнх газар тусгай хамгаалалттай газар бөгөөд мод бэлтгэх боломжгүй шахуу газар нутаг, сумынхаа аль хэсэг тусгай хамгаалалттай, дархан цаазтай гэдийг мэдэж байгаа. Э.О бусад сумуудаас жишээ татаж удаа дараа танай сумаас чанартай модоор гүүр барих мод бэлтгэе гэж хүсэлт гаргаад байсан. Иргэдийн төлөөлөгч нар бүгд дэмжиж гараа өргөсөн. Би Г.Ж-ыг мод бэлтгэ гэж үүрэг чиглэл өгөөгүй. Нэгэнт хурлын шийдвэр гарсан юм чинь хугацаа алдахгүй бэлтгэхэд тусал, хугацаа алдахгүй хийгээд хурдан гүүртэй болмоор байна гэж би амаараа хэлсэн. Манай суманд ганц мод бэлтгэх эрхтэй компани нь Г.Ж-ийн компани. Г.Ж-ийн компани тухайн газарт 5 га газар цэвэрлэгээ хийхээр тусгаарласан байсан. Э.О нь Г.Ж-тай тохирсон гэж хэлсэн учраас Г.Ж-тай  ажлаа яаравчил гэж утсаар ярьсан. Албан бичиг өгөөгүй. Тусгай хамгаалалттай газрын зөвшөөрөгдсөн хэсгийг цэвэрлэхээр Г.Ж-ийн компани гэрээ хийж байсан. Мод бэлтгэх зөвшөөрөлтэй гэдэг ч би бичиг баримтыг нь харж байгаагүй” гэх мэдүүлэг,

       - гэрч Б.Ц-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өсгөн : “Тухайн газарт сумын ИТХ-ын шийдвэрээр мод бэлтгэх эрх олгож болохгүй. Манай байгууллагад Х сумын Засаг дарга Б.Т цахимаар 2022 онд намар 93 дугаартай албан бичгийг ирүүлсэн. Тухайн албан бичгийн хариуг өгөөгүй. Тухайн үед Б.Т рүү гар утсаар яриад “Та хэдийн хийх гэж байгаа ажил хууль бус учир болохгүй” гэж хэлсэн” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн  87, 89 дүгээр тал/,

      - гэрч Б.А-ын мөрдөн шалгах ажиллагаанд өсгөн: “Би 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс эхэлж Увс аймгийн Байгаль Орчны газарт ойн нөөц, ашиглалт, хамгаалалт хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байна. Тухайн сумын байгаль хамгаалагч сумаасаа бэлтгэх модны хэмжээг гаргаж, аймгийн Байгаль Орчны газарт өгдөг ба Байгаль Орчны газар тухайн аймгийн сумуудын саналыг нэгтгэж Байгаль Орчны яам руу явуулж Байгаль орчны сайдын тушаалаар баталдаг. Байгаль Орчны яамнаас тухайн аймагт хэрэглэгдэх модны хэмжээг баталсны дараа ИТХ-аар оруулж тухайн жилд аймгийн хэмжээнд хэрэглэгдэх модны дээд хэмжээг баталдаг. Аймгийн ИТХ-аар оруулж баталсны үндсэн дээр тухайн сумаас мод бэлтгэх эрх олгох сумын ИТХ-ын эрх нээгддэг. Увс аймгийн хэмжээнд 2022 онд нойтон шинэс /хар/ мод бэлтгэх эрх байхгүй. Увс аймгийн хэмжээнд 50% чийгшилттэй нойтон шинэс /хар/ мод бэлтгэх эрх ерөөсөө олгодоггүй. Яагаад гэвэл Увс аймгийн хэмжээнд 50% чийгшилттэй нойтон мод олгох ойн нөөц байхгүй. Би Х сумын ИТХ-ын 8/03 дугаартай тогтоолтой танилцлаа. Уг тогтоолоор Х сумын нутаг дэвсгэр дээрээс нойтон шинэс /хар/ мод бэлтгэж болохгүй. Би Х сумын "Ө" нэртэй газрыг мэдэхгүй байна. Увс аймгийн хэмжээнд нойтон шинэс /хар/ мод бэлтгэхийг хориглодог учир ойн цэвэрлэгээ хийх гэрээ байгуулж талбай тусгаарлуулсан газраас нойтон шинэс /хар/ мод бэлтгэж болохгүй” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 91, 93 дугаар тал/,

   - гэрч Ж.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би Увс аймгийн х суманд байх Х улсын Тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаанд 7 дахь жилдээ ажиллаж байна. 2020 оноос хойш тус хамгаалалтын захиргаанд ахлах мэргэжилтний албан тушаалд ажиллаж байна. Жил бүр ойгоос мод бэлтгэх сайдын тушаал, аймаг, сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын шийдвэр гарч тухайн бус нутгийн ойгоос мод бэлтгэх хэмжээг баталдаг. Үүнтэй холбоотой жил бүр х байгалийн цогцолборт газрын ойн сангийн зөвшөөрөгдсөн бүсүүдэд ойн арчилгаа, цэвэрлэгээний огтлолтыг байгууллагатай гэрээ байгуулж хийлгэдэг. Энд нөхөрлөл, ойн мэргэжлийн байгууллага мэргэжлийн байгууллага тус бүр 1 байдаг ба өөр ямар нэгэн мэргэжлийн байгууллага байдаггүй учир цэвэрлэгээний огтлолтын ажлыг явуулахад тухайн хоёр байгууллагаас өөр гүйцэтгэх аж ахуй нэгж байгууллага байдаггүй. Жил бүр дунджаар 20-30 га талбайд цэвэрлэгээний огтлолт хийх Байгаль орчин аялал жуулчлалын сайдын тушаал ирдэг ба тухайн ажлыг 2 мэргэжлийн байгууллагаас өөр хийх мэргэжлийн байгууллага тухайн сумдад байдаггүй. Иймийн учир ойн цэвэрлэгээний огтлолт, ажлын зар тавьж гүйцэтгэгчийг сонгон шалгаруулахад “Ш” хоршоо, “Ү” ХХК хоёр л орж ирдэг. Би Ү ХХК-ийг 2017 оноос хойш мэднэ. Манай байгууллагын сонгон шалгаруулалтад шалгарч тогтмол үйл ажиллагаа явуулж ирсэн хуулийн этгээд байгаа юм.

       Х сумын Ө нэртэй газарт 5 га талбайг олгож цэвэрлэгээний огтлолт хийхээр шийдвэрлэж гэрээ байгуулсан. Улсын тусгай хамгаалалттай газраас нойтон шинэс мод бэлтгэх бол нутаг дэвсгэр хариуцсан хамгаалалтын байгууллагаас Байгаль орчин, аялал жуулчлалын яам руу Улсын тусгай хамгаалалттай ойгоос мод бэлтгэх хүсэлт явуулж, уг хүсэлтийг хүлээн авсан тохиолдолд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд тушаал гаргаж, уг тушаалын дагуу мод бэлтгэх эрх олгоно. Ойд цэвэрлэгээ хийх, гэрээ байгуулсан боловч модон гүүрний ажилд зориулж нойтон шинэс мод огтолж, бэлтгэсэн үйлдэл нь гэрээ болон хууль зөрчиж байгаа үйлдэл юм” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 105-106, 108-110 дугаар тал/,

       - гэрч Т.Д-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2022 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн ИТХ-ын 8 дугаар хуралд оролцсон. Тухайн хуралд Х сумын Х-ийн голын модон гүүрний ажлын тендер авсан Э.О гэх хүн оролцож, Х сумаас 200 орчим мод тайрч бэлтгээд, 200 ширхэг мод шинээр тарьж, суулгана гэж хэлсэн бөгөөд төлөөлөгч нар уг саналыг дэмжиж 8/03 дугаартай тогтоол гаргасан. Тухайн хуралд 21 төлөөлөгч оролцох байсан боловч 2 төлөөлөгч хуралдаа ирээгүй, 19 төлөөлөгч оролцсон. Уг хурлаар модон гүүр барихад шаардагдах модыг сумаасаа бэлтгэхийг зөвшөөрч иргэдийн төлөөлөгчдийн тогтоол гаргасан бөгөөд мод бэлтгэх газар, зөвшөөрлийг холбогдох байгууллагад нь хүсэлт өгч шийдвэрлүүлэхээр болсон. Хуралд Х сумын Ө нэртэй ойгоос шинэс мод бэлтгэх талаар яриагүй” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 114 дүгээр тал/,

       - гэрч Я.С-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2022 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн сумын ИТХ-ын 8 дугаар хуралд оролцсон. Тухайн хуралд Х сумын Х-ийн голын модон гүүрний ажлын тендер авсан Э.О гэх хүн оролцож Ц 200 орчим мод тайрч бэлтгээд, 200 ширхэг мод шинээр тарьж, суулгана гэж хэлсэн бөгөөд иргэдийн төлөөлөгч нар уг саналыг дэмжиж 8/03 дугаартай тогтоол гаргасан. Хуралд Х сумын Ө нэртэй ойгоос шинэс мод бэлтгэх талаар яриагүй” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 116 дугаар тал/,

      - гэрч Б.Э-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би 2022 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн ИТХ-ын 8 дугаар хуралд оролцож хурлын тэмдэглэл хөтөлсөн. Тухайн хуралд Х сумын Х-ийн голын модон гүүрний ажлын тендер авсан Э.О гэх хүн оролцож Х сумаас модон гүүрний ажилд шаардагдах модыг бэлтгэмээр байна. Гүүрний ажилд 200 орчим мод тайрч бэлтгээд, 200 ширхэг мод шинээр тарьж, суулгана гэх хүсэлт гаргасан бөгөөд төлөөлөгч нар уг саналыг хэлэлцээд Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар суманд бүтээн байгуулалтын ажил хийж байгаа учир Х сумаас мод бэлтгэхийг дэмжсэн. Гэхдээ мод бэлтгэх зөвшөөрөл, мод бэлтгэх талбайг эрх бүхий байгууллагад хүсэлт өгч шийдвэрлүүлэхээр болсон. Өөрөөр хэлбэл, Х сумын нутаг дэвсгэрээс мод бэлтгэхийг зөвшөөрсөн боловч мод бэлтгэх зөвшөөрөл, газрыг холбогдох байгууллагад нь хүсэлт өгч шийдвэрлүүлэхээр болсон” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 118 дугаар тал/,

     - гэрч А.Д-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Б” ХХК-ийн захирал Э.О нь Х сумын х багийн нутагт байрлах Х-ийн голын гүүр барих ажлаар Х суманд 2022 оны 04 дүгээр сард гүүр барих гэж байгаа хүмүүсээ аваад ирсэн байсан бөгөөд гүүрний ажил эхэлж өгөхгүй байсан. Тэгээд Э.О нь манай сумын удирдлагуудтай тухайн үедээ уулзаж гүүр барих модоо холоос татах боломжгүй байна, төсвийн боломж байхгүй байна, танай сум орон нутаг модтой учир, танайхаас гүүрний мод бэлтгэх боломж байна уу гэсэн хүсэлтийг биечлэн уулзаж хэлж байсан. Тухайн үед нөхцөл байдал хэцүү, улсын төсвийн хөрөнгөөр хийгдэж байгаа ажлыг сумаасаа дэмжиж хурдан хугацаанд модон гүүрээ бариулах бүхий л арга хэмжээг авч, мод бэлтгэх эрхтэй ямар хүн байгааг байгаль орчны ажилтнуудаас сураглахад манай суманд ойгоос мод бэлтгэх ойн мэргэжлийн байгууллагатай ганцхан хүн байдаг, тэр хүн нь Г.Ж гэж сонссон. Тэгээд би Э.О-тай хамт 2022 оны 06 дугаар сарын сүүлээр ИТХ хуралдахаас өмнө Г.Ж-тай очиж уулзсан. Тэр үед Э.О нь Г.Ж-тай ярилцаж гүүр барих модны тоо, хэмжээ, модны чийгшил, шаардагдах хэмжээний талаараа ярилцахад Г.Ж нь холбогдох байгууллага, Х тусгай хамгаалалтын газар, ойн анги зэрэг бусад холбогдох байгууллагаас зөвшөөрөл нь гарчихвал бэлдэж болно, би бас сумынхаа бүтээн байгуулалтыг дэмжээд, ашиг харахгүйгээр оролцож болно гэсэн зүйл ярилцсан. Би тэр хоёрыг уулзуулаад нарийн зүйлээ өөрсдөө ярилцах байх гэж бодоод явсан юм. Тухайн үед Э.О нь гүүрэнд шаардагдах модыг сумаас бэлтгэх талаар сумын ИТХ-д санал хүргүүлж, өөрөө сумын хуралд танилцуулга хийсэн бөгөөд ИТХ 2022 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хуралдаад сумаас гүүрний модонд шаардагдах мод бэлтгэхийг дэмжсэн тогтоол гарч, уг тогтоолыг үндэслэж сумын засаг дарга Х-н улсын тусгай хамгаалалттай газар нутгийн захиргаанд талбай тусгаарлуулах тухай хүсэлтийг хүргүүлсэн бөгөөд уг хүсэлтийн хариу нь ирээгүй юм” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 120-122 дугаар тал/,

      - гэрч Т.Б-ны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2022 оны 6 дугаар сарын 21-ний өдөр сумын байгаль орчны асуудал хариуцсан мэргэжилтэн Б надад Ө гэх газарт Г.Ж-ийн талбай тусгаарласан газарт хяналт шалгалт хийх шаардлагатай байна гэж танилцуулсан. Тухайн үед бензин шатахууныг нь шийдэж өгөөд явуулсан. Тэгээд Ц.Б нь хяналт шалгалтаар очоод тухайн газарт хууль бусаар нойтон мод бэлтгэгдсэн байна гэсэн зүйл хэлээд уг асуудлыг цагдаагийн байгууллагаар шалгуулж, хуулийн дагуу шийдвэрлүүлнэ гэж надад танилцуулсан юм. Надад энэ талаар өөр тодорхой мэдээлэл байхгүй. Би тухайн үедээ Х сумын Х-ийн голд гүүр тавих зорилгоор Х сумаас мод бэлтгэх талаар хэлэлцсэн сумын ИТХ-ийн 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн хуралд төлөөлөгч биш тул оролцоогүй. Хурлын даргын өрөөнд шиг санагдаж байна, цагдаагийн байгууллагаас мод бэлтгэсэн асуудлыг шалгаж байх үед сумын Засаг дарга Т, хурлын дарга Ш, орлогч дарга Д, байгаль орчны асуудал хариуцсан мэргэжилтэн Б, хэсгийн төлөөлөгч Е, мөн Г.Ж нар байсан бөгөөд бид уулзаж болсон процессын талаар яагаад ийм нөхцөл байдал үүсэн, зөвшөөрөл гараагүй байхад мод бэлдэж эхэлсэн, нөгөө талаасаа сум орон нутагт хийгдэж байгаа хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын асуудал дээр ажил дөнгөж эхэлж байхад асуудал гарч, гүүрний ажил зогссон учраас цаашид яах талаараа ярилцсан шиг санагдаж байна” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 130-131 дүгээр тал/,

       - гэрч Б.Т, Г.Ж нарыг нүүрэлдүүлж авсан мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 141 дүгээр тал/,

      - шинжээч Б.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Увс аймгийн Х сумын Ө нэртэй газраас нойтон мод бэлтгэж болохгүй. Уг газраас нойтон мод бэлтгэх эрхтэй ойн мэргэжлийн анги, нөхөрлөл байхгүй. Увс аймгийн Х сумын уг газар нь Улсын тусгай хамгаалалттай газарт ордог бөгөөд 2022 онд уг газраас нойтон мод бэлтгэх буюу үндсэн огтлол хийх эрх байхгүй” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 163 дугаар тал/,

     - хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн “Х сумын Ө гэх газарт 19.85 м, 21.4 м, 17.9 м, 19.8 м, 8.8 м урттай 5 ширхэг нойтон шинэс модыг унагаж, 18 хэсэгт хуваасан байв” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хх-ийн 27-32 дугаар тал/,

      - эд хөрөнгө /18 ширхэг мод/ битүүмжлэх тухай мөрдөгчийн тогтоол, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /1 дүгээр хх-ийн 34-35 дугаар тал/,

       - модонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хх-ийн 36-40 дүгээр тал/,

     - шинжээчийн 2022 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 01 дугаартай "Х сумын Ө нэртэй газар нь тусгай хамгаалалттай газар нутагт хамаарна. 2022 оны 6 дугаар сарын 07-нд мод бэлтгэх талбай тусгаарлаж өгсөн тусгай зөвшөөрөлтэй, Ү ХХК мэргэжлийн байгууллага, дарга Г.Ж Бэлтгэсэн мод нь шинэс мод /нойтон мод/ байна. 4.3873 метр куб хэмжээтэй, хэрэглээний мод байна” гэх дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 150-151 дүгээр тал/,

    - Бүрэлдэхүүнтэй шинжээчийн 01 дугаартай “Координатын N 49°21’51.3”, Е 25’29.7”, N 49°21'50.51 ”, Е 094°25’37.8”, N 49°21’91.9”, N 49°21.56’56.8”, Е 25’36.7” газар, зүйн байршилтай Х сумын Ө нэртэй газар нь Х-н нурууны улсын тусгай хамгаалалттай газрын байгалийн цогцолборт газар нутгийн хязгаарлалтын бүсэд хамаарч байна. 4,3873 м.куб хэмжээтэй, хэрэглээний бөөрөнхий 18 ширхэг шинэс төрлийн модны экологи эдийн засгийн үнэлгээ нь 5,480,205.59 төгрөг болж байна” гэх дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 178-180 дугаар тал/,

    - Увс аймгийн Х сумын Засаг дарга Б.Т-ийн Х нурууны улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаанд хаягласан, 2022 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 93 дугаартай албан бичгийн хуулбар /1 дүгээр хх-ийн 185-р тал/  

     - Б ХХК-ийн улсын бүртгэлийн лавлагаа, компанийн дүрэм, улсын бүртгэлийн гэрчилгээ, үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн гэрчилгээ /2 дугаар хх-ийн 245-р тал/ зэрэг нотлох баримтууд болно.

    4.2.2. Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, агуулгын хувьд хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба  хэргийн үйл баримтын талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалд нийцсэн байна.

   4.2.3. Шүүгдэгч Э.О, Г.Ж нар нь хууль бусаар мод бэлтгэх үйлдлийг хийхдээ Э.О-ын Б ХХК-ийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн тодруулбал, тус компанийн  шалгарсан тендер болох Увс аймгийн Х сумын Хийн голын модон гүүр барихад ашиглах зорилгоор хууль бусаар мод бэлтгэсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон тул Б ХХК-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 3-т  заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хууль зүйн үндэслэлтэй байна.

    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 9.1 дүгээр зүйлийн 1-т: Энэ хуулийн тусгай ангид хуулийн этгээдэд ял оногдуулахаар заасан гэмт хэргийн шинжийг хуулийн этгээдийг төлөөлөх эрх бүхий албан тушаалтан дангаараа, эсхүл хамтран шийдвэр гаргаж, эсхүл хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө хийсэн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан нь хуулийн этгээдэд ял оногдуулах үндэслэл болно гэж заасан байна.

      Прокуророос Б ХХК-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 3-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 9.1 дүгээр зүйлийн 1-т заасан хуулийн этгээдэд хариуцлага хүлээлгэх үндэслэлүүдээс “хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдэл хийсэн” гэх шинжийг хангасан гэж дүгнэж, ялласан нь хууль зүйн үндэслэлтэй. 

     Тодруулбал, шүүгдэгч Э.О нь Б ХХК-ийн гүйцэтгэх захирал болох нь хэрэгт авагдсан  хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа /2 дугаар хх-ийн 245-р тал/-аар нотлогдсон бөгөөд тэрээр өөрийн компанийн барьж гүйцэтгэх модон гүүрийг барихад шаардагдах модыг хол газраас  бэлтгэж, тээвэрлэхгүйгээр тухайн сумаас бэлтгэнэ гэсэн зорилготой тус компанийн ашиг сонирхлын төлөө буюу ашиг орлогыг нэмэгдүүлэх, ажлаа хөнгөвчлөх зорилготой гэж үзэхээр байна.

    4.2.4. Анхан шатны шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журмыг зөрчөөгүй, шүүхээс оногдуулсан ял нь шүүгдэгч нарын  гэм буруу, хувийн байдалд тохирсон гэж дүгнэв. 

      5. Шүүгдэгч Э.О-ын давж заалдах шатны шүүхэд гаргасан: “анхан шатны шүүх Б ХХК-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 3-т зааснаар, Э.О намайг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т зааснаар тус тус гэмт буруутайд  тооцон эрүүгийн хариуцлага хүлээлгэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.

       Тухайн үед нутгийн удирдах байгууллагын эрх бүхий этгээдүүд нь шийдвэрээ гаргаж 2022 оны 06 сарын 20-ны өдрийн 8/03 дугаар ИТХ-ийн тогтоолоор гүүрний мод бэлтгэхийг зөвшөөрсөн.

     Энэхүү тогтоолын дагуу тухайн суманд мод бэлтгэх зөвшөөрөл бүхий хуулийн этгээдүүдээр гүүрний мод бэлтгүүлж нийлүүлнэ гэдэг асуудал яригдаж байсан. Манай компанийн зүгээс хууль журмын дагуу модоо бэлтгээд ирвэл худалдан авахад бэлэн гэдгээ илэрхийлж байсан болохоос биш зөвхөн Г.Ж-ийн Ү ХХК-тай тохиролцсон зүйл байхгүй, тухайн компанитай гэрээ байгуулаагүй. Тухайн суманд ойгоос мод бэлтгэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хэчнээн хуулийн этгээд байдаг талаар миний хувьд мэдэх зүйл байхгүй байсан.

      Гүүрний ажил хийхээр Хөвсгөл аймгаас ирсэн байсан Д.О, Ө.Ц нартай Г.Ж нь өөрөө тохиролцож өөрийн компанийн талбайдаа ажиллуулсан ба хөлс мөнгөө өөрөөсөө өгсөн байсан. Түүнээс биш Д.О, Ө.Ц нар нь Б ХХК-ийн ажилчны хувиар тухайн ойд ажиллаагүй. Учир нь гүүрний ажил эхлээгүй, тухайн 2 иргэний хувьд сул зогсолттой байх үедээ өөрсдөө Г.Ж-тай тохиролцож түүнд хөлсөөр ажилласан.

    Г.Ж нь хувь хүнийхээ хувьд биш хуулийн этгээдийнхээ нэрээр үйл ажиллагаа явуулах эрх олж авсан талбайдаа ашиг олох зорилгоор мод бэлтгэсэн үйлдэлд ямар нэгэн хариуцлага хүлээлгэхгүй байгаа нь шударга бус байна” гэх агуулга бүхий гомдлыг хангах үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

      5.1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 9.1 дүгээр зүйлийн 1-т: “Энэ хуулийн тусгай ангид хуулийн этгээдэд ял оногдуулахаар заасан гэмт хэргийн шинжийг хуулийн этгээдийг төлөөлөх эрх бүхий албан тушаалтан дангаараа эсхүл хамтран шийдвэр гаргаж, эсхүл хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө хийсэн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан нь хуулийн этгээдэд ял оногдуулах үндэслэл болно” гэж,

     мөн зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хуулийн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нь энэ зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан журмын дагуу хуулийн этгээдийг төлөөлөн шийдвэр гаргасан, зөвшөөрөл өгсөн эрх бүхий албан тушаалтныг ялаас чөлөөлөх үндэслэл болохгүй” гэж тус тус тодорхойлжээ.

     Хуулийн уг зохицуулалтаас үзэхэд хуулийн этгээдийг төлөөлөх эрх бүхий албан тушаалтны үйлдсэн гэмт хэрэг нь хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө байвал түүнийг төлөөлөх эрх бүхий этгээд болон хуулийн этгээд аль аль нь эрүүгийн хариуцлага хүлээх ба уг үйлдэл, эс үйлдэхүй нь Эрүүгийн хуулийн тусгай ангид тусгайлан заасан гэмт хэргийн шинжийг хангасан байх шаардлагатай юм.

      Хэргийн баримтаар, Б ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.О нь өөрийн компанийн ашиг сонирхлын төлөө Г.Ж-тай үйлдлээрээ бүлэглэн хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул Б ХХК болон Э.О нарыг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсон нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 9.1 дүгээр зүйлийн 1, 3-т тус тус нийцсэн, энэ талаар хийсэн шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

   5.2. Ойн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-д: “Иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллага нь ашиглалтын бүсийн ойгоос мод, ойн дагалт баялгийг зохих төлбөр, хураамжийг төлсний үндсэн дээр ашиглах эрхтэй”,

       мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 34.2, 34.3 дахь хэсэгт: “Тухайн сум, дүүргийн ойн анги, эрх бүхий албан тушаалтан нь иргэн, аж ахуйн нэгжид мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээ олгоно, уг эрхийн бичигт мод бэлтгэх иргэн, аж ахуйн нэгжийн нэр, хаяг, бэлтгэх модны төрөл, хэмжээ, бэлтгэх газрын нэр, бэлтгэх, тээвэрлэж дуусгах хугацаа зэргийг тодорхой заана, эрхийн бичгийг бусдад шилжүүлэхийг хориглоно” гэж тус тус заасны дагуу иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь ашиглалтын бүсийн ойгоос хэрэглээний болон түлшний зориулалтаар мод бэлтгэхдээ зохих төлбөр, хураамжийг төлж эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас тусгай зөвшөөрөл буюу мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээ авсан байхыг мод бэлтгэх гэж байгаа иргэн, хуулийн этгээдэд хуулиар үүрэг болгосон байна.

       Гэтэл шүүгдэгч Г.Ж, Э.О болон Б ХХК нь дээрх хуулийг зөрчиж, хууль бусаар мод бэлтгэсэн байх ба ойгоос хэрэглээний шинэс мод бэлтгэх эрхийн бичгийг Ойн тухай хууль болон түүнд нийцүүлэн гаргасан Ойгоос мод бэлтгэх журамд заасан үндэслэл, журмын дагуу аваагүй байна.

    Ойн тухай хуулийн 18.1.2-т: “Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь хууль тогтоомжид заасан үндэслэл, журмын дагуу тухайн жилд ашиглах ойн нөөцийн хэмжээг тогтоох бүрэн эрхийг хэрэгжүүлнэ, мөн хуулийн 32.3-д: “Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь ойн сангийн тодорхой хэсгийг гэрээгээр эзэмшигч ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, ойн мэргэжлийн байгууллагын ойн менежментийн төлөвлөгөө болон иргэдийн хэрэгцээг үндэслэн энэ хуулийн 35.1, 35.2 дахь хэсэгт заасны дагуу ойгоос бэлтгэх модны төрөл, тоо хэмжээг тогтооно” гэж,

    мөн Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2016 оны А/133 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Ойгоос мод бэлтгэх журам”-ын  2.6-д: “Сум дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дараа жилд бэлтгэх модны хэмжээг “Ойн тухай хуулийн 32.3 дахь заалтыг үндэслэн тухайн оны 12 сарын 10-ны дотор багтаан арчилгаа, цэвэрлэгээ, үйлдвэрлэлийн ашиглалтын огтлолтоор бэлтгэх модыг ойн мэргэжлийн байгууллага, ойг гэрээгээр эзэмшигч нөхөрлөл бүрээр, иргэдийн ахуйн хэрэглээний болон уламжлалт бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилгоор бэлтгэх модыг баг бүрээр тогтооно” гэж тус тус заасан, өөрөөр хэлбэл, дээрхи хууль, журмаар сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын эрх хэмжээг хуульчлан заасан байна.

     Хэрэгт авагдсан Увс аймгийн Х сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 8/03 дугаар тогтоол /1 дүгээр хх-ийн 199-201-р тал/-ын 1 дүгээр заалтад “Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдах модон гүүрний хэрэгцээнд зориулан гүүрний стандарт шаардлагад нийцсэн буюу 50 хувь хүртэлх чийгшилтэй мод бэлтгэх ажлыг тусгай зөвшөөрөл бүхий байгууллагаар хууль журмын дагуу бэлтгэн нийлүүлэхийг зөвшөөрсүгэй” гэж тусгасан нь шүүгдэгч нарт тус сумын нутаг дэвсгэр буюу “Ө” гэх улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойгоос нойтон шинэс мод бэлтгэх зөвшөөрөл олгосон гэж үзэхгүй.

     Уг тогтоолд мод бэлтгэх иргэн, аж ахуйн нэгжийн нэр, хаяг, бэлтгэх модны төрөл, хэмжээ, бэлтгэх газрын нэр, бэлтгэх, тээвэрлэж дуусгах хугацаа зэргийг заагаагүй, нөгөө талаар Сумын иргэдийн төлөөлөгчдийн хуралд мод бэлтгэх зөвшөөрөл олгох эрх хэмжээ байхгүй болно.

     Иймд шүүгдэгч Э.О-ын мод бэлтгэх зөвшөөрлийг сумын ИТХ-аас  авсан гэх тайлбар, гомдол хууль зүйн үндэслэлгүй байна.

       5.3. Хэргийн баримтаар, шүүгдэгч Г.Ж-ийн нэр дээр бүртгэлтэй Ү ХХК нь Увс аймгийн Х сумын Ө гэх газрын 0.5 га талбайн ойд цэвэрлэгээ хийх эрх авч, тусгаарлалт хийлгэсэн байх боловч уг газрын ойгоос хэрэглээний нойтон шинэс мод бэлтгэх эрх аваагүй, уг газраас бэлдсэн 4.3873 м.куб шинэс модыг Ү ХХК-ийн ашиг сонирхлын төлөө бэлдсэн гэж үзэх үйл баримт тогтоогдоогүй байна.

      Мөн шүүгдэгч Г.Ж Э.О нарын хооронд мод бэлтгэх бэлтгүүлэх болон худалдах худалдан авах гэрээ, хэлцэл хийсэн гэж үзэх үндэслэл, нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул Ү ХХК-ийг гэм буруутай гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна.

      6. Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох, өөрчлөх, шүүгдэгч Э.О болон Б ХХК-ийг  эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх хууль зүйн үндэслэл бүхий нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Э.О-ын давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

      Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

      1. Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 2025/ШЦТ/83 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б ХХК-ийн захирал Э.О-ын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

      2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

                                                              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.МӨНХЖАРГАЛ

                                                                                     ШҮҮГЧ                                     Ж.ОТГОНХИШИГ

                                                                   ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Л.АЛТАН