Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 104

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Нандинцэцэг,

Улсын яллагч Д.Энхтуяа,

Хохирогч *******,

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн **************д холбогдох эрүүгийн 1818000980089 дугаартай хэргийг 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ******* ******* /РД: с/, 1996 оны 9 дүгээр сарын 01-нд Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт Дархан-Уул аймаг Дархан сумын 2 дугаар баг ******* тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 21 цагийн орчимд Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Сүсэгтний холбоо”-ны хажууд иргэн *******ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Гэм буруугийн талаар

Шүүгдэгч ******* нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 21 цагийн орчимд Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Сүсэгтний холбоо”-ны хажууд иргэн *******ыг зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, дээд уруулын шарх, зөөлөн эдийн няцрал, хамрын таславчийн мурийлт бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч *******гийн өгсөн: Тухайн өдөр би дөрвүүлээ хоёр ширхэг том савтай шар айраг уусан. Тэгээд явж байгаад хохирогчтой зөрөхөд миний мөр лүү цохих шиг болсон. Тэгэхээр нь би хохирогчийн мөр лүү цохисон. Миний араас ******* ирээд намайг цагдаад өгнө гэж хэлсэн. Тэгээд би зугтах гэтэл намайг бариад авсан. Цагдаад шалгагдаж байхдаа хохирогчоос уучлалт гуйсан. Миний буруу. Хохирогчийн эмчилгээний зардалд 150.000 төгрөг өгсөн. Цаашид гарах зардлыг ажил хийж байгаад өгнө. Би том машин жолооддог ба одоо ажлын улирал эхэлж байгаа тул торгох ялаар шийтгэж өгнө үү гэх мэдүүлэг,

Хохирогч *******ы өгсөн: Би 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 21 цагийн орчимд үсээ засуулчхаад “Гялс” төвийн ойролцоо нэг гартаа бээлийгээ бариад утсаар яриад явж байсан. Тэгсэн хэдэн согтуу залуучууд миний хажуугаар зөрөхдөө шүүгдэгч намайг цохисон. Намайг мөргөхөөр нь би “согтуу хүнээ ав” гэж шүүгдэгчтэй хамт явж байсан хүмүүст хандаж хэлсэн. Тэгээд миний дургүй хүрээд цагдаа дуудсан. Гэтэл ******* зугтаасан. Би араас нь очоод “Мөнхийн тун” эмийн сангийн ойролцоо барьж авахад намайг цохисон. Би *******г тавиулах гэсэн боловч болохгүй болохоор нь гарыг нь хазсан. Гэтэл ******* намайг мөргөсөн. Би 135.000 төгрөгөөр томографийн зураг авахуулсан, 8000 төгрөгөөр шүүх эмнэлгийн дүгнэлт гаргуулсан, 5000 төгрөгөөр эм худалдаж авсан, унаанд 2000 төгрөг зарцуулсан. Мөн миний хамар мурийсан. Миний толгой нэг их өвдөггүй байсан. Одоо унтаж босохоор өвддөг болсон. Эмч толгойн MRI зураг авахуулаарай гэсэн. Миний уруул сэтэрсэн тул эмчилгээ хийлгэнэ. Нийт 1.650.000 төгрөг нэхэмжилж байна. Өөр гомдол санал байхгүй гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад:

Гэрч *******ын өгсөн: 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр ******* бид 2 уулзаж, *******гийнд очиж түүнийг аваад М.*******д очсон. Тэндээ дөрвүүлээ 2 том 2.5 литрийн хэмжээтэй “Нийслэл” нэртэй шар айраг ууж дуусгаад 21 цаг өнгөрч байхад караокед орохоор “Тэнгис” бааранд ортол суудал байхгүй байсан. Тэгээд доошоо уруудаад явж байтал нэг залуу урдаас алхаж ирээд хажуугаар өнгөртөл ******* тэр залууг мөрлөөд гараараа цохих шиг болсон. Тэгээд тэр залуу “намайг цохичихлоо” гэхээр нь би *******г “болиоч” гээд татаж аваад “уучлаарай ахаа жаахан юм уучихсан байгаа юм” гэж хэлсэн. Тэгтэл ******* доошоо гүйгээд явчихсан. Тэр ах “намайг цохичихлоо” гэж утсаар ярьчхаад *******гийн араас гүйгээд явчихсан. Би араас нь гүйгээд очтол *******, нөгөө ах хоёр заамдалцаад зогсож байсан. Тэр ахын уруулаас нь, *******гийн гараас нь цус гарчихсан байсан. Тэгтэл нэг машин ирээд 3 хүн машинаас буугаад *******г машиндаа суулгах гээд байсан. Би “та нар болиоч. Одоо цагдаа ирж байгаа” гэж хэлсэн. Тэгээд цагдаа нар ирсэн гэх мэдүүлэг /хх-ийн 13/,

Гэрч *******гийн өгсөн: 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр 20 цагийн үед байх ******* найзтайгаа манайд ирээд бид 3 найз *******д очсон. Тэднийд 2 том савтай шар айраг ууж байгаад бааранд орохоор гарсан. “Тэнгис” бааранд очтол суудал байхгүй гэхээр нь гараад ******* бид хоёр урд нь, ******* найзтайгаа ард явж байсан. Тэгтэл араас “хөөе ******* хүнтэй маргалдаад байна” гэхээр нь эргэж хартал *******, найзтайгаа, бас нэг ахтай 3-лаа зогсож байсан. ******* бид хоёрыг очтол тэр танихгүй ах уурлаад “та нар ууснаа шингээ гээд уурлаад *******гийн араас явсан. Тэгэхээр нь ******* бид 2 таксинд суугаад явсан гэх мэдүүлэг /хх-ийн 15/,

Гэрч М.******* өгсөн: 2018 оны 01 дүгээр сарын 29-ний орой *******, ******* нар нэг найзтайгаа манайд ирсэн. Манайд 2 том “нийслэл” нэртэй шар айраг уучхаад бааранд орох гэтэл суудалгүй байсан. Тэгээд өөр караоке байна уу эсэхийг үзье гээд явж байтал *******гийн найз ******* “хөөе” гэж дуудсан. Эргээд хартал *******, ******* нар нэг ахтай хамт 3-лаа зогсож байсан. ******* бид 2 яваад очтол танихгүй ах уурлаад “зүгээр байхад шүргэчихлээ” гээд *******гийн араас явсан. Тэгэхээр нь ******* бид 2 таксинд суугаад явсан гэх мэдүүлэг /хх-ийн 16/,

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 215 дугаартай “*******ы биед тархи доргилт, дээд уруулын шарх, зөөлөн эдийн няцрал, хамрын таславчийн мурийлт зэрэг гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой. Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 20/,

Дархан-Уул аймгийн ******* клиникийн эмнэлгийн 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн “*******, 40 настай, эрэгтэй, Тархинд голомтот болон эзэлхүүнд өөрчлөлтгүй, 4 дүгээр ховдол нарийссан, хажуугийн ховдол жигд бус, баруун тал нь бага зэрэг нарийссан, дунд бүрдэл хазайлтгүй, субарахнойд зай дух, чамархай хэсгээр бага зэрэг өргөссөн, Сильвиев ховил өргөссөн, дотор, гадна капсул, таламус орчимд өөрчлөлтгүй, тархины бор, цагаан эдийн ялгарал тод, атираа ховилын тодрол сайн. Гавал, хацар, хамар, ухархайн дунд гэмтэлгүй. Хамрын таславч бага зэрэг мурий. Дайвар хөндийнүүд цэвэрхэн.” гэх тодорхойлолт /хх-ийн 18/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч *******гийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул *******г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч *******ы биед тархи доргилт, дээд уруулын шарх, зөөлөн эдийн няцрал, хамрын таславчийн мурийлт бүхий хөнгөн хохирол учирсан ба хохирогч ******* нь шүүгдэгчээс томографийн зураг авахуулахад 135.000 төгрөг, шүүх эмнэлгийн дүгнэлт гаргуулахад 8000 төгрөг, эм худалдаж авсан 5000 төгрөг, унааны зардал 2000 төгрөг, цаашид хамрын мурийлтаа эмчлүүлэхэд шаардлагатай 1.500.000 төгрөг, нийт 1.650.000 төгрөг нэхэмжилсэн ба томографийн зураг авахуулахад 135.000 төгрөг, шүүх эмнэлэгийн дүгнэлт гаруулахад 8000 төгрөг төлсөн болох нь хавтаст хэргийн 7 дугаар талд авагдсан мөнгөн шилжүүлгийн баримт, “Саран элит” эмнэлгийн санхүүгийн баримтаар тус тус нотлогдож байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгчээс 143.000 төгрөг гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй байна.

Харин хохирогч нь 5000 төгрөгөөр эм худалдаж авсан ба зургийг хэрэгт хавсаргасан гэх боловч энэ нь нотлох баримтын шаардлага хангахгүй байна. Мөн унаанд 2000 төгрөг зарцуулсан гэх боловч холбогдох нотлох баримт хэрэгт авагдаагүй тул иргэний нэхэмжлэлээс 7000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардалд 1.500.000 төгрөг нэхэмжилснийг хэлэлцэхгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй.

2. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч ******* нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.

Гэм буруугийн хуралдаанаар шүүгдэгчээс 143.000 төгрөг гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэсэн боловч шүүгдэгч ******* нь хохирол төлөх зорилгоор завсарлага авч хохирогчид 150.000 төгрөгийн хохирол төлж барагдуулсан болох нь ХААН банкны мөнгөн шилжүүлгийн баримт болон хохиролд 150.000 төгрөг авсан гэх хохирогчийн мэдүүлгээр нотлогдож байна.

Иймд шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.  

Шүүгдэгч *******гийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч нь улирлын чанартай ажил эрхэлдэг байх тул түүний орлого олох боломжийг харгалзан оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд сар бүр ижил тэнцүү хэмжээгээр хэсэгчлэн төлөхөөр тогтоох нь зүйтэй байна.

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 9, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгчээс 143.000 /нэг зуун дөчин гурван мянга/ төгрөг гаргуулж хохирогчид олгож, 7000 /долоон мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Хохирогч *******ы 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, цаашид гарах эмчилгээний зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

4. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******г 500 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

5. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар *******д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 /тав/ сарын хугацаанд сар бүр ижил тэнцүү хэмжээгээр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

6. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

7. Шүүгдэгч нь хохиролд 150.000 /нэг зуун тавин мянга/ төгрөг төлсөн, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хураан авсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Б.ИХТАМИР