| Шүүх | Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сампилын Уранчимэг |
| Хэргийн индекс | 142/2018/00161/И |
| Дугаар | 96 |
| Огноо | 2018-07-16 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 07 сарын 16 өдөр
Дугаар 96
Д.Мөнхбатын нэхэмжлэлтэй хариуцагч
Г.Галбадрахад холбогдох иргэний
хэргийн тухай
Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Оюунцэцэг даргалж, шүүгч М.Хүрэлбаатар, С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаар
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2018 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 142/ШШ2018/00553 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч Д.Мөнхбатын нэхэмжлэлтэй
Хариуцагч: Г.Галбадрахад холбогдох,
Түрээсийн гэрээний үүргийн гүйцэтгэл, засвар үйлчилгээний төлбөр нийт 6.634.600 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч Г.Галбадрахын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Мөнхбат, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Сарантуул нарийн бичгийн дарга У.Сүхбаатар нар оролцов.
Нэхэмжлэгч Д.Мөнхбат шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Миний бие нь 2016 оны 3 дугаар сарын 07-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн 3-17 дугаар байрны дэргэд байрлалтай Эрдэнэт булаг ХХК-ийн өмчлөлийн барилгын 366 м2 үл хөдлөх хөрөнгийг бэлэглэлийн гэрээгээр шилжүүлж авсан. Энэ хугацаанаас хойш иргэн Галбадрахтай харилцан тохиролцож хэлцэл аман тохирооны дагуу 216 м2 талбайг интернет РС тоглоомын үйлчилгээгээр ажиллуулж байсан 2017 оны 6 дугаар сар хүртэл 1.300.000 төгрөгний түрээсийн үлдэгдэлтэй болсон тул хэлцэлийг баталгаажуулж бичгээр үйлдэж харилцан ярилцаж 6 дугаар сарын 1-ний өдрөөс 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл гэрээ байгуулсан боловч 2017 оны 6 сард 150.000 төгрөг, 9 сард 700.000 төгрөг, 10 сард 605.000 төгрөг, 11 сард 2.000.000, 12 сард 1.000.000 төгрөг, 2018 оны 01 дүгээр сард 200.000 төгрөг тус тус дутуу төлсөн. Нийт 5.955.000 төгрөг болчихлоо гэхэд байраа хөлслүүлэх гэж байгаа бөөнд нь өгнө гэсэн. Мөн ажиллах хугацаанд зарцуулсан тог усны төлбөр 205.000 төгрөг, алданги 24.600 төгрөгийг Эрдэнэт Ус ДТС ӨНӨХК-нд төлөөгүй. Иймд дээрхи төлбөрүүд дээр 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр эвлэрүүлэн зуучлалаар ороход тэмдэгтийн хураамж төлсөн 30.000 төгрөгийг нэмж нийт 6.214.600 төгрөгийг Г.Галбадрахаас гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Д.Мөнхбат шүүхэд гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: Нэхэмжлэгч Д.Мөнхбат би Г.Галбадрахаас түрээсийн төлбөрөө гаргуулахаар нэхэмжлэл гаргасан бөгөөд барилгын цонх, цонхны тавцангуудыг эвдэж гэмтээсэн байгаа тул тус материалын үнэ болох 420.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлж байна гэжээ.
Хариуцагч Г.Галбадрах шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Бид анх интернет РС тоглоомын байрыг барилга баригдаж дуусч ашиглалтанд бүрэн аваагүй байхаас эхлээд Ц.Болдбаатар нартай 2013 оны 12 сарын эхээр харилцан тохиролцож түрээслэж авахаар ярилцсан. Ц.Болдбаатар нар тохиролцож бид үйл ажиллагаа явуулах зээл авах, тоног төхөөрөмжөө суурилуулах гэх мэт бэлтгэл ажилаа хангаж дуусаад үйл ажиллагаа эхэлсэн өдрөөс эхлэн түрээслэж авч төлбөрөө төлөхөөр тохиролцсон. Гэтэл Болдбаатар 2013 оны 12 сарын сүүлээр мөнгө хэрэг болоод байна гээд урьдчилгаа төлбөр өгөхийг хүссэн. Ингээд 2013 оны 12 сарын 25-ны өдөр гэрээгээ байгуулж 3.400.000 төгрөг урьдчилж өгсөн. Ингэхдээ гэрээнд 3 сарын 01-ний өдрөөс түрээсэлж ажиллахаар бичсэн. Бид 3 сарын 01-нд эхэлж чадахгүй бол яах вэ гэхэд эхэлсэн өдрөөс чинь төлбөрөө тооцъё гэсэн. Ингээд урьдчилгаа мөнгө 3.400.000 төгрөг өгчихөөд бид сарын 25-ны өдрөөс үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Гэтэл анх тохиролцсон тохиролцооноосоо буцаж төлбөрийг илүү тооцсон. Ингээд л энэ цаг мөчөөс эхлэн 2018 он хүртэл дарамттай явлаа. Ийнхүү 4 жил маш өндөр түрээс төлж нийтдээ 110.000.000 төгрөгийн төлбөр төлж ажиллажээ. Түрээсийг хөнгөлөх талаар удаа дараа хүсэлт гаргахад за за гэж тохиролцчихоод нэхэхээ болохоор тохиролцсоноосоо буцсан байна. Бидэнд түрээсийн төлбөрийн үлдэгдэл байхгүй. Харин ч илүү төлсөн байгаа. Хэрвээ үлдэгдэл байгаа гэж үзэж байгаа бол бид түрээсийн төлбөрийг сарын 600.000 төгрөгөөр ч тооцож тооцоо нийлнэ. Харин үүнийг Болдбаатар зөвшөөрөхгүй гэвэл бид гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулж харин ч илүү төлсөн төлбөрөө буцаан нэхэмжлэх болно гэжээ.
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 142/ШШ2018/00553 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.4, 227 дугаар зүйлийн 227.3-д заасныг баримтлан хариуцагч Г.Галбадрахаас 5.304.600 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Мөнхбатад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1.330.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 114.500 төгрөгийг төрийн санд үлдээж, хариуцагч Г.Галбадрахаас 99.823 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
Хариуцагч Г.Галбадрах давж заалдсан гомдолдоо:
Д.Мөнхбат болон өөрийн эхнэр Мягмарсайхан нарын хоорондох өрөө түрээслэх PС тоглоомын газар 2013 оноос ажиллуулж байгаа бөгөөд би нөхрийн хувиар ажлын зав чөлөөгөөр уг тоглоомын газарт очих , зарим тоног төхөөрөмжийг авчирч байршуулахад нь туслах, орой үдшийн цагаар оройтоход нь хамт байх зэргээр тус дэмтэй байдаг байснаас үндсэн үйл ажиллагаа санхүү тооцоо зэргийг огт мэдэхгүй билээ. 2017.06.08-ны өдөр намайг Эрдэнэт үйлдвэрийн спорт ордон дээр буюу ажил дээрээ байхад Д.Мөнхбат нь орж ирээд, Үл хөдлөх эд хөрөнгийн 3 давхар нь хүү бид 2-ын нэр дээр шилжсэн, түрээсийн гэрээн дээр гарын үсэг зураад өг, танайх гэрээгүй яваад байна, иймээс тог тасалсан, эхнэртэй чинь харилцан тохиролцоод тогийг нь өгсөн , хоёр эхнэр ойлголцохгүй байна чи бид хоёр гэрээнд гарын үсэг зурах буруудахгүй гэхээр нь урьд би бас гарын үсэг зурдаг байсан болохоор гарын үсэг зурсан. Эхнэр Ш.Мягмарсүрэн нь тоглоомын газар ажиллуулж байгааг мэдэж байсан учир юу ч бодолгүй гарын үсэг зурсан. Түүнээс хойш түрээс хэдэн төгрөг өгсөн авсан болох талаар мэдэж байгаагүй бөгөөд нэхэмжлэл ирэхээр нь эхнэрээс зарим зүйлийг асууж тайлбар гаргаж байсан. Д.Мөнхбат эхнэр Ц.Болдбаатар, Ш.Мягмарсайхан нарын хооронд үүссэн асуудал учир жинхэнэ хариуцагч нь би биш юм. Түрээсийн үйл ажиллагааг Ш.Мягмарсайхан эрхэлдэг тул түүнтэй холбоотой төлбөрийн асуудлыг би мэдэж шийдвэр гаргуулах үндэслэлгүй болно.
Г.Галбадрах би 2018.04.30-ны өдрийн Д.Мөнхбатын нэхэмжлэлтэй Г.Галбадрахад холбогдох шүүх хуралдаанд Мөнхбат, Болдбаатар нарт холбогдуулан гаргасан 20.100.000 төгрөг гаргуулж өгнө үү гэсэн сөрөг нэхэмжлэлээ татан авч улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 243.921 төгрөгөө төрийн сангаас гаргуулах хүсэлтийг гаргасан. Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 04 сарын 30 өдрийн №142/Ш32018/02040 тоот захирамжаар хүсэлтийг хүлээн авч нэхэмжлэгч нэхэмжлэлээ татан авсныг баталж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5-д заасныг баримтлан сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн 243.921 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээх үндэстэй гэж шийдвэрлэсэн байна. ИХШХШТХуулийн 106 дугаар зүйлийн 106.3-д заасны дагуу нэхэмжлэл гаргасан этгээд нэхэмжлэлээ хэдийд ч татан авах эрхтэй. Гэтэл гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаагүй ба татан авах эрхээ эдлэсэн гэж бодож байтал улсын тэмдэгтийн хураамжийг төрийн санд үлдээсэн. Нэхэмжлэгч нь тухайн асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхтэй эсэх нь тодорхойгүй энэ талаар захирамжинд дурьдаагүй. Иймд улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 04-11-ний өдөр төлсөн 243.921 төгрөгийг төрийн сангаас буцаан гаргуулж Г.Галбадрахад олгуулахаар захирамжинд өөрчлөлт оруулахаар хүсэлт гаргасан ч 2018 оны 5 сарын 11-ний өдрийн 2254 захирамжаар хангахаас татгалзаж шийдвэрлэсэн. Анхан шатны шүүх нь хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй шударга бус шийдвэр гарсан. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 05 сарын 25-ны өдрийн 553 тоот шийдвэрт өөрчлөлт оруулж дүр үзүүлэн хийсэн уг хэлцлийг хүчингүйд тооцож нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Нэхэмжлэгч Д.Мөнхбат нь хариуцагч Г.Галбадрахаас түрээсийн төлбөр-5.955.000 төгрөг, ус, цахилгааны төлбөр, алданги-229600 төгрөг, эд хөрөнгөнд учирсан хохиролд-420.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй маргажээ.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Д.Мөнхбат Г.Галбадрах нарын хооронд 2017 оны 06 дугаар сарын 01-ний өдөр байгуулагдсан талбайн түрээс-ийн гэрээнд үндэслэн тодорхойлжээ.
Талууд гэрээгээр тус сумын Уурхайчин багийн 3-17 дугаар байрны урд байрлах 3 дугаар давхар үйлчилгээний зориулалттай байрыг түрээсэлж 2017 оны 6 дугаар сарын 1 ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 31 нийг хүртэл хугацаанд төлбөрийг тодорхой хугацаанд төлж байх, цахилгаан, хэрэглээний усны төлбөрийг сар бүрийн 8-10-ны дотор төлөх, хугацаа хэтрүүлбэл хоногийн 0.4 хувийн алданги төлж байхаар харилцан тохиролцсон байна.
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжилсэн түрээсийн төлбөрөөс 2017 оны 6 дугаар сарын 01 ний өдрөөс хойшхи хугацааны төлбөр-4.655.500 төгрөг, гэрээгээр тохирсон хугацааны цахилгаан, усны төлбөр, алдангид 229600 төгрөг, хариуцагч талбайг түрээсэлж байх үед цонхны тавцан, шил хагарсан түүнийг солиход гарсан зардал 420.000 төгрөг нийт 5.304.600 төгрөгийг хариуцагч Г.Галбадрахаас гаргуулж Д.Мөнхбатад олгохоор, нэхэмжлэлийн шаардлагаас 2017 оны 06 дугаар сарын 01 ний өдрөөс өмнөх түрээсийн төлбөр-1300.000 төгрөг, эвлэрүүлэн зуучлалын хөлс-30.000 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.
Харин шүүх хууль хэрэглээний хувьд зохигчдын хооронд хийгдсэн Талбайн түрээсийн гэрээ гэсэн нэршилтэй гэрээг түрээсийн гэрээ гэж үзсэн нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д заасантай нийцээгүй байна:
Түрээсийн гэрээгээр түрээслэгч нь гэрээнд заасан хугацааны туршид түрээслүүлэгчийн тодорхой эд хөрөнгийг эзэмшил ашиглалтандаа шилжүүлэн авч зориулалтын дагуу ашигласны үр дүнд бий болсон үр шимийг олж авахын тулд аж ахуйн үйл ажиллагаа явуулдаг учиртай. Тэгвэл нэхэмжлэгч Д.Мөнхбат өөрийн өмчлөлийн 3 давхар үйлчилгээний зориулалттай объектыг хариуцагч Г.Галбадрахад РС тоглоомын үйл ажиллагаа явуулахад нь зориулж хөлслүүлсэн, хариуцагч нь уг объектод өөрийн компьютеруудыг суурилуулан РС тоглоомын үйл ажиллагаа явуулж байсан үйл баримт тогтоогдсон байх тул эд хөрөнгө хөлслөх гэрээ талуудын хооронд хийгдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Эд хөрөнгө хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь хөлслөгчийн эзэмшил ашиглалтад тодорхой эд хөрөнгийг түр хугацаагаар шилжүүлэх, хөлслөгч нь эд хөрөнгө ашигласны төлбөр төлөх үүрэгтэй ба хөлсийг тогтмол хугацаанд төлөхөөр тогтоосон бол уг хугацаанд төлөх үүрэгтэй.Иймд Давж заалдах шатны шүүхээс хууль хэрэглээний хувьд өөрчлөлт оруулж,хариуцагч Г.Галбадрахын давж заалдах гомдлын үндэслэл хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул хүлээн авах боломжгүй гэж дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 142/ШШ2018/00553 дугаар шийдвэрийн 1 дүгээр заалтанд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.4 гэснийг Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1, 292 дугаар зүйлийн 292.2 гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хариуцагч Г.Галбадрахын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 99.830 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ОЮУНЦЭЦЭГ
ШҮҮГЧИД М.ХҮРЭЛБААТАР
С.УРАНЧИМЭГ