| Шүүх | Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лувсангийн Эрдэнэбат |
| Хэргийн индекс | 2338000000436 |
| Дугаар | 2025/ДШМ/34 |
| Огноо | 2025-06-18 |
| Зүйл хэсэг | 24.6.1., |
| Улсын яллагч | Ц.Ц |
Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 06 сарын 18 өдөр
Дугаар 2025/ДШМ/34
2025 06 18 2025/ДШМ/34
Ч.Гд холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Баярхүү даргалж, Ерөнхий шүүгч Б.Сосорбарам, шүүгч Л.Эрдэнэбат нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Прокурор: Ц.Цэен-Ойдов,
Шүүгдэгч: Ч.Г,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Д.Оюунбилэг,
Нарийн бичгийн дарга: Ц.Баасанжав нарыг оролцуулан
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 2025/ШЦТ/139 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Оюунбилэгийн гаргасан давж заалдах гомдлоор Ч.Гд холбогдох 000 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 6 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Эрдэнэбатын илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, “У” овгийн Чгийн Г, 00 оны 00 дүгээр сарын 00-ны өдөр Хөвсгөл аймагт төрсөн, 00 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Хөвсгөл аймгийн Ү сумын 4 дүгээр багт оршин суух бүртгэлтэй урьд ял шийтгэлгүй /регистрийн дугаар -000/.
Ч.Г нь 2022 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Улсын тусгай хамгаалалттай газар нутаг болох Хөвсгөл аймгийн Ү сумын 4-р багийн нутаг дэвсгэр “Н” гэх газарт өөрийн гэртээ малын хашаа барих зорилгоор зохих зөвшөөрөлгүйгээр цахилгаан хөрөө ашиглан 16.7072 м3 хэрэглээний нойтон мод бэлтгэж экологи эдийн засагт 17,148,083 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх 2025 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 2025/ШЦТ/139 дүгээр шийтгэх тогтоолоор шүүгдэгч У овогт Чгийн Гг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан хорих ялыг оногдуулахгүйгээр шүүгдэгч Чгийн Гг 1 (нэг) жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Ч.Гг оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгч Ч.Гд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч Ч.Ггээс 51,444,249 (тавин нэгэн сая дөрвөн зуун дөчин дөрвөн мянга хоёр зуун дөчин ес) төгрөгийг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын сангийн Төрийн сангийн дансанд оруулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт битүүмжлэгдсэн 16,7072 метр куб нойтон шинэс мод, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн цахилгаан хөрөө нэг ширхгийг тус тус хурааж улсын орлогод оруулахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хураагдсан иргэний бичиг баримтгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Оюунбилэг давж заалдах гомдолдоо: “...Ч.Г нь төрийн албан хаагчдын буруутай үйлдлээс болж Эрүүгийн хариуцлага хүлээж хохирсон дээрээ хохирсон байх бөгөөд Ч.Ггийн дээрх үйлдэл нь хэрэгт авагдсан зарим гэрчүүд болон бусад нотлох баримтуудаар гэмт хэргийн шинжгүй, гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй байна.
...Хэрэгт авагдсан дээрх баримтууд болон бусад цугларсан нотлох баримтуудаас үзэхэд Хөвсгөл аймгийн Ү сумын 4-р багийн малчид малын хашаа саравчаа сэргээн засварлах талаар сумынхаа засаг даргад удаа дараа хүсэлт тавьж байсан байна. Сумын засаг дарга дээрх хүсэлтийг хүлээн авч 2021-2024 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөртөө тусган ажиллажээ.
...Ингээд Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2021 оны А/217 дугаартай тушаал, Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2021 оны 12 сарын 03-ны өдрийн 02 тоот тушаалыг үндэслэн “Н” гэх газарт 2022 оны 09 сарын 28-ны өдөр УТХГ-ын хамгаалалтын захиргааны байгаль хамгаалагч Д.Н, Б.А, “Ү-Уул” мэргэжлийн байгууллагын захирал Д.Бт нар хамтран талбай тусгаарлалт хийжээ. Тендерт ялсан Ү уул ойн мэргэжлийн байгууллага нь “Н” гэх газарт талбай тусгаарлаж мод авахдаа талбай дээр ажиллаагүй, инженер байхгүй, хөрөөчин ажиллаагүй, байгаль хамгаалагч Боос эрхийн бичиг авсан, гоожингийнхоо үнийг төлсөн зэрэг шаардлагатай бүх зүйлийг хувь хүнийхээ хувьд биелүүлж ажиллажээ.
Иймд анхан шатны шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байх тул Ч.Гд холбогдох шийтгэх тогтоолыг хүчингүй болгож Ч.Гг цагаатгаж өгнө үү.” гэжээ.
Шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: “...анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй гарсан байх тул хэвээр нь үлдээж өгнө үү...” гэв.
Шүүгдэгч Ч.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...би дураараа мод аваагүй тухайн үед гоожингийн чинь хугацаа дуусах гээд байгаа тул өөрсдөө модоо бэлтгээд аваарай. Харин тэмдэглээгүй мод авч болохгүй шүү гэсний дагуу 100 ширхэг мод авахаас 70 мод авсан байхад шалгалт ирээд зогсоосон болно...” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Оюунбилэг шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “...давж заалдах гомдлоо дэмжиж оролцож байгаа тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор Ч.Гд оногдуулсан ялыг цагаатгаж өгнө үү...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хяналаа.
1.Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Ч.Гг 2022 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Улсын тусгай хамгаалалттай газар нутаг болох Хөвсгөл аймгийн Ү сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр “Н” гэх газарт өөрийн гэртээ малын хашаа барих зорилгоор зохих зөвшөөрөлгүйгээр цахилгаан хөрөө ашиглан 16.7072 м3 хэрэглээний нойтон мод бэлтгэж, экологи эдийн засагт 17,148,083 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар зүйлчлэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.
2.Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Ч.Гд холбогдох хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгч нь дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдсон гэж дүгнэн Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 (нэг) жилийн хугацаагаар тэнсэх шийтгэл оногдуулахдаа хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт өгч, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, түүнд оногдуулсан ял шийтгэл нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм буруугийн хэр хэмжээ, хувийн байдалд тохирсон байна.
3.Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.
4.Хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг гэдэг нь байгаль орчин, ойг хамгаалах, нөхөн сэргээх, үржүүлэх, эзэмших, ашиглахтай холбогдсон харилцаанд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан нийгэмд аюултай үйлдлийг хэлэх бөгөөд шүүгдэгч Ч.Г нь дээрх хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх ба түүний үйлдлийг үгүйсгэх баримт хэрэгт авагдаагүй байна.
5.Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Оюунбилэгийн гаргасан “...Ч.Г нь төрийн албан хаагчдын буруутай үйлдлээс болж Эрүүгийн хариуцлага хүлээж хохирсон дээрээ хохирсон байх бөгөөд Ч.Ггийн дээрх үйлдэл нь хэрэгт авагдсан зарим гэрчүүд болон бусад нотлох баримтуудаар гэмт хэргийн шинжгүй, гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй байна...” гэх агуулга бүхий гомдлын тухайд:
Зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн гэж сум дундын болон сум, дүүргийн ойн анги /байхгүй бол сум, дүүргийн эрх бүхий албан тушаалтан/-аас мод бэлтгэх эрхийн бичиг авалгүйгээр, эсхүл эрхийн бичигт заасан хэмжээнээс хэтрүүлж, эрхийн бичигт зааснаас өөр төрлийн мод, өөр ойгоос мод бэлтгэснийг ойлгох бөгөөд мод бэлтгэх эрхийн бичигт иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, ойн мэргэжлийн байгууллагын нэр, хаяг, бэлтгэх модны төрөл хэмжээ, бэлтгэх, тээвэрлэж дуусгах хугацаа, газрын нэрийг заана.
Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд шүүгдэгч Ч.Г нь “Ү -Уул” ХХК буюу мэргэжлийн байгууллага 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл хугацаанд 10м3 хэрэглээний мод бэлтгэхээр тусгаарласан талбайд, зөвшөөрснөөс өөр хугацаанд буюу 2022 оны 12 дугаар сарын 18-ны өдөр мод бэлтгэсэн нь тогтоогдсон байх тул шүүгдэгчийг дээрх гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон нь үндэслэлтэй.
Тодруулбал, “Ү-Уул” ХХК буюу мэргэжлийн байгууллагад мод бэлтгэх эрх олгосон нь Мод бэлтгэх эрхийн бичиг олгох тасалбарын хуулбараар, шүүгдэгч дээрх талбайд 2022 оны 12 дугаар сарын 18-ны өдөр мод бэлтгэсэн болох нь “Баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл”, Иргэний нэхэмжлэгч П.Уын мэдүүлэг, гэрч Н.Б, Х.М, М.Б, Д.О, Ц.Э, М.Н, М.Бт, Т.Б, Н.Б нарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд, шүүгдэгч Ч.Ггийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд, Мод бэлтгэх эрхийн бичиг олгох тасалбарын хуулбар, Эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол, Эд мөрийн баримт хураан авах тухай прокурорын зөвшөөрөл, Модонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Хөвсгөл аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын мэргэжилтний 2023 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн дүгнэлт, Хөвсгөл аймгийн Дэлгэрмөрөн сум дундын ойн ангийн 2023 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 11 дугаартай дүгнэлт, бөөрөнхий модон материалын хэмжилтийн хүснэгт зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдсон байх ба эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.
Түүнчлэн шүүгдэгчийн мод бэлтгэсэн газар нь улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ой болох нь Хөвсгөл аймгийн Дэлгэрмөрөн сум дундын ойн ангийн 2023 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 11 дугаартай: “...иргэн Ч.Ггийн модонд хэмжилт хийж чанар байдлыг тодорхойлоход 16.7072 м3 хэрэглээний нойтон мод байв. Экологи-эдийн засгийн үнэлгээ 17,148,083 төгрөг. Ү сумын “Н” гэх газар нь Хамгаалалтын бүсийн ой-байгалийн цогцолбор газарт хамаарна...” гэх дүгнэлт /1-р хх-н 202-204-р тал/-ээр нотлогдсон ба шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.
Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Оюунбилэгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 2025/ШЦТ/139 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.
2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАЯРХҮҮ
ШҮҮГЧИД Б.СОСОРБАРАМ
Л.ЭРДЭНЭБАТ