Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2017/00784

 

2017 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2017/00784

 

 

Ж.Билэгсайханы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 182/ШШ2017/00170 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Ж.Билэгсайханы нэхэмжлэлтэй,

Хариуцагч Мон-Атом ХХК-д холбогдох

 

Ажилласан хугацааны үлдэгдэл цалин 13 142 754 төгрөг, тэтгэмж 1 500 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: О.Номин,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: М.Цэгмид,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ө.Маралмаа нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ж.Билэгсайхан тус компанийн гүйцэтгэх захирлын албан тушаалд ажиллаж байхдаа 2014 оны 2, 4, 5 дугаар сарын цалин 4 576 440 төгрөг, түүнчлэн зөвлөхийн албан тушаалд ажилласан хугацаанд 2014 оны 6, 7, 10, 11 сарын цалин 7 966 314 төгрөг нийт 12 542 754 төгрөгийг аваагүй. Ажил олгогч 2015 оны 01 сарын 15-ны өдрийн 03 дугаар тушаалаар ажилтантай байгуулсан хөдөлмөрийг гэрээг цуцалж, ажлаас чөлөөлөхдөө нэг сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмж олгохоор заасан ч олгоогүй. 2016 оны 09 сарын 27-ны өдөр хүсэлт гаргасан бөгөөд тус компани 2016 оны 11 сарын 04-ний өдөр Хөдөлмөрийн тухай хуульд заасан үүргээ биелүүлэлгүй хөдөлмөрийн маргаан таслах комисс хуралдуулах боломжгүй байна гэсэн 06/183 тоот албан бичгийг хариу ирүүлсэн. Иймд дутуу олгосон цалин, тэтгэмж нийт 14 042 754 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан боловч эдийн засгийн нөхцөл байдлыг харгалзан үзэж нэхэмжлэлийн шаардлагаа 2014 оны 6, 7, 10, 11 сарын цалин хөлс болох 7 966 314 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж багасгаж байна гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Эдийн засгийн хүнд нөхцөл байдлын улмаас Засгийн газраас санхүүжилт зогссон байгаа тул Мон-Атом ХХК нь цалин тавих боломжгүй болсон. Тиймээс Ж.Билэгсайханы нэхэмжлэлийн шаардлагаас хөдөлмөрийн гэрээ зохих журмын дагуу байгуулаагүй, ажилдаа ирдэггүй байсан гэдэг үндэслэлээр компанийн зөвлөхөөр ажилласан гэх хугацааны цалин 7 966 314 төгрөгийг зөвшөөрөх боломжгүй. Харин бусад шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.11, 49 дүгээр зүйлийн 49.1, 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Мон-Атом ХХК-иас 1 500 000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ж.Билэгсайханд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 12 542 754 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар хариуцагч Мон-Атом ХХК-иас 38 950 төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхээс шийдвэрийг эс зөвшөөрч энэхүү давж заалдах гомдлыг гаргаж байна. Нэхэмжлэгч Ж.Билэгсайхан нь гүйцэтгэх захирлын албан тушаалд ажиллаж байхдаа 2014 оны 2, 4, 5 дугаар сарын цалин хөлс болох 4 576 440 төгрөг, түүнчлэн Зөвлөхийн албан тушаалд ажилласан хугацаанд 2014 оны 6, 7, 10, 11 дүгээр сарын цалин хөлс болох 7 966 314 төгрөг, мөн ажлаас халагдсаны тэтгэмж гэж 1 500 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг анхан шатны шүүхэд гаргасан болно. Хариуцагчийн хариу тайлбарт дурдсанаар "Мон-Атом" ХХК-ийн эдийн засгийн байдлын улмаас тус компанийн зөвлөхөөр ажиллаж байсан үеийн цалин хөлс болох 7 966 314 төгрөгийг хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж үлдэгдэл цалин хөлс болох 4 576 440 төгрөг мөн тэтгэмжид олгох 1 500 000 төгрөгийг хүлээн зөвшөөрсөн байдаг. Ингээд нэхэмжлэгч хариуцагчийн татгалзлыг харгалзан үзээд өөрийн нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж дутуу олгосон цалин хөлс 4 576 440 төгрөг, тэтгэмжид 1 500 000 төгрөг нийт 6 076 440 төгрөг болгосон болно.

Хариуцагчийн хариу тайлбарт хуулийн дагуу хөдөлмөрийн гэрээ байгуулж гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан үеийн цалин хөлс болох 4 576 440 төгрөгийг бүгдийг хүлээн зөвшөөрч энэ талаар огт маргаагүй байсан. Энэ нь нэгэнт тогтоогдсон үйл баримт байхад анхан шатны шүүх хариуцагчийн зөвшөөрөл нэхэмжлэгчийн шаардлагыг бүгдийг огт харгалзаж үзээгүй. Нэхэмжлэгч Ж.Билэгсайхан нь тус компанийн зөвлөхөөр ажиллаж эхлээд буюу 2014 оны 5 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн Авилгатай тэмцэх газарт "Мон-Атом" ХХК-д холбогдуулан бүтэн жил гаруй хугацаанд шалгагдаж 2015 оны 10 дугаар сарын 07-ны өдөр эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай Нийслэлийн прокурорын газрын 47 дугаар тогтоол гарч хэрэг хэрэгсэхгүй болсон. Эрүүгийн хэрэг эцэслэн шийдвэрлэгдэж дуусахад нэхэмжлэгчийг ажлаас нэгэнт чөлөөлсөн байсан бөгөөд тухайн үеэс "Мон-Атом" ХХК-ийн захиргаанд удаа дараа хандахад огт албан ёсны хариу өгдөггүй байсан. Ингээд "Мон Aтом" ХХК-д холбогдуулан дутуу олгогдсон цалин хөлсөө нэхэмжилсэн албан ёсны мэдэгдэл, хүсэлтийг 2016 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр явуулсан боловч захирал байхгүй эсхүл санхүүжилтгүй гэсэн шалтгаанаар хариуг албан ёсоор өгөөгүй. Нэхэмжлэгч 2016 оны 5 дугаар сард Чингэлтэй дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийгдээгүй буюу маргаан таслах комиссоор ороогүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. "Мон-Атом" ХХК-д 2016 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр дахин хандсан ба албан бичгийн хариуг 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авсан. Уг албан бичигт дурдсанаар хөдөлмөрийн маргаан таслах комисс байхгүй гэдгээ мэдэгдсэн бөгөөд ямар нэгэн цалин хөлсийг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн утга агуулга байгаагүй. Энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлд заасан урьдчилан шийдвэрлэх ажиллагаанд орж байгаа бөгөөд бид хуулийн дагуу нэхэмжлэлээ цагт нь гаргасан. Ажлаас чөлөөлөх тухай тушаал гарснаас хойш цалин хөлсөө нэхэмжилж чадаагүй нь хүндэтгэн үзэх шалтгаантай мөн хариуцагч "Мон Атом" ХХК нь удаа дараа асуудлыг шийдвэрлэхээс зайлсхийж байсан гэдгийг шүүх харгалзаж үзээгүй. Энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.3 дахь хэсэгт заасан хүндэтгэн үзэх шалтгаанд нийцэж байгаа болно. Түүнчлэн хариуцагч тал хөөн хэлэлцэх хугацааг хэтэрсэн гэж маргаагүй байхад анхан шатны шүүхээс хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн гэж дүгнэсэн нь шүүхийн мэтгэлцэх зарчмыг алдагдуулан хэт нэг талыг барьж нэхэмжлэгчийн эрх ашгийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй.

 

Нэхэмжлэгч Ж.Билэгсайхан нь хариуцагч Мон-Атом ХХК-нд холбогдуулж ажилласан хугацааны үлдэгдэл цалин 13 142 754 төгрөг, тэтгэмж 1 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж дутуу олгосон цалин олговорт 4 576 440 төгрөг, тэтгэмж 1 500 000 төгрөг, нийт 6 076 440 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, ажилдаа ирдэггүй байсан тул цалинг олгох үндэслэлгүй гэж маргажээ.

 

Ж.Билэгсайхан нь Мон-Атом ХХК-нд гүйцэтгэх захирал, компанийн зөвлөхийн албан тушаалд тус тус томилогдон ажиллаж байсан талаар талууд маргаангүй.

 

Хариуцагч Мон-Атом ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 03 тоот тушаалаар Ж.Билэгсайханыг 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөр түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсанд тооцож, тус компанийн зөвлөхийн үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. /хх-6/ Хариуцагч байгууллага энэхүү тушаалыг гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дугаар зүйлийн 40.1.1, 42 дугаар зүйлийн 42.1, компанийн дүрмийн 9.9.5 дахь заалтуудыг тус тус үндэслэжээ.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийг эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн гэж дүгнэснийг Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасан зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзэх боломжгүй.

 

Учир нь талууд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй гэж Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасан ба нэхэмжлэгч нь олгогдоогүй цалин хөлсөө авах талаар хариуцагч байгууллагад хандан шаардлага гаргаж байсан гэх тайлбарыг хариуцагч байгууллага Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар няцаагаагүй байна. /хх-10-11/

 

Хэргийн 12 дугаар талд авагдсан баримтаас үзэхэд хариуцагч Мон-Атом ХХК нь нэхэмжлэгч Ж.Билэгсайханд 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 06/183 албан тоотоор Хөдөлмөрийн маргаан таслах комиссын хурлын ирц бүрдэхгүй байгаа тул ойрын хугацаанд хуралдуулах боломжгүй гэж бичгээр хариу өгсөн нь түүний хуульд заасны дагуу гаргасан гомдлыг шийдвэрлэх хугацааг хойшлуулсан гэж үзэхээр байна. Иймд энэхүү хойшлуулсан хугацаанд хөөн хэлэлцэх хугацаа түр зогсоно гэж Иргэний хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.1-д зааснаар хариуцагч байгууллагын хариу өгсөн өдрөөс эхлэн нэхэмжлэгчийн шүүхэд хандан гомдлоо гаргах хугацааг тоолох нь зүйтэй.

 

Иймд нэхэмжлэгчийг цалин хөлстэй холбоотой шаардлага гаргах хугацааг хэтрүүлсэн гэх үндэслэлгүй тул нэхэмжлэгчид олгох 2014 оны цалин, тэтгэмж нийт 6 076 440 төгрөгийг хариуцагч Мон-Атом ХХК-аас гаргуулан нэхэмжлэгчид олгож нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч Ж.Билэгсайхан нь хариуцагч Мон-Атом ХХК2014 оны 2, 4, 5 дугаар сар, 2014 оны 6, 7, 10, 11 дүгээр сарын хугацаанд ажиллаж байсан нь тогтоогдсон, түүний цалин хөлсийг олгохгүй байх үндэслэлийн талаарх тайлбараа хариуцагч байгууллага баримтаар нотлоогүй тул Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэгт зааснаар цалин хөлсөө шаардах эрхтэй.

 

Түүнчлэн шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт заасан ажлаас халагдсаны тэтгэмж олгох тухай зохицуулалтад нэхэмжлэгчийн ажлаас чөлөөлөгдсөн үндэслэл хамаарч байх тул Ж.Билэгсайханыг тэтгэмж шаардах эрхтэй гэж дүгнэсэн нь үндэслэлтэй болно.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 182/ШШ2017/00170 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.11, 49 дүгээр зүйлийн 49.1, 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Мон-Атом ХХК-иас 6 076 440 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ж.Билэгсайханд олгосугай. гэж, 2 дахь заалтын 38 950 гэснийг ...112 173... гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангасугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ж.Билэгсайханы давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 88 180 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД А.ОТГОНЦЭЦЭГ

 

Б.НАРМАНДАХ