| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганболдын Дэлгэрсайхан |
| Хэргийн индекс | 150/2025/00381/И |
| Дугаар | 150/шш2025/00399 |
| Огноо | 2025-12-09 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 12 сарын 09 өдөр
Дугаар 150/шш2025/00399
| 2025 оны 12 сарын 09 өдөр | Дугаар 150/ШШ2025/00399 | Сэлэнгэ аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Дэлгэрсайхан би,
Нэхэмжлэгч: * аймаг * сум *-р баг *-р байрны зүүн тал хаягт байрлах “*” ХК-ийн (РД:*) нэхэмжлэлтэй,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг 2025 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан шийдвэрлэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *, гэрч **, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч * шүүхэд гаргасан хүсэлтээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хүсэлт гаргагч * нь 1962 онд төрсөн. Сэлэнгэ аймгийн * Сангийн аж ахуйд 1978.10.01-ээс 1992.04.01-ний өдөр хүртэл тасралтгүй 13 жил 5 сар тракторчоор ажилласан. Мөн энэ хугацааны хооронд Монгол Улсын иргэний үүргийн дагуу Ардын армид хугацаат цэргийн алба хаасан. САА-д ажиллаж байсан хөдөлмөрийн дэвтэр, цэргийн алба хаасан цэргийн батлахаа үрэгдүүлсний улмаас тэтгэврээ тогтоолгож чадахгүй байдалд хүрээд байна. Сэлэнгэ аймгийн * САА одоо Сэлэнгэ аймгийн * сум болон өөрчлөгдсөн. Сэлэнгэ аймгийн архиваас Сэлэнгэ аймгийн * САА даргын 1978.11.27-ний 188 тоот ажилд авах тухай тушаал Сэлэнгэ аймгийн * САА даргын 1979.03.24-ний 40 тоот ажилд томилох тухай тушаал Сэлэнгэ аймгийн * САА 1980.05.04-ний 50 тоот зохицуулалт хийх тухай тушаал, Монгол Улс Батлан хамгаалах Яамны төв архивын хугацаат цэргийн алба хаасан архивын лавлагаа, Сэлэнгэ аймгийн * САА даргын 1983.09.25-ний 25 тоот тушаал зэрэг баримтууд ирсэн.*ын ажиллаж байсан үетэй холбоотой бичиг баримтууд байдаггүй мөн САА-тай холбоотой өөр баримтууд олдохгүй байна. Иймд Сэлэнгэ аймгийн * САА-д хоньчин, тракторчоор мөн хугацаат цэргийн алба хаасныг сэргээн 13 жил 5 сарын хугацааг тогтоож өгнө үү....” гэжээ.
Хүсэлт гаргагчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч * нь 1978 оны 10 сарын 01-ний өдрөөс 1992 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Сэлэнгэ аймгийн * сангийн аж ахуйд туслах хоньчин, тракторчиноор ажиллаж байсан болох нь түүний тайлбар, гэрчийн мэдүүлэг, хэрэгт цугларсан нотлох баримтаар нотлогдож хүсэлт гаргагчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэлээ.
Хүсэлт гаргагч * нь 1978 оны 10 сарын 01-ээс 1979 оны 03 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл Сэлэнгэ аймгийн * сангийн аж ахуйд туслах хоньчноор, 1979 оны 03 дугаар сарын 24-өөс 1980 оны 05 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл Сэлэнгэ аймгийн * сангийн аж ахуйд тракторчноор, 1983 оны 09 дүгээр сарын 01-ээс 1992 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Сэлэнгэ аймгийн * сангийн аж ахуйд тракторчноор тус тус ажиллаж байсан болох нь:
Шүүх хуралдаанд:
Гэрч *гийн: “...Би тухайн үед * сангийн аж ахуйд 1 дүгээр бригадын даргаар 1982 оноос ажиллаж байсан. 1983 оны хавар * анх тракторын жолоочоор ажилд орж байсан. Он сарыг яг сайн санахгүй байна. Миний бие 1989 он хүртэл бригадын даргаар ажиллаж байсан тул тэр болтол мэдэж байна. Тэрнээс хойш ажиллаж байсан талаар сайн мэдэхгүй...” гэх мэдүүлэг,
Гэрч *ын: “...Би 1985 онд цэргээс халагдаад * сангийн аж ахуйд өөрийн эзэмшсэн мэргэжлийн дагуу 1985-1992 он хүртэл Сангийн аж ахуйд, өмч хувьчлалын дараа “Бүрэн *” ХХК-д 1992 оноос 2002 оны хүртэл хөдөө аж ахуйн механикаар, 2002 оноос багийн Засаг даргаар ажилласан. Намайг ажиллаж байх хугацаанд * 1 дүгээр бригадын тракторчоор ажиллаж байсан. Тэрнээс өмнөх ажиллаж байсныг мэдэхгүй...” гэх мэдүүлэг,
Сэлэнгэ аймгийн * сангийн аж ахуйн даргын 1978 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 188 дугаартай “Ажилчин ажилд авах тухай” тушаал /хх-ийн 5-р хуудас/,
Сэлэнгэ аймгийн * сангийн аж ахуйн даргын 1979 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 40 дугаартай “Ажилд томилох тухай” тушаал /хх-ийн 6-р хуудас/,
Сэлэнгэ аймгийн * сангийн аж ахуйн даргын 1980 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 50 дугаартай “Зохицуулалт хийх тухай” тушаал /хх-ийн 7-р хуудас/,
Батлан хамгаалах яамны төв архивын 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 3638 дугаартай “Хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаа” /хх-ийн 08-р хуудас/,
Сэлэнгэ аймгийн * сангийн аж ахуйн даргын 1985 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 243 дугаартай “Тооллогын комисс томилох тухай” тушаал, хавсралт /хх-ийн 8-р хуудас/,
Сэлэнгэ аймгийн * сангийн аж ахуйн даргын 1987 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 14 дугаартай “Хөнгөлөлт үзүүлэх тухай” тушаал /хх-ийн 11-12-р хуудас/,
Сэлэнгэ аймгийн * сангийн аж ахуйн даргын 1989 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 278 дугаартай “Тооллогын комисс томилох тухай” тушаал /хх-ийн 5-р хуудас/,
Сэлэнгэ аймгийн * сангийн аж ахуйн даргын 1992 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 15 дугаартай “Ажлаас чөлөөлж шилжүүлэх тухай” тушаал /хх-ийн 14-р хуудас/ хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, нотлох баримтын шаардлага хангасан, хэрэгт ач холбогдолтой, хамааралтай тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.
Хүсэлт гаргагч *ын 1978 оны 10 сарын 01-ний өдрөөс 1992 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Сэлэнгэ аймгийн * сангийн аж ахуйд туслах хоньчин, тракторчиноор ажиллаж байсан тушаал шийдвэр байгаа боловч хэдээс хэдэн он хүртэл ямар ажилд ажиллаж байсан тушаал байхгүй буюу гаргаж өгөх боломжгүй байгаа ч хүсэлт гаргагчийн ажилд томилсон болон ажлаас чөлөөлсөн тушаал, бусад гэрчийн мэдүүлэг, ажиллаж байх үеийн тушаал, шийдвэр зэргийг үндэслэхэд ажиллаж байсан байдал нь хангалттай нотлогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар *ын ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Дээрх байдлуудыг дүгнээд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар *ыг 1978 оны 10 сарын 01-ээс 1979 оны 03 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл Сэлэнгэ аймгийн * сангийн аж ахуйд туслах хоньчноор, 1979 оны 03 дугаар сарын 24-өөс 1980 оны 05 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл Сэлэнгэ аймгийн * сангийн аж ахуйд тракторчноор, 1983 оны 09 дүгээр сарын 01-ээс 1992 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Сэлэнгэ аймгийн * сангийн аж ахуйд тракторчноор тус тус ажиллаж байсныг тогтоож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар хүсэлт гаргагч *ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар * 1978 оны 10 сарын 01-ээс 1979 оны 03 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл Сэлэнгэ аймгийн * сангийн аж ахуйд туслах хоньчноор, 1979 оны 03 дугаар сарын 24-өөс 1980 оны 05 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл Сэлэнгэ аймгийн * сангийн аж ахуйд тракторчноор, 1983 оны 09 дүгээр сарын 01-ээс 1992 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Сэлэнгэ аймгийн * сангийн аж ахуйд тракторчноор тус тус ажиллаж байсныг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар хүсэлт гаргагч *ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3, 119.4-т зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш хүсэлт гаргагч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг хүсэлт гаргагч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ДЭЛГЭРСАЙХАН