Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 668

 

 

Б.Тэнгэрт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Батсайхан даргалж, шүүгч Д.Оюунчулуун, Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

                                                       

          Прокурор Н.Энхтуяа,

          Ялтан Б.Тэнгэрийн өмгөөлөгч Ц.Тунгалаг,

          Нарийн бичгийн дарга Т.Мөнхзул нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж хийсэн шүүх хуралдааны 2016 оны 9 дүгээр сарын 2-ны өдрийн 109 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Б.Тэнгэрийн гаргасан давж заалдах гомдлоор Б.Тэнгэрт холбогдох эрүүгийн 2016 2503 0712 дугаартай хэргийг 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Боржигин овгийн Батболдын Тэнгэр, 1991 оны 11 дүгээр сарын 27-нд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 7, эх, ах, эгч, дүү нарын хамт Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 44 дүгээр гудамжны 580 тоотод оршин суух,

1. Сүхбаатар дүүргийн шүүхийн 2010 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн 357 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 4 сарын баривчлах ялаар шийтгүүлж, 2011 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр хугацаа дууссан,

2. Чингэлтэй дүүргийн шүүхийн 2011 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 291 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Өвөрхангай аймаг дахь Сум дундын 2-р шүүхийн 2013 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 18 дугаар шүүгчийн захирамжаар  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 74 дүгээр зүйлийн 74.3.1 дэх хэсэгт зааснаар Б.Тэнгэрийн эдлээгүй үлдсэн 1 жил 1 сарын хорих ялыг тэнсэн суллаж, мөн хугацаагаар хянан харгалзсан,

3. Чингэлтэй дүүргийн шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 399 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар,

4. Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 621 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэгт зааснаар Б.Тэнгэрт энэ тогтоолоор оногдуулсан 2 жил 1 сарын хорих ял дээр өмнөх тогтоолоор буюу Чингэлтэй дүүргийн шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 399 дүгээр шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 20 хоногийн ялын зарим болох 9 сарыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх ялыг 2 жил 10 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 4-ний өдрийн 94 дүгээр шүүгчийн захирамжаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 77 дугаар зүйлийн 77.1., Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан “Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийг тус тус баримтлан Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 621 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэгт зааснаар 9 сарыг нэмж нэгтгэн, 2 жил 10 сарын хорих ялаар шийтгүүлсэн Б.Тэнгэрийн эдлээгүй үлдсэн 5 сар 10 хоног хорих ялыг өршөөн хэлтрүүлсэн\РД:УУ91112734/,

 

Б.Тэнгэр нь шунахай сэдэлтээр, ялтай байх хугацаа дуусаагүй байхад давтан үйлдлээр:

1. 2016 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 17 дугаар гудамжны 799 б тоотод оршин суух хохирогч Д.Энхтуяагийн эзэмшлийн гэрийн хаалганы цоожийг эвдэн орж зөөврийн компьютер, булган малгай, үүргэвч зэрэг 665.000 төгрөгийн,

2. 2016 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 17 дугаар гудамжны 799 б тоотод оршин суух хохирогч Э.Баяндолгорын эзэмшлийн гэрийн хаалганы цоожийг эвдэн орж 2 ширхэг савхин дээл зэрэг 480.000 төгрөгийн,

3. 2016 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Сэлбийн 26 дугаар гудамжны 636 тоотод оршин суух хохирогч Б.Болормаагийн эзэмшлийн гэрийн хаалганы цоожийг эвдэн орж зөөврийн компьютер, чулуун хөөрөг, модон тагш зэрэг 520.000 төгрөгийн,

4. 2016 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Ногоон талбайн 4 дүгээр гудамжны 11 тоотод оршин суух хохирогч Я.Пүрэвдоржийн эзэмшлийн гэрийн хаалганы цоожийг эвдэн орж, зурагт, индүү зэрэг 310.000 төгрөгийн эд зүйлсийг хулгайлж, нийт 1.975.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас: Б.Тэнгэрийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б.Тэнгэрийг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг давтан үйлдлээр орон байр, агуулах саванд нэвтэрч үйлдэн бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар Б.Тэнгэрийг эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр, 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Б.Тэнгэрт оногдуулсан хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлж, Б.Тэнгэрийн цагдан хоригдсон нийт 142 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 50 см урттай, нарийн үзүүр хэсэгтэй 2 см нугарсан, дөрвөлжин хэлбэртэй төмрийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, Б.Тэнгэр нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Ялтан Б.Тэнгэр гаргасан давж заалдах гомдолдоо: “...Б.Тэнгэр миний бие үйлдсэн хэрэгтээ үнэхээр их гэмшиж байна. Эдгээр хулгайн үйлдлээс гадна өөр бусад хулгайн үйлдлүүд байгаа бөгөөд ширээний компьютер болон компьютерын эд зүйл  хулгайлж “Компьютер Ланд” төвд ажилладаг, захиалагч Батсайхан гэдэг хүнд өгсөн. Надад Батсайхан нь “компьютер болон компьютерын эд зүйл байнга авч байна шүү” гэж хэлж байсан. Харин дараа нь “намайг ямар нэг хэрэгт холбогдуулбал чи дараа нь сайнаа үзэхгүй шүү” гэх мэтээр намайг айлган сүрдүүлж, дарамталдаг байсан учир би мөрдөн байцаалтын явцад энэ тухайгаа мэдүүлж  байгаагүй. Иймд миний бие өөрийнхөө төлөө буюу Батсайханыг энэ хэрэгт захиалагчаар татаж, хэргээ үнэн зөвөөр нь шийдүүлмээр байна...” гэжээ.

Ялтан Б.Тэнгэрийн өмгөөлөгч Ц.Тунгалаг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Б.Тэнгэр нь хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан байх тул анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү...” гэв.

 

Прокурор Н.Энхтуяа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангасан байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтан Б.Тэнгэрийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.

 

ХЯНАВАЛ:

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлд зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтууд болон хэрэгт хавсаргасан эд мөрийн баримтуудыг үндэслэж, зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр бус хэргийг бүхэлд нь хянав.

 

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “шүүхийн тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй байна” гэсэн хуулийн шаардлагыг хангажээ.

 

Б.Тэнгэр нь шунахай сэдэлтээр, ялтай байх хугацаа дуусаагүй байхад давтан үйлдлээр:

1. 2016 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 17 дугаар гудамжны 799 б тоотод оршин суух хохирогч Д.Энхтуяагийн эзэмшлийн гэрийн хаалганы цоожийг эвдэн орж зөөврийн компьютер, булган малгай, үүргэвч зэрэг 665.000 төгрөгийн,

2. 2016 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 17 дугаар гудамжны 799б тоотод оршин суух хохирогч Э.Баяндолгорын эзэмшлийн гэрийн хаалганы цоожийг эвдэн орж 2 ширхэг савхин дээл зэрэг 480.000 төгрөгийн,

3. 2016 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Сэлбийн 26 дугаар гудамжны 636 тоотод оршин суух хохирогч Б.Болормаагийн эзэмшлийн гэрийн хаалганы цоожийг эвдэн орж зөөврийн компьютер, чулуун хөөрөг, модон тагш зэрэг 520.000 төгрөгийн,

4. 2016 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Ногоон талбайн 4 дүгээр гудамжны 11 тоотод оршин суух хохирогч Я.Пүрэвдоржийн эзэмшлийн гэрийн хаалганы цоожийг эвдэн орж, 32 инчийн “Panasonic” загварын LCD зурагт, индүү зэрэг 310.000 төгрөгийн эд зүйлсийг хулгайлж, нийт 1.975.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

Хохирогч Д.Энхтуяагийн “...зөөврийн компьютер, эмэгтэй хүний саарал өнгийн булган малгай, бас хар өнгийн үүргэвчин дотор байсан эд зүйлүүдийг нь гаргаж аваад явсан байсан. ...Би хохирлын 750.000 төгрөгийг хүлээн авлаа. Надад санал, хүсэлт байхгүй...” /1-р хх-29-31/,

Хохирогч Э.Баяндолгорын “...эмэгтэй хүний 2 ширхэг шинэ савхин куртик хулгайд алдагдсан. ...Би хохирлын мөнгө болох 750.000 төгрөгийг хүлээн авлаа. Санал хүсэлт байхгүй...” /1-р хх-32-34/,

 

Хохирогч Б.Болормаагийн “... “Асer” загварын зөөврийн компьютер, хөөрөг, дунд гарын хуучны модны үндсээр хийсэн тагш зэрэг эд зүйлүүд хулгайд алдагдсан...” /1-р хх-165-169/,

Хохирогч Я.Пүрэвдоржийн “...32 инчийн “Panasonic” загварын LCD зурагт, уурын индүү хулгайд алдагдсан. ...алдагдсан зурагтаа хүлээн авсан учраас надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” /1-р хх-207-210/,

 

Гэрч Ц.Очиртбатын “...14 инчийн зөөврийн компьютерыг 180.000 төгрөгөөр зарна гэхээр нь би тэр хүнд “наадах чинь хуучин загвар байна, тэгээд ч дэлгэцэн дээрээ зураастай юм байна, 100.000 төгрөгөөр авъя” гэж хэлсэн. Тэгэхэд тэр хүн “тэгье, 100.000 төгрөгөөр ав” гэж хэлсэн. Би уг хүнээр баталгаа болгож “өөрийн хэрэглэж байсан зөөврийн компьютер, ямар нэгэн хулгайн эд зүйл биш, ямар нэгэн асуудал гарвал 100 хувь хариуцна” гэж бичүүлээд Б.Тэнгэр гэх хүний регистрийн дугаар, утасны дугаар, гэрийн хаягийг нь бичүүлж, нэр болон гарын үсгийг нь зуруулсан...” /1-р хх-35-36/,

 

Гэрч Б.Цэнд-Аюушийн “...Б.Тэнгэр гэх хүн 2016 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр Хятад улсад үйлдвэрлэгдсэн 32 инчийн, загвар нь тодорхойгүй, удирдлагагүй, лед зурагтыг 120.000 төгрөгөөр 14 хоногийн хугацаатай барьцаанд тавьсан...” /1-р хх-211-213, 214/ гэх мэдүүлгүүд,

           

Хэрэг учирлын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-8, 9-13, 153-157,158-162, 197-199, 200-201/, эд зүйлийн үнэлгээ /1-р хх-21-24, 163-164, 206/, эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол /1-р хх-26/, гэрч Ц.Очирбатын баталгаажуулсан гэх гэрэл зургууд /1-р хх-38-39/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-78-79, 80-81, 84-85/, Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтсийн мөрдөн байцаагч цагдаагийн ахмад Б.Батдоржийн бичсэн тэмдэглэл /1-р хх-83/, эд зүйл түр хураан авсан тухай тэмдэглэл /1-р хх-202/, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /1-р хх-203, 235-237/, барьцаат зээлийн гэрээ /1-р хх-204/, эд зүйл хураан авсан тэмдэглэл /1-р хх-234/ зэрэг хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай тогтоогджээ.

 

Ялтан Б.Тэнгэрийн гэм буруу нь тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн дээр дурдсан хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд, хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдсон, анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчөөгүй.

 

Анхан шатны шүүхээс гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар Б.Тэнгэрийг эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр, 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, оногдуулсан хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлтэй зөв болжээ.

 

Ялтан Б.Тэнгэрийн “...Батсайханыг энэ хэрэгт захиалагчаар татаж, хэргээ үнэн зөвөөр нь шийдүүлмээр байна...” гэж өмнө нь үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч мэдүүлж байсан мэдүүлгээсээ буцаж хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй илтэд худал буюу хэрэгт авагдсан бусад баримтуудаар няцаагдсан, өөр хүнийг энэ хэрэгт холбоотой мэтээр гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй, түүний гэм буруутай эсэхэд эргэлзээ бүхий нөхцөл байдал гараагүй, хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэх үндэслэл тогтоогдоогүй, хэргийн зүйлчлэл зөв, анхан шатны шүүхээс оногдуулсан ял шийтгэл түүний гэм бурууд тохирсон байх тул ялтан Б.Тэнгэрийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:          

 

            1 Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 2-ны өдрийн 109 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтан Б.Тэнгэрийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

           

            2. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.БАТСАЙХАН

 

                        ШҮҮГЧИД                                                       Д.ОЮУНЧУЛУУН

 

                                                                                                Ш.БАТ-ЭРДЭНЭ