| Шүүх | Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нямаагийн Баярхүү |
| Хэргийн индекс | 2438000000438 |
| Дугаар | 2025/ДШМ/32 |
| Огноо | 2025-06-04 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Б.Ү |
Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 06 сарын 04 өдөр
Дугаар 2025/ДШМ/32
эрүүгийн хэргийн тухай
Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Сосорбарам даргалж, шүүгч Л.Эрдэнэбат, Н.Баярхүү нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд
Прокурор: Б.Үүрийнтуяа,
Шүүгдэгч: Ж.А,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Амаржаргал,
Нарийн бичгийн дарга: Ц.Баасанжав нарыг оролцуулан
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 2025/ШЦТ/105 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгчийн давж заалдах гомдлоор Ж.Ад холбогдох 000 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Баярхүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, Бовгийн Жы А, 000 оны 00 дугаар сарын 00-ны өдөр Хөвсгөл аймагт төрсөн, 00 настай, эрэгтэй, дээд боловсролтой, соёл судлаач мэргэжилтэй, малчин, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Хөвсгөл аймгийн Б сумын 0 дүгээр багт оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй /регистрийн дугаар РЭ000/.
Ж.А нь 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Хөвсгөл аймгийн Бсумын 4 дүгээр багт иргэн Д.Эыг зодож, улмаар хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 2025/ШЦТ/105 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч Бэсүүд ургийн овогт Жы Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Аг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдаж, шүүгдэгч нарын торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1, 513 дугаар зүйлийн 513.1 дэх хэсэгт зааснаар Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-т зааснаар шүүгдэгч Ж.Агаас 3,241,334 (гурван сая хоёр зуун дөчин нэгэн мянга гурван зуун гучин дөрөв) төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгож, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, хохирогч Д.Эт төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Ж.А давж заалдах гомдолдоо: “...шүүх Ж.А надаас 3,241,334 төгрөгийг гаргуулж эрүүл мэндийн даатгалын санд төлүүлэхээр шийдвэрлэсэн. Хэдийгээр хуулийн заалтуудад хохирлыг гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлэхийг зааж өгсөн байгаа хэдий ч шүүх нотлох баримтад тулгуурлаж шийдвэрлэх ёстой гэж би үзэж байна.
Би шүүх хуралдаанд иргэний нэхэмжлэлтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлага ойлгомжгүй байгаа байдлыг ойлгомжтой, тодорхой болгож өгөхийг хүссэн. Эрүүл мэндийн даатгалын сангаас нэхэмжилж орж ирсэн баримтаас харахаар зөвхөн хүснэгтэнд заасан тэдэн төгрөг гэх хэдэн тоог л харж болж байгаа болохоос өөрөөр уг мөнгөний дүн нь яг ямар оношоор мэс заслын эмчилгээ хийлгэсэн нь тодорхойгүй 2,947,760 төгрөгийн эмчилгээ хийлгэсэн гэх боловч уг үнийн дүнд яг ямар төрлийн тоо ширхэгтэй эмчилгээний багаж, тоног төхөөрөмж, эм, тариа зарцуулсан талаар зардлын баримт, нэр, тоо ширхэг нэгж бүрийн үнэ зарцуулалтын зардлын баримт байхгүй байхад шүүх тодорхойгүй баримтад үндэслэж шийдвэрлэлээ.
Тухайн үед хохирогч Эыг гэрч О ах бие муутай эмнэлгээр явж байгаа гэж надад хэлж байсан, мөрдөн байцаагчид ч мөн бие муутай хүн гэж хэлж мэдүүлсэн байдаг. Э нь бие муутайн улмаас байнга эмнэлгээр эмчилгээ хийлгэдэг байсан гэдгээ ч надад хэлж байсан.
Мөн тэрээр 2024 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод Гэмтэл согог судлалын үндэсний төв эмнэлэгт үзүүлж 124,762 төгрөгийн үнэ бүхий эмчилгээ үйлчилгээ авсан байгаа боловч энэ эмчилгээ нь яг ямар оношоор тодорхойлогдсон гэмтлийг эмчилсэн эмчилгээ үйлчилгээ болох нь мөн тодорхойгүй. Мөн яагаад ямар шалтгаанаар Улсын нэгдсэн төв эмнэлэгт мэс заслын хагалгаанд ямар оноштой орох болсон мөн адил ойлгомжгүй байдаг.
Эрүүл мэндийн даатгалын сан нь өөрийн сангаас нийт 3,241,334 төгрөгийг Эын эрүүл мэндийн эмчилгээ үйлчилгээнд зарцуулсан гэж нэхэмжилж байгаа бол нэхэмжлэгч байгууллага нэхэмжилж байгаа нэхэмжлэлийнхээ шаардлагыг ойлгомжтой, тодорхой нотлох баримтаар нэхэмжлэх ёстой. Шүүх иргэд биднийг нэхэмжлэл гаргахаар тодорхой зарцуулсан зардлын нотлох баримтаа шүүхэд ирүүлж байж таны нэхэмжлэлийг шийдвэрлэх ёстой гэж шаарддаг хэр нь Эрүүл мэндийн даатгалын сан цахим системийн хүснэгтэн жагсаалтыг ирүүлэхэд зарцуулсан зардлын баримтуудыг шаардахгүй хүснэгтэнд заасан тоон үзүүлэлтийг хангалттай гэж үзэж байгаа нь хууль шүүхийн өмнө иргэн хуулийн этгээд бид эрх тэгш байх эрхтэй гэх хууль хэрэгжихгүй байна гэж үзэж байна.
Иймд Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 2025/ШЦТ/105 дугаар тогтоолын тогтоох хэсгийн 4 дүгээр заалтыг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү. Шийтгэх тогтоолын бусад заалтад маргахгүй, хүлээн зөвшөөрч байгаа.” гэжээ. .
Шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: “...шүүгдэгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.
Шүүгдэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэдийгээр хуульд гэм хорын хохирлыг гэм буруутай этгээдээр төлүүлнэ гэсэн боловч шүүх нотлох баримтад тулгуурлан шийдвэр гаргах ёстой гэж үзэж байгаа тул шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтыг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү.” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “...шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хяналаа.
Хөвсгөл аймгийн Прокурорын газраас “Ж.А нь 2024 оны 09 дугаар сарын 12-ны шөнө Хөвсгөл аймгийн Бсумын 4 дүгээр багт Д.Эыг зодож, улмаар биед хамар, хацар яс, хоншоор, ухархайн ханын хугарал, зүүн дээд доод зовхи, зүүн хацарт цус хуралт бүхий гэмтэл учруулж, “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Шүүх “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна” гэж дүгнэн Ж.Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт өгч, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, түүнд оногдуулсан ял шийтгэл нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм буруугийн хэр хэмжээ, хувийн байдалд тохирсон байна гэж дүгнэв.
Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь тухайн хэргийг үйлдсэн хүн өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хүндэвтэр хохиролд зориуд хүргэсэн байх шинжийг агуулах бөгөөд шүүгдэгч Ж.А нь дээрх хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Ж.Агийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг, хохирогч Д.Эын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...үгийн зөрүүгүй миний нүүр лүү цохиж газар унагааж байгаад миний дээрээс хөлөөрөө дэвсээд байсан. Тэр үед манай малчин болох О нь чи одоо боль наад хүн чинь бие муутай хүн ш дээ гэж хэлсэн чинь тоохгүй ахиад миний цээж хэсэг рүү хөлөөрөө өшиглөсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 9-10-р тал/, гэрч Д.Огийн өгсөн: “...гэнэт босож ирээд орон дээр унтаж байсан Эыг хөгшин төгцөг минь хүн зодох болоогүй шүү чи гэж хэлээд босож ирээд унагааж байгаад Эын цээж хэсэг рүү өшиглөсөн юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17 тал/, гэрч Г.Бгийн өгсөн: ”...Э гэх хүнийг эхнэр 2 хүүхэд нь манай сумын эмнэлэг дээр үзүүлэх гэж авч ирсэн бөгөөд тухайн хүний биед үзлэг хийхэд нүүрний зүүн шанаа болон нүд орчим хөхөрч хавдсан нүд цус гарсан байдалтай байсан бөгөөд үзлэгийг цаашид үргэлжлүүлж хийхэд хэвлий орчим 2 газар хөхрөлттэй байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21 тал, гэрч Ч.Эийн өгсөн: “...Манай нөхөр маш их зодуулсан, нүүр нь битүү хавдаж, ам хамраас маш их цус гарсан байсан тул ярьж чадахгүй байсан. Тэгээд хотод очоод эмчилгээ хийлгэж нүүрний хаван нь гайгүй болсны дараа манай нөхөр би архи уугаад Огийн гэрт очоод тэндээ унтаж байхад гэнэт намайг хүн зодоод байсан. Тэгээд би сэрээд харахад А намайг зодож байсан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27 тал/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 497 дугаартай “...Д.Эын биед үүссэн гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-д зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо...” гэх дүгнэлт /хх-ийн 30-31 тал/, Шүүх шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн ЕГ0525/249 дугаартай “...2024 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн Хөвсгөл аймгийн ШША-ны хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ № 497 дугаартай шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна...” гэх дүгнэлт /хх-ийн 30-31 тал/, Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн дүрс оношилгооны тасгийн дүгнэлт /хх-ийн 38-р тал/, Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Ж.Агийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 55-56 тал/ зэрэг хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байх ба дээрх үйлдлийг үгүйсгэх баримт хэрэгт авагдаагүй байна.
Шүүгдэгч Ж.Агийн гаргасан “...шүүх надаас 3,241,334 төгрөгийг гаргуулж эрүүл мэндийн даатгалын санд төлүүлэхээр шийдвэрлэсэн. ... Эрүүл мэндийн даатгалын сан нь өөрийн сангаас нийт 3,241,334 төгрөгийг Эын эрүүл мэндийн эмчилгээ үйлчилгээнд зарцуулсан гэж нэхэмжилж байгаа бол нэхэмжлэгч байгууллага нэхэмжилж байгаа нэхэмжлэлийнхээ шаардлагыг ойлгомжтой, тодорхой нотлох баримтаар нэхэмжлэх ёстой...” гэх агуулга бүхий гомдлын тухайд:
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.
Шүүх хэрэгт цугларсан Амбулаториор эмчлүүлэгсдийн карт /хх-ийн 50-51-р тал/, Улсын нэгдүгээр төв эмнэлэгт үйлчлүүлсэн төлбөрийн баримт /хх-ийн 76-р тал/, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын цахим системээс авсан “...нийт дүн: 3,241,334...гэх” лавлагаа /хх-ийн 51-р тал/ зэрэг баримтуудыг үнэлэхдээ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь өөрийн дотоод итгэлээр үнэлжээ.
Өөрөөр хэлбэл, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нэхэмжлэхдээ эрүүл мэндийн байгууллагаас өвчтөн ямар тусламж үйлчилгээ авсан, ямар хэмжээний хувьсах зардал гарсан зэрэг тооцоог гарган нотлох баримтын шаардлага ханган ирүүлсэн, эдгээр нь гэрчийн мэдүүлэг болон холбогдох бусад баримтаар нотлогдон тогтоогдож байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэг, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт зааснаар иргэний нэхэмжлэгч Г.Аггийн нэхэмжилсэн 3,241,334 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын санд олгохоор шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэл тогтоогдсонгүй.
Түүнчлэн Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлэх”-ээр хуульчилсан ба Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн чанар төлбөрийн хяналтын мэргэжилтэн Г.Аг иргэний нэхэмжлэгчээр тогтоосон нь хууль зүйн үндэслэлтэй байхаас гадна дээрх хуулийн зохицуулалтаар гэмт хэргийн улмаас Эрүүл мэндийн даатгалын байгууллагад учирсан хохирлыг буруутай этгээд хариуцан нөхөн төлөх үүрэгтэй.
Иймд шүүгдэгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 2025/ШЦТ/105 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.
2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.СОСОРБАРАМ
ШҮҮГЧИД Л.ЭРДЭНЭБАТ
Н.БАЯРХҮҮ